| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 106/2019/0488/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 108
Ө.Ц т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Өлзий, Л.Лхагвадорж, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтуяа, Н.Баяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауиржан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 708 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1261 дугаар магадлалтай, Ө.Ц т холбогдох 2016 2400 0691 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдол, прокурор Ч.Батбаатар, Ц.Оюун-Эрдэнэ нарын бичсэн эсэргүүцлийг тус тус үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Петровис” ХХК-д жолооч ажиллаж байсан, Ө.Ц
Ө.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Ц ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 7 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.1 дэх заалтад заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 66 хоногийн хорих ялыг тогтоож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 6 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 жил 2 сар 6 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар Ө.Ц аас 47.781.610 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Өлзий, Л.Лхагвадорж, Ж.Энхтуул нарт, 8.932.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Лхагвадоржид тус тус олгож,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Өлзий, Л.Лхагвадорж, Ж.Энхтуул нараас нэхэмжилсэн алдагдсан боломжийн зардал болон өмгөөлөгчийн хөлс 26.000.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Ц т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл: Анхан шатны шүүх гэмт хэргийн сэдэлт, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэрэг болсон бодит байдал, хэргээс учирсан хор уршиг үр дагавар зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж Ө.Ц ыг гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. ...хэргийн бодит байдлыг харсан гэрч Солонгын мэдүүлэг онц ач холбогдолтой байхад давж заалдах шатны шүүх Солонгын мэдүүлэг зөрүүтэй гэдгээр нэг талыг барьж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нэг үндэслэл болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Энэ хэрэгт ослын талаар шинжээчид 6 удаа дүгнэлт гарсан ба сүүлийн 2 дүгнэлтийг мэргэжлийн шинжээчдийн баг гаргасан юм. ... Мөрдөн байцаалтын шатанд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон бүдүүвч зургаар Ө.Ц жолоодож явсан тээврийн хэрэгслийн шахсан гэх цэгээс Приус маркийн машин 87,40 м яваад осолд орсон болох нь тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх Ө.Ц ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл-ийн шахсан гэх цэгээс Приус маркийн машин 110 м яваад онхолдсон гэдэгт дүгнэлт хийгээгүй байна гэх огт ойлгомжгүй ямар дүгнэлт хийх ёстой нь тодорхойгүй байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа Баянгол дүүргийн анхан шатны шүүх зөвхөн гэрч Солонгын мэдүүлгийг үнэлж ...гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан, хууль ноцтой зөчсөн дүгнэлт болсон гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан бүх гэрч, шинжээчийн дүгнэлт бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж дүгнэхдээ /шийтгэх тогтоол 18-р хуудас/ Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ө.Ц нь ...Замын хөдөлгөөний дүрмийн 7.8, 7.9 заалтуудыг зөрчиж...Э.Батцэцэг нар нь хавсарсан гэмтлийн улмаас нас барсан...зорчигч Цэнд-Аюуш нь бүх биеийн гадаргыг хамарсан 3-4 зэргийн түлэгдэлт, угаарийн хийн хордлогын улмаас нас барсан. Уг гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхин зугтаасан үйл баримт нотлогдон тогтоогдлоо” гэж заан Ө.Ц т ял шийтгэл оногдуулсан нь бодит байдалд нийцсэн хууль ёсны шийдвэр гэж үзэж байна. ... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бат-Өлзий нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд алдагдсан боломжийн зардал болон өмгөөлөгчийн хөлсийг Ө.Ц аас гаргуулахаар гомдол гаргасан юм. Гэвч энэ ээдрээ төвөгтэй хэргийн үнэн зөвийг олуулж, хохирогчийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахын тулд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулж түүнд төлсөн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хор уршиг, нөгөө талаас Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны зардал юм. Иймд гэм буруутай этгээдээс гаргуулахаар шүүх шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд гомдолд дурдсан дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ДШМ/1261 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан щатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/708 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9-р заалтанд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Баяр хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх бодитой шийдвэр гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль зөрчсөн. Хэрэгт олон удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан ба анхны дүгнэлт гаргасан шинжээч нар нь мэргэжлийн бус, зөвхөн асуултад хариулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар дүгнэлтэд шинжилгээний аргачлал, явц, үр дүн, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариултыг тусгах ёстой. Гэтэл анхны дүгнэлт гаргасан шинжээч нар нь хуульд заасан шаардлагад нийцсэн хариулт өгч чадаагүй. Шинжээч нь бодит үр дүнд тулгуурлаж дүгнэлт гаргах ёстой. Харин сүүлийн дүгнэлтийг гаргасан Дотоод Хэргийн Их сургуулийн шинжээчийн баг нь мэргэжлээрээ 35-39 жил ажилласан, хуульч мэргэжилтэй, техникийн ухааны доктор, замын хөдөлгөөний талаар мэргэшсэн, инженер хүмүүсээс бүрдэж үндэслэл бүхий дүгнэлт гаргасан бөгөөд урьд гарсан дүгнэлтүүд ямар аргаар хийгдсэн эсэх, үндэслэл нь тодорхой бичигдээгүй болохыг мэдүүлсэн. Гэрч С.Солонго “тоёота ландкруйзер 100” маркийн тээврийн хэрэгсэл “тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийн урдуур орж, осол гарсан болохыг тууштай мэдүүлсээр ирсэн. Тухайн нөхцөл байдлыг С.Солонгоос өөр хүн хараагүй, харах боломжгүй. Бусад гэрч нарын хувьд мөргөлдөх үеийн нөхцөл байдлыг гэрчилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд прокурор Ч.Батбаатар болон Ц.Оюун-Эрдэнэ нар хамтрсан бичсэн эсэргүүцэлдээ “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана”, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвзр гаргаж шинжилгээ хийлгэнэ”, 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэх зэргээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг үнэлэх талаар нэр дурдсан субьектүүдийн эрх хэмжээг заасан байдаг. Тухайн хэргийг Тээврийн прокурорын газрын хяналтанд ирсэнээс хойш хэргийн бодит байдлыг сайтар нягтлан тогтоохын тулд гэрчүүдээс мэдүүлэг авах, зарим гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгах, хэрэг гарсан зам орчны байдлыг тодорхой болгох, гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхэд ойлгомжтой болгох үүднээс хэргийн газарт нөхөн үзлэгийг хийж өмнөх бүдүүвч зургуудыг нэгтгэж гаргасан, осол гарсан үеийн үзэгдэх орчныг тодорхойлохоор туршилтын ажиллагаа хийх зэргээр мөрдөн шалгах шаардлагатай ажиллагаануудыг хийсний эцэст дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба ингэхдээ хэргийн оролцогч нарын эрхийг хангаж ажилласан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой байдаг. Урьд гарсан дүгнэлтүүд нь хууль зөрчиж гарсан бол алдаа, зөрчлийг арилгах болон нэмэлт ажиллагаа хийсний дараа тогтоогдсон нөхцөл байдлыг тухайн дүгнэлтэнд хамруулах гэсэн ойлголт байхгүй бөгөөд харин прокурорын зүгээс уг дүгнэлтийг үнэлэхгүй байх, шаардлагатай бол өөр шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн тусгай мэдлэг мэргэжил бүхий Дотоод хэргийн Их сургууль эрдэмтэн багш нар, Тээврийн цагдаагийн албаны мэргэшсэн алба хаагч нарыг томилж техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Энэхүү дүгнэлт нь хэргийн бодит байдалтай бүрэн нийцсэн. Тоёота Ландкруйзер-100 маркийн 85-58 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Ц нь баруун гар тийш эргэх гэж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.9-д заасан “...жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун талын захад байр эзэлсэн байвал зохино” гэсэн заалтыг биелүүлэн 1 дүгээр эгнээнд байр эзэлсэн бол энэ осол гарахгүй байх боломжтой. Хэрвээ 2 дугаар эгнээнээсээ 1 дүгээр эгнээнд байр эзлэх гэж байсан бол Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг баримтлан Х.Пүрэвсайхан жолоочтой Тоёота Приус маркийн 72-40 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгсөн бол уг осол гарахгүй байсан нөхцөл байдал тогтоогдсон. Мөн “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл гэж Монгол Улсын замын хедөлгөөний дүрэмд заасан. Иймд жолооч Ө.Ц нь Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг шахаагүй байж болох ч уг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигээ өөрчлөхөд нөлөөлсөн. Тоёота Приус маркийн 72-40 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Пүрэвсайхан нь Архангай аймгаас Хүй долоон худаг хүртэл тээврийн хэрэгслийг хэвийн жолоодож явсан боловч тухайн замд “гэнэт” зорчих хэсгээс гарах болсон нь Тоёота Ландкруйзер-100 маркийн 85-58 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Ц нь зам тавьж өгөөгүйгээс үүдэлтэй гэж үзэж байна. Уг хэрэгт гэрч нараас хоёроос таван удаа мэдүүлэг авсан ба хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд С.Баатарсүрэн, С.Солонго нарыг оролцуулан мэдүүлгийг нь сонсож, тодруулах асуултуудыг тавьж хариулт авсан. Мөн гэрч С.Солонго, С.Баатарсүрэн, Д.Энхболд нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан.
Хавтаст хэрэгт болон анхан шатны шүүх хуралдааны үед гэрч С.Солонго нь хэргийн талаар мэдүүлэхдээ “...баруунаас зүүн тийш зорчиж явсан Тоёота Приус автомашин зүүнээс баруун тийш зорчиж явсан Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх агшинаас өмнөх үйл явц буюу баруунаас зүүн тийш чиглэлд зорчиж явсан Тоёота Приус автомашин нь Тоёота Ланд Круйзер-100 маркийн тээврийн хэрэгслүүдийн байрлан явж байсан байдал, Тоёота Ланд Круйзер-100 маркийн тээврийн хэрэгсэл нь 2 дугаар эгнээнд зорчиж явж байгаад хэрхэн 1 дүгээр эгнээ рүү шилжсэн, түүний дараа хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн талаар өөрийн харсан зүйлээ удаа дараа тогтвортой мэдүүлдэг. Гэрч С.Баатарсүрэн, Д.Энхболд нар нь зүүнээс баруун тийш тээврийн хэрэгслээр зорчиж яваад замын өгсүүр хэсгийг давж гарч ирэх үед 1 дүгээр эгнээгээр Тоёота Ланд Круйзер-100 буюу Ө.Ц ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл 1 дүгээр эгнээгээр, түүний баруун талаар шороон хэсгээр Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл гарч ирсэн” гэж хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлын талаар анх харсан зүйлээсээ эхлэн удаа дараа тогтвортой мэдүүлсэн байдаг. Зам тээврийн осол нь тээврийн хэрэгслүүд тодорхой хурдтайгаар хөдөлгөөнд оролцож явах үед үйлдэгддэг үйл явц байдгаараа бусад төрлийн гэмт хэргээс ялгагддаг онцлогтой. Энэ ч үүднээсээ хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тодорхойлохын тулд гэрчүүдийн мэдүүлгийг хэргийн газар дээр нь шалгах, мөн тээврийн хэрэгслүүдийн жолооч нар нь бие биенээ олж харах боломжит зайг тогтоох туршилтын ажиллагаа болон бусад гэрчүүдээс мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах бүхий л ажиллагааг хийхэд: гэрч С.Солонгын зам руу хараад зогсож байсан газар нь үзэгдэх орчны хувьд тухайн хоёр тээврийн хэрэгслийн зорчиж явсан байдлыг гэрч С.Баатарсүрэн, Д.Энхболд нараас түрүүлж харсан. Харин гэрч С.Баатарсүрэн, Д.Энхболд нар нь тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа эсрэг урсгалаас гарч ирсэн тээврийн хэрэгслүүд нь ямар байдалтай гарч ирснийг анх харснаа мэдүүлсэн болох нь хангалттай тогтоогдсон байхад шүүх эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн гэрч С.Баатарсүрэн, Д.Энхболд нарыг С.Солонготой адил зүйл мэдүүлээгүй байна, эсхүл гэрч С.Солонгыг эдгээр 2 гэрчтэй адил зүйл яриагүй, гэрчийн мэдүүлэг зөрүүтэй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Мөн магадлалд, “Дотоод Хэргийн Их сургуулийн шинжээч нарын дээрх дүгнэлт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тээврийн хэрэгслийн жолооч нар эгнээ байр эзлэхээс үүдэлтэй зам тээврийн осол болсон гэх хувилбарт дүгнэлт хийсэн атлаа удаа дараагийн хэрэг учралын газрын хэмжилтийн бүдүүвч зурагт авагдсан Ө.Ц ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн шахсан гэх цэгээс Приус маркийн машин 110 гаран метр явсны дараа осол болсон гэх асуудалд дүгнэлт хийгээгүй байна” гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Тоёота Приус маркийн автомашины жолооч Х.Пүрэвсайхан нь зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан Ө.Ц жолоочтой тээврийн хэрэгсэлд "шахуулан” “аюултай” нөхцөл байдалд орж шороон хөвөөн дээр 20.60 метр чиглэлээ өөрчлөн явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтын дагуу тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс 100 гаруй метр эсрэг урсгал сөрөн явж эсрэг урсгалд явж байсан Д.Энхболд жолоочтой Тоёота Ландкруйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчих хэсгийн хажууд онхолдсон болох нь тогтоогдсон ба Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Пүрэвсайхан нь дээрх дүрмийн заалтыг зөрчсөн гэж Дотоод Хэргийн Их сургуулийн шинжээч нар дүгнэлтдээ тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл, Тоёота Ландкруйзер-100 маркийн 85-58 УНС дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ө.Ц зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд, Тоёота Приус маркийн 72-40 УНҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Х.Пүрэвсайхан зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд тус тус явж байсан болох нь гэрч Э.Эрдэнэбулган, С.Солонго, Ө.Эрдэнэцэцэг, Ө.Ц нарын мэдүүлгүүдээр, Ланд Круйзер-100 маркийн Тоёота Приус маркийн 85-58 УНС дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ө.Ц нь замын зорчих хэсгээс гарч замын хажууд хоноглох зорилготой явж байсан болох нь, мөн тухайн зам нь С.Солонгын ажиллаж байсан хоёрдогч түүхий эд авдаг байшингийн харалдаа замаас салдаг гарцтай болох нь хэргийн газрын үзлэгээр /тухайн осол гарсан замд өөр зам салдаг гарцтай газар огт байхгүй/, Х.Пүрэвсайхан жолоочтой Тоёота Приус маркийн 72-40 УНҮ дугаартай тээврийн хэрэгсэл Д.Энхболд жолоочтой Тоёота Ландкруйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчих хэсгийн хажууд онхолдох агшинд 2 дугаар эгнээнд явж байсан Ө.Ц жолоочтой Тоёота Ландкруйзер маркийн 85-58 УНС дугаартай тээврийн хэрэгсэл замын хажууд байрлах хоёрдогч түүхий эд авдаг байшингийн гадна зогссон болох нь гэрч Ө.Эрдэнэцэцэг, С.Солонго, Э.Эрдэнэбулган, Ө.Ц нарын мэдүүлгүүдээр, Тоёота Ландкруйзер-100 маркийн 85-58 УНС дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ө.Ц нь Х.Пүрэвсайханы жолоодон явсан Тоёота Приус маркийн 72-40 УНҮ дугаартай тээврийн хэрэгслийн явах чигийг өөрчлөхөд шууд нөлөөлсөн болохыг гэрч С.Солонго, Э.Эрдэнэбулган нарын мэдүүлэг, замын зорчих хэсгийн шороон хөвөөн дээр үлдсэн дугуйн ул мөр, Тоёота Ландкуйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Баатарсүрэн, зорчигч Д.Энхболд, Т.Одончимэг, Э.Анхчимэг, Ө.Эрдэнэбулган нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Ө.Ц ын гэм буруутай үйлдлийг “ганцхан” гэрч С.Солонгын мэдүүлэгт үндэслэж дүгнэлт өгсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ДШМ/1261 дугаартай магадлалыг хүчингүй болгуулж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/708 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон гэрч С.Солонгийн 6 удаагийн мэдүүлэг нь бүгд өөр хоорондоо зөрүүтэй. Зам тээврийн ослын хэрэгт тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт зайлшгүй шаардлагатай бөгөөд эргэлзээгүй дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс таамаглалд үндэслэж гарсан шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон. Гэрч С.Солонгийн заасан цэгээс үзэхэд “тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийн дугуйн мөр засмал замаас 2.2 метрийн хол зайд байсан нь хэргийн газрын үзлэгт тэмдэглэгдсэн байдаг ба тухайн автомашин С.Солонгийн харсан цэгт шороон хөвөөн дээр явж байсан нь тогтоогдоно. Харин “тоёота ландкруйзер 100” маркийн тээврийн хэрэгслийг замын хоёрдугаар эгнээнд явж байсан гэж мэдүүлсэн ба уг мэдүүлгээс нэгдүгээр эгнээ чөлөөтэй байсан нөхцөл байдал харагдах буюу шахсан гэх мэдүүлэг нь үгүйсгэгддэг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа болгон өөрчилж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах үндэслэлийг хуульчилсан. Гэтэл хохирогчийн өмгөөлөгч нар болон прокурорын зүгээс хуульд заасан үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргаагүй болохыг анхаарах нь зүйтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж тус тус заасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Дотоод Хэргийн Их сургуулийн шинжээчийн багийн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу тусгай мэдлэгийн хүрээнд бус гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж гарсан. Мөн гэрч С.Солонго 6 өөр байдлаар мэдүүлэг өгсөн ба мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол нотлох баримтаар үнэлэх боломжгүй. С.Солонгийн өгсөн мэдүүлэг нь хэргийн газрын үзлэг, шинжээч нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг. Хэрэгт авагдсан олон тооны шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэргээс үзэхэд Ө.Ц ыг шууд буруутгах үйл баримт тогтоогддоггүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хэрэгт Тээврийн прокурорын газрын хяналтад ирснээс хойш хэргийн бодит байдлыг сайтар нягтлан тогтоохын тулд гэрчүүдээс мэдүүлэг авах, зарим гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгах, хэрэг гарсан зам орчны байдлыг тодорхой болгох, гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхэд ойлгомжтой болгох үүднээс хэргийн газарт нөхөн үзлэгийг хийж өмнөх бүдүүвч зургуудыг нэгтгэж гаргасан, осол гарсан үеийн үзэгдэх орчныг тодорхойлохоор туршилтын ажиллагаа хийх зэргээр мөрдөн шалгах шаардлагатай ажиллагаануудыг хийсний эцэст дахин шинжилгээ хийлгэхээр Дотоод хэргийн Их сургууль эрдэмтэн багш нар, Тээврийн цагдаагийн албаны мэргэшсэн алба хаагч нарыг томилж, техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба хэргийн оролцогч нарын эрхийг хангаж ажилласан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой байдаг. “Тоёота ландкруйзер 100” маркийн 85-58 УНС дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ө.Ц нь Х.Пүрэвсайханы жолоодон явсан “тоёота приус” маркийн 72-40 УНҮ дугаартай тээврийн хэрэгслийн явах чигийг өөрчлөхөд шууд нөлөөлсөн болохыг гэрч С.Солонго, Э.Эрдэнэбулган нарын мэдүүлэг, замын зорчих хэсгийн шороон хөвөөн дээр үлдсэн дугуйн ул мөр, “тоёота ландкуйзер 200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Баатарсүрэн, зорчигч Д.Энхболд, Т.Одончимэг, Э.Анхчимэг, Э.Эрдэнэбулган нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуяагийн гомдол болон прокурор Ц.Оюун-Эрдэнэ, Ч.Батбаатар нарын хамтран бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ө.Ц т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Ө.Ц ыг 2016 оны 08 дугаар сарын 05-ны орой 20 цаг 10 минутын үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг, Хүй долоон худгийн замд Тоёота Ландкруйзер-100 маркийн 85-58 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.8-д заасан "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ", 7.9-д заасан "Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино" гэснийг тус тус зөрчсөнөөс зэрэгцээ эгнээнд явсан Х.Пүрэвсайхан жолоочтой Тоёота Приус-20 маркийн 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс Тоёота Приус-20 маркийн 72-40 УБҮ дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж Тоёота Ландкруйзер-200 маркийн 01-16 УНА дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас жолооч Х.Пүрэвсайхан, зорчигч Г.Лхагвасүрэн, Д.Энхтуяа, Л.Цэнд-Аюуш, Л.Шинэбаяр, Л.Шинэсарнай, Э.Батцэцэг нарын 7 хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, мөн уг гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан, шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж, түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах чухал суурь болдог учиртай билээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад осол болсон шалтгаан, нөхцлийг тогтоох зорилгоор нийт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5119, 5120, 5918 дугаартай дүгнэлтүүд нь шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж, харин Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн 202005 дугаартай дүгнэлт нь шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас осол гарсан гэж тус тус дүгнэсэн байна.
Эдгээрээс Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй, шинжлэх ухаанч бус таамаглалд тулгуурласан, эргэлзээ бүхий болсон талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд гэрч С.Солонгоогийн мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, мөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, бусад гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, шинжээчийн дүгнэлтүүд хоорондын ялгаа тодорхойгүй зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж гэрч С.Солонгоогийн мэдүүлгийг үнэлэхдээ бусад гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэх дүгнэлт хийгээгүй байна.
Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлээгүй, шүүх дээрх асуудлуудыг заавал шалган тодруулснаар хэргийг эцэслэн шийдвэрлэх, шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан магадлалыг хуульд нийцсэн гэж үзэв.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдол, прокурор Ц.Оюун-Эрдэнэ, Ч.Батбаатар нарын хамтран бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 708 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1261 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдол, прокурор Ц.Оюун-Эрдэнэ, Ч.Батбаатар нарын хамтран бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ө.Ц т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН