Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01314

 

 

 

Ө.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/01589 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.Б-ын хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан гаргасан 12,687,500 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “А-” ХХК-тай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, “Тэлмү апартмэнт хотхон”-ы 140 айлын орон сууцны 2-р орц, 8 давхрын 98 тоот 73,45 м.кв орон сууцыг худалдаж авахаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 2019 оны 08 дугаар сарын 23-нд төлбөрөө төлж байрныхаа түлхүүрийг гардан авч, байрандаа орсон болно. Байрандаа орохын өмнөхөн буюу 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байрны талбайн хэмжээ эргэлзээтэй санагдсан тул “Д-” ХХК-аар хэмжилт хийлгүүлэхэд 7,25 м.кв дутсан болно. “А-” ХХК-аас орон сууц захиалгын гэрээнд 1 м.кв-ийг 1,750,000 төгрөгөөр тооцож худалдаж авсан бөгөөд орон сууц захиалгын гэрээний 1.1-д заасны дагуу талбайн хэмжээ 73,45 м.кв байх ёстой байтал бодит байдал дээр 66,2 м.кв байсан болно. Дутсан 7,25 м.кв-ийн зөрүү болох 12,687,000 төгрөгийг “А-” ХХК-аас буцааж олгохыг шаардсан боловч цагдаа шүүхээрээ яв гэсэн болно. Иймд “А-” ХХК-аас худалдаж авсан орон сууцны 7,25 м.кв талбайн зөрүү болох 11,276,500 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. Намайг анх байр захиалж байхад өгсөн брошур байгаа. 2018 оны 01 дүгээр сараас “Ай ди си реал стэйт” ХХК-иас фэйсбүүкт зар тавьж эхэлсэн гэжээ.  

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан үндэслэл журмын дагуу байх ёстой. Үл хөдлөх гэдэг бол газраас салгамагц ашиглах боломжгүй байдаг. Хэдэн м.кв гэдэг талаар баримт байхгүй. Гэрээний 3.1.3 дахь заалт байгаа. Талууд гэрээгээр ямар нэг зөрүү гарах юм бол гомдлын шаардлага гаргахгүй гэсэн зүйл яригдсан байдаг. Хууль хэрэглээний хувьд талууд эрх зүйн үр дагавар үүсгэж, гэрээ хэлцэл хийж байгаа. Ер нь бол 2018 онд хийсэн гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ байна гэж харж байгаа. Бэлэн болоогүй байр байсан тул ерөнхий үнийг компаниас гаргаж өгсөн. Энэ асуудалд ямар ч нэхэмжлэл гаргах эрхгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т зааснаар хариуцагчаас 9,467,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,809,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 166,430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөр, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Зохигчдын хооронд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх “талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ” гэсэн. Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дугаар сарын 23-ны өдөр гэрээгээр тохиролцсон орон сууцыг хүлээн авч ашиглаж эхэлсэн ба зохигчид энэ талаар маргаагүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана”, 255.1.1-т “эд хөрөнгө хулээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад, түүнийг хүлээн авсан” гэж заасан. Нэхэмжлэгч нь хөрөнгийг хүлээн авч, ашиглаж эхэлсэн тул хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргах эрхээ алдсан. Гэтэл анхан шатны шүүх мөнгөн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн тус хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан ба тогтоолд зохигчийн хооронд байгуулагдсан орон сууц хуралдах, худалдан авах гэрээний 3.1.3-т “Гүйцэтгэгч тал нь захиалагч талын хүсэлтээр хавсралт 2-т заасны дагуу дотор ханануудыг хийж гүйцэтгэсэн болно Дотор хананы доорх талбай нийт мувад тооцогдсон болно” гэж заажээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох талуудын тохиролцсон гэрээний дээрх нөхцөл болон талбайн зөрүүг тогтоосон шинжээчийн дупіэлтийг Иргэний хэрэг шуухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчил гаргасан гэж үзэхээр байна” гэж заасан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтээс харвал гэрээний 3.1.3-т заасан “... дотор хананы доорх талбай нийт м.кв-д тооцогдсон болно” гэсний дагуу хэмжиж, хэмжээг тогтоогоогүй байна. Иймээс Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд заагдсан зөрчил арилсан, шинжээчийн дүгнэлт хэргийн бодит нөхцөл байдлыг дүгнэсэн гэж үзэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар шүүх нэхэмжлэлийг хангах, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэсэн шийдвэрийг гаргах боломжтой ба нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй асуудлаар шийдвэр гаргах эрхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны м.кв талбайн зөрүү .... төгрөгийг гаргуулах” гэж тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “нэхэмжлэгч нь дутуу хүлээн авсан талбайн хэмжээгээр орон сууцны үнийг бууруулахаар шаардах эрхтэй байна” гэж нэхэмжлэгч үнийг буруулахаар нэхэмжлэлийн үндэслэлдээ ч нэхэмжлэлийн шаардлагадаа ч дурьдаагүй үйл баримтын асуудлаар дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй.

4.а.Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн нэг дэх заалтад “Иргэний хуулийн 234 дугээр зүйлийн 234.1-т зааснаар хариуцагчаас 9,467,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж гэсэн. Гэтэл Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд баталгааны талаар зааж хуульчилсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт худалдах, худалдан авах гэрээний талаар нэрлэж зааж, дүгнэлт хийсэн боловч тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн баталгааны талаарх зохицуулалтыг баримталж мөнгөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах хугацааг алдсан гэдэг. Нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд үүнээс өмнө буюу 07 дугаар сард орон сууцны м.кв зөрүүтэй байгааг мэдээд компанид хандсан. Иймд нэхэмжлэгч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж үзэх боломжгүй. Хариуцагч орон сууцны дотор хананы доорхи талбайн м.кв-ийг нийт талбайд оруулан тооцсон тул нэхэмжлэгч гомдол гаргах эрхгүй гэж маргадаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр орон сууцны м.кв, түүнд ногдох үнийг заасан тул м.кв талбайн зөрүү мөнгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Улсын Дээд шүүхээс орон сууцны нийт талбайн дунд барьсан ханын м.кв-ыг тооцоогүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх шинжээч томилуулж, ханын барьсан м.кв-ын үнийг хасаж тооцсон. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг шүүх шийдвэртээ бичсэн нь техникийн алдаа байсан. Шийдвэр гардаж авсны дараа энэ талаар мэдээд шүүгчийн туслахад хэлэхэд шүүхийн шийдвэр гарч, талуудад гардуулсан тул өөрчлөх боломжгүй гэж хэлсэн. Энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Ө.Б- нь хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан худалдан авсан орон сууцны талбайн зөрүүд 12,687,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган, 11,276,500 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

4.Талууд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “А-” ХХК нь Баянзүрх дүүрэг, 22-р хороо, “Тэлмү апартмэнт хотхон, 2-р орц, 8 давхрын 98 тоот 73,45 м.кв талбай бүхий орон сууцыг 128,537,500 төгрөгөөр худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлэх, нэхэмжлэгч Ө.Б- нь үнийг төлж орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон болох нь талуудын тайлбар, орон сууц захиалгын гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /1хх-ийн 6-16-р тал/. Нэхэмжлэгч Ө.Б- нь гэрээний үнэ болох 128,537,500 төгрөгийг төлж, орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн байна. /1хх-ийн 5-р тал/

4.а.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.

4.б.Нэхэмжлэгч Ө.Б- нь “орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасан 73,45 м.кв-д хүрээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул зөрүү төлбөр 11,276,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон ба орон сууцны нийт талбайн хэмжээг “Д-” ХХК нь 66,2 м.кв болохыг тодорхойлжээ. /1хх-ийн 20-21-р тал/

4.в.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр томилогдсон “Тоонто гранд” ХХК нь “... 98 тоот орон сууцны нийлбэр талбай 66,54 м.кв байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. /1хх-88-97-р тал/. Мөн нэхэмжлэгч Ө.Б- нь өөрийн хүсэлтээр том унтлагын өрөөндөө ариун цэврийн өрөө гаргуулсан гэх үндэслэлээр тус өрөөний ханын доорх талбайн хэмжээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. /1хх-ийн 196-р тал/.

4.г.Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШЗ2022/27868 дугаар захирамжаар дээрх хүсэлтийг хангаж, “Х-” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь “... 98 тоот орон сууцны том унтлагын өрөөнд ариун цэврийн өрөө гаргуулсны хананы доорх талбайн хэмжээ 0,468 м.кв болохыг тодорхойлсон буюу дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасан 73,45 м.кв-д хүрээгүй болох нь тогтоогдсон байна. /1хх-ийн 214-219-р тал/.   

4.д.Талуудын байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.1.3-т “Гүйцэтгэгч тал нь захиалагч талын хүсэлтээр хавсралт 2-т заасны дагуу дотор ханануудыг хийж гүйцэтгэсэн болно. Дотор хананы доорхи талбай нийт м.кв-д тооцогдсон болно” гэж, 3.1.4-т “Орон сууцны дотор заслын улмаас үүссэн 1,5 м.кв хүртэлх талбайн хэлбэлзэл мөн энэ гэрээний 3.1.3-р заалтыг үндэслэн, нийт талбайн хэмжээг тооцсон бөгөөд тус заалттай холбоотой санал гомдлыг захиалагч тал гаргах эрхгүй” гэж тус тус заажээ.

4.е.Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт “Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна” гэж заасан ба мөн зүйлийн 202.2.12-т “үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан” бол хүчин төгөлдөр бус байна гэжээ.  

Өөрөөр хэлбэл, орон сууц захиалгын гэрээний 3.1.3, 3.1.4 дэх заалт нь үүргийн зөрчилтэй холбоотойгоор шаардлага гаргах захиалагчийн эрхийг хязгаарласан агуулгатай байх тул гэрээний тус заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Иймд гэрээний тус заалтыг үндэслэн нэхэмжлэлийг татгалзаж буй хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй.

4.ё.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдаж байгаа эд хөрөнгийн талаарх үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

4.ж.Гэвч худалдсан орон сууц нь гэрээгээр тогтоосон тоо, хэмжээнд хүрээгүй, илт зөрүүтэй байх тул хариуцагч “А-” ХХК-ийг дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Ө.Б- нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй.

4.з.Түүнчлэн, нэхэмжлэгч Ө.Б- нь гэрээний зүйл болох орон сууцыг хүлээн авсан даруйдаа буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахаас өмнө м.кв-ыг хэмжүүлж, гэрээнд заасан тоо хэмжээнд хүрээгүй талаар хариуцагч “А-” ХХК-д мэдэгдсэн болох нь гэрч Л.Мөнх-Эрдэнийн мэдүүлгээр тогтоогдсон, энэхүү гэрчийн мэдүүлэг нотолгооны ач холбогдолтой. /1хх-ийн 145-р тал/. Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг гэрээний заалттай харьцуулах байдлаар дүгнэн орон сууцны талбайн зөрүүг 5,41 м.кв-аар тооцож, хариуцагч “А-” ХХК-аас 9,467,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-д олгож, нэхэмжлэлээс 1,809,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

5.а.Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсныг залруулах шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/01589 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т зааснаар хариуцагчаас ...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А-” ХХК-аас” гэж, “... нэхэмжлэгчид ...” гэснийг “нэхэмжлэгч Ө.Б-д” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “А-” ХХК-аас төлсөн 166,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                       Д.БЯМБАСҮРЭН

                                                                                          Г.ДАВААДОРЖ