Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00323

 

2023 02 06 210/МА2023/00323

Л.Лын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/03513 дугаар шийдвэртэй

Л.Лын нэхэмжлэлтэй

В.К ББСБ ХХК-д холбогдох

13,796,201 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, Г.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнийг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Бид анх Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Баатархайрхан гудамж, .... тоотод байрлах хувийн сууц, газар, ...тоотод байрлах хувийн сууц, газрын талаар маргаж байсан. Харин одоо ...тоотод байрлах хувийн сууц, газартай холбогдуулан өөрчилсөн учир .... тоотод байрлах хувийн сууц, газрын асуудлыг дахин хөндөх шаардлагагүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7433 тоот захирамжаар Л.Л нь В.К ББСБ ХХК-д 10,481,866 төгрөг төлөхөөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Талууд ...тоотод байрлах хувийн сууц, газрыг 35,000,000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллага анхны албадан дуудлага худалдааны үнийг 24,500,000 төгрөгөөр тогтоож, дуудлага худалдааг зохион байгуулсан боловч хөрөнгө худалдан борлогдоогүй, хоёр дахь дуудага худалдааны үнийг 17,500,000 төгрөгөөр тогтоож, ажиллагаа хийгдсэн боловч мөн л худалдан борлогдоогүй. Санал болгох комиссын хуралдаанаар Л.Лыг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дотор өр төлбөрөө барагдуул, барагдуулахгүй бол барьцаа хөрөнгүүдийг төлбөрт тооцон шилжүүлнэ гэсэн. Тухайн үед хариуцагч талаас 2 төлөөлөгч оролцож маргааны зүйл болсон эд хөрөнгийг төлбөрт тооцож авах саналаа илэрхийлээд нэхэмжлэгчид хувийн сууц болон газрыг зарж борлуулаад зөрүү мөнгийг өгнө гэсэн боловч өгөөгүй. Хариуцагч нь хувийн сууцыг өөрийн нэр дээр, газрыг ажилтан Н.Д гэх хүний нэр дээр шилжүүлэн авч, цааш нь гуравдагч этгээд Ж.Цээлхамд 15,000,000 төгрөгөөр худалдсан байна. Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр ...тоотод байрлах хувийн сууц, газрыг хамтад нь 16,100,000 төгрөгөөр үнэлсэн. Анхны албадан дуудлага худалдааны үнэ 24,500,000 төгрөг, хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэ 17,500,000 төгрөгийн аль алинаар нь тооцож болохоор хуульд тайлбарласан байдаг.

Иймд В.К ББСБ ХХК-аас анхны албадан дуудлага худалдааны зөрүү 14,018,134 төгрөгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80,000 төгрөг, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны зар 40,000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 101,933 төгрөг, нийт 221,933 төгрөгийг хасаж, 13,796,201 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж үзэж байна. Талуудын тохиролцсон үнэлгээгээр маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө 35,000,000 төгрөг байх эсэх нь маргаантай. Учир нь нэхэмжлэгч Л.Л тухайн үнэлгээнээс хойш шүүхэд хандсан, шүүх нэхэмжлэлийг буцаасан байдал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтад тусгагдсан. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 16,000,000 төгрөгөөр үнэлсэн. Манай байгууллага хөрөнгийг 10,481,866 төгрөгийн өр төлбөрт тооцож шилжүүлж авсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болон урамшууллыг нэмж төлсөн. 2017 оны 05-06 дугаар сард шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож байгаа шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа журмын дагуу явагдаад дуусгавар болсон.

Манай байгууллагаас маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулаад нэхэмжлэгчид зөрүү өгөх асуудал огт яригдаагүй, энэ нь баримтаар нотлогдохгүй байна. Тухайн үед манай байгууллага зөрүү төлбөр төлөх ёстой байсан бол зөрүү төлбөрийг шилжүүлээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болохгүй байсан. Тэгэхээр зохигчдын хооронд ямар нэгэн зөрүү төлбөрийн асуудал тухайн үед байгаагүй, зөрүү төлбөр байсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Цээлхам шүүхэд тайлбар гаргаагүй болно.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар В.К ББСБ ХХК-д холбогдох 13,796,201 төгрөг гаргуулах тухай Л.Лын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Л.Л татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Лын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 644,331 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх дараах шаардлагыг хангаагүй. Шийдвэрийн 10 дахь талд Л.Л нь өөрийн хүсэлтийн дагуу төлбөрт тооцон эд хөрөнгөө шилжүүлсэн ... гэжээ. Энэ дүгнэлт үндэслэлгүй, Л.Л өөрийн хүсэлтээр хөрөнгөө шилжүүлэн өгөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаны үндсэн дээр албадан шилжүүлсэн. Гэтэл энэ талаар анхан шатны шүүхээс буруу дүгнэлт өгсөн байна.

5.2.Л.Лыг тухайн үедээ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаагүй, хуульд заасан гомдол гаргах хугацаа дууссан байна гэжээ. Л.Л нь гомдол гаргаагүй гэх, гомдол гаргах хугацаа дууссан гэх нөхцөл байдал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрүү төлбөрийг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй, хуульд заасан зөрүү төлбөрөө нэхэмжилж төлүүлэх төлбөр төлөгчийн эрхийг хөндөхгүй.

5.3.Төлбөрт тооцох хөрөнгө нь шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрөөс их эсвэл бага үнийн дүнтэй байх тохиолдол үүсэх нь илэрхий асуудал, харин тэнцүү байх нь ховор юм. Иймээс зөрүү үнийн дүнгийн асуудлыг тодорхой болгох нь зөв байсан. Төлбөр авагч нь өр төлбөрт барьцаа хөрөнгийг тооцон авах саналыг хүлээн авсан нөхцөлд хамгийн багадаа 2 дахь дуудлага худалдааны үнийн дүнгээс тооцож зөрүү төлбөр төлөх ба энэ үр дагавар үүснэ гэдгийг тухайн саналыг хүлээн авснаар хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргаж байсан.

5.4.Шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаатай холбоотой маргаан буюу зөрүү төлбөрийн асуудлыг хариуцагч хариуцах үндэслэлгүй" гэсэн дүгнэлт мөн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дагаварыг хуульд зааснаар төлбөр авагч тал хариуцахаар хуульчилсан байх бүрэн боломжтой. Төлбөр авагч нь энэхүү зөрүү үнийн дүнг өөртөө үлдээх, үлдээхийг шаардах эрхгүй бөгөөд тухайн үнийн дүнгээр төлбөр төлөгч нь төлбөр авагчийн өмнө үүрэг хүлээгээгүй (үүрэг үүсээгүй) гэж үзнэ.

Анхан шатны шүүх хууль буруу тайлбарласан, хэргийн агуулгатай ойролцоо асуудлыг зохицуулсан байх учир хуулийг төсөөтэй хэрэглэх боломжтой.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэг нь зөрүү төлбөрийг төлбөр төлөгчид өгөх ёстой зохицуулалт биш юм. Нэхэмжлэгчийн зүгээс энэ заалтыг баримталсан тохиолдолд ямар шалтгаанаар тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг биелүүлээгүйг дурдах ёстой. Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт гомдол гаргах журмыг зохицуулсан. Төлбөр авагч нь зөрүү төлбөр өгөх ёстой байсныг өгөөгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. 2017 оны 06 дугаар сард шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолыг хэрэгт хавсаргасан. Тухайн өдрөөс хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалтын дагуу гомдол гаргаагүй. Харин гомдол гаргаагүй нөхцөл байдлыг харахад тухайн үед зөрүү төлбөрийн асуудал яригдаж байгаагүй гэдгийг харуулж байна.

6.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг журмын дагуу зохион байгуулахдаа төлбөр авагч нь төлбөр төлөгчид зөрүү төлбөр өгөх байсан тохиолдолд зөрүү төлбөр олгосны дараагаар өмчлөх эрхийг шилжүүлж, дуусгавар болгох ёстой. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нар харилцан тохиролцож, уг харилцаа дуусгавар болсон. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар зөрүү төлбөрийг гаргуулах нь үндэслэлгүй. Мөн хэргийн үйл баримтаас харахад Л.Л нь удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бусаар явагдаж, зөрүү төлбөр өгөх ёстой байсныг өгөөгүйгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тохиолдолд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг агуулгаар гаргаагүй талаар бодож үзэх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаас хойш 6 жилийн дараа нэхэмжлэлийн шаардлага гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилж, хөрөнгүүдийг үнэлсэн. Тухайн 4 объектыг үнэлэхдээ нийт 29,000,000 төгрөгөөр болон ...гэх сууц, газрыг 16,000,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн сууц нь шавран сууц байсан тул үнэлгээ нь төдийлөн өндөр биш, газрыг 10,000,000 төгрөгөөр үнэлсэн. 6,000,000 төгрөгийн үнэтэй хөрөнгийг манайх 10,000,000 төгрөгт тооцож авсан атлаа дахин нэхэмжлэгчид 10,000,000 гаруй төгрөгийг гаргаж өгөх нь шударга ёсонд нийцэхгүй. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан зөрүү төлбөр олгох ёстой гэх зүйл заалт байхгүй. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зөрүү төлбөрийг өгсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж тодорхой заасан. Харин 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд уг асуудлын талаарх зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өр төлбөрт тооцох талаар санал гаргаж байсан тул нэхэмжлэгчийн хүсэл зоригийг илэрхийлэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Л.Л нь хариуцагч В.К ББСБ ХХК-д холбогдуулан анх Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, 2А хэсэг, Баатархайрханы гудамж, ...., ...тоот хаягт байрлах, хувийн сууцууд, өмчлөх эрхтэй газруудыг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгах, гэм хорын хохиролд 45,036,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...тоот хаягт байрлах хувийн сууц, өмчлөх эрхтэй газрын анхны албадан дуудлага худалдааны үнэ болон шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн зөрүү 13,796,201 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Лын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3.1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04ний өдрийн 7433 дугаар захирамжаар Л.Л зээлийн гэрээний үүрэгт 5.263,12 ам.доллар буюу 10,481,866 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 29ний өдрийн дотор Э.А.И.С.М ББСБ ХХК (одоогийн хариуцагч В.К ББСБ ХХК)-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Баатархайрханы гудамж ...тоотод байрлах, 35 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ..... дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах, 700 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаартай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Л.Лаас улсын тэмдэгтийн хураамжинд 101,933 төгрөг гаргуулж Э.А.И.С.М ББСБ ХХК-д олгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.2.Дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 12ны өдрийн хугацаанд явагдаж, шүүгчийн захирамжид заасан хувийн сууц болон газрыг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдэн, төлбөр төлөгч Л.Лаас үл хөдлөх эд хөрөнгийг 35,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Э.А.И.С.М ББСБ ХХК хүлээн зөвшөөрснөөр анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсан боловч тус тус амжилтгүй болсон, үүний улмаас санал болгох комиссын хурлаас төлбөр төлөгч Л.Лын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Баатархайрханы гудамж ...тоот хаягт байрлах 35 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн (2002 оны) 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг баримтлан төлбөрт тооцож төлбөр авагч Э.А.И.С.М ББСБ ХХК-д шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

3.3.Төлбөр авагч Э.А.И.С.М ББСБ ХХК-ийн нэр дээр хувийн сууцны өмчлөх эрх 2017 оны 06 дугаар сарын 13ны өдөр, төлбөр авагчийн хүсэлтээр иргэн Н.Дын нэр дээр газрын өмчлөх эрх 2017 оны 06 дугаар сарын 16ны өдөр тус тус бүртгэгджээ.

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн (2002 оны) 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно гэж заасан бөгөөд ийнхүү санал болгоход дуудлага худалдаанд оруулсан эд хөрөнгийн үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг хасаж тооцохоор Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 43 дугаар тогтоолд тайлбарласан.

Тус хуулийн зохицуулалтаар төлбөр авагч Э.А.И.С.М ББСБ ХХК нь шүүхийн шийдвэрт заасан 10,583,799 төгрөгт төлбөр төлөгч Л.Лын өмчлөлийн хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газрыг 17,380,000 төгрөгөөр (хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан үнэ 17,500,000 төгрөгөөс зардал 120,000 төгрөгийг хасна) тооцож авсан байх ба үүний улмаас 6,796,201 төгрөгийн зөрүү (17,380,000-10,583,799) үүссэн байна.

Тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд дээрх байдлаар гарсан зөрүүг хэрхэх талаар зохицуулаагүй боловч үүргийн эрх зүйн хүрээнд үүссэн шаардах эрхийг хязгаарлаагүй тул нэхэмжлэгч Л.Лыг энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзнэ.

 

5.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар заасан.

Хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр хөрөнгө шилжсэн, эсхүл бусдын зардлаар хөрөнгөжсөн бол буцаан төлөх ёстой гэсэн ерөнхий зарчмын хүрээнд үндэслэлгүй хөрөнгөжихийн эсрэг үүрэг ногдуулдаг. Хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй гэдэг нь тухайн этгээдэд тодорхой хөрөнгө бий болсон явдал нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус, эсхүл гэрээгээр зөвтгөх шалтгаангүй нөхцөл байхаас гадна нэг этгээдийн хөрөнгө нь нөгөө этгээдийн хөрөнгийг багасгах замаар өссөн нь зөвтгөх аргагүй буюу үндэслэлгүйгээр эд хөрөнгийг өөртөө байлгасан нөхцөл байдал юм.

 

6.Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч Л.Л нь зөрүү дүн болох 6,796,201 төгрөгийн хэмжээнд хариуцагч В.К ББСБ ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй гэж үзэхээр байх ба уг дүнг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд маргаан бүхий хувийн сууц болон газрыг 16,170,000 төгрөгөөр үнэлсэн байх тул уг үнэлгээг баримтлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нийцнэ.

 

7.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж, хариуцагч В.К ББСБ ХХК-аас 5,466,201 төгрөг (16,170,000-10,583,799-120,000) гаргуулан нэхэмжлэгч Л.Лд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/03513 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч В.К ББСБ ХХК-аас 5,466,201 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,330,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч В.К ББСБ ХХК-аас 102,409 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Лд олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Л.Лаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,931.05 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД   Д.НЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА