Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00492

 

 

 

“Ө-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02596 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ө-” ХХК-ийн хариуцагч “А” ТБАГУТҮГ-т холбогдуулан гаргасан ажлын хөлсний үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлс, торгууль, хохирол нийт 1,642,458,620 төгрөг гаргуулах, нэр бүхий хөдлөх хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, илүү төлсөн ажлын хөлс, алданги, зардал, цахилгааны төлбөр нийт 872,488,868 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Басцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сүхбаатар, А.Энхмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

   “Ө-” ХХК болон “А” ТБАГУТҮГ-тай 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус яамны ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын талбай чөлөөлөх, барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээг байгуулсан. Гэрээгээр ёслол хүндэтгэлийн өргөөний 9 давхар хүзүүвчтэй барилга угсралтын ажлыг нийт 4,353,678,125 төгрөгөөр 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд гүйцэтгэхээр тохиролцсон. Тендерт оролцохоор бичиг баримт бүрдүүлэх явцад А, Б, В гэсэн 3 блоктой 3 зураг төслөөс Б блокийн 9 давхрыг бариулахаар сонгон шалгаруулалт зарласан. “Ө-” ХХК-аас шалтгаалахгүйгээр гэрээт ажлын хугацаа хойшилсон. Мөн яамны хүсэлтээр барилгын зураг төслийг өөрчилсөн бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүзүүвчийн, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр цайны газрын өөрчлөлтийн зургийг тус тус хариуцагч хүлээлгэн өгснөөс хойш хүзүүвч, цайны газрын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. А блокийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд 6 давхар хүртэлх зурагт дүүргэлт, гадна фасадын зураг тодорхойгүй, халаалт, халуун, хүйтэн усны түгээх ерөнхий шугам, дулааны узель зангилаа Б блокоос А блокт шилжүүлсэн зургийн нэмэлт өөрчлөлт гараагүй, халаалт, халуун, хүйтэн ус, бохир, дээврийн усны хаялга, галын усны шугам, салхивч, агаар сэлгэлтийн шугам, цахилгаан, холбоо дохиолол, галын дохиоллын зураг тодорхойгүй байснаас 20 хоног, гэрээний ерөнхий нөхцөлийн 21.1, 21.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй, барилгын талбайд орсон цахилгаан дамжуулах кабелын шугамыг зайлуулах, дахин зураг гаргуулах ажлыг гүйцэтгэхэд 21 хоног, 2014 оны 08 дугаар сарын 01-24-ний өдрийн хооронд инженерийн сүлжээнд шинэчлэлд хийх болсонтой холбоотой ажил гүйцэтгэх боломжгүй болсон 23 хоног, автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил гүйцэтгэхтэй холбоотой яамнаас Нэгдүгээр эмнэлэг хүртэлх замыг хааснаас 66 хоногоор хугацаа хойшилсон. Хугацаа хэтэрсэн нь гүйцэтгэгчийн буруугаас болоогүй. “Ө-” ХХК-аас дээрх нөхцөл байдлуудын талаар удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан. 9 давхрын барилга угсралтын ажил дуусах үед захиалагчаас 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 12 давхар болгох, гадна фасадыг шилэн материалаар хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдүүлэхээр болсон. А блок барилгын “Шийт” ХХК-ийн хийсэн зургаас 2,5 метр урагшаа сунгаад шалны түвшинг дээшээ 1 метр дээшлүүлэхээр харилцан тохиролцож ажлыг цааш үргэлжлүүлсэн. Мөн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр цайны газрын зураг, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний хүзүүвчний сунгалтын зурагт тус тус өөрчлөлт орсон. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1,094,818,406 (301,200,000 + 341,948,593 + 1,254,851 + 77,792,648 + 22,816,314 + 349,606,000) төгрөгийг шаардаж байна.

   Барилгын ажлын явцад талууд 2015 онд болон 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Барилга угсралтын ажлын санхүүжилтийн тайланг үйлдэж, санхүүжилтийн тооцоо нийлсэн. 2015 онд нийлсэн тооцоогоор эцсийн байдлаар гүйцэтгэгчид олгох санхүүжилтийг 612,734,016 төгрөг болохыг 2016 оны ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын санхүүжилтэд 601,200,000 төгрөг төсөвт суусан болохыг дурдсан. 2016 оны төсөвт суусан санхүүжилтээс 300,000,000 төгрөгийг олгосон бөгөөд үлдэгдэл 301,200,000 төгрөгийг олгоогүй. “Ө-” ХХК-аас санхүүжилтийг олгох талаар удаа дараа мэдэгдэж байсан.

   Аны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 13/4523 албан бичгийн дагуу Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтэд нийт ажлын гүйцэтгэл 4,119,794,613 төгрөг болохыг тогтоосон. Ажлын хэсгийн дүгнэлтэд зааснаар нэмэлтээр төсөвт тусгагдаагүй 341,948,593 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар тусгасан. Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтийг үндэслэн талууд харилцан тохиролцож, гүйцэтгэлийн ажлын өртөг, гүйцэтгэсэн барилга угсралтын ажилтай дүйцэж байсан учраас нэмэлт ажлуудыг харилцан тохиролцож ажлыг цааш үргэлжлүүлэхээр болсон. Иймд нэмэлт ажлын энэ хөлсийг гаргуулна.

   Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 21 дүгээр зүйлд захиалагч барилга барих өргөтгөл газрын болон барилгын гаднах бүх төрлийн инженер, шугам сүлжээ авто болон төмөр замын ажил, цахилгаан дулаан, цэвэр бохир усаар хангах, радио холбооны инженер шугам сүлжээнд холбогдох эх үүсвэрийг тодорхойлсон барилгын ажил эрхлэх зөвшөөрөл баримт бичгийг хүлээлгэн ажлын талбайн бүх хэсгийг гүйцэтгэгч компанид ашиглуулна гэж заасан. Захиалагч ажлаа гүйцэтгээгүй буюу барилгын талбайд орсон инженерийн шугам сүлжээг зөөж, шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй. Үүний улмаас “Цахилгаан түгээх сүлжээ” ХК-аас 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дүгнэлт гаргаад аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас шугам сүлжээ гэмтсэн гэж үзсэн. Үүний дагуу 1,254,851 төгрөгийг “Ө-” ХХК төлсөн тул гаргуулна.

   2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр халаалт, салхивч, цахилгааны байршил өөрчилсөн зургийг хүлээлгэн өгсний дагуу өрөө, тасалгааны зохион байгуулалт нэмэгдэж өөрчлөгдөх шаардлага үүсэж нэмэлтээр хана, хамрын ажил хийсэн. Энэ ажлын хөлс 77,792,648 төгрөг болсон. Энэхүү ажил өмнөх төсөвт тусгагдаагүй байсан.

   2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр барилгыг 10 давхар болгон өөрчилсөн барилгын зургийг хүлээлгэн өгсний дагуу барилгыг 00 түвшингээс 1 метр дээш байрлуулснаас төв хаалганы довжооны хэмжээ нэмэгдэж 22,816,314 төгрөгийн ажил хийгдсэн.

   2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Ө-” ХХК нь БНХАУ-ын Вэй Хай Юүн Фэн Цахилгаан шатны үйлдвэр ХХК-тай цахилгаан шатны борлуулалт, угсралтын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2 ширхэг цахилгаан шатыг 9 давхар, 9 зогсох, 9 хаалгатайгаар, 1 ширхэг цахилгаан шатыг 6 давхар, 3 зогсох, 3 хаалгатайгаар захиалга хийж худалдан авч барилгын талбайд буулгасан боловч хариуцагчийн хүсэлтээр 10 давхар, 10 зогсох, 10 хаалгатай байхаар төлөвлөлт нь өөрчлөгдсөн тул 2 ширхэг цахилгаан шатны 9 давхар, 9 зогсох, 9 хаалгатай, 1 ширхэг цахилгаан шатыг 6 давхар, 3 зогсох, 3 хаалгатай захиалгыг БНХАУ руу буцааж, дахин шинээр 2 ширхэг цахилгаан шатны 10 давхар, 10 зогсох, 10 хаалгатай, 1 ширхэг цахилгаан шатыг 6 давхар, 4 зогсох, 4 хаалгатай байхаар худалдан авч Барилга, хот байгуулалтын яамны олгосон тусгай зөвшөөрлийн дагуу угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Тендерт лифтний үнийн саналыг 128,000 ам.доллар буюу 192,000,000 төгрөгөөр өгсөн. Тухайн үеийн ханшаар лифтний үнэ 313,856,000 төгрөг ба 10 давхарт зогсох ажлын өртгийг 35,750,000 төгрөгөөр тооцон нэмж, нийт 349,606,000 төгрөг гаргуулна.

   Талуудын хооронд байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 40.1-т “Хэрэв захиалагч төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хоцруулсан төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөр хийхдээ хамт төлнө. Торгуулийг төлбөр төлөх ёстой байсан өдрөөс төлбөрийг хийсэн өдөр хүртэлх хугацаанд тооцно” гэж заасан. Хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул торгууль төлөх үүрэгтэй. Гэрээнд торгуулийг тооцохдоо төлбөрийн валют тус бүрийн арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшийг баримтална гэж заасан. Торгуулийг 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 07 дугаар хүртэл хугацаагаар тооцсон. Төлбөрийн валют тус бүрийн Үндэсний статистикийн хорооноос гаргасан арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшаар тооцоход хариуцагч нь 375,508,829 төгрөгийн торгууль төлөхөөр байна.

   “Ө-” ХХК нь ажлын хөлсөө аваагүй 5 жил болж байна. А төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс гүйцэтгэгчид хохирол учраад байна. Гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, иргэдээс нийт 342,600,000 төгрөгийн зээлийг авсан. Яам ажлын хөлсийг хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн төлбөрийг төлөх хугацааг, хэтрүүлэн муу зээлийн түүхтэй болсон. Бусдаас авсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд илүү төлсөн 172,131,385 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд торгуульд 357,508,829 төгрөг, хохиролд 172,131,385 төгрөг, нийт 1,642,458,620 төгрөгийг гаргуулна.

   2017 онд барилгын талбайд нэвтрүүлэхгүй болсноос хойш тус газрын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 08/01 тоот барилгын талбай дахь бараа материал, тоног төхөөрөмж хүлээн авсан актад үйлдсэн. Уг актад тусгагдсан хөрөнгүүдийг өгөөгүй. Иймд Zoomlion маркийн 15 тонны авто кран, hyundai маркийн ачааны автомашин, Dell маркийн personal 2 ширхэг компьютер, вакум цонхны тоног төхөөрөмж, салхивчны тоног төхөөрөмж, баримт бичгийн 2 ширхэг шкаф, нивелер, теодолит, мотортой салхивчны 2 ширхэг сэнс,  цагт 30 м.куб бетон шахдаг помп, цагт 80 м.куб шахдаг том, шаврын төхөөрөмжийн конвейр, сандал 10 ширхэг, 6 ширхэг ширээ, захирлын сандлыг хариуцагчийн эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ.

   2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

   Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн 2 дугаар хавсралтад ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэлийн ажлыг 2013 онд эхэлж 2017 онд дуусахаар заасан. “Ө-” ХХК 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийт 4,353,678,125 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцож, барилга угсралтын ажил гүйцэтгэгчээр ажилласан. Барилгын хөгжлийн төвийн захирлын 2016 оны А/196 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, барилга угсралтын ажлын гүйцэтгэл буюу ажлын явц 90 хувь, санхүүжилт 11 удаагийн гүйцэтгэлээр 3,792,217,065 төгрөг буюу 85 хувьтай гэж дүгнэсэн. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн баримтаар “Ө-” ХХК 4,158,875,189 төгрөг авсан нь тогтоогдсон. “Ө-” ХХК нь 85 хувийн ажил гүйцэтгэсэн байхад 95 хувийн санхүүжилт олгосон. Нэхэмжлэгчийн алдаатай гүйцэтгэсэн ажлыг засуулах, дутуу орхисон ажлыг дуусгахаар өөр компани ажиллуулж, батлагдсан төсөвт өртгөөс гадна нэмэлт зардал гаргасан. Нэхэмжлэгч лифтний үнийн саналыг 192,000,000 төгрөг гэж өгсөн. Хэрэгт лифт тээвэрлэх гэрээ авагдсан. Хятад улсаар худалдаж авсан гэсэн боловч төлбөрийн баримт байхгүй. Ажлын хөлсний үлдэгдэл 301,200,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. 341,948,593 төгрөг, 77,792,648 төгрөг, 22,816,314 төгрөг зэрэг бусад нэмэлт ажлын гүйцэтгэсэн баримтгүй.

   Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсийг хугацаанд нь төлөөгүйн торгууль 357,508,829 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. “Ө-” ХХК гэрээт ажлыг зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүй нь Барилгын хөгжлийн төв болон Мэргэжлийн хяналтын байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдоно. Мөн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тооцоо нийлснээс хойш ажил хийгээгүй.

   Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 172,131,385 төгрөг гаргуулах шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахгүй, холбоогүй тул хохирол гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй.

   Нэхэмжлэлийн хавсралтад дурдсан эд хөрөнгийг тус компанийн хөрөнгөөр эсхүл төрийн зардлаар авсан эсэхийг тодорхойлсны дараагаар акт үйлдэн хүлээлгэн өгөхөд нээлттэй. “Ө-” ХХК нь өмчөө авъя гэж хандаагүй. Харин барилгын ажилд ашиглаж байсан материалын тухайд захиалагчийн өмч тул барилгадаа ашигласан, буцаан өгөх боломжгүй гэжээ.

 

   3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

   “А” ТБАГУТҮГ нь “Ө-” ХХК-д ажлын хөлсөнд илүү 463,378,317 төгрөг төлсөн. Түүний алданги 231,186,160 төгрөг, дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс гарсан зардал 146,259,382 төгрөг, барилга баригдах хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөрт 31,665,009 төгрөг, нийт 872,488,868 төгрөг гаргуулна. Гэрээнд барилга угсралтын ажлыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусган хүлээлгэн өгөхөөр заасан боловч 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тул тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 08/1711 дугаар албан бичгээр гэрээг цуцалсан. Улмаар богино хугацаанд /3 сар/ бага төсөвт өртгөөр барилгын ажлыг үргэлжлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын ирүүлсэн зөрчлийг арилгах, зөвлөмжийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг дуусгах, ашиглалтад өгөх зорилгоор тус яам болон “Зиг Заг Дизайн” ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 12/1 дугаар ажил гүйцэтгэгч гэрээ байгуулж, мөн оны 10 дугаар сарын 11-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн. “Зиг заг дизайн” ХХК нь барилгын гүйцэтгэлийг гэрээт хугацаандаа бүрэн дуусгасан. “Ө-” ХХК хуулийн дагуу барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхөөс зайлсхийж төрийн байгууллагын үйл ажиллагааг алдагдуулсан. “Ө-” ХХК-д нийт 4,158,875,189 төгрөг буюу гэрээт өртгийн 95,5 хувийн санхүүжилтийг олгосон. Тиймээс хийсэн ажлын хэмжээнд 3,695,496,872 төгрөг төлөх ёстойгоос илүү 463,378,317 төгрөгийг шилжүүлсэн тул алданги 231,186,160 төгрөгийн хамт гаргуулна.

   Мөн барилга угсралтын үлдсэн ажилд зарцуулсан зардал 146,259,382 төгрөг, барилгын ажлын явцад хэрэглэсэн цахилгааны төлбөрт зарцуулсан 31,665,009 төгрөгийг “Ө-” ХХК төлөөгүй. Иймд тус компаниас нийт 872,488,868 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

   А “Ө-” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөөгүй тул илүү төлсөн төлбөр шаардах үндэслэлгүй. Цахилгааны зардлыг нэхэмжлэгч хариуцах талаар гэрээнд заагаагүй. Дутуу ажлын зардалд 146,259,382 төгрөг гарсан байсан ч манай компанид олгох төлбөрөөс хасаж тооцсон тул зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  

   5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

   5.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан “А” ТБАГУТҮГ-аас 493,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ө-” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,131,285,620 төгрөг болон “Ө-” ХХК-аас 872,488,868 төгрөг гаргуулах тухай хариуцагч “А” ТБАГУТҮГ-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,  

   5.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан “А” ТБАГУТҮГ-ын хууль бус эзэмшлээс Zoomlion маркийн 15 тонны 98-30 улсын дугаартай Автокран 1 ширхэг, Хьюндай портер маркийн 60-28 ДАА улсын дугаартай автомашин 1 ширхэг, цагт 30 м.куб бетон шахдаг помп -1 ширхэг, цагт 80 м.куб шахдаг том помп -1 ширхэг, шаврын төхөөрөмжийн конвейр -1, Dell маркийн personal компьютер /барилгын программ суулгасан байсан/ -1 ширхэг, Вакум цонхны тоног төхөөрөмж 1 ширхэг зэрэг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн баримтад тусгагдсан хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч Ө- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх салхивчны тоног төхөөрөмж 1 ширхэг, баримт бичгийн шкаф 2 ширхэг, нивелер багаж 1 ширхэг, теодолит багаж 1 ширхэг, салхивчны мотортой сэнс 2 ширхэг /том, жижиг/, сандал 10 ширхэг, ширээ 6 ширхэг, захирлын сандал 1 ширхэг зэргийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

   5.3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 8,440,443 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,694,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

   6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

   Анаас 493,200,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүхээс нотлох баримтыг дутуу үнэлж, хууль буруу хэрэглэсэн. Тодруулбал, “Ө-” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ёслол хүндэтгэлийн өргөөний ажлыг нийт 4,353,678,125 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Барилгын хөгжлийн төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/196 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг барилга угсралтын ажлын гүйцэтгэл буюу ажлын явц 90 хувь, санхүүжилт нь 11 удаагийн гүйцэтгэлээр 3,792,217,065 төгрөг буюу 85 хувьтай гэж дүгнэсэн бөгөөд 2016 онд хийгдсэн барилга угсралтын ажлын нь 389,547,595 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, нийт гүйцэтгэсэн ажлын төсөв 4,119,794,613 төгрөг болохыг дурдсан. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн баримтаар “Ө-” ХХК 4,158,875,189 төгрөг авсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, А гэрээгээр тохирсон үнийн дүнгийн 95,5 хувийн санхүүжилтийг олгосон болно. Мөн нэхэмжлэгчийн алдаатай гүйцэтгэсэн ажлыг засуулах буюу дахин хийлгэхээр өөр компани ажиллуулж, тооцоонд тусгагдаагүй нэмэлт зардлыг гаргасан. Гэрээний тусгай нөхцөлийн 44-т “гэрээнд үнийг тохируулга хэрэглэж болохгүй” гэж, тендерийн өгөгдөлд “санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад тохируулахгүй, тогтмол байлгана” гэж заасныг шүүхийн шийдвэрт дурдсан нь зүйтэй боловч тус яамнаас Сангийн яаманд хүргүүлсэн санхүүжилтийн эрх нээлгэх хүсэлтийг гэрээт ажлын гүйцэтгэлийн баримтад тооцон үнэлсэн, хариуцагчийг холбогдох үйл баримтад маргаагүй гэж буруу дүгнэсэн. Иймд гүйцэтгээгүй буюу дуусгаагүй ажлын хөлсөнд хамаарах 301,200,000 төгрөгийг олгох үндэслэлгүй буюу өөр компанийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг “Ө-” ХХК-д өгөх боломжгүй, шүүхээс нотлох баримтыг дутуу үнэлсэн.

   Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэж лифтний үнэ 192,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан материалд лифт угсралтын ажил гүйцэтгэх тусдаа гэрээ болон бичгээр тохирсон нотлох баримт байхгүй, барилгын ажил гүйцэтгэх гэрээнд лифтийг тусад нь суурилуулах талаар ч заагаагүй. Мөн ажлын зураг төсөлд лифтийг “Sigma” брэнд байхаар тусгагдсан боловч гүйцэтгэгч дур мэдэн “Wei Hai Yunfeng Elevator” гэсэн лифтийг суурилуулсан бөгөөд уг лифтний үнийг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн, гүйцэтгэгч өөрөө лифтний үнийг 192,000,000 төгрөгөөр тооцон барилгын ажлын нийт үнийн дүн 4,353,678,125 төгрөгт багтаан гэрээг байгуулсан байхад хариуцагчаас дээрх 192,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь зүйлийг тус тус зөрчсөн ба мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

   “Ө-” ХХК-ийн гүйцэтгэсэн ГХЯ-ны ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын талбайг чөлөөлөх, барилга угсралтын ажлын явц болон ажлын төсвийн гүйцэтгэлд Барилгын хөгжлийн төвөөс 2016 онд гаргасан албан ёсны үнэлгээ, дүгнэлтээр ажлын явц 90 хувь байхад захиалагчаас 95,5 хувь буюу 4,158,875,189 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлснээс үзвэл 5,5 хувь болох 239,452,297 төгрөгийг гүйцэтгэгчид илүү шилжүүлсэн нь хоорондын тооцоогоор нотлогдох бөгөөд гэрээний тусгай нөхцөлийн 57.1-д “Хэрэв захиалагчид төлөх төлбөрийн дүн гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс хэтэрвэл, хэтэрсэн дүн нь гүйцэтгэгчээс захиалагчид төлөх ёстой өр болно” гэж заасны дагуу буцаан нэхэмжлэх үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгчийн алдаатай гүйцэтгэсэн ажлыг засуулах буюу бусдаар дахин засаж гүйцэтгүүлсэн ажлын талаар маргадаггүй, гэтэл холбогдон гарсан зардал болох 146 259 382 төгрөгийг гүйцэтгээгүй ажлын хөлсөнд суутган тооцохоор тайлбарлаж, шүүхийн шийдвэрт “хийгээгүй ажлын хөлсийг олгоогүй тул нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй” гэж, нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн байхад хариуцагчийг нотлох баримт ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Барилга барих явцад хэрэглэсэн цахилгааны хөлс 32,000,000 төгрөг, захиалагчийн хяналтын зардал 11,947,381 төгрөг, алдангийн хамт нийт 872,488,868 төгрөгийн гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Барилгын зураг өөрчлөгдсөний улмаас лифт өөрчлөгдсөн. Гэрээний төсөв өгсөн боловч ямар ч ажил хийгээгүй гэж тайлбарласан нь ойлгомжгүй юм. Барилга хөгжлийн төвийн дүгнэлтэд захиалагчийн хүсэлтээр гүйцэтгэсэн ажлын зардал гэж тодорхой тусгагдсан. 2014, 2015 онд Анаас манай компани руу хүргүүлсэн 2 албан бичигт уг барилгыг 10 давхар болгож барихад ямар зардал гарах вэ гэсэн агуулгатай баримтууд хэрэгт авагдсан. 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн зураг төслөөр 10 давхар зурагдсан. Манай компани өөрийн хөрөнгөөр барилга барьж, гүйцэтгэлээр тооцоо хийнэ гэж заасны дагуу санхүүжилтээ авсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төслийн менежер н.Цэен-Ойдов ажлаасаа гарснаас хойш санхүүжилт өгөөгүй. Барилга 2014 оны 01 сард дуусах төлөвлөгөөтэй байсан боловч манай компаниас шалтгаалаагүй, дулааны шугам, авто зам засварлах ажлын улмаас хойшилсон. Ажлын хөлсөө авна гэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1.Анхан шатны шүүх “2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 150,000,000 төгрөг олгоход нэмэгдэл зардалд 72,3 хувь 5,198,081 төгрөг тус тус тооцож олгосноос гадна энэ хэсэгт хүзүүвч, цайны газрын нэмэлт зардалд шаардсан 129,492,409 төгрөг багтсан. Дээрх байдлаар нэмэлт ажлын зардлыг хариуцагч тухай бүрд тооцож олгосон байна. Нэхэмжлэгчээс одоо шаардаж буй 442,557,555 төгрөгийн нэмэлт ажил хүлээн авсан ажлын хөлсөнд багтаагүй болохыг баримтаар нотлоогүй, үүнээс гадна нэхэмжлэгчээс баримтаар ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн санхүүжилтийн тайланд гүйцэтгэсэн нэмэлт ажлын дүн 106,397,064 төгрөг гэж өөрийн хийсэн ажлыг тооцож байжээ” гэж дүгнэсэн.

8.2 Эдгээрээс үзэхэд хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тайланд тусгагдсан барилга угсралтын байгууллагын удирдлага зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах зардал, өвлийн нэмэгдэл зардал, түр барилгын зардал, ажилчдын нийгмийн баталгааг хангах, ажилчдыг давтан сургах зэрэг олон зардлыг санхүүжүүлдэг төсвийн цалингаас тооцдог, нэмэгдэл зардал 243,505,684 төгрөг, хүзүүвч, цайны газрын нэмэлт зардлын 129,492,409 төгрөг, харилцан тохиролцсон нэмэлт ажлын зардал 106,397,064 төгрөг нийт 479,395,157 төгрөгийн зардлыг зургийн өөрчлөлтөөр хийгдсэн нэмэлт ажлын зардалд тооцсон нь үндэслэл юм. 2013-2016 оны хөрөнгө оруулалтын батлагдсан төсөвт өртөг            4,460,075,189 төгрөг, талуудын хооронд байгуулсан гэрээний үнэ 4,353,675,125 төгрөгийн зөрүү 106,397,064 төгрөгийг харилцан тохиролцож зургийн өөрчлөлтөөр нэмэгдсэн нэмэлт ажлын зардал болгосон. Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Аны ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэлийн ажлыг талууд харилцан тохиролцож доор дурдагдаж буй зургийн өөрчлөлтөөр хийгдсэн нэмэлт ажлуудын Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтийг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр албан бичгээр нэмэгдүүлж зургийн өөрчлөлтөөр хийгдсэн нэмэлт ажлын зардлын гүйцэтгэлийн тайлан 700,000,000 төгрөгийг гарган өгч улсын төсөвт суулгасан дүн нь 5,160,075,189 төгрөг болж өөрчлөгдсөнийг оруулсан. Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтээр нэмэлт ажлын хөлс 341,948,593 төгрөг гаргуулах шаардлага тогтоогдсон. Үүнд: техникийн давхрын өргөтгөл 198 м.кв талбай нэмэгдсэн ажлын гүйцэтгэл 235,421,683 төгрөг, гадна зам талбайн, явган зам, авто зурагт өөрчлөлт оруулах зөвшөөрлийн дагуу анхны зураг төсвийг өөрчлөхөд 00 түвшингээс 1 метр дээш барилгыг өргөхөд төв хаалганы довжооны хэмжээ нэмэгдэж гарсан нэмэлт ажлын гүйцэтгэл 22,816,314 төгрөг болсон.

8.3. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гүйцэтгэлийн зургаар барилгыг 10 давхар болгож өөрчлөхөд 9 давхарт зориулаад авчирсан цахилгаан шатыг шинээр солиход 157,606,000 төгрөгийн зардал гарсан.

8.4 “Ө-” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс нивелер 1 ширхэг, теодолит 1 ширхэг, сандал 10 ширхэг, ширээ 6 ширхэг, захирлын сандал 1 ширхэг, баримт бичгийн шкаф 2 ширхэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсан баримтаар нивелер, теодолит багажны хөлнүүд болон модон 6 метрийн хэмжигчүүд, нивелер, теодолитын гэрчилгээ байна. “Ө-” ХХК-ийн захирал Б.Басцогтын гаргасан өөрийн эзэмшлийн “Цэндэнхайрхан” ХХК-ийн хөрөнгийн жагсаалтад байгаа сандал, ширээ, захирлын сандал, баримт бичгийн шкаф нь “Ө-” ХХК-ийн барьж буй барилгад байрласан оффисын өрөөнд байсан ба тэдгээрийг инженер техникийн ажилтан, удирдах албан тушаалтан ашиглаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мөн болохыг нотлох шаардлагатай талаар дүгнэсэн нь үндэслэлтэй. Шүүх лифтний 192,000,000 төгрөг гаргуулах тухайд шүүх тодорхой нотлох баримтыг үндэслэж уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэрээгээр тохиролцсон үнийн дүнтэй лифт биш, өөр лифт суурьлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй ажлын төлбөрөө шаардаж буй нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

   Нэхэмжлэгч “Ө-” ХХК хариуцагч “А” ТБАГУТҮГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу дутуу төлсөн хөлс болон нэмэгдэл ажлын хөлс 1,094,818,406 төгрөг, торгууль 375,508,829 төгрөг, хохирол 172,131,385 төгрөг, нийт 1,642,458,620 төгрөг гаргуулах, нэр бүхий хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлсөнд илүү төлсөн 463,378,317 төгрөг, алданги 231,186,160 төгрөг, дутуу орхисон ажлыг бусдаар гүйцэтгүүлсний хөлс 146,259,382 төгрөг, цахилгааны төлбөр 31,665,009 төгрөг, нийт 872,488,868 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ө-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас дутуу олгосон ажлын хөлсний үлдэгдэл 301,200,000 төгрөг, лифтний ажлын хөлс 192,000,000 төгрөг, нийт 493,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсэг болох 1,131,285,620 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч торгууль 375,508,829 төгрөг, хохирол 172,131,385 төгрөг нийт 547,640214 төгрөгт холбогдох зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн (шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7, 8)-д гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх  тул давж заалдах шатны шүүхээс эдгээр шаардлагын талаар  эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.. Мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д төлсөн 1,254,851 төгрөгт холбогдох хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй зөвшөөрсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх дутуу олгосон ажлын хөлс 301,200,000 төгрөгийн болон лифтний ажлын хөлс 192,000,000 төгрөг, нийт 493,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, тухайн харилцааг зохицуулсан хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр барилга угсралтын ажлын 2016 оны 7, 8, 9 сарын гүйцэтгэлийг хүлээн авсан болох нь ГХЯ-ны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/7060 тоот албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдсон, уг ажлын хөлсийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй тул өөр компанийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг “Ө-” ХХК-д өгөх боломжгүй гэсэн хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна. (1хх-ийн 173)

Мөн хариуцагч тал нэхэмжлэгчид лифтний ажлын хөлсийг олгоогүй, нэхэмжлэгч нь лифтний ажлын хөлс гэрээ байгуулах үеэс нэмэгдсэн гэх байдлаа нотлоогүй тул шүүх гэрээнд заасан үнийн дүн болох 192,000,000 төгрөгөөр тооцож олгосныг буруутгах үндэслэлгүй, хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн нийт ажлын хөлс 4,158,875,189 төгрөгт лифтний ажлын хөлс багтсан гэх тайлбараа  хариуцагч баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй, харин шүүх гэрээнд заасан 9 давхраар бус 10 давхар барилгад лифт угсрагдсан бодит үйл баримтад дүгнэлт хийгээгүй тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

2. Талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Аны ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын талбай чөлөөлөх, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч “Ө-” ХХК нь Аны ёслол хүндэтгэлийн өргөөний 9 давхар хүзүүвчтэй барилга угсралт, талбай чөлөөлөх ажлыг инженерийн шугам сүлжээний хамт 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эхэлж 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор ашиглалтад оруулах, захиалагч А нь ажлын хөлсөнд нийт 4,353,678,125 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон байна. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. (1хх-ийн 39-59)

Захиалагч А гүйцэтгэгч “Ө-” ХХК-ийн гүйцэтгэсэн  ажлыг 2016 оны 12 дугаар  сард Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн ил, далд зөрчлүүдийг арилгаагүй гэх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байна. (2хх-ийн 18-19)

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд Аны ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын талбай чөлөөлөх, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан үйл баримтын талаар зохигч маргаагүй болно.

   3. Талууд анх ажил гүйцэтгэх гэрээгээр ёслол хүндэтгэлийн өргөөг 9 давхар барилгын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон боловч гэрээ хэрэгжих явцад захиалагч Анаас зураг төсөлд өөрчлөлт оруулж, тус барилга 9 давхар байсныг 12 давхар болгож, гадна фасадыг шилэн хийцийн материалаар хийхээр хүсэлт гаргаснаар нэхэмжлэгч уг барилгад нэмэлт ажил гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. (1хх-ийн 109, 1хх-ийн 104-108)

Тухайлбал, Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр нэмэгдсэн ажлын төсөвт өртөг 341,948,593 гэж, талуудын хооронд цахимаар харилцаж байсан гэрээний төсөлд нэмэгдэж хийгдсэн өмнөх төсөвт тусгагдаагүй ажлын төсөвт өртгийн талаар харилцан санал хүргүүлж  байсан зэргээс үзэхэд нэмэлт ажлын хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. (1хх-ийн 104-108, 3хх-ийн 245-251)

 

4. Анхан шатны шүүх Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтэд талууд маргаагүй, шинжээч томилуулах хүсэлтийг хэн аль нь гаргаагүй болохыг зөв дүгнэсэн атлаа уг дүгнэлтийн тайлбар хэсэгт орж тусгагдсан буюу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн 11 гүйцэтгэлийн ажлын тайланд тусгагдсан, угаас тайланд нэмэгдэл зардлаар тусгагддаг зардлуудын хэсгийг түүвэрлэн, улмаар “...нэмэлт ажлын зардлыг хариуцагч тухай бүрт тооцож олгосон ...” гэж нотлох баримтыг бодит байдлаас зөрүүтэй үнэлсэн байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн /магадлалын тодорхойлох хэсгийн 6.2-т тусгагдсан авж заалдах гомдол үндэслэлтэй.

 

            Хариуцагч тал Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтийг эс зөвшөөрч маргаагүй тул уг дүгнэлтээр тогтоогдсон нэмэгдэл ажлын хөлс 341,948,593 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

            5. Харин дээрх дүгнэлтэд дотор халаалт, агаар сэлгэлтийн систем, цэвэр бохир усны системийн ажлын зураг өөрчлөгдсөнтэй холбоотой  нэхэмжлэгч 77,792,648 төгрөгийн болон анхны зураг өөрчлөгдөж, төв хаалганы довжооны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой гэх 22,816,314 төгрөгийн нэмэлт ажлын хөлс тус тус тусгагдаагүй тул эдгээр шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

            6. Нэхэмжлэгч “Ө-” ХХК лифт худалдан авсны үнийн зөрүү 313,856,000 төгрөг, нэмэлт ажлын зардал 35,750,000 төгрөг, нийт 349,606,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч нь лифтний ажлын хөлс хариуцагчтай гэрээ байгуулах үеэс нэмэгдэж 313,856,000 төгрөг болсон, үүнтэй холбоотой гэрээний үнэ өөрчлөгдсөн, лифтний нэмэлт ажлын 37,750,000 төгрөгийн шаардлагаа үндэслэл бүхий баримтаар нотлоогүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

            Харин шүүх талууд ажил гүйцэтгэх гэрээнд 9 зогсоолтой лифтний ажлын хөлсийг 192,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон боловч 10 давхар болгож өөрчилснөөр барилга баригдаж дууссан байгаа бодит байдалд зөв дүгнэлт хийгээгүй байна.

             

            Гэрээнд заасны дагуу Ёслол хүндэтгэлийн өргөөний барилгын ажлын төслийн менежерээр Д.Цэен-Ойдов томилогдон ажиллаж байгаад түүнийг ажлаас чөлөөлснөөс хойш төслийн менежер томилогдоогүй бөгөөд  ГХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн уулзалтын тухай тэмдэглэл, цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрээний төслүүд зэргээс үзэхэд ТЗУГ-ын зөвлөх Л.Базарсад  захиалагч байгууллагыг төлөөлж гүйцэтгэгч талтай харьцаж байсан гэж үзэхээр байна. (3хх-ийн 245-251, 4хх-ийн 1-4,  5хх-ийн 64-65, 4хх-ийн 6-15)

            Хэдийгээр барилгын давхар өөрчлөгдсөнтэй холбоотой өртгийн зөрүүгийн талаар үндсэн гэрээнд хууль болон гэрээнд заасан журмын дагуу өөрчлөлт оруулаагүй боловч талуудын хооронд харилцаж байсан цахим захидалд хавсаргасан захиалагчаас ирүүлсэн гэрээний саналд 93,824,000 төгрөг гэж заасныг гүйцэтгэгч зөвшөөрсөн санал хүргүүлж байсан болох нь үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрээний төслүүдээр тогтоогдож байна. (3хх-ийн 245-251, 4хх-ийн 1-4)

 

            Иймд хариуцагч А нь нэхэмжлэгч “Ө-” ХХК-д лифтний ажлын өртгийн зөрүү 93,824,000 төгрөгийн хэмжээнд хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нь 301,200,000 төгрөгийн ажлын хөлсийг дутуу төлсөн, нэмэгдэл ажлын хөлс 341,948,593 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн тул хариуцагчийн гаргасан нэхэмжлэгч “Ө-” ХХК-аас илүү төлсөн хөлс 463,378,317 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй. Мөн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан явдалд ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй нэхэмжлэгчийн болон  ажлын хөлсийг хугацаандаа төлөөгүй хариуцагчийн үйл ажиллагаа аль аль нь нөлөөлсөн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз шаардах эрхгүй тул алданги 375,508,829 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг шаардлага мөн үндэслэлгүй болно. Маргааны зүйл нь ажил гүйцэтгэх гэрээг цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэгчийн хийсэн ажлын хувь хэмжээний талаар байгаа  тул гэрээг цуцалснаас хойш бусдаар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс 146,259,382 төгрөг гаргуулах сөрөг шаардлага үндэслэлгүй болно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.  

 

Талууд гэрээндээ ажил гүйцэтгэх явцад хэрэглэсэн цахилгааны төлбөрийг гүйцэтгэгч “Ө-” ХХК төлөхөөр тохиролцоогүй тул нэхэмжлэгч нь цахилгааны төлбөрийг төлөх үүрэггүй юм.

 

8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн баримтад тусгагдсан Zoomlion маркийн 15 тонны 98-30 улсын дугаартай Автокран 1 ширхэг, Хьюндай портер маркийн 60-28 ДАА улсын дугаартай автомашин 1 ширхэг, цагт 30 м.куб бетон шахдаг помп -1 ширхэг, цагт 80 м.куб шахдаг том помп -1 ширхэг, шаврын төхөөрөмжийн конвейр -1, Dell маркийн personal компьютер /барилгын программ суулгасан байсан/ -1 ширхэг, Вакум цонхны тоног төхөөрөмж 1 ширхэг зэрэг хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлж, бусад эд хөрөнгийн талаар актад тусгагдаагүй, нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй гэж үзэж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9. Иймд хариуцагч Анаас ажлын хөлснөөс дутуу олгосон 301,200,000 төгрөг, лифтний ажлын өртөг 285,824,000 төгрөг, нэмэлт ажлын хөлс 341,948,593 төгрөг, нийт 928,972,593 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ө-” ХХК-д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02596 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

   1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343  дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А” ТБАГУТҮГ-аас 928,972,593 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ө-” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 713,486,027 төгрөгт холбогдох хэсгийг болон “Ө-” ХХК-аас 872,488,868 төгрөг гаргуулах тухай хариуцагч “А” ТБАГУТҮГ-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

   3 дахь заалтын “2,694,150” гэснийг “4,802,813” төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 3,158,768 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч “А” ТБАГУТҮГ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                  ШҮҮГЧИД                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                        Н.БАТЗОРИГ