Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/008

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй,      

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Иргэдийн төлөөлөгч: О.Мөнхөө,

Шүүгдэгч Ц.Должинсүрэн, түүний өмгөөлөгч: Р.Уранцэцэг, Ж.Бат-Амгалан, Ч.Отгонбаатар,

Шүүгдэгч Г.Мөнх-Оргил, Д.Нэмэхбаатар, тэдний өмгөөлөгч: Л.Батбаяр

Шүүгдэгч Д.Сайнзаяа, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Должинсүрэн, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мөнх-Оргил, Д.Нэмэхбаатар, Д.Сайнзаяа нарт холбогдох 201405000196 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, Өөлд овогтой Цэрэнсономын Должинсүрэн /ВГ69030701/

2.Монгол Улсын иргэн,   Гэлэн овогтой Даваасүрэнгийн Сайнзаяа /ВГ82040309/

3.Монгол Улсын иргэн,  Өөлд овогтой Гончигийн Мөнх-Оргил /ВГ82081221/

4.Монгол Улсын иргэн,  Харчин овогтой Дамдингийн Нэмэхбаатар /НТ86030313/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Должинсүрэн нь Баян-Овоо сумын соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2013 сны 06 дугаар сарын 27-ны өдөр Д Сайнзаяаг соёлын төвд үйлчлэгчээр ажилд авахдаа түүнээс 300.000 төгрөгийн хээл хахууль, иргэн Г.Мөнх- Оргилыг Соёлын төвд бүжгийн багшаар ажилд авч 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Dell маркийн 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд тус тус авсан,

шүүгдэгч Г.Мөнх-Оргил нь Баян-Овоо сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажилд орохдоо Баян-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.Должинсүрэнд 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Dell маркын 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд өгсөн,

шүүгдэгч Д.Сайнзаяа нь Баян-Овоо сумын соёлын төвд үйлчлэгчээр ажилд орохдоо Баян-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.Должинсүрэнд 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийн хээл хахууль өгсөн.

шүүгдэгч Д.Нэмэхбаатар нь өөрийн эхнэр Г.Мөнх-Оргилыг Баян-Овоо сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажилд орохдоо Ц.Должинсүрэнд 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Dell маркийн 749.000 төгрөгний үнэ бүхий бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                               /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Ц.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Баян Овоо сумын Соёлын төвд бүжгийн багш ажилтай Гончигийн Мөнх- Оргилыг би анх 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус Соёлын төвийн Орон нутаг судлах танхимын ажилтан, бүжгийн багшийн орон тоонд тушаал гаргаж ажилд авсан. 2013 оны 08 дугаар сард Ашиг сонирхлын хууль гараад Соёлын төвийн Орон нутаг судлах танхимын ажилтан Ц.Баатархуяг гэж миний төрсөн дүү ажиллаж байгаад түүнийг ажлаас нь хуулийн дагуу чөлөөлсөн юм. Үүний дараахан нь 2013 оны 08 дугаар сарын сүүлээр манай гэрт Мөнх-Оргил ирээд байж байхад миний хүү Төгөлдөр надад лизингээр зөөврийн компьютер авч өгөөч гэсэн яриа гарсан. Тэгэхэд Мөнх-Оргил манайд Dell маркын зөөврийн компьютер байгаа түүнийг хямд авахгүй юу гэсэн. Миний хүү Төгөлдөр 2013 оны 08 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу хичээлдээ яваад утсаар Мөнх-Оргил эгчээс авах зөөврийн компьютероо авах юм уу, эсвэл лизингээр авч өгөх юмуу гэж асуусан болохоор нь Мөнх-Оргилтой уулзаж нөгөө Dell маркын зөөврийн компьютероо зарах уу, хэрвээ зарахаар бол одоо мөнгийг нь өгч чадахгүй, ноолуурын үеэр өгье гэсэн. Тэгвэл та надад ноолуурын үеэр 600.000 төгрөг өгөөрэй гэсэн. Тэгээд Мөнх-Оргил охин Цогзолмааг гэрт байхад нь ээжтэй чинь наймаа хийсэн юмаа гээд өгөөд явсан байсан. Би тэр үед ажил дээрээ байсан.

....2013 оны 05 дугаар сард манай Соёлын төвд үйлчлэгчийн орон тоо гарсан байсан. Тэр үед Сайнзаяа гэдэг хүнийг ирэхээр нь үндсэн шаардлагуудыг нь хангаж байна гэж үзээд үйлчлэгчээр ажилд авсан. Түүнээс биш ажилд авсаны төлөө 300.000 төгрөг авсан зүйл байхгүй. Ажил хийхгүй байхаар нь 2013 оны 10 дугаар сард ажлаас халсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 113-114/

Түүний шүүх хуралдаанд өгсөн: Баян-Овоо сумын Засаг дарга болон ИТХ-ын даргын зүгээс Г.Мөнх-Оргилыг ажилтнаар авч ажиллуул гэсэн үүрэг өгсөн. Г.Мөнх-Оргил өмнө нь манай байгууллагад ажиллаж байгаад ажлаа орхиод явсан мөн дипломгүй ирсэн. Дипломоо аваад ирвэл ажилд авъя гэдэг шаардлагыг тавьсан. Тухайн үед Г.Мөнх-Оргил нөүтбүүкээ зарна гэж байсан учраас хавар ноолуурын цагаар мөнгийг нь өгөхөөр тохирч худалдаж авсан. Намайг гэртээ байхгүй хойгуур манай хүүхдэд ээжтэй чинь наймаа хийж байгаа юм шүү гэж хэлээд авч ирж өгсөн байсан. Гэтэл энэ асуудал эцэстээ гэмт хэрэг болсонд би туйлын харамсч байна. Яах гэж Г.Мөнх-Оргилоос нөүтбүүк авав даа гэж гэмшиж байна. Би энэ хэрэгт шалгагдаад 3 жил болоход нэг ч өдөр энэ хэргийн талаар бодохгүй, тайван байж чадаагүй. Би 150 гаруй хоног шоронд хоригдлоо, миний насны хүн дааж дийлэхээргүй хэцүү газар байдаг юм байна гэдгийг би ойлгосон. Д.Сайнзаяа бид хоёрын дунд авсан, өгсөн зүйл байхгүй. Д.Сайнзаяа ажилд ороод 5 сарын дараа цалингийн зээл авсан. Би Г.Мөнх-Оргилоос анх нөүтбүүк авахдаа наймаа гэж бодож авсан. Гэтэл энэ асуудал надад болон миний ар гэр хамаатан саданд ийм том гай тарина гэж бодоогүй. Энэ асуудлаас болж миний гэр бүл орвонгоороо эргэсэн. Г.Мөнх-Оргилын ээж нь насаараа Баян-Овоо суманд амьдарсан өндөр настай хүн энэ асуудлаас болж сумаас явах дээрээ хүртэл тулсан. Г.Мөнх-Оргил, Д.Сайнзаяа гээд бүгд хүнд байдалтай байгаа. Энэ бол миний буруу, яах гэж авав даа гэж би гэмшиж байна. Би энэ хэрэгт шалгагдаад маш их зүйлийг ойлгосон, энэ талаар цааш нь төрийн албан хаагч нарт хуулийг сурталчлъя, намайг хөнгөрүүлээд өгөөч гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Д.Сайнзаяагийн хувьд хүнд уруу татагдаж худлаа мэдүүлэг өгсөн гэж бодож байна. Мөн цалингийн зээл авсан хугацааны хувьд ч зөрүүтэй байгаа. Нэг нөүтбүүкний төлөө өдий болтол ингэж тамлуулж байх гэждээ гэж би бодож, гэмшиж байна, эрхэм шүүгч та бүхэн хөнгөрүүлэн шийдэж өгнө үү гэж хүсч байна гэх мэдүүлэг

Шүүгдэгч Г.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн

... Хэрвээ чамайг би ажилд авах юм бол чамаас хахууль авна гэхээр нь би ямар учиртай юм гэхэд чамайг ажилд авсаны төлөө 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө авна” гэсэн. Би ажилд ороход сарын цалин хэд байдгийг мэдэхгүй учраас Ц.Должинсүрэн эрхлэгчээс асуухад үндсэн цалин 388.000 төгрөг байдаг гэж хэлсэн. Би Ц Должинсүрэн эрхлэгчид танд өгөх мөнгө байхгүй, ажилд орсоны дараа цалингийн зээл аваад өгье гэхэд тийм юм байхгүй бэлэн авч байж ажилд авна гэсэн. Ц.Должинсүрэн би өөрийн оюутан хүү Төгөлдөртөө нөтбүүк авч өгмөөр байна гэсэн. Тэгэхэд нь би тэр үед надаас мөнгө нэхэж байгаа юм байна гэж ойлгоод надад бэлэн мөнгө байхгүй гэхэд Ц.Должинсүрэн эрхлэгч чамд шинэ зөөврийн компьютер  байгаа биз дээ гэсэн. Миний нөхөр надад авч өгсөн болохоор болохгүй байхаа гэхэд энэ тухай Нэмэхбаатарт хэлж болохгүй шүү гэж байсан. Хэрвээ зөөврийн компьютер гэж байгаа бол би нөхөртөө хэлэхгүй яаж өгөх юм гэж ярихад чи өөрөө л мэдэхгүй юу гэсэн. Би Должинсүрэнгийн ярьсан яриаг нөхөр Нэмэхбаатарт хэлсэн чинь уурлаж, ямар муухай юм бэ, заавал мөнгө авч ажилд аваад байхдаа яах вэ, хүний ноүтбүүкийг авах гээд байхдаа яах вэ гэсэн утгатай зүйл хэлсэн.  Үүнээс хойш хоёр хоногийн дараа Ц.Должинсүрэн эрхлэгч надруу утсаар яриад нөгөө асуудлаа юу болсон бэ гэсэн. Тэгэхээр нь миний нөхөр зөвшөөрсөн гэхэд тэгвэл энэ 7 хоногийн 5 дахь өдөр сайн өдөр байгаа гэрт авчраад өгөөрэй гээд яриа дууссан. Ц.Должинсүрэн эрхлэгчийн хэлсний дагуу 2013 оны 09-р сарын 27-ны өдрийн баасан гаригийн орой нөхөр Нэмэхбаатартай 19 цагийн орчим түүний гэрт нь очиход эрхлэгч өөрөө байгаагүй ба хөдөө явсан гээд охин Цогзолмаа нь хүүхэдтэйгээ хамт байсан. Ц.Должинсүрэн эрхлэгч надаас авч байгаа зөөврийн компьютерийг хүүхдүүддээ худалдан авч байгаа гэж худлаа хэлснээр нь охин Цогзолмаад нь хар цүнх, түүний дотор улаан хүрэн өнгийн Dell маркын зөөврийн компьютер дагалдах хэрэгслүүдийн хамт өгөөд явсан. Мөн эрхлэгч Ц Должинсүрэн надтай уулзаж хоёулаа эв зүйгээ олсон юм чинь. Авлигатай тэмцэх газрын хүнд би уурандаа эрхлэгч Должинсүрэн надаас нэхээд авсан юмаа гээд худлаа хэлчих гэж байсан. Шүүхэд нэг гэрээ байдаг гэсэн тэр гэрээнд би худлаа хэлсэн юм, гомдолгүй гэж хэлвэл бүх юм зүгээр болно. Чи гомдолгүй гээд хэлвэл нөтбүүкийг чинь эргүүлээд өгье, гэртээ аваад ирсэн байгаа гэж байсан. Д.Сайнзаяа нь Должинсүрэнд 300000 төгрөг өгсөн тухайгаа надад хэлсэн...  гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 127-129/

Шүүгдэгч Д.Сайнзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2014 оны 05 сарын 15-ны өдөр эрхлэгчийн өрөөнд орж уулзахад  эрхлэгч Должинсүрэн нь надад чи одоо 300.000 төгрөг аваад ир, тэгвэл одоо шууд ажилд авах тушаалыг чинь гаргалаа гэсэн. Тэгэхээр нь би гайхаад асуух гэтэл чи ийм зүйл мэддэггүй юм уу, хаа газар ийм л байдаг, харин ч би 300.000 төгрөг гэж хэлж байна шүү гэсэн. Надад ийм хэмжээний мөнгө байхгүй гэсэн чинь ах, дүү нараасаа аваад ирэхгүй юу гэсэн. Одоо надад олдохгүй гэсэн чинь за тэгвэл чи явцын дундаа бөөнөөр нь өгөөрэй, энэ чинь нэг сарын л цалин шүү дээ гэж надад хэлсэн. Намайг шахаад байсан болохоор нь би за гэж хариулсан. Тэгээд л тэр өдөр ажилд авах тушаал гараад би ажилд орсон юм. Тэр даруйдаа ажилд авах тушаал гаргасан учраас би өрөөнөөс гараад дэлгүүрээс пиво, компот зэрэг зүйл худалдаж аваад буцаад орж Должинсүрэн эрхлэгчид өгсөн. Ингээд ажлаа хийгээд явж байх хооронд эрхлэгч Должинсүрэн надаас нөгөө ярьж байсан 300.000 төгрөгийг 2-3 удаа нэхэж байсан. Удалгүй би 2013 оны 07-р сарын 03-нд хурим хийхээр мөнгөний хэрэг байсан учраас цалингийн зээл авахаар 06-р сарын сүүлээр эрхлэгчид орж цалингийн тодорхойлолт авах гэхэд Ц.Должинсүрэн эрхлэгч за зээл авч байгаа бол 300.000 төгрөгөө одоо өгөөрэй гээд гарын үсэг зурж өгсөн. Тэр өдрөө би цалингийн зээл гэж 600 000 төгрөгийг 3 сарын хугацаатай Хаан банкнаас зээлж аваад нэхээд байсан 300.000 төгрөгийг Соёлын төв дотор хөшигний ард бэлнээр түүнд өгсөн. Гэтэл эрхлэгч Должинсүрэн тэр үед мөнгөө авчихаад энэ асуудал бол бид хоёрын нууц шүү гэсэн. Ийм байдлаар л би Должинсүрэнд мөнгө өгөхөөс өөр аргагүй байдалд ороод түүнд мөнгө өгсөн бол үнэн. Энэ тухай соёлын төвд ажиллаж байгаа Мөнх-Оргил мэднэ...гэх мэдүүлэг /1-р  хавтасны 121 хуудас/

Түүний шүүх хуралдаанд өгсөн: Би 2013 оны 5 дугаар сарын 14-нд Баян-Овоо сумын Соёлын төвд үйлчлэгчээр орж, 10 сард халагдсан. Энэ хугацаанд Ц.Должинсүрэн бид хоёрын хооронд өгсөн авсан зүйл байхгүй гэх мэдүүлэг

Шүүгдэгч Д.Нэмэхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн

... Мөнх-Оргил надад хэлэхдээ соёлын төвийн эрхлэгч Должинсүрэн надаас 750.000 төгрөг нэхээд байна нэг бол нөтбүүкээ өг тэгвэл 2013 оны 10 дугаар сарын 01-нд ажилд авсан тушаалыг чинь гаргаж өгнө гээд байна гэсэн зүйл ярихаар нь би эхнэртэй чи өөрөө л мэд би чамд зориулж авч өгсөн гэж хэлсэн...Должинсүрэн манай эхнэр лүү утсаар энэ 5 дахь өдөр их сайн өдөр байна лээ манайд хүргээд өгчихөөрэй гэж хэлсний дагуу би эхнэр Мөнх- Оргилын хамт явж нөтбүүкээ Должинсүрэнгийн гэрт хүргэж өгөхөд гэрт нь охин Цогзолмаа нь байсан..../ 2 хавтасны 3-4 /

Гэрч Ж.Хатанбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн

.... Мөнх-Оргил над руу утсаар яриад Должинсүрэн эрхлэгч намайг дарамтлаад ажлаас хална гэх зэргийг хэлээд байх юм гэсэн....яагаад чамайг дарамтлаад байгаа юм гэхэд намайг ажилд авахад надаас 700.000 төгрөг өг, эсвэл зөөврийн компьютер хэрэгтэй байна гэж ярьсан. Чи тэгээд юу өгсөн юм гэхэд би өөрийн хэрэглэж байсан улаан хүрэн өнгиин Dell маркын зөөврийн компьютероо ажилд орохын тулд Соёлын Төвийн эрхлэгч Ц.Должинсүрэнгийн охинд өгсөн гэж ярьж байсан. Тэгээд түүний дараагаар ажилд авах тухай тушаал гарсан гэсэн Мөнх-Оргил утсаар ярихад нь өөр юугаар энэ асуудлаа нотлох юм гэхэд соёлын төвийн үйлчлэгчээр ажиллаж байсан Сайнзаяагаас цалингийн зээл авахад нь 300.000 төгрөгийг нь авсан. Энэ нь түүнийг ажилд авахад хахууль авсан мөнгө байгаа юм. Үүнээс гадна эрхлэгч байнга дарамтлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гээд байх юм. Би энэ талаар хаана хандах уу гэж надаас асуухаар нь авлигын гэмт хэрэг байна чи аймгийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн ажилтнуудтай уулз гэж зөвлөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/

Гэрч Ж.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн

...Сумын Соёлын төвийн бүжгийн багш ажилтай Мөнх-Оргил нь над руу утсаар ярьж Соёлын төвийн эрхлэгч Должинсүрэн хүнийг ажилд авахдаа мөнгө болоод эд зүйл аваад ажилд авдаг. Намайг ажилд авахдаа үнэ бүхий зөөврийн компьютероо ажилд орохын төлөө өг гэж хэлж байсан. ...Тэдгээрийн дунд хэрүүлийн чанартай яриа байсан болохоор Соёлын төвийн эрхлэгч Должинсүрэнд байгууллагын дарга байж ийм зүйл гаргаад байгаа бол өргөдлөө өгөөд гарах, эсвэл асуудлаа шийдэж чадахгүй байгаа бол хууль хяналтын байгууллагад хандаж зөв буруугаа тогтоолгох нь зүйтэй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-62-63/

Гэрч Б.Наранбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн

... 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ..сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 2- р хуралдаан хуралдсан юм....Тухай үед Г.Мөнх-Оргил Соёлын төвд ажилд ороогүй байсан учраас хуралдаанд оролцогчдод хандан надад нэг санал байгаа, сумын Соёлын төвд орон нутаг судлах танхимын ажилтны орон тоо байгаа тэр албан тушаалд ажиллая гэхээр ажилд авахгүй байна....иргэдийн төлөөлөл болсон та бүхэн миний асуудлыг шийдэж өгөөч гэж хэлсэн. Би ажилд орох гэж зөндөө хөөцөлдсөн хахууль өгье гэсэн ч ажилд авахгүй байна гэж ярьсан.... /хх-ийн 66-67/

Гэрч Д.Лусмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн

2014 оны өвөл 01-р сард шиг санагдаж байна тухайн үед манай аймагт улсын хэмжээний тэмээчдийн баяр болоод сумдын соёлын төвийн ажилчид цугларсан байсан. Манайд Баян-овоо сумын Соёлын тевийн эрхлэгч Должинсүрэн ирсэн байхад оройхон Мөнх-Оргил ирсэн.Тэд сууж байгаад юунаас болсон болохыг сайн мэдээгүй хоорондоо Мөнх-Оргил нь Должинсүрэнгээс Dell маркын зөөврийн компьютер нэхсэн чинь Должинсүрэн ноолуурын үед өгнө шүү дээ гэж хэлж байгаа дуулдсан...гэх мэдүүлэг/хх-ийн 93-94 /

-Баян-Овоо сумын Соёлын төвийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэл.../хх-ийн 50-51/,

-Соёлын төвийн эрхлэгчийн 2013.05.15-ны өдрийн 05 дугаартай ажилд авах тухай тушаал /хх-ийн 189-190 /,

-Соёлын төвийн эрхлэгчийн 2013.10.01-ний өдрийн 08 дугаартай ажилд авах тухай тушаал /хх-ийн 191/,

 -Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэл /хх-ийн 205-206 /

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 42-43 хуудас/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/1-р хх-ийн 2/,

-Депозит дансны хуулга /1-р хх-ийн 10/,

-2013.08.20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 31-37/,

-эд мөрийн баримт хураан тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 39-40/,

-гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 42-43/,

-эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 44-48/,

-шүүгдэгч нарын ял шалгах хуудас /1-р хх-ийн 133-135, 2-р хх-ийн 7/,

-Баянхонгор аймаг дахь PC mail-ийн зарлагын падаан /1-р хх-ийн 138,

-1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №47 тушаал /1-р хх-ийн 154/,

-Соёлын төвийн эрхлэгчийн ажилд авах тухай 2013.05.15-ны өдрийн №05 тушаал,

-2013.10.01-ний өдрийн ажилд авах тухай №08 тушаал, 2013.10.15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай №09 тушаал /1-р хх-ийн 189-191/,

-Баян-Овоо сумын соёлын төвийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 193-198/,

-Баян-Овоо сумын ИТХ-ийн хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 200-208/,

-шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 13-16/,

-дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р 131-132/,  

-электрон тоног төхөөрөмжийн үнэлгээ /2-р хх-ийн 139/,

-монгол гэрийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 144-146/,

-малын үнэлгээний тайлан /2-р хх-ийн 147-151/,

-2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /2-р хх-ийн 153-155/,

-2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоол №854, 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №193 тоот захирамж, сулласан хүмүүст олгодог тодорхойлолт /2-р хх-ийн 177-178/

-Ц.Должинсүрэнгийн Баянхонгор аймгийн прокурорт гаргасан хүсэлт /4-р хх-ийн 185/

-Өмгөөлөгч Р.Уранцэцэгийн засуулж бичүүлсэн гэх Г.Мөнх-Оргилын шүүхэд гаргаж өгсөн хүсэлт /4-р хх-ийн 186-187/

-Д.Сайнзаяагийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /4-р хх-ийн 192/

-Итгэлцэлд гарын үсэг зурах тухай гэх баримт /4-р хх-ийн 193/ болон хэрэгт авагдсан баримтуудыг  шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн, авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж, бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй. Хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамаарагддаг.

Шүүгдэгч Ц.Должинсүрэн нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Д Сайнзаяаг соёлын төвд үйлчлэгчээр ажилд авахдаа түүнээс 300.000 төгрөгийг, мөн  албан тушаалынхаа байдлыг ашиглан хээл хахууль өгөгч Г.Мөнх-Оргилын ашиг сонирхлын үүднээс түүнээс Dell маркийн зөөврийн компьютерыг авч ашиг хонжоо олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-д заасан хясан боогдуулах замаар, давтан үйлдлээр хээл хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг, мөн шүүгдэгч Д.Сайнзаяа нь өөрийгөө ажилд томилуулах зорилгоор 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийг хээл хахуульд өгөх, шүүгдэгч Г.Мөнх-Оргил нь өөрийгөө ажилд томилуулах зорилгоор 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “DELL” маркийн зөөврийн компьютерийг хээл хахуульд өгөх,  шүүгдэгч Д.Нэмэхбаатар нь  өөрийн эхнэр Г.Мөнх-Оргилыг ажилд томилуулах ажил хэргийг бүтээх зорилгоор 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “DELL” маркийн зөөврийн компьютерыг хээл хахуульд өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 269 дугаар зүйлийн 269.1-д заасан хээл хахууль өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус хангаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Должинсүрэнг албан тушаалын байдлаа ашиглан, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хясан боогдуулах замаар, давтан үйлдлээр хээл хахууль авсан, мөн шүүгдэгч Д.Сайнзаяа, Г.Мөнх-Оргил, нарыг ажил хэргээ бүтээх зорилгоор албан тушаалтанд хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Д.Нэмэхбаатарыг хээл хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь Ц.Должинсүрэн нь Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн болон түүний хувийн байдалыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ц.Должинсүрэн, Г.Мөнх-Оргил, Д.Сайнзаяа нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэл эдлэж байгаагүй байх тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Д.Нэмэхбаатар нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан ба 2006 оны 07 сарын 02-ны өдрийн 854 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор хорих ялаас 3 жилийг өршөөн хассан, Баянзүрх дүүргийн 2007 оны 07 сарын 26-ны өдрийн 193 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 5 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.1 дахь хэсэгт заасныг баримтлан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг журамлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Оргилд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Д.Нэмэхбаатар, Д.Сайнзаяа нарт оногдуулсан ялыг өршөөн хэлтэрүүлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд тухайн гэмт хэрэг гарсан гэх үйл баримтад өөрсдийн дотоод итгэл үнэмшлээр хандаж, нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийж, санал нэгтэйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Уг хэрэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох улаан хүрэн өнгийн "DELL” маркийн зөөврийн компьютерыг дагалдах хэрэгслийн хамт шүүхэд ирүүлснийг төрийн өмчлөлд шилжүүлж, эд мөрийн  баримтаар хураагдсан 3 ширхэг CD-ийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Должинсүрэнгийн 5 ханатай монгол гэр, эр хонь 10 толгой, төлөг 8 толгой, үхэр 4 толгой, нийт 22 тооны малыг, шүүгдэгч Д.Сайнзаяагийн 5 ханатай гэрийг, шүүгдэгч Г.Мөнх-Оргилын 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосныг дурдав.

Шүүгдэгч Ц.Должинсүрэн нь хэргийн учир нийт 147 хоног цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                             ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Должинсүрэнг хясан боогдуулах замаар, давтан хээл хахууль авах, шүүгдэгч Г.Мөнх-Оргил, Д.Нэмэхбаатар, Д.Сайнзаяа нарыг хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар шүүгдэгч Ц.Должинсүрэнг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, гурван жил, дөрвөн сар, тав хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Д.Нэмэхбаатарыг нэг жиг нэг сарын хугцаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Д.Сайнзаяаг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг журамлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Оргилд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг журамлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Д.Сайнзаяа, Д.Нэмэхбаатар нарт оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтэрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч Ц.Должинсүрэнд оногдуулсан гурван жил, дөрвөн сар, тав хоногийн хугацаагаар хорих ялыг  жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох улаан хүрэн өнгийн "DELL” маркийн зөөврийн компьютерыг дагалдах хэрэгслийн хамт төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Ц.Должинсүрэнгийн цагдан хоригдсон нэг зуун дөчин долоо хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан 3 ширхэг CD-ийг уг эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал  хэрэгт үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар ялтан Ц.Должинсүрэнгийн дундын өмчлөлийн 5 ханатай гэр, 22 тооны малыг, шүүгдэгч Д.Сайнзаяагийн 5 ханатай гэрийг, шүүгдэгч Г.Мөнх-Оргилын 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Оргил, Д.Нэмэхбаатар, Д.Сайнзаяа нарт батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ц.Должинсүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.Должинсүрэнгийн эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Должинсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг, мөн шүүгдэгч Г.Мөнх-Оргил, Д.Нэмэхбаатар, Д.Сайнзаяа нарт  авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ

                ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА

                                   Д.БАТЦЭНГЭЛ