Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00809

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 17 210/МА2023/00809

 

 

 

 

 

 

 

 

     2023          04            17                                        210/МА2023/00809

 

 

 

Т.М-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/00824 дугаар шийдвэртэй,

Т.М-гийннэхэмжлэлтэй, “Э” ХХК-дхолбогдох,

Гэрээний үүргийн алданги 55,705,500 төгрөг гаргуулах үндсэн, “М” ХХК-ийнэрх, хувьцааг шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах, алданги 142,625,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Талууд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Т.М-гийнөмчлөлийн Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Нарлагын 21 дүгээр гудамжны 4 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2207003682 дугаартай, 104 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, автозогсоолын зориулалттай уг хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2207004281 дугаартай, 918 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө мөн хаягт байрлах нэгж талбарын 18668294474688 дугаартай, 5,041 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэх ба “М” ХХК-ийннэр дээр эзэмшдэг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 2 эрхийг шилжүүлэхээр тохирч, 20 автобусыг “Э” ХХК-д815,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд тохиролцсон.

1.2. Гэрээний 5.1-д “Э” ХХК 2018 оны 06 дугаар сард батгааж 815,000,000 төгрөгийг төлөхөөр болсон. Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө шаардах эрхийг “Э” ХХК-дшилжүүлсэн өдөр 35 хувь, уг эрхийг хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлснээр 35 хувь, үлдэгдэл төлбөрийг улсын бүртгэлийн гэрчилгээг эрх шилжүүлэн авагчийн нэр дээр хүлээн авсан өдөр гэж гэрээнд тусгасан.

1.3. Гэрээний дагуу Т.М дагалдах гэрээг “М” ХХКтөлөөлөгч Ц.Эрдэнээтэй байгуулсан. Тухайлбал, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг мөн өдрөө 918 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсан.  Эдгээр байгуулахаас 3 хоногийн өмнө тус компанитай компанийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн эрхийг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Түүнчлэн, гэрээнд тусгагдсан 20 автобусыг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Автотээврийн үндэсний төвд холбогдох хүсэлт гаргаснаар “Э” ХХК-дбүрэн шилжүүлсэн.

1.4. Гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг хугацаа хожимдуулж шилжүүлсэн тул алданги гарсан. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэх ёстой байсан 2 дахь төлбөрийг эхний удаад 15 хоногоор хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 185,250,000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу 35 хоногийн дараа 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 3 дахь төлбөр 285,250,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэх байтал мөн оны 08 дугаар сарын 07, 08 дугаар сарын 15, 08 дугаар сарын 16, 09 дүгээр сарын 07, 09 дүгээр сарын 24, 10 дугаар сарын 22-ны өдөр нийт 6 удаа тасалж шилжүүлсэн. Иймд алданги 79,042,000 төгрөг гаргуулах байсан боловч багасгаж 55,705,500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Э” ХХК гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор бүрэн төлсөн. “Морь барьдаг” ХХК бичиг баримт, холбогдох баримтыг “Э” ХХК-дкомпанийн нэрийг шилжүүлж авах процесс улсын бүртгэлд явагдах байсан. Гэтэл нэхэмжлэгч баримтаа өгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, 2018, 2019, 2021 онуудад татварын тайлан гаргаж байсан. Үүнээс үзэхэд хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул алданги нэхэмжлэх эрхгүй.

2.2. Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний 5.3-д зааснаар хуулийн этгээд болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг “М” ХХКнэр дээр шилжүүлэн бүртгэснээр үлдэх 35 хувь буюу 285,250,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэвч үүргээ “Морь барьдаг” ХХК биелүүлээгүй.

2.3. Гэрээгээр “М” ХХК-ийнталаарх мэдээлэл, өр авлагыг нуухгүйгээр “Э” ХХК-дмэдээлнэ гэж заасан боловч нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй.

2.4. “М” ХХК-ийнэрх, тамга тэмдэг нь “Э” ХХК-дшилжээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нь “Морь барьдаг” ХХК нь өөрийнхөө нэрээр татварт тайлан гарган өгч, нийгмийн даатгалд шимтгэл төлж байсан ба тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. “Э” ХХКнь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад зохих ёсоор биелүүлээгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. “Эрдэм транс” ХХК, “М” ХХК-ийнхооронд байгуулсан компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 142,625,000 төгрөгийг “М” ХХК-ийнхувьцаа эзэмшигч Т.Мгээс гаргуулах мөн компаниудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний дагуу Т.М “М” ХХК-ийнбүх хувьцааг “Э” ХХК-дшилжүүлэх үүрэгтэй.

3.2. Гэрээний 6.1.11-д Эрх шилжүүлэгчийн үүрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй гэж, гэрээний 6.2.5-д эрх шилжүүлэн авагчийн шаардах эрхэд эрх шилжүүлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Мөн гэрээний 6.2.6-д гэрээний үүргийг биелүүлэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөх талаар заасан ба 7.1-д талууд гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй бол гэрээний үүрэг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно гэж заасан тул гэрээний дагуу эрхээ шилжүүлээгүй байгаа тул эрх шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэгчид компанийн тамга, тэмдэг байгаа бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлан гаргаж татварын газарт тайлан гаргасан.

3.3. Иймд “М” ХХК-аас гэрээний үүрэг алдангид 142,625,000 төгрөгийг гаргуулж, “Э” ХХК-д”М” ХХК-ийнхувьцааг бүрэн шилжүүлэхийг Т.Мд даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 142,625,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, шаардах эрхээ бүгдийг нь шилжүүлсэн өдөр гэж заасан ба 5.2-т заасан шилжүүлсэн өдөр 35 хувиас гэж тооцоод үүргээ биелүүлээгүй гэж 50 хувиар тооцож алданги нэхэмжилж байна. Манай компани хөдлөх хөрөнгө буюу 20 автобусаа 5 дугаар сарын 3-ны өдөр өгсөн. Үл хөдлөх хөрөнгөө мөн адил хүлээлгэж өгөөд 918 м/кв талбайтай гараажийн зориулалттай үл хөдлөхийн гэрчилгээ “М” ХХКнэр дээр 5 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Мөн 104 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөхийн гэрчилгээ 5 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Газрын материалуудыг бид 5 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн Газрын албанд хүлээлгэж өгсөн. “М” ХХК-ийнзүгээс эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх гэрээ хэлцэл, хүсэлтүүдээ хүлээлгэн өгч газрын гэрчилгээ 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарсан. Энэ нь “М” ХХК-ийнүйл ажиллагаанд хамааралгүй, төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанаас болоод бид нар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай “М” ХХК-ийнхувьцааг шилжүүлээгүйн төлөө 142,625,000 төгрөгийн алданги төлөх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.

4.2. Хувьцаа шилжүүлж аваагүй үйл баримт дээр “М” ХХК-ийнбуруутай үйлдэл байхгүй. Анхнаасаа 2 компани шугамын 2 эрхийг “Э” ХХК-дшилжүүлж өгөхгүй бол компани нэгдсэн гэдэг хүсэлтээ гэрээ байгуулагдахаас өмнө Нийтийн тээврийн газарт өгч 4 дүгээр сард гэрээ байгуулагдаад 5 дугаар сар “М” ХХК-ийншугамын 2 эрх “М” ХХКнэр дээр шилжсэн тул тус компани нь “М” ХХК-ийнхоосон хувьцаа хэрэггүй гэж үзээд тухайн үедээ аваагүй. Тус компани нь “Морь барьдаг” ХХК-д хувьцаа шилжүүлэх талаар албан тоот явуулж байгаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1.11-д нэгдэх гэдэг асуудал нь өөрөө “Морь барьдаг” ХХК болон “М” ХХКүйл ажиллагаа дуусгавар болоод шинэ хуулийн этгээдэд өөр зохицуулалт үйлчилдэг. Бид дангаараа “М” ХХК-ийнхувьцааг “Э” ХХК-дшилжүүлэхийн тулд дангаараа очиж бүртгүүлэх боломжгүй. “М” ХХК-ийн1,000,000 төгрөгийн үнэтэй хувьцаа тус компанид шаардлагатай байсан бол Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй.

4.3. Манай компани 2019, 2020, 2021 онд оёдлын үйл ажиллагаа эрхлээгүй нь тайлангаар нотлогдоно. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.6-д зааснаар 20 автобус, смарт картыг хүлээлгэж өгсөн. Яагаад нэг автобус хүлээлгэж өгөөгүй гэхээр гэрээний 6.2.8-д тус компани daewoo маркийн 17016 дугаартай, 58-53 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлж авахаас татгалзсан. Энэ татгалзсан тээврийн хэрэгсэлд байсан смарт картыг тус компанид шилжүүлж өгөөгүй. Харин 20 автобусны картаа бид нар хүлээлгэж өгсөн учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Тус компани нь өөрсдөө уурын зуух бариад ашиглалтад оруулна гэдэг агуулгаар дулааны зөвшөөрөл шаардаагүй. Харин төлбөрөө хэсэгчлээд шилжүүлсэн. Бид нарыг дулааны зөвшөөрөл болон хувьцаагаа шилжүүлж өгөөгүй байна гэсэн бол тухайн компани бол үлдэгдэл 235,000,000 төгрөгөө төлөхгүй, магадгүй гэрээнээсээ татгалзах эрхтэй байсан боловч эрхээ хэрэгжүүлээгүй тул зөвшөөрсөн.

 4.4. “М” ХХК-ийн100 хувийн хувьцааг шилжүүлж өгөхийг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. “Э” ХХКөөрсдөө аваагүй болохоос биш манайхаас ямар нэгэн татгалзал байхгүй. Улсын бүртгэлээс татан буугдаагүй байгаа учраас бид нар хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу татвар болон нийгмийн даатгалын тайланг өгөөд явж байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.М-гийннэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК-дхолбогдох гэрээний үүрэг 55,705,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч “М” ХХКнэхэмжлэлтэй нэхэмжлэгч Т.Мд холбогдох ”М” ХХК-ийнэрх, хувьцааг шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах, алданги 142,625,000 төгрөг гаргуулахаар тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 553,160 төгрөг, хариуцагчийн төлсөн 2,978,775 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: 

6.1. Талууд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан бөгөөд анхан шатны шүүх уг харилцааг хуулийн этгээдүүдийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээг Т.М болон “Э” ХХКнар байгуулаагүй учир Т.Мд гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүрэг шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Т.М нь “М” ХХК-ийн100 хувийн хувьцааг дангаар эзэмшигч ба тэрээр компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь заасны дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй атал шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэрийнхээ гол үндэслэлийг нэхэмжлэгч иргэнийхээ хувьд гэрээний нэг тал болж оролцоогүй тул шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн.

Т.М нь “М” ХХК-ийнхувьцаа эзэмшигчийн хувиар гарын үсэг зурж, тамга дарсан бөгөөд түүнийг “Эрдэм транс” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Учир нь Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 001/XT2021/01185 дугаартай тогтоолын 4 дүгээр талд “анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ “...нэхэмжлэгч нь “М” ХХК-ийннийт хувьцааг эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн гэж дүгнэсэн атлаа бие даан гэрээний нэг тал болоогүй учир гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хууль болоод Компанийн тухай хуульд нийцээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. 

6.2. Нэхэмжлэгч Т.М нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасны дагуу “Морь барьдаг” ХХК-ийг төлөөлж, гэрээний үүргийг шаардах эрхтэй тул хувьцаа эзэмшигч Т.М иргэний хувиар А.Анууд итгэмжлэл олгосон, олгосон итгэмжлэлийн дагуу А.Ануу нь нэхэмжлэл гаргаж, гарын үсэг зурсан нь хууль зөрчөөгүй атал анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

6.3.Талууд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээг байгуулж, тус гэрээгээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд, 2 чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний шугамын эрхийг нийт 815,000,000 төгрөгөөр “Э” ХХК-дхудалдахаар тохиролцсон ба гэрээний 3.2-т талуудын хүсэл зоргийн илэрхийллийг “М” ХХК-ийннийтийн тээврийн газарт өгсөн 2018.03.25-ны өдрийн 18/45 албан тоотыг үндэслэн байгуулна гэж тодруулан заасан байдаг. Талууд “М” ХХК-ийннийтийн тээврийн үйлчилгээний 2 шугамын эрхийг шилжүүлэн авч, суурь бааз болсон хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авах зорилгоор компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан болохыг нотолно. Дээрх гэрээнд “М” ХХК-ийнхувьцаа эзэмшигчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагчид шилжүүлэхтэй холбогдсон гэрээ хэлцлүүд нь гэрээний салшгүй хэсэг байна гэж тусгасан нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг тал хүссэний дагуу нөгөө тал зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж заасантай нийцэж байна. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн эрхийг худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан.

“М” ХХК-ийнэзэмшдэг нийтийн тээврийн 2 чиглэлийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн тээврийн газрын захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрээр “Э” ХХК-дшилжүүлсэн ба 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч нь Налайх дахь оффис, гараж, газар, тээврийн хэрэгсэл, контейнер, шатахуун зэргийг верийн эзэмшилд хүлээн авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн болох нь Нийтийн тээврийн газраас 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогддог. Талууд үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эрх бүхий байгууллагад гаргаснаар “М” ХХКнэр дээр гэрчилгээнүүд олгогдсон ба газрын эрх шилжүүлэх хүсэлтийг “Э” ХХКнь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, Т.М нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус тус гаргаснаар гэрээний үүргээ биелүүлсэн.

Харин 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр “М” ХХК-ийн100 хувийн хувьцааг “Э” ХХК-дшилжүүлэхээр тохиролцсон боловч 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Нийтийн тээврийн газраас “М” ХХК-ийнгол үйл ажиллагаа буюу нийтийн тээврийн 2 шугамын эрхийг “Э” ХХК-дшилжүүлэхээр зөвшөөрсөн тул гэрээ байгуулах үед анх тохиролцсон нөхцөл байдал өөрчлөгдөж, хариуцагч нь хувьцааг шилжүүлэн авах шаардлагагүй гэдгээ илэрхийлснээр “Морь барьдаг”  ХХК-ийн хувьцааг шилжүүлэх ажиллагаа хийгдээгүй байдаг. Талууд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээний төлбөрийн нөхцөлийг гэрээний 5.1-д төлбөрийг 3 хувааж төлөх бөгөөд төлбөрийн төрөлд бартер оролцуулж болно. Төлбөрийг 6 сард багтаан дуусгана гэж тохиролцсон ба гэрээний 5.3-т заасан төлбөр төлөх үүргийг “Э” ХХКнь хугацаа хэтрүүлж биелүүлсэн тул мөн гэрээний 7.1-д заасны дагуу алдангийг төлөх хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч тал 3 үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд Т.М нэхэмжлэл гаргах эрхтэй, мөн н.Ануд итгэмжлэл олгосон нь хууль ёсны мөн “Эрдэм транс” ХХК-иас алданги тооцон гаргуулах эрхтэй. Гомдлын эхний 2 шаардлагын хувьд нэхэмжлэгчтэй ижил байр суурьтай байна. Тус хэргийг анх шийдвэрлэхэд сүүлийн шийдвэрлэсэнтэй адил шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, хяналтын шатны шүүх магадлалыг хэвээр үлдээсэн байдаг. Хариуцагч тал гомдлын шаардлагын гурав дахь үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үзэхэд гэрээний үүргийн зөрчлийн талаар тодруулж, дүгнэлт хийх талаар дурдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Морь барьдаг” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн бөгөөд компанийн эрх, хувьцааг шилжүүлээгүй байна гэж дүгнэсэн. Хариуцагч талаас гэрээгээр хүлээсэн олон үүргээ биелүүлээгүй. Үүнд: компанийн хувьцаа, эрхийг шилжүүлээгүй, дулааны зөвшөөрөл гаргаж өгөөгүй, үнэн зөв мэдээлэл гаргах үүргээ зөрчсөн зөрчлүүд гарч байсан хэдий ч хариуцагч нэхэмжлэгчийн хүссэнээр мөнгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлснээр хариуцагчид гүйцэтгээгүй үүрэг болон гүйцэтгээгүй үүргээс үүсэх хариуцлага гэж байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулах эрхтэй гэх гомдол нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй олон зөрчил гаргасан. Одоог хүртэл үүргээ биелүүлээгүй, компанийн тамга тэмдэг нэхэмжлэгчид бий. Үүнийг ашиглаж татварын тайлан гаргасан асуудал нь анхан шатны шүүх хуралдаанд нотлогдсон. Гэрээний үүргийг биелүүлээгүйгээс компанийн тамга, тэмдгийг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа нь гэрээний үүргийн зөрчил гэж харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч “Э” ХХК-дхолбогдуулан гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн тул алданги 55,705,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэний алданги 142,625,000 төгрөг гаргуулах, “М” ХХК-ийнэрх, хувьцааг шилжүүлэхийг даалгах сөрөг шаардлага гарган маргажээ.

 

3. Нэг талаас “М” ХХК-ийнтөлөөлж Т.М, нөгөө талаас “Эрдэм транс” ХХК-ийг төлөөлж Ц.Эрдэнээ нар 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр эрх шилжүүлэгч тус компанийн 100 ширхэг хувьцаа, түүнийг эзэмших эрхийг болон хавсралтад заасан эрхийн бүртгэлийн Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Нарлаг 21 гудамж, 4 тоот хаягт байрлах, 918 м.кв талбайтай, гаражийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, 104 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 5,071 м.кв талбай газар, 20 ширхэг автобус, 40 тн контейнир 1 ширхэг, зөөврийн клонк 1 ширхэг, 20 тн ёнкост, түлш, сэлбэг хэрэгсэл зэргийг шилжүүлэх, эрх шилжүүлэн авагч нь 815,000,000 төгрөгийг эрх шилжүүлэгчид төлөх, уг төлбөрийн 30 хувь буюу 244,500,000 төгрөгийг талууд гэрээнд гарын үсэг зурснаар, 35 хувь буюу 285,250,000 төгрөгийг хөдлөх үл хөдлөх хөрөнгө шаардах эрхийг бүгдийг шилжүүлсэн өдөр үлдэх 35 хувь буюу 285,250,000 төгрөгийг эрх шилжүүлэх талын хуулийн этгээдийн болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг эрх шилжүүлэн авагчийн нэр дээр  бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээг авсан өдөр шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /1-р хх 7-23/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх гэрээ нь зохигчийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

4. Хэргийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:

 

“М” ХХК-аас Налайх дүүрэг, 2 хороо, Нарлаг 21 гудамж, 04 тоот хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай 104 м.кв талбай, үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах, гаражийн зориулалттай, 918 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагч “М” ХХКнэр дээр шилжүүлж, улмаар 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн газар бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн авсан, /1-р хх14-17, 149-180/,

 

4.а. Мөн Т.М болон “М” ХХКхооронд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Налайх дүүрэг, нарлаг 2 дугаар хороо хаягт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 5071 м.кв газрыг шилжүүлж, “М” ХХКнэр дээр 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан, улмаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн Газрын алба болон “М” ХХКхооронд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан,  /1 дүгээр хавтас хэргийн 242-250 дугаар тал/,

 

4.б. Мөн “М” ХХК-аас 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хьюндай аэросити маркийн 20 ширхэг автобусыг “М” ХХКнэр дээр шилжүүлсэн энэ талаар зохигчид маргаангүй байна. /1-р хх161-237/,

 

4.в. Хариуцагч “Э” ХХК-аас гэрээний үүргээ биелүүлж, нийт 11 удаагийн гүйлгээгээр нийт 815,000,000 төгрөгийг “Э” ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК болон Хас банкны дансны хуулгаар нотлогджээ. /1-р хх 33-38/,

 

5. “М” ХХК-д хариуцагч “Э” ХХК нь гэрээгээр тохирсны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дотор 244,500,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор 285,250,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор 285,250,000 төгрөг тус төлөхөөр тохирсон боловч 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд мөнгөн төлбөрийн үүргийг хугацаа хэтрүүлэн төлж үүрэг зөрчсөн буруутай байна.

 

Талууд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр  компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж уг гэрээгээр “М” ХХК-ийн100 ширхэг буюу 1,000,000 төгрөгийн хувьцааг “Э” ХХК-дшилжүүлэхээр, мөн өдөр компанийн эрхийг худалдах худалдан авах гэрээ байгуулж уг гэрээгээр тус компанийн эрх, үүрэг хариуцлага, эд хөрөнгийг худалдан авахад 1,000,000 төгрөгийг Т.Мд төлөхөөр тохирчээ.

 

Дээрх компанийн эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсоны дагуу “Э” ХХК-аас 1,000,000 төгрөгийг Т.Мд төлсөн, харин Т.М нь компанийн эрх шилжүүлэх гэрээгээр тохиролцсоны дагуу “Морь барьдаг” ХХК-ийг  “Э” ХХК-дшилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй үүрэг зөрчсөн буруутай байна.

 

Талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчсөн буруутай тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар анз шаардах эрхээ алдана. Иймд нэхэмжлэгч Т.М-гийнхариуцагч “Э” ХХК-дхолбогдуулан гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн алдангид нэхэмжилсэн 55,705,500 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагч “М” ХХКнэхэмжлэгч Т.Мд холбогдуулан гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн алдангид нэхэмжилсэн 142,625,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

5.а. Хэрэгт авагдсан “М” ХХК-ийндүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Т.М нь тус компанийн үүсгэн байгуулагч, нэг хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдож байна. /1-р хх 24-25/

 

5.б. Анхан шатны шүүх “Морь барьдаг” ХХК болон “Эрдэм транс” ХХК-ууд буюу хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг шаардах эрх Т.Мд олгогдоогүй, Т.М болон хуулийн этгээд “М” ХХКхооронд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул “Морь барьдаг” ХХК болон “Э” ХХКбуюу хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг шаардах эрх нэхэмжлэгч Т.Мд үүсээгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

5.в. Учир нь нэхэмжлэгч Т.М “М” ХХК-ийнхувьцааг 100 хувь эзэмшдэг тул Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг дангаар хэрэгжүүлнэ. Иймд “М” ХХК-ийнхувьцааг бусдад худалдах, шилжүүлэхтэй холбоотой хэлцлийн үр дагаврыг гагцхүү хувьцаа эзэмшигч хариуцах, бусдаас шаардах эрхтэй тул хэлцлийн зүйл болсон “Морь барьдаг” ХХК нь гэрээний нэг тал болохгүй. Түүнчлэн, нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хязгаарлалт Т.Мд үйлчлэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

 

6. Талуудын байгуулсан гэрээний 3.1-д зааснаар эрх шилжүүлэгч нь “М” ХХК-ийн100 ширхэг хувьцаа, нэг бүрийн 10,000 төгрөгийн үнэтэй нийт 1,000,000 төгрөгийн хувьцаа, түүнийг эзэмших эрхийг эрх шилжүүлэн авагчид шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /1-р хх 122-125/,

 

Харин нэхэмжлэгч Т.М нь “М” ХХК-ийнхувьцаа, түүнийг эзэмших эрхийг “Э” ХХК-дшилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй талаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-ийнхувьцаа, түүнийг эзэмших эрхийг хариуцагч “Э” ХХК-дшилжүүлэхийг нэхэмжлэгч Т.Мд даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/00824 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийнэрх, хувьцааг хариуцагч “Э” ХХК-дшилжүүлэн өгөхийг нэхэмжлэгч Т.Мд даалгаж,

нэхэмжлэгч Т.М-гийнгэрээний үүргийн алданги 55,705,500 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-аас гаргуулах нэхэмжлэл, хариуцагч “М” ХХКсөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 142,625,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Мгээс гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосуай.” гэж өөрчлөн найруулж,  

2 дахь заалтыг “...56.1” гэсний дараа “...56.2” гэж нэмж, “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, нэхэмжлэгч Т.Мгээс 2,107,700 төгрөг гаргуулж хариуцагч “Э” ХХК-долгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.М-гийндавж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 436,478 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

                 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ

 

                                              ШҮҮГЧИД                                   Д.НЯМБАЗАР

 

                                                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ