Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00257

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00257

 

 

********, ********* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/03897 дугаар шийдвэртэй,

********, ********* нарын нэхэмжлэлтэй, **********д холбогдох,

Худалдах-худалдах авах гэрээнээс татгалзаж, 4,668,927,766 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч ********-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, нэхэмжлэгч ********-ийн өмгөөлөгч ************, хариуцагч **********, хариуцагчийн өмгөөлөгч *******, *********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн үйлчилгээний зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд уг барилгыг худалдан авахад зориулж Худалдаа хөгжлийн банк ХХК-аас авсан зээлийн хүүд төлсөн 925,396,766.21 төгрөг, нийт 4,668,927,766 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Худалдан авсан барилга, Барилгын тухай хууль, барилгын норм дүрмийн БНбад 40-02-05-ын 15.112 дугаар заалтыг зөрчиж, бохир усны хамгаалалтын зурваст баригдсан, шаардлагатай үед барилгыг нураах арга хэмжээ авахад төрөөс нөхөх олговор олгогдохгүй, хохирлыг барилгын өмчлөгч өөрөө хариуцах байна. Энэ талаар 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ус сувгийн удирдах газраас өгсөн албан шаардлагаар мэдсэн, барилгыг доголдолтой гэж мэдсэн бол худалдан авахгүй байсан.

Хариуцагч барилгын доголдлыг анхнаасаа мэдэж байсан бөгөөд нуун дарагдуулж, хууран мэхэлж, Ус сувгийн удирдах газартай байгуулсан гэрээгээ үзүүлэхгүй хэлцэл хийж, барилгыг худалдсан. Нэхэмжлэгч доголдолтой барилга гэдгийг мэдсэн бол худалдан авахгүй байсан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч маргаан бүхий эд хөрөнгийг 2014 оноос эхлэн түрээсэлж, 2017 онд худалдаж авсан бөгөөд ашигласан хугацаанд ямар нэгэн доголдол гарч байгаагүй. Барилгыг холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч барьсан, 2013 онд улсын комисс хүлээж авсан. Ус сувгийн удирдах газрын албан шаардлага нь бохир усны шугам эвдрэх үед засвар үйлчилгээ хийхэд, онцгой үед тухайн барилга байгууламжийг чөлөөлөхөд саад учруулахгүй байх тухай бичсэн. Барилга хэзээ ч нураагдаж мэдэхээр баталгаагүй, улсаас нөхөх олговор авахгүй гэдгээр эрхийн доголдолтой гэж үзэхгүй. Үндсэн шаардлагаа гэрээнээс татгалзах байдлаар тайлбарладаг бөгөөд гэрээнээс татгалзах бол талууд авсан, өгснөө харилцан буцаах үүргийн эрх зүйн харилцаа үүснэ. Гэтэл барилгыг Худалдаа хөгжлийн банкинд 5,000,000,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн болохоор гэрээнээс татгалзах боломжгүй байна гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Ус сувгийн удирдах газраас хамгаалалтын зурваст баригдсан газартай нэмэлт гэрээ байгуулдаг. Өмнө нь иргэн **********тай хамгаалалтын зурвас зөрчсөн гэдгээр гэрээ байгуулж байсан. Бид хэмжил хийхэд барилга бохир усны хамгаалалтын зурвас зөрчсөн гээд гэрээ байгуулж байсан. Бид хэмжилт хийхэд барилга бохир усны хамгаалалтын зурвасаас хамгийн багадаа 6 метр байх хуулийн заалтыг зөрчсөн байсан. Бохирын шугам 150, 300 ф байх гол биш хамгаалалтын зурваст баригдсан. Ус сувгийн удирдах газрын чиг үүрэг нийслэлийн хүн амыг хэрэглээний цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үндсэн үүрэгтэй. Хот, суурины ус хангамж, Ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд холбогдох Мэргэжлийн хяналтын байгууллага болон эрх бүхий улсын байцаагч хяналт тавина гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 255 дугаар зүйлийн 255.1-д тус тус зааснаар хариуцагч **********д холбогдох 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тус барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд уг барилгыг худалдан авахад зориулж Худалдаа хөгжлийн банк ХХК-аас авсан зээлийн хүүд төлсөн 925,396,766.21 төгрөг, нийт 4,668,927.766 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,573,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч ********-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв харьцуулан үнэлээгүй.

Хариуцагч талын худалдсан үйлчилгээний зориулалттай байр нь доголдолтой байр байсан болохыг анхан шатны шүүхэд өгсөн Улаанбаатар ус сувгийн удирдах газрын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12/2141 дугаартай албан бичиг, 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0014603 дугаартай албан шаардлага, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гадна бохир усны системийг угсарсан сорилтоор шалгасан акт, Ашид-УндрахХХК-ийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 92 тоот албан бичиг түүний хавсралт, Ус сувгийн удирдах газрын техникийн нөхцөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, Э. Намсрайд хүргүүлсэн 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичиг зэргээр нотолж мэтгэлцсэн.

Гуравдагч этгээд Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын ОНӨААТҮГ-ын төлөөлөгч тухайн барилга нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-ийн бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж уг барилга шугамын хамгаалалтын зурваст баригдсан гэж тайлбарласан.

Гэтэл анхан шатны шүүх ... Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх албанаас Капитрон банканд илгээсэн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12/168 тоот албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч нар маргаан бүхий барилгын доголдлын талаар гэрээ байгуулагдах үедээ мэдсэн буюу мэдэх боломжтой байх бөгөөд нэхэмжлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ус сувгийн удирдах газраас өгсөн албан шаардлагаар барилгын доголдлыг мэдсэн гэх үндэслэл үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь алдаатай дүгнэлт болсон.

Бид доголдлын талаар мэдсэн цагаасаа эхлэн гомдлоо гарган шүүхээр явж байгаа бөгөөд гомдол гаргах зохих хуулийн заалтуудыг зөрчөөгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 -д заасан заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдлыг мэдсэн боловч гэрээний үүргийн гүйцэтгэлийн хувьд уг эд хөрөнгийг хүлээн авсан үйлдлээрээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан шаардах эрхээс татгалзаж буйгаа илэрхийлсэн байна гэж хуулийн ноцтой алдаатай дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Учир нь тухайн үйлчилгээний зориулалттай барилгыг хүлээн авахад тухайн барилга бохир ус бүтэн зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш 6 метрээс дотогш баригдсан байгааг мэдэх боломжгүй бөгөөд зөвхөн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох үйл баримт юм. Энэ талаар шинжээчийн мэргэжлийн дүгнэлт гарсан байгааг хэрэгт хавсаргасан бөгөөд шүүх шүүгчийн үзлэг хийж бодит байдал дээр шугамын тэнхлэгийн хэмжээг 1.6 метр болохыг тогтоосон үзлэгийн тэмдэглэл байгаа. Анхан шатны шүүх доголдлын талаар дээрх алдаатай дүгнэлтийг хийснээрээ цаашид доголдолтой холбоотой хуульд заасан Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан шаардлагуудын гаргах эрхийг шууд хаасан байна.

Мөн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2153 дугаарын магадлал, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/0096 дугаартай магадлалд дүгнэсэн үйл баримтын зөрүүг арилаагүй байхад шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 20 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргахад хүлээж авалгүй хэргийн зохигч болох нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргаж хууль зөрчсөн болно.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга: Анх тухайн объектыг худалдаж авахдаа Капитрон банк ХХК-аас зээл авсан талаар баталгаа гаргуулж, худалдаж авсан. Тухайн барилга нь 2013 онд ашиглалтад орсон бөгөөд 2019 онд тухайн бичгийг доголдолтой гэж үзвэл байшингаа авч, үйл ажиллагаа явуулж, жигдэрсэн байсан. Ус сувгийн удирдах газраас доголдлыг тодорхойлохгүй. Шинжээч уг трубанаас болж, тухайн байшин нурах юм бол би хариуцна гэж хэлсэн. Одоогийн байдлаар банкнаас зээлсэн мөнгө болон үйл ажиллагаа хэвийн явуулж буй хүүг нэхэмжилж байна.

Мөн тухайн объектыг Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн барьцаанд тавьж, дахин зээл авч, мөнгийг нь төлөхгүй байгаа тул эвлэрлийн гэрээгээр Худалдаа хөгжлийн банк ХХК-д тухайн объектыг шилжүүлсэн. Мөн 2018 онд гарсан шүүхийн шийдвэрээр ********** 760,000,000 төгрөгийг төлөх шийдвэр хүчин төгөлдөр байна. Гэрээнээс татгалзах эрх нь дуусгавар болсон бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны хувьд ус сувгийн удирдах газраас гаргасан албан бичгүүдийг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн. Ус сувгийн шугам, хоолой барилгын зураг нь хуулийн дагуу явж байгаа бөгөөд үзлэгээр хэмжиж, доголдолтой гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Манай байгууллагын зүгээс F300, F200 гэж диаметрийн голчийг нь хэлж байна. Хуульд зааснаар шугамын тэнхлэгээс хоёр тал руугаа 6 метрийн зайд байх ёстой. Мөн хуульд зааснаар гаргалгаа, цуглуулах, татан зайлуулах шугам гэж яригддаг. Гаргалгааны шугам нь тухайн барилгын объектоос гарч буй шугамыг хэлнэ. Манай зүгээс тухайн шугам нь зөвхөн нэг шугам биш, уг хорооллын 10 гаруй байшингийн бохир усыг татан зайлуулж буй шугам юм. Хуульд зааснаар дундын эзэмшлийн шугам, сүлжээ гэж дурдаагүй боловч олон хэрэглэгч нарын бохир усыг цуглуулж буй шугам юм. Тухайн шугамыг тэнхлэгээс 6 метрийн зайг баримталсан байх ёстой гэх шаардлага тавьж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ********, ********* нар нь хариуцагч **********д холбогдуулан

2.а. Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөг,

2.б. Гэрээнээс учирсан хохиролд уг барилгыг худалдан авахад зориулж Худалдаа хөгжлийн банк ХХК-аас авсан зээлийн хүүд төлсөн 925,396,766.21 төгрөг, нийт 4,668,927,776 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

3.а. Хариуцагч нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, 5 дугаар хороонд байрлах, 827 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, газар эзэмших эрхийг шилжүүлэх, Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүрэг 10 дугаар хороолол, 5 дугаар хороо, ЭТӨЧ-ийн гудамжны 86 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 4,500,000,000 төгрөгөөр худалдахаар, төлбөрийн нөхцөлийг банкны 100 хувийн зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон байна./1хх8-9/

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох үйлчилгээний зориулалттай байрыг өмчлөлдөө шилжүүлэн авсан, хариуцагч нь төлбөрт 3,743,531,000 төгрөгийг хүлээн авсан байна.

Мөн газар эзэмших эрх нь 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000327082 дугаартай гэрчилгээгээр ********-д олгогдон шилжсэн байна.

Зохигчид газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүйгээс гадна хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/03630 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх41-43/

3.б.Капитрон банкнаас зээл авахаар бүрдүүлсэн нэхэмжлэгчийн материалд Улаанбаатар Ус сувгийн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх албанаас Капитрон банкинд илгээсэн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12/168 тоот албан бичиг авагдсан байна. Тус албан бичигт Иргэн ********** нь манай байгууллагатай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах №220862 тоот аж ахуйн гэрээтэй хамтран ажиллаж байна. Уг барилга нь манай төвийн цэвэр, бохир усны шугам дээр биш, харин бохир усны ф300 мм шугамын хамгаалалтын зурваст баригдсан болно гэж бичсэн байна.

Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий барилгын техникийн нөхцөл чанар байдлын талаар гэрээ байгуулагдах үед мэдсэн буюу мэдэх боломжтой байсан, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах үндэслэлгүй байх тул хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний зүйл болох барилгын үнэд төлсөн 3,743,531,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул 925,396,766.21 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй, тус 925,396,766.21 төгрөг нь хохирол биш, нэхэмжлэгчийн өөрийнх нь авч хэрэглэсэн зээлийн хүү байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй, доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад эд хөрөнгийг хүлээн авсан гэх дүгнэлтийг хийсэн нь буруу гэсэн агуулгаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ., мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. гэж тус тус заасан.

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгө гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглагдаж байгаа, мөн чанарын талаар гэрээнд тухайлан заагаагүй байх тул дээрх зохицуулалтын хүрээнд доголдолгүй гэж үзнэ.

Хэрэгт 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 397 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт хэрэгт авагджээ. /хх101-105/

Дээрх актаас үзэхэд холбогдох Мэргэжлийн байгууллага оролцож, барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж үйлчилгээний зориулалтаар ашиглахад боломжтой гэж үзээд захиалагч (ашиглагч) байгууллага болох иргэн **********н мэдэлд 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс ашиглалтад (үйлдвэрлэл, үйлчилгээ оршин суух зэрэг) оруулахыг зөвшөөрсөн байна.

Дээрх үндэслэлээр доголдолтой холбоотойгоор худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж байна гэх шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

4.б. Гэрээнээс учирсан хохиролд уг барилгыг худалдан авахад зориулж Худалдаа хөгжлийн банк ХХК-аас авсан зээлийн хүүд 925,396,766.21 төгрөг төлсөн гэх шаардлагын хувьд худалдан авагч нь худалдагчид төлөх үнийг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх нь худалдагч талд хамааралгүй юм. Тухайн зээлийн гэрээгээр зээлийн хүү төлөх үүргийг нэхэмжлэгч хүлээсэн байх тул тус үүргийг хариуцагчид ногдуулан шаардаж байгаа нь үндэслэлгүй.

4.в. Нэхэмжлэгч нь ихэсгэсэн шаардлага гэх баримтаа хуулийн шаардлагын дагуу гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18612 дугаар шүүгчийн захирамжаар хүлээж авахаас татгалзсан нь зөв болжээ.

 

5. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийн өмгөөлөгч *********ийг Ц.Зүмбэрэл гэж алдаатай бичсэн байгааг залруулах нь зүйтэй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/03897 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ********-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,279,639 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД