Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00339

 

2023.02.08                                                                                                210/МА2023/00339

*********, *********** ********** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/02987 дугаар шийдвэртэй,

*********, *********** ********** нэхэмжлэлтэй, ****************-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,043,770,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгч Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *********ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, ******, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ********** итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн өмгөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их багтаамжийн 400 автобусыг 31,7 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тусгагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх талаар 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан.

Уг гэрээгээр 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээний үндсэн дээр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад хуваарилан зээлээр эзэмшүүлсэн. **************** нь 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 004/08 дугаартай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээгээр 60 автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр хүлээн авсан.

**************** нь дээрх гэрээний дагуу одоогийн байдлаар 2,672,047.300 төгрөг төлөхөөс 628,277.100 төгрөг төлж одоо 2,043,770.200 төгрөгийг төлөөгүй байна. ****************-аас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээний дагуу төлөгдөөгүй 2,043,770,200 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Гэрээний 6.1-т тухайн автобус нэг бүрийн эргэн төлөгдөх графикт төлбөр дуусгавар болсон өдөр хүртэл үргэлжилнэ гэж гэрээний хугацаа дуусах хугацааг тодорхойлсон байгаа. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж хариуцагч тал үзээд байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй. Гэрээний 7.3-т энэхүү гэрээ болон гэрээгээр хүлээсэн үүрэг зээлээр эзэмшигч зээлээр авсан зүйлээ эргэн төлөгдөх үед бүрэн төлөгдөх үед гэрээ цуцлагдана гэж заасан учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Хариуцагч талаас автобусны үнэд төлсөн дүн нь 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 270,000,000 сая төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 9,200,000 төгрөг төлсөн баримт байгаа. Харилцахын дэлгэрэнгүй бүртгэл болон суутган тооцооллоор **************** 206,000,400 төгрөг нөхөн олговор 2012 оны 09 дүгээр сарын нөхөн олговроос 9,900,000 төгрөгийг нөхөн олговорт суутгасан гэх мэтчилэн 6 сар нийт төлөгдсөн дүн нь 628,277,100 төгрөгийг төлж байсан нь бүртгэл дээр байдаг.

Бид нөхөн төлбөрийг нь тооцон олгоод цаашид төлбөрөө төлүүлэх талаар арга хэмжээ авсан. Хэргийн материалд байгаа 337 дугаар тогтоол, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ****************-д мэдэгдсэн байдаг. Гэрээний нэмэлт өөрчлөлт баталгаажаагүй тул гэрээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй нэмэгдээд явсан. Шаардах эрхийн хувьд харилцаа холбоотой байсан тул шууд нэхдэг байсан. Нөхөн олговроос суутгаад явдаг байсан. Улсаас нөхөн төлбөр тооцон автобус нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудад олгож байгаа нь ахмад, настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөнгөлөлттэй зорчих зардлыг төрөөс олгож байгаа явдал юм. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат үйлчилгээ бөгөөд тасралтгүй үргэлжлэх ёстой. Уг нөхөн төлбөрөөс суутгал хийснээр тухайн байгууллага үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх байсан учраас суутгахгүйгээр өөрсдөө төлөх боломжийг нь олгосон.

Хариуцагч тал төлөх боломж олгоогүй гэж тайлбарлаж байгаа боловч төлөөд явж байсан. 2,672,047,300 төгрөг төлөхөөс 628,277,100 төгрөгийг төлсөн. Хэсэгчлэн нэхвэл төлөх боломжтой гэж хэлээд байгаа юм уу, бөөнөөр нь нэхээд байна гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй. **************** нь татан буугдаагүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. Өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй байгаа нь алданги нэхэх нөхцөл бүрдсэн гэж манай талаас үзэж байна. Гэрээ хүчингүй болоогүй, 2 тал хэн аль нь гэрээг цуцалсан талаар мэдэгдэл гаргаж байгаагүй.

Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан талаарх баримт хэрэгт авагдсан. ****************-д төлбөр төлөхийг 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1/728 тоот мэдэгдэл, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1/1516 тоот мэдэгдэл, 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/12, 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 1/879 тоот мэдэгдэл, 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус тус мэдэгдэл хүргүүлж байсан. Энэ бүх төлбөр төлөх талаарх мэдэгдлийг **************** нь манай Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газраас 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 7/6605 тоот мэдэгдлээр төлбөрөө төлж барагдуулах талаар шаардлага тавьж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэлээд байна. Төлбөр төлөгдөж дуусах хүртэл гэрээ хүчин төгөлдөр байна гэж гэрээн дээр тодорхой зааж өгсөн.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан Дээд шүүхийн тогтоолд заагдсан нөхцөл байдлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар тодрууллаа. 30 автобусыг акталж, хаясан гэх хариуцагч талын тайлбартай холбоотой баримт хэрэгт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай эцэг, эх ****************-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байсан. 2014 оны 05 дугаар сард ээж маань нас барсан. Тухайн үед болсон шүүх хуралдаанд эх маань сэхээнд байсан учраас эцэг маань оролцож чадаагүй ба би энэ маргааны талаар огт мэдээгүй байсан. Эхийг маань нас барснаас хойш 4 сарын дараа эцэг маань хорт хавдрын эцсийн шатанд байгаагаа мэдсэн. Ингээд эцэг маань 2 жил гаруй хугацаанд Солонгос улсад эмчлүүлсэн боловч 2017 оны 08 дугаар сард нас барсан. Би Солонгос улсаас ирээд, байгууллагынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлсэн. Тухайн үед энэ автобусны талаарх маргаан юу ч яригдаж байгаагүй. 2019 онд нэхэмжлэл гаргах үеэс гэнэт л энэ асуудал яригдаж эхэлсэн. Би энэ асуудлын талаар огт мэдэхгүй учраас компанийнхаа нягтлан, том оврын автомашин эрхлэгчдийн холбооноос тодруулахад урьд нь тухайн мөнгийг нь цаанаасаа суутгаад төлүүлчихдэг байсан. Сүүлд суутгахаа больчихоор нь энэ асуудал цаанаасаа шийдэгдчихсэн юм байна гэж ойлгосон гэж нягтлан маань хэлсэн. 2014 оны 05 дугаар сард нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэрбум 300 сая төгрөгийг нэхэмжилсэн байсан. Гэтэл одоо тэр мөнгөө нэг дахин нэмэгдүүлж нэхэмжилсэн. Мөн энэ мөнгийг хүлээн зөвшөөрч, төлөх, эсхүл эвлэрэх талаар албан ёсоор яригдаж байгаагүй. Нэхэмжлэгч нар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр багтаан, төлөх талаар хэлсэн. Түүнээс хойш дахин тодруулах зүйл яригдаж байгаагүй. 2015 оны 5 дугаар сараас эхлээд зардлын санхүүжилтийн тогтолцоо өөр болсон. Улсын төсвөөс бидний хийсэн ажлын гүйцэтгэлийг өгөхдөө бүх мөнгийг нь хаана, хэрхэн зарцуулах гаргалгааг нь гаргадаг болсон. Тиймээс нэхэмжлэлийн үнийн дүнг төлөхөд хүрвэл манайх дампуурах учраас төлөх боломжгүй.

Энэ асуудлыг миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаснаар мэдсэн. Түүнээс хойш судалж үзэхэд нийт 400 гаруй автобусыг 10 гаруй компани хуваарилсан 4-5 компанийг нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болж байгаа. Миний зүгээс гэрээ хийгдээгүй гэж хэлээгүй манай аавын гарын үсэг мөн, энэ төлбөр тооцоо буруу гэж хэлээгүй. **************** нь 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 004/08 дугаартай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээгээр 30 автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хүлээн авсан. Эргэн төлөлтийн хугацааг тусгайлан дурдвал хуваарилалтын дагуу төлөхөөр тохиролцсон. Эргэн төлөгдөх графикт 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болгохоор тусгасан байна. Тухайн гэрээний 2.9-т заасны дагуу эргэн төлөгдөх төлбөрийг суутгаж авахаар талууд тохиролцсон. 2009 он, 2010 онуудад эргэн төлөгдөх төлбөрийг суутгаж явж байсан боловч нийтийн тээврийн компаниудын дунд маш том маргаан гарч эсэргүүцэлтэй тулгарч санхүүжилтээс суутгаж авч байгаа нь биднийг хүнд байдалд оруулж байна. 2010 оноос хойш энэ асуудлыг шийдүүлэхээр хэд хэдэн албан бичиг явуулж байсан. Энэ талаах баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Гэрээг шинэчилж байгуулах тухай аудитын тохиролцоо, зөвлөмж гарсан байдаг. Харамсалтай нь 2010 оноос тухайн гэрээг шинжлэн байгуулах талаар хариуцагч тал санал тавьж байсан боловч тухайн асуудлыг шийдвэрлэлгүйгээр тэр чигт нь орхиод, эргэн төлгөгдөх аж ахуй нэгжээс 2021 онд нэхэмжлэл гаргаад явж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний эцсийн хугацаа 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын шаардах эрх үүссэнээс хойш 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шаардах эрх дуусгавар болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас шийдвэр гаргахгүй байсаар 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрээний хугацаа дууссан. Мөн түүнээс хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч талууд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учир хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн Улсын Дээд шүүхээс буцаагдсан шалтгаан нь ...талууд хөөн хэлэлцэх талаар мэтгэлцээгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үндэслэл, нотлох баримт байгаа эсэх зэргийг дурдсан.

 

2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ...нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан... гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч байсан ба үүнийг нэхэмжлэл гаргаагүй гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 73 дугаар зүйлээс 82 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа үргэлжлүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээний дагуу хариуцагч талд төлөх үүрэг нь мөн. Ямар учраас төлөхгүй үүрэг үүссэн бэ гэхээр суутгаж тооцож байсан тул санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орж шийдэлд хүрээгүй. Байгуулга хэвийн үйл ажиллагаа явуулж байх ёстой байсан ч гарц гаргалгаа олж асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байсаар гэрээнд өөрчлөлт оруулсан зүйл байхгүй байгаа. Манай зүгээс хариуцагчийн татгалзлын гол үндэслэл нь Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Талууд 6 жилийн хугацаатай гэж гэрээний хугацааг тодорхойлсон. Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам, ***********, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас хариуцагч ****************-д холбогдуулан 2,043,770,200 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх болохыг дурдаж шийдвэрлэсэн байна..

 

4. Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх "Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг байна. Талуудын байгуулсан гэрээний үүрэг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болохоор тохирсон байх учир шаардах эрхийг энэ өдрөөс үүссэн буюу нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, энэ тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан гэж үзнэ. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасан хугацаа тоолох журам ёсоор 3 жилийн хугацааг тоолоход 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ" гэж дүгнэсэн.

"Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ"-ний 6.1-т "Энэхүү гэрээний хугацаа БНСУ-ын Daewoo bus BS 106 маркийн ширхэг автобусыг хүлээн авч, нийтийн тээврийн үйлчилгээнд гаргасан өдрөөс эхлэн тухайн автобус нэг бүрийн эргэн төлөгдөх графикт төлбөр дуусгавар болсон өдөр хүртэл үргэлжилнэ" гэж заасан. Анхан шатны шүүхээс "Үүргийг үүрэг гүйцэтгэгч хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Талуудын гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацаа 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дууссан ба хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна" гэж дүгнэсэн. Хариуцагчийг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж зөв дүгнэсэн хэдий ч гэрээг дууссан болон талуудыг гэрээний үүрэг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болохоор тохиролцсон гэж дүгнэсэн нь "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ"-ний 6.1-т заасан графикт төлбөр дууссанаар гэрээний хугацаа дуусна буюу хариуцагч тал төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгэснээр гэрээ дуусгавар болно гэж заасныг анхаарч үзэлгүй буруу дүгнэсэн Хариуцагч тал 2,672,047.300 төгрөг төлөхөөс 628,277,100 төгрөгийг төлж, одоо 2,043,770,200 төгрөгийг төлөөгүй буюу автобус нэг бүрийн графикт заасан төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байгаа энэ тохиолдолд гэрээний хугацаа дуусгавар болоогүй гэж үзнэ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолно. Гэрээний хугацаа дуусаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа яригдах боломжгүй.

Шүүх нотлох баримт болох гэрээг тал бүрээс нь бодитойгоор, харьцуулан үзэлгүй, үнэн зөв, эргэлзээгүй үнэлээгүйгээс Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэж дүгнэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гэрээний 6.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааны хувьд автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргасан өдрөөс эхлэн тухайн автобус нэг бүрийн эргэн төлөгдөх графикт төлбөр дуусгавар болсон өдөр хүртэл үргэлжилнэ гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээний чөлөөт байдлын зарчмыг баримталж гэрээг байгуулсан. Гэрээний талаар хэн аль нь маргадаггүй хүчин төгөлдөр. Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгаар ойлгоно. Автобус нэг бүрийн эргэн төлөгдөх график дуусгавар болсон өдөр хүртэл гэдгийг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр график төлбөр дуусгавар болж байна. Иймд энэ хугацаагаар гэрээний хугацаа дуусгавар болсон гэж ойлгогдож байна. Мөн хэрэгт авагдсан баримтаар хамгийн сүүлд 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлбөрөө шаардсан. Үүнээс хойш төлбөр шаардсан буюу шаардах эрхээ хэрэгжүүлсэн нэг ч баримт хэрэгт авагдаагүй. Иймд хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй. Учир нь гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Энэ нь 2018 оны 02 дугаар сард дуусгавар болсон тул бид үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч *********, ***********, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар нь хариуцагч ****************-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,043,770,200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Нэхэмжлэгч тал буюу *********, ***********, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар нь хариуцагч ****************-аас нийт 2,043,770,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээ дараах гэрээнүүдийг үндэслэл болгон шаарджээ.Үүнд:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нар 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдөр улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан, БНСУ-д үйлдвэрлэсэн Daewoo bus BS 106 маркийн нийтийн тээврийн үйлчилгээний том оврын 400 ширхэг автобусыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын эзэмшилд шилжүүлж, тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр тохиролцсон.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн алба, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон **************** нарын хооронд 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 004/08 тоот улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ /цаашид 004/08 тоот гэрээ гэх/ байгуулж, гэрээгээр 30 ширхэг автобусыг нэг бүр нь 62,900 ам.доллароор тооцон шилжүүлэх, **************** нь тогтоосон хуваарийн дагуу 6 жилийн хугацаанд төлж дуусгахаар харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

Талууд дээрх гэрээг бичгээр байгуулан гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Дээрх гэрээгээр 30 ширхэг автобусыг 2009 оны 08 дугаар сарын 10-наас 18-ны өдрүүдэд улсын дугаар, арлын дугаар, марк, үзүүлэлтийн дагуу худалдан авагч тал буюу ****************-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон.

Хариуцагч **************** нь 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 004/08 тоот гэрээний хавсралтад зааснаар 2015 оны 02 дугаар сарын 04-ний дотор автобус нэг бүрийн үнийг олгосон өдрөөс эхлэн төгрөгөөр тооцон 6 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд урьдчилгаанд 188,946,500 төгрөг, 2010 онд 158,600 төгрөг, 2011 онд 270,830,600 төгрөг, 2012 онд 9,900,000 төгрөг, нийт 628,277,100 төгрөг төлсөн, гэрээний ам.долларыг 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1416 төгрөгөөр тооцсон талаар талууд тайлбарласан бөгөөд хариуцагч **************** нь нэхэмжлэгч Нийтийн тээврийн үйлчилгээний газартай Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, үйлчилгээний санхүүжилтийн гэрээг жил бүр шинэчлэн байгуулж зохих үйл ажиллагааны зардал, нөхөн олговрыг олгож байжээ.

2.б. Харин хариуцагч **************** нь 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш хугацаанд гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/728, 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1012, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/1590 тоот албан бичгээр гэрээг шинэчлэн байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулахаар санал авах тухай, 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/879, 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/261 тоот албан бичгээр гэрээний үүрэг биелүүлэх,төлбөр төлөх талаар шаардсан байна. /1хх-236-245/

2.в. Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 768/152 дугаар хамтарсан тушаалаар Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобусыг зээлээр эзэмшүүлэх талаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулсан 4 талт гэрээний хэрэгжилт, төлбөр тооцооны бодит байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, гэрээнд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дүгнэлтийг гаргасан байна. /1хх 219-226/

Төрийн өмчийн хорооноос Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад хүргүүлсэн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/2092 тоот албан бичгээр 400 автобусыг Нийслэлийн өмчид бүртгэхийг зөвшөөрч байгаа тухай, Нийслэлийн Нийтийн тээврийн газраас Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1/652 тоот албан бичгээр автобусны өмчлөлийн асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх тухай, Төрийн өмчийн хорооноос Нийслэлийн нийтийн тээврийн газарт хүргүүлсэн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 3/323 тоот албан бичгээр автобусыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу данс бүртгэлд тусгах тухай, Нийслэлийн нийтийн тээврийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/349 тоот албан бичгээр 400 автобусыг төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэн бүртгэхэд дэмжлэг үзүүлэх тухай, Сангийн яамнаас Нийслэлийн нийтийн тээврийн газарт 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/5149 тоот албан бичгээр 400 автобусны зээлийн гэрээний дагуу хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг стандарт зарчимд нийцүүлэх талаар тус тус тусгажээ. /1хх-227, 245-249/

Зам, тээврийн хөгжлийн яам, ***********, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид бөгөөд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх тэнцүү байна.

2.г. Хэрэгт үүрэг гүйцэтгүүлэгч нар 2009-2013 онуудад буюу хариуцагч ****************-тай байгуулсан гэрээний хугацаа дуусахаас өмнө өөр хоорондоо эсхүл холбогдох төрийн байгууллагуудад албан бичиг хүргүүлж байсан баримт авагдсан боловч гэрээний тал болох ****************-д төлбөр төлөх талаар мэдэгдэл хүргүүлж, гэрээний үүргээ шаардаж байсан гэж үзэх баримт авагдаагүй.

Мөн дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгч Нийтийн тээврийн үйлчилгээний газар нь хариуцагч ****************-тай байгуулсан нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн гэрээний дагуу жил бүр улсын төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудад ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цагдаагийн албан хаагч, оюутан, МСҮТ-ийн сурагчдыг тээвэрлэсний нөхөн олговор тооцон хуваарилан 2008-2020 оны хооронд олгосон баримт авагдсан.

2.д. Нэхэмжлэгч Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь хариуцагчтай байгуулсан 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 004/08 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.9-д заасны дагуу зээлээр эзэмшигчийн гэрээний төлбөр тооцооны гүйцэтгэлд шууд хяналт тавьж ажиллах бөгөөд цаг хугацаандаа төлбөрөө төлөөгүй байгууллагын нөхөн олговрын дүнгээс төлөгдөөгүй тооцоог суутган авах эрхтэй байхаар тохиролцсон учир гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн үеэс хариуцагч байгууллагад олгосон зардлын санхүүжилт, нөхөн олговроос төлбөрөө суутган авах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу 2012 оноос хойш төлбөр төлөх графикт хугацааг зөрчиж 2 сарын хугацаагаар төлөлгүй хугацаа хоцруулбал үл маргах журмаар автобусыг эзэмших эрхийг цуцлах, автобус нэг бүрийн ашигласан хугацааны сар тутмын төлбөрийг 873.6 ам.доллароор тооцон нөхөн төлүүлэх эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Үүргийг үүрэг гүйцэтгэгч хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Талуудын гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацаа 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дууссан ба хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэл нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага тул хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг байна. Талуудын байгуулсан гэрээний үүрэг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон. Шаардах эрхийг энэ өдрөөс үүссэн буюу нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, энэ тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан гэж үзнэ. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасан хугацаа тоолох журам ёсоор 3 жилийн хугацааг тоолоход 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан ба нэхэмжлэгч нь шаардах эрх үүссэнээс хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, хариуцагч төлбөр төлж, баталгаа гаргаж байгаагүй, хариуцагчид төлбөрөө төлөх талаар мэдэгдэж, шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3. Давж заалдах гомдлын талаар.

3.а. Нэхэмжлэгч Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ-ний 6.1-т заасан графикт төлбөр дууссанаар гэрээний хугацаа дуусна буюу хариуцагч тал төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгэснээр гэрээ дуусгавар болно гэж заасныг анхаарч үзээгүй. Гэрээний хугацаа дуусаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа яригдах боломжгүй гэх агуулгаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон талаар нотлох баримтыг ирүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хугацааг сэргээх талаарх хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/02987 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД