Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01229

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 21 210/МА2023/01229

 

 

*.*гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00779 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*,

Хариуцагч: *.**,

Гуравдагч этгээд: *.***

Үндсэн нэхэмжлэл: Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлгч Б.Батбэх, түүний өмгөөлөгч Б.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *.* нь 2017 оны 11 дүгээр сард *.**гээс 10,000,000 төгрөгийг өвсөнд явж, худалдан борлуулан буцаан өгөх зорилготойгоор зээлсэн. *.** *.*г залилан мэхэлсэн гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. *.* гомдол гаргах үед 3,000,000 төгрөг өгч, үлдэгдэл төлбөрөө төлөх боломжгүй байхад *.** нь ...чи газраа шилжүүлээд өгчих, үлдэгдэл төлбөрөө төлсний дараа газраа буцааж авч болно. гэж хэлсний дагуу хүү У.Чандманабаатарын өмчлөлийн, * аймаг, ** сум , **** дугаар баг, ******* гудамж, * тоот хаягт байрлах, 1998 м.кв талбайтай газрыг *.**д бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж өгсөн.

1.2 2018 оны 4 дүгээр сард үлдэгдэл төлбөрийг төлж дуусган тохиролцсоны дагуу газраа буцаан авах гэтэл газрыг хүүнд нь авна гэж буцаан өгөөгүй. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, зээлээ төлөх боломжгүй болж тодорхой хугацааны дараа буцаан авах нөхцөлтэйгээр бэлэглэлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг түр хойшлуулах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан учир талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус бөгөөд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор энэ гэрээг байгуулсан.

Иймд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *.* нь *.**гөөс 10,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлж авсан бөгөөд шагналд нь 4,000,000 төгрөг өгнө гэсэн боловч хугацаандаа төлбөрөө төлөөгүй.

2.2 Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа *.* нь *.**гөөс ...мөнгөний боломж муу байна, газар өгье гэж хэлсэн. Улмаар *.**д бэлэглэлийн гэрээгээр У.Чандманабаатарын өмчлөлийн, * аймаг, ** сум , **** дугаар баг, ******* гудамж, * тоот хаягт байрлах, 1998 м.кв талбайтай газрыг өгсөн.

1,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн газрыг үнэгүй авч, бидэнд 4,000,000 төгрөгөөр өгсөн. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр *.** газраа *.***д зарсан.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан *.*гийн нэхэмжлэлтэй *.**д холбогдох бэлэлглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар анхнаасаа зохигчид бэлэглэлийн гэрээ байгуулах хүсэл сонирхолгүй, зээлийн гэрээтэй холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дүр үзүүлэн хийсэн тул бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

5.2 Анхан шатны шүүх *.***г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн өмнөх анхан шатны шүүхийн алдааг залруулсан атлаа давж заалдах шатны шүүхийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн дүгнэлтийг үгүйсгэж, хуулийг буруу тайлбарлаж, эрх хэмжээгээ хэтрүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

6.1 2017 оны 11 дүгээр сард *.* нь *.**гээс 10,000,000 төгрөг зээлсэн. *.* өвсний наймаа бол ашигтай тул зээлсэн 10,000,000 төгрөг дээр нэмж, 4,000,000 төгрөгийг шагналд өгнө гэж хэлсэн. *.* ор сураггүй алга болсон тул нутгийн хүмүүсээс сураглан асуухад хулхидуулсан байх гэж хэлсэн. Ингээд олдохгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

6.2 Хариуцагч талаас Төв аймгийн Цагдаагийн газраас *.*г гэрчээр асуусан тэмдэглэлийг авхуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. *.* 10,000,000 төгрөг, нэмж шагналд 4,000,000 төгрөг өгнө гэж мэдүүлсэн байдаг. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд *.* мөнгөний боломжгүй байна, 4,000,0000 төгрөгийн оронд газар бэлэглье гэж хэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр *.* Төв аймгийн ** сум ын **** дугаар баг, ************ гудамж, * тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1998 м.кв талбай бүхий газрыг *.**д шилжүүлсэн. Зээлийн гэрээний харилцааг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй гэжээ.

7. Гуравдагч этгээд давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *.**д холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *.**гээс 2017 оны 11 дүгээр сард 10,000,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай зээлсэн, 2018 оны 04 дүгээр сард уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид буцаан төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

4. Дээрх зээлийн мөнгөн хөрөнгийн хариу төлбөр 4,000,000 төгрөг, мөн уг төлбөрт тооцон нэхэмжлэгчээс хариуцагчид газрыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.

4.1 Нэхэмжлэгчээс хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгө болох 10,000,000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сард бүрэн буцаан төлөхөөс өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд Газар бэлэглэх гэрээ байгуулагдсан.

Гэрээгээр бэлэглэгч *.* нь улсын бүртгэлийн Г-********** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын **************** дугаартай, * аймаг, ** сум ын, **** дугаар баг, ************ гудамж, * тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1998 м.кв талбай бүхий газрыг хариу төлбөргүй бэлэг хүлээн авагч *.**д бэлэглэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх22/

4.2 Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлдэг. Хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *.*гийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон талуудын тайлбараар *.* нь дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааны зүйл болж буй газрыг *.**д шилжүүлсэн гэж үзэхээр байна.

4.3 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд хийгдсэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн газар бэлэглэх гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь, дээрх бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч *.* нь гэрээний зүйл болох газрыг бэлэг хүлээн авагч *.**д үнэ төлбөргүйгээр бэлэглэх хүсэл зориггүй, үүнийг хариуцагч мэдсэн гэж үзэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар талууд зээлийн гэрээг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан гэж дүгнэн, уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангана.

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлийг буцаах, боломжгүй бол үнийг шаардах аргаар арилгадаг.

5.1 Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар хариуцагч *.**д холбогдуулан бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан.

5.2 Маргааны зүйл болох газрыг хариуцагч *.** нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр *.***тэй байгуулсан 0318 дугаартай, худалдах-худалдан авах гэрээний дагуу гуравдагч этгээд *.***д худалдсанаар өмчлөх эрх *.**гээс *.***д шилжсэн байна. /хх 73-75/

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс газрын өмчлөх эрх хариуцагч *.**гээс *.***д шилжсэн, уг хэлцлийн талаар талууд шаардлага гаргаагүй тул газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд хариуцагч *.**г хариуцвал зохих этгээд биш үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээж, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 140,400 төгрөг төлснийг анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад 70,200 төгрөг гэж, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримталсан нь буруу болсон байх тул тус тус залруулсан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00779 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *.* болон *.** нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газар бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх улсын бүртгэлийн Г-********** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын **************** дугаартай, * аймаг, ** сум ын, **** дугаар баг, ************ гудамж, * тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1998 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ...7.1.1 дэх гэснийг ...7.1.2 дахь гэж, ...70,200 гэснийг ...140,400 гэж, ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

М.БАЯСГАЛАН