| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2020/0063/З |
| Дугаар | 001/ХТ2021/0039 |
| Огноо | 2021-02-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2021/0039
“М15” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
НЗД-д холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: НЗД-ын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаартай захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 мкв талбайгаас 200 мкв талбай нь нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0557 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 608 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, Т.Төгс-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, түүний өмгөөлөгч Ч.Мөнхболор нарыг оролцуулж,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0557 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мянгат-15” СӨХ-ны НЗД-д холбогдуулан гаргасан “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0030 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/50 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар хурлын тэмдэглэл бүхий шийдвэрийг үндэслэл болгон НЗД-ын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 м.кв талбайгаас 200 м.кв талбай нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа болохыг тогтоолгож, иргэн Б.Б-ы 456 м.кв талбай бүхий газар эзэмшлээс 200 м.кв талбайн эзэмшлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 608 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоогүй нь шүүхийн буруутай үйл ажиллагаа мэтээр дүгнэж, шүүхээс нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүхээс гарах шийдвэрийн үр дагавар тус бүрийг тайлбарлан өгсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай байсан мэтээр дүгнэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэлдээ тодорхой тусгах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх байхаар хуульчилсан. Түүнчлэн мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй юм.
5. Нэхэмжлэгч “М15” СӨХ нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-06/4329 тоот албан бичгийг хууль бусад тооцуулах, НЗД-ын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар олгосон иргэн Б.Б-ы эзэмшлийн 456 мкв газрыг хууль бус эзэмшил болохыг тогтоолгох, НЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1002 тоот захирамжийг хүчин төгөлдөрт тооцуулах” гэж тодорхойлсон. Анхан шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 7939 Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй тул тодруулахаар хугацаа тогтоосон байдаг. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан гэж 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлага нь өөрчлөгдөж "НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-06/4329 тоот албан бичгийг /захиргааны байгууллага хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг/ хууль бус болохыг тогтоолгох, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0030 дугаартай шийдвэрийн биелэлтийг хангуулах” гэсэн. Анхан шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 8510 захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 803 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Ингээд нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан “НЗД-ын 2011-08-02-ны өдрийн 582 дугаартай захирамжаар иргэн Б.Б-д 456 мкв газрын хууль бусаар эзэмшүүлсэн болохыг тогтоолгох, НЗД-ын 2011- 08-02-ны өдрийн 582 дугаартай захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн байдаг.
6. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг үүсгэх хүртэл 3 удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-06/4329 тоот албан бичигтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, энэ талаар огт нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдана. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэлийн шаардлагын агуулга болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдол тайлбар нь хоорондоо зөрүүтэй, тухайлбал, хариуцагчийн эрх хэмжээнийхээ хүрээнд дахин ямар нэгэн акт гаргахыг даалгах, эсхүл 2011 оны 582 дугаар захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 мкв газраас 200 мкв газрын эзэмшлийг хүчингүй болгуулахаар чухам аль үндэслэлээр маргаж байгаа нь тодорхойгүй байна” гэж дүгнэж хэрэгт цугларсан баримтаар тодорхой байгаа зүйлийг тодорхойгүй мэтээр тайлбарлаж байгаа нь хэт өрөөсгөл байна.
7. Анхан шатны шүүхэд тус хэргийн шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон бөгөөд шүүх хуралдаан бүрт шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага чинь юу вэ, үндэслэлээ тодруулахыг удаа дараа тайлбарлаж асуусаар ирсэн, энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл бүрт тусгагдсан. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдээс ч нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах хэрэгтэй талаар ч удаа дараа тайлбарлаж байсан. Тэр болгонд нэхэмжлэгчээс гаргасан шаардлагаа л хэлдгээс өөрөөр өөрчлөх талаар ямар ч алхам хийж байгаагүй нь анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-ээр нэхэмжлэл гаргаад байна уу, 106.3.4-ээр нэхэмжлэл гаргаад байна уу гэж асууж тодруулж байсан. Нэхэмжлэгчээс дээрх хуулийн 106.3.1-д зааснаар НЗД-ын 2011 оны 582 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа л гэж тайлбарласаар ирсэн.
8. Ийнхүү олон удаагийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх талаар гаргасан тайлбарын дүнд нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0030 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/50 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар хурлын тэмдэглэл бүхий шийдвэрийг үндэслэл болгон НЗД-ын 2011 оны 08 дугаар 02-ны өдрийн 582 дугаартай захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 мкв талбайгаас 200 мкв талбай нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа болохыг тогтоолгож, иргэн Б.Б-ы 456 мкв талбай бүхий газар эзэмшлээс 200 мкв талбайн эзэмшлийг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн. Шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нъ хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон гарсан. Хуулийн 121.3.3-т анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал гэж заасан. Гэтэл магадлалд анхан шатны шүүх дээрх хуулийн яг аль зүйл заалтыг зөрчсөн, ямар зүйл, заалтыг зөрчсөн нь өөрөө шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэдэг талаар огт дүгнэлт хийгээгүй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй үйл баримтыг дурдсан нь ойлгомжгүй байна.
9. Дээрх үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 608 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тодруулаагүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
11. Нэхэмжлэгч “М15” СӨХ-оос НЗД-д холбогдуулан 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 456 мкв газраас 200 мкв нь нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч даалгах эсхүл хүчингүй болгуулах нэхэмжлэлийн алийг гаргаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн “нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа болохыг тогтоолгох” шаардлага нь хуулийн дээрх шаардлагын аль хэсэгт хамаарч байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
13. Гуравдагч этгээд Б.Б-д НЗД-ын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаар захирамжаар анх 64 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд дараа нь НЗД-ын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 456 мкв болгосон байна. Харин НЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамжаар “иргэн Б.Б- нь 2 жил газраа ашиглаагүй, нийтийн орон сууцын талбайтай давхацсан” гэх үндэслэлээр газрын хэмжээг багасгаж, 303 мкв болгожээ.
14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр Б.Б-ы нэхэмжлэлтэй, НЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамж болон А/1002 дугаар захирамжийн “М15” СӨХ-ны Б.Б-ы эзэмшиж байсан 456 мкв газартай давхцаж буй 153 мкв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж, захиргааны байгууллагад дахин шинэ акт гаргахыг даалгаж, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах, НЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамж, А/1002 дугаар захирамжийн “М15” СӨХ холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
15. Уг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт “...газрын хэмжээг багасгасан, гэхдээ энэ хүчингүй болсон хэсэг нь нэхэмжлэгчийн хашааны гадна хэсэгт байрласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд уг газар дээр өөрийн хөрөнгөөр хүүхдийн тоглоомын талбай барих зураг төслийг боловсруулж байсан гэж мэдүүлснээс үзэхэд багасгасан хэмжээний газрыг хүүхдийн тоглоомын талбай байгуулахад татгалзах эсэхийг тодруулсны ... үндсэн дээр шийдэгдэх бүрэн боломжтой” гэж дүгнэжээ.
16. Гэвч захиргааны байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй, дахин шийдвэр гаргахгүй байсаар НЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1004 дүгээр захирамж, А/1002 дугаар захирамжийн “М15” СӨХ-д холбогдох хэсгээс 153 мкв газар хүчингүй болж, нэхэмжлэгчийн ашиглах газар 153 мкв-аар багасч, гуравдагч этгээдийн эзэмшил газар нэмэгдэж, 456 мкв болсон, үүнээс шалтгаалан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд ямар үр дагавар үүсч байгаа, зөрчигдсөн эрх сэргэсэн эсэх талаар тодруулж, маргааныг бүрэн гүйцэт шийдвэрлэх шаардлагатай байна.
17. НЗД-ын 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар захирамжаар “Тавин мянгат” СӨХ нь орон сууцны орчны газрын зориулалтаар 8637 мкв газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болж, 2014 оноос байр тус бүр сууц өмчлөгчдийн холбоотой болж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1002 дугаар захирамжаар “М15” СӨХ нь орон сууцны орчны газрын зориулалтаар 2531 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй байх тул эрх залгамжлалын асуудал үүсэх эсэхийг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлах, эрх зүйн дүгнэлт хийх нь хэрэгт ач холбогдолтой юм.
18. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2/1475 тоот албан бичгээр “Нийслэлийн Газрын мэдээллийн сангийн зурган мэдээлэлд иргэн Б.Б-ы газрын нэгж талбарын байршлын кадастрын зургийг “Классик Лэнд” ХХК болон “Инженер геодези” ХХК-ийн зурагласан “Тавин мянгат” СӨХ-ны газрын зурагтай давхцуулан үзэхэд 152,42 мкв талбайгаар давхцалтай байна” гэсэн, нэхэмжлэгчээс 200 мкв газрыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь ямар учиртай, хэдэн мкв газрын хэмжээгээр давхцал үүссэн болохыг тогтоох нь зүйтэй байна.
19. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн шийдвэрт нөлөөлөх ямар зөрчил байгаа талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй, дахин цуглуулах нотлох баримт байхгүй” гэх гомдлын тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасан, энэ тохиолдолд маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тодруулаагүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийн үндэслэл тус бүрийг тодорхой болгож, хэргийн бодит нөхцөлд тохирох хуулийг хэрэглээгүй байгаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэмжээний алдаа мөн байх тул энэ гомдол үндэслэлгүй.
20. Гуравдагч этгээдийн “нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө тодорхойлсон, энэ шаардлагын хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлын хувьд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж заасан, шүүхээс захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн үндэслэл зөрүүтэй байхад эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн үйл баримт тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдэх боломжгүй юм.
21. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 608 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ