Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00013

 

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00013

 

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02450 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Ханхүү трейд ХХК-д холбогдох

 

Түрээсийн төлбөр 68 000 000 төгрөг, алдангид 34 000 000 төгрөг, хохиролд 2 384 800 төгрөг, нийт 97 584 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, түрээсийн төлбөрт төлсөн 27 200 000 төгрөгийг буцаан гаргуулах, түрээсийн байранд хийсэн засварын зардалд 47 041 444 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 2 704 477 төгрөг буюу нийт 76 945 921 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц хариуцагчийн өмгөөлөгч Р.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.Бын өмч болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 66 дугаар байрны 2, 3 дугаар тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203006195, Ү-2203007921 дугааруудтай, өргөтгөлийн хамт 170 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Ханхүү трейд ХХК-ийн ерөнхий захирал Б.Цогтсайхан нь 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан, мөн сарын 25-ны өдрөөс эхлэн түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай буюу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл байгуулан үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу Ханхүү трейд ХХК нь түрээсийн төлбөрийг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкны дансаар шилжүүлснээс хойш төлбөрөө төлөхгүй байсан учир шүүхэд түрээсийн төлбөрийг шаардсан нэхэмжлэлийг гаргасан бөгөөд Ханхүү трейд ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 61 302 000 төгрөгийн нэхэмжлэлээс 20 400 000 төгрөгийг төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсныг 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 00879 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталсан.

Үүнээс хойш 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой байсан төлбөрийг төлөөгүй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар Ханхүү трейд ХХК нь төлөх ёстой байсан түрээсийн байрны ашиглалтын зардал болох ус, дулааны төлбөрийг төлөөгүй хуримтлуулсан зардлыг түрээслүүлэгч Н.Б өөрөө төлсөн. Түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө цаг тухай бүрт нь төлөхгүй байгаа тул түрээсийн гэрээгээ Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, түрээсийн гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу цуцалж, түрээсийн байрыг хүлээлгэж өгөх тухай мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүргүүлсэн. Иймд Ханхүү трейд ХХК-аас 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 7 дугаар саруудын түрээсийн төлбөрт сард 6 800 000 төгрөг бүгд 47 600 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрийн алданги 6 256 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 5 236 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 4 216 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийн алданги 3 196 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 2 176 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 1 156 000 төгрөг, бүгд 22 640 000 төгрөг, түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан хугацааны ашиглалтын зардалд Н.Бын төлсөн 2 384 800 төгрөг, нийт 72 624 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн байрны түлхүүрээ хүлээн авсан. Иймд албадан чөлөөлүүлэх шаардлага биелэгдсэн гэж үзэж байгаа тул энэ шаардлагаасаа татгалзана. Иймд Ханхүү Трейд ХХК-аас 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 10 сарын төлбөр 68 000 000 төгрөг, алданги 34 000 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сар, 2 дугаар сар, 3 дугаар сар, 4 дүгээр сарын ашиглалтын зардалд төлсөн 2 384 800 төгрөг буюу нийт 104 384 800 төгрөгөөс барьцаа 6 800 000 төгрөгийг хасч үлдэх 97 584 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Бтай тохиролцож рестораны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нь түрээслэхээр амаар тохирсон. Ингээд нотариат дээр очиж гэрээ хийх гэхэд бичиг баримт дутуу болохоор нотариат батлахгүй гэсэн. Тэгэхээр нь Н.Бад энэ тухай хэлэхэд банкинд үл хөдлөхийн гэрчилгээ байгаа, банкнаас зээл авах гэж хөөцөлдөж байгаа тул надад банкинд үзүүлэх гэрээ хэрэгтэй, дараа нь түрээсийн гэрээгээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлье гэж хэлээд гэрээ хийхийг хүссэн. Би банкинд байгаа гэрчилгээг нь үзээд Н.Бад итгэсэн учраас 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ хийсэн. Анх түрээсийн гэрээ хийхээр тохирч байхад түрээсийн байр маань зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул бид тасалсан тогийг залгуулах, нийтийн хоолны зориулалтаар тохижуулах, зохих зөвшөөрөл авах зэрэг ажиллагааг өөрсдөө хийж, 2015 оны 11 дүгээр сард рестораны нээлтээ хийсэн боловч сарын дараа хаагдсан. Оршин суугчдын зүгээс маш их эсэргүүцэлтэй тулж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч ирж рестораныг хаах үед Н.Б шүүхэд түрээсийн төлбөр шаардсан нэхэмжлэл гарсан байсан тул бид үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. Шүүхэд хууль мэдэхгүйгээсээ эвлэрэл байгуулж буруудсан. Н.Б анх тохирсон ёсоор түрээсийн гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, түрээсийн байрыг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаагүйгээс миний нийт 120 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт салхинд хийссэн. Нэгэнт түрээсийн гэрээ өөрөө хуульд нийцээгүй, би түрээсийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Түрээсийн байрыг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаагүй, зохих зөвшөөрлийг авч өгөх үүргээ Н.Б биелүүлээгүй тул би ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөрийг болон түүний алдангийг, мөн ашиглалтын зардалд төлсөн гэх 2 384 800 төгрөгийг зөвшөөрөхгүй. Н.Б нь би банкнаас зээл нэмж авах шаардлагатай байгаа тул түрээсийн түр гэрээгээ хийж, 1 сарын барьцаа болон 5 дугаар сар, 6 дугаар саруудын түрээсийн төлбөрөө нэг дор төлчих, би 100 айлд барилгын ажил эхлэх гээд мөнгө хэрэгтэй байна. Банкнаас зээл авахад гэрээ хэрэгтэй байна, зээл гарсны дараа шинэчилсэн гэрээ хийж Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлье гэж итгүүлж гэрээ хийсэн боловч шинэчилсэн гэрээ огт хийгээгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Түрээсийн гэрээг байгуулж, барьцаа мөнгө 6 800 000 төгрөг болон эхний 2 сарын түрээсийн төлбөр 10 000 000 төгрөг нийт 16 800 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр 15-ны өдөр шилжүүлсэн. Мөн 6 сарын үлдэгдэл дээр 7 сарын түрээсийг нэмж 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10 400 000 төгрөг, нийт 27 200 000 төгрөгийг Н.Бад төлсөн тул үүнийгээ буцаан гаргуулмаар байна. Бид түрээсийн төлбөрөө төлөн засварын санхүүжилт хийж байтал оршин суугчдаас эсэргүүцэлтэй тулгарч үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд энэ талаар Н.Бад удаа дараа хэлж, оршин суугчдаас үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гарын үсэг, мөн хорооны засаг даргатай байгуулах тохижилт үйлчилгээний гэрээ зэрэг шаардлагатай баримт бичгийг авч өгөх талаар удаа дараа хэлж мэдэгдэж байсан боловч Н.Б нь түрээсийн төлбөрөө авсан байтлаа амлалтынхаа дагуу өөрийн зүгээс гүйцэтгэх үүргээ биелүүлэхгүй байсаар бид үйл ажиллагаа явуулж чадахгүй, зөвхөн түрээсийн төлбөр, ашиглалтын зардал төлсөөр маш их хохирол амссан. Иймд 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээ нь анхнаасаа хуурамч, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж түүнийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байна. Мөн түрээслүүлэгч Н.Б нь төлбөрөө авсан байтлаа өөрийн үүргээ биелүүлэн түрээсэлж буй байраа үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангаж өгөөгүйгээс Ханхүү трейд ХХК нь ямар ч үйл ажиллагаа явуулаагүй хохирч байгаа тул түрээсийн төлбөрт төлсөн 27 200 000 төгрөг, засварын зардалд зарцуулсан 47 041 444 төгрөг, байрны ашиглалтын зардалд төлсөн 2 704 477 төгрөг, нийт 76 945 921 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн. Үүнээс засварын зардал буюу агааржуулалт угсралт 9 490 075 төгрөг, байршуулах краны зардал 240 000 төгрөг, 3 ширхэг хаалганы үнэ 1 693 100 төгрөг, 380 ватт татсан зардал 180 000, бусад засварын зардал 15 852 269 төгрөг, ажлын хөлс 15 000 000 төгрөг буюу нийт 42 455 444 төгрөг болж, 4 586 000 төгрөгөөр багассан байгаа. Иймд нэхэмжлэгчээс 72 359 921 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Анхнаасаа нийтийн хоолны зориулалттай, бүрэн засвартай хөрөнгө байсан. Оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан гэх үндэслэл нотлогдоогүй. Гэрээгээр ашиглалтын зардлыг түрээслэгч өөрөө хариуцахаар заасан, засан сайжруулалтын зардлыг нэхэмжлэгч хариуцахгүй. Өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулж засаж янзалсан тул нэхэмжлэгч уг зардлыг төлөх үндэслэлгүй. Засвараас авч явах боломжтойгоо авч явсан. Манайх хаалгатай байр хүлээлгэн өгсөн. Тэгэхээр хаалганы мөнгө төлөх үндэслэлгүй. Гэрээ байгуулсан, үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн тул гэрээ хүчин төгөлдөр. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр тохирсон. Гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хариуцагч гаргаж байгаагүй тул сөрөг шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6, 318 дугаар зүйлийн 318.1, 318.4-д заасныг тус тус баримтлан Н.Б болон Ханхүү Трейд ХХК-ийн хооронд 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Ханхүү трейд ХХК-аас түрээсийн төлбөр, түүний алданги, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 97,584,800 төгрөг гаргуулах Н.Бын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, Н.Баас түрээсийн төлбөр болон гарсан зардал, учирсан хохиролд нийт 72,359,921 төгрөг гаргуулах Ханхүү Трейд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 645,880 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 542,680 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод нэмж оруулж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар "түрээсийн гэрээг байгуулсан гэж үзсэн боловч мөн хуулийн 318.4-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус байна" гэж үзсэн. Гэтэл энэхүү түрээсийн гэрээний 2.5-д "түрээсийн байрыг банкны барьцаанд
байгаа тухай, мөн улсын бүртг
элд бүртгүүлэхгүйгээр хүчин төгөлдөр болох тухай"
дурьдсан ба энэ нь талууд
гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөт байдлын
хүрээнд харилцан тохиролцсон жилээс үйл ажиллагаа явуулаад 1 жил 6 сарын
дараа шүүхээс хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзсэн нь зүйд нийцэхгүй байна. Мөн анхан шатны шүүхээс 2016 оны 01 сарын 21-ний өдрийн 00879 дугаартай шүүгчийн захирамж нь цаашид түрээсийн үйл ажиллагаа явуулахад саад болохгүй тухай дурьдсаар байтал зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний тухайд бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан уг гэрээнд талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн, гэрээ бодитоор хэрэгжиж байсан нь илт боловч... гэж дүгнэсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ханхүү трейд ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр, алданги, ашиглалтын зардал зэрэг нийт 97 584 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, түрээсийн төлбөрт төлсөн 27 200 000 төгрөг, засварт зарцуулсан 42 455 444 төгрөг, ашиглалтын зардал 2 704 477 төгрөг, нийт 72 359 921 төгрөгийг шаардсан сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээгээр Н.Бын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 66 дугаар байрны 2, 3 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт 170 м.кв талбай бүхий байрыг нийтийн хоолны зориулалтаар хариуцагч Ханхүү трейд ХХК-д түрээслэх, түрээсийн төлбөрт сарын 6 800 000 төгрөг эхэлж төлөхөөр тохиролцжээ.

 

Хэдийгээр дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй, мөн хуулийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл боловч хариуцагч нь 2015 оны 5-7 дугаар саруудын түрээсийн төлбөрт 20 400 000 төгрөгийг төлсөн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 879 дүгээр захирамжаар хариуцагч нь 2015 оны 8-12 дугаар саруудын түрээсийн төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас 20 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй талаар талууд маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх дээрх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг зөв дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх зохицуулалтыг хэрэглэх талаар дурдсан боловч Ханхүү трейд ХХК нь түрээсийн байрыг нийтийн хоолны зориулалтаар ашиглаж чадаагүй гэж үзсэн нь нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзнэ.

 

Түрээсийн байрыг нэхэмжлэгч тал 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан үйл баримт дээр талууд маргаагүй, хариуцагч нь түрээсийн орон сууцыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэдгээ нотлоогүй, нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдэж гэрээнээс татгалзах санал гаргаж байсан нь тогтоогдохгүй байна.

 

Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон учир хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй ба түрээсийн байр нь хариуцагчаас нэхэмжлэгч талд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөх хүртэл хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд байсан гэж үзэх тул түүнийг эзэмшиж, ашигласныхаа үнийг өгөх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэх юм.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлтэй байх тул 2017 оны 1 дүгээр сараас 10 дугаар сарын төлбөр 68 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс ашиглалтын зардалд төлсөн 2 384 800 төгрөгийн хамт нийт 63 584 800 төгрөгийг хариуцагч Ханхүү трейд ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Н.Бад олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Харин түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул алданги шаардах эрхгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 72 359 921 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02450 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 318.4 гэсний дараа 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж нэмж, Ханхүү трейд ХХК-аас түрээсийн төлбөр, түүний алданги, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 97 584 800 төгрөг гаргуулах Н.Бын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, гэснийг Ханхүү трейд ХХК-аас 63 584 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34 000 000 төгрөгт холбогдох хэсгийг гэж,

2 дах заалтын хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод нэмж оруулж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай гэснийг хариуцагчаас 475 874 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ