Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00813

 

 

М.Ягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/00361 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Ягийн хариуцагч М.Ө-д холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, газар, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрах, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

М.Ө- Япон Улсаас хямд машин оруулж ирэхэд зориулан 2016 оны 12 дугаар сард 46,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2019 оны 05 дугаар сар хүртэл М.Ятэй хамтран автомашины худалдаа эрхэлж, олсон ашгаа тэнцүү хувааж авахаар харилцан тохиролцсон. М.Я дээрх бизнесийн үйл ажиллагаанаас олсон ашгаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч хамтран өмчлөгчөөр Я.Мөнхтулгыг бүртгүүлэн уг үл хөдлөх эд хөрөнгөө хамтран эзэмшиж, ашиглахаар амаар харилцан тохиролцож хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашиг орлогоо хувь тэнцүү эзэмшихээр тохиролцож Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо Хувьсгалчдын гудамж, 623 А тоот байрлах газрын хууль ёсны хамтран өмчлөгчөөр, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр уг газар дээрх 260 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн худалдан авсан. Хамтран ажилладаг бизнесээ өргөжүүлэх зорилгоор уг газар болон гараашийг барьцаалж зээл авахаар Улаанбаатар хотын банкинд хандахад М.Я нь Хас банкинд 250,000,000 төгрөгийн зээлтэй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах боломжгүй гэсэн тул бэлэглэлийн гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг Я.Мөнхтулгын нэр дээр шилжүүлсэн. М.Ө- нь уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж Я.Бат-Үүлийн нэр дээр 100,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед бодитоор бэлэглэх зорилго байгаагүй. Буцаад өмчлөгчөөр бүртгүүлэхээр тохиролцсон учир гэрээнд гарын үсэг зурсан. Иймд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх /гарааш, газар/ гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г гудамж, 000а тоот хаягт байрлах, 260 м.кв талбайтай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2202010000дугаартай, 1864031372000 нэгж талбарын дугаартай, 416 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

М.Я 2017 оны 01 дүгээр сард ... би машин оруулж ирье, чи янзалж зар, ашгаа тодорхой хэмжээнд хуваана... гэх саналыг тавихад гарааш ажиллуулах сонирхолтой талаар хэлсэн. М.Ө- өөрийн хөрөнгөөр автомашин худалдан авч энэ төрлийн бизнес хийж байгаад 2017 оны 03 дугаар сард гарааш худалдаж авсан. Я.Мөнхтулгын мөнгөн хөрөнгө М.Ягийн дансанд орсон. Энэ нь гараашийн үнээс ч илүү. М.Ө- гараашийг 65,000,000 төгрөгөөр худалдан авсан. Газрын худалдан авах мөнгийг М.Ө- М.Яд өгсөн. Гараашийг шинэчлэхийн тулд зээл авахдаа М.Ягийн нэрийг оруулсан. Гараашийг худалдаж авахад Транс капитал ББСБ ХХК-ийн нэр дээр байсан. Тус ББСБ-д 28,000,000 төгрөг төлж худалдан авч эргээд М.Ягийн нэрийг оруулж зээл авсан. 2017 оны 11 дүгээр сард гарааш үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. М.Яд 130,000,000 төгрөг өгсөн. Дахиад 80,000,000 төгрөгийн зээл авч нийт 150,000,000 төгрөгийн өртэй үйл ажиллагаа эхэлсэн. М.Ягийн оруулж ирсэн автомашиныг М.Ө- засварладаг байсан. Гараашийн зээлийн өрийг Я.Мөнхтулгын эгч, дүү нар төлсөн. М.Ягийн мөнгөн хөрөнгө гараашид ороогүй. Бүх зүйл дансны хуулгаар нотлогдоно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасны дагуу М.Я, М.Ө- нарын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх (гарааш), 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан бэлэглэх гэрээ (газар)-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч М.Яг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г гудамж, 000а тоот хаягт байрлах, Ү-2202020000 улсын бүртгэлийн дугаартай 260 м.кв талбайтай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 18640313725000 нэгж талбарын дугаартай, 416 м.кв талбайтай, Г-2202010000 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран өмчлөгчөөр тогтоож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч М.Ягээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ө-ас 623,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримталж талууд хамтран ажиллахаар хүсэл зоригоо илэрхийлсэн, хариуцагч энэ талаар маргаагүй гэж дүгнэсэн. Хамтран ажиллахдаа талуудын хэн нь ямар үүрэг хүлээсэн, хамтын үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлснийг харгалзан үзээгүй. Талууд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар хураамжийн хэмжээг тодорхойлоогүй ч маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад хэн нь хэдэн төгрөг оруулсныг баримтаар нотлоогүй. Талууд хураамжид хэн нь хэдэн төгрөг төлсөн, эсхүл ямар хөрөнгөөр, түүнчлэн, ямар үйлчилгээгээр төлсөн, газар, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах хэмжээний ашиг олсон, эсхүл ашиг олох боломжтойг баримтаар нотлоогүй.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1612 дугаар магадлалд дүгнэснээр М.Я үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй тул бэлэглэх эрхтэй эсэх асуудал хөндөгдсөн. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримталсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дагуу хураамж төлснөө нотлох, хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ хэрхэн оруулснаа нотлох шаардлагатай. Мөн зээл авч хүү төлснөө баримтаар нотлох ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн талын тайлбарын агуулга:

М.Я М.Ө-тай хамтран ажиллах гэрээтэй байсан. Мөн 110,000,000 төгрөгийн үлдэгдэл байсан талаар дансны хар дэвтрээ нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгөд 110,000,000 төгрөг оруулж хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн. Автомашин импортлох бизнесийн үйл ажиллагаа явуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн. Хамтын үйл ажиллагааг эрхлэхээр Улаанбаатар хотын банкнаас 100,000,000 төгрөгийн зээл авч эхний төлөлтийг төлсөн. Хамтран ажиллах гэрээний талаар хариуцагч маргаж байгаа бол сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Нэхэмжлэгч М.Я хариуцагч М.Ө-д холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, газар, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар тайлбарлаагүй байна.

2.1. Зохигчид 2016 оны 9 дүгээр сараас Япон улсаас автомашин худалдан авч Монгол улсад оруулж засвар үйлчилгээг хийх, худалдан борлуулах үйл ажиллагааг хамтран эрхэлж байсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

Дээрх байдлаар хамтран ажиллах хугацаанд 2017 онд Э.Төрмөнхөөс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г гудамж, 000а тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202010000дугаартай, 416 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 65,000,000 төгрөгөөр худалдан авч, хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн ба тус газар дээрээ 260 м.кв талбайтай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

2.2. Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ байгуулагдаж, бэлэглэгч М.Я нь Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид Г гудамж 000а тоот хаягт байрлах 260 м.кв талбайтай гараашийн өөрт ногдох хэсгийг бэлэг хүлээн авагч М.Ө-д хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцсон байна.

2.3. Дээрх бэлэглэлийн гэрээнд газар болон гараашийг тус бүр 6,000,000 төгрөгөөр үнэлэн, М.Яд ногдох хэсгийг 3,000,000 төгрөгөөр үнэлж, бэлэглэх болсон үндэслэлийг өөр хаягт шилжих гэж тус тус заасан байх боловч бэлэглэгчийг буцааж өмчлөгчөөр бүртгүүлэхээр тухайлан тохиролцсон болзол гэрээнд тусгагдаагүй байна.

2.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, М.Ө-тай хамтран бизнес хийхээр тохиролцож банкнаас зээл авах хүсэлт гаргахад ... Хас банк ХХК-д М.Ягийн нэр дээр 250,000,000 төгрөгийн зээлтэй учир газар, гараашийг барьцаалах боломжгүй гэсэн хариу өгсөн тул газар, гараашийн өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр М.Ө-д шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч Хас банк ХХК-ийн зүгээс ийм шаардлага тавьсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх ...бэлэглэлийн гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь Хас банкнаас авсан 250,000,000 төгрөгийн зээлийг төлж дуусаагүйгээс дахин зээл авах боломжгүй байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.5. Мөн талууд дээрх бэлэглэлийн гэрээнээс хойш 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бичгийн баримт үйлдсэн ба уг бичгийн баримтад М.Ө- миний бие Хас банкинд М.Ягийн нэр дээр байгаа 180,000,000 төгрөгийн 50 хувь болох 90,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Одоо Хас банкинд ямар нэгэн өр төлбөр, мөнгөний асуудал байхгүй болно гэсэн агуулга бүхий баримтад талууд хэн аль нь гарын зурсан, мөн өдөр Хас банкинд М.Ө- 88,880,895 төгрөг төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсон байна. (хх-ийн 16, 217)

2.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд даргалагчийн ...Бэлэглэлийн гэрээ хийгдэх үед та Мөнхтулгад 110,000,000 төгрөгийн өглөгтэй байсан юм байна. Зөв үү гэсэн асуултад М.Я Зөв гэж, Мөнхтулгад өгөх ёстой 110,000,000 төгрөгийн өглөгийг гараашийн 50 хувь дээр тооцож өгөөд байгаа юм уу гэсэн асуултад тийм гэж тус тус хариулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /4хх-ийн 111/

2.7. Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч М.Ягийн ... өөр зээл авахаар тохиролцож хамтран өмчилж байсан газар болон гараашийг бэлэглэлийн гэрээ хийж өмчлөх эрхээ шилжүүлсэн... гэж тайлбарлаж байгаа нь үгүйсгэгдэж, харин хамтын ажиллагааны явцад бий болсон хариуцагч М.Ө-д төлөх төлбөртөө тооцож гараашийн өмчлөх эрхийг хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээ байгуулах замаар шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, зохигчид газар болон гараашийн өмчлөх эрхийг хамтран ажиллах гэрээний үр дүнг тооцож, талуудад хуваарилж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийн шаардлагад нийцсэн болохыг нэхэмжлэгч өөрийн тайлбараар зөвшөөрсөн байна.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн харилцан хамаарал бүхий хоёр гэрээний агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар тайлбарлаж чадаагүйгээс ...зохигчдын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээний үр дүнд өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаар үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр хэлцэл хийгдсэн, эсхүл хожим уг хэлцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна... гэсэн буруу дүгнэлт хийж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруу гэж үзнэ.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч М.Я хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч М.Ө-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/00361 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул М.Я, М.Ө- нарын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх (гарааш), 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан бэлэглэх гэрээ (газар)-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г гудамж, 000а тоот хаягт байрлах, Ү-2202020000 улсын бүртгэлийн дугаартай 260 м.кв талбайтай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 18640313725000 нэгж талбарын дугаартай, 416 м.кв талбайтай, Г-2202010000улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай М.Ягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 623,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ