Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 479

 

                                                      М.От холбогдох                                                               

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 413 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 765 дугаар магадлалтай, М.От холбогдох 1905000000546 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй,

2006 оны 4 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, 2015 оны 5 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-нд 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн 2 жил хорих ялыг хассанаар суллагдсан, Богдынхон овогт М.О нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4, 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Оыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, мөн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн 11.1 зүйлийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн М.Оын эдлэх ялыг нийт 8 жилээр тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 45 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй отвёрка, хар өнгийн бариултай хайч зэрэг нь М.Аад холбогдох үндсэн хэрэгт байгааг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Баянгол дүүргийн прокурорын газраас М.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Богдынхон овгийн М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Оыг 5 жил хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.От оногдуулсан 5 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Text Box: Хяналтын шатны шүүхэд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндорж бичсэн эсэргүүцэлдээ: ...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 765 дугаар магадлалыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичив.

Шүүгдэгч М.О нь 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси таун” баарны үүдэнд нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг М.Атай бүлэглэн зөрчиж, иргэн М.Б хүч хэрэглэн зодож олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж үйлдсэн, мөн шүүгдэгч М.О, М.Атай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн С.Б эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэж үйлдсэн үйлдэлд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шүүгдэгч М.От холбогдох эрүүгийн 1905000000546 дугаартай хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 117 дугаар тогтоолоор шүүгдэгч Э.А холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад хохирогч М.Б биед хүнд гэмтэл учирсан баримт, нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй гэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэж заасан зүйл, хэсэг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзээгүй болно.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь дээрхи байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлан, бусдыг үл тоомсорлон басамжлан доромжлох, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал бөгөөд энэ үйлдлээс бусдын эрүүл мэндэд хохирол учирсан болохыг мэдсээр байж тийм хор уршиг бий болохыг зориуд хүсэж шууд санаагаар хэрэгжүүлэхийг ойлгох бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр “Галакси таун" баарны үүдэнд шүүгдэгч М.О иргэн М.Б эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэж үйлдсэн үйлдэлд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдпыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн хохирогч М.Б эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар давхар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр М.От холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Оыг Э.А бүлэглэн хүнд хохирол санаатай учруулсан гэж үзээгүй бөгөөд Э.А М.Отай бүлэглэн хохирогч М.Б биед хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, боломжгүй юм. Иймд прокуророос шүүгдэгч М.А хохирогч М.Б биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.6 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан гэмт хэрэгт нь нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэж гэм буруутайд,

Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн гэм буруутайд тус тус тооцож шүүгдэгч М.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг шүүгдэгч Э.А, М.О нар бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж гэмт хэргийн шинжийг хангасан байхад 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр М.От холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж заасныг тус тус зөрчиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэлээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 765 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

М.О, Э.А нар нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, зүй ёсны шаардлага тавьсан хохирогч нарт хүч хэрэглэж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байхад танхайн хэргийг нь хэрэгсэхгүй болгож, зөвхөн хүний эрүүл мэндэд учруулсан хохирлоор нь хэргийг зүйлчилж, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн заасан хэргийг орхигдуулж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, ял завшуулахад хүргэсэн гэж үзэхээр байна.

М.Аад холбогдох нэг үйлдэл нь яллах дүгнэлтэд дурдагдаагүй орхигдсон учир нэгтгэж шалгахаар прокурорт буцааж шийдвэрлэсэн буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

 Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж хэрэглэж ёстой хуулийг хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч М.От холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч М.О нь М.Атай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси таун” баарны үүдэнд нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, иргэн М.Б хүч хэрэглэн зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэмт хэрэг,

мөн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн С.Б эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэж гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд М.Оыг оргон зайлсан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 12 тоот прокурорын тогтоолоор түдгэлзүүлж /хх-13/, мөн өдрийн 16 тоот прокурорын тогтоолоор Э.А холбогдох 1705006810147 тоот хэргээс тусгаарлаж /хх-16/,  улмаар түдгэлзүүлсэн нөхцөл арилсны дараа М.От холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 01 тоот тогтоолоор сэргээж, М.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 болон Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллагдагчаар татаж, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 221 дугаартай яллах дүгнэлтээр хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.          

Шүүгдэгч М.От холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул тус тус хүчингүй болгож, дараахь үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

1.Мөрдөн байцаалтын шатанд М.От холбогдох хэргийг Э.А холбогдох 1705006810147 тоот хэргээс тусгаарлаж /хх-16/, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан прокурор болон шүүхийн холбогдох шийдвэрүүдийг хуулбарлан авч, М.От холбогдох 1905000000546 тоот хавтаст хэргийг шинээр эмхэтгэжээ.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан хуулбар баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр М.От холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.”, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Прокурор нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно.” гэж тус тус заасан боловч шүүгдэгч М.От холбогдох хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтооход зарим эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч, давж заалдах шатны шүүхээс М.От холбогдох Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу шийтгэх тогтоолыг судалж үзэхэд анхан шатны шүүх М.Оын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “… Тэгтэл хохирогч гэх залуу нь ширээн дээр байсан архины шил аваад найз А толгой дээр нь цохиж хагалсан. Тэгэхээр нь би босоод … хохирогч залуугийн нүүр лүү нь гараараа 1-2 удаа цохиод үүрч явсан цүнхний урд талаасаа хайч гаргаж ирээд айлгах санаатай тэр залуугийн нуруу билүү мөр орчимд нь 2 удаа хатгасан. Би хохирогчийг зодож биед нь гэмтэл учруулсан. Аыг архины шилээр толгой руу нь цохихоор нь би өмөөрөөд тэр залууг зодож хайчаар хатгасан, 1хх-87/ гэх мэдүүлэг,

мөн М.А мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “…Б нь өөрөө тэнд архи ууж байхад агсраад томроод байсан... Б нь сууж байхад миний толгой руу архины шилээр цохиж хагалаад хоорондоо барьцалдаад босож ирсэн… 1хх-113/ гэх мэдүүлэг зэргийг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудын хамт шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаж, тэдгээр нотлох баримтуудыг агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж дүгнэсэн байх боловч хохирогч М.Б нь эхэлж архины шилээр М.Аын толгой руу цохисноос болж энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн талаар М.О, М.А нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, эсхүл түүнийг няцааж үгүйсгэх талаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан, мөн шүүх хуралдаанд хохирогч М.Б, бусад шаардлагатай гэрчийг оролцуулж, тэдгээрийн мэдүүлгийн зөрүүг гаргахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Тухайлбал, яллагдагч нарын өгсөн мэдүүлгээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар гэрч Э.Б мөрдөн байцаалтад өгсөн “…Би тек дээр нь сууж байхад шил хагарах чимээ гарахаар нь ширээн дээр нь очиход А ахын толгойн дээр нь шилээр цохисон бололтой толгойгоо барьчихсан босоод ирсэн. Би хажууд нь байгаагүй болохоор архины шилээр цохиж хагалсан талаар хараагүй, ямар ч байсан шил хагарах чимээ гарсан” /хх-136/ гэх мэдүүлэг,

мөн гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн “…Би тухайн үед А толгой орчим Б архины шилээр цохиж байхыг хараагүй, харин А надад ярьж байсан… А би толгой руугаа архины шилээр цохиулчихаад яаж зүгээр байдаг юм бэ гээд уурлаад байхаар нь би Аыг хойш нь болгоод зөөгч Баасандоржид үлдээгээд гарсан” /хх-164ар/ гэх мэдүүлэг зэрэг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий зарим нотлох баримтууд үнэн зөв эсэхийг зайлшгүй шалгаж, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг бодитой шинжлэн судалж, үнэлэх замаар хэргийн үйл баримтыг тогтоох нь зүйтэй.

Дээр дурдсан мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна М.От холбогдох хэргийг М.Аад холбогдох хэргээс тусгаарласан үндэслэл арилсан бөгөөд тэдэнд холбогдох хэргийг нэгтгэн шалгах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бодитой тогтоож, хэргийг зөв зүйлчилж шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх тул М.От холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол М.От цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч М.От холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндоржийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 413 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 765 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч М.От холбогдох 1905000000546 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндоржийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                  ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                  ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН