Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00030

 

 

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00030

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2022/03072 дугаар шийдвэртэй,

А-гийн нэхэмжлэлтэй Б-, В- нарт холбогдох

Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах, уг бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай үндсэн,

Хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ц.Наранцэцэг, хариуцагч В-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А-, С- нар нь Солонгос Улсад 2004-2011 онд ажиллаж ирээд цуглуулсан мөнгөөрөө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31-** орон сууцыг 2012 онд худалдан авч, засвар хийсэн. С- нь 2015 онд хорт хавдартай болохоо мэдсэн бөгөөд Хавдар судлалын үндэсний төвд 3 удаа химийн эмчилгээнд орж, олон хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан.

С- 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр босч чадахгүй хэвтэрт байсан. Гэтэл 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр Б-ад шилжүүлж, Баянзүрх дүүргийн нотариатчаар гэрчлүүлсэн байсан. Нотариатчийн үйлдэл хийгдэх үед С- нь 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байсан бөгөөд асран хамгаалагч нь нотариатын үйлдэл хийхэд заавал оролцох шаардлагатай байсан. Түүнчлэн гэр бүлийн дундын эд хөрөнгийг бусдад шилжүүлэхэд заавал гэр бүлийн гишүүдээс асууж тодруулах байсан. Хэвтэрт байгаа хүнийг байгаа газарт нь очиж үйлдэл хийдэг бөгөөд эрх шилжүүлэх хэлцэлд бичлэг хийх, хөндлөнгийн гэрч оролцуулах зэрэг ажиллагаа хийлгүй нотариатын үйлдэл хийсэн бөгөөд С- очиж гэрээнд гарын үсэг зурсан байх боломжгүй.

Иймд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, уг бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү.

 

2. Хариуцагч В-гийн татгалзал, тайлбарын агуулга: 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр С-, Б- нарын хооронд байгуулсан орон сууц бэлэглэх гэрээг талуудын хүсэлтээр гэрчилж бүртгэлийн дэвтрийн 2950 дугаарт бүртгэн гарын үсгүүдийг зуруулсан байна. Намайг орон сууц бэлэглэх гэрээ гэрчлэхдээ бэлэглэгч С-ийг байлцуулахгүйгээр гэрээг гэрчилсэн гэж үндэслэлгүй гүтгэж байна. Бусдын өмчийг хэн нэгэнд шилжүүлэх гэрээ хэлцэл гэрчлэхэд заавал 2 талыг байлцуулж гэрчилдэг. Гэрээ гэрчлэгдэх өдөр С- нь гарын үсгээ зурах чадваргүй, ухаан санаа эрүүл бус байгаагүй. С- 2012 онд маргаж буй орон сууцыг Г-аас бэлэглэлийн гэрээгээр хүлээж авахдаа эхнэр, хүүхдээ хамт бүртгүүлээгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч Б-ын татгалзал, сөрөг нэхэмжлэл тайлбарын агуулга: Б- нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 31 дүгээр байрны ** хаягт оршин байх 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчилдөг. Б- нь Солонгос Улсад очиж ажиллах болсон тул 2006 онд уг орон сууцыг төрсөн эгч болох Ж.Төмөрсайханы нөхөр Г-ын нэр дээр худалдаж авч байсан.

Үүнээс хойш Б-ын бэрийн дүү С- нь уг байрыг банкны барьцаанд тавьж зээл авах, АНУ-ын элчинд виз мэдүүлэхэд хөрөнгө хэрэгтэй байна гэх зэрэг шалтгаан хэлж гуйсан тул 2012 онд бэлэглэлийн гэрээгээр түүний нэр дээр шилжүүлэхийг Г-ад даалгаж, талуудын хооронд бэлэглэлийн гэрээгээр орон сууцны өмчлөх эрх түр С-эд шилжсэн. Улмаар 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б- болон С- нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, өөрийн байраа нэр дээрээ буцаан шилжүүлэн авсан. Бэлэглэлийн гэрээг хуульд заасны дагуу байгуулж, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хууль ёсоор байгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулах үед С- нь эрх зүйн чадамжаа хязгаарлуулаагүй, өөрийн үйлдлээ бүрэн мэдэж хийсэн байдаг. Б-ын хувьд өөрийн байраа л буцааж авсан асуудал болсон.

Гэтэл С- нас барч, түүний эхнэрийн хамаатан саднууд нь өнөөдрийг хүртэл уг орон сууцанд амьдарч байна. А-гийн ээж Ц.Наранцэцэгтэй удаа дараа уулзаж, байр чөлөөлж өгөхийг хүсдэг боловч тэрээр С-ийн эхнэр, хүүхдийг Франц улс руу явуулахад ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан учраас түүний төлбөрөөс төлөх хэрэгтэй, орон сууцыг барьцаалсан гэх мэтчилэн шалтаг тоочсоор, өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшилдээ байлгаж байна. Иймд бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Эхнэр А-гийн зөвшөөрөлгүйгээр Б- нь хүнд өвчтөн С-ийг хууран мэхэлж гэр бүлийн дундын эд хөрөнгө болох орон сууцыг бэлэглэлээр шилжүүлэн авсан. С-, А- нар нь өөрсдийн амьдрах орон сууцаа ямар ч үнэ төлбөргүйгээр үл таних этгээд болох Б-ад бэлэглэх шаардлага байхгүй байсан. А- нь хорт хавдрын эцсийн шатанд орсон нөхрөө гадаадад эмчлүүлэх гарц хайж байсан. С- нь уушиг, бөөр, давсагтаа гуурстай атлаа нотариат орох, ярих, гарын үсэг зурах боломжгүй. Орон сууц зөвхөн С-ийн өмч биш, хэний нэр дээр байгаагаас үл хамаараад гэр бүлийн дундын эд хөрөнгө. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нотариатын тухай 5хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.2.4-т заасныг баримтлан нотариатч В-гийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэгч С-, бэлэг хүлээн авагч Б- нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож,

Иргэний 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг С-, Б- нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б-ын А- болон түүний гэр бүлийн гишүүдийн хамт хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б-, В- нараас тус бүр 279,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, хариуцагч Б-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагч Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүх маргаан бүхий орон сууц нь гэрлэгчдийн дундын өмчлөлийн хөрөнгө гэж дүгнэж Иргэний хуулийн 126 дугаар зүйл 126.2.4. 128 дугаар зүйл 128.4 дэх хэсэг болон мөн хуулийн 277 дугаар зүйлийн 277.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь үндэслэлгүй. С- нь Г-аас 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн дундын өмчлөлд шилжүүлэх талаар тохиролцсон баримт байхгүй байх бөгөөд эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд А-гийн нэр байхгүй зэргээс тус орон сууц нь гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө биш, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар С-ийн хуваарьт хөрөнгө байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлийг зохицуулсан байхад Б-, С- нарын хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг анхан шатны шүүх хүчингүй болгохдоо бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлд огт хамааралгүй мөн хуулийн 277 дугаар зүйлийг баримталсан байна. Иргэний хуулийн 277 дугаар зүйлийг хэрэглэхдээ маргаан бүхий орон сууцыг ямар үндэслэлээр амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгө гэж үзсэн талаарх хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн ямар баримтад үндэслэсэн талаар нотлох баримтыг дурдаагүй. Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт баримталсан атлаа бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй, логикгүй болжээ.

6.2. Анхан шатны шүүх нотариатын үйлдлийг хучингүй болгож шийдвэрлэхдээ үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй. Нотариатчаар гэрчлүүлэх шаардлага бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлсэн гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн явдал нь яагаад хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа нь ойлгомжгүй. Нотариатч яг ямар үйлдлийг яаж хийх ёстой байтал ямар байдлаар буруу, алдаатай хийж хуулийг хэрхэн зөрчөөд байгаа талаар болон түүнийг ямар баримтад үндэслэж хууль зөрчсөн гэж үзэж байгаа талаар тодорхой дурдаагүй.

Шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.2.4-т заасан зохицуулалт нь нотариатын үйлдлийг хүчингүй болгох эсэх талаар зохицуулалт биш, харин ч нотариатын үйлдэл хийх шаардлагын талаарх зохицуулалт байна. Хариуцагч В- нь бэлэглэлийн гэрээг гэрчлэхдээ С-эд өөрийнхөө үйлдэлд хяналт тавих чадвартай эсэх талаар ар гэрийнхэнтэй нь холбогдож, хувийн байдлыг тодруулах ажиллагаа хийхгүй, хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээр гэрээг шууд гэрчилсэн үйлдэл нь буруутай гэж дүгнээд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д заасныг ямар зорилгоор хэрэглээд байгаа нь ойлгомжгүй. Энэ тохиолдолд талийгаач С-ийг гэрээ байгуулах өдөр хүний нүдэнд илт харагдахуйц хүнд өвчтэй болохыг нотолсон баримтын талаар шүүх дурдах байсан.

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасан заалт өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал гэдэг нь Нотариатч болон нотариатчийн гэр бүлийн гишүүнтэй холбоотой асуудал байвал нотариатч гэрчлэхээс татгалзах тухай болохоос үйлчлүүлэгчтэй холбоогүй заалт юм. Иймд дээрх хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

6.3. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын утгыг илт буруу бичиж, улмаар тайлбартай холбоотой баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

Маргаан бүхий гэрээ байгуулах үед бэлэглэгч С- оюун санааны хувьд эрүүл, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, хүсэл зоригоо илэрхийлэх чадамжтай буюу Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу эрх зүйн чадамжийг нь хязгаарлаж, асран хамгаалалт тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй тул эрх, үүргээ өөрчлөх, дуусгавар болгох эрхтэй. Хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар тогтоосон эмнэлгийн магадалгаа нь С-ийг өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй, өөрийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласан баримт биш гэж мэтгэлцсэн. Шүүх хөдөлмөрийн чадвар алдалт болон бие махбодийн өвчин, түүнийг эмчлүүлж байсан байдал зэргийг харуулсан баримтуудыг гэрээгээр хүсэл зоригоо илэрхийлэх оюун санааны чадамжтай эсэхийг тогтоох баримтаар үнэлж дүгнэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн маргаан бүхий гэрээ байгуулснаас хойш буюу 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр хэвтэн эмчлүүлэх үедээ С- оюун санааны хувьд эрүүл, өөрийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх чадвартай байсан талаар гэрч Э.Золзаяагийн мэдүүлгийг үнэлээгүй.

Талийгаач С- нь маргаан бүхий гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлэхээр ирэхдээ гаднаас харахад хүнд илт мэдэгдэхүйц хүнд өвчтэй гэж үзэхээр шинж тэмдэггүй байсан талаар нотариатч татгалзлаа илэрхийлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр С-ийг асарч байсан, тэрээр гэрээс гарч яваагүй, гэрээн дээрх гарын үсэг С-ийн гарын үсэг биш гэж маргасан байдаг. Гэтэл шүүгч ямар нотлох баримтад үндэслэн гэрээ байгуулах өдөр С-ийг биедээ гуурстай, гаднаас нь харахад хүнд өвчний шинжтэй гэж үзэхээр байсан талаарх дүгнэлт хийсэн болохыг нотлох баримтын талаар огт дурдалгүйгээр өөрийн дур зоргоор нотариатчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт гуурстай хүний фото зураг байдаг ч тэр нь С- болохыг, гэрээ байгуулсан өдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр болохыг нотлохгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Наранцэцэгийн тайлбараар С- гэрээ байгуулах өдөр эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаагүй болох нь нотлогддог.

6.4. Иймд маргаан бүхий бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар бэлэглэгчийн эрх зүйн чадамж хязгаарлагдаагүй байх тул С-ийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гарын үсэг зурсан гэрээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Маргаан бүхий байрны бэлэглэлийн гэрээг хуульд заасны дагуу байгуулж, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, гарын үсэг зурж, нотариатчаар батлуулж, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх гээд гэрээ байгуулах процессын аль ч үе шатанд хууль зөрчөөгүй, хуулийн дагуу байгуулагдсан байх тул хариуцагч Б.Ганбат нь хууль ёсны өмчлөгч юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: С- нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нүд, амнаас бусад эрхтэн нь хөдлөх боломжгүй, хэвтрийн байдалтай, цооролттой, дусал залгаатай, хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувьтай байсан. Ийм өвчтэй хүн нотариат орж, үйлдэл хийлгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нотариатч дуудлагаар очих атал очоогүй. 2012 он, 2015 оны бэлэглэлийн гэрээнд зурагдсан Ц.Алтансүхийн гарын үсэг яг ижил буюу цонхонд гэрэлтүүлэхэд давхцаж харагддаг. Шинжээчийн дүгнэлтэд гарын үсгийг давхцалыг асуухад хариулаагүй. Гэрч н.Энхтайван худал мэдүүлэг өгсөн бөгөөд цагдаагийн байгууллагаар шалгуулахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гомдлыг зөвшөөрөхгүй, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч В-гийн гаргасан тайлбарын агуулга: Эдгээр хүмүүсийг би танихгүй. Гэрээнд талийгаач нь өөрийн биеэр ирж гарын үсэг зурсан. Бэлэглэлийн гэрээг хуульд заасан журмын дагуу гэрчилсэн.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэргийн зарим үйл баримтыг буруу тогтоож, хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

3. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-ад холбогдуулан С-, Б- нарын хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хариуцагч В-д холбогдуулан С-, Б- нарын байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б- нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны **од байрлах 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

4. С- болон А- нар нь 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, А- нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй,

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны **од байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г- 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдэж, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өмчлөх эрхээ С-эд шилжүүлсэн,

2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр С- нь тухайн орон сууцыг өмчлөх эрхээ Б-ад шилжүүлсэн, уг бэлэглэлийн гэрээг нотариатч В- гэрчилсэн,

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр С-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 90 хувиар, 12 сараар тогтоосон ба С-79.8 буюу тунгалгийн булчирхайн хорт хавдар оношоор 2015 оны 07 дугаар сарын 27-29, 08 дугаар сарын 17-19, 09 дүгээр сарын 07-09, 09 дүгээр сарын 17-28, 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ны өдрүүдэд Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан гэх үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5. С-, Б- нарын байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатч В-гийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Нотариатын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

5.1 Бэлэглэлийн гэрээ байгуулах үед С- нь гэрээг биечлэн байгуулж гарын үсгээ зурсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 6535, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1234 тоот дүгнэлт болон нотариатын бүртгэлийн дэвтэр, хураамж төлсөн мөнгөний тасалбар зэргээр тогтоогджээ.

Нэхэмжлэгч талын зүгээс Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны **од байрлах 2 өрөө орон сууц нь гэр бүлийн дундын хөрөнгө тул гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг харгалзаж, өгсөн зөвшөөрлийг нотариатч шалгах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зохицуулалтын дагуу маргааны зүйл болох орон сууц нь зөвхөн нэг хүний буюу С-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан тул түүний хүсэл зоригийн дагуу бэлэглэлийн гэрээг нотариатч гэрчилсэн байна.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэх зохицуулалт хамаарахгүй. Учир нь гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд авна

 

5.2 Мөн С- нь С-79.8 буюу тунгалгийн булчирхайн хорт хавдрын өвчний учир өөрийн үйлдлийн үр дагаврыг ойлгох боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй, Хавдар судлалын үндэсний төвийн эмч Э.Золзаяа мэдүүлэг өгөхдөө С- нь сэтгэцийн хувьд өөрийгөө илэрхийлэх чадвартай байсныг гэрчилсэн байна.

Харин анхан шатны шүүх С-ийг эрүүл хүнээс илт мэдэгдэхүйц ялгаатай нүдэнд харагдах байдлаар өөр байсаар байхад нотариатч нь хууль, зааварт заасан ажил үүрэгтээ хайнга хандсан, хувийн байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүй гэж нотлох баримтад үндэслээгүй дүгнэлтийг өгчээ.

 

5.3 Нотариатч В- нь С-, Б- нарын байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан үүргээ зөрчсөн гэх, Нотариатын үйлдэл хийх зааврын 4 дэх зүйлд зааснаар үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тодруулаагүй гэх, 5 дахь зүйлд заасан гэрээ, хэлцэл гэрчлэх журмыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Иймд С-, Б- нарын байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатч В-гийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6. Анхан шатны шүүх С-, Б- нарын байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хэлцэл хүчин төгөлдөр бус байх талаар зохицуулсан хуулийг хэрэглээгүй, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаагүй, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

6.1 Хариуцагч Б- нь өөрийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны **од байрлах 2 өрөө орон сууцыг 2006 он худалдан авахдаа Г-ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн орон сууцаа эргүүлж С-ээс авсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Энэ талаар өгсөн гэрч Г-ын мэдүүлэг нь өөр баримтаар нотлогдохгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна.

 

6.2 Харин С- нь Б-тай бэлэглэлийн гэрээ байгуулахаас өмнө С-79.8 буюу тунгалгийн булчирхайн хорт хавдар оношоор 2015 оны 07 дугаар сарын 27-29, 08 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан болох нь Хавдар судлалын үндэсний төвийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02/1051 тоот албан бичиг, түүний өвчний түүх зэргээр тогтоогдсон /1хх 157-159/.

Энэ үедээ өөрийн орон сууцаа барьцаалж бусдаас мөнгө зээлдэж өвчнөө эмчлүүлэх хүсэл зоригтой байсан болох нь гэрч Д.Мижидмаагийн ... Алтансүх гадаад улс руу явж эмчлүүлнэ гэж ярьж байсан. Солонгос, Герман, Франц явна гэж байсан .... гэх, гэрч Ц.Төрмөнхийн ... Алтансүх гадаад явах гээд визний мэдүүлгээ өгсөн байсан ... гэх, гэрч Б.Жүгдэрмаагийн ... Алтансүх Герман улс руу визний мэдүүлэг өгч байсан, эгч нь байраа өгчих бусад зардлыг нь даана гэж хэлж байсан ... гэх мэдүүлгүүдээр нотлогдсон байна /2хх 43-48/.

Мөн С- нь 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хорт хавдрын эмчилгээг хийлгэж эхэлсэн байх ба өвчний хүндрэл хурдацтай байсан болох нь 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг нь 90 хувиар, 12 сараар тогтоосноор харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, хүнд өвчин туссан гарцаагүй байдлын улмаас гадаад улс руу яаралтай эмчилгээнд явах шаардлага тулгарсан тул С- нь өөрийн орон сууцыг бусдад барьцаалж эмчилгээний зардал олох нөхцөл байдалд оржээ. Энэ зорилгоор тэрээр Б-тай 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан болох нь гэрээ байгуулахаас өмнө эмчилгээ хийлгэсэн байдал, гэрээ байгуулсны маргааш нь хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувиар тогтоогдсон, үргэлжлүүлэн 2015 оны 09 дүгээр сарын 07-09, 09 дүгээр сарын 17-28, 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ны өдрүүдэд Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн боловч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан үйл баримт, энэ талаар өгсөн гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж үзэв.

Иймд С- нь Б-ад өөрийн орон сууцаа барьцаалах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байх тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

6.3 Анхан шатны шүүхийн зүгээс бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохдоо тухайн хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэлгүй орхигдуулсныг залруулна.

С-, Б- нарын байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Б- нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31-** орон сууцыг өмчлөх эрхийг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн байна /1хх 24/.

2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус болсны үр дагаврыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцүүлж шүүх шийдвэрлэх учиртай.

Энэ үүднээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002521 дугаартай, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31-** хаягт байршилтай орон сууцыг нэхэмжлэгч А-гийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэв.

 

7. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Б- нь орон сууцны өмчлөгч болсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны **од байрлах 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. Дээр өгсөн дүгнэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2022/03072 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч В-д холбогдох С-, Б- нарын байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан С-, Б- нарын байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002521 дугаартай, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31-** хаягт байршилтай орон сууцыг нэхэмжлэгч А- /РД:АЯ84102609/-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай гэж,

4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558,000 төгрөг, хариуцагч Б-аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 557,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д, нэхэмжлэгч А-гээс 70,150 төгрөг гаргуулан улсын орлогод тус тус олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Т.БАДРАХ