| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
| Хэргийн индекс | 120/2017/0005/з |
| Дугаар | 04 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч Б.Золбоогийн нэхэмжлэлтэй “Хурлын төлөөлөгчдийн шаардсаны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулахыг Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цог-Өрнөх, хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бацмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч Б.Золбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32-р зүйлийн 32.6 дахь заалтыг үндэслэл болгон хурлын 14 төлөөлөгч гарын үсэг зурж сумын Засаг даргыг огцруулах үндэслэл бүхий албан шаардлагыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн болно. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 15 хоногт багтаан зарлан хуралдуулж тодорхой шийдвэр гаргах хуультай. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 01-р сарын 25-нд хуралдаж хуралдаан зарлан хуралдуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөрчиж байгаа хууль бус үйлдэл гэж үзэж байна. D:\Захиргаа\Ч.БАЯРМАА\Шийдвэр төсөл\Золбоо.docx Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зарлан хуралдуулахыг даалгах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ. Хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бацмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас Засаг дарга О.Бадарчийг огцруулах тухай 2/11 дугаартай тогтоолыг гаргаж түүнийг аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт уламжилсан юм. Аймгийн засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухай шатны хурал түүний бүрэн эрхийг хугацаанаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэсэн үндэслэлээр хугацаанаас өмнө огцруулах нөхцөлийг заасан байна. Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч нь гэмт хэрэг үйлдсэн, хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэл нь аливаа хэлбэрээр тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр саналыг хүлээн авахаас татгалзсан хариуг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/1979 дугаартай албан бичгээр хүргүүлсэн юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “дээд шатны Засаг дарга, Хурал энэ хуулийн 32.4, 32.6-д заасан саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар боломжгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Засаг даргыг огцруулах тухай иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.6 дахь заалтуудыг үндэслэл болгосонд дээд шатны Засаг дарга татгалзсан байна. Энэхүү Засаг даргыг хугацаанаас өмнө огцруулах тухай саналыг дахин иргэдийн Төлөөлөгчдийн хургалдаанаар хэлэлцэж санал гаргах эрх нь хуулиар хязгаарлагдсан тул хуралдааныг зарлан хуралдуулах боломжгүй гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан нь иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөрчөөгүй юм. Хурлын төлөөлөгчдөөс ирсэн Засаг даргийг дахин огцруулах асуудлыг хэлэлцэх хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд хуулиндаа дээд шатны Засаг дарга буцаасан учраас 1 жилийн дотор хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хуралдааныг хийхгүй гэсэн бичиг хүргүүлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цог-Өрнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг асуудал нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс явж байгаа процесс юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаанаа хийгээд сумынхаа тулгамдсан асуудлыг авч хэлэлцээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн дагуу хуралд санал оруулаад хуралдаанаар авч хэлэлцээч гэсэн. Хуралдааны төлөөлөгчийн олонхи нь хуралдааны дараалалдаа оруулсан. Энэ асуудлыг авч хэлэлцээд Засаг даргыг огцруулах асуудлыг төлөөлөгч нар гаргасан. Төлөөлөгч нарын олонхын саналаар миний бие Засаг даргаар сонгогдсон. Энэ асуудлаар тогтоол гарсан. Үүнийг хуульд заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уламжлаад аймгийн Засаг дарга батламжлах хуультай. Батламжлах боломжгүй гэж хариу өгсөн нь хуульд нийцээгүй. Авч хэлэлцээгүй хуулийг заалтыг оруулсан байдаг. Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгж удирдлагын тухай хуулийн 32.8-д заасны дагуу хууль бус гэсэн байдаг. Гэтэл төлөөлөгчдийн өргөн барьсан саналын гол үндэслэл болж байгаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32.6 дахь заалт хэрэгжээгүй байгаа. Тэгэхээр татгалзсан үндэслэл өөрөө хүчин төгөлдөр бус учраас дахин уг асуудлыг оруулахаар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж Хурал үүнийг 15 хоногийн дотор авч хэлэлцэнэ гэсэн заалттай. Үүнийг биелүүлэхгүй байгаа учраас бид нэхэмжлэл гаргасан. Хурал хуралдаад өмнөх Засаг даргыг огцруулсан шийдвэрийг хууль бус гэж үзвэл өөрийн хурлын тогтоолоо хүчингүй болгох ёстой байдаг. Одоогоор тухайн тогтоол хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа. Нэг талаасаа төлөөлөгчийн бүрэн эрх хэрэгжихгүй байгаа, аль аль шатандаа хууль хэрэгжүүлэх явцдаа хууль бус үйлдэл гаргаж байгааг тогтоолгох, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын хуралдаан зарлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байгаа тул нэхэмжлэл гаргасан гэв. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, Хурлын Төлөөлөгчдийн өргөн мэдүүлсний дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлон зарлахыг Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах.” гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “... нийт төлөөлөгчийн гуравны нэгээс доошгүй нь буюу 14 төлөөлөгч Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэх тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг зөрчиж ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулахгүй иргэдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөрчиж байна ...” гэжээ. Нэр бүхий 14 төлөөлөгчөөс “Хурал хуралдуулах тухай” шаардлагыг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаар албан бичгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байх ба уг шаардлагад гарын үсэг зурсан төлөөлөгчдийн тухайд “эрхтэй” эсэх талаар талууд маргаагүй. Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан зарлан хуралдуулах шаардлагагүй гэж хэлэлцсэн нь (энэ талаар бичгээр шийдвэр гаргаагүйг дурдах нь зүйтэй) дараах байдлаар үндэслэлгүй болно. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаар сумын Засаг даргад итгэл үзүүлэх талаар хэлэлцэн , Хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/11 дугаар тогтоолоор сумын Засаг дарга О.Бадарчийг огцруулахаар шийдвэрлэн , аймгийн Засаг даргад уламжилсан байх ба аймгийн Засаг даргаас “...ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй, ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу нэг жилийн дотор Засаг даргыг огцруулах санал дахин тавихгүй...” гэж шийдвэрлэсэн тул Засаг даргыг огцруулахаар шаардсан Хурлын Төлөөлөгчдийн шаардлагын дагуу Хурлын хуралдаан зарлах шаардлагагүй гэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан тус хурлын тэмдэглэлээр тогтоогддог. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэж зааснаас үзвэл Хурлын төлөөлөгчдийн өргөн барьсан Засаг даргыг огцруулах асуудлыг дахин тавих эрхтэй эсэхэд дүгнэлт хийх, шийдвэрлэх эсэх нь Хурлын Тэргүүлэгчдийн эрх биш, зөвхөн сумын Хурлын бүрэн эрхэд хамаарна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;”, 22.1.8-д “тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах, Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг Хуралд оруулах;” бүрэн эрхийг Хурлын дарга хэрэгжүүлэхээр тус тус заасан. Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бацмаа нь сумын Засаг даргыг огцруулахаар өргөн мэдүүлсэн Хурлын төлөөлөгчдийн саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “...Ардчилсан намын ирүүлсэн албан бичгийг хэлэлцэх тухай...” гэж, мөн хурлаар саналыг хүлээж авах эсэх талаар хэлэлцүүлсэн нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байх бөгөөд сумын Хурлын Тэргүүлэгчид өөрийн эрхэд хамааралгүй асуудлыг хэлэлцэн, дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...Хурлын хуралдааныг товлон зарлах...” гэсэн Хурлын Тэргүүлэгчдийн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна. Учир нь, хуулийн дээрх зохицуулалтуудаар Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэх эсэх эрхийг зөвхөн Хурал хуралдаанаараа шийдвэрлэх бөгөөд Хурлын дарга хуралдаан товлон зарлах асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж, Тэргүүлэгчид Төлөөлөгчдийн өргөн барьсан саналыг хэлэлцэх Хурлын хуралдааны тов тогтоох үүрэгтэй байна. Дээрх байдлаар Цогтцэций сумын иргэдийн Хурлын Тэргүүлэгчид Хурлын хуралдаан товлон зарлахгүй байгаа нь хууль бус байх бөгөөд нэхэмжлэгчийн хуульд заасан “Засаг даргыг огцруулах санал гаргах, Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх” эрхийг зөрчсөн байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг тус тус баримтлан Б.Золбоогийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан товлон зарлахгүй байгаа тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаар албан бичгээр Хурлын Төлөөлөгчдийн өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлон зарлахыг Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРМАА