Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/0027

 

Ё.С-гийн нэхэмжлэлтэй,

БХА-ийн ИТХД болон Т-д тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг,

Шүүгчид:                                     Г.Банзрагч,

                                                    М.Батсуурь,

                                                    Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: БХА-ийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, БХА-ийн ИТХТ-ийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах,

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 111/ШШ2020/0019 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 607 дугаар магадлалтай,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 111/ШШ2020/0019 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 351.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь хэсгийг тус тус баримтлан БХА-ийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, БХА-ийн ИТХТ-ийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 607 дугаар магадлалаар: 1 дэх заалтаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 111/ШШ2020/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ё.С-гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Ё.С-гийн гаргасан “БХА-ийн ИТХТ-ийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтаар Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д тус тус заасныг баримтлан Ё.С-гийн нэхэмжлэлийг хангаж, “БХА-ийн ИТХТ-ийн тус Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд Ё.С-г томилохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд томилохыг даалгаж, уг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс тооцож, тухайн албан тушаалын цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан Ё.С-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг БХА-ийн ИТХТ-эд даалгаж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Байгальмаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-т заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 105 дугаар тогтоолоор тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, санал болгосныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, Тэргүүлэгчид 100 хувийн саналаар татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй тул хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байхгүй юм.

4. Мөн тухайн тохиолдолд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалын шаардлагад нийцэж байсан холбогдох хууль, журмын дагуу Т.Э-ыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдээс Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтын дагуу сонгох боломжийг хэрэглэсэн.

5. Ё.С- нь Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор хийж байх хугацаандаа 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тус аймгийн Богд сум руу хувийн ажлаар /жолоочгүйгээр/ гэр бүл, найзуудын хамт албан байгууллагынхаа УАЗ-2206 пургон автомашиныг авч яваад шатааж, төрийн удирдах албан тушаалтны үүргээ хангалтгүй биелүүлж байгууллагад их хэмжээний хохирол буюу 18,750,000 /Арван найман сая долоон зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-т заасныг зөрчсөн. Төрийн албаны тухай хууль зөрчсөн энэ үйлдэлд нь Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар Ё.С-г Баянхонгор аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын үүрэгт ажлаас чөлөөлж, тус газарт ахлах шинжээчээр томилсон нь Ё.С хууль зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь нотлогдож байгааг дүгнэх нь зүйтэй.

6. Магадлалд “...нэр дэвшигч заавал өөрөө хүсэлт гаргахыг хуулиар шаардаагүй ...гэж заасан нь үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийг хэрэгжүүлэхийн тулд 46 дүрэм, журам дагалдан батлагдсан байдаг бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын 2.2.8.1-ын “и”-т төрийн албанд орох, шилжих, дэвших, суралцах, нийгмийн баталгааг хангуулах, албанаас чөлөөлөгдөх болон халагдсан зэрэг асуудлаар төрийн албан хаагчаас гаргасан санал, өргөдөл, хүсэлт, тайлбар” гэж заасан байгаа тул өргөдөл, хүсэлт гаргаж, эрх зүйн харилцаа үүсэх байсныг харуулж байна. Мөн төрийн нэг байгууллагад эрүүл мэндийн шалтгаанаар тэнцдэггүй, нөгөө төрийн байгууллагад эрүүл мэнд нь тэнцээд байгааг тодруулах шаардлагатай.

7. Магадлалд “Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд томилохоос татгалзсаныг тухайн үед мэдсэн нь нэхэмжлэлдээ “... 3 удаа уулзсан, түр хүлээж бай, он гарахаар томилно гэж хэлсэн гэх тайлбараар тогтоогдож байна гэжээ. Хариуцагчаас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэргийн материалд үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт байхгүй, төрийн алба нь аман тохиролцоо байдлаар үйл ажиллагаа явагддаггүй. Иймээс нэг талын тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь буруу юм.

8. Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 27 дугаар зүйл нь “Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох” гэсэн гарчигтай бөгөөд 27.2-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж заасан тул Төрийн албаны /2002 оны/ хуулиар сонгон шалгаруулалтад орж тэнцсэн иргэнийг томилох асуудал нь энэ хуулиар зохицуулагдаагүй.

9. Дээрх журмын 39 дүгээр зүйлд “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж заасан тул дээрх журмын заалтаас харахад маргаан бүхий тогтоолын үйлчлэл нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дууссан байна. Иймд, дээрх маргаан бүхий актад заасан удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад байх 2 жилийн хугацаа дууссан байх тул шүүхийн магадлал биелэгдэх боломжгүй юм.

10. Шүүхийн магадлалд “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэсэн нь буруу юм. Ё.С- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урд авч цалин хөлсийг олгохоор зохицуулсан. Баянхонгор аймгийн Аудитын газрын ахлах аудиторын албан тушаалаас эрүүл мэндийн шалтгаанаар түр чөлөөлсөн байх бөгөөд ажлаас нь бүрэн чөлөөлсөн, халсан ямар нэгэн тушаал шийдвэр байхгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан цалин нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх боломжгүй. Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, хурлын даргын зүгээс иргэн Ё.С-тай эрх зүйн харилцаанд орж, түүнтэй холбоотой ямар нэгэн захиргааны акт гаргаагүй. Иргэн Ё.С-д захиргааны байгууллагын зүгээс ямар нэгэн хохирол учруулаагүй тул албан тушаалын цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.

11. Иймд, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 105 дугаар тогтоолын үйлчлэл дууссан байх тул Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 111/ШШ2020/0019 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч Ё.С- нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

14. Ё.С- нь Иргэдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэж, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс БХА-ийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч хариуцагчаас “удирдах албан тушаалд хоёр хүний нэр дэвшүүлэх атал нэг хүнийг нэр дэвшүүлж, сонгох эрхэд халдсан, 2016 онд аудитын албаны дарга байхдаа албаны машин хувьдаа ашиглаж, шатаасан, ёс зүйн зөрчилтэй” гэсэн хоёр үндэслэлээр томилохоос татгалзжээ.

15. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 27 дугаар зүйлийн 27.3, тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны хуулийн /2002 оны/ 351 дугаар зүйлийн 351.6, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын “Ес”-ийн 37-д зааснаар томилох эрх бүхий этгээд нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилуулахаар Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг хуульд заасан үндэслэлээр томилохоос нэг удаа татгалзах эрхтэй байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн “Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлж, ажилд томилох үүрэгтэй байсан” гэсэн тайлбар үндэслэлгүй.

16. Энэ тохиолдолд хариуцагчийн “хоёр хүний нэрийг дэвшүүлээгүй” гэх татгалзлыг хууль зөрчөөгүй гэж хяналтын шатны шүүхээс үзлээ. Учир нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 351 дугаар зүйлийн 351.1-д “төрийн албаны төв байгууллага дараах албан тушаалд нэг хүний нэрийг дэвшүүлж, түүнийг томилох эрх бүхий этгээдэд санал болгоно” гэж тодорхой албан тушаалыг нэрлэн заасны дотор маргаан бүхий иргэдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалыг заагаагүй байх тул уг хуулийн зохицуулалтыг энэ маргаанд хэрэглэхгүй.

17. Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг баталсан, уг журмын  “Хоёр”-т сонгон шалгаруулалтад хамрагдах албан тушаалыг нэрлэн заасан буюу 9-ийн “г”-д зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж, томилогдохоор зохицуулсан нь тухайн маргаанд нарийвчлан хэрэглэгдэх зохицуулалт байх бөгөөд энэхүү журмын дагуу зохион байгуулсан шалгалтад нэхэмжлэгч Ё.С нь оролцож, шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгджээ.

18. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын “Ес”-ийн 33-т “...энэ журмын 9-ийн “г”-д заасан албан тушаалд 2-оос доошгүй иргэний нэрийг дэвшүүлнэ” гэж заасан, тухайн тохиолдолд Төрийн албаны зөвлөлөөс нэг хүний нэрийг дэвшүүлсэн тул томилохоос татгалзсан хариуцагчийн татгалзлыг буруутгах үндэслэлгүй. Иймээс маргаан бүхий албан тушаалд хоёр хүний нэрийг дэвшүүлэх боломжтой тул хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхийн “хуульд зааснаас өөрөөр зохицуулсан журмыг биш, хуулийн заалтыг хэрэгжүүлж, нэг хүний нэрийг дэвшүүлсэн нь хуульд нийцсэн” тухай дүгнэлт нь буруу болжээ.

19. Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “Төрийн албаны зөвлөл нь төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх эрхтэй” гэж заасан Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг зохицуулсан ерөнхий зохицуулалт нь томилох эрх бүхий этгээдийн нэр дэвшигч иргэдээс сонголт хийх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

20. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн шууд захирагч байна” гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна” гэж зааснаар Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн захиргааны удирдах албан тушаал мөн байх тул төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчийг сонгох эрхээ хэрэгжүүлж томилох боломжтой байна.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, томилох эрх бүхий этгээд нь 30 хоногийн дотор нэхэмжлэгчийг ажилд томилох эсэхийг шийдвэрлэх, ийнхүү шийдвэрлээгүй бол 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байтал нэхэмжлэгч энэ эрхээ хуульд заасан цаг хугацаанд хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн “иргэдийн Хурлын даргаас хүлээж бай, ажилд авна гэсээр одоог хүрсэн” гэх тайлбар үндэслэлгүй.

22. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан, хариуцагч иргэдийн Хурлын Тэргүүлэгчдэд олгогдсон Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу хоёроос доошгүй иргэнээс сонгох эрхийн хүрээнд шийдвэр гаргасан тул хариуцагчийг хууль бус үйлдэл гаргасан гэж үзэхгүй, иймээс ажилгүй байсан хугацааны цалин олгох хууль зүйн үндэслэлгүй.

23. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд Т.Э-ыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд энэхүү тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ашиг сонирхол шууд зөрчигдөхгүй, уг тогтоол нь нэхэмжлэгчид эрх үүссэнээс өмнөх буюу түүний төрийн албаны шалгалтад тэнцсэн 2018 оны 10 сараас өмнө гарсан тул эрх үүсээгүй байхад гаргасан тогтоолтой маргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй тул холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

24. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04ий өдрийн 607 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11ий өдрийн 111/ШШ2020/0019 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай /2002 оны/  хуулийн 351 дугаар зүйлийн 351.1, Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.С-гийн Баянхонгор аймгийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 85 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ