Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2023/00008

 

 Б.Г-Н нэхэмжлэлтэй, хариуцагч

“Э” өрхийн эрүүл мэндийн

төвд холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/01502 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Г-Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох,

“Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Х.О нарын  шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчБ.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга Г.О оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Б.Г миний бие “Э” Өрхийн эрүүл мэндийн төвд сувилагчаар ажилладаг юм. Энэ онд миний охин Б.О 12 дугаар анги төгсөөд Солонгос улсын НАШАИС их сургуульд суралцах болж уг сургуульд суралцуулах “Занын суудал” ХХК-тай гэрээ байгуулах зорилгоор Улаанбаатар хот явах зайлшгүй шаардлага гарч ӨЭМТ-ийн дарга Г.Эд хандан 2022 оны ээлжийн амралтын хоногоосоо 10 хоног авья гэж чөлөө хүссэн өргөдлийг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өгсөн юм. Дарга Г.Э өргөдлийг уншиж танилцаад маргааш тушаал гаргая, орхичих гэсэн. Тэгээд би маргааш нь даргыг байхгүй байхаар нь өргөдлөө арга зүйч С.Дд үлдээх гэхэд хот явчихсан байсан. Тэгэхээр нь нийгмийн эрүүл мэндийн ажилтан Г.Лд үлдээгээд даргад өгчихөөрэй,өчигдөр уншчихсан юмаа гээд орхиод явсан. Тэгээд тэр өдрөө ажил тараад Булган аймгийн Баян-Агт сумаас нөхөр Баасансүрэнгээ авахаар явсан. Намайг Эрдэнэтээс гарах гэж байхад хамт ажилладаг их эмч С.Б тааралдаад Булган орж эмнэлэгт хүн эргэх гээд явж байна гэхээр түүнийг аваад явсан. Дарга руу 3 удаа залгаж өргөдлөө Г.Лд үлдээснээ хэлэх гэхэд ерөөсөө утсаа авахгүй байсан тул С.Б эмчийн утсаар залгасан чинь утсаа авсан. Тэгээд өргөдөл үлдээсэн гэдгээ хэлэхэд яваад ирдээ гэсэн. Ингээд би хот яваад охиныгоо Солонгос улсад суралцуулах гэрээ хийгээд 6 дугаар сарын 29-нд ирээд ажлаа хийж байтал үдээс хойш дарга намайг дуудаад ажлаас халсан тушаал өгсөн. 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 017 дугаартай тушаалд намайг өөр хүний нэрээр Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр жороор олгох эмийг 5 удаа бичүүлэн авч байгууллагын нэр хүндийг унагасан, 2022 оны 6 сарын 20-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл 7 хоног ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж бичсэн байсан. Миний хадам аав С.Т, хадам ээж П.Б нар маань өндөр настай хүмүүс хөдөө байдаг тул би даралтны эм, цус шингэлэх эмийг таньдаг хүнээсээ гуйгаад түүний нэрээр хөнгөлөлттэй үнээр авч өгч явуулж байсан нь үнэн юм. Энэ явдлаас болж манай байгууллагын нэр хүнд унасан гэж би бодохгүй байна. Мөн би ажил таслаагүй .Чөлөө хүсэхэд дарга өөрөө зөвшөөрсөн. Би өргөдлөө бичгээр үйлдээд дарга өөрөө уншаад үлдээ гэхээр үлдээсэн. Яв даа гэхээр нь явсан. Тийм учраас би хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй ажпаас халагдах алдаа гаргаагүй гэж үзэж байна. Иймд намайг “Э” ӨЭМТ-ийн сувилагчийн ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Миний бие “Э” ӨЭМТ-д 2012 оноос хойш тасралтгүй сувилагчаар ажиллаж байгаа. Би 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажил тасалсан, байгууллагын нэр хүнд унагасан гэсэн 016 дугаартай даргын тушаалаар халагдсан. Ажил таслаагүй, байгууллагын нэр хүндийг унагаагүй гэж үзэж байна. 2022 оны 6 дугаар сарын 15-нд манай охин Одгарав сургуулиа төгсөөд Солонгосын Дарви их сургуульд урилгаар суралцахаар болсон. Би ээлжийн амралтаасаа 10 хоног авъя гээд учир байдлаа хүсэлт дээрээ дурдаад 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр даргад бичиж өгөхөд, дарга Д арга зүйчид өгөхөд өөрөө хот руу сургалтад явсан байсан. Тэгээд 6 дугаар сарын 17-нд 4 удаа дарга руу залгахад дарга утсаа авахгүй байсан. 2022 оны 6 дугаар сарын 17-ны орой 7 цагийн үед бараан захын тэнд явж байхад С.Б таараад “та хаачих гэж байгаа юм” гэхээр нь “Булган явах гэж байна” гэхэд цуг явъя гээд цуг явж байгаад гарахаасаа өмнө даргад хэлье гээд цэцэрлэгт хүрээлэнгийн урд зогсож байгаад их эмч С.Бын утсаар залгахад дарга аваад, би учир байдлаа хэлээд, явахаасаа өмнө танд хэлж байна гэхэд дарга “яваад ир” гэсэн. Яваад ир гэхээр нь би зөвшөөрсөн гэж ойлгоод Булган аймаг руу нөхрийгөө авчрах гээд явсан. Тэгээд яваад 29-нд ирсэн. 20-24-ний 7 хоногт их ажилтай байсан. Нөхөр бид хоёр 2022 оны 6 дугаар сарын 27-ны орой наашаа гарсан. 6 дугаар сарын 29-нд ажилдаа ирэхэд өдөр 3 цагийн үед дуудсан. Тэгээд надад нэг цаас өгөөд энийг аваад шүүхээр яв гэсэн. Би жирэмсэн гэдгээ хэлэх зав болоогүй байхад тэгж хэлсэн. Тэрийг уншиж үзэхэд халах тушаал байсан, намайг өрөөнөөсөө хөөж гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан цалин 4 сар 8 хоногийн 6.088.000 төгрөгийг нөхөж олгоно уу гэж хүсэж байна. Намайг тушаал дээр байгууллагын нэр унагасан гэсэн. Би хоёр эмчээр ээж, аавынхаа нэр дээр эмийг нь бичүүлж авсан. Гэхдээ миний эм бичүүлж авсан нь буруу, бичиж өгсөн эмчийн ч буруу гэдгийг ойлгож байгаа. Намайг хуулийн байгууллагаар байгууллагын нэр хүнд унагасан гэж арга хэмжээ аваагүй. Сошиал орчинд ямар нэг байдлаар яриагүй байхад ингэж нэр хүндэд халдсан гэж байгаад би гомдож байна. Би тухайн үед жирэмсэн гэдгээ хэлж амжаагүй байхад ийм асуудал болсонд сэтгэл санаагаар унаад доошоо цус алдаад хүүхдээ алдсан. Нөхөр бид хоёр 4 хүүхэдтэй болох хүсэл эрмэлзлэлтэй байсан. 10 жилийн дараа олдсон хүүхэд байсан. Намайг хүндлээд учир байдлыг ойлгосон бол тээж байх байсан ч юм бил үү” гэжээ.

Хариуцагч “Э” өрхийн эрүүл мэндийн төвийн захирал Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч Б.Г-Н нэхэмжлэлтэй хариуцагч “Э” ӨЭМТ-д холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Б.Г нь манай байгууллагад сувилагчаар ажилладаг байсан бөгөөд “Э” ӨЭМТ-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 17 тоот даргын тушаалаар ажлаас халагдсан. Иргэн Б.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 05 тоот хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 326 тоот тогтоол болон бусад баримтаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг буюу эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм олгох журмыг зөрчиж, үйлчлүүлэгч өндөр настан С.П хувийн мэдээлэл болон регистрийг ашиглан эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр, жороор олгох эмийг 5 удаа бичүүлэн авсан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон бөгөөд өндөр настанг хохироосон нь манай байгууллагын нэр хүндийг унагасан ёс зүйгүй үйлдэл болсон. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа ирээгүй урьд өдөр нь буюу амралтын өдөр утсаар “Булган аймгийн замд явж байна, чөлөө авах өргөдлийг эрүүл мэндийн нийгмийн ажилтан Лхагважаргалд өгсөн байгаа” гэж хэлсэн. Уг өргөдлийг нь тухай ажлын өдөр Лхагважаргалаас авч үзэхэд чөлөө авах өргөдөл бус ээлжийн амралтыг урьдчилан авах хүсэлт байсан. Манай байгууллага 6 сувилагчтай бөгөөд ээлжээр амралтаа авах зорилгоор сувилагч нар өөр хоорондоо тохиролцон ээлжийн амралтаа шийдвэрлүүлдэг байсан ба 8 дугаар сард нэхэмжлэгч ээлжийн амралтаа авья гэсэн байсан. Үүний дагуу ээлжийн амралтын хуваарь гарсан байсан. Иймд ээлжийн амралтын авах боломжтой эсэх, хэсэгчлэн амралт авах бол хуульд нийцэж байгаа эсэх талаар баримт бүрдүүлэх шаардлагатайг мэдсээр атлаа зөвхөн хүсэлт бүхий өргөдлөө хүнд үлдээгээд ажлын байраа орхиод явсан байсан. Өөрөөр хэлбэл чөлөө олгох өргөдлийг шийдвэрлэх эсэх, ээлжийн амралт олгосон тушаал гарах эсэхийг үл анхаарч, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлаа тасалсан байсан. Ингээд тушаал гаргах асуудлыг шийдвэрлээгүй байхад, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан байгаа талаар нь утсаар холбогдох гэтэл утсаа салгасан байсан ба түүнийг ирж байгаа эсэхийг ажилчдаас тодруулахад ирээгүй гэсэн, хэд хоногийн дараа мөн охиных нь утсаар холбогдоход “би Эрдэнэтэд байна, ээж Булган хөдөө гэр лүүгээ Баян Агт явсан, утас холбогдохгүй” гэсэн бөгөөд яг хаашаа явсан нь тодорхойгүй байдлаар 8 хоносон учир 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа ирэхэд нь ажил тасалсан хүндэтгэх үзэх баримтгүй байсан ба өөрөөр хэлбэл өргөдөлд дурдсан шалтгаан тодорхойгүй, баримтгүй байсан учир ажлаас халах тушаалыг гаргасан болно. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм олгох журмыг зөрчиж, үйлчлүүлэгч өндөр настан С.П хувийн мэдээлэл болон регистрийг ашиглан эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр жороор олгох эмийг 5 удаа бичүүлэн авсан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон талаарх мэдэгдэл манай байгууллагад ирж, байгууллагын нөхөрлөлийн гишүүдийн хурлаар сахилгын ямар арга хэмжээ авах эсэх асуудлаар хэлэлцэж, энэхүү асуудлаар намайг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуудаж уулзах гэж байгааг мэдэж байсан бөгөөд худал хэлээд ажилдаа ирэхгүй алга боллоо гэдгийг ойлгоод түүний утас руу хэд хэд залгаж, албан ёсоор чөлөө авах тушаал эсвэл ээлжийн амралтын тушаал гарсны дараа ажлаа хүлээлгэж өгөөд чөлөө авах, амралтын талаар хэлэх гэхэд ямар ч холбоогүй алга болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:

“Санжаажамцын Гантуяа нь анх 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүл мэндийн газрын салбарын шуурхайгаар “Э” ӨЭМТ-тэй холбоотой эмч, сувилагч нар нь хүн амын 70-с дээш насны ахмад настнууд буюу прогррамд хурууны хээ уншуулахгүй, хөнгөлөлттэй үнийн жороор бичүүлэх онцлог байдлыг нь харгалзаад, ахмад настны регистрийн дугаараар хөнгөлөлттэй үнийг нь бичүүлэн авсан байна. Иймд эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйг зөрчиж байж болохгүй зөрчил буюу үйлчлүүлэгчийнхээ итгэл үнэмшлийг алдсан, хууран мэхэлсэн асуудал байна гэж салбарын шуурхай дээр ярилцсан. Салбарын шуурхай дээр хэнийг ярьж байгаа нь тодорхойгүй, манай эмч сувилагчтай холбоотой асуудлыг ярьсан. 5 дугаар сарын 31-нд эрүүл мэндийн газраас бичиг ирсэн. Энэ нь Прокурорын бичиг буюу хэн хэдэн эм авсан бэ гэдэг нь тогтоогдсон бичиг байсан. Үүнийг нөхөрлөлийнхөө хурлаар шийдвэрлэж өгнө үү гэсэн эрүүл мэндийн газрын бичиг байсан. Манайх нөхөрлөлийн журмаар явагддаг. Тиймээс нөхөрлөлийн хурал хийсэн. 5 дугаар сарын 31-нд Б.Гг суулгаж байгаад нийт ажилчдаа суулгаад энэ хүнтэй холбоотой хурлыг хийсэн. Энэ хүн маань удаа дараа эм авдаг юм уу яадаг юм бэ гэхэд П гэдэг хүний нэр дээр 5 удаа эм бичүүлж авч байсан нь Прокурорын байгууллагаар тогтоогдсон. Тухайн хүн ч хэлсэн байсан. Ингээд манай ажилчид саналаа хэлээд явахад ганц П гэдэг хүний нэр дээр бичүүлдэггүй, олон хүний нэр дээр бичүүлдэг. Байнга шинээр ажилд орж байгаа хүмүүсээс хүртэл гуйгаад байлгаж суулгадаггүй, энэ нь удаа дараа байгаа. Ганц хүний нэр бичүүлж байгаа биш олон хүний нэр дээр бичүүлж авдаг нь Аймгийн захиргаан дээр, эрүүл мэндийн даатгал дээр яригдаад, зөвхөн сувилагч дээр тавих асуудлаа өөрсдөө авахгүй бол аймгийн хэмжээнд танай байгууллагыг хохироогоод, танай байгууллагатай холбоотой юм яригдаад байна гээд нөхөрлөлийн хурал болсон. Ингээд нөхөрлөлийн хурал дээр аймгийн захиргаан дээр Б.Г-Н нэр яригдаад мөн “Э” ӨЭМТ-н нэр, эрүүл мэндийн даатгалын нэр яригдсан. Ийм учраас бид дотооддоо хурлаа хийхэд энэ хүн нэг удаа бичүүлдэггүй, олон хүн бичүүлдэг. Бид нэг удаа өршөөсөн, хоёр удаа өршөөсөн, гурав дах удаа хамт ажилладаг юм гээд эмч нар нь бичиж өгөөд байдаг. Тэгэхээр энэ үйлдэл нь эцэстээ хүрлээ одоо болъё гээд 100 хувийн ирцтэйгээр ажлаас халах нөхөрлөлийн шийдвэр 100 хувийн ирцтэй гарсан. Ингээд үүнийг нь би танилцуулахад намайг доромжлоод, элдвээр хэлээд энэ хурал өндөрлөсөн. Би нөхөрлөлийн хурлын шийдвэрийг үндэслээд тухайн хүн дээр сахилгын шийтгэл ногдуулах байсан. Энэ сахилгын шийтгэл ногдуулахын тулд хууль эрх зүйг харна, үүнтэй холбоотой үндэслэлээ харахын тулд хугацаа хэрэгтэй байсан. Мөн манайх гурвалсан гэрээний биелэлт гээд жилийн эцсийн тайланг эрүүл мэндийн газраас шалгадаг шалгалт хийгдэж байсан. Тэр шалгалт дээр нэгэнт ажлаа хийсэн учраас Б.Гг би ажлаа шалгуул тэгээд хоёулаа үүнтэй холбоотой яръя гэсэн. Энэ шалгалттай байх хугацаанд би ийм өргөдөл өгөх гэсэн юм, би үүнийг шийдүүлэх гэсэн юм гээд яриад яваад байсан. Тэгэхээр нь би одоо шалгалттай байна. Өөрөө ч гэсэн шалгуулаад явж байна, асуудал байгаа бол маргааш ирээд асуудлаа ярь гэсэн. Маргааш нь 6 дугаар сарын 17-ны өдөр буюу 5 дахь өдөр байсан. Чөлөө авах гэж байгаа бол 6 дугаар сарын 17-нд тэр өргөдлийг өгөх боломжтой байсан. Гэтэл өгөөгүй, ингээд Б.Г нь ажил тарсан хойно их эмч С.Бын утсаар 10 цагийн үед байх залгаад “би Булган явах гэсэн юм. 9 хоногийн чөлөө авах гэсэн юм” гэсэн. Би асуудлаа шийдвэрлэж байж яв гэсэн. Түүнээс биш яв гэдэг үгийг хэлээгүй. Өргөдөл өгөхөд намайг уншсан гэж байна. Би уншаагүй, миний хажууд Эрүүл мэндийн газрын гэрч байгаа. Би тэр өргөдлийг уншаагүй, танилцаагүй. Асуудлаа шийдвэрлэчихээд яв гэж хэлсэн. Тэгээд хагас бүтэн сайн болоод нэг дэх өдөр Б.Г ажилдаа ирээгүй. Б.Г нь өдрийн сувилагч буюу тариан дээр ажилладаг сувилагч, тухайн үед очер дараалал үүссэн, ачаалал их байсан. Манайх өрхийн эрүүл мэндийн төвүүдийг бодвол алслагдсан өрхийн эрүүл мэндийн төв учраас маш их ачаалатай байдаг, нэлээд хэл ам гарсан. Тэгээд Б.Гг хааччихав, яагаад ирээгүй вэ гээд хүмүүсээс асуухад манай нийгмийн ажилтан “танд ийм өргөдөл үлдээгээд явсан” гэсэн. Би албан ёсоор Б.Гд чөлөө зөвшөөрөл өгөөгүй байгаа. Өргөдлийг нь харахад ээлжийн амралтаас гэсэн байсан. Гэтэл чөлөө гэж яриад байна. Манайх дотоод журамдаа, хөдөлмөрийн гэрээндээ зааж өгсөн байдаг. Тухайн үед 5 сувилагчтай байсан. Цаг үеийн байдалтай холбоотой өрхийн эрүүл мэндийн төвийг нэгтгэсэн учраас ачаалал маш өндөр байсан. Ийм ачаалал өндөр үед тухайн хүнд чөлөө өгөх юм уу, дараагийн ээлжийг зохицуулахдаа заавал тушаал гаргадаг. Заавал тушаал гаргах буюу хөдөлмөрийн дотоод журам болон, хөдөлмөрийн гэрээндээ зааж өгсөн 3-с дээш хоног чөлөө авах бол яах вэ гээд зааж өгсөн байгаа. Иймээс би мэдээж ээлжийн зохицуулалт хийнэ, Б.Г өдрийн сувилагч учраас дараагийн хүнд хүлээлгэж өгөх тушаал гаргах ёстой байдаг. Энэ тушаал гараагүй, би албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байхад Б.Г ажлаа орхиод хэл чимээгүй алга болсон. Би Б сувилагч, С.Б, С.Л нарыг дуудаад энэ хүнээ олоод яаралтай дууд гэхэд утас нь холбогдохгүй байна, яаж хайгаад ч олдохгүй байна гэсэн. Манайхан өөрсдөө бас хэлэх байх. Энэ хүнээ олоод энэ асуудлаа шийдвэрлэ гэсэн. Нөхөр рүү залгахад утас нь холбогдохгүй бүх аргаар хайгаад олдоогүй, уг нь Улаанбаатарт байгаа, ажил хөөцөлдөж явж байгаа хүний утас холбогдох ёстой. Миний бодлоор сахилгын шийтгэл ногдуулах 30 хоногийг санаатайгаар дуусгах гэсэн санаа гэж би хувьдаа бодож байгаа. 9 хоногийн дараа сахилгын шийтгэлийн хугацаа дуусах гэж байсан. Тодорхой хэмжээгээр Б.Г үнэхээр чөлөө авах гэж байсан бол миний өөдөөс харж байгаад тушаал гарсны дараа явах ёстой байсан. Гэтэл тушаал гараагүй, албан ёсны зөвшөөрөл өгөөгүй байхад ажлаа орхиод явсан. Үүнтэй холбоотой ажил дээр ч ямар нь ажлаа хаяж яваад, ямар нь ажлыг нь нөхөж хийдэг юм гэсэн яриа гарах болсон. Энэ нь манай фэйсбүүк дээр хүртэл бичигдсэн байгаа. Б.Гд тухайн үед маш олон удаа сануулж хэлдэг. Ингээрэй, тэгээрэй гэж хэлж, сануулдаг байсан. 6 дугаар сарын 29-ний өдөр Б.Гг ямар нэгэн нотлох баримт аваад ирэх байх гэсэн ямар ч нотлох баримт авчирч өгөөгүй. Би ажлаас ирэнгүүт нь халагдах өргөдөл өгөөгүй, тодорхой хэмжээгээр харахад ямар ч өргөдөл гомдол өгөөгүй. Мөн Б.Гг өрөөндөө дуудаж байгаад энэ тушаалыг өгөөгүй, ажлынхан дунд ажлынхаа хүмүүсийг суулгаж байгаад ийм асуудал болсон учраас ажлаас нь халах тушаалыг өгч байна гээд өгсөн. Нөхөрлөлийн хурал яагаад ийм шийдвэр гаргах болсон, мөн Б.Г 9 хоног хэл чимээгүй сураггүй алга болсон талаар нь тайлбарлаад ийм зүйл болсон учраас энэ тушаал гарсан гээд хамт олон дундаа өгсөн. Б.Г-Н жирэмсний асуудал юу ч яриагүй, яригдаагүй, өөрөө ч мэдээгүй байсан. Жирэмсэн гэдгээ мэдсэн бол ярихаар чаддагийн бол чи халаарай гээд доромжилж байгаад явсан, уйлах зүйл ч болоогүй” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/01502 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гг Орхон аймгийн “Э” ӨЭМТ-ийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д зааснаар Орхон аймгийн “Э” ӨЭМТ-өөс 4.880.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-д олгож, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Х.О нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчтэй байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулийн заалт 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөр 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуулийг хүчингүй болохыг тооцсон байна гэх агуулгаар хүчингүй болсон хуулийг баримталсан байна гэх үндэслэлээр хариуцагчийн гаргасан 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 017 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга /-ийг дагаж мөрдөх журмын тухай 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга /батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө гэж заасан байх ба хөдөлмөрийн гэрээний 7.2.3. дахь заалт нь хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд ямар зөрчлийг тооцон үзэхийг талууд тохиролцсон тохиролцоо бөгөөд энэ нь хүчингүй болсон хуулийн заалтыг мөрдсөн гэж үзэхгүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан “ноцтой зөрчил” гэдэгт талууд ямар зөрчлийг хамаатуулахыг Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцох бөгөөд 1999 оны Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4. дэх заалт нь хөдөлмөрийн гэрээний “ноцтой зөрчил” -ийг тодорхойлж заасан заалт биш бөгөөд харин Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон “ноцтой зөрчил” гаргавал захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохыг шууд заасан заалт юм. Энэхүү заалт шинэ хуулиар мөн хэвээр батлагдсан болно. Нэхэмжлэгчтэй байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаартай /70хх/ Хөдөлмөрийн гэрээний 7-р зүйл нь хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг тодорхойлж заасан заалт ба уг ноцтой зөрчил гэж үзсэн нөхцөл бий болвол хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлахыг ажил олгогч, ажилтантай тохиролцсон заалт юм. Үүнийг хуучин хуулийн заалт гэх агуулгаар үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2.-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх заалтыг зөрчсөн. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Г нь хүндэтгэн үзэх шалтгаангүй 7 хоног ажпаа тасалсан гэх үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа ирэлгүй бусдад ээлжийн амралт авахыг хүссэн өргөдөл бусдад үлдээгээд, ажлын байр орхин явсан бөгөөд уг өргөдлийн талаар удирдлагаас ямар шийдвэр гарсныг огт асуулгүй утас, цахим болон байгаа газар нь мэдэгдэхгүй алга болсон. Ажил олгогчийн зүгээс хэд хэдэн удаа холбоо барих гэж оролдоод чадаагүй талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажилд ирэхдээ, ажилд ирээгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтгүй байсан тул ажил олгогч ажил тасалсан гэж үзэн, ажлаас халах шийдвэрийг гаргасан. Мөн өндөр настан С.П регистрийг ашиглан хөнгөлөлттэй эм авах эрхийг өөртөө ашиглан, иргэн С.Пг хохироосон үйлдэл гаргасан нь байгууллагын нэр хүндийг унагасан, ёс зүйн зөрчил гаргасан талаарх баримт хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байхад уг нотлох баримтуудыг үнэлж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2.-т зааснаар Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх заалтыг зөрчсөн. С.Пгээс зөвшөөрөл аваагүй, дураараа регистрийг нь ашиглан иргэнийг хохироосон үйлдэлд “иргэнээс өөрөөс нь зөвшөөрөл авсан гэдэг” гэх дүгнэлтийг, “Дарга Б.Г-д мэдэгдсэн, өөрөө ч өргөдөлтэй минь уншиж танилцсан учир ажлаа тасалсан гэж үзэхгүй гэдэг” гэх дүгнэлтүүд нотлох баримтаар нотлогдоогүй байхад хэрэгт авагдсан баримтууд болон тайлбараар дараах үйл баримт нотлогдов гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтууд болох 2018 оны 11 дүгээр сарын 22 -ны гэрээ /43-хх /, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /70-хх /,Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 326 тоот прокурорын тогтоол /73-хх/ , /2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/434 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай /74-хх /,Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/415 тоот арга хэмжээ авах тухай албан бичиг /75-хх /, Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлагын Шуурхай хуралдааны тэмдэглэл/77-хх /, Б.Г-Н охинтой ярьсан тухай утасны жагсаалт /88-хх /, С.Пгээс асуугаагүй авсан гэх баримтууд /105-хх /, /107-хх/, /112-хх/, Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан тэмдэглэл /125-хх,/, Ээлжийн амралтын хуваарт баталсан тушаал /126-хх/ ажилдаа ирээгүй бүртгэл /128-хх/, Г.Эгийн утас руу тухайн өдөр огт залгаагүйг нотолсон утасны дугаарын жагсаалт /131-хх/, Хөдөлмөрийн дотоод журмын 9-р зүйлийн 9.5.1., 9.5.2. дахь заалт буюу Ээлжийн амралтын хуваарийг Өрхийн эрүүл мэндийн даргын тушаалаар баталгаажуулж гаргах, гаргасан хуваарийн дагуу ээлжийн амралтыг эдлүүлэх, /157-хх ард/, чөлөөг даргын шийдвэрээр олгох, ажилдаа ирээгүй ажпын 7 хоног ажил тасалсан ирцийн бүртгэл, гэрч Бумжаргалын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2.-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/01502 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Орхон аймгийн Э өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2. д зааснаар нэхэмжлэгч Б.Гг Орхон аймгийн “Э” ӨЭМТ-ийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д зааснаар Орхон аймгийн “Э” ӨЭМТ-өөс 4.880.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гд олгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Орхон аймгийн “Э” ӨЭМТ нь нэхэмжлэгч Б.Гтай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эмчилгээний сувилагчаар ажиллуулахаар 05 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 017 дугаар Орхон аймгийн “Э” ӨЭМТ-ын даргын тушаалаар сувилагч ажилтай Б.Гтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

Дээрх тушаалыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3-ийн 2,5 дахь заалтууд, Орхон аймгийн эрүүл мэндийн газрын  2022  оны 05 дугаар сарын 31 ний өдрийн 01/434 тоот мэдэгдэл, Э ӨЭМТ-ын нөхөрлөлийн гишүүдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 02 ны өдрийн 02 дугаар тэмдэглэлийг үндэслэн гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан...”, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5.-д “...ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах...”,

 Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3-ийн 2-т “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийн нийлбэр ажлын 3 өдөртэй тэнцэж байвал...” мөн гэрээний 5-д “...байгууллагын нэр хүндийг унагаасан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлсэн, байгууллагын нууц задруулсан энэ үйлдэл нь баримтаар нотлогдож хохирол учруулсан бол...” гэж тус тус заажээ.

2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 017 дугаар хариуцагч Орхон аймгийн Э ӨЭМТ-ын даргын тушаалд 2 үндэслэл зааж нэхэмжлэгчид арга хэмжээ авчээ.

Нэхэмжлэгч сувилагч ажилтай Б.Г нь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм олгох журам зөрчиж үйлчлүүлэгч өндөр настан С.Пүрэвээгийн хувийн мэдээлэл болох регистрийн дугаарыг ашиглан Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр жороор  олгох эмийг 5 удаа бичүүлэн авсан нь тогтоогдож,   хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3-ийн 5-д заасан “...байгууллагын нэр хүндийг унагаасан ...” зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Орхон аймгийн эрүүл мэндийн газрын  2022  оны 05 дугаар сарын 31 ний өдрийн 01/434 тоот мэдэгдэл, Э ӨЭМТ-ийн  нөхөрлөлийн гишүүдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 02 ны өдрийн 02 дугаар тэмдэглэлийг үндэслэж нөхөрлөлийн хурал гишүүдийн 100 хувийн саналтайгаар сувилагч Б.Г-Н хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.  

Нэхэмжлэгч Б.Г-Н охин Одгарав Солонгосын Дарви их сургуульд урилгаар суралцахаар болж нэхэмжлэгч нь  ээлжийн амралтаасаа 9 хоног авъя гэсэн агуулгатай  хүсэлтээ бичиж үлдээсэн хариуцагч Э” ӨЭМТ-ийн захирал ажилтай  Г.Э мэдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Гг ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 017 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа боловч 2021 оны 07 дугаар сарын 02 ны өдрийн Хөдөлмөрийн тухай хууль / шинэчилсэн найруулга /-ийг дагаж мөрдөх журмын тухай 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль / шинэчилсэн найруулга / батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль / шинэчилсэн найруулга /-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байхаар заажээ.

Орхон аймгийн Э ӨЭМТ болон  нэхэмжлэгч Б.Г  нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны  өдрийн 05 дугаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэлтэй ба гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т гэрээнд талууд харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж заасан байх тул 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 017 дугаар Орхон аймгийн Э ӨЭМТ-ын даргын тушаал нь хууль зүйн  үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Х.О нарын  шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 163.230 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/01502 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Г-Н хариуцагч Орхон аймгийн Э ӨЭМТ-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Г.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 163.230 төгрөгийг буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                   с.у

ШҮҮГЧ                                                                            Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Б.Б