Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0334

 

“М Г” ХХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, өмгөөлөгч Б.Э, хариуцагч Б.Б, Б.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0184 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “М Г” ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Ц нарт холбогдох зөрчлийн хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0184 дүгээр шийдвэрээр: ”Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 35 дугаар зүйлийн 35.3, 53 дугаар зүйлийн 53.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 1.1, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Ц нарын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 дүгээр шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд татварын улсын байцаагч нар шинэ акт гаргаагүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 дүгээр шийтгэлийн хуудас хүчингүй болгохыг дурдаж,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Ц тус бүрээс 35.100 төгрөгийг тус тус гаргуулж гомдол гаргагч “М Г” ХХК-д олгож” шийдвэрлэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо: ““М Г” ХХК-ийн гаргасан нийт 8,301,246,008.12 төгрөгийн зөрчил нь Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Ж.Э, Т.О нарын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 8,228,484,461.96 төгрөгийн зөрчил бүхий татварын улсын байцаагчийн 24/00000237 дугаар дүгнэлт, татварын тооцооллын програмын татварын өрийн бүртгэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 140 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж 351730071 дугаар шийтгэлийг хуудас үйлдсэн. Үүнийг шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ гэж заасны дагуу зөрчлийн хэрэг нээж хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

        Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж заасны дагуу хялбаршуулсан журмаар “М Г” ХХК-д шийтгэл ногдуулсан.

        Татварын ногдуулалт хөнгөлөлт, чөлөөлөлт алданги, торгууль, тэдгээрийн төлөлтийг хийх тооцоолол нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 дугаар актыг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, энэ хугацаанд татварын улсын байцаагч нар нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасны дагуу шинэ акт гаргах шаардлагатай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан шүүхийн нотлох зарчимд нийцэхгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0184 шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

        Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “М Г” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан, бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй 8,228,484,461.96 төгрөгийг зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 24/000237 дугаар дүгнэлт үйлдэж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

        Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын прокурорын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4329 дүгээр тогтоолоор “М Г” ХХК-ийн захирал Н.У-т үүсгэсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

        улмаар Чингэлтэй дүүргийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 /хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх/-д заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх боломжтой гэж үзэж, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 дүгээр шийтгэлийн хуудсаар 8,301,246,008.12 төгрөгийн зөрчилд 814,824,600.81 төгрөгийн төлбөрийг “М Г” ХХК-д ногдуулжээ.

        Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 /зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол/, 1.2 /зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол/, 1.3 /зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол/-д заасан тохиолдлуудад зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх учиртай.

        Харин хуульд заасан дээрх нөхцөл байдлууд үүсээгүй тохиолдолд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 /Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ/-д зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалгах ажиллагааг явуулж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, нотлох үүрэгтэй.

        Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гомдол гаргагч “М Г” ХХК үйлдсэн гэх тухайн зөрчлийг сайн дураар хүлээн зөвшөөрч, зөрчлийн талаар маргаагүй гэдэг нь тодорхой бус байна.

        Энэ тохиолдолд хариуцагчийн “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй“ гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

        Захиргааны хэргийн анхан шатны шүүх хариуцагч татварын улсын байцаагч нарыг “Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 /Татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгана/-д заасны дагуу татвар төлөгчийн татварын бүртгэл болон анхан шатны баримтуудад үндэслэн хяналт шалгалтыг дахин хийхээр, үүний тулд татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлтийг хийх тооцооллыг зайлшгүй хийхээр байна” гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар дээрх татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлтийг хийх тооцоолол нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, татварын улсын байцаагч нарын маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн, тухайн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлжээ.

        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2018/0184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                        ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

                                        ШҮҮГЧ                                                                          Э.ХАЛИУНБАЯР

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР