Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/00081

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2023            01               04                                            210/МА2023/00081             

 

 

 

 

 

Б.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02747 дугаар шийдвэртэй, Б.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй, С.Бд холбогдох,

“Г.Т” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1,000 төгрөгийг нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Б-д буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Нэхэмжлэгч Б.Тийн хариуцагчид холбогдуулан гаргасан хамтран ажиллах болон зээлийн гэрээний үүрэгт 258,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-тай байгуулсан “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээгээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон болохыг тогтоож, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлэн өгсөн “Г.Г ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг С.Бд буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Б.Б-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан гаргасан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоох, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээгээр шилжүүлэн авсан “Г.Г ” ХХК-ийн 61.11 хувийн хувьцааг “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-д буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх, МV-5707А болон MV-... дугаартай .... кг алтны нөөц бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэн өгөхийг Б.Б-д даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн, нэхэмжлэгч Б.Бын өмгөөлөгч Д.Намсрайжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бд холбогдуулан “Г.Т” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгах шаардлага гаргасан.

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд: С.Б, Б.Б нар нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ байгуулсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учир Б.Б нь өөрийн эрх зөрчигдсөн хэмээн үзэж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхээс хүсэж нэхэмжлэл гаргасан. Гэрээний 3, 9 дүгээр зүйлд зааснаар С.Б нь өөрийн өмчилж буй “Г.Г ” ХХК-ийн хувьцааны 14 хувийг “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн өмчилж буй “Г.Г ” ХХК-ийн хувьцааны 61.11 (нийт 75.11 хувь) хувийг, “И Ар Си” ХХК-ийн өмчилж буй “Г.Г ” ХХК-ийн хувьцааны 23.89 хувь зэргийг тус тус Б.Б-д шилжүүлэх, үүний хариуд Б.Б нь өөрийн өмчилж буй “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааны 30 хувийг С.Бд шилжүүлэхээр тохиролцсон.

1.2. Гэрээний 5 дугаар зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 7.2.9, 9 дүгээр зүйлд талуудын хоорондоо солилцож буй зүйлүүдийн үнийг дараах байдлаар тодорхойлсон. А тал болох С.Бээс Б тал буюу Б.Б-д шилжүүлэн өгч буй “Г.Г ” ХХК-ийн хувьцааны 75.11 хувь нь Б.Боос С.Бд шилжүүлж буй “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааны 20 хувьтай тэнцэнэ, үлдсэн “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааны 10 хувь нь “И Ар Си” ХХК-ийн өмчилж буй “Г.Г ” ХХК-ийн хувьцааны 23.89 хувьтай тэнцэнэ. Тиймээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д С.Бээс Б.Б-д тухайн үед бодитоор шилжүүлсэн эрх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө зэрэг гэрээний зүйлүүдийн үнэ нь Б.Боос С.Бд шилжүүлэн өгч буй “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 20 хувийн хувьцааны үнэтэй тэнцүү байхаар заасан. Харин гэрээний 9 дүгээр зүйлийг “Г.Г ” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 10 хувьцаагаар арилжих тусгай нөхцөл болзол хэмээн нэрлэж, мөн зүйлийн 9.2-т “Г.Г ” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “И Ар Си” ХХК-аас шилжүүлэн аваагүй тохиолдолд С.Б нь “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан Б.Б-д шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Б.Боос “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааны 30 хувийг шилжүүлэн авснаар С.Б нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч болсон бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Б тал өөрийн эзэмшиж байгаа “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийн хувьцааг А талд шилжүүлснээр А тал “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн нийт хувьцааг 100 хувь эзэмшинэ гэж тохиролцсон. Уг гэрээний 9 дүгээр зүйлд А тал нь “И Ар Си” ХХК-ийн өмчилж буй “Г.Г ” ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн өмчлөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авч, улмаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор уг хувьцааг Б талын өмчлөлд шилжүүлээгүй тохиолдолд Б тал нь дараах нөхцөл болзлоос аль нэгийг нь сонгон А талаас шаардахаар харилцан тохиролцсон. А тал 1,000,000 ам доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг Монголбанкны тухайн үеийн ханшаар тооцон Б талд үл маргах журмаар шилжүүлэх, А тал шилжүүлэн авсан “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааны 10 хувийг буцаан Б талд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааны 10 хувийн хувьцаанд “Г.Т” ХХК-ийн 9 хувийн хувьцаа ногдоно. Иймд Б тал нь гэрээний дагуу “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааны 10 хувийн хувьцаанд “Г.Т” ХХК-ийн 9 хувийн хувьцаа ногдоно гэсний дагуу “Г.Т” ХХК-ийн 9 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Б-д шилжүүлж өгөхийг хариуцагч С.Бээс шаардаж байна.

1.3. “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааны эзэмших эрхийн талаар шүүхийн энэхүү маргаан шийдвэрлэгдэх явцад “Г.Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК байсныг болиулж, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Г.Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б нь өөрийгөө бүртгүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь гэрээний үүргээ шударгаар биелүүлэхээс татгалзсан, залилангийн шинжтэй үйлдэл бөгөөд нэхэмжлэгч Б.Бын “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг эзэмших байдлаар “Г.Т” ХХК-ийн үйл ажиллагаанаас үр шим, ашиг орлого хүртэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Г.Т” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Б-д буцаан шилжүүлэн өгч, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Б.Т болон С.Б, Б.Б нарын хооронд ТВВ1610001 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 2 дугаар зүйлд зааснаар Б.Т нь С.Б, Б.Б нарын эзэмшиж буй “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн Улаанбаатар хотын банкинд төлөх ёстой өр 1,108,755,595 төгрөгийг төлөх, үүний хариуд Б.Т нь “Г.Т” ХХК-ийн хувьцааны 7 хувь, “Г.Г ” ХХК-ийн хувьцааны 8.5 хувийг тус тус С.Бээс шилжүүлэн авахаар тохиролцсон. Улмаар Б.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 90,000,000 төгрөг болон 4,158 ам.долларыг (ханш 2,668.87 төгрөг, нийт 100,000,000 төгрөг) тус тус “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэтэл гэрээ байгуулснаас хойш С.Бийн үзэл бодол өөрчлөгдөж, хамтран ажиллах гэрээг цуцалъя, “Г.Т” ХХК, “Г.Г ” ХХК-ийн хувьцааг шилжүүлж өгөхгүй, төлсөн 100,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан өгнө гэсэн тул Б.Т нь дээрх компаниудын хувьцааг шилжүүлэн аваагүй, цаашид авахгүй бөгөөд С.Бд төлсөн 100,000,000 төгрөгөө хүүгийн хамт буцаан авах хүсэлтэй. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 36 сарын хугацаанд ногдох 100,000,000 төгрөгийн хүү 90,000,000 төгрөг бөгөөд үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, нийт 190,000,000 төгрөг нэхэмжилж байна. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Тээс С.Бд 50,000,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн ба зээлийг одоог хүртэл буцаан өгөөгүй. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ногдох 50,000,000 төгрөгийн хүү 18,000,000 төгрөг, нийт 68,000,000 төгрөг, хариуцагч С.Бээс нийт 258,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч С.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г.Т” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15/88 дугаартай Хамтран ажиллах гэрээний тухайд: Б.Б нь 2015 онд өөрийгөө хуульч, өмгөөлөгч гэж танилцуулж, би таны компанийн асуудлыг мэднэ, тусалж чадна, миний ард том шүүгч хүн байдаг гэж хэлсэн бөгөөд би түүнийг таньдаггүй байсан ч итгэж өөрийгөө хууль, шүүхийн байгууллагад төлөөлөх итгэмжлэлийг өгсөн. Б.Б нь С.Бд ямар нэгэн хохирол, төлбөргүйгээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эзэмшилд байгаа “Г.Т” ХХК-ийн хувьцааг бусдаас буцаан авах шийдвэрийг хууль, шүүхийн байгууллагаар гаргуулна, гаргуулж чадсан тохиолдолд “Г.Т” ХХК-ийн хувьцааны 23 хувийг үнэ төлбөргүй авна гэж тохиролцсон бөгөөд С.Б “Г.Т” ХХК-ийг бусдад худалдсан боловч төлбөрөө авч чадаагүй байсан юм. Үүний дагуу Б.Бтой дээрх Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээний 2.1-д Талууд хамтран 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Г.Т” ХХК-ийн хувьцаа солилцох болон эрх шилжүүлэх тухай гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хуулийн байгууллагад гаргах, холбогдох бусад байгууллага, иргэдтэй хамтран ажиллах замаар “Г.Т” ХХК-ийн нийт хувьцааны 90 хувийг С.Бийн эзэмшилд буцаан авах талаар боломжит бүх үйл ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэнэ. Гэрээний 3.1-д “Г.Т” ХХК-ийн 90 хувийн хувьцааг эзэмших эрх нь сэргэсэн тохиолдолд С.Б уг хувьцааны 74.5 хувь буюу компанийн нийт хувьцааны 67 хувьтай тэнцэх хэсгийг өөрийн өмчлөлд авч үлдэнэ. Гэрээний 3.2-т Дээрх хувьцааны 25.5 хувь буюу компанийн нийт хувьцааны 23 хувьтай тэнцэх хэсгийг Б.Бын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэн эзэмшүүлнэ. Гэрээний 4.1-т Б.Б нь гэрээний ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах үйл ажиллагааг хууль журмын дагуу явуулж, уг асуудлаар хуулийн байгууллагад хандах, өмгөөллийн үйлчилгээ авах" гэж тус тус зааснаар Б.Б нь арбитрт намайг төлөөлөн нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд оролцон холбогдох ажиллагааг явуулсан. Гэтэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 131 дүгээр шийдвэрээр “...С.Бээс хариуцагч “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-д нийт 2,079,750 ам.доллар, 2,829,308,265 төгрөгийг арбитрын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуанлийн 1 сарын дотор бүрэн төлсөн нөхцөлд хариуцагч “Э.А.С.Э.Ж.Э” ХХК нь “Г.Т” ХХК-ийн 90 хувийн хувьцааг нэхэмжлэгч С.Бд буцаан шилжүүлэхийг үүрэг болгосугай” гэж шийдвэрлэсэн. Б.Б нь С.Бд ямар нэгэн хохирол, төлбөргүйгээр компанийн хувьцааг буцаан авч өгнө гэсэн ч 2,079,750 ам.доллар, 2,829,308,265 төгрөгийн төлбөр гаргуулахаар, энэхүү төлбөрийг төлсөн тохиолдолд “Г.Т” ХХК-ийн 90 хувийн хувьцааг буцаан авах нөхцөлтэй шийдвэр гаргуулсан. Энэхүү шийдвэр нь надад илтэд хохиролтой, биелэгдэх боломжгүй бөгөөд арбитрын шийдвэрт заасан 1 сарын хугацаа өнгөрч “Г.Т” ХХК-ийн хувьцааг буцаан авах боломж үгүй болж, арбитрын шийдвэр ямар нэгэн ач холбогдолгүй, үр дагаваргүй, цаг үрсэн асуудал болж дууссан. Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу “Г.Т” ХХК-ийн хувьцааг буцаан авч чадаагүй тул Б.Бтой байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15/88 дугаартай Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон.

3.2. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 8 дугаартай Гадаадын хөрөнгө оруулалттай “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийг хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээний тухайд: “Э.А.С.Э.Ж.Э” ХХК нь Австрали Улсын “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд тус компанийн захирал Питер Күүктэй С.Б нь эртний бизнес хамтрагч байсан тул түүнтэй тохиролцож “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийг 500,000 ам.доллараар худалдан авахаар болсон. Гэтэл энэ тухай Б.Б олж мэдээд надаас “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааг хамтран худалдаж авъя гэж гуйсан. Би дахин түүнд итгэх хүсэлгүй байсан ч хувьцааны төлбөрийг хувааж төлөх, мөн түүнийг хуулийн болон англи хэлний мэдлэгтэй зэргийг нь харгалзан гэрээ хэлэлцээр байгуулахад хэрэг болох юм гэж бодоод хувьцаа хамтран худалдан авахыг зөвшөөрч, “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааг 70/30 харьцаатайгаар хамтран худалдан авахаар болсон. Ингээд би Б.Бтой 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 8 дугаартай Гадаадын хөрөнгө оруулалттай “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийг хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээг байгуулсан. Гэрээний 2.1-д Талууд хамтран гадаадын хөрөнгө оруулалттай “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийг Австрали Улсын “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-аас худалдан авах гэрээг С.Бийн нэр дээр байгуулж, шилжүүлэн авахтай холбогдох бүх ажлыг хийж гүйцэтгэнэ. Гэрээний 3.1-д талууд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн бүх хувьцааг худалдан С.Б нь нийт хувьцааны 70 хувийг, Б.Б нь нийт хувьцааны 30 хувийг тус тус эзэмшинэ, Гэрээний 5.1-д С.Б “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийг худалдан авах үнийн 70 хувийг гаргана, гэрээний 6.3-т Б.Б нь “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийг худалдан авах үнийн 30 хувийг гаргана гэж тус тус заасан. Б.Б нь дээрх гэрээг байгуулахад хоёулаа өмнөх асуудал дуусгавар болж шинээр тохиролцоо хийж буй учраас дуусгавар болсон гэдгээ энэ гэрээндээ зааж оруулах хэрэгтэй гэсний дагуу гэрээний 9.1-д Арбитрын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 131 дүгээр шийдвэрээр иргэн С.Б нь “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-д 2,079,750 ам.доллар болон 2,829,308,265 төгрөг төлөхөөр болсон боловч шийдвэр гарсны дараа төлбөр авагч “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн бүх хувьцааг иргэн С.Б, Б.Б нар Австрали Улсын “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-аас худалдан авснаар компанийн гүйцэтгэх захирлаар С.Б томилогдож, төлбөр төлөгч болон төлбөр авагч нь нэг хуулийн этгээд болох учир дээрх төлбөрийг авах, төлбөрийг төлөх үйл ажиллагаа зогсож, арбитрын шийдвэрийг биелүүлэх ажиллагаа дуусгавар болно гэж оруулсан. Энэхүү гэрээ байгуулагдсанаар “Г.Т” ХХК-ийн толгой компани болох “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааг хамтран худалдан авахаар болж, С.Б 350,000 ам.доллар төлж 70 хувийн хувьцааг, Б.Б нь 150,000 ам.доллар төлж 30 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр болсон.

3.3. 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээний тухайд: Дээрх Гадаадын хөрөнгө оруулалттай “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-г хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээний дагуу С.Б, Б.Б нар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг Австрали Улсын “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-тай байгуулсан. Гэрээний 3-т Худалдан авагч талаас худалдагч талд төлөх хувьцааны нийт төлбөр нь 500,000 ам.доллар байна. Гарын үсэг зурагдсан өдөр 10 ам.долларын, худалдан авагч тал компанийн эрхийг авсан үедээ 499,990 ам.долларын төлбөрийг тус тус төлнө, Гэрээний 5-д Хувьцаа худалдаж авах эхний төлбөрийг хүлээн авсан ба худалдан авах үнийн үлдэгдэл хэсгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт компанийн эрх шилжсэнийг бүртгэсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор худалдагч талын банкны дансанд шилжүүлнэ гэж тус тус заасан. Дээрх гэрээний дагуу “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б, 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Б болж өөрчлөгдсөн. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээний 5-д заасны дагуу хувьцааны үлдэгдэл төлбөрийг бүртгэл хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх болсон бөгөөд С.Б нь Б.Б-д 150,000 ам.долларыг хугацаандаа төлөхийг сануулахад “намайг энэ төлбөрийг өмнөөс нь төлчих, дараа нь хоёулаа учраа ольё” гэж хэлсэн.

3.4. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн бүртгэл хийгдсэнээр С.Б, Б.Б нар нь “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, гэрээний 5-д заасны дагуу хувьцааны үлдэгдэл төлбөрийг 30 хоногийн дотор төлөх үр дагавар бий болсон. Гэтэл энэ төлбөрийг төлж чадаагүй учир худалдагч тал гэрээний үүрэг хангагдаагүй үндэслэлээр гэрээг цуцалж, худалдан авагч Б.Б, С.Б нарт энэ тухай мэдэгдсэн. “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Танангийн “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн бүх хувьцааг С.Б, Б.Б нарт худалдсан Питер Күүк нь компанийн хувьцааг худалдах эрх байхгүй, хуурамч шийдвэр гэх гомдлоор С.Б, Б.Б нарыг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрээр “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн шийдвэр болон Питер Күүкийн байгуулсан гэрээний дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь Улсын бүртгэлийн тухай хууль зөрчөөгүй болохыг тогтоосон ба энэ нь зөвхөн захиргааны акт, түүний улсын бүртгэлтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болохоос биш Б.Быг “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааг эзэмших эрхтэй гэсэн шүүхийн шийдвэр огт биш болно. Тодруулбал, Б.Б өөрөөсөө нэг ч төгрөг гаргаж хувьцааны төлбөр төлөөгүй байж Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааг эзэмших эрхтэй болсон мэтээр шүүхэд худал тайлбар гаргадаг бөгөөд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт Б.Быг “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааг үнэгүй эзэмших эрхтэй гэсэн нэг үг, өгүүлбэр байхгүй.

3.5. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээний тухайд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэх явцад буюу 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-аас гэрээний төлбөрөө төлөгдөөгүй гэх шалтгаанаар С.Б, Б.Б нарын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийг худалдан авсан гэрээг цуцалж, хүчингүй болгож, энэ тухай Б.Б, С.Б нарт удаа дараа мэдэгдсэн. Компанийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийг худалдан авсан гэрээг цуцалж, С.Бтэй 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээг байгуулснаар С.Б нь тус компанийн 100 хувийн хувьцааг дангаараа эзэмших эрхтэй, цорын ганц хууль ёсны хувьцаа эзэмшигч болсон.

С.Бээс гэрээний төлбөр гэж гэрээ байгуулах өдрөө буюу 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 10 ам.доллар, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 20,000 ам.доллар, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10,000 ам.доллар, хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэж байхад буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 40,000 ам.доллар, нийт 70,010 ам.долларыг “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-д төлсөн. Хүч хэрэглэсэн гол үйлдэл нь хэрэв миний бие Б.Боос тамгаа авахгүй бол хөрөнгө оруулалтаа авч чадахгүй, улмаар компанийн тусгай зөвшөөрлөө төлбөрт хураалгах нь тодорхой байсан тул аргагүй нөхцөлд орж Б.Бын гэрээнд хүчээр гарын үсэг зурах болсон. Дээрх байдлаар Б.Б нэг ч төгрөг зарцуулалгүйгээр С.Бийн их хэмжээний эд хөрөнгийг хууль бусаар булаан авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдож байгаа тул Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагаас хамтран ажиллах гэрээний дагуу хүлээн авсан 100,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин хүү тооцон шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн түүнээс 50,000,000 төгрөгийн зээлийг хүлээн аваагүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч С.Бийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

4.1. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 8 дугаартай Гадаадын хөрөнгө оруулалттай “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-г хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээний дагуу талууд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийг 500,000 ам.доллараар худалдан авахаар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Австрали Улсын “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-тай “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Гэрээний 5 дахь заалт буюу Хувьцаа худалдаж авах эхний төлбөр 10 ам.долларыг хүлээн авсан ба худалдан авах үнийн үлдэгдэл 499,990 ам.долларыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт компанийн эрх шилжсэнийг бүртгэсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор худалдан авагч талын банкны дансанд шилжүүлнэ гэсэн заалтаар С.Б, Б.Б нар нь хувьцааны бүртгэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилж бүртгүүлсэн.

4.2. С.Б, Б.Б нараас энэхүү гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлөөгүй тул худалдагч “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-аас тэдгээртэй байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүчингүй болгож, цуцалж шийдвэрлэсэн. Ингэснээр С.Б, Б.Б нар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааг эзэмших эрхгүй болцгоосон.

4.3. Ийнхүү гэрээ цуцлагдсаны дараа С.Б нь ганцаараа “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийг худалдаж авахаар 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-тай “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээг байгуулан, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. С.Б компанийн хувьцаа болон тамга, тэмдгээ яаралтай авч хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын мөнгөөрөө Улаанбаатар хотын банкны өрийг төлөхгүй бол уурхайн лицензээ алдах бодит аюул тулгараад байсан тул аргагүй нөхцөлд орж Б.Бын боловсруулж ирсэн Арилжааны гэх УБ/189 дугаартай хууль бус гэрээнд гарын үсэг зурж, хувьцаа болон тамгаа түүнээс авсан. “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг надад буюу өөрт маань арилжиж буй дүр үзүүлж, оронд нь миний “Г.Г ” ХХК-ийг их хэмжээний эд хөрөнгийг дээрэмдэн авсан илт хууль бус гэрээ юм. Иймд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-тай байгуулсан “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээгээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон болохыг тогтоож, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлэн өгсөн “Г.Г ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

5.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга:

5.1. Б.Б нь С.Бтэй анх тохиролцож 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 8 дугаартай Гадаадын хөрөнгө оруулалттай “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийг хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээг байгуулж, С.Б нь 350,000 ам.доллар төлж нийт хувьцааны 70 хувийг, Б.Б нь 150,000 ам.доллар төлж хувьцааны 30 хувийг тус тус эзэмшихээр тохиролцсон. Дээрх гэрээний дагуу талууд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийг 500,000 ам,доллараар худалдан авахаар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Австрали Улсын “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-тай “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Гэтэл энэхүү гэрээний дагуу худалдан авагч талаас ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй тул худалдагч “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-аас бүх хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээг хүчингүй болгож, цуцалж шийдвэрлэсэн. Ингэснээр С.Б, Б.Б нар нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааг эзэмших эрхгүй болцгоосон.

5.2. Гэтэл Б.Б нь дээрх гэрээний 5 дугаар зүйлд Хувьцаа худалдаж авах эхний төлбөр 10 ам.долларыг хүлээн авсан ба худалдан авах үнийн үлдэгдэл 499,990 ам.долларыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт компанийн эрх шилжсэнийг бүртгэсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор худалдан авагч талын банкны дансанд шилжүүлнэ гэсэн заалтаар хувьцааны бүртгэлийг урьдчилж улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдлаа ашиглан тус хувьцаагаа бусдад арилжих тухай УБ/189 дугаартай хууль бус гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр С.Бтэй байгуулсан байна. Б.Б нь уг хууль бус гэрээгээр нэг ч төгрөг зарцуулалгүйгээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн охин компани болох “Г.Г ” ХХК-ийн нийт хувьцааны 61.11 хувийг компанийн барилга, тоног төхөөрөмж, авто тээврийн хэрэгсэл, 2 ширхэг баяжуулах үйлдвэр болон уурхайн тоног төхөөрөмж, мөн .... кг алтны нөөц бүхий М\/-5707А болон М\/-... дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хамт шилжүүлэн авсан бөгөөд Б.Б нь өнөөдрийг хүртэл компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт явуулж компанийн эд хөрөнгийг үрэгдүүлэн шамшигдуулж хувьцааг үнэгүйдүүлж байна. Б.Б нь бусдын компанийн тамгыг барьцаалан, хүчингүй болсон гэрээгээр компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдлаа ашиглаж С.Бийн эзэмшлийн компанийн 30 хувийн хувьцааг С.Бд өөрт нь арилжсан УБ/189 дугаартай илтэд хууль бус гэрээг хийсэн байх тул Б.Бын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоох, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлэн авсан “Г.Г ” ХХК-ийн 61.11 хувийн хувьцааг “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-д буцааж шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг, М\/-5707А болон М\/-... дугаартай (.... кг алтны нөөц бүхий) ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Б-д тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бын хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан “Г.Т” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1,000 төгрөгийг нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч С.Бийн нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн “Г.Г ” ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Б-д даалгаж, Б.Б нь “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн Б.Б нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоож, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээгээр шилжүүлэн авсан “Г.Г ” ХХК-ийн 61.11 хувийн хувьцааг “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-д буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх, МV-5707А болон MV-... дугаартай 539,2 кг алтны нөөц бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэн өгөхийг Б.Б-д даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Бээс 100,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 158,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Боос урьдчилан төлсөн 206,150 төгрөг, нэхэмжлэгч Б.Тээс урьдчилан төлсөн 1,448,000 төгрөг, хариуцагч С.Бээс урьдчилан төлсөн 829,050 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-аас урьдчилан төлсөн 943,847 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгож шийдвэрлэсэн.

           

            7.Нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

            7.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 158,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Т нь хариуцагч С.Бд 50,000,000 төгрөг шилжүүлэн өгч зээлдүүлэгч Б.Т, зээлдэгч С.Б, Б.Б нар гарын үсэг зурж баримт үйлдсэн. С.Б нь “... би ганцаараа энэ 50,000,000 төгрөгийг аваагүй, Б.Б бас зээлдэгч байхад Б.Т надаас бүх дүнгээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Б.Тийг 50,000,000 өгснөө нотлоогүй гэж үзсэн нь буруу.

            7.2. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Т болон С.Б, Б.Б нарын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу Б.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 90,000,000 төгрөг болон 4,158 ам.долларыг тус тус “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэтэл гэрээ байгуулснаас хойш С.Бийн үзэл бодол өөрчлөгдөж, Хамтран ажиллах гэрээг цуцалъя, “Г.Т” ХХК, “Г.Г ” ХХК-уудын хувьцааг шилжүүлж өгөхгүй, төлсөн 100,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан өгнө гэсэн тул Б.Т нь дээрх компаниудын хувьцааг шилжүүлэн аваагүй, цаашид авахгүй бөгөөд С.Бд төлсөн 100,000,000 төгрөгөө, хүүгийн хамт буцаан авах хүсэлтэй байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “А тал үүргээ биелүүлснийхээ төлбөрт эзэмших хувьцаанаас татгалзсан тохиолдолд А талын гаргасан зардлыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр тооцон аль болох боломжит богино хугацаанд буцаан төлнө” гэж заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 36 сарын хугацаанд ногдох хүү 90,000,000 төгрөг нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч С.Бээс 158,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тт олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

            8.Нэхэмжлэгч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

            8.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй, үндэслэх хэсэгт заасан зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

            С.Б “И Ар Си” ХХК-ийн эзэмшдэг зарим хувьцааг “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-д хууль, журмын дагуу шилжүүлж авсан тохиолдолд тэрхүү хувьцаагаа Б.Б-д өгөхөөр үүрэг хүлээсэн нь урьдчилсан болзол юм. Өөрөөр хэлбэл, дээрх компанийн хувьцааг С.Б өөртөө шилжүүлж авч чадсан тохиолдолд тэр хувьцаагаа надад шилжүүлж өгөх гэрээний үүрэг хэрэгжих нөхцөл боломж бүрэлдэх, эс чадвал “Г.Г ” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлж өгөх гэрээний үүрэг дуусгавар болж, надад 1 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг өгөх, эсхүл “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан өгөх үүрэг хүлээсэн. С.Б нь бусдын эзэмшилд байгаа хувьцааг авч чадалгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хэтрүүлсэн учир “И Ар Си” ХХК-ийн эзэмшиж байгаа “Г.Г ” ХХК-ийн хувьцааг надад шилжүүлэх С.Бийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болж, улмаар надад мөнгө өгөх эсхүл өмнө нь С.Б надаас шилжүүлж авсан “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааны зарим хэсгийг буцааж өгөх үүрэг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Энэ нь өөрчлөгдөх болзлоор хийсэн гэрээний заалт хэрэгжих бодит нөхцөл боломж үүссэн гэсэн үг юм. С.Б дээрх үүрэг хүлээсэн нь гэрээний талуудаас үл хамаарах нөхцөл байдалтай холбоотой учир болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэж болно. Болзол тавьж хийсэн хэлцэл нь биелэгдэхгүй бол өөр төрлийн эрх, үүрэг үүсэх нөхцөл тавьж өөрөөр хэлбэл гэрээнд заасан дээрх үүргийг өөр үүргээр сольж гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцсон байхад шүүх энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт хийхээс тойрч орхигдуулсан. Хууль болон гэрээнд зааснаар үүрэг солигдоход өмнөх үүргийн харилцаа дуусгавар болдог хуультайг шүүгч авч хэлэлцээгүй.

            8.2. С.Б нь “И Ар Си” ХХК-ийг хууль бусаар төлөөлж, бусад этгээдийн зөвшөөрөлгүйгээр иргэн Б.Бтой хүчингүй гэрээ, хэлцэл хийсэн хэрэг биш бөгөөд С.Б үүргээ хэрхэн гүйцэтгэх эсхүл гүйцэтгэж чадах эсэхийг өөрөө л бүрэн хариуцах үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлж чадах эсэхээ урьдчилж тооцсон байх ёстой. Хэрвээ тэр гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй бол нөгөө талдаа хохирлыг нөхөн төлөх үүрэгтэйг хуульчилсан бөгөөд шүүх ч хуулийн холбогдох заалтыг ийм агуулгаар тайлбарладаг. Энэ тохиолдолд гэрээний нөгөө тал болох Б.Быг гэм буруутай гэж үзэх хууль эрх зүйн ямар ч үндэслэл байхгүйг шүүх анхаарч үзсэнгүй.

            8.3. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг хэрэглэсэн ба гэрээний талууд гэрээний агуулгыг өөрсдийн хүсэл сонирхолдоо үндэслэн чөлөөтэй тодорхойлох эрхтэй ба иргэний эрх зүйн харилцаанд ийнхүү чөлөөтэй байх нь хуулиар хориглоогүй бол зөвшөөрөгдөнө гэсэн зарчимд үндэслэдэг. Зүй нь гэрээний маргаантай байгаа заалтыг шүүх тайлбарлахдаа явцуу байдлаар биш, түүний агуулгыг бусад нөхцөл байдал болон гэрээний зорилго, ерөнхий агуулгатай уялдуулах ёстой. Иргэн С.Бийн өөрийнх нь эзэмшдэг хувьцаанаас тодорхой хэсгийг авахаар миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нотлох баримт хэрэгт хангалттай авагдсан, шүүхийн хэрэглэх хуулийн зүйл, заалтууд тодорхой байхад нэхэмжлэлийн хүрээнээс хальсан дүгнэлт хийж, С.Бд ихээхэн ашигтай, надад дэндүү хохиролтой шийдвэр гаргасанд гомдож байна.

            8.4. Шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу ойлгож шийдвэр гаргах үндэслэл болгосон нь ноцтой бөгөөд шийдвэрийн тогтоох хэсэгт уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг хэрэглэсэн байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх бас нэгэн үндэслэл болох юм. Өөрөөр хэлбэл шүүх дээрх гэрээний зарим заалтыг хууль зөрчсөн гэж үзэж байна уу, эсхүл төлөөлөх эрхгүй этгээдтэй зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна уу гэдгийн аль нь болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байна гэжээ.

 

            9.Нэхэмжлэгч Б.Бын өмгөөлөгч Д.Намсрайжавын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

            9.1. Анхан шатны шүүх “Арилжааны гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.10 болон 9 дүгээр зүйлээр С.Бийн хүлээсэн үүргийн талаар “И Ар Си” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Г.Г ” ХХК-ийн нийт хувьцааны 23.89 хувийн хувьцааг Б талын эзэмшилд шилжүүлэх үүрэг хүлээсэн энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй” гэсэн бодит байдалд илт нийцээгүй дүгнэлт хийснээр арилжааны гэрээний тухайн заалтын хүчин төгөлдөр бус гэж үзэн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн.                           9.2. Шүүх “нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бийг дур мэдэн “И Ар Си” ХХК-ийг төлөөлөн түүний эзэмшлийн “Г.Г ” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг өөрт нь шилжүүлэх эрхгүй гэдгийг мэдэж байсан болох нь талуудын тохиролцоо болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч С.Бээс гэрээний 9 дэх хэсэгт заасан тусгай нөхцөл буюу “И Ар Си” ХХК-ийн эзэмшилд байгаа “Г.Г ” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн үр дагаврыг шаардах эрхгүй. Хариуцагч С.Б хариуцах үүрэггүй байна” гэж дүгнэлт хийснээрээ арилжааны гэрээний заалтуудыг огт ойлгосонгүй гэж дүгнэхэд хүргэж байна.      

            9.3. Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ\189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан тусгай нөхцөл, болзолд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 10 хувийн хувьцаанд “Г.Т” ХХК-ийн 9 хувийн хувьцаа ногдоно гэснийг үндэслэн “Г.Т” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг нэхэмжлэгч С.Батболдод буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгуулахаар нэхэмжилсэн. Иймд анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.                        

 

10.Хариуцагч С.Б болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга:

10.1. Шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон тухайд: Зохигчийн хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15/88 дугаартай Хамтран ажиллах гэрээг шүүх хөлсөөр ажиллах гэрээ гэж буруу дүгнэсэн.

Учир нь Б.Б нь гэрээний дагуу арбитрт С.Бийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд оролцож, үүнтэй холбогдох ажиллагааг явуулсан. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний зорилго нь арбитрын шийдвэрээр “Г.Т” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг сэргээх, хэрэв сэргэсэн буюу энэ болзол хангагдсан тохиолдолд Б.Б “Г.Т” ХХК-ийн хувьцааг үнэ төлбөргүй авах нөхцөлтэй гэрээ болно.

10.2. Шүүх дээрх Хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдэж, арбитрын шийдвэрээр С.Бийн “Г.Т” ХХК-ийн хувьцаа эзэмших эрх сэргэсэн тул Б.Б-д хөлсөөр ажилласны хөлс 25.5 хувийн хувьцааг төлөх үүрэгтэй, энэ биелүүлээгүй байна гэж нотлох баримтыг уншиж судлаагүйгээс буруу дүгнэлт хийсэн.

Арбитрын шийдвэрт заасан хуанлийн 1 сарын хугацаа өнгөрч, “Г.Т” ХХК-ийн хувьцааг буцаан авах боломжгүй болж, арбитрын шийдвэр ямар нэгэн ач холбогдолгүй, үр дагаваргүй болсон. Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу “Г.Т” ХХК-ийн хувьцааг буцаан авч чадаагүй тул Б.Бтой байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15/88 дугаартай Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон.

10.3. Шүүх гадаадын хөрөнгө оруулагч нарын эд хөрөнгө буюу компанийг нэг ч төгрөг төлөхгүйгээр Б.Б шилжүүлж авсан нь хууль зөрчөөгүй гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн.

С.Б, Б.Б нар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг Австрали Улсын “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-тай байгуулсан. Б.Б нь тус гэрээний дагуу нэг ч төгрөг өнөөдрийг хүртэл төлөөгүй байтал түүнийг шударга эзэмшигч гэж шүүх дүгнэсэнд харамсаж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-д гэрээнээс татгалзаж болохгүй тохиолдлыг зааж өгсөн боловч шүүх гэрээнээс татгалзаж болохгүй ямар тохиолдол үүссэн гэж үзсэн нь тодорхой бус, Б.Б нь 2016 онд худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөөгүй байхад худалдагч гэрээнээс татгалзах эрхгүй гэсэн нь үндэслэлгүй.

10.4. Шүүх УБ/189 дугаартай гэрээ нь талуудын зарчимд нийцсэн, хүчин төгөлдөр арилжааны гэрээ байна гэж илтэд буруу дүгнэлт хийсэн. С.Б 2018 оны 09 дүгээр сард өөрийн 100 хувь эзэмших "Э.А.С.Э.Ж.Э" ХХК-ийн охин компани болох “Г.Т” ХХК-д гадаадын хөрөнгө оруулалт авахаар Хонг Конг улсын Виржиний аралд бүртгэлтэй "Чайна Интернайшнл Нью Ресурс Инвестмент" ХХК-тай ярилцаж тохиролцон Хамтран ажиллах гэрээг байгуулахаар болсон ба үүнийг Б.Б мэдэж байсан. Ингээд Б.Боос "Э.А.С.Э.Ж.Э" ХХК-ийн 30 хувийн хувьцааг өгөхийг шаардахад тэрээр татгалзаж, "Г.Т" ХХК-ийн тамгыг хууль бусаар олж авч барьцаалан, "Э.А.С.Э.Ж.Э" ХХК-ийн 30 хувийн хувьцаа болон тамгаа авмаар байгаа бол "Г.Г " ХХК болон бусад тусгай зөвшөөрөл, уурхайн тоног төхөөрөмж, эд хөрөнгө надад өг, үгүй бол тамгыг чинь өгөхгүй, чи гадаадаас хөрөнгө оруулалт авч чадахгүй шүү гэж сүрдүүлсэн. Тодруулбал, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаар гэрээний 8.2.5-д “Б.Б нь өөрт хадгалагдаж байгаа “Г.Т” ХХК-ийн тамга тэмдгийг гэрээний хувьцааны шилжилт Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдмэгц С.Бд хүлээлгэн өгнө" гэсэн нь өөрийн хууль бус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсний дараагаар С.Бийн өмчлөлийн “Г.Т" ХХК-ийн тамгыг өгнө гэсэн санаа бөгөөд бусдын компанийн тамгыг барьцаалж өөрийн хууль бус санааг гүйцэлдүүлж буй үйлдэл нь энэхүү заалтаар нотлогдоно.

Хэрэв шүүх Б.Быг хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа бол Б.Б нь Австрали улсын “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-д хэдэн төгрөг төлсөн учраас "Э.А.С.Э.Ж.Э" ХХК-ийн хувьцааг эзэмших эрхтэй гэж, С.Б надад хэдэн төгрөг төлсөн учраас миний “Г.Г ” ХХК-ийг авсан нь үндэслэлтэй гэж үзэж буй дүгнэлтээ нотлох баримтын үндсэн дээр, хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарлаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

11.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Бын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэргийн бодит байдал, үйл баримт, нотлох баримтад зөв үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр хариуцагч С.Бийн сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн шаардлага тус бүрийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэт нэхэмжлэгч Б.Бын эрх ашгийг хамгаалсан гэж үзэх үндэслэл байна.

11.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх болон Иргэний хуулийн 274, 480, 484, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, хариуцагч С.Бийн сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн шаардлагыг тус тус бүхэлд нь хангаж шийдвэрлэн өгнө үү гэжээ.

 

12.Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

12.1. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Арилжааны гэрээ хүчин төгөлдөр хууль ёсны, хуулийн шаардлага хангасан гэрээ эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд арилжааны гэрээгээр талуудын тодорхой хөрөнгийг харилцан шилжүүлж өгөхөөр заасан. Үүний дагуу арилжааны гэрээнд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн “Г.Т” ХХК-ийн хувьцааг шилжүүлнэ гэж заасан. Эд хөрөнгө шилжүүлэхгүй, тусгай зөвшөөрөл лицензтэй хувьцаа шилжүүлэх үйл баримт нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй.

12.2. Уг гэрээний дагуу шаардах эрх нэхэмжлэгч Б.Б-д байсан нь эргэлзээтэй, гэрээг байгуулахаас өмнө анхан шатны шүүхэд талуудын хооронд байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Гадаадын хөрөнгө оруулалттай “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийг хамтран худалдан авч, түүний хувьцааг шилжүүлэх гэрээг Б.Б, С.Б нар байгуулсан. Гэрээний 5.1-д уг компанийг худалдан авах үнийн 70 хувь буюу 350,000 ам.долларыг С.Б, 30 хувь буюу 150,000 ам.долларыг Б.Б хариуцах үүрэг хүлээсэн. Тус гэрээ хэрэгжих явцад Б.Б 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний үүрэг 150,000 ам.долларыг төлөөгүй буюу үүрэг гүйцэтгээгүйн улмаас тус гэрээг дуусгавар болгохоор 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-ийн захирлуудын шийдвэр гарсан. Уг гэрээнд Б.Б үүрэг гүйцэтгээгүй буюу хувьцааг худалдан авах гэрээг С.Б дангаар байгуулах захирлуудын шийдвэр гарсан. Уг шийдвэрт үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хувьцааг худалдан авах гэрээг Австрали Улсын “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-тай С.Б байгуулсан. Өөрөөр хэлбэл, 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний 30 хувийн үүрэг гүйцэтгээгүй нэхэмжлэгч Б.Б 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасныг зөрчиж үндэслэлгүй арилжааны гэрээ байгуулсан. Тус гэрээгээр “Г.Т” ХХК-ийн 9 хувь буюу 1,000 төгрөгийн үнэтэй 90 ширхэг хувьцааг шаардах эрх үүсэхгүй.

12.3. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль үндэслэлтэй гэжээ.

 

13.Хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

13.1. Б.Б нь С.Бийг төлөөлөн Австрали Улсын компанитай арбитрт маргалдаж, “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 90 хувийн хувьцааг буцааж С.Бийн эзэмшилд шилжүүлсэн тохиолдолд “Г.Т” ХХК-ийн 25.5 хувийг Б.Б-д өгөх нөхцөлтэй тохирсон. Арбитраар хэлцлийг хүчин төгөлдөр бус болох маргаан амжилттай явж үр дүнтэй болбол хариу төлбөр нь дээрх нөхцөл байдал гэж тохирсон. Арбитрт 2 жилийн хугацаанд маргалдаж, гэрээ хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, С.Бд Австрали Улсын компанитай байгуулсан Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 90 хувийн хувьцаа буцаж ирсэн. Уг гэрээ хүчингүй болсон учир нь хүчин төгөлдөр бусд тооцсон. Хүчин төгөлдөр бусд тооцохоор өгсөн, авснаа буцаах ёстой. 2,000,000 ам.доллар, 2,800,000,000 төгрөгийг С.Бийг төл гэсэн үг биш. С.Б Австрали Улсын Э.А.С.Э.Ж.Э” ХХК болон “Г.Т” ХХК-ийн хувьцааг анх 2,000,000 ам.доллароор үнэлж зарсан. Австрали Улсын компани уг компанийг худалдан авч уурхайн үйл ажиллагаа эрхлэхийн тулд 2,800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Арбитр үүнийг буцаан өгөхөөр шийдвэрлэсэн болохоос их хэмжээний мөнгө төлөх талаар шийдвэрлээгүй. Уг гэрээний үүргийг Б.Б биелүүлсэн боловч өнөөдрийг хүртэл С.Б нь “Г.Т” ХХК-ийн амласан хувьцааг өгөөгүй.

13.2. Хариуцагч талын үндэслэл болгосон 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн С.Бээс Петер Күүктэй байгуулсан гэрээ хууль ёсны гэрээ эсэх, мөн хүчинтэй гэрээ эсэх асуудлыг дүгнэх шаардлагатай. Б.Б нь гэрээтэй холбоотой маргаанаасаа татгалзаж, үндэслэлээ тайлбарлахдаа “С.Б бид 2 эвлэрч гэрээнүүдээ дүгнэж УБ/189 тоот гэрээ байгуулсан учир маргахгүй” гэж гомдлоосоо татгалзсан. УБ/189 тоот гэрээ байгуулах үндэслэл нь 2015 оноос хойш байгуулагдсан 4 гэрээ байна. Тус 4 гэрээтэй холбоотойгоор талууд маргаагүй УБ/189 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу шаардлага тавихад өмнөх гэрээнүүд хүчингүй байсан гэж маргаж байна. Иймд энэхүү гомдол нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх зохигч талуудын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бд холбогдуулан “Г.Т” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Монголиан ресоурс корпорэйшн” компанитай байгуулсан Монгол Улсын “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээгээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон болохыг тогтоолгох, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлэн өгсөн “Г.Г ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.2. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч С.Бд холбогдуулан 258,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хамтран ажиллах гэрээний дагуу “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн дансаар хүлээн авсан 100,000,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрч, бусад хэсгээс татгалзжээ.

2.3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК нь нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Б.Бын “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээгээр шилжүүлэн авсан “Г.Г ” ХХК-ийн 61.11 хувийн хувьцааг буцааж шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх, М\/- 5707А болон М\/-... дугаартай (.... кг алтны нөөц бүхий) ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч Б.Б эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Б нар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн нийт хувьцааны өөрийн эзэмшлийн 30 хувийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь “Г.Г ” ХХК-ийн нийт хувьцааны өөрийн эзэмшлийн 14 хувь, “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эзэмшлийн 61.11 хувь, бүгд 75.11 хувийг MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн хамт, мөн “Г.Г ” ХХК-ийн нийт хувьцааны “И Ар Си” ХХК-ийн эзэмшлийн 23.89 хувийг тус компаниас холбогдох хууль журмын дагуу “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн авч, нэхэмжлэгчид шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ. (хэргийн 1 дэх хавтас 6-10 дахь тал)

3.1. Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч Б.Боос “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг хариуцагч С.Бд, хариуцагч С.Бээс “Г.Г ” ХХК-ийн нийт хувьцааны өөрийн эзэмшлийн 14 хувь, “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эзэмшлийн 61.11 хувь, бүгд 75.11 хувийг нэхэмжлэгч Б.Б-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

3.2. Харин хариуцагч нь “Г.Г ” ХХК-ийн нийт хувьцааны “И Ар Си” ХХК-ийн эзэмшлийн 23.89 хувийг тус компаниас шилжүүлэн авч, нэхэмжлэгч Б.Бын эзэмшилд шилжүүлж өгөөгүй нь маргааны зүйл болжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулга, хэрэгжсэн байдлаас үзэхэд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг бүхий Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

5.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бээс арилжааны гэрээний үүргийг шаардсан, хариуцагч арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан тул шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлыг зайлшгүй дүгнэх учиртай.

 

6.Дээрх арилжааны гэрээ байгуулагдахаас өмнө талуудын хооронд өөр хоорондоо холбоотой хэд хэдэн гэрээ байгуулагдсан байх ба эдгээр гэрээнүүдийн эрх, үүргийг өөр нөхцөлөөр хэрэгжүүлэх талаар арилжааны гэрээний 1.1-д тусгагджээ. Шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээгээр эрх, үүрэг үүссэн байдал, гэрээний хэрэгжилт, үр дагавар зэргийг харьцуулан үзээд, өмнөх гэрээнүүдийн үүргийг арилжааны гэрээний үүргээр солихоор талууд тохиролцсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасантай нийцсэн байна. Тодруулбал,

6.1. 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15/88 дугаартай Хамтран ажиллах гэрээгээр Б.Б нь “Г.Т” ХХК-ийн хувьцаа солилцох болон эрх шилжүүлэх тухай 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хуулийн байгууллагад гарган “Г.Т” ХХК-ийн хувьцааны 90 хувийг С.Бийн эзэмшилд буцаан авах талаар боломжит бүх үйл ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэх, холбогдох зардлыг хариуцах, С.Б нь гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөх, бодит мэдээллээр хангах, “Г.Т” ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмших эрх сэргэсэн тохиолдолд тухайн хувьцааны 74.5 хувийг өөртөө авч, үлдэх 25.5 хувийг Б.Бын эзэмшилд үнэ төлбөргүй, ямар нэг нөхцөл шаардахгүй шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг тус тус хүлээхээр тохиролцжээ. (хэргийн 3 дахь хавтас 78-79 дэх тал)

6.2. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 131 дугаартай шийдвэрээр С.Б болон “Э.А.С.Э.Ж.Э” ХХК нарын хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хувьцаа худалдах болон шилжүүлэх гэрээ, 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, мөн 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хувьцаа солилцох болон эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, С.Бээс 2,079,750 ам.доллар, 2,829,308,265 төгрөгийг 6,120,000 ширхэг хувьцааг “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-д арбитрын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуанлийн 1 сарын дотор бүрэн төлсөн нөхцөлд “Г.Т” ХХК-ийн 90 хувийн хувьцааг С.Бд буцаан шилжүүлэхийг “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэжээ. (хэргийн 7 дахь хавтас 130-158 дахь тал)

6.3. Талуудын хооронд хийгдсэн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Гадаадын хөрөнгө оруулалттай “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийг хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээгээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн бүх хувьцааг Австрали Улсын “Монголиан ресорс корпореишн” компаниас худалдан авах гэрээг С.Бийн нэр дээр байгуулж, шилжүүлэн авахтай холбогдох бүх ажлыг хийж гүйцэтгэх, компанийн эрх өөрт шилжсэнийг үндэслэн түүнийг дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон зохион байгуулж, зохих байгууллагад бүртгүүлэх, нийт хувьцааны 70 хувийг С.Б, 30 хувийг Б.Б тус тус эзэмшихээр тохиролцжээ. (хэргийн 3 дахь хавтас 80-81 дэх тал)

6.4. Мөн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр худалдагч “Монголиан ресорс корпореишн” компани нь “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн нийт хувьцааг 500,000 ам.доллараар худалдах, худалдан авагч С.Б, Б.Б нар гэрээнд гарын үсэг зурсан өдөр 10 ам.доллар, компанийн эрхийг хүлээн авсан үедээ 499,990 ам.долларыг төлөх, улсын бүртгэлийн байгууллага компанийн эрх шилжсэнийг бүртгэсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор шилжүүлэхээр тохиролцжээ. (хэргийн 1 дэх хавтас 129-131 дэх тал)

6.5. Дээрх гэрээг үндэслэн С.Б, Б.Б нар хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн хувьцааны 70 хувийг эзэмшигч С.Б, 30 хувийг эзэмшигч Б.Б гэсэн 2 хувь нийлүүлэгчтэйгээр компанийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд уг бүртгэлийг хүчингүй болгосон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/472 дугаар тушаалыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0720 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2017/0831 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээжээ.(хэргийн 5 дахь хавтас 152-154, 192-215 дахь тал)

 

7.Үүнээс гадна хариуцагч С.Б дангаараа 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Австрали Улсын “Монголиан ресорс корпореишн” компанитай Монгол Улсын “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээг байгуулж, хувьцааны үнэ 500,000 ам.долларын 10 ам.долларыг төлсөн, үлдэх 499,990 ам.долларыг хувьцааг шилжүүлэн улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээс хойш 30 өдрийн дотор төлөхөөр тохиролцжээ. (хэргийн 1 дэх хавтас 145-149 дэх тал)

 

8.Дээр дурдсан гэрээнүүд, тэдгээрийн хэрэгжсэн байдлыг харьцуулан дүгнэхэд, анхны тохиролцоонд тусгагдсанаар зохигчид “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн охин компани болох “Г.Т” ХХК-ийн 90 хувийн хувьцааны эзэмшигч болоогүй, харин толгой компани болох “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн нийт хувьцааг хувааж эзэмшихээр тохиролцож, С.Б нийт хувьцааны 70 хувийн, Б.Б 30 хувийн эзэмшигчээр тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч худалдагч “Монголиан ресорс корпореишн” компанид хувьцааны төлбөр 500,000 ам.доллар бүрэн төлөгдөөгүй байна.

8.1. Үүнтэй зэрэгцэн хариуцагчийн зүгээс Австрали Улсын “Монголиан ресорс корпореишн” компанитай “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авахаар тохирсон байх боловч тухайн гэрээг үндэслэн улсын бүртгэлд 100 хувийн хувьцаа эзэмшигчээр хариуцагч С.Б бүртгэгдээгүй.

8.2. Харин хариуцагч С.Б нь арилжааны гэрээний 7.2.6-д зааснаар “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсноор Австрали Улсын “Монголиан ресорс корпореишн” компанид хувьцааны төлбөрийг бүрэн төлөх үүрэг хүлээж, мөн гэрээг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. (хэргийн 5 дахь хавтас 51 дэх тал) 

 

9.Өөрөөр хэлбэл, зохигчид өмнөх гэрээнүүдийг дүгнэж, хэрэгжих нөхцөлийг шинээр тодорхойлж, арилжааны гэрээгээр шинээр үүрэг гүйцэтгэх болсноор өмнөх гэрээнүүдийн үүргийг дуусгавар болгосон буюу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг өөр үүргээр сольсон байх ба ийнхүү тохиролцсоныг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болно.

 

10.Хариуцагчийн зүгээс, арилжааны гэрээг нэр бүхий албан тушаалтны шаардлага, сүрдүүлгийн улмаас хийсэн, түүнчлэн нэхэмжлэгч “Г.Т” ХХК-ийн тамгыг хууль бусаар булаан авч барьцаалсан, тамгаа авч хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэх аргагүй нөхцөл байдалд оруулсны улмаас гэрээнд гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан хэдий ч ийм нөхцөл байдал буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржавт холбогдох Монгол Улсын шүүхийн сахилгын хорооны 2022 оны 85 дугаар магадлалын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөн Авлигатай тэмцэх газарт өгсөн гэрч З.Болорчулууны “... Б.Б гарын үсгээ зурчхаад бүх бичиг баримтыг өөрөө аваад улсын бүртгэлийн 2 дугаар байр руу явсан. Тэнд 3-уулаа очерлоод байж байтал ... Б.Адъяасүрэн “Би ажилтай болчихлоо. Чи хамт байж байгаад авчих” гэж хэлээд гараад яваад өгсөн. Б.Б очерлож зогсож байгаад хяналтынхаа хуудсыг аваад шууд хойд талынх нь хаалгаар гараад зугтаачихсан ...”, гэрч Б.Адъяасүрэнгийн “... бичиг баримт дээр Б.Б гуайн гарын үсэг зурагдах ёстой байсан. Тэгээд бичиг баримтаа Б.Б өөрөө аваад улсын бүртгэл рүү орсон. Тухайн хүн өөрөө л бичиг баримтыг авч орохгүй бол Болорчулуун бид 2 уг ажиллагаанд ямар ч хамааралгүй хүмүүс ... Тэрнээс хойш болсон асуудлыг мэдэхгүй байна. Тухайн баримт бичиг нь “Г.Т” ХХК-ийн тамга тэмдгийг дахин авах бичиг бөгөөд тэрэн дээр Б.Б гарын үсэг зурах дутуу байсан ... гарын үсгийг нь зуруулаад баримт бичгийг өөрт нь өгөөд үлдээсэн. Тамга тэмдэг авах асуудал надад хамаагүй” гэх мэдүүлэг зэргийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Б.Б “Г.Т” ХХК-ийн тамгыг хууль бусаар булаан авч барьцаалсан, албан тушаалтны шаардлага, сүрдүүлгийн улмаас хэлцэл хийсэн гэх байдал нотлогдоогүй байна. (хэргийн 5 дахь хавтас 236-238, 249-250 дахь тал)   

Мөн Арилжааны гэрээний 8.2.5 дахь хэсэгт Б.Б-д “Г.Т” ХХК-ийн тамга хадгалагдаж байгаа талаар тусгагдсан тул түүнийг хууль бусаар булаан авч барьцаалсан гэх байдлыг нотлохгүй болно.

 

11.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон арилжааны гэрээний 7.2.9, 7.2.10 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Хариуцагч нь “И Ар Си” ХХК-аас “Г.Г ” ХХК-ийн нийт хувьцааны 23.89 хувийг “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-д буцаан авч, улмаар нэхэмжлэгчийн эзэмшилд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор шилжүүлэхээр тохиолцсон уг нөхцөл нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэхээр тохиролцож хийсэн болзол тавьж хийсэн хэлцэлд хамаарч байна.

 

12.“Г.Г ” ХХК-ийн улсын бүртгэлийн хувийн хэргээс үзэхэд, “И Ар Си” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээгээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-аас “Г.Г ” ХХК-ийн нийт хувьцааны 23.89 хувийг худалдан авч хувьцаа эзэмшигч болсон байх ба уг хувьцааг хариуцагч С.Б ямар арга замаар буцаан шилжүүлэн авах нь тодорхой бус байхын зэрэгцээ, хариуцагчийн зүгээс хувьцаа буцаан авах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. (хэргийн 4 дэх хавтас 55-63 дахь тал)

Иймээс Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Үйл явдал тодорхой хугацаанд бий болох болзол тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус болно” гэж зааснаар дээрх нөхцөл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр  байна. Гэхдээ Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасан тул  зохигчдын байгуулсан арилжааны гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр байна.

 

13.Дээрх үндэслэлээр арилжааны гэрээний зарим хэсэг буюу 7.2.9, 7.2.10 дахь заалт хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч Б.Бын үндсэн нэхэмжлэлийг, мөн үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр гаргасан арилжааны гэрээг бүхэлдээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлүүлэхийг шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, харин хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

14.Нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлийн хувьд, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ТВВ1610001 дугаартай Хамтран ажиллах гэрээний зарим хэсэг хэрэгжсэн ч уг гэрээ бүхэлдээ хэрэгжээгүй дуусгавар болсон тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 100,000,000 төгрөг буцаан гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн уг гэрээний “Дөрөв”-ийн 5 дахь заалтыг шүүх нэхэмжлэгч Б.Т “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн Улаанбаатар хотын банкинд төлөх өр 1,108,755,595 төгрөгийг бүрэн төлсний дараа эзэмших хувьцаанаас татгалзсан тохиолдолд үйлчлэх утгатай болохыг зөв тайлбарлаж, нэхэмжлэгчийн төлсөн төлбөрт сарын 2.5 хувийн хүү 90,000,000 төгрөг тооцох үндэслэлгүй болохыг шүүх  зөв дүгнэжээ. (хэргийн 1 дэх хавтас 202-205 дахь тал)

 

15.Харин хэрэгт авагдсан Б.Тээс Б.Б, С.Б нарт 50,000,000 төгрөгийг 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн талаарх бичгийн баримтыг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй, мөн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “... Уг 50,000,000 төгрөгийг Б.Б зээлж авсан ба мөнгө хүлээн авсан баримтад Б.Б гарын үсэг зурсан. Уг зээлийн мөнгийг миний бие хүлээн аваагүй тул Б.Боос шаардах нь зүйтэй” гэх хариу тайлбар гаргасан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхгүйгээр мөнгөн хөрөнгийг бодитоор зээлдэгчид хүлээлгэн өгснөө зээлдүүлэгч нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцээгүй байна. (хэргийн 1 дэх хавтас 204 дэх талын ар, 213 дахь тал)

 

16.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ Б.Т болон Б.Б, С.Б нарын хооронд хийгдсэн, уг гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан, хүчин төгөлдөр байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар Б.Б, С.Б нарыг Б.Тийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.

 

17.Иймд Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Тийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зээл 50,000,000 төгрөг, зээлийн гэрээнд заасны дагуу сарын 1 хувиар тооцон 6 сарын хүү 3,000,000 төгрөг, нийт 53,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

18.Тус магадлалын хянавал хэсгийн 12-т нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон арилжааны гэрээний 7.2.9, 7.2.10 дахь заалтууд хүчин төгөлдөр бус болохыг, 6-д зохигчдын өмнөх гэрээнүүдийн үүрэг арилжааны гэрээний үүргээр солигдсон болохыг, мөн 10-д арилжааны гэрээг хүч хэрэглэж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй талаар тус тус дүгнэсэн тул “шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав нарын гомдол, “эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийсэн” гэх хариуцагч С.Б болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК нарын гомдлыг тус тус хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02747 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 46 дугаар зүйлийн 46.1, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан “Г.Т” ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1,000 төгрөгийг нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан гаргасан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Монголиан ресоурс корпорэйшн” ХХК-тай байгуулсан Монгол Улсын “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээгээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон болохыг тогтоолгох, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн “Г.Г ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай хариуцагч С.Бийн сөрөг нэхэмжлэл, мөн нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан гаргасан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээгээр шилжүүлэн авсан “Г.Г ” ХХК-ийн 61.11 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх, МV-5707А болон MV-... дугаартай .... кг алтны нөөц бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “282.4” гэснийг “282.1” гэж, “100,000,000” гэснийг “153,000,000” гэж, “158,000,000” гэснийг “105,000,000” гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтын “56.1” гэсний дараа “56.2” гэж нэмж, “657.950” гэснийг “922,950” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Бын төлсөн 207,000 төгрөг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжавын төлсөн 207,000 төгрөг, хариуцагч С.Бийн төлсөн 829,050 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э.А.С.Э.Ж.Э” ХХК-ийн төлсөн 943,847 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тийн төлсөн 948,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                        Т.БАДРАХ

                                                                                             Д.ЗОЛЗАЯА