Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/01109

 

“НЛП” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2020/00216 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 216/МА2020/00022 дугаар магадлалтай,

“НЛП” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮт холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 Е109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгах,

Сөрөг нэхэмжлэл: 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-018-01-019 дугаартай худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан “МРЦ” ТӨҮГ болон БӨУБҮийн татгалзал хуульд нийцсэн, үндэслэл бүхий болохыг тогтоож, “НЛП” ХХК нь Адагийн уурхайн баруун талын /46 17 45.2 E109 19 42.3/ координатад байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг гэрээний дагуу ашигласнаар олсон ашиг болох 209,016,000 төгрөгийг буцаан гаргуулах,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “НЛП” ХХК болон “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮийн хооронд 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-018-01-019 дугаартай худалдах, худалдан авах гэрээг цуцлагдсанд тооцуулж, “МГ” ХХК-ийн “МРЦ” ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдрийн MR-2020-02-04 дугаартай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэнбаяр, түүний өмгөөлөгч Р.Батцогт, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Ермек, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Нямцоож, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “НЛП” ХХК нь хариуцагч “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮт холбогдуулан Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 Е109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч, 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-018-01-019 дугаартай худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан “МРЦ” ТӨҮГ болон БӨУБҮийн татгалзал хуульд нийцсэн, үндэслэл бүхий болохыг тогтоож, “НЛП” ХХК нь Адагийн уурхайн баруун талын /46 17 45.2 E109 19 42.3/ координатад байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг гэрээний дагуу ашигласнаар олсон ашиг болох 209,016,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Энэ хэрэгт “МГ” ХХК гуравдагч этгээдээр оролцож, “НЛП” ХХК болон “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮийн хооронд 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-018-01-019 дугаартай худалдах, худалдан авах гэрээг цуцлагдсанд тооцуулж, “МГ” ХХК-ийн “МРЦ” ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдрийн MR-2020-02-04 дугаартай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан байна.

2.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2020/00216 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “НЛП” ХХК-ийг “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮийн эзэмшил Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 E109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг хариуцагч “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮт даалгаж, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “МГ” ХХК-ийн “НЛП” ХХК-ийн “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮтэй 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-018-01-19 дугаартай худалдах-худалдан авах гэрээг цуцлагдсанд тооцуулж, “МГ” ХХК-ийн “МРЦ” ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах, хариуцагч “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮийн 2018.10.23-ны өдрийн bu-018-01-19 дугаар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан “МРЦ” ТӨҮГ болон БӨУБҮийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209,016,000 төгрөгийг “НЛП” ХХК-наас буцаан гаргуулах тухай нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “МГ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, хариуцагч “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,203,030 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮээс улсын тэмдэгтийн хураамж 153,975 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “МГ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 153,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “НЛП” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 E109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг ашиглах, зөөвөрлөх үйл ажиллагааг зогсоохыг хариуцагчид даалгасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

3.Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 216/МА2020/00022 дугаар магадлалаар: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 157/ШШ2020/00216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гуравдагч этгээдийн 307,950 төгрөг, хариуцагч байгууллагын 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. “НЛП” ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮт холбогдуулан “Адагийн ил уурхайн баруун талын байрлах координат /N46 17 45.2 Е109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮ нь “НЛП” ХХК-тай 2018.10.23-ны өдөр байгуулсан “Худалдах худалдан авах гэрээ”-нээс татгалзсан “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209,016,000 төгрөгийг “НЛП” ХХК-аас буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба гуравдагч этгээд “МГ” ХХК нь “НЛП” ХХК-ийн “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮтэй 2018.10.23-ны өдөр байгуулсан “Худалдах худалдан авах гэрээ”-г цуцалсанд тооцуулж, “МГ” ХХК-ийн “МРЦ” ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдрийн “хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай бие даасан шаардлага тус тус гаргасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 106-р зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “НЛП” ХХК-ийн “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮт холбогдуулан “Адагийн ил уурхайн баруун талын байрлах координат /N46 17 45.2 Е109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг хариуцагч “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮт даалгасугай, гуравдагч этгээд “Монгол глобал” ХХК-ийн бие даасан шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн болно.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.07-ны өдрийн хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь хэтэрхий нэг талыг баримталсан, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харин Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгсөн, хуулийг зөв хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлтэй гарсан.

Гомдлын шаардлага:

4.1.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176-р зүйлийн 176.2.3-д заасны дагуу Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6.Нэхэмжлэгч “НЛП” ХХК нь хариуцагч “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮт холбогдуулан Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 Е109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч, 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-018-01-019 дугаартай худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан “МРЦ” ТӨҮГ болон БӨУБҮийн татгалзал хуульд нийцсэн, үндэслэл бүхий болохыг тогтоож, “НЛП” ХХК нь Адагийн уурхайн баруун талын /46 17 45.2 E109 19 42.3/ координатад байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг гэрээний дагуу ашигласнаар олсон ашиг болох 209,016,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Энэ хэрэгт “МГ” ХХК гуравдагч этгээдээр оролцож, “НЛП” ХХК болон “МРЦ” ТӨҮГ-ын харьяа БӨУБҮийн хооронд 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-018-01-019 дугаартай худалдах, худалдан авах гэрээг цуцлагдсанд тооцуулж, “МГ” ХХК-ийн “МРЦ” ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдрийн MR-2020-02-04 дугаартай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан байна.

7.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

8.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрт тусгагдвал зохих үндсэн нэхэмжлэлийн талаарх хариуцагчийн, сөрөг нэхэмжлэлийн талаарх нэхэмжлэгчийн, түүнчлэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаарх нэхэмжлэгчийн болоод хариуцагчийн тайлбарууд бичигдээгүйгээс тухайн шийдвэрээс талууд маргааны зүйлийн талаар мэтгэлцсэн эсэх, тэдгээрийн мэтгэлцээний үндсэн дээр шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлгүй болсон, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ заагаагүй, эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйл, 37 дугаар зүйл, 42 дугаар зүйл, 107 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Мөн шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тодруулаагүй, тухайн шаардлагыг нэхэмжлэгчид гардуулах ажиллагааг хийгээгүйгээс гадна бие даасан шаардлагыг тусдаа шаардлага гэж үзэх, эсхүл хариуцагч талыг буюу түүний татгалзлыг дэмжсэн агуулгатай гэж үзэх эсэхийг тодруулаагүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Дээрх зөрчил байгаа тохиолдолд хяналтын шатны шүүх зохигч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн маргааны талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 216/МА2020/00022 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “НЛП” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан/-ийн 2020.12.30-ны өдөр 307,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД