Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 81

 

                                   

 

 

 

 

 

 

 

                                                                                   

 

 

Р.Б, Д.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Г.Б-ийн өмгөөлөгч Д.Цэнгэлмаа, Я.Баярсайхан, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Г.Орхон, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 688 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1333 дугаар магадлалтай, Р.Б, Д.Б нарт холбогдох 1805021840440 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Дарьжав, Б.Оюунбилэг, шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч Н.Ууганцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Р.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Р.Б, Д.Б нарт холбогдох хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж,

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц 77-87 УНЛ улсын дугаартай “Land Cruiser 200” загварын автомашиныг битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Хохирогч Г.Б, иргэний нэхэмжлэгч Тайгын булаг ХХК нь иргэний нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахих гаргах эрхтэй болохыг дурдаж, шийдвэрлэсэн байна.  

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Дарьжав гаргасан гомдолдоо “Магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэлд хамаарах бөгөөд хуулийн ноцтой зөрчил гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн талаар зохицуулсан ба зүйлийн 1.3-т “Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийн бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” шийдвэр гаргана” гэж заасан байтал анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг хэрхэн зөрчсөн талаар хулуь зүйн дүгнэлт хийгээгүй нь давж заалдах шатны шүүхийн магадлал процессын хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хэргийн материалд цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны үед Р.Б нь өөрийн хадам ээж н.Б-тэй адил төстэй царайтай ойролцоо насны хүнд 20 000 төгрөг өгөөд дагуулж хамт нотариатчийн ажлын өрөөнд орж ирж хоорондоо ямарч маргаангүй сайн дураар автомашин бэлэглэх хэлцэл хийлгэх хүсэлт тавьж нотариатч Д.Б-г төөрөгдөлд оруулсан нь Р.Б-н удаа дараагийн мэдүүлэг болон нотариатын үйлдэл хийсэн дэвтэрт бэлэг өгөгч Батхишиг гэж бичсэн тэмдэглэл зэргээр нотлогдсон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан хэргийн шинжид буй “Илт” гэх үгийг Монгол хэлний тайлбар толь бичигт ...илэрхий, тодорхой, магад үнэн магадлах шаардлагагүй гэх агуулгаар ойлгохоор заасан байх ба Р.Б нь өөрийн хадам ээж н.Б гэж иргэний үнэмлэхний зурагтай адил төстэй хүнийг дагуулж ирээд тэр хүн нь ч би н.Б байна гээд бэлэглэлийн гэрээ хийх хүсэлт гаргаж байгаа болон иргэний үнэмлэхний хуулбар илт засвартай хуурамч гэх зүйлгүй байсныг шалгаж магадлах шаардлагагүй гэж үзээд нотариатч үйлдэл хийснийг “Илт хууль бус хэлцэл” хийсэн гэж буруутгах үндэслэлгүй,

Нотариатч Д.Б нь өөрийгөө н.Б гэж танилцуулсан иргэний үнэмлэхний хуулбарт буй зурагтай адил төстэй хүн болон Р.Б нарыг ТҮЦ машинаас хурууны хээ уншуулаад албан ёсны хуулбараа авчирхыг шаардаж буцаасан хэдий ч хэсэг хугацааны дараа ойр хавьд албан ёсны хуулбар авах машин байхгүй хадам ээжийн бие муу ядраад олон дахин явж чадахгүй байна, маргааш авчраад өгий одоо бэлэглэлийн гэрээг яаралтай хэрэглэх гээд байна хэмээн настай хүн гуйж учирлаад байхаар итгэж найдаад нотариатын үйлдэл хийсэн болон Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт “...иргэний үнэмлэх түүний хуулбар” гэж заасныг баримтлан хэлцлийг гэрчлэх үйлдэл хийсэнийг нотариатч Д.Б нь санаатайгаар илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсан гэж үзэх үндэслэлгүй болох нь тогтоогдсон,

Р.Б өөрийн хадам эх н.Б-тэй адил төстэй, ойролцоо насны хүн олоод нотариатч Д.Б-ын өрөөнд дагуулж орж итгэл үнэмшил төрүүлсэн, хадам ээж гэх хүн бие муу олон дахин явах боломжгүй байна иргэний үнэмлэхээ эх хувиар нь маргааш авч ирээд үзүүлий гэж гуйж байгаад нотриатын үйлдэл хйилгэсэн гэх мэдүүлэг,

н.Б өөрийн өмчлөлийн гэх ландгруйзэр 200 маркийн автомашиныг Р.Б-д бэлэглэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх замаар эрхээ сэргээлгэх боломжтой зэргийг давж заалдах шатны шүүх харгалзан үзэж анхан шатны шүүхийн дүгнэлтэд өөрчлөлт оруулж цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх боломжтой байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

Мөн шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Оюунбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалд тулгуурлаж зөв дүгнэлт хийж чадаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн хоёр үндэслэлээр гомдол гаргасан. Д.Б-ын тухайд талуудыг байлцуулж, бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нь Д.Б-ын мэдүүлэг, Р.Б-ын мэдүүлэг, нотариатын дэвтэр дээрх тэмдэглэлээр нотлогдож байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх Р.Б-ын үйлдэлд төөрөгдсөн юм уу, эсхүл мэдсээр байж гэрчилсэн юм уу гэдэг байдлыг ялгаж, салгах нь зүйтэй гэж хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсан бол гэж заасан. Гэтэл илт хууль бус хэлцэл гэж үзэхгүй. Учир нь талууд байлцсан гэж үзэж байгаа бөгөөд энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Харин хүчин төгөлдөр хэлцэл мөн эсэх нь иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан. Прокурор шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нотариатч хууль зөрчиж гэрээг гэрчилсэн гэж үзэж байгаа бол Нотариатын тухай хуулийн ямар заалтыг зөрчсөн юм бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Нотариатын тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шаардлага бүхий бичиг баримтыг” авна гэсэн байгаа. Шаардлага бүхий бичиг баримт нь Батхишиг гэдэг хүний иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн холбогдох бичиг баримтуудыг үндэслэж нотариатыг гэрчилсэн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Гэвч давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд илт хууль бус хэлцэл гэж Иргэний хуульд заагаагүй нэр томъёогоор хуульчилсан учир дутагдалтай. Иргэний хуульд “хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тусгагдсан байхаас биш, “илт хууль бус хэлцэл” гэж Иргэний хуульд заагаагүй. Үүнийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч Н.Ууганцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүхийн тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг зөрчсөн байна. Шүүхээс хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д заасныг үндэслэл болгосон. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлийг тогтоох хэсэгт дурдсан атлаа үндэслэх хэсэгтээ анхан шатны шүүх ямар журмыг зөрчсөн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн давж заалдах шатны шүүх үндэслэх хэсэгтээ шүүхийн гаргасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан дөрвөн үндэслэлийг заасан байдаг бөгөөд аль үндэслэл тогтоогдсон талаар нэмж дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох, үндэслэх хэсэг хоёр агуулгын хувьд зөрүүтэй байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл буюу залилах гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хуульд зааснаар анхан шатны журмаар шийдвэрлэж байгаа бол прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана. Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг бодит байдлыг тогтоох зарчимтай. Шүүх хуралдаанд талууд хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байдаггүй. Харин анхан шатны шүүхээс Р.Б-ын тухайн үйл баримт бүхий маргаан нь гэр бүлийн хамаарал бүхий гишүүдийн эд хөрөнгийн шинжтэй маргаан байна, үүнийг шилжүүлж авч байгаа үйлдэл нь хэлбэрийн хувьд гэмт хэргийн шинжтэй мэт боловч хуульд заасан субьектив санаа зорилго байхгүй байна гэдэг үндэслэлээр цагаатгасан. Энэ талаар шүүх хангалттай дүгнэлтээ хийсэн. Давж заалдах шатны шүүх гэмт хэрэг эсэхийг шалга, хууль зүйн дүгнэлт хий гэж үндэслэлгүйгээр хэргийг буцаасан нь хуульд заасан нотолгооны зарчим болон хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зэрэг зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Иргэний нэхэмжлэгчийн эрх, ашиг хөндөгдсөн байна, энэ талаар дүгнэлт хий гэсэн. Иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон бөгөөд банк бус санхүүгийн байгууллага иргэний журмаар Р.Б-оос нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл заавал эрүүгийн хэргээр хууль зүйн дүгнэлт хий гэж буцааж байгаа нь буруу гэж үзэж байгаа. Дээрх процессын зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал байгаа учир магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Мөн шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Н.Ууганцэцэг өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой санал нэг байгаа. Өмнө нь уг хэргийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцээд хохирогч, шүүгдэгч нарын хоорондын эд хөрөнгийн харилцаа, гэмт хэрэг гарсан гээд байгаа субьектив талын санаа зорилго зэрэг зүйлийг тодруул гэдэг байдлаар буцаасан. Үүнийг шалгахад Р.Б- нь хохирогчийн төрсөн хүү, н.А-тай гэр бүл болж 1998 оноос хойш 10 гаруй жил хамтран амьдрахдаа 3 хүүхэдтэй байсан бөгөөд 2013 онд салсан. Шүүхийн шийдвэрээр Амарсайхан 2 өрөө байр авч өгөхөөр болсон боловч орон сууцыг авч өгсөн юм байхгүй, буцаж Р.Б-той хамтран амьдраад дахин хүүхэд гаргасан. Байр, машин зэрэг бүх зүйл нь түүний ээжийн нэр дээр байдаг. Өөрөөр хэлбэл ээж нь насаараа нярав, нягтлан хийсэн хүн байдаг бөгөөд угаалгын газар, амьдардаг байр, худалдаж авсан машин нь ээжийн нэр дээр байдаг. Ээж нь энэ баялгийг бүтээх боломжгүй гэдэг нь илэрхий ба гэр бүлийн харилцаанаас болоод салах үедээ бүх зүйлээ ээжийнхээ нэр дээр болгосон асуудал. Бодит байдал дээр н.А, Р.Б нар худалдаад авсан, өөрсдөө зээлээ төлдөг, хэрэглэдэг. Р.Б нь өөрийнхөө хөрөнгийг залилна гэж байхгүй. Машины дутуу төлбөрийг төлөхийн тулд Р.Б өдрийн зээл авдаг хүнээс зээл авсан байгаа. Уг зээлийг төлөхийн тулд ломбардаас зээл авч, машины зээлээ хаагаад, нөхрийгөө өвдөж байх хооронд хүмүүсээс авсан өрөө дарсан ийм өрөвдөлтэй асуудал. Ийм асуудлыг эрүүгийн хэрэг болгох гээд шалгаж байгаа нь үндэслэлгүй байна. Залилан мэхлэх гэмт хэрэг, иргэний маргаан хоорондын ялгаа зааг, хууль хэрэглээний асуудал дээр давж заалдах шатны шүүх буруутай дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх хэргийг бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Р.Б дөрвөн хүүхэдтэй, байраа авсан зүйл байхгүй, бүх зүйл нь нөхрийнх нь нэр дээр, өрийг нь төлөх гээд ломбардаас зээл авсан чинь гэмт хэрэгтэн болох гээд явж байгаа өрөвдөлтэй асуудал. Та бүхэн хууль хэрэглээний асуудал дээр зөв дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Цэнгэлмаа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үзвэл тогтоох хэсэгт шүүгдэгч Р.Б, Д.Б нарыг гэм буруугүй гэдгийг огт тогтоогоогүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн зөрчил байсан. Цагаатгах тогтоолын үндэслэл нь Улсын Дээд шүүхээс гаргасан “цагаатгах тогтоол гаргах журам”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан “шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц”, мөн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2.1, 2.3, 2.4-д заасан шүүхийн үйл ажиллагаанд удирдлага болгох заалтуудыг зөрчсөн, үндэслэлгүй цагаатгах тогтоол байсан. Улсын яллагч яллах дүгнэлт үйлдсэн байхад гэм буруугүй болохыг нотолж, тодорхойлж бичих ёстой байсан. Шүүгдэгч нарыг цагаатгаж, тэдгээрийг гэм буруугүй гэж үзсэн үндэслэлээ дурдаж өгөөгүй байгаа. Цагаатгах тогтоол гаргасан нь зөв өө гэсэн тайлбар, гомдол гаргаж байгаа өмгөөлөгч нарын эрх зүйн ухамсар, мэдлэг боловсрол ямар байна гэдэгт анхаарал хандуулж өгнө үү. Анхан шатны шүүхээр 2019 оны 01 дүгээр сард цагаатгах тогтоолыг гаргасан Алтанхуяг шүүгч гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж байсан. Гэтэл хэдэн сарын дараа цагаатгах тогтоол гаргасан нь өмгөөлөгч нарын үндэслэлгүй, эрүүгийн хэргийг иргэний хэрэг болгох хэт зүтгэж байгаа үйл баримттай холбоотой гэж үзэж байгаа. Р.Б-ын үйлдэлд “залилах” гэмт хэргийн бүх бүрэлдэхүүн шинж байгаа. Цагаатгах тогтоол гаргаж байгаа бол прокурорын яллах дүгнэлтийг үгүйсгэх, ямар нөхцөл байдал үүссэнээс гэм буруугүй гэж үзэж байгаа гэдэг нөхцөл байдлыг тодорхой тодорхойлж бичих ёстой байсан. 1998 онд н.А, Р.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн, тодорхой хугацааны дараа цуцалсан, иргэний журмаар эд хөрөнгийн маргаантай асуудал байгаа боловч эрүүгийн залилах гэмт хэргээс огт тусдаа асуудал юм. Нотариатын тухай хуулийн 21.3 дугаар зүйлд нотариатын үйл ажиллагаанд хуурамч бичиг баримтыг гэрчилсэн, бичиг баримтын хуулбарыг эх хувьтай нь тулгахгүйгээр гэрчлэхийг хориглосон байгаа. Гэтэл талууд байхад нотариатын үйлдэл хийсэн гэж зөв үйлдэл хийсэн мэт яриад байгаа нь үндэслэлгүй. Аль ч шатны нотариат дээр ороход иргэний үнэмлэхгүйгээр бэлэглэл, худалдах худалдан авах гэрээ, хэлцэл баталдаггүй. Гэтэл бэлэглэгч талын иргэний үнэмлэхний хуулбарыг хулгайлж аваад өгч байхад гэрчилсэн бөгөөд хууль ёсны гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Мөн хохирогчийн өмгөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбарлаж байгаа н.А, Р.Б нарын хооронд өмчийн маргаан байсан гэж хэргийг булзааруулах байдлаар хандаж байгаа нь үндэслэлгүй. н.Б нь Р.Б-оос тусдаа амьдралтай, тусдаа бие даасан өмч эзэмшдэг, шударга эзэмшигч юм. Мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй боловч Д.Б-тай хуйвалдсан байхыг үгүйсгэх арга байхгүй. Ийм байдлаар бусдын өмчийг өөр дээр шилжүүлж аваад цааш нь ломбардад тавина гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Д.Б нь төөрөлдсөн учир андуураад баталсан гэдэг. Нотариатын тухай хуульд нотариатчийн үйл ажиллагааны  шаардлагыг тодорхой заасан. Өөрөөр хэлбэл нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээдийн хувийн байдлыг тогтоох, үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний бичиг баримтыг үндэслэнэ. Үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах, нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичгийг үндэслэнэ гэж тодорхой заасан. Гэтэл Д.Б илт хууль бус, гэрээ хэлцлийг батлаад, үүнийг ашиглаж, Р.Б нь бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, ашигласан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэв.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэлийн асуудлаа ярьдаг. Хэрэг анхан шатны шүүхээр зөв шийдвэрлэгдвэл иргэний нэхэмжлэгч бид юм аа олж авах боломжтой болно. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлаж, прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Үүний улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Б нь хадам ээж н.Б-н эзэмшлийн ланд круйзер 200 маркийн автомашиныг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.Өөрөөр хэлбэл тухайн автомашины өмчлөгч, эзэмшигч нь н.Б гэдэг хүн тогтоогдсон. Хэрэглэж байсан гэх үндэслэлээр хохирогчид мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжийг агуулж байна. Хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Дарьжав, Б.Оюунбилэг, шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч Н.Ууганцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Р.Б, Д.Б нарт холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Прокуророос шүүгдэгч Р.Б нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурванбилэг их дэлгүүрийн 2 давхарт үйл ажиллагаа явуулах нотариатын газарт бусдыг хуурч, иргэн Г.Б-ийн эзэмшлийн “Land Cruiser 200” загварын 77-87 УНЛ улсын дугаартай автомашиныг хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдэж, ашиглан өөрийн эзэмшилд шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурванбилэг их дэлгүүрийн 2 давхарт үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа “Land Cruiser 200” загварын 77-87 УНЛ улсын дугаартай автомашины өмчлөгч Г.Б-ийн өмчлөх эрхийг зөрчиж өмчлөгчийг байхгүйд, түүний иргэний үнэмлэхний хуулбарыг үндэслэн автомашин бэлэглэх бэлэглэлийн илт хууль бус гэрээ хэлцлийг гэрчлэн баталж бусдын эд хөрөнгийн эрхэд их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтүүд хоорондоо зөрчилтэй, харилцан үгүйсгэлцсэн шинжтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Тухайлбал, анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-г тухайн эд хөрөнгийн өмчлөгч Г.Б гэх хүн мөн эсэхийг нягтлан шалгаагүй нь нотариатчийн үйл ажиллагаандаа хайнга хандсан хэмээн дүгнэсэн атлаа уг үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, нөгөө талаас дээрх байдлаар Г.Б-ийг  өөр хүнээр төлөөлүүлснийг Д.Б мэдээгүй гэж Р.Б-ын үйлдэл хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн атлаа энэхүү асуудал нь гэр бүлийн гишүүдийн хоорондын эд хөрөнгийн өмчлөлийн маргааны шинжтэй иргэний хэрэг хэмээн дүгнэж, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй байна.

 

Шүүгдэгч Р.Б нь эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний биеийн байцаалтын хуулбарыг ашиглаж, өөр хүнээр төлөөлүүлэн эд хөрөнгийн өмчлөх, захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн  эсэх, эсвэл шүүгдэгч Д.Б нь өмчлөгч хүрэлцэн ирээгүй байхад түүний биеийн байцаалтын хуулбарыг үндэслэж, бусдын эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн эсэх хоорондоо зөрчилтэй үйл баримтуудыг хохирогч Г.Б-ийг өөр хүн төлөөлж нотариат дээр очсон эсэхийг эцэслэн тогтоохгүйгээр шийдвэрлэх боломжгүй юм.

 

Шүүгдэгч Р.Б нь хохирогч Г.Б-ийг залилсан эсхүл хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан эсэх, шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Р.Б-од хууртагдсан, эсхүл мэдсээр байж илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсан эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх нь энэ хэргийн нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой болно.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл, шаардлагууд хуульд нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Дарьжав, Б.Оюунбилэг, шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч Н.Ууганцэцэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1333 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Дарьжав, Б.Оюунбилэг, шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч Н.Ууганцэцэг нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН