Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00924

 

МУЕПГ-,

ТАЗ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00205 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч МУЕПГ-, ТАЗ- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Д-д холбогдох

Гэм хорын хохиролд 29,226,227 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Монгол МУПЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ичинхорол, хариуцагч С.Д-, түүний өмгөөлөгч Ж.Очирхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч МУЕПГ-, ТАЗ-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. С.Д- нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байхдаа 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 444 дугаартай албан тушаал бууруулах тушаалаар тус хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан Т.Ж-ын албан тушаалыг бууруулж, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Улмаар тус хорооны Ажлын албаны даргын 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 292 дугаартай ажлаас халах тухай тушаалаар нийтийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Дээрх шийдвэрүүдийг Т.Ж- эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

1.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 865 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Т.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн Албан тушаал буруулах тухай 444 дүгээр тушаалын 1 болон 3 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 118 дугаартай, 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 292 дугаартай тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Т.Ж-ыг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүний ажилгүй байсан 2018 оны 07 сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 29,226,227 төгрөгийг олгохыг хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо, хорооны Ажлын албанд даалгаж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 585 дугаартай Ажлын албаны даргын тушаалд эргүүлэн томилох тухай тушаалаар Т.Ж-ыг тус хорооны Ажлын албаны даргаар томилж, 29,226,227 төгрөгийг олгосноор шүүхийн шийдвэр биелэгдсэн байна.

1.3. ҮАГ-аас прокурорт хүсэлт гаргасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан С.Д-гийн хууль бус шийдвэрийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд төрийн албан хаагч Т.Ж-ыг албан тушаал бууруулах хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан С.Д-гээс шүүхийн шийдвэрийн дагуу төрийн сангаас олгосон 29,226,227 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Прокурорын байгууллага нь шаардах эрх үүсээгүй асуудлаар нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Ерөнхий Прокурорын газар нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг үндэслэл болгон нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос Т.Ж-ад шүүхийн шийдвэрийн дагуу цалинг нөхөн олгосон байдаг. Тухайн хэргийн хувьд миний бие Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байхдаа Ажлын албаны даргаар ажиллаж байсан Т.Ж-ад шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээрээ хохирол учруулаагүй. Учир нь 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 444 дүгээр тушаалаар Т.Ж-ыг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалаас бууруулах шийдвэрийг гаргасан ба тус шийдвэрийг хуулиар тогтоосон чиг үүргийнхээ дагуу Дотоод хяналтын хэлтсээс шалган тогтоосон дүгнэлт дээр үндэслэн гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх Т.Ж-ын нэхэмжлэлтэй хэргийг 2019 оны 12 сарын 03-ны өдөр шийдвэрлэхэд миний бие Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байсан тул шүүхийн шийдвэрт гомдол гаргах боломж байгаагүй.

2.2. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт Т.Ж-ын албан тушаал бууруулж шийдвэрлэснийг түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж дурджээ. Т.Ж-ад хариуцлага хүлээлгэж албан тушаал бууруулсан тушаалын үндэслэлийг хожим нь шүүхээс дээрх байдлаар дүгнэхийг би мэдэх боломжгүй буюу тухайн үндэслэлээр албан тушаал бууруулсныг түүнд шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээрээ хохирол учруулсан гэж үзэх нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 498.5-д заасан гэм буруугийн илтэд болгоомжгүй хэлбэр нь гэм хорын ерөнхий зохицуулалтын үндсэн бүрэлдэхүүний нэг болох болгоомжгүй хэлбэрээс ялгаатай. Иймд тухайн тохиолдолд миний бие Т.Ж-ыг албан тушаал бууруулах шийдвэр гаргаснаар түүнд шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээрээ хохирол учруулсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь С.Д- нь улсын төсөвт хохирол учруулаагүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С.Д-гээс 9,306,675 төгрөг гаргуулан нэхэмжлэгч МУЕПГ-, ТАЗ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 19,919,552 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч С.Д-гээс 163,857 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч Монгол МУПЕГ-ын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч С.Д- нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагч Т.Ж-ыг албан тушаал бууруулах шийдвэр гаргасны улмаас түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, ажилгүй байсан хугацааны цалинг төрөөс нөхөн олгуулахаар шүүх шийдвэрлэж, төрд учирсан хохирлыг хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 103.1, Иргэний хуулийн 498.5-д зааснаар шаардах үндэслэлтэй.

5.2. Анхан шатны шүүх хариуцагч С.Д-гээс Т.Ж-ад олгосон цалингийн олговрыг хувиар тооцон нэхэмжлэлээс 19,919,552 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 29,226,227 төгрөг гаргуулан улсын төсөвт олгуулахаар нэхэмжлэлээ тодорхойлсон байхад Улсын ерөнхий прокурор болон ТАЗ-д олгохоор шийдвэрлэсэн нь хохирол учраагүй төрийн байгууллагад олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

6.1. Нэхэмжлэгчийн шаардаж буй гэм хорын төлбөрийг С.Д- хариуцах үндэслэлгүй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө намайг Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас чөлөөлсөн тул давж заалдах гомдол гаргах боломжгүй болсон. Т.Ж- нь Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалд томилогдон, өөрөө тушаал гаргаж 29,226,227 төгрөгийг өөртөө авсан. Улмаар Т.Ж- нь Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд гаргасан гомдлыг буцаасан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Т.Ж-ын ажилгүй байсан хугацааны олговорт 29,226,227 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Т.Ж-ыг тушаал бууруулсан хугацаанд тэрээр Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд ажиллаагүй, цалин хөлс авахаас татгалзсанд би буруугүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 865 дугаар шийдвэрээр 2018 оны 07 сарын 06-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай 444 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон нь С.Д-гийн шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр Санхүүгийн зохицуулах хороонд 9,306,675 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг хөдөлбөргүй тогтоосон баримт биш юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6.2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах эрхгүй талаар: Захиргааны ерөнхий хуулийн 8.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй Санхүүгийн зохицуулах хороо эсхүл Үндэсний аудитын газар нь өөрөө байгаа тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхийг прокурорт олгосноор төлөөлөгч нэхэмжлэгч болдоггүй тул Улсын Ерөнхий прокурор бие дааж нэхэмжлэл гаргах эрхгүй. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу Т.Ж-ыг албан тушаал бууруулсны улмаас төрд хохирол учруулсан байх боломжгүй бөгөөд 444 тоот тушаалыг шүүх хүчингүй болгосноор ТАЗ- хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрх үүсэхгүй. Төрийн албан зөвлөлөөс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй атал анхан шатны шүүх хариуцагчаас 9,306,675 төгрөг гаргуулж нэхэмжлэгчдэд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч МУПЕГ-ын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч С.Д-гийн төрийн албан хаагч байхдаа гаргасан шийдвэр нь хууль ёсны байх үүрэгтэй. Тус үүргээ зөрчиж хууль бус шийдвэр гаргасан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон учир хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон захиргааны актыг иргэний журмаар хэлэлцэхгүй. Гэм буруугийн асуудлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй.

Хариуцагч нь шууд санаатай болон илт болгоомжгүй гэх хуулийн үндэслэлд хамаарахгүй гэж тайлбарладаг. Төрийн албан хаагчийн хууль ёсны шийдвэр гаргах үүрэгт нь болгоомжгүй гэх агуулга хамаарахгүй тул санаатай, болгоомжгүй аль ч хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тухайн хохирлыг арилгах үүрэг үүснэ. Хууль бус шийдвэр гаргасан учраас уг хохирлыг арилгуулах үүргийг хариуцагч хүлээх үүрэгтэй. Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг хариуцагч няцаасангүй. Хуульд зааснаар захиргааны байгууллагад учирсан хохирлыг буцаан шаардах эрхгүй тухай зохицуулсан. Түүний дагуу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар албан тушаалтан байгууллагад учирсан хохирлыг буцаан шаардах үүрэгтэй. Уг үндэслэлийн дагуу хариуцагч учирсан хохирлыг буцаан төлөх үүрэг үүсэж байна.

Улсын Ерөнхий прокурорын газар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж байна. Төрийн байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар тухайн байгууллагад учирсан хохирлыг дээд шатны аудитын байгууллага хохирлыг барагдуулах үүргийг зохицуулсан. Үндэсний аудитын газар нь Санхүүгийн зохицуулах хорооны дээд шатны аудитын байгууллага байхгүй учир прокурорт хандаж төрд учирсан хохирлыг арилгуулах нэхэмжлэл гаргах хүсэлт гаргасны дагуу прокуророос төрд учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэх тайлбартай санал нэг байна. Уг зөрчлийг давж заалдах шатны шүүх дүгнэж, Улсын дээд шүүхээс тогтоолд дурдсан илтэд болгоомжгүй, санаатай гэх үйлдлийг магадлалд дүгнэж, хариуцагчийн гаргасан гомдолд эрх зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгч МУПЕГ-ын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Тухайн үед Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнээс С.Д-гийн гаргасан тушаалыг үндэслэн н.А- ажлаас халсан юм уу гэж асууж байсан. Хэрэгт энэ талаар баримт авагдаагүй. Албан тушаал бууруулсан болон ажлаас халсан тушаал хэрэгт авагдсан. Уг хоёр тушаал нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг баримтлан гарсан. МУПЕГ-аас зөвхөн хохирлыг С.Д- хариуцна гэж байна. МУПЕГ-аас гэм буруугийн асуудлыг захиргааны байгууллага дүгнэсэн гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд МУПЕГ-ын гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч МУЕПГ- болон ТАЗ- нь гэм хорын хохиролд 29,226,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Д- эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч МУЕПГ- нь ҮАГ-ын 2021 оны 07 сарын 21-ны өдрийн 04/1756 тоот хүсэлтийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.3, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан ТАЗ- хамтран нэхэмжлэгчээр оролцож Монгол МУПЕГ-ын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дэмжиж оролцсон байна.

Дээрх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй ба нэхэмжлэгч нарыг хариуцагчид холбогдуулан хамтран нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Хариуцагчийн гаргаж буй ТАЗ- нь тухайлан нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой, нэхэмжлэгч биш гэх гомдол үндэслэлгүй.

 

4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байхдаа 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 444 дугаар тушаалаар Ажлын албаны дарга Т.Ж-ыг албан тушаал бууруулсан хууль бус шийдвэр гаргасны улмаас Т.Ж-ад төрийн сангаас төлсөн 29,226,227 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон ба хариуцагч нь прокурорын байгууллагад шаардах эрх үүсээгүй, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байхдаа ажилтанд шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулаагүй, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан гэж маргажээ.

4.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 128/шш2019/0865 дугаар шийдвэрээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай 444 тоот тушаалын 1, 3 дахь заалт, мөн хорооны Ажлын албаны даргын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 118, 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 292 тоот тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Т.Ж-ыг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Т.Ж-ын ажилгүй байсан 2018 оны 07 сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 29,226,227 төгрөгийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 71-80

4.2. Тус шийдвэрийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 585 тоот тушаалаар Т.Ж-ыг тус хорооны Ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, 29,226,227 төгрөгийг нөхөн олгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй. /хх 8-9/

 

5. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсэгт заасан ҮАГ-ын гаргах нэхэмжлэл нь ерөнхий гэм хорын хохирол буюу иргэн, хуулийн этгээдэд нөхөн төлсөн хохирлыг гэм буруутай албан тушаалтнаас буцаан төлүүлэхээр шаардах эрхийн хүрээнд хамаарна.

Харин нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой байх тул уг харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт зохигчийн маргаанд хамааралтай байна. Анхан шатны шүүх гэм хор учруулснаас хариуцлага хүлээх нийтлэг үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримталсан нь буруу болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан ба хариуцагч нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байхдаа гаргасан 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 444 дугаар тушаал нь албан тушаал бууруулах агуулгатай буюу дээрх хуульд заасан төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан үндэслэлд хамаарахгүй байна.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардах эрхийг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

7. Иймд хариуцагч С.Д- нь хууль бус шийдвэрийн үр дагаврыг хариуцан арилгах хууль зүйн урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэх тул түүний гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Монгол МУПЕГ-ын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч С.Давасүрэнгийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч С.Д-гээс 29,226,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч МУЕПГ-, ТАЗ-ийн нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Д-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ