| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 186/2020/0635/Э |
| Дугаар | 678 |
| Огноо | 2020-12-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 678
И.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 680 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1254 дүгээр магадлалтай, И.Болдбаатарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дундговь аймаг, Адаацаг сум, 1 дүгээр баг, Тавин 9 гудамжны 5 тоотод орших суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоол, тус аймгийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний 09 тоот магадлалд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 cap 10 хоног хорих ял шийтгүүлж, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Хорин овогт Итгэлмаагийн Болдбаатар.
И.Болдбаатар нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах доод Салхитын 3 дугаар гудамжны 46 тоотод байрлах 2 монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, эд зүйлийг нь авч Д.Банзрагчид 592,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч И.Болдбаатар нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар И.Болдбаатарт 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч И.Болдбаатарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч И.Болдбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд прокурор Б.Чимгээ бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх хэргийг дүгнээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэснийг эсэргүүцэж байна.
Шүүгдэгч И.Болдбаатар нь “...Н.Энхтөртэй хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Отгонбаатар дээр 2 хэрэг байсан. Би өчигдөр явж хулгай хийсэн айлаа зааж өгсөн...” гэх зэргээр гомдол гаргасан бол түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...И.Болдбаатарын 3 үйлдэл Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Балжин дээр шалгагдаж байгаа, эдгээр үйлдлүүдээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх саналтай...” гэжээ. Энэ талаар шүүхийн магадлалд “Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 27и/2б-4308 тоот албан бичгээр Төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсээс И.Болдбаатарын нэрийг зааж түүнийг гэмт хэрэгт шалгагдаж байгаа эсэх лавлагааг авсан хэдий ч хэрэгт И.Болдбаатар өөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаараа дүрслэн мэдүүлсэн мэдүүлгийг дахин нягтлан шалгах шаардлагатай...” гэсэн байна. Гэвч И.Болдбаатарын мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх нотлох баримтыг анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөөгүй, тэр ч байтугай шүүгдэгч И.Болдбаатар нь эрүүгийн мөрдөгч Отгонбаатар дээр 2 хэрэг байсан гэсэн бол түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нь И.Болдбаатарын 3 үйлдэл мөрдөгч Балжин дээр шалгагдаж байгаа гэж нэг дор илтэд 2 өөр тайлбар хийсэн байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Болдбаатарын үйлдсэн өөр гэмт хэрэг шалгагдаж байгаа эсэх талаар Төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсээс лавлагаа авахад ямар нэг бүртгэлтэй хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын хэрэг байхгүй болох нь тогтоогдсон. Үүнийг давж заалдах шатны шүүх ч магадлалдаа зааж баримтаар үнэлсэн байна. Иймд овог, регистр, хаягийн талаар ямар ч мэдээлэлгүй зөвхөн Н.Энхтөр гэх нэрнээс өөр эх сурвалжгүй хүнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, “түүний дүрслэн мэдүүлсэн мэдүүлгийг дахин нягтлан шалгах шаардлагатай” гэж шүүх дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, 3 дахь хэсэг “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг зөрчсөн байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд гэмт хэргийн газраас илэрсэн хурууны хээ шүүгдэгчийн зарим хурууны хээтэй тохирч байгааг дахин нягтлан шалгах шаардлагатай гэж магадлалд заажээ.
Шүүгдэгч нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн тул түүний гарын хээг шинжилгээнд өгөхөд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр санд байгаа “2016-026-ЧД кодтой” гарын хээнүүдээс зарим хурууны хээтэй тохирч байна гэсэн нь түүний гарын дардас 2016 онд санд бүртгэгдсэн гэдгийг нотлох баримт болохоос 2020 онд гэмт хэрэг үйлдсэнийг нотлохгүй юм. Өөрөөр хэлбэл И.Болдбаатарын гарын хээг “2016-026-ЧД гэж кодлон, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20- 312в тоотод хулгай орсон хэргийн газраас ирүүлсэн гэж тэмдэглэн гарын хээний санд бүртгэсэн ба И.Болдбаатар нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 20-312в тоотод оршин суух Б.Хишигбаярын гэрт нэвтэрч 320,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэлдээ 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 328 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн байна. Гэтэл “энэ дүгнэлтэнд прокуророос огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй болжээ” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь өөрөө ойлгомжгүй бас үндэслэлгүй болжээ. Шүүгдэгч 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсанаас хойш 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр энэ хэрэгт цагдан хоригдох хүртэл хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байж болох гарын хээ санд байгаа гэмт хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын хээтэй тохироогүй байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгчийн үйлдсэн хэргүүдээс ганцыг нь тусгаарласан ч юм шиг, И.Болдбаатар өөр гэмт хэрэг үйлдсэнийг тогтоож нэгтгэвэл эрх зүйн байдал нь дээрдэх ч юм шиг эсвэл бүр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэх гээд ч байгаа юм шиг хоорондоо авцалдахгүй субъектив дүгнэлтүүд хийсэн нь нотлох баримтанд үндэслээгүй бодитой бус дүгнэлт гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл уг хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан ямар ч хэрэг байхгүй, өөр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй байхад хэрвээ өөр гэмт хэрэг үйлдсэн байвал ингэнэ, тэгнэ гэж төсөөлөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна”, 2 дахь хэсэг “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэх заалтуудыг зөрчсөн байна. Ер нь хуулинд нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол заавал хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулна гэж заагаагүй, нэгтгэж болохоор хуульчилсан байхад И.Болдбаатар өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, нэгтгэх хэрэг нь ч байхгүй байхад ийм хийсвэр дүгнэлт хийснийг хууль бус гэж үзэхээр байна.
Мөн И.Болдбаатар нь өөр гэмт хэрэг үйлдсэн талаар гэнэт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч юм биш, өмнө нь түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор, шүүгч үнэлээд шийтгэх тогтоол гаргасан байхад давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр үгүйсгэсэн, нотлох баримтыг хэрхэн хянаж, үнэлж, шалгасан зэрэг нь тодорхойгүй байх бөгөөд эсрэгээрээ “эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгддэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг, анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлыг нотломжийн түвшин, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай” гэх зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд хуулинд заагаагүй үг хэллэг, нөхцөл байдлаар албан бус тайлбар хийсэн гэж дүгнэхээр болжээ.
Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнээд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэгүй байна. И.Болдбаатар нь өөрийн үйлдсэн хулгайн бусад хэргээ шалгуулая гэж гомдол гаргадаг, мөрдөн шалгах ажиллагааны үед энэ талаараа мэдүүлж шалгаж байсан. Түүний мэдүүлгийг үндэслэн цагдаагийн 2 дугаар хэлтсээс орон нутгууд руу албан бичиг явуулж шалгалт хийсэн. Албан бичгийн хариугаар хариуд түүнд холбогдуулан шалгаж байгаа хэрэг байхгүй байна гэсэн. Өмнөх 328 дугаартай шийтгэх тогтоолоол хулгайн хэрэгт ял шийтгүүлсэн, тус хэрэгт одоо яриад байгаа хурууны хээ байсан.
Иймд Магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй. Харин анхан шатны шүүх 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх шаардлагагүй. Өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр хэлсэн саналдаа “Хэргийг нэгтгэж шалгуулах хүсэлтэй байна, мөн шүүх хуралдааны тэмдэглэлд хэрэгт шалгагдаж байгаа талаарх саналыг тусгаагүй байсан. Магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурорын эсэргүүцлийг үндэслэн И.Болдбаатарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч И.Болдбаатарыг 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах доод Салхитын 3 дугаар гудамжны 46 тоотод байрлах 2 монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, эд зүйлийг нь авч Д.Банзрагчид 592,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч И.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд түүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай, энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал, Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, үйлдлийн тоо, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эсрэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох шаардлагатай болно.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас дүгнэхэд И.Болдбаатар нь мөрдөн байцаах ажиллагааны шатанд дангаар болон бусадтай бүлэглэн удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаараа тодорхой тоочиж мэдүүлсэн байх бөгөөд уг мэдүүлэгт үндэслэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй, зөвхөн лавлагаа бүрдүүлэх байдлаар хязгаарласан байгаа нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар бүрэн гүйцэт, үндэслэл бүхий дүгнэлт хийхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна.
Шүүхийн шийдвэрт нөлөөлж болох дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой тул анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурор Б.Чимгээгийн бичсэн “...хэргийн нотолбол зохих байдал нотлогдсон, давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх” агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 680 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1254 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН