Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00356

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00356

 

Ч.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/03314 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ч.С

Хариуцагч: О.Ө

Нэхэмжлэлийн шаардлага: бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний эзэмшилийн 700 м.кв талбайтай газрыг шүүхээс хураасан, битүүмжилсэн, дуудлага худалдаанд оруулсан албан ёсны хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны албан бичигт дурдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүссэн. Тухайн албан бичигтээ Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт дурдсаныг хүлээн зөвшөөрөөд, 84 м.кв байшинд орц, гарц гаргаж өгөөд 200 м.кв газраа чөлөөлүүлэхээс татгалзаад, 700 м.кв газраа 500 м.кв газар чөлөөлүүлэх болгож өөрчилсөн. 2012 онд албадан дуудлага худалдаа явагдсан. Би 2005 оны зунаас эхлээд газар эзэмших гэрчилгээгээ хөөцөлдөөд 2005 онд гэрчилгээгээ авсан.

1.2 Миний газрын зах хэсэгт баригдсан байшинг битүүмжилсэн. Дуудлага худалдаа явуулахдаа миний газрыг хамт оруулаарай гээд газрын гэрчилгээгээ өгсөн. Гэтэл 2013 онд О.Ө хашааг тэр чигт нь аваад, том хашаа барьсан. О.Өын газар эзэмших гэрчилгээ эх хувь байхгүй хуулбарласан, кадастрын зураг байхгүй, ямар нэгж, албанд гарсан нь тодорхойгүй гэрчилгээ байсан.

1.3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албадан дуудлага худалдаагаар худалдаж авсан байшинг О.Өад шилжүүлэхдээ тухайн байшинд нь ногдох газрыг биш, мөн Ч.Сийн эзэмшлийн 500 м.кв газрыг шилжүүлсэн хууль бус үйлдэл болох нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр Ч.Сийн нэр дээр эзэмших эрх бүртгэгдсэн байна гэсэн. Хяналтын шатны шүүхээс ...хариуцагч О.Ө нь дуудлага худалдаанд оролцож Гд байрлах 700 м.кв газар бүхий, 97 м.кв талбайтай зуслангийн сууцыг худалдан авсан, ямар үндэслэлээр 2103 м.кв хашаа татсан, түүний хашаалсан газарт өөр бусад хууль ёсны эзэмшил хамаарч байгаа эсэх, дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсан нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь хариуцагчийн хашаалсан газартай давхацсан талаар дүгнэсэн.

Банк, хадгаламж зээлийн хоршооны ажлын албаны 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолд Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Г дахь нэг давхар, мансардтай барилга 90 хувийн гүйцэтгэлтэй, 97 м.кв гээд доор нь гараар бичсэн. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан асуудал, хяналтын шатны шүүхээс дүгнэсэн зүйлүүд нь О.Ө нь юу, юуг, хэний эзэмшилтэй газрыг эзэмшээд байгаа болон өөрийнх нь эзэмшлээс илүү гарсан хэсгийн талаар тогтоосон. Захиргааны хэргийн шүүх гэрчилгээ давхардсан учир Ч.Сийн нэр захирамжид байхгүй гэсэн үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгосон болохоос биш өмчлөл болон дээр дурдсан баримтуудтай холбоотой дүгнэлт өгөөгүй.

1.4 Хяналтын шатны шүүхийн дүгнэлтээр О.Өын илүү эзэмшиж байгаа газрын асуудал нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, Ч.С нь 500 м.кв талбай газрыг эзэмших эрхтэй тул Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, Г, нэгж талбарын 0000000 дугаартай, 500 м.кв талбайтай газрыг О.Өын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 О.Ө нь хууль ёсоор энэ байшин, газрыг авсан. Эрүүгийн хэргийн журмаар ажиллагаа 2008-2012 онд явагдаж байхад Ч.С нь хөөцөлдөж байгаад газрын гэрчилгээ авсан. Гэрчилгээг шүүхээс хүчингүй болсон. Нэхэмжлэгчийг 500 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгч гэх баримт хэрэгт байхгүй.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр байгаа. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийдвэрээр ...гуравдагч этгээд буюу нэхэмжлэгч Ч.Сийн гэрчилгээ нь үндэслэлгүй, нэхэмжлэгч О.Өын газар эзэмших гэрчилгээ үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзээд нэхэмжлэлийг хангаад Ч.Сийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Улмаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны 389 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа албадан дуудлага худалдаатай холбоотойгоор тайлбарласан нь нэхэмжлэлтэй хамааралгүй. Энэ маргаан нь газар албадан чөлөөлүүлэх буюу хууль ёсны өмчлөлийн тухай маргаан.

2.2 2012 оноос хойш О.Ө энэ байшинг худалдаж аваад, өнөөдрийг хүртэл бодитоор газар дээрээ оршин сууж, амьдарч байгаа. 2011 онд албадан дуудлага худалдаагаар оруулаад, 2012 онд бусдын өмчлөлд шилжүүлсэн. Нэхэмжлэгч энэ бүх процесст оролцож байсан. Гэтэл 2019 онд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Хэрэв уг ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн өмчлөх эрх нь зөрчигдөж байсан бол 2007-2011 оны хооронд уг ажиллагаанд гомдол гаргах боломжтой байсан.

2005 онд мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол гарах явцад тухайн газар дээр эзэмших эрхийн болон өмчлөлийн гэрчилгээ гараагүй байсан. Иймд мөрдөгч 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа байшинг битүүмжлээд хэн нэгэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан тул газрыг нь битүүмжлэхгүйгээр тухайн байгаа хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явагдаж байсан. Гэтэл эрүүгийн журмаар 2007-2012 оны хооронд хадгаламж зээлийн хоршоодын иргэдийг залилан мэхэлсэн тухай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 5 жилийн хугацаанд үргэлжилж байхад буюу эд хөрөнгө битүүмжилсний дараа Ч.Сийн газар эзэмших гэрчилгээ гарсан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн журмаар шалгагдаж байх явцад нэхэмжлэгч нь өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба ...бүх ажиллагаа дууслаа, эд хөрөнгийг борлуулаад хохирогчдын эрх ашгийг хамгаалъя гээд дуудлага худалдаа явуулсны дараа Ч.Сийн нэр дээр гэрчилгээ гарсан байсан. Уг гэрчилгээ нь үндэслэлгүй байсан тул 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/739 дугаар албан бичгийг Чингэлтэй дүүргийн газрын албанд хүргүүлж, Ч.Сийн өмчлөлд байгаа 700 м.кв талбайтай газрын гэрчилгээг хүчингүй болгож О.Өын нэр дээр шилжүүлэхээр болсон.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Сийн Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Г, нэгж талбарын 0000000 дугаар бүхий 700 м.кв газрын 500 м.кв талбай бүхий газрыг хариуцагч О.Өын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.3., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогын данснаас илүү төлсөн 70 200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Сээс шинжээчийн ажлын хөлс болох 516 775 төгрөгийг гаргуулан шинжээч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Уг хэргийг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2022 оны 05 дугаар сарын 10-ны 001/ХТ2022/00575 дугаар тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа ...нотлох баримтыг бодитой үнэлж, бүрэн дүгнэлт хийгээгүй... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн... гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй байна гэж үзсэн. Гэтэл анхан шатны шүүх уг хэргийг дахин хэлэлцэхдээ дээрх алдаануудаа давтсан шийдвэр гаргасан.

Хариуцагч О.Ө нь Банк хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанаас 2012 онд 90 хувийн гүйцэтгэлтэй зуслангийн сууц худалдан авахдаа Ч.Сийн 2005-2020 онд 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан 700 м.кв талбайтай газрын хамт авсан гэж маргасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд Ч.Сийн эзэмшлийн 0000000 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг шүүхээс хураан авсан шүүхийн шийдвэр болон албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол зэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасны дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний 2/3357 тоотоороо ...нотлох баримт байхгүй болно гэсэн ба энэ нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг зөрчин газрын алба руу хууль бус албан бичиг явуулсны нотолгоо болж байхад шүүх үүнийг үндэслэл хэсэгтээ бодитой үнэлээгүй.

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа салшгүй бэхлэгдсэн хэсэг газар нь л уг үл хөдлөх эд хөрөнгөдөө хамаарах болохоос түүний бусад орчны хэсэг буюу 500 м.кв газар огт хамааралгүй байхад Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь 97 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг бусдын эзэмшлийн 700 м.кв газрын хамт дуудлага худалдаагаар худалдсан мэтээр албан бичиг явуулсан хууль бус үйлдлийг нь шүүх бодитой үнэлээгүй.

4.2 Ч.Сийн эзэмшлийн газрыг шүүхийн шийдвэрээр хурааж аваагүй, албадан дуудлага худалдаанд оруулаагүй мөртлөө газрын алба руу хууль бус албан бичиг явуулсан Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, албадан дуудлага худалдааг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан. Уг үүссэн хэрэг нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин хянагдаж буй миний энэхүү нэхэмжлэлд үнэн зөв бүрэн дүгнэлт хийхэд ач холбогдолтой.

Шүүхийн үндэслэл хэсэгт дурдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 209 дугаар шийдвэр нь 2005-2020 онд Ч.С нь газар эзэмшиж байгаагүй гэсэн нотолгоо биш тул хэрэгт ач холбогдолгүй юм. Учир нь нэхэмжлэгч 2005-2020 онд газар эзэмшиж байсныгаа газрын хүчин төгөлдөр гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр төлсөн баримтууд дээрээ үндэслэн 2019 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд О.Өаас газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба энэ нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/237 дугаар Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр нотлогдсоныг шүүх бодитой үнэлээгүй.

4.3 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн газар хэн нэгний эзэмшилд бүртгэлгүй байсан гэж шүүх үндэслэх хэсэгт дурдсан. Гэвч аливаа газар нь эзэмшигчтэй ч бай, эзэмшигчгүй бай заавал нэгж талбарын дугаартай байдгийг А/237 дугаар шинжээчийн дүгнэлтээс харж болно. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан газрууд нь Ч.Сийн эзэмшлийн 0000000 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газрын талаар яригдаж байгаа эсэх нь нотлогдохгүй байх тул 2004-2020 онуудад 0000000 нэгж талбарын дугаартай газар нь хэн хэн гэж хүмүүсийн эзэмшилд бүртгэлтэй байсан талаарх лавлагааг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас гаргуулах хүсэлтийг тавьсан боловч шүүх хүлээж аваагүй.

Түүнчлэн, 0000000 нэгж талбарын дугаартай газар нь анхнаасаа эзэнгүй байсан ба шүүхэд зуслангийн сууц битүүмжлэгдсэний дараа гэрчилгээ гарсан гэж шүүх үндэслэх хэсэгтээ дурдсан тул Ч.С 2005 онд хүнээс 1,500,000 төгрөгөөр худалдан авч нэр шилжүүлэхээр газрын албанд баримтуудаа зохих ёсоор бүрдүүлж өгсөн ч 17 жилийн өмнөх төрийн албаны ажлын ачааллаас болж гэрчилгээ тийнхүү оройтож гарсан талаар тайлбарлаж үүнийг нотлохын тулд өмнөх хэсэгт дурдсан лавлагааг нотлох баримтаар гаргуулж миний өмнө уг газрыг эзэмшиж байсан иргэнийг гэрчээр дуудан тайлбар авах хүсэлт гаргасан боловч шүүгч уг нөхцөл байдлыг бодитой үнэлээгүй.

4.4 О.Өын шүүхэд ирүүлсэн газрын канондсон гэрчилгээ, зургийн компаниудаар хийлгэсэн 2-3 янзын газрын байршлын ойлгомжгүй зургууд зэрэг шаардлага хангаагүй нотлох баримтуудыг шүүх бодитой үнэлээгүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, нотлох баримтуудыг үнэн зөв бодитой үнэлж бүрэн дүгнэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч О.Өад холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, Г, нэгж талбарын 0000000 дугаартай, 500 м.кв талбайтай газрыг О.Өын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Газар эзэмших эрхийн 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дугаар гэрчилгээгээр Ч.Ст Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 237 дугаар шийдвэрийг үндэслэн, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 700 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгож, нэгж талбарын 0000000 дугаарт бүртгэгдэж, 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан үйл баримтын талаар зохигч маргаагүй. /1хх 10-13/

4. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 15/1288 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүрэг 00 дүгээр хороо Гд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 237 тоот захирамжаар иргэн Ч.Сийн нэр бүртгэгдээгүй байна гэжээ. /1хх 17/

5. Банк, Хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Г, Билгүүний энгэрт байрлах, 97 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй 2 давхар мансардтай зуслангийн сууцыг хариуцагч О.Ө нь 15,900,000 төгрөгөөр худалдан авах ялагчаар тодорч, худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ. /1хх 76-78/

5.1 Дээрх гэрээг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар О.Өад маргааны зүйл болж буй газрыг эзэмшүүлж, мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмших гэрчилгээг олгожээ. /1хх 27/

6. Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/237 дугаар дүгнэлтээр маргааны зүйл болох нэгж талбарын 0000000 дугаартай, 700 м.кв талбайтай газар нь нэхэмжлэгчийн нэр дээр Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн, мөн хариуцагчийн хашаалсан 2103 м.кв талбайтай газар нь маргааны зүйл болох газартай 690 м.кв талбайгаар давхацсан үйл баримтыг тогтоосон байна. Түүнчлэн, маргааны зүйл болох 700 м.кв талбайтай газар нь нэгж талбарын 0000000 дугаартай болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 209 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна. /1хх 122-127, 2хх 63-66/

7. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 209 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Ч.Ст олгосон 047664 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 389 дугаар магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /2хх 67-70/

8. Ийнхүү маргааны зүйл болох нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дээрх шүүхийн шийдвэрээр дуусгавар болсон байхаас гадна мөн шийдвэрээр хариуцагч нь тухайн газрыг эзэмших эрхтэй болсон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагчаас 500 м.кв талбайтай газрыг шаардах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг маргааны зүйл болох 500 м.кв талбайтай газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх, мөн хариуцагчийг тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тус тус баримтаар тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ...2005 оноос 2020 оныг дуустал нэгж талбарын 0000000 дугаартай 700 м.кв талбайтай эзэмшигч хэн болох талаар Газар, зохион байгуулалт геодизи, зураг зүйн газраас лавлагааг гаргуулах хүсэлт-ийг анхан шатны шүүх ...хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 209 дугаартай шийдвэрт дээрх маргаан бүхий газрыг О.Өад эзэмшүүлэхээс өмнө хэн нэгэнд эзэмшүүлсэн шийдвэр гараагүй, ...газрын мэдээллийн санд бүртгэлгүй, ...хуульд заасан үндэслэл, журмын дагуу Ч.Ст газар эзэмших эрх олгох шийдвэр гараагүй гэж үзэн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. /2хх 171-172/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2022/03314 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН