Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00539

 

 

 

ЕИ- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/03372 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЕИ- ХХК-ийн хариуцагч АА ХХК,Б.А- нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсайхан, хариуцагчАА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Б.БаяндүүрэнАА ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал гэж 2018 оны 03 дугаар сард холбогдож Mехатроник инженеринг экүйпмэнт ХХК-аас дизель генераторын алтернаторыг 24,150,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Алтернаторын урьдчилгаанд 20,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 4,150,000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэхээр тохирсон боловч төлөөгүй. Уг алтернаторыг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр засварын багийнхан Шарын гол суманд хүргэж холболт хийн асааж хэвийн ажиллагаанд оруулсан.АА ХХК-аас төлбөрийг нэхэхэдБ.А- манай компанид хамааралгүй гэх хариу өгсөн.Б.А- алтернатор авсан гэдгээ зөвшөөрсөн.АА ХХК-ийн уурхайн талбайд алтернатор ашиглагдаж байгаа учраас хэлцэл хүчин төгөлдөр байна. Иймд гэрээ байгуулсанБ.А-гээс 4,150,000 төгрөгийг гаргуулна.АА ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна гэжээ.

 

2. ХариуцагчАА ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

АА ХХК-ийн ЕИ- ХХК-тай дезиль генераторын алтернаторыг худалдан авах гэрээ байгуулаагүй. Тус дизель генераторын алтернаторыг компаниас авч ашиглаагүй. Дизель генераторын алтернаторыг Шарын гол суманд хүргэн холболт хийн асааж хэвийн ажиллагаанд оруулсан гэх тайлбар үндэслэлгүй.АА ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Нандинцэцэг томилогдон ажиллаж байгаа. 2018 оны 03 дугаар сард тус компанийн захирлаар Х.Баттулга ажиллаж байсан.Б.А- нь манай компанид ажилладаггүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаарАА ХХК-ийг төлөөлж, гэрээ хэлцэл хийх эрхтэй этгээд нь гүйцэтгэх захирал Ц.Нандинцэцэг юм.Б.А-д гэрээ, хэлцэл хийх итгэмжлэл олгоогүй. ЕИ- ХХК болонАА ХХК-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус юм. Тоног төхөөрөмжийг Б.Баярцэнгэлд хүлээлгэн өгсөн гэх боловч тэрээр манай компанид ажилладаггүй.Б.А- төлбөрийг хариуцах ёстой. ИймдАА ХХК хариуцагч биш тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. ХариуцагчБ.А-гийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.Баяндүүрэн 2017 оноосАА ХХК-д ажиллаж эхэлсэн. Тус компанийн хувьцааг Х.Баттулга, Ц.Баатарбилэг нар 50:50 хувиар эзэмшдэг. Ц.Баатарбилэг болон Х.Баттулга нарын зөвшөөрлөөр тус компанид ажиллаж байсан. ЕИ- ХХК-тай 2018 оны 03 дугаар сард холбогдож дизель генератор авахаар болж Ц.БаатарбилэгБ.А-гийн дансанд 24,000,000 төгрөг шилжүүлсэн. Дизель генераторын алтернаторын төлбөрийг 2 хувааж шилжүүлсэн. 2018 оны 05 дугаар сард уурхайн дарга Б.Баярцэнгэлд дизель генераторын алтернаторыг хүлээлгэн өгсөн.АА ХХК-аас 24,000,000 төгрөг шилжүүлсэн боловч үлдэгдэл 4,000,000 төгрөгийг тус компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчБ.А-гээс 4,150,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЕИ- ХХК-д олгож,

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЕИ- ХХК нь хариуцагчАА ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

4.3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчБ.А-гээс 81,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЕИ- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. ХариуцагчБ.А-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Б.Баяндүүрэн хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд орон нутагт ажиллаж байсан. Шүүх хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийхээр товлогдсон. Гэтэл шүүхээсБ.А-д шүүх хурлын тов мэдэгдээгүй.Б.А- 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хэргийн материалтай танилцахдаа шүүх хуралдааны товыг мэдсэн. Шүүгчийн туслахтай холбогдож 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд шүүгчийн туслах цахимаар орох нэвтрэх код болон паспортыг илгээгээгүйгээс шүүх хуралдаанд оролцож чадаагүй. ШүүхээсБ.А-гийн утас руу залгахад холбогдох боломжгүй байсныг нотлоогүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд цахимаар оролцож, өөрийн байр суурийг хамгаалах байсан. Түүнчлэн, 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хэргийн материалтай танилцахад 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт авагдаагүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасан хугацаанд тэмдэглэл гаргаагүй. Тус шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааны дүрс бичлэгийг үзэх хүсэлт гаргасан боловч боломжгүй гэх хариу өгсөн.

ХААН банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхээс цахимаар илгээсэн. Уг дансны хуулгыг шинжлэн судлуулах байсан боловч шүүх хуралдаанд оролцох эрх, мэтгэлцэх эрхийг хангаагүйгээс энэ талаар мэтгэлцэж чадаагүй. НВЦ ХХК-аас 24,000,000 төгрөгийгБ.А-гийн дансанд шилжүүлж тус мөнгийгАА ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан талаар дурдсан.АА ХХК-д ажиллаж байхдаа компанийн баримт бичиг дундаас зургийг нь дарж шүүхэд гаргаж өгсөн. ГэтэлАА ХХК хуурамчаар баримтыг үйлдсэн мэт тайлбарласан нь үндэслэлгүй.АА ХХК-аас шилжүүлсэн 24,000,000 төгрөг тус компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Нэхэмжлэгчид 20,000,000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 4,000,000 төгрөгийгАА ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай түлш худалдан авч 5045064716 тоот дансанд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Б.Баяндүүрэнгийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй.Б.А- нь хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Шүүх хуралдааны товыгБ.А-д мэдэгдсэн тул шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй гэх гомдол үндэслэлгүй. Шүүх хуралдаан болсон өдөрБ.А-гийн утас руу залгахад холбогдох боломжгүй байсан.Б.А-АА ХХК-д ажиллаж байсан талаар баримт байхгүй.АА ХХК-аасБ.А-д 24,000,000 төгрөг шилжүүлсэн нь гэрээ цуцалсан нотлох баримт болон ХААН банк ХХК-ийн дансны хуулгаар нотлогдож байна. Д.Баяндүүрэн 20,000,000 төгрөгийг НВЦ ХХК-д шилжүүлж, үлдсэн 4,000,000 төгрөгийгАА ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан нь баримтаар нотлогдоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчАА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловчБ.А- шүүх хуралдаанд оролцоогүй. Нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй атлаа шүүхийг буруутгаж болохгүй.АА ХХК Mехатроник инженеринг экүйпмэнт ХХК-тай худалдах, худалдан авах байгуулаагүй.АА ХХК-аасБ.А-д гэрээ байгуулах эрх олгоогүй. НэхэмжлэгчАА ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Мехатроник инженеринг экүймэнт ХХК хариуцагчАА ХХК болонБ.А- нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт дезиль генераторын алтернаторын үлдэгдэл төлбөр 4,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

ХариуцагчБ.А- ...АА ХХК-д ажиллах байх хугацаандаа тус компанийн захирлын даалгаснаар Мехатроник инженеринг экүймэнт ХХК-аас дизель генераторын алтернаторыг 24,150,000 төгрөгөөр худалдан авсан, тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Баатарбилэг 24,000,000 төгрөгийг шилжүүлснээс дизель генераторын алтернаторын төлбөрт 20,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан... гэж, хариуцагчАА ХХК ...Б.А-д генераторын алтернатор худалдан авах гэрээ байгуулах итгэмжлэл олгоогүй, тус генераторын алтернаторыг худалдан аваагүй... гэх зэргээр хэн аль нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч Мехатроник инженеринг экүймэнт ХХК нь генераторын алтернаторыг худалдах, худалдан авах гэрээг хариуцагч нарын хэнтэй байгуулсан, гэрээний зүйл болох генераторын алтернатор хаана, хэний эзэмшилд байгааг тогтоох шаардлагатай.

 

Мөн НВЦ ХХК-аасБ.А-д 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөрАА ХХК-д гэсэн утгаар 24,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар ХААН банк ХХК-ийн орлогын мэдүүлэг хэрэгт авагдсан ба анхан шатны шүүх энэ баримтын талаар талуудаас тодруулах, мэтгэлцүүлэх ажиллагааг хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, НВЦ ХХК болонАА ХХК-ийн хоорондын харилцан хамаарлыг тодруулах нь талуудын дунд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой байж болохоор байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл тодорхой бус байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/03372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчБ.А-гийн төлсөн 81,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ