Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2023/00010

 

2023         01               26                               207/МА2023/00010

 

 

 “Н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Н-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2022/01542 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Н-д холбогдох,

“Гэрээнээс учирсан гэм хорын хохирол 31.190.151 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д /цахим/, нарийн бичгийн дарга Н.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

Д.Н нь манай банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн "М И" ХХК-ийн эргэлтийн хөрөнгөд зарцуулах зориулалтаар 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ЗГ-085/15 дугаартай, "Зээлийн гэрээ"-г байгуулж, 70 000 /далан мянга/ ам.долларыг сарын 3,8%-ийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20%, 12 сарын хугацаатай зээлж, мөн өдрийн ҮБГ-085/15 дугаартай "Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ"-гээр, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 29 дүгээр байр, 19 тоот, 150 м.кв, 4 өрөө орон сууцыг барьцаалж, зээл авсан байдаг. Д.Н нь 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүг хэвийн төлж байсан боловч үргэлжлүүлж зээлээ төлөөгүй, зээл төлөхийг шаардахад янз бүрийн байдлаар шалтаг хэлж, зайлсхийх болсон учир иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн. Б, С, Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №03393 дугаар шийдвэрээр зээлдэгч Д.Нгаас 176 953 424 төгрөгийг гаргуулж, Н ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1191 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 160 226 066 төгрөгийг Д.Нгаас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч Д.Н нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар албадан гүйцэтгүүлсэн. Монгол Улсын эдийн засгийн тогтворгүй байдал, инфляци, валютын ханшны өсөлт, төгрөгийн ханшны уналт, ханшны зөрүү, Д.Н нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэх мэт нөхцөл байдлаас шалтгаалж, Н ББСБ ХХК нь асар их алдагдал хүлээсэн нь зээлдэгч Д.Н-Н буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Н ББСБ ХХК-д гэрээний улмаас учирсан хохирлыг Д.Н нь хариуцах үндэслэлтэй юм. Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэсний дагуу бидний зүгээс өөрт учирсан хохирлын хэмжээг гаргуулахаар Итгэлт эстимэйт ХХК-д хандсаны дагуу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 199/01 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г гаргуулсан байдаг. Тус тайлангийн 5-д буюу үнэлгээний дүнг тодорхойлсон байдал Н ББСБ ХХК, иргэн Д.Н /РД:РЭ61061925/ нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ЗГ028/15 тоот зээлийн гэрээний төлбөртэй холбоотой төлбөр төлөх шүүхийн шийдвэр гарсан өдрийн мөнгөний үнэ цэнэ болон төлбөр төлсөн өдрийн мөнгөний үнэ цэнийн зөрүүг 31 190 151 төгрөгөөр тогтоов гэж Н ББСБ ХХК-д учирсан хохирлын хэмжээг тодорхойлсон байдаг. Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, Итгэлт эстимэйт ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг тус тус үндэслэн Д.Нгаас гэм хорын хохиролд 31 190 151 төгрөгийг гаргуулж, Н ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн Д.Н би нэхэмжлэгч "Н" ББСБ-ын надаас 31.190.151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр зөвшөөрөх боломжгүй байна. 1.Энэхүү нэхэмжлэлд заасан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэн шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.18-ны өдрийн 03393 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.06.20-ны өдрийн 1191 дүгээр магадпал хүчин төгөлдөр байгаа. 2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Монгол Улсын эдийн засгийн тогтворгүй байдал, инфляци, валютын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт, ханшийн зөрүү зэргээс шалтгаалж хохирсноо бичжээ. Энэ бүхэн нь хувь хүн надтай ямар ч холбоогүй юм. 3.Нэхэмжлэгч нь 2016 онд өөрөө хүсэлт гарган шүүхийн 03393 дгуаар шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагаа удааширснаас нэхэмжлэгч хохирсон бол энэ нь мөн иргэн надтай ямар ч хамааралгүй билээ. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 229 дүгээр зүйлийн 229.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хариуцагч Д.Н-д холбогдуулан гаргасан гэрээний улмаас учирсан гэм хорын хохирол 31.190.151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 313.900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШЗ2022/05310 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдсан гомдолдоо:

“...Шийдвэрт “... “И эс ’ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд үндэслэж, нэхэмжлэгчид 31.190.151 төгрөгийн эд хөрөнгийн бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэж үзлээ ... тайлан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй тул шинжээчийн дүгнэлт гэж дүгнэх боломжгүй ... тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно" гэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.З.-д хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ'. 6.6.-д “... хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй”, 25 дугаар зүйлийн 25.2.2.-д гаргасан нэхэмжлэлийн шаардлага ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох гаргаж өгөх", 38 дугаар зүйлийн 38.1.1.-д “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 62 дугаар зүйлийн 62 1.4.-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт" гэж хэргийн оролцогчийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэйг хуульчлан заасан. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрт “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг /хэргийн 20-31 тал/ хавсаргаж өгсөн нь дээрх хуулийн заалттай нийцэх болоод тус хөрөнгийн үнэлгээний тайлан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д зааснаар “нотлох баримт"-д хамаарахаар байхад шүүхээс "... шинжээчийн дүгнэлт гэж дүгнэх боломжгүй" гэсэн нь ойлгомжгүй болжээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Н нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа /45 тал маргаан бүхий асуудлыг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа, надтай ямар ч холбоогүй гэсэн утга бүхий тайлбарыг нэг удаа гаргасан, хөрөнгийн үнэлгээний тайланг үгүйсгээгүй, шүүх хурлын явцад ч хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлантай холбогдуулан шинжээч томилох асуудал хөндөгдөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан “шинжээч томилох" асуудал нь зөвхөн хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх шийдвэрлэнэ, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага, үндэслэлээ шүүхэд өөрөө нотлох үүрэгтэй шууд холбоотой байдаг. Хариуцагч Д.Н, хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээний тайлантай маргасан боловч хариуцагч нь маргаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотолж, няцаагаагүй учир нэхэмжпэгчийн зүгээс дахин нотлох баримт гаргах, бусад ажиллагаа хийх шаардлага үүсээгүй. Гэтэл шүүх “... “Н ББСБ” ХХК-ийн зөрчлийн өмнөх ба дараахь хөрөнгийн байдлын ялгаравыг нотолсон “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас өөр баримт хэрэгт авагдаагүй байна“ гэсэн дүгнэлтийг хийхдээ өөр ямар нотлох баримтыг үндэслэж хөрөнгийн үнэлгээний тайланг няцаасан нь тодорхойгүйгээс гадна "...түүнчлэн дээрх бичгийн нотлох үнэлгээ хийх эрх бүхий этгээд гаргасан эсэх нь тодорхойгүй” гэсэн нь 'Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн “хураангуйла” /хэргийн 21 дүгээр тал/, үнэлгээний ажлын товч мэдээлэл" /хэргийн 27 дугаар тал/ хэсэгт тухайн үнэлгээг гаргасан хуулийн этгээдийн болон мэргэшсэн үнэлгээчний болон үнэлгээний ажлын товч мэдээллээр тус тус үгүйсгэгдэнэ. Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар: Монгол улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.-д "Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй" гэж заасан. Энэхүү зүйл хэсэгт дурдсан "... олох ёстой байсан орлого”-ыг  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №03393 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №1191 дугаар магадлалаар тус тус шийдвэрлэсэн. Д.Н нь гэрээний үүргээ биелүүлээгүй нь “Н ББСБ” ХХК-ийн эд хөрөнгөд бодит хохирол" учруулсан гэж үзэж, “И э” ХХК-иар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №199/01 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г гаргуулсаны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага буюу хохирлын хэмжээг тодорхойлон нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлийн хувьд Монгол улсын Иргэний хуулийн 194.1. үүргийн шинж чанарт харшлахгүй бол гэрээний бус үүргийн харилцаанд гэрээний үүргийн холбогдох журмыг хэрэглэж болно. 222.7. үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй. 228.1. гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. 229.1. үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэнтэй нийцнэ. Тодруулбал: шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг зохих хугацаанд нь төлөөгүйгээс тухайн цаг үед авах ёстой байсан мөнгөний үнэ цэнэ буюу үнэлэмж буурсан нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байгаа нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан “хохирол” гэж үзнэ. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Д Нансалмаагаас гэм хорын хохиролд 31.190.151 төгрөгийг гаргуулж, “Н ББСБ” ХХК-д олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                           ХЯНАВАЛ :

          1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэв.

          2. Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь шүүхэд “...гэм хорын хохирол-31.190.151 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Н  “...ханшийн зөрүү, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширснаас болж хохирсон бол надтай хамааралгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэх тайлбар гаргаж, маргасан байна.

          3. Шүүх хариуцагч Д.Нгаас гэм хорын хохирол-31.190.151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

         4. Хариуцагч Д.Н нь 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч компанитай зээлийн гэрээ байгуулж, 70.000 /далан мянган/ долларын зээлийг сарын 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болохоос өмнө зээлдэгч гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч тал 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан, улмаар зээлдэгч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд -160.226.066 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон,  энэ талаар талууд маргаагүй байна.

        5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...И Э ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланд хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн төлбөрт төлсөн үндсэн зээл-70.000 ам доллар зээлийн хүү-10.141.97 ам доллар нийт 79.841.97 ам доллар буюу 160.226.066 төгрөгийн үнэ цэнийг  зээлдэгч төлбөр төлж дуусгасан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мөнгөний үнэ цэнийн бууралттай холбоотой харьцуулахад  нийт  31.190.151 төгрөгийн зөрүү гарсан”   гэж тодорхойлжээ.

         6.Хариуцагч Д.Н зээлийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сард шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлж барагдуулах үед валютын ханш өссөн хэдий ч талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээнд талууд гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар, мөнгөний ханшны өсөлт, бууралтаас үүсэх хохирлыг хэрхэн тодорхойлох талаар харилцан тохиролцож тогтоогоогүй байна.

        7. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалснаар хариуцагчийн хувьд гэрээний дагуу хүлээх үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.-д зааснаар хариуцагчаас гэм хорын хохирол–31.190.151 төгрөгийг шаардах эрх үүсэхгүй. 

         8. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Итгэлт Истимэйт” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй тул шийдвэрийн үндэслэл болгоогүй гэж хийсэн шүүхийн дүгнэлтийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

         9. Шүүх хэрэгт авагдсан баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

          10. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э гаргасан “...анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар шийдвэрлэж өгнө үү“ гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй  байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2022/01542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.Б

       ШҮҮГЧИД                                            С.У

Б.О