| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 163/2020/0038/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2020-12-25 |
| Зүйл хэсэг | 22.8.1.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 23
Б.М, Б.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 45 дугаар магадлалтай, Б.М, Б.Э нарт холбогдох 1915004350294 дугаартай эрүүгийн хэргийг Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш арга зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Л овогт Б.М,
Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Булган аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст нягтлан бодогч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Е овогт Б.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д заасан “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Э-ийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахад хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.М-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7,000,000 сая төгрөг торгох ял,
Шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6,000,000 төгрөг торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Прокуророос Б.М, Б.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.М, Б.Э нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Прокуророос Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, Б.Э-ийг Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, тус зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг давж заалдах шатны шүүх илтэд гуйвуулан “Шүүгдэгч Б.М, Б.Э нарт Аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ” гэж магадлалын тодорхойлох хэсэгт бичиж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг ноцтой зөрчиж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнээс хальж прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй зүйл ангид дүгнэлт хийсэн байна.
Прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол зэргийг 7-р цэцэрлэгийн санхүүгийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, Далай ван аудитын шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тодорхой дурдсан байхад давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэт нэг талыг барьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж дүгнэлт хийсэн байна.
Давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгтээ “Шүүгдэгч Б.М, Б.Э нарын үйлдэл нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэм буруутай байгаа боловч” гэсэн атал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.М, Б.Э нар нь төрд 6,305,719 төгрөгийн хохирол учруулсныг “хор уршиг учруулаагүй байна” гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй, болгож цагаатгасан нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дахь хэсэгт заасан хууль ёсны зарчим, 1.3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй. Мөн магадлалын үндэслэл болгож байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлтэй хууль зүйн агуулгын хувьд эрс зөрчилдөж байна.
Мөн шүүх хуралдаан даргалагч нь шийтгэх тогтоол, оногдуулсан ялыг хүчингүй болгосон үндэслэлийг тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгийг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинж болох хөрөнгө завшсанаас хохирол учруулсан гэдэг гол хамаарах шинжийг огт шалгалгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар мөрдөгч прокурор гэмт хэргийн шинжийг бүрэн гүйцэд шалгах, тогтоох үүрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг огт шалгаагүй гэж үзэж байна. Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн дүгнэлтэд хохирлыг олон янзаар тогтоосон. Аль нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол вэ гэдэгт дүгнэлт хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтэд 6,305,719 төгрөг, анхан шатны шүүх 8,316,100 төгрөг, анх гэмт хэргийн шинжтэй байна гэж цагдаагийн газар шалгуулахаар өгсөн Булган аймгийн санхүү, хяналт, аудитын албанаас хийсэн дүгнэлтээр 7,907,834 төгрөг гэж хохирлын хэмжээ өөр өөр тогтоогдсон. Энэ хэрэгт аудитын газраас шинжээч томилох тогтоолоор хоёр удаа дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шалгагдаагүй зүйл дээр давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирол учраагүй байна гэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн хяналтын прокурор н.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйл, хэсгүүдээр яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэж байсан. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Булган аймгийн санхүү, хяналт, аудитын албаны дарга н.Б, аудитын дүгнэлт гаргасан гэрч н.О нарын мэдүүлэгт хуурамч тушаал гаргаж, хуучин ажиллаж байсан н.Н-д 4,758,359 төгрөгийн цалин бичсэн. Огт ажиллаагүй сахиул н.У-т 3,069,760, н.Б-д 488,000 төгрөгийн цалин бичсэн байна. Хуурамч тушаал гаргасан асуудлыг прокурор 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар татах тогтоол өөрчлөлт оруулахдаа үндэслэлгүйгээр өөрчилсөн байгаа учир шалгах ёстой. Хөрөнгийн үнэлгээ хийсэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Далайван аудит”-ын Орхон аймаг дахь салбарын н.М захирлын гарын үсэгтэй, салбар зөвлөлийн дүгнэлт гэдэг дээр тухайн хоёр аудитын дүгнэлтээс гадна эдийн засгийн шинжээчийн дүгнэлт шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл махны мод, махны машин, шанага, хоолны том халбаг, хүүхдийн гулсуур, сүүдрэвч, сагсан бөмбөгийн талбай гэсэн хөрөнгийн үнэлгээ хийсэн зүйлүүдэд материалын зардлаар эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжтой. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч М.Даваасүрэн хэлсэн саналдаа “Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Прокурорын дүгнэлтийн хувьд “Далайван аудит” ХХК цалин хөлс ороогүй, зөвхөн материалын зардлаар нь дүгнэлт гаргасан гэдгийг нь хэлэх нь зүйтэй” гэв.
Мөн хуралдаанд шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Р.Нямцэрэн хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” хэргийн шинж бүрэлдэхүүний хувьд нэр бүхий гурван хүний нэр дээр 6,350,719 төгрөгийг ажилласан гэдгээр цалин бичээд данснаас гаргасан боловч буцаад цэцэрлэгтээ бэлэн мөнгөний орлогоор орлогодсон ба энэ байдал нь бүх баримтаар тогтоогдсон. Тухайн орлогоор сургалтын өмнөх боловсролын үйл ажиллагааг дэмжих 16 төрлийн 7,276,600 төгрөгийн хөрөнгийг бий болгосон. Аудитын байгууллага шалгаж, цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж шилжүүлэх үед энэ хөрөнгө бий болсон. Энэ хэрэг анхан шатны шүүхээс хохирлын хэмжээ тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр прокурорт буцаж, нэмэлт ажиллагаа хийгдсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн диспозиц маш тодорхой буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах юм. Уг хэргийн тухайд төсвийн цалингийн зардлыг аваад сургалтын үйл ажиллагааны зардал болгоод цэцэрлэгт буцаад шингэсэн зүйл байгаа. Мөн энэ хэрэгт тогтоогдсон хохирол байхгүй. Тухайн цэцэрлэгийн 2018, 2019 оны цалингийн зардал хэтрээгүй, төсвийн нийт хэмжээг хэтрүүлж зарцуулсан зүйл байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор өмгөөлөгч талтай хууль хэрэглээ, нотлох баримтын талаар мэтгэлцээн явуулж чаддаггүй. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч нарын үйлдэлд гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн байхгүй гэдэг үндэслэлээр шийдвэрлэх боломжтой гэж үздэг. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байгаа тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокуророос шүүгдэгч Б.М-ийг Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2018 оны 08 дугаар сард сахиулаар ажиллаагүй Л.Б, З.У, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаагүй туслах багш Ш.Н, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаагүй З.У нарыг ажилласан үндсэн ажилтан мэтээр цалин бодож, нийт 6,305,719 төгрөг буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,
Шүүгдэгч Б.Э нь тус цэцэрлэгчийн эрхлэгч Б.М-тэй урьдчилан амлан үгсэн тохиролцож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх тэдгээрийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.М, Б.Э нар нь Л.Б, З.У, Ш.Н нарыг тус цэцэрлэгт ажиллаагүй байх хугацаанд ажилласан мэтээр ирцийг бүртгэн цалингийн цэс, тушаал зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдэж, цалин хөлс олгосон болох нь нэр бүхий гэрч, иргэний нэхэмжлэгч, шинжээч нарын мэдүүлэг болон шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогджээ.
Гэвч шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс тус цэцэрлэгийн төсөв хангалтгүй тул хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нэр бүхий хүмүүст цалин олгож, түүнийгээ эргүүлэн татаж, бэлэн мөнгөний орлого болгон сургалтын хэрэглэгдэхүүн, бүтээн байгуулалтад зарцуулагдсан гэх мэдүүлэг, тайлбарыг прокурор болон анхан шатны шүүхээс үндэслэлтэйгээр няцааж чадаагүй, “Далайван аудит” ХХК-ийн шинжээчийн үнэлгээнд хамрагдсан 16 нэр төрлийн бүртгэлээс илүү эд хөрөнгийн эх сурвалж нь Б.Э, Б.М нарын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх 6,305,719 төгрөгөөс өөр эх сурвалжтай болохыг нотолж тогтоогоогүй байна.
Б.М, Б.Э нарыг төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан эсхүл хөрөнгө завшсан болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.М, Б.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох” эрхгүй гэж хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ, хязгаарыг тодорхойлсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашигласан байж болзошгүй гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг шүүгдэгч нарын үйлдэл хангаж буй эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 45 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН