Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00630

 

                                                             Н.Барсын нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/01303 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 421 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Н.Барс,

Хариуцагч : Ханхүү трейд ХХК,

Үндсэн нэхэмжлэл: 72.624.800 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэл: 76.945.921 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Цогтсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо, 66 дугаар байрны 2, 3 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203006195, Ү-2203007921 дугаартай, өргөтгөл бүхий 170 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Ханхүү трейд ХХК-ийн ерөнхий захирал Б.Цогтсайхан 2015.4.14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан түрээслэхээр тохиролцсон. 2017.4.25-ны өдрийг хүртэл байхаар тохирч үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу төлбөрийг 2015.6.25-ны өдөр Төрийн банкны дансаар шилжүүлсэн. Үүнээс хойш төлбөр төлөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан дагуу 2015.12.25-ны өдрийг хүртэл 20.400.000 төгрөгийг төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсныг 2016.1.21-ний өдрийн 00879 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталсан. Үүнээс хойш 2016 оны 1-4 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй. Иргэний хуулийн 289.1.2-т зааснаар түрээсийн байрны ашиглалтын зардал болох ус, дулааны төлбөрийг төлөөгүй хуримтлуулсан учир түрээслүүлэгч өөрөө төлсөн. Гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй байгаа тул түрээсийн гэрээг Иргэний хуулийн 288.2.3, түрээсийн гэрээний 5.1-д заасны дагуу цуцалж, түрээсийн байрыг хүлээлгэж өгөх мэдэгдэлийг 2016.4.04-ний өдөр хүргүүлсэн. Иймд, 2016 оны 1-7 дугаар саруудын түрээсийн төлбөр бүгд 47.600.000 төгрөгийг, Иргэний хуулийн 232.6, гэрээний 4.6-д зааснаар дээрх хугацааны төлбөрийн алданги 22.640.000 төгрөг, ашиглалтын зардал 2.384.800 төгрөг, нийт 72.624.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2015.4.14-ний өдөр Н.Барстай 66 дугаар байрны 2,3 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт 170 м.кв талбайд нийтийн хоолны үйл ажиллагаа явуулах зориулалтаар ашиглахаар 2015.4.25-ны өдрөөс 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа нотариатад очсон боловч Капитрон банкны зээлийн барьцаанд байгаа тул баримт бичгийн бүрдэл хангахгүй, гэрчлэх боломжгүй гэсэн. Түрээслүүлэгч Н.Барс нь би банкнаас зээл нэмж авах шаардлагатай байгаа тул гэрээгээ хийж, нэг сарын барьцаа төлбөр болон эхний 5, 6 сарын төлбөрөө төлчих, зээлийн гэрээ шинэчлэгдэхээр уг гэрээгээ гэрчлүүлж, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, танай үйл ажиллагааг явуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлнэ гэсний дагуу гэрээг байгуулж, барьцаа болон эхний 2 сарын төлбөрт нийт 16.800.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд засварын санхүүжилт хийгээд эхэлсэн байсан тул оршин суугчидтай хэл амаа олж, тэдний шаардлагыг биелүүлж, тав тухыг нь алдагдуулахгүй байхаар ярилцахыг удаа дараа оролдсон амжилтгүй болсон, Н.Барсад хандаж гэрээний дагуу шаардлагатай бичиг баримтын бүрдлийг хийхэд туслахыг хүссэн. Мөн ийм нөхцөл байдлыг өмнө нь яагаад хэлээгүй, цаашид хэрхэх талаар уулзаж ярилцсан. Гэвэл 7-р сарын төлбөр төл гэхэд нь 6.800.000 төгрөг, 6 сарын үлдэгдэл 3.600.000 төгрөг, нийт 10.400.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Гэвч гэрээнд заасан зориулалтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж чадаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид түрээслэгчийн үүргээ биелүүлж барьцаа болон эхний 3 сарын төлбөрийг бүрэн төлсөн ч түрээслүүлэгчийн баримт бичгийн бүрдэл, оршин суугчдын эсэргүүцлээс болж үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд цаашид зөвшөөрөл авах боломжгүй тул уг байранд хийсэн засварт зарцуулсан мөнгөн хөрөнгийг гаргуулна. Цаашид бизнесийн болоод хамтарч ажиллах итгэлцэл эвдэгдэж байгаа тул түрээсийн байрыг чөлөөлөн өгч хийгдсэн засварын зардал, төлсөн түрээсийн төлбөрийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Гэрээ цуцлагдсан асуудалд маргахгүй, байрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Иймд түрээсийн төлбөрийн 27.200.000 төгрөг болон засварын зардал 47.041.444 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн төлбөр 2.704.477 төгрөг, нийт 76.945.921 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь байрнаас гарахдаа салгаж авах бүх эд хөрөнгөө салгаж авсан, мөн гэрээгээр ашиглалтын болон засан сайжруулалтын зардлаа өөрсдөө хариуцахаар үүрэг хүлээсэн тул эдгээр төлбөрийн зөвшөөрөхгүй гэжээ.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/01303 дугаар  шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ханхүү трейд ХХК-иас нийт 65.409.000 төгрөг гаргуулан Н.Барсад олгож, нэхэмжлэлээс 7.215.800 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ханхүү трейд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 521.100 төгрөг, хариуцагчаас төлсөн 542.680 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ханхүү трейд ХХК-иас 484.995 төгрөг гаргуулан Н.Барсад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 421 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/01303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Ханхүү трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид товыг мэдэгдсэн, хариуцагчийн өмгөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгчгүйгээр хийхэд татгалзаагүй гэсэн байхад давж заалдах шатны шүүх хэргийн материалтай танилцуулахгүй гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийг зөрчсөн. 2. Сөрөг нэхэмжлэлийг хариуцагч 3 удаа гарсанаас шаардлага хангаагүй байсан учир хүлээн авахаас татгалзсан, мөн гэрчээр асуулгах хүмүүст хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгөх хүмүүс биш гэж үзэн энэ хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан. 3. Хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нотлоогүйн зэрэгцээ засан сайжруулалт хийсэн гэх боловч нэг ч эд зүйл үлдээгээгүй, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа боловч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 318.2, 318.3-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж буруу дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Барс нь Ханхүү трейд ХХК-иас түрээсийн төлбөр 47.600.000 төгрөг, алданги 22.640.000 төгрөг, ашиглалтын зардал 2.384.800 төгрөг нийт 72.624.800 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс нийт 76.945.921 төгрөг гаргуулахыг  шаарджээ. /хх1-н 44, 74-76, 106-107, 125-126/

Анхан шатны шүүх хариуцагчаас түрээсийн төлбөр 47.600.000 төгрөг,  алданги 22.236.000 төгрөг, ашиглалтын зардал 2.373.000 төгрөг нийт 72.209.000 төгрөгөөс барьцааны 6.800.000 төгрөгийг хасаж үлдэх 65.409.000 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 7.215.800 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна.

 Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Ханхүү трейд ХХК сөрөг нэхэмжлэл гаргахдаа үндэслэлээ “...түрээсийн төлбөр 27.200.000 төгрөг, засварын зардал 49.745.921 төгрөг...” гэж тайлбарласан /хх1-ийн 126/ байхад шүүх “...түрээсийн төлбөрт 27.200.000 төгрөг, засварын зардалд 76.945.921 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 2.704.477 төгрөг...” /хх 2-ын 171/ шаардсан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцэхгүй. Түүнчлэн, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх үнэлээгүй байх тул хяналтын шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь мөн  хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчих тул магадлалыг хэвээр үлдээв.      

Харин, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн бусад дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байгааг дурдах шаардлагатай байна.

Зохигчид шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх  хуралдаанд хүрэлцэн ирсэн хэргийн оролцогч нарт танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т нийцжээ.  Хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай өмгөөлөгчийн   хүсэлтийг өмнө нь шүүх хангаж,  2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 181/ШЗ 2016/06471,  2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 181/ШЗ2016/07313 дугаар захирамж гаргасан /хх 2-ын 78, 88/ боловч  2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч биечлэн ирээгүй байв. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй хэргийн оролцогчид шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримтыг  танилцуулах ажиллагаа хийхээр шүүх хуралдааны хойшлуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 105 дугаар зүйлийн 105.2-т нийцэхгүй.

Гэрч асуулгах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзахдаа шүүх үндэслэлээ буруу тодорхойлсон нь шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна. Учир нь, шүүх  нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаас хойш шүүх хуралдааныг 6 удаа хариуцагчийн өмгөөлөгчийн, нэг удаа зохигчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр тус тус хойшлуулж байжээ. Үүнд: хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 181/ШЗ2016/03493, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан гэж 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 181/ШЗ2016/03921, хариуцагчийн өмгөөлөгч шүүгчийг татгалзан  гаргах хүсэлт гаргасан гэж 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 181/ШЗ2016/04232, хариуцагчийн өмгөөлөгч өвчтэй гэсэн шалтгаанаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2016/05492, хариуцагчийн өмгөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан гэж 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 181/ШЗ2016/06341, хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч гаргасан гэж 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 181/ШЗ2016/06471, нэхэмжлэгч, хариуцагч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч нар гаргасан гэж 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 181/ШЗ2016/07313 дугаар захирамжаар /хх1-ийн 41, 51, 88, 101, 116, 2-ын 78, 88 дугаар тал/ шүүх хуралдаан хойшлогдож байжээ. Гэрч асуулгах хүсэлтийг хариуцагч тал 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш /хх 1-ийн 88/ дахин шүүхэд гаргаагүй, хүсэлтийг урьд нь гаргах бололцоотой байсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантайг нотлоогүй тул анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 181/ШЗ 2016/07396 дугаартай захирамж гаргаж /хх 2-ын 157/ “гэрчээс мэдүүлэг авах” хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-г зөрчөөгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 421 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 484.995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ