Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00284

 

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00284

 

 

Л.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02644 дугаар шийдвэртэй,

Л.Оийн нэхэмжлэлтэй

м ХХК-д холбогдуулан гаргасан

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 250,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: м ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор байгуулагдан намайг ерөнхий менежерээр ажиллуулах гүйцэтгэх захирлын тушаал гарснаар ажиллаж эхэлсэн. Ийнхүү ажиллаж байх хугацаанд миний хөдөлмөр туршлага мэдлэгийг шударгаар үнэлээгүй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажпаа хүлээлгэн өгөхөөс өөр сонголтгүй болж, ажлаас үндэслэлгүй халагдсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 02853 дугаар захирамжаар хариуцагч нь ажилд эгүүлэн топгоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлага болох ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 42,000,000 төгрөг, борлуулалтын үр дүнгийн урамшуулал хөлс 44,156,663 төгрөг гаргуулах хэсгийг тусад нь шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Гэвч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бөгөөд Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн, 384 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн ажилгүй байсан 9 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт 45,000,000 төгрөгийг м ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 50 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт 250,000,000 төгрөг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжпэгч 2016 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн компанийн ерөнхий менежер албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хувьцаа эзэмшигчид хандан зарим ажлыг давхардуулж хийсэн учраас компанийн нийт борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх урамшууллыг авах саналыг гаргасныг нь компанийн удирдлага хүлээн аваагүй учир нэхэмжлэгч тухай өдрөө ажлаа орхиж явсан. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажил хүлээлцэх акт үйлдэж нэхэмжлэгч ажлаа хүлээлгэн өгсөн ба шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр талууд эвлэрч, шүүгчийн захирамжаар баталгаажсан. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлж, нэхэмжлэгчийг ажилд авах шийдвэр гаргаж, боломжит ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг мэдэгдэл хүргүүлсэн ч нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлээгүй, татгалзсан. Ийнхүү шүүхийн шийдвэр биелэгдээгүй нь нэхэмжлэгчийн өөрөөс нь шууд хамааралтай. Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжид алдаа гарч захирамжпах хэсэгт ...урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож... гэж талуудын тохиролцсоноос давсан, өөр нөхцөлииг баталгаажуулсан ба компанийн бүтцэд өөрчлөлт орсон тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах боломжгүй. Нэхэмжлэгч нь алдаатай шүүгчийн захирамжид үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Улсын Дээд шүүхийн 2019 оны 384 тоот тогтоолоор алдаатай захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид 45,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон 2853 тоот захирамждаа өөрчлөлт оруулж, урьд эрхэлж байсан гэснийг захирамжаас хассан. Иймд нэхэмжпэгч өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулах саналаас татгалзсан бөгөөд компани эвлэрлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар м ХХК-иас 250,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Оэд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Оийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг м ХХК-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэггийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,706,300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч м ХХК-аас улсын 1,706,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Оэд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй бөгөөд хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.

Талууд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17,131,074 төгрөг олгохоор харилцан тохиролцсон. Үүний дараа нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дахин шүүхэд хандан ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулалд нийт 141,645,035 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг шүүх 45,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн ба уг мөнгөн хөрөнгийг манай байгууллага бүрэн төлж шийдвэр биелэгдсэн.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үнэлж, дүгнэлгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь явцуу дүгнэлт болсон гэж үзэж байна.

Хариуцагчийн хувьд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид ажилд орох санал тавьж, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тушаал гарган ажилд авахаар шийдвэрлэж байсан. Ийм байтал анхан шатны шүүхээс зөвхөн хариуцагчийг шүүхийн шийдвэр биелүүлээгүй мэтээр тайлбарлаж, нэхэмжлэгчийн хүсэл зориг, түүний илэрхийлэл болсон ач холбогдолтой үйл баримтуудыг үнэлж, дүгнээгүй нь хууль бус болсон. Түүнчлэн нэхэмжлэгчийн цалин хөлс нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэтэл анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга: Талуудын хооронд үүссэн маргаан хөдөлмөр эрхлэлтийн маргаан биш. Хөдөлмөрийн эрхлэлтийн маргаан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдсэн. Хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй. м ХХК-ийн зүгээс Л.Оийг ажилд эгүүлэн тогтоосон тушаал шийдвэр гаргаагүй ба гаргасан тушаал шийдвэр нь хуульд нийцэхгүй. Тийм учраас ажилгүй байсан 9 сарын цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгох үүрэгтэй болохыг дүгнэсэн. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилох тушаал шийдвэр гаргаагүй, арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Үүнийг нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичигт Л.Оийг ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой ажиллагаа өнөөдрийг хүртэл явагдаж байна гэсэн тайлбар ирүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа яригдах боломжгүй. Учир нь шүүхийн шийдвэр биелүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, биелэгдэх хүртэл нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөөр байдаг. Хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Тийм учраас давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас талуудын маргааны үйл баримтад хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Л.Оэ нь хариуцагч м ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 250,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 181/ШШ2017/02853 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Л.Оийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,131,074 төгрөг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр нэхэмжлэгч Л.Оэ, хариуцагч М ХХК нар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/01729 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2227 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00384 дугаар тогтоолоор Ма ХХК-аас 45,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн, тус шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх 10-11, 16-29/

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч компанийн ажлын байрны бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэх бодит байдалтай нийцэхгүй ... хуульд нийцсэн хөдөлмөрийн гэрээний төсөл танилцуулаагүй, хууль бус санал амаар танилцуулж, хууль бус ажилд авах тушаалыг гаргасан ... шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргах үед компанид бүтцийн өөрчлөлт орсон, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарлан маргажээ.

5.1. Хэргийн баримтаас үзэхэд, м ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн компанийн дүрмийн 15-д зааснаар компани нь ерөнхий менежерийн ажлын байр, албан тушаалтай байхаар зааж, дүрмийн 16-18 дахь хэсэгт ерөнхий менежерийн бүрэн эрх, чиг үүргийг тодорхойлжээ. /хх 207-216/ Мөн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үйлдсэн компанийн дүрмийн 15, 16, 18-д компанийн бүтцийг тодорхойлсноос үзвэл ерөнхий менежерийн ажлын байр, албан тушаал хасагдсан, компани нь санхүү, борлуулалт, маркетинг болон албаны менежертэй байхаар бүтцийг шинэчлэн баталжээ. /хх 68-71/

5.2. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн эсэх асуудлаар зохигчид маргасан бөгөөд хариуцагч м ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн R-09/17 тоот тушаалаар нэхэмжлэгч Л.Оийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргажээ. Тухайн шийдвэрийг хариуцагчаас нэхэмжлэгчид баталгаат шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн авсан, уулзалт хийсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. Хариуцагч 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15,882,882 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 45,662,950 төгрөгийг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн нь мөнгөн гүйлгээний баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/1654 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх албан бичгээр тогтоогдсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцжээ. /хх 115, 135-136, 179, 181/

5.3. Хариуцагч нь ийнхүү 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн R-09/17 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэр гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 181/ШШ2017/02853 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлсэн байна.

5.4. Нэхэмжлэгчийг ажилд томилсон тухай хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн R-09/17 тоот тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор эрх бүхий этгээд эсхүл шүүхэд гомдол гаргах эрхтэй. Ажил олгогчийн тус шийдвэр буюу эрх зүйн актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн байна.

6. Дээрх үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, хэргийн бусад нотлох баримтаар няцаагдаагүй байхад нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 36 дугаар зүйлийн 36.2-т заасантай нийцэхгүйг анхан шатны шүүх анхаараагүй, хууль хэрэглээний алдаатай болжээ.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийн зохицуулалт нь ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах тохиолдол, үүргийн тухай бөгөөд ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үед байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөний улмаас шүүхийн шийдвэрт заасан ажилтны урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн бол ажил олгогч, ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэх тохиолдлыг зохицуулжээ.

7.1. Хариуцагч м ХХК-д нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ерөнхий менежерийн ажлын байр байхгүй болсон нь нэхэмжлэгч О.Оийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох боломжгүй болж энэ үндэслэлээр зохигчид 2017 онд эвлэрч шүүхийн шийдвэр гарсан, хариуцагч 2017 оны 12 дугаар сард нэхэмжлэгчид ажлын байр санал болгосноор Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ биелүүлсэн байх тул хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг түүнд хариуцуулах үндэслэлгүй байна.

8. Хариуцагч шүүхийн шийдвэр биелүүлснийг нэхэмжлэгч татгалзсан, ажил олгогчийн тушаалын талаар шүүхэд гомдол гаргаагүй нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэл болохгүй учир 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойших хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгч шаардах үндэслэлгүй тул м ХХК-аас 250,000,000 төгрөг гаргуулах тухай Л.Оийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

9. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 181/ШЗ2020/6451 дугаар захирамжаар мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 181/ШШ2017/02853 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын урьд эрхэлж байсан гэснийг хасч өөрчлөлт оруулсан нь тус шүүхийн 2017 оны 02853 дугаар захирамжийн үр дагаврыг үүсгэнэ. Хариуцагч нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ерөнхий менежерийн ажилд бус Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу ажлын байраар хангах үүргийг хүлээсэн гэж үзэх ба энэ үүргээ биелүүлснийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэ зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. /хх 182-184/

10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02644 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч м ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 250,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Л.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1,706,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ