Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 208/МА2023/00006

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 485 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч Ц.*******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр үндсэн зээл 27,478,000 төгрөг, зээлийн хүү алдангийн хамт бүгд 41,217,000 төгрөг, барааны үнэ 535,000 төгрөг тус тус гаргуулах тухай

 Хэргийг хариуцагч Ц.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагчийн өмгөөлөгч С.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ:

 1. Миний бие нь Ц.*******тэй сайн танил, хамт ажиллаж байсан тул 2015 оны үед мөнгө зээлэх хүсэлт тавихад нь зөвшөөрч Ц.*******д мөнгө зээлүүлж байсан. Тэр ч авсан мөнгөө хугацаанд нь төлж ямар нэгэн хэл ам гаргаж байгаагүйд итгээд 2016 оноос эхлэн Ц.*******д нэлээд хэмжээний мөнгө зээлүүлдэг болсон юм. ...Хамгийн сүүлд Ц.******* нь самарт яваад мөнгийг чинь бөөнд нь өгнө, нэг ачаа хийсэн гэж ярьсан боловч нэг ч төгрөг төлөөгүй ба сүүлдээ утсаа авахаа больсон тул миний бие аргагүй эрхэнд хуулийн байгууллагад хандахад хүрсэн.Өмгөөлөгч авснаас хойш Ц.******* нь энэ мөнгийг аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх мэтээр ярьж байгаагаас үзвэл анхнаасаа л намайг залилж хугацаа хэтрүүлэх далд санаатай байсан нь тодорхой байна. Нэгэнт Ц.******* нь ийм зүйл ярьж байгаа болохоор би түүнд зээлийн гэрээгээр бэлэн ба бэлэн бусаар өгсөн 34.845.000 төгрөгөөс эргүүлж төлсөн 6.032.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 28.813.000 төгрөгт хугацаа хэтрүүлсэн алданги 50%-иар тооцоход 43.219.000 төгрөг болж байна. Иймд Ц.*******с 43.219.000 төгрөгийг барааны үнэ 535.000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.******* хариу тайлбартаа:

 1.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.******* нь надаас 43.219.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь би ******* эгчээс урьд нь ганц нэг удаа мөнгө зээлж байсан. Гэтэл дараа нь ******* эгч өөрөө надтай ирж уулзаад чи Төмөрийн үйлдвэрт ажилладаг юм чинь ажлынхаа хүмүүст болон хужаа нарт мөнгө хүүтэй зээлээд өгөөч би чамайг гомдоохгүй хувь өгье гэж хэлсэн. Ингээд ******* нь надаар дамжуулан хужаа нарт 20 хувиар, монгол хүмүүст 10 хувиар мөнгө зээлдэг байсан ба тэр хүмүүс нь мөнгөө зээлээд буцаагаад өгөхөөр ******* эгч баярлалаа гээд надад хувь өгдөг байсан. ******* эгч дээрх хүмүүст мөнгө зээлэхдээ надыг дандаа зээлдэгчээр бичиж өгдөг байсан. Тэгэхээс би ******* эгчээс 34.845.000 төгрөг зээлээгүй. Дээрх мөнгийг авсан хүмүүс нь өөрсдөө мэдэж байгаа. Мөнгө зээлэхдээ ******* эгч хүнд битгий хэлээрэй. Хамт амьдардаг Машбатдаа ч бүү хэлээрэй гэж гуйж байсан. Дээрх хүмүүст зээлүүлсэн мөнгөө заримыг нь аваагүй болохоор надаас мөнгө нэхэж байна. Хүмүүст зээлсэн мөнгө нь ч 34.845.000 төгрөг болохгүй байхаа, ор үндэслэлгүйгээр ингэж гүтгэж ийм их мөнгө нэхэж байгаа нь арай дэндүү байна. Дээрх мөнгийг 2015, 2016 онд зээлүүлж байсан мөнгө бөгөөд тэр зарим хүмүүс нь мөнгийг буцааж өгсөн. Мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх гэж бодож байна. Гэтэл дээрх их хэмжээний мөнгөө үндэслэлгүйгээр надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна. Надад мөнгө зээлсэн бол ямар баримтыг үндэслэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ингээд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 485 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэг, 283 дугаар зүйлд зааснаар хариуцагч ******* овогт ******* *******гээс үндсэн зээл 25,303,000 төгрөг, хүү 2,845,000 төгрөг, алданги 6,325,750 төгрөг нийт 34,473,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Түмэн овогт Шийнэнгийн *******т олгож,

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******гээс барааны үнэ 535000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 8,745,250 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479481 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гээс 330315 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхээс хариуцагч *******гээс нэхэмжлэгч *******т нийт 35.008.750 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

1.Хөөн хэлэлцэх хугацааг ямар ч баримт, хуулийн үндэслэлгүйгээр сэргээсэн. Тийм үндэслэлгүй сэргээсэн захирамжаа үндэслэн хэргийг буруу шийдвэрлэсэн.

2.Хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах Иргэний хуулийн зохицуулалтуудыг буруугаар хэрэглэн хэргийг хуульд зааснаас өөрөөр шийдвэрлэсэн.

3.Өмнө нь давж заалдах шатны шүүх хэргийг агуулгаар нь тодорхой шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгч өөрийн үзэмжээр дур мэдэн дүгнэлт өгч нэхэмжлэгч талд ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.

4.Хэргийн үйл баримтуудаас хариуцагч талд ашигтай мэдүүлэг, баримтуудыг үнэлэлгүй зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай баримтуудыг түүвэрлэн үнэлсэн ба ийн үнэлж буй баримтууд нь цаг хугацаа өнгөрсөн хойно гаргасан эсвэл эргэлзээтэй тодорхойгүй байсны дээр таамаглан үнэлж мөн хэрэгт огт авагдаагүй байхгүй баримтыг байгаа мэтээр дүрсэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх гомдолд дурьдсан асуудлуудаар хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 2 зүйлээр маргасан. Нэг нь энэ мөнгийг аваагүй, өөр хүмүүс авсан. Хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан. Мөнгийг аваагүй гэсэн нотлох баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй. ... 2018 онд ******* мөнгөний асуудлаар биш, өөр асуудлаар уулзсан гэдгээ нотолчих. Нотлох баримт өгөөгүй атлаа, шүүх буруу дүгнэсэн гэж маргаад байгааг ойлгохгүй байна. Давж заалдах шатны шүүхээс маш тодорхой дүгнэлтийг хийгээд, зохигчдын эрхийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал байна. ... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хариуцагч тал өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 2.Нэхэмжлэгч Ш.Чулуунцэцэг нь хариуцагч Ц.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 34.993.000 төгрөг гаргуулах, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 43.219.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.******* ...би уг мөнгийг өөртөө зээлж аваагүй, ******* эгчийн хүсэлтээр хамт ажилладаг хүмүүс болон хамаатан садандаа зуучилж өгч зээлдүүлсэн, тухайн үед зээлдсэн хүмүүс нь мөнгөө төлөөд явж байсан, одоо надаас нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 3.Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан ажиллагаа болж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэл болов.

 4.Нэхэмжлэгч *******ээс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгөх хүсэлт гаргасныг шүүгчээс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 422 тоот захирамж гаргахдаа талуудыг оролцуулан тайлбар гаргах эрхийг хангалгүй шийдвэрлэсэн нь тэдний эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байгаа бөгөөд мэтгэлцэх болон талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан байна.

 Дээрх захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулах үүргийг шүүгчийн туслахад даалгасан боловч уг захирамж гарсан талаар хэргийн оролцогчдод мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, баримт үйлдээгүй, хэрэгт авагдаагүй талаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 208/МА2022/00024 тоот магадлалд тодорхой заасан боловч уг магадлалын дагуу дээрх эрх зөрчиж гарсан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 422 тоот захирамжийг хүчингүй болгосны эцэст, шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх асуудлыг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шийдвэрлэх нь хууль ёсны болон тэгш эрхийн зарчимд нийцнэ гэж дүгнэв.

5.Хариуцагч Ц.*******гийн зүгээс гаргасан ...Хөөн хэлэлцэх хугацааг ямар ч баримт, хуулийн үндэслэлгүйгээр сэргээсэн. Тийм үндэслэлгүй сэргээсэн захирамжаа үндэслэн хэргийг буруу шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах Иргэний хуулийн зохицуулалтуудыг буруугаар хэрэглэн хэргийг хуульд зааснаас өөрөөр шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 485 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 6.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлт болон хариуцагч Ц.*******гийн ..нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн.. гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 485 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 332.994 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ