Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 101/2016/04674/И |
Дугаар | 001/ХТ2017/00500 |
Огноо | 2017-04-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2017/00500
Ц.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/01242 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 449 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Ц.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Г.Золжаргал, Б.Оюунбилэг нарт холбогдох,
820 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Цэцэгээ, хариуцагч Г.Золжаргал, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Г.Золжаргалын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 10-37 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг сарын 600 000 төгрөгөөр 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ хийж хөлсөлсөн. Гэрээ байгуулахаас өмнө 4 дүгээр сарын 15-ны өдөр 1 200 000 төгрөгийг өгсөн. Би Г.Золжаргалд итгэж байсан учир тухайн үед гэрээг огт уншиж танилцаагүй, шууд гарын үсгээ зурсан. Гэрээний хавсралтад тавилгуудыг нь шинэ гэж бичсэн байсан. Сүүлд угаалгын машин, ор хоёрыг нь хэрэггүй гэхэд Г.Золжаргал гэрээнээс хасаад бичье гэсэн. Надад плитка, чулуун тавцанг нэг бүрчлэн үзүүлж харуулаагүй.Би 4 дүгээр сарын 24-ний өдөр нүүж орсон бөгөөд 5 дугаар сарын 03-нд чулуун тавцан дээр нь 2 зураас гарсан байсныг илрүүлж, Г.Золжаргал руу утсаар хэлсэн. Г.Золжаргал маргааш нь эгчтэйгээ хамт ирээд надтай маргалдаж, нүү гэж хөөсөн. Хүмүүсээс асууж судлаад шилэн плиткийг буруу суулгасан, гажилтаас болж хагардаг гэж мэдсэн. Надад цонхыг нээж, хааж хүлээлгэн өгөөгүй. Би орсныхоо дараа цонхыг онгойлгоод хаах гэхэд хаагдахгүй байсан, үүнийг ч бас хэлсэн. Г.Золжаргалд намайг чулуун тавцан эвдсэн гээд байгаа юм бол шинээр хийлгэж өгөөд хагархай тавцанг нь авъя гэхэд өөрөө зөвшөөрөхгүй байсан. Би 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл уг байранд байсан.Иймд би 18 хоногийн мөнгийг л төлөх ёстой гэж үзэж байна. Скаймедиа нь ажиллаагүй талаар хэрэгт баримт байгаа. Өдөрт 20 000 төгрөгөөр хөлсийг тооцоход 18 хоногийн 360 000 төгрөгийг төлөх ёстой. Иймд уг байранд суугаагүй хугацааны хөлс болох 220 000 төгрөг, барьцаа 600 000 төгрөг, нийт 820 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1 өрөө орон сууцаа нэхэмжлэгчид түрээслүүлж, байраа тавилгын хамт хүлээлгэн өгч акт үйлдсэн.Ингээд сард 600 000 төгрөгийн хөлстэй байхаар тохирч, барьцааны мөнгө 600 000 төгрөг нийт 1 200 000 төгрөгийг хүлээн авсан. Тэр өдөр Ц.Цэцэгээ эгчийн хүү нь мөнгө авчрах зуур би өрөөний тавилгуудын зургийг авч, плиткыг близнагаар угаавал барзгар болдог, цонхны торыг аваад хааж болно гэж хэлж байсан. Ц.Цэцэгээ эгч өөрөө угаалгын машин, ор хоёрыг авахгүй гэсэн учир гэрээнд бичсэн байснаа хассан.15-ны өдөр Ц.Цэцэгээ эгч иргэний үнэмлэхээ мартсан гээд гэрээг хийж чадаагүй. 17-ны өдөр нь гэрээг нотариатаар батлуулсан бөгөөд гэрээг уншиж гарын үсгээ зурсан. Скаймедиа төхөөрөмжийг 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нээлгэж өгсөн. Гэтэл 5 дугаар сарын 03-ны өдөр утсаар ярьж чулуун тавцан чинь хагарсан байна гэхээр нь очиход тавцан 2 талаасаа цуурч хагарсан байсан. Мөн цонхыг эвдэрсэн байна гэхээр үзэхэд цонхны нугас өргөж хаагддаг байдалтай болсон байсан. Ингээд 5 дугаар сарын 17-ны өдөр би очиж уулзсан. Энэ тухайгаа CD бичсэн байсан ба шүүхээр үзлэг хийлгэсэн. Ц.Цэцэгээ эгч тавцангийн хагаралтыг суулгалтын буруугаас болдог гэнэ гэхээр нь шалгуулъя гэсэн. 5 дугаар сарын 03-ны өдөр уг зургуудыг Ц.Цэцэгээ эгчид харуулж байсан нь бичлэгээс харагддаг. Ц.Цэцэгээ эгч сар бүрийн 10-ны өдөр төлбөр хийх ёстой боловч төлөхгүй байсан. Бүтэн 3 жилийн дараа мөнгө нэхээд байгаа нь ойлгомжгүй, өөрөө байр чөлөөлж өгөхгүй болохоор нь тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, бичлэг ч байсан. 2013 оны 5 дугаар сарын байрны төлбөрийг би өөрөө төлсөн.Би Ц.Цэцэгээд төлөх ёстой мөнгөнөөс 512 190 төгрөгийг суутгаж үлдэх хэсгийг нь төлөхийг зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл 600 000 төгрөг нь түрээсийн төлбөрт төлөгдсөн, үлдэх 600 000 төгрөгөөс чулуун тавцангийн төлбөрт 230 000 төгрөг, цонхны нугасны үнэ 15 000 төгрөг, скаймедиа үйлчилгээний төлбөрт 13 770 төгрөг, 5 дугаар сарын 14-нөөс 24-нийг хүртэл 10 хоногийн түрээсэнд 200 000 төгрөг, түлхүүр солиулсны 20 000 төгрөг бүгд 512 190 төгрөгийг хасч үлдэх 87 810 төгрөгийг төлөх боломжтой. 5 дугаар сарын 20-нд хүүтэй нь тооцоо хийгээд хүлээлцэх гэж байхад Цэцэгээ эгч өөрөө бичлэг хийж байсан, түүнийгээ гаргаж өгөхгүй байна. Бидний зүгээс 87 810 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/01242 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.Золжаргал, Б.Оюунбилэг нараас 426 230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэцэгээд олгож, нэхэмжлэлээс үлдэх 393 770 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 480 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгон, хариуцагчаас 13 437 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 449 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/01242 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн “Иргэний хуулийн” гэсний дараа “160 дугаар зүйлийн 160.3” гэж нэмж, 5 дах заалтын дугаарыг 4 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Золжаргалын төлсөн 13 440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...2 шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь судлан шинжлэхгүй, үнэн зөв үнэлэхгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч Цэцэгээ нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээгээр манай байранд орохдоо эд хөрөнгийн жагсаалтаар хүлээн авсан. Уг баримт нь хавтаст хэрэгт байгаа. Анхан шатны шүүх энэ баримтыг шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Талууд эд хөрөнгө хүлээн өгсөн хүлээлгэн авсан баримтад маргаан байхгүй байхад нотлох баримтаас хассан. Гал тогооны зуухны тавцангийн чулууг Цэцэгээ нь түрээсээр амьдарч байх хугацаандаа хагалсан болохыг мэдсэнээр бидний хооронд маргаан үүссэн. Энэ маргаантай асуудлын талаар хийсэн бичлэг байгаа. Уг бичлэгт Цэцэгээ нь гал зуухны чулуун тавцангийн хагарсантай холбогдуулж зах зээлийн судалгаа хийж байсан тухай өөрийнх нь яриа байгаа. Энэ бичлэгийг анхан шатны шүүх огт авч хэлэлцээгүй. Ингэснээрээ шүүх нэг талыг хэт баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.Нэгэнт маргаан үүссэнтэйгээр холбоотойгоор түрээсийн гэрээг түрээслэгч талаас цуцлаж байгаагаа мэдэгдэж, 2013 оны 5 дугаар сарын 15-нд байр чөлөөлж өгөхийг шаардсан. Үүнээс хойш түрээслэгч нь түрээсийн төлбөрөө төлөхгүй шаардсан хугацаанаас хойш 10 хоног амьдарсан. Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхэд байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсээд байх хооронд Цэцэгээ нь байрнаас нүүсэн. Шүүхээс бид нэхэмжлэлээ татаж авсан. Энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх нотлох баримтын шинжгүй гэж дүгнэсэн байгааг нь нотлох баримт шинжлэн судлах, үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Цэцэгээ нь 10 хоногийн илүү амьдарсан хугацааны 200 мянган төгрөгийг урьдчилсан төлсөн төлбөрөөс буюу нэхэмжилж буй үнийн дүнгээс суутган тооцох ёстойг орхигдуулснаар биднийг хохироогоод байна. Илүү хугацаанд суусан хоног хугацааг шүүх, скаймедиа кабелийн төлбөр төлсөн баримтыг зөв үнэлсэн байтлаа түрээсийн тооцоо, эвдэрч хэмхэлсэн хогшил, ашигласан ахуйн зардлыг орхигдуулсан нь бас л нэг талыг баримтласан гэж үзэж байна.Иймд шүүхийн шийдвэрийн үнийн дүнгээс 10 хоногийн 200 000 төгрөг, гал зуухны тавцан 230 000 төгрөг, цонхны бариул 15 000 мянган төгрөг, байрны хөлсөнд 53 420 төгрөг, цоож сольсоны 20 000 төгрөг, нийт 518 420 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон техникийн шинжтэй өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх ба шүүх тэдгээрийн гэрээний харилцааг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасан зохицуулалтад хамааруулсан нь үндэслэлтэй болжээ.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөл, гэрээ үйлчилж эхэлсэн хугацаа, хөлслөгч орон сууцыг эзэмшилдээ авсан, буцаан хүлээлгэж өгсөн үе, гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан шалтгаан, барьцаа хөрөнгө, орон сууц хөлслөх гэрээний хөлс, урьдчилгаа төлбөр зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийг тодорхой тусгасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд шүүх хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн, хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн талаар тодорхой тусгаагүй тул түүний гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Маргааны үйл баримтын талаар нотлох баримтад тулгуурлан хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх боломжгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 449 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН