Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 43

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

 

 

 

             У.Отгонбатад холбогдох эрүүгийн

                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор У.Солонго,

Ялтан У.Отгонбатын өмгөөлөгч С.Чулуунбаатар,  

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 68А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан У.Отгонбат, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар У.Отгонбатад холбогдох 201626011040 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овогт Угтахбаярын Отгонбат, 1995 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 43 дугаар гудамжны 18 тоотод оршин суух,

2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:НШ95101410/,

 

У.Отгонбат нь 2016 оны 4 дүгээр сарын 6-ны шөнө 23 цагийн орчим согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” худалдааны төвийн гадна иргэн А.Мөнх-Эрдэнийг мөнгө, гар утас өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн нүүрэн тус газар нь гараар цохиж “хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинхайрхан дүүргийн прокурорын газраас: У.Отгонбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар У.Отгонбатад Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, У.Отгонбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар У.Отгонбатын цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ялтан У.Отгонбат нь хохирогч А.Мөнх-Эрдэнэд төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд У.Отгонбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан У.Отгонбат гаргасан давж заалдах гомдолдоо: “…Миний бие үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэвч анхан шатны шүүх дахин надад хорих ял оногдууллаа.

Иймд дээрх байдлыг харгалзан үзэж, хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү…” гэжээ.

 

Ялтан У.Отгонбатын өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 68А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч У.Отгонбатад анхан шатны шүүхээс 3 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү…” гэв.

 

Прокурор У.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

У.Отгонбат нь 2016 оны 4 дүгээр сарын 6-ны шөнө 23 цагийн орчим согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” худалдааны төвийн гадна иргэн А.Мөнх-Эрдэнийг мөнгө, гар утас өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн нүүрэн тус газар нь гараар цохиж “хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Ялтан У.Отгонбат мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 23 цагийн орчим найз Ганбаяр утсаар дуудаад байхаар нь Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” бааранд орсон. Би “Жи Эм Жи” бааранд орохоосоо өмнө ажлынхаа Хурцбилэг гэх залуутай билъяарданд 4 ширхэг пиво уугаад гараад, дахин пабад орж 2 ширхэг пиво уусан. Тэгээд шууд Баянхошууны “Жи Эм Жи” нэртэй бааранд орсон чинь найз Ганбаяр найзуудтайгаа ширээ захиалаад суусан. Би бааранд ороод 2 ширхэг пиво ууж, Ганбаярын найзуудын хийж өгсөн архинаас 1-2 удаа уусан. Хэсэг хугацааны дараа манай найз Ганбаяр гэртээ харилаа гээд гараад явсан. Би Ганбаярын найзуудтай үлдээд “Жи Эм Жи” баарны караокед орсон. Би хэсэг хугацаанд их согтсон байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн чинь Ганбаярын найзуудтай маргалдаад байсан. Ганбаярын найзууд надтай маргалдах гээд байхаар нь гэртээ харъя гэж бодоод караокеноос гарсан чинь “I Phone-4” загварын гар утас байхгүй байсан. Би буцаж ороод Ганбаярын найзуудаас “гар утсаа авъя” гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй “бид нарт чиний гар утас байхгүй” гээд байсан. Би гар утсаа нэхээд өгөхгүй болохоор нь маргалдаад дотор байсан танихгүй 3 эрэгтэй, 2 охинтой хамт баарнаас гарсан. Баарнаас гараад дахин “гар утсаа авъя” гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй “надад чиний гар утас байхгүй” гэж хэлээд миний нүүрэн тус газар гараараа цохиод, маажаад байсан. Би Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйг “за одоо болъё, зүгээр миний гар утсыг өгчих” гэж хэлсэн чинь намайг доромжлоод гараараа цохих гээд байсан. Тэгээд миний уур хүрээд Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Намайг цохих үед Мөнх-Эрдэнэ газар явган суухад хажууд байсан хүмүүс нь “чи эмэгтэй хүний хамар руу нь цохичихлоо шүү дээ” гээд байсан. Намайг Мөнх-Эрдэнийн найз залуу гэх “туранхай өндөр залуу” найзуудтайгаа нийлээд зодох гээд байхаар нь би зугтаад замын хажуу талаас такси бариад явсан. Таксинд суугаад Ганбаярын найзуудыг гаднаас нь ажиглаад байж байгаад гар утсаа авах гээд таксинаас буугаад буцаад очсон. Би баарны хаалгыг 04 цагийн орчим нүдэж байгаад орсон. Намайг бааранд орсон чинь нэг туранхай өндөр залуу “чи яах гээд байгаа юм, чиний утас бид нарт байхгүй” гээд хувцаснаас барьж аваад байсан. Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй цаанаас гарч ирээд намайг цагдаад хэлэхгүй, адилхан хамар руу чинь цохино гээд миний нүүрэн тус газар руу цохиод байсан. Тухайн үед Мөнх-Эрдэнэ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн үед жирэмсэн байсан талаар нь мэдээгүй. Би маргааш өглөө нь буюу 2016 оны 7 дугаар сарын 7-ны өглөө “Жи Эм Жи” бааранд очиж гар утсаа буцааж авсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна...” /1-р хх-ийн 21-22/,

Хохирогч А.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд: “…2016 оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө 23 цагийн үед Отгонбат Ганбаяр гэх хүнтэй хамт манай “Жи Эм Жи” нэртэй бааранд орж ирээд тамхины өрөөнд пиво уугаад хоорондоо юм яриад сууж байсан. Хэсэг хугацааны дараа Отгонбат гэх хүний найз Ганбаяр миний хажууд ирээд “манай найзыг анхаарч байгаарай жаахан архи уучихсан байгаа” гэж хэлсэн. Отгонбат бааранд сууж байсан хүмүүстэй маргалдах гээд яваад байсан. Манай бааранд үйлчлүүлж байсан хүмүүс миний хажууд ирээд бид нарыг хэл амаар доромжлоод байна гэхээр нь нөгөө залуугийн хажууд очоод “чи битгий хүмүүстэй маргалдаад бай, танай найз чинь надад захиад явсан” гэж хэлсэн. Отгонбат надад хэлэхдээ “би гар утсаа хаях гээд байна” гэж хэлээд 2 ширхэг гар утас гаргаж өгөөд буцаад ширээн дээрээ суусан. Хэсэг хугацааны дараа Отгонбат “миний гар утас алга болчихлоо” гэж хэлэхээр нь би “чи надад өгсөн шүү дээ” гэж хэлсэн чинь “за уучлаарай” гэж хэлээд надад 5.000 төгрөг өгөөд “пиво авах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд баарнаас гарч “ATM орж мөнгө авах гэсэн юм” гэж хэлээд гараад явсан. Буцаад удалгүй 20.000 төгрөг аваад орж ирсэн. Бааранд Отгонбат сууж байхдаа Тэмүүжин гэх хүнтэй маргалдаад зодолдоод байсан. Манай баар хаах цаг нь болоод Отгонбатыг гаргасан чинь хаалганы дэргэд “чи миний 400.000 төгрөгийг авсан” гэж хэлээд миний нүүрэн тус газар луу хэд, хэдэн удаа гараараа цохисон. Отгонбат намайг эхлээд нэг удаа цохисоны дараа газар унасан. Дараа нь босоод ирсэн чинь дахиад нэг удаа нүүрэн тус газар руу цохисон. Би тухайн үед нь эмнэлэгт үзүүлээгүй шууд гэртээ харьсан. Маргааш өглөө нь 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү очтол миний хамар хугарсан байсан...” /1-р хх-ийн 7-8/,  “...Намайг Отгонбат гэх залуу гараараа нүүрэн тус газар нэг удаа цохих үед би газар унаагүй, зүгээр доошоо хамраа дараад явган суусан. Отгонбат нүүрэн тус газар нэг удаа цохисноос болж миний хүүхэд зулбасан гэж бодохгүй байна. Би Отгонбатад цохиулахаас өмнө л доошоо юм гараад зулбах гээд байсан юмаа. Би тухайн үед 2 сартай жирэмсэн байсан нь үнэн, гэхдээ зодуулснаас болж хүүхэд зулбасан зүйл байхгүй. Отгонбаттай маргалдсан шалтгаан нь У.Отгонбатын гар утаснаас болсон. Отгонбат надад “гар утсаа хадгалж бай” гэж өгснөө мэдэхгүй намайг хулгайлсан гээд байсан. Тэгээд л хоорондоо маргалдсан. Би Отгонбатыг цохиогүй байхад, миний нүүрэн тус газар цохиж гэмтээсэн...” /1-р хх-ийн 85-86/, “...Отгонбат ирээд миний нүүрэн тус газар луу гараараа цохиж гэмтээсэн. Намайг Отгонбат гараараа цохисоны дараа би газар унасан. Хэрэг болох үед Цэрэндэжид, Тэмүүжин, Эрдэнэ-Отгон, Зэвгээ бид нар байсан. Тэмүүжин Солонгос улс руу явсан. Эрдэнэ-Отгон, Зэвгээ нар Улаанбаатар хотод байхгүй. Орон нутаг руу явсан гэж байсан. Хаана байгаа талаар нь мэдэхгүй байна. Би ямар шалтгаанаар ураг зулбасан талаар мэдэхгүй. У.Отгонбатын цохилтоос болж ураг зулбаагүй. Харин У.Отгонбатын цохилтоос хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан. Ураг 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бүрэн зулбаа оноштой үзүүлсэн…” /1-р хх-ийн 180-181/,

гэрч Б.Цэрэндэжид мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр найзуудынхаа хамтаар 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” нэртэй бааранд орсон. Би Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйг “Жи Эм Жи” нэртэй бааранд зөөгч хийдэг болохоор зүс төдий танина. Мөнх-Эрдэнэтэй нэг ширээнд хамт сууж байсан чинь Отгонбат гэх залуу ширээний хажууд ирээд хамт сууж байгаад баарнаас гарч АТМ-с мөнгө авахаар гарсан. Би 04 цагийн орчимд баарнаас гараад хаалганы ойролцоо байж байсан чинь Отгонбат, Мөнх-Эрдэнэ нар хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би Мөнх-Эрдэнийн хажууд очоод “юу болсон” талаар асуутал Отгонбат маргалдах гээд байсан. Отгонбат гэх залуу “миний түрүүвчинд байсан 400.000 төгрөг алга болсон байна аваад ир” гээд Мөнх-Эрдэнэд хандаж хэлсэн. Мөнх-Эрдэнэ Отгонбатын урдаас “юу яриад байгаа юм” гэж хэлээд хоорондоо маргалдаад байсан. Отгонбат гэх залуу Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйн нүүрэн тус газар руу нь 1 удаа гараараа цохиод газар унагасан. Намайг очсон чинь Мөнх-Эрдэнийн хамар хэсэг нь хавдсан байдалтай цус гарч байсан. Отгонбат харин таксинд суугаад яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа Отгонбат буцаж ирээд “би гинжээ хаячихсан байна” гэж хэлээд байсан...” /1-р хх-ийн 9/,

гэрч Л.Ганбаяр мөрдөн байцаалтын шатанд: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 6-ны шөнө 22 цагийн орчимд манай найз Отгонбат Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” нэртэй бааранд ирсэн. Отгонбат бааранд орж ирэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Отгонбат бид хоёр тус бүр 1 ширхэг пиво уусан. Өөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бааранд намайг байж байсан чинь найз охин дуудаад байхаар нь Отгонбатыг үлдээгээд 23 цаг өнгөрөөгөөд гарсан. Отгонбат бааранд ганцаараа үлдсэн. Намайг гарсаны дараа хэнтэй юу уусан талаар нь мэдэхгүй байна. Би хохирогч А.Мөнх-Эрдэнэд баарнаас гарахдаа “Отгонбатыг анхаарч байгаарай, архи жаахан уучихсан” гэж хэлсэн зүйл ерөөсөө байхгүй. А.Мөнх-Эрдэнэ хэрэг болсон өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. У.Отгонбатад 2 ширхэг гар утас байсан. Харин 400.000 төгрөг байсан талаар сайн мэдэхгүй байна. Эрдэнэ-Отгон хөдөө орон нутагт байгаа байх, харин Зэвгээ, Тэмүүжин нар гадаад улс руу явсан гэж сонссон. Хохирогч А.Мөнх-Эрдэнэ надад нэг удаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “би жирэмсэн энэ хүүхдийг авахуулах гэж байгаа” гэж хэлж байсан...” /1-р хх-ийн 195-196/,

шинжээч Г.Энхбаатар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт: “…Хавтаст хэргийн материалаар 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1284 тоот дүгнэлтийг гаргасан. Хэрэг үйл явдал нь 2016 оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө болсон гэдэг. Хэрэгт авагдсан яаралтай тусламжийн хуудаснаас үзвэл А.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ЭХЭМҮТ-д “бүрэн зулбаа” гэсэн оноштой үзүүлсэн байдаг. Арван хоёр долоо хоногоос доош ураг зулбалтыг эрт үеийн ураг зулбалт гэж тодорхойлдог. А.Мөнх-Эрдэнийн ураг хэрэг үйл явдал болсноос хойш 10 хоногийн дараа зулбасан байна. Ураг зулбах нь маш олон шалтгаантай. Тухайлбал эхийн биеийн эсэргүүцэл муу байх, үр хөндөлт хийлгэсэн, бэлгийн замын халдварт өвчтэй байсан, удамшлын өвчин, гэмтлийн шалтгаан гэх мэт олон шалтгаанаас болно. Гэмтэлтэй холбоотой ураг зулбалт нь тэр даруй цус алдах шинж тэмдэг илэрч, ураг зулбана. Арван хоёр долоо хоногоос доош хугацаатай ураг бол хурууны өндөг шиг жижиг хэмжээний ураг байгаа учраас гэмтлээс болсон бол тэр даруй л ураг зулбах шинж тэмдэг илэрч мэдэгдэнэ. Иймд хэрэг үйл явдал болсноос хойш 10 хоногийн дараа ураг зулбасан явдлыг У.Отгонбатын цохилтын улмаас болсон гэж үзэх боломжгүй юм…” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн “...А.Мөнх-Эрдэнийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод, зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл” болохыг тогтоосон шинжээчийн 4938 тоот дүгнэлт /1-р хх-ийн 13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн “...Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4938 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 5, 6-д хохирогч А.Мөнх-Эрдэнийн ураг зулбасан нь хэрэг болсон гэх 2016 оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнөөс хойш буюу 2016 оны 4 дүгээр сарын 17-нд ЭХЭМҮТ-д “бүрэн зулбаа” гэсэн оноштой үзүүлсэн нь яллагдагч У.Отгонбатын цохилтоос үүссэн байх боломжгүй байна. Хохирогч А.Мөнх-Эрдэнийн ураг ямар хүчин зүйлийн улмаас зулбасан эсэхийг тогтоох боломжгүй байна. Ураг зулбах гэх нэр томъёог шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т жирэмслэлт таслагдах үүнд: гэмтлийн улмаас жирэмслэлтийн хугацаанаас үл хамааран дутуу төрөх, ураг зулбах, ураг амьгүй болох тохиолдол хамаарна гэж заасан байдаг. А.Мөнх-Эрдэнийн биед тухайн үед хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл” болохыг тогтоосон шинжээчдийн 1284 тоот дүгнэлт /1-р хх-ийн 185-186/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс У.Отгонбатын гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан У.Отгонбат, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

 

Ялтан У.Отгонбатын “…Миний бие үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү…”, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатарын “…Миний үйлчлүүлэгч У.Отгонбатад анхан шатны шүүхээс 3 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй болно.

Учир нь анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан У.Отгонбатад ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, түүнчлэн түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар У.Отгонбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно” гэх энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш болохыг дурдах нь зүйтэй.

 

Ялтан У.Отгонбат нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж байсан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан хэдий ч тэрээр энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг харуулах хүчин зүйл гэж үзнэ.  

Түүнчлэн танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн бусад гэмт хэргээс ялгахад гэмт этгээдийн гэм буруугийн сэдэлт, зорилго зэрэг субъектив талын шинж, түүнчлэн хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, үр дагавар, нөхцөл байдлыг зөв тогтоох нь чухал ач холбогдолтой байдгаас гадна уг үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг онцлогтой байдаг.

 

Дээрх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.Мөнх-Эрдэнэ, бусад гэрч, шинжээч эмч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан ялтан У.Отгонбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 6-ны шөнө 23 цагийн орчим согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” худалдааны төвийн гадна иргэн А.Мөнх-Эрдэнийг мөнгө, гар утас өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн нүүрэн тус газар нь гараар цохиж “хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэж хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

Энэ хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүх ялтан У.Отгонбатын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтны мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй юм.

 

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэл /бүртгэл/-д өршөөл үзүүлэх тухай зохих тэмдэглэгээг хийнэ.” гэж хуульчилжээ.

 

Ялтан У.Отгонбат нь Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацаа “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болж байх тул шүүхээс үүнтэй холбоотой ямар нэг шийдвэр гарах шаадлагагүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан У.Отгонбат, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: