Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01462

 

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01462

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/02626 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: В ХХК, Д-, Б- нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: И ББСБ ХК,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, В ХХК болон Б- нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Б-гийн нэр дээр гарсан өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

А-гийн хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагч Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Билэгдэмбэрэл, хариуцагч Б-, В ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь 2018 онд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах В ХХК-ийн барьж байсан 43 айлын тус орон сууцанд ажил гүйцэтгэх гэрээний дагуу цахилгаан угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ барилгын өрлөг, заслын ажил хийж байсан Д-оос ажлын хөлсөнд авсан гэх Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13341/ 92б байрны ** тоот, 75,68 м.кв талбайтай, 3 өрөө сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдан авсан. Орон сууцны төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бүрэн барагдуулж тус өдөр Д- бид 2 худалдах худалдан авах гэрээ байгуулсан. В ХХК-ийн хувьд Д-той харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тус орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцож 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөн Орон сууц байшин худалдах худалдан авах гэрээ-г байгуулсан байдаг.

Орон сууц 2018 оны 12 дугаар сард ашиглалтад орж В ХХК-ийн зүгээс орон сууцны түлхүүр өгснөөр тус орон сууцад орж өнөөдрийг хүртэл манай хүү гэр бүлийн хамтаар амьдарч байна. Энэ хугацаанд миний бие В ХХК-ийн захирал М- болон холбогдох хүмүүсээс орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардахад ...удахгүй гаргаж өгнө, танд төлбөр тооцооны асуудал бол байхгүй, гүйцэтгэгчээр ажилласан Д-той тооцоо нийлээд гэрчилгээг чинь гаргаж өгнө... гэдэг. Д-той уулзахаар ...надад ямар нэгэн тооцоо байхгүй, би ажлын бүрэн гүйцэд хийсэн, танай гэрчилгээг чинь гаргаж өгөх ёстой... гэх тайлбарыг хэлдэг.

Улмаар 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр В ХХК-ийн захирал М-, түүний эхнэр Б- нар нь Орон сууц захиалгын гэрээ хийж, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б-гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан болохыг мэдсэн.

Иймд А-гийн зөрчигдсөн эрхийг сэргээж, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13341/ 92б байрны ** тоот, 75,68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, В ХХК-ны захирал М- Б- нарын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, Б-гийн нэр дээр гарсан тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү.

Дээр дурдсан үндэслэлээр миний бие шударга эзэмшигч тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Орон сууцыг авах талаар тохиролцоход хариуцагч компанийн захирал нь зөвшөөрөөд үнийг нь хариуцагч Д-д өгөөрэй гэж хэлсэн байдаг.

 

2. Хариуцагч В ХХК, Б- нарын татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: В ХХК нь иргэн А-тай өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б байрны ** тоот 74.19 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй. А- болон Б- нарын хооронд ямар нэгэн гэрээний үүрэг хариуцлага үүсээгүй.

Д-той ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хэдий ч хариуцагч Д- нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй. Д-ын ажил гүйцэтгэх гэрээгээр нийт гүйцэтгэх ажлын үнийн дүн 123,302,100 төгрөг байсан. Ажлын хөлсөнд гурван орон сууц хүлээлгэн өгөөгүй.

Тухайн үед А- төлбөрийг нь төлнө гээд л орон сууцанд орчихсон. М-ийн хувьд Д- нь авч байгаа орон сууцныхаа мөнгийг нь төлж чадахгүй юм байна, А- төлөх юм байна гээд л ойлгоод оруулсан. Б-гийн хөрөнгийг бусдын өмнөөс худалдах эрх, түүнээс нэхэх эрх байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай тохиролцоог манай байгууллага иргэн Д-той хийж улмаар орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Гэтэл хариуцагч А- нь манай байгууллагатай гэрээ хэлцэл байгуулаагүй, орон сууцны төлбөрт нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй атлаа тухайн орон сууцыг 2018 оны 12 дугаар сараас хойш хууль бусаар хүү С.Баасанхүүгийн хамтаар эзэмшиж, оршин сууж байна. Тус орон сууцны өмчлөгч нь Б- тул уг орон сууцыг А-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

 

3. Хариуцагч Д-ын татгалзал, тайлбарын агуулга: Миний бие В ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргээ 90 гаруй хувьтай биелүүлсэн. Тухайн үед ажлын хөлсөнд орон сууц өгөхөөр тохиролцсоны дагуу М-тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ гэрээний үндсэн дээр би А- гуайд орон сууц худалдсан. Мөнгөө аваад В ХХК-ийн барилгын ажилд зарцуулсан. А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И ББСБ ХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Зээлдэгч Б- нь манай байгууллагаас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн барьцаа болгож тус 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч Б- нь тус зээлийн өр төлбөрийг төлж барагдуулсан тул тус үл хөдлөх эд хөрөнгийн үүргийн гүйцэтгэл дууссан.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 112 дугаар зүйлийн 112.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч В ХХК, Д-, Б- нарт холбогдох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 хороолол /13341/, 92б байр, ** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204101409 дугаар бүртгэгдсэн, 75.68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, В ХХК, Б- нарын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Б-гийн нэр дээр бүртгэгдсэн 000721740 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч А-ы үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч А-д холбогдох дээрх ** тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлөх тухай хариуцагч В ХХК, Б- нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч А-ы 1,184,800 төгрөг, хариуцагч В ХХК-ийн 70,200 төгрөг, хариуцагч Б-гийн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. В ХХК-ийн захирал М- болон ММОЧ ХХК-ийн захирал Д- нар нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөр төлөх асуудлыг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны байшин худалдах худалдан авах гэрээ байгуулан баталгаажуулсан.

Мөн энэ өдөр нэхэмжлэгч А- зохих этгээдийн зөвшөөрлөөр буюу В ХХК-ийн захирал М- захирлын зөвшөөрлийн үндсэн дээр Д-той худалдах худалдан авах гэрээ-г байгуулж, 2018 оны 12 дугаар сараас хойш орон сууцыг шударгаар эзэмшиж, ашиглаж байна.

Маргаан бүхий орон сууцыг ажлын хөлсөнд тооцуулж өгөх эсэх, Д- нь ажлаа хийсэн эсэх үйл баримт 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц, байшин худалдах худалдан авах гэрээ, гэрч Б.Батмагнай, Х.Ганболд, Б.Баасанхүү, Б.Бумдүүрэн нарын мэдүүлэг, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Улсын комиссын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2019/84 дугаар акт, хариуцагч Д-оос тухайн барилгад гаргасан зардал болох Хаан банк ХХК-ийн 203,946,359 төгрөгийн баримтаар нотлогдож байгаа.

6.2. В ХХК, ММОЧ ХХК нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр төлөх гол нөхцөлийг илэрхийлж байгаа зүйл нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/16 дугаар худалдах худалдан авах гэрээ байдаг. Гэрээний 2.3-д зааснаар гэрээ хэрэгжиж дуусах хугацаа 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Д- нь маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй болох нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл В ХХК, ММОЧ ХХК нар нь 2017 оны 10 дугаар сарын 02, 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хоёр гэрээг дүгнэж дуусах хугацаа юм. Үүнээс хойш дээрх хоёр гэрээний үүргийн биелэлттэй холбоотой хэн аль нь маргаан гаргаагүй, гэрээ бүрэн биелж, 2018 оны 12 дугаар сард барилга ашиглалтад орж, А- зохих этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр Д-той гэрээ байгуулж, төлбөрөө төлсөн. Тухайн үед М- захирлыг зөвшөөрч байхад гэрч Б.Батмагнай, инженер Бум-Дүүрэн нар хамт байсан ба энэ гэрчээр өгсөн мэдүүлэгт тодорхой хэлсэн.

В ХХК, ММОЧ ХХК нар нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй үнэхээр маргаантай байсан бол маргаан бүхий орон сууцыг 2018 оны 12 дугаар сард А-д хүлээлгэн өгөх ёсгүй. 2018 оны 12 дугаар сард А-ыг тус орон сууцад орохыг зөвшөөрч байгаа В ХХК-ийн М- захирлын хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд дээрх гэрээнүүд бүрэн хэрэгжиж биелсэн юм.

А- өөрийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх асуудлаар В ХХК-ийн захирал М-, Д- нараас удаа шаардаж байсан боловч удахгүй гаргаж өгнө хойшлуулсан. Улсын комисс маргаан бүхий орон сууцыг ашиглалтад хүлээж авсан даруйд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр В ХХК, Б- нар нь Орон сууц захиалгын гэрээ байгуулж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б-гийн нэр дээр гаргаж, улмаар И ББСБ ХК-д барьцаанд тавьсан асуудлыг А- мэдээгүй байдаг.

6.3. Хэргийн материалд байгаа баримтаас үзвэл хариуцагч Б- нь маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1,114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэргийн материалд авагдсан баримтад Б- нь орон сууцыг худалдан авсан гэх төлбөр төлсөн баримт огт байхгүй, баримтаар нотлогдоогүй. Б- нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахдаа ч, дараа нь ББСБ-д барьцаанд тавихдаа ч огт ирж үзэж хараагүй, В ХХК, Б- Д- нарын эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж, 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Шаардах эрхээ хэрэгжүүлээгүй шалтгаан нь нэхэмжлэгч А-г шударга өмчлөгч гэдгийг бүгд мэдэж байгаа учир юм.

Хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцны төлбөр мөнгө төлөөгүй гэж тайлбарлаад байтал, мөн хөрөнгө оруулсан эсэх талаарх үйл баримтаа нотолж чадахгүй байтал, анхан шатны шүүх талууд төлбөр мөнгөний талаар маргаагүй, гэрээний дагуу төлбөр төлөгдсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

6.4. Б- нь маргаан бүхий орон сууцыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шударгаар олж аваагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөөгүй байж 2019 оны 03 дугар сарын 15-ны орон сууц захиалгын гэрээ байгуулан, улмаар 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрчилгээг гаргуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-д заасан хэлцэлд хамаарч байна. Энэ нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон Б-гийн гэрчилгээг хүчингүй болгож, маргаан бүхий орон сууцны шударга өмчлөгчөөр А-г тогтоох үндэслэлтэй байх тул, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Чойжил нь ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэсэн, хэрэгт авагдсан Д-ын дансны хуулгаар тухайн ажлыг гүйцэтгэсэн 30 хүний ажлын хөлс, багаж хэрэгсэл түүнтэй холбогдох зардалд 203,946,359 төгрөг зарцуулсан байгаа. Тухайн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг захиалагч нь орон сууц бартераар өгч төлөхөөр тохиролцсон.

Д- нь В ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн орон сууцыг А-д шилжүүлэн өгсөн. Д- нь А-гаас төлбөрөө 100 хувь авсан. Иймд А-гийн нэхэмжлэлийг хангаж, орон сууцыг өмчлөгчид шилжүүлж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч В ХХК, Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу А-, Д- нарт уг байшингуудыг бартераар өгнө гэж тохиролцсон зүйл байхгүй. Д-той байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр В ХХК-аас Чойжилд шаардах эрхийг шилжүүлээгүй. Мөн орон сууцны төлбөрийг А-гаас Д- хүлээн авах талаар ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Гэрчүүд Чойжил нь 2-3 орон сууц авсан талаар зөрүүтэй мэдүүлдэг.

В ХХК нь өөрийн өмчлөлийн эд зүйлээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар чөлөөтэй захиран зарцуулах, ашиглах эрхтэй. Б-д шилжүүлсэн өмчлөх эрх нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажсан. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн.

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан гэх баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс А-гийн илт зөрүүтэй төлбөр тооцоог үндэслэж хэргийг шийдвэрлэх боломжгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч В ХХК, Д-, Б- нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, В ХХК, Б- нарын байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Б-гийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д- зөвшөөрч, хариуцагч В ХХК, Б- нар эс зөвшөөрч, орон сууцыг А-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. В ХХК болон ММОЧ ХХК-ийг төлөөлж Д- 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч ММОЧ ХХК нь орон сууцны өрлөг, шавар, заслын ажлыг гүйцэтгэж, 201 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх, захиалагч В ХХК нь ажлын хөлс 133,202,100 төгрөгийг бартераар буюу орон сууц өгч төлөхөөр тохиролцсон /1хх 233-238/,

3.2. В ХХК нь Д-той 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр В ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 43 айлын орон сууцны 74.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдахаар, Д- нь гэрээний үнэд 92,737,500 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр тохиролцсон /1хх 58-62/,

3.3. Д- нь А-тай 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх 74.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдсан, А- нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг Д-д төлж барагдуулсан /1хх 6/,

3.4. Маргаан бүхий орон сууцыг В ХХК нь 2018 оны 12 дугаар сард А-д хүлээлгэн өгсөн, Улсын комиссын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2019/84 дүгээр дүгнэлтээр тус орон сууцны барилга ашиглалтад орсон, нэхэмжлэгчийн хүү С.Баасанхүү гэр бүлийн хамтаар тухайн орон сууцад амьдарч байгаа,

3.5. 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр В ХХК нь Б-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх 3 өрөө орон сууцны үнийг 75,680,000 төгрөг гэж тохиролцож, гэрээнд орон сууцны үнийг бүрэн төлөгдсөн болохыг заасан, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б-гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан үйл баримт авагджээ /1хх 82-85, 88 /.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцүүлж худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ, хариуцагч Д- нь орон сууцыг өмчлөх буюу захиран зарцуулах эрх үүсээгүй байхад нэхэмжлэгч А-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж зөв дүгнэсэн байна.

Мөн нэхэмжлэгч болон хариуцагч Д- нар нь хариуцагч В ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй худалдах, худалдан авахаар тохиролцсон тул тэдгээрийн байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4.1. Хэдийгээр Д- нь В ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулж, маргааны зүйл болж буй 3 өрөө орон сууцыг 92,737,500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч түүнд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрх үүсээгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар Д- нь худалдах, худалдан авах гэрээний үнэ 92,737,500 төгрөгийг В ХХК-нд бүрэн төлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийг үүсгэсэн болох нь баримтаар тогтоогдоогүй.

 

4.2. Нэхэмжлэгч болон хариуцагч Д-ын зүгээс В ХХК болон ММОЧ ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 133,202,100 төгрөгийн ажлын хөлсөнд маргааны зүйл болж буй 3 өрөө орон сууцыг хүлээн авсан гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч Д- нь тодорхой хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн, мөн ажлын хөлсөнд В ХХК-аас орон сууц авахаар тохиролцсон болох нь ажил гүйцэтгэх гэрээ, гэрч Б.Батмагнай, Х.Ганболд, Б.Бумдүүрэн нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчийн хүү С.Баасанхүү гэр бүлийн хамтаар маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа нь Д- болон А- нарт худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг В ХХК зөвшөөрсөн, эсхүл ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд дээрх орон сууцыг Д-д В ХХК хүлээлгэн өгсөн үйл баримтыг нотлохгүй.

Нэхэмжлэлийн шаардлага, хуулийн хэм хэмжээ, тогтоогдсон үйл баримтыг харьцуулан дүгнэвэл В ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 92б байр, ** тоотод байршилтай 75.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тооцож Д-д өгсөн, Д- ажил гүйцэтгэх гэрээнийхээ үүргийг бүрэн гүйцэтгэсэн гэх, эсхүл уг гэрээний үүрэг А-д шилжсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээнд энэ талаар заагаагүй, үүнд холбогдох мэтгэлцээний байр сууриа нэхэмжлэгч болон хариуцагч Д- нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй байдлаар нотлоогүй байна.

Иймд 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Д- нь маргааны зүйл болж буй 3 өрөө орон сууцыг В ХХК-аас худалдах, худалдан авахаар тохиролцсоныг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ММОЧ ХХК-ийн хүлээн авах ёстой ажлын хөлсөнд авахаар тохиролцсон гэж үзэхгүй.

Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд маргааны зүйл болж буй 3 өрөө орон сууцыг шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй тул В ХХК болон ММОЧ ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, чанар, захиалагчийн төлөх ёстой төлбөрийн талаар шүүх дүгнэлт өгөхгүй, энэ хэргийн маргааны зүйлд хамааралгүй байна.

 

4.3. Хариуцагч В ХХК нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй, уг эрхийн хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Б-д шилжүүлсэн, улмаар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 19/34 тоот албан бичгээр төлбөр төлөгдсөн үндэслэлээр Б-гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан байна.

Хариуцагч Б- нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 92б байр, ** тоотод байршилтай 75.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, түүний өмчлөх эрх улсын бүртгэлээр баталгаажсан.

Иймд дээрх хэлцлийг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, В ХХК-ийн захирал М-, хариуцагч Б- нар нь гэр бүлийн харилцаатай нь гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүхийн зөв дүгнэжээ.

Мөн хүчин төгөлдөр гэрээний дагуу Б-гийн өмчлөх эрх бүртгэгдсэн тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага үндэслэлгүй.

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан талууд маргаагүй байхад уг гэрээ байгуулах болсон эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

 

4.4. Иймд нэхэмжлэгчийн гаргасан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч В ХХК болон хариуцагч Б- нар нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Б-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх шаардах эрхийн зохицуулалтад хамаарахгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулж өөрчилнө.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-гийн хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч В ХХК, Б- нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч нар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд үүнд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2023/02626 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 56.1.8, 112 дугаар зүйлийн 112.1, гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,184,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Т.БАДРАХ