Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00033

 

 

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00033

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/03447 дугаар шийдвэртэй,

А ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох

30,633,170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баасандорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Г ХХК-ийн барилгын гадна талын шилэн фасад, металл фасадын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон.

Гэрээний 4.1-д заасны дагуу шилэн фасад 1,582 м.кв 55,000 төгрөгөөр нийт 87,010,000 төгрөг, металл фасад 664 м.кв нь 45,000 төгрөгөөр нийт 29,880,000 төгрөг, нийт 116,890,000 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг хийж гүйцэтгэхээр байсан. А ХХК гэрээнд заасны дагуу шилэн фасадны ажлыг бүгдийг хийж дуусгасан. Харин барилгын зурагт өөрчлөлт орсны дагуу металл фасадны ажил нь гэрээнд заасан 664 м.кв хэмжээнээс илүү хийж гүйцэтгэсэн. Захиалагч нь хийсэн ажлын хөлсөнд нийт 125,000,000 төгрөг өгсөн бөгөөд гэрээнд зааснаас илүү хийсэн ажлын хөлс төлөхгүй, хийсэн ажлыг хүлээн авахгүй, гэрээнд зааснаас өөр ажил хийхийг шаардаж байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй болсон.

Иймд гэрээнд зааснаас илүү хийсэн метал фасад угсралтын ажлын хөлс болох 30,633,170 төгрөгийг Б ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Г ХХК-ийн үйлчилгээний барилгын гадна талын шилэн болон металл фасадыг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээг А ХХК-тай байгуулсан. Гэрээнд шилэн фасад 1582 м.кв талбайг 1 м.кв нь 55,000 төгрөгөөр бодож 87,010,000 төгрөг, металл фасад 664 м.кв талбайг 1 м.кв нь 45,000 төгрөгөөр бодож 29,880,000 төгрөг, нийт 116,890,000 төгрөг төлөхөөр 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Ажлын явц дунд металл фасадыг нэмж хийлгэхээр болсон ба А ХХК-д нийтдээ 125,000,000 төгрөг өгсөн.

2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч байгууллага ажлаа дуусгалгүй хаяж явсан учраас Д ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж фасадны ажлыг дуусгасан. А ХХК нь ажлаа дуусаагүй, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй, нэхэмжилсэн төлбөрийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Түшиг арга констракшн ХХК-аас 30,633,170 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Түшиг арга констракшн ХХК-аас 311,120 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Тус хэргийн шүүх хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт товлогдсон ба хариуцагчийн төлөөлөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүх хурал давхардсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулахаар хүсэлт өгсөн байхад оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт товлосон ба тус шүүх хуралдааны тов мэдэгдэхээс өмнө товлогдсон.

Иймд хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч Ч.Энхтөвшин нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн байхад оролцогчийн тэгш эрх, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчиж, мөн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хурлыг 3 долоо хоногийн хугацаагаар хойшлуулж, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр товлосон ба хариуцагч тал шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурснаар мэдсэн. Тухайн үед шүүх хурал давхацсан талаар мэдэгдээгүй, талууд харилцан тохиролцож шүүх хуралдааны товыг гаргасан. Тус хурлууд цагийн хувьд давхцаагүй байсан.

Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөө шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,633,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн оролцогчийн тэгш эрх, мэтгэлцэх эрхийг зөрчиж, шүүх хуралдаанд биечлэн оруулаагүй гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Д.Энхбатын өмгөөлөгчөөр оролцох хэргийн шүүх хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт товлогдсон гэж шүүх хуралдааны хойшлуулах хүсэлтийг товын хамт анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ирүүлжээ /хх 234-236/.

Ийнхүү шүүх хуралдаанд оролцох боломжгүй үндэслэлээ урьдчилж мэдэгдсэн байхад анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулахдаа Ч.Энхтүвшинд давхардсан шүүх хуралдаан байгаа эсэхийг тодруулж хойшлуулсан гэж үзэн түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. Зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж дүгнэв.

 

4. Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журмыг болон хэргийн оролцогчийн хуулиар ологдсон эрхийг зөрчсөний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4.1 Шүүх Г ХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын шинжээчийн дүгнэлт, Б ХХК болон Д ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргажээ /хх 40, 61-64, 171/.

Харин эдгээр баримтуудыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10/ШЗ2021/13234 дугаар захирамжтай, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй А ХХК-нд холбогдох иргэний хэргээс энэ хэрэгт зохигчийн хүсэлтээр болон шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулан авахдаа зөвхөн шүүхийн хуулбарлав тэмдгээр бэхжүүлж авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэх бичмэл нотлох баримтыг цуглуулахад тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

 

4.2 Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батласан Шүүхийн архивын ажиллах журам-ын 10 дугаар зүйлийн 10.3-т Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр "хуулбар үнэн" тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй. Харин хэргийн оролцогчийн хүсэлтээр архивч-операторч ХУУЛБАРЛАВ /маягт19/ тэмдэг дарж, гарын үсэг зурна гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн архивт буй хавтаст хэрэгт авагдсан зөвхөн шүүхээс гарсан эрх зүйн актын үнэн зөвийг шүүх баталгаажуулах бөгөөд хэрэгт авагдсан бусад баримтын үнэн зөвийг гэрчлэхгүй болно.

 

4.3 Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үндэслэлгүй, бичмэл нотлох баримтыг хуульд зааснаар бүрдүүлэх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй байна.

 

4.4 Үүнтэй холбоотойгоор тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2022/00879 дугаар магадлалд дурдсан барилгын зураг төсөлд өөрчлөлт орсны улмаас гүйцэтгэсэн ажлын хэмжээ ихэссэн эсэх, нийт ажлын хэдэн хувийг нэхэмжлэгч, хэдэн хувийг хариуцагч болон Д ХХК хийж гүйцэтгэсэн нь тодорхой бус гэж заасан үндэслэлд хамаарах нотлох баримт хэрэгт бүрэн авагдаагүй гэж үзнэ.

 

5. Дээрх алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/03447 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,120 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ