| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 183/2018/03687/И |
| Дугаар | 210/МА2023/00299 |
| Огноо | 2023-02-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2023/00299
О-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02990 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О-ын хариуцагч И, О нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохиролд 120,930,853 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар (), хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одмаа, Г.Оргилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
О- нь Иын саналын дагуу Эрдэнэт хотод орон сууцны зориулалттай барилгад хөрөнгө оруулж, ашиг олох зорилгоор 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр түүнд 50,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 2014 оны 11 дүгээр сард буцаан төлөхөөр тохиролцож, мөнгөн хөрөнгийг бэлнээр өгсөн. Ит мөнгөн хөрөнгө зээлэхийн тулд эх Б.Наранчимэгээс орон сууц захиран зарцуулах тухай итгэмжлэл авч, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД 43 дугаар байр, 31 тоот 2 өрөө, орон сууцыг 73,000,000 төгрөгөөр, мөн Б.Батын нэр дээрх 3 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр хоорондоо солилцон худалдаж, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Голомт банк ХХК-тай ЗГ1205053284 дугаар орон сууц зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай зээлж 48,902,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт өгч үлдэх 50,000,000 төгрөгийг Ит зээлдүүлсэн. И нь тус орон сууцны зээлийн эргэн төлөлтийг сар бүр хийхээр тохиролцсон ч эргэн төлөлт хийгээгүй. Эрдэнэт хот дахь барилгад хөрөнгө оруулсан гэх орон сууцны ажлын явцтай танилцахаар очтол И нь хөрөнгө оруулалт хийгээгүй байсан. Иын ятгалтаас болж орон сууцны ипотекийн зээл авч, Ит зээлдүүлсэн тул сар бүрийн төлөлт, хүү, нэмэгдүүлсэн хүү төлж хохирсон. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зээл төлсний хохирол 70,930,853 төгрөг, нийт 120,930,853 төгрөг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч Иын тайлбар, татгалзлын агуулга:
О- нь Ит 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 2014 оны 11 дүгээр сард буцаан төлөхөөр төлөхөөр тохиролцож зээлсэн гэх тайлбар үндэслэлгүй. Т.Элдэв-Очир 2014 оны 06 дугаар сард ... Эрдэнэт хотод байрлал сайтай, том газар байгаа, таун хаус бариулах төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй байна ... гэсэн тул О-той ярилцаж хөрөнгө оруулахаар тохиролцсон. О- зуслангийн газраа 10,000,000 төгрөгөөр зарж, өөрийн ахын байрыг барьцаанд тавьж зээл авч 60,000,000 төгрөгийг Т.Элдэв-Очирт өгсөн. Гэтэл Т.Элдэв-Очир нь төсөл амжилттай хэрэгжиж чадаагүй, барилга барьсан гүйцэтгэгчдээ залилуулсан гэж шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийг буцаан өгөөгүй. О-оос 50,000,000 төгрөг зээлээгүй, уг мөнгөн хөрөнгийг Т.Элдэв-Очироос шаардах ёстой гэжээ.
3. Хариуцагч Огийн тайлбар, татгалзлын агуулга: О- нь 2014 онд Итай тохиролцож Эрдэнэт хотод Т.Элдэв-Очирын хэрэгжүүлж байсан Orange luxury village хувийн орон сууцны хороолол барих төсөлд ашиг олох зорилгоор хөрөнгө оруулсан. О- болон И нар тус төсөлд хөрөнгө оруулсан болохоос О- нь И, О нарт мөнгөн хөрөнгө зээлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Иаас 25,000,000 төгрөг, Огаас 25,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,930,853 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
4.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 920,544.27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Иаас 203,975 төгрөг, Огаас 203,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О-од олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн. О- нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ ... Иын саналын дагуу Эрдэнэт хотод орон сууцны зориулалттай барилгад хөрөнгө оруулж, ашиг олох зорилгоор 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 2014 оны 11 дүгээр сард буцаан төлөхөөр зээлсэн... гэж тайлбарласан үндэслэлээ өөрчлөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэгч шаардлагын үндэслэл, хэмжээг тодорхойлох эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар шүүх нотлох баримт шинжлэн судалсны дараа нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг оролцогчдоос асууж, шүүх хуралдааныг завсарлуулж, зөвлөлдөх тасалгаанд орох журамтай атал уг заалтыг зөрчин хуулиар тогтоогоогүй журам хэрэгжүүлэн нотлох баримт судалсантай холбоотойгоор талуудын байр суурийг сонссоны дараа талуудаас асуулт асууж чиглүүлсэн асуултад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар зээлийн гэрээний дагуу зээл, хүү, хохирол шаардаж байгаа хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шат буюу шүүх зөвлөлдөх тасалгаанд орох хүртэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ит 50,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлсэн тул зээл, хүү, хохирол гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчиж нэхэмжлэгчийн тодорхойлоогүй, шүүх хуралдаанд зохигчийн мэтгэлцээгүй асуудлаар шийдвэр гаргасан.
5.2. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зээлийн үүрэг үүссэн, 50,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн хэмээн тодорхойлсоор байхад шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн заалтыг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн.
Зохигчдын хэн аль нь Эрдэнэт хотод барилгад хөрөнгө оруулсан нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалтын зарим хэсгийг Т.Элдэв-Очирт дамжуулж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй. О-ын нэхэмжлэлийн үндэслэлээ 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч нарт 50,000,000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сар хүртэл 4 хувийн хүүтэй зээлсэн бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан тул нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан. Цахим зурваст хийсэн үзлэгээр нэхэмжлэгч хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан үйл баримт нотлогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талууд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хариуцагч тал шүүх хуралд удаа дараа нэхэмжлэлийн шаардлагыг гуйвуулж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад И хөрөнгө оруулсан, О- хөрөнгө оруулаагүй, О-, Ит тусалж, Х.Батхуяг нар нийлж өөрсдийн орон сууцыг барьцаанд тавьж, мөнгө гаргаж зээлдүүлсэн талаар тайлбарласан. Иын хүсэл зоригийн дагуу зээлсэн. Шүүх дотоод итгэлээр хэргийн материалтай танилцаж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаж шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь зөв, харин шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
1. Нэхэмжлэгч О- хариуцагч И, О нарт холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлсэн гэж 50,000,000 төгрөг, хохирол 70,930,853 төгрөг, нийт 120,930,853 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ... И Эрдэнэт хотод орон сууцны барилгад хөрөнгө оруулж, ашиг олох зорилгоор 50,000,000 төгрөгийг зээлсэн, тэрээр зээлийн төлбөрийг төлөөгүйгээс банкинд зээлийн хүүд 70,930,853 төгрөг төлж хохирсон... гэж, хариуцагч нар татгалзлын үндэслэлээ, ... О- Эрдэнэт хот дахь Т.Элдэв-Очирын хэрэгжүүлж байгаа барилгад хөрөнгө оруулахаар тохиролцон 50,000,000 төгрөг өгснийг Т.Элдэв-Очирт шилжүүлсэн тул түүнээс шаардах ёстой... гэж тус тус тайлбарласан байна.
Талуудын тайлбараас дүгнэвэл, зохигчид барилгад хөрөнгө оруулж ашиг олохоор тохиролцон нэхэмжлэгч О- Ит 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн боловч уг хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
1.1. Худалдаа хөгжлийн банк ХХК дахь О-ын эзэмшлийн 190000097872 дугаартай данснаас 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн, мөн өдөр Голомт банк ХХК дахь Огийн эзэмшлийн 2205023726 дугаар дансанд 24,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Б.Батаас зээллэг гэх утгаар 49,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус хийгдсэн байна. Түүнчлэн, хариуцагч Огийн ..тодорхой хэмжээний мөнгө хүлээн авсан, хэдэн төгрөг авснаа мэдэхгүй байна... гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...И, О, О-, Б.Бат дөрөв байж байгаад Ит ууттай 50 сая төгрөгийг өгөөд эхнэрийнхээ данс руу шилжүүлсэн... гэх тайлбар, гэрч Б.Батын ... Ит хар тортой 50,000,000 төгрөгийг Занабазарын музейн хажууд тоолж өгсөн, тухайн үед О, О-, И бид дөрөв байсан. Уг мөнгийг Огийн данс руу хийсэн гэх зэргээс үзэхэд О- Итай тохиролцсоны дагуу 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж үзэхээр байна. (1хх-ийн 93-94, 114-119, 138)
Мөн Б.Бат болон И нарын харилцсан цахим зурваст хийсэн үзлэгээр И ...Алтан тариан газрыг хашаалахад л хэдэн төгрөг хэрэглэсэн, ...Та 2-ын асуудлыг хамгийн түрүүнд л шийднэ гэж бичсэн талаар зохигч маргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар үзлэгийн тэмдэглэл нь нотлох баримт болно. (2хх-ийн 49-50)
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар зохицуулсан. Иймд нэхэмжлэгч О- болон И нар хамтран ажиллахаар тохиролцсон боловч тухайн хамтран ажиллах гэрээ үр дүнд хүрээгүй дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь хариуцагч нарт шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
1.2. Нэхэмжлэгч О- хариуцагч И, О нар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 70,930,853 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх ... нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг зээлдүүлэх зорилгоор биш хамтран ажиллах зорилгоор хөрөнгө оруулалтын хэлбэрээр өгсөн болох нь тогтоогдсон, хариуцагч И банкны зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн баримтгүй тул нэхэмжлэгч хохирол 70,930,853 төгрөг шаардах эрхгүй... гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Харин талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримталсныг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.
2. Хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргаж өгсөн, мөн тэдгээрийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нийт нотлох баримтыг шинжлэн судалж үзсэний эцэст шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоосны үндсэн дээр тухайн маргааныг хянан шийдвэрлэх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэдэг тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөн гэх гомдол үндэслэлгүй.
2.1.Хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй тул хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/02990 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 409,905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Н.БАТЗОРИГ