Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01834

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02822 дугаар шийдвэртэй

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

*******т холбогдох

Зээлийн гэрээний 42,982,500 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч *******, ******* нар нь *******д 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлж, зээлийн барьцаанд *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, ******* хаягт байрлах, 40 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч ******* нь зээлээ төлөөгүй байхдаа 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан.

1.2. Үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулахаар шүүхэд нэхэмжлэлээ 2014 оноос хойш гаргаж байсан боловч энэ орон сууцны өмчлөгч тогтоогдоогүйн улмаас нэхэмжлэл хангагдахгүй байсан. Уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 08 дугаар сард хариуцагч ******* авсан тул нэхэмжлэгч нар нь барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,982,500 төгрөгийг өмчлөгч *******ээс нэхэмжилж байна. Учир нь, барьцааны эрх нь барьцаанд тавигдсан эд хөрөнгийн эрхээ даган шилждэг өмчийн эрх зүйн өвөрмөц онцлогтой эрх юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээ хүчинтэй. Барьцаагаар хангагдах эрх буюу өмчөө дагасан үүргийн харилцаа хэвээр байх тул бид барьцаагаар хангагдах эрхээ хууль ёсных гэж үзэж байна.

1.3. *******тай байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан. Зээл 15,000,000 төгрөгөөс 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж 5,000,000 төгрөг үлдсэн. 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 32 сарын хүү 5,600,000 төгрөг, үүнээс төлсөн 525,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 5,075,000 төгрөг, мөн алданги 5,037,500 төгрөг, нийт 15,112,500 төгрөг байна.

2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээг 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл сунгасан. Нийт 29 сарын хүү 10,150,000 төгрөг, үүнээс төлсөн 1,570,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 8,580,000 төгрөг. Үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 8,580,000 төгрөг, алданги 9,290,000 төгрөг, нийт 27,870,000 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг нийт 42,982,500 төгрөг болж байгаа.

Иймд уг дүнг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний эцэг ******* нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан, ******* нь эцгийн өв хөрөнгө болох орон сууцыг *******, *******, *******, ******* нарыг оролцуулахгүйгээр хууль бусаар эзэмшиж өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, улмаар *******, ******* нарт барьцаанд тавиад нас барсан.

2.2. Гэвч нэхэмжлэгч нар нь өдийг хүртэл *******гийн үр хүүхдүүдээс *******гийн өвийг ч авахгүй, өрийг ч авахгүй татгалзсан.

Иймд *******, ******* нарын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. *******, ******* нар нь *******тай харилцан тохиролцож өмчлөх, өв залгамжлах эрхгүй болохыг мэдсээр байж маргаан бүхий орон сууцыг 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 19-ны өдөр 10,000,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг зээлж, барьцааны болон зээлийн гэрээг бүртгүүлсэн байдаг. Гэрээг сунгах хэлбэрээр Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 5 удаагийн үйлдлээр хуурамч нотлох баримт бүрдүүлж барьцааны гэрээний бүртгэлийг хийлгэсэн.

3.2. Нэхэмжлэгч нар нь *******гийн хууль ёсны өв залгамжлагч нар байгааг мэдсээр байж хууль ёсны өв залгамжлагч *******, *******, *******, ******* нарын эзгүйд барьцаалбарыг бүртгүүлсэн байх тул дээрх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч нарын татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, ******* хаягт байрлах орон сууцны өмчлөгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн газраас албан ёсоор олгосон нэг хүний өмчлөлтэй гэрчилгээг үндэслэн барьцаат зээл олгохыг хүсэж хандсанаар *******, ******* нар банк, банк бус байгууллагуудын зээл олгодог жишгээр иргэд хоорондын гэрээг *******тай байгуулж, хуулийн дагуу нотариатаар батлуулан, үл хөдлөх эд хөрөнгийн газарт барьцааг бүртгүүлэн, *******д гэрээний дагуу мөнгийг олгож байсан нь түүний гарын үсгээр нотлогдсон.

4.2. Мөн *******, ******* нар *******тай удаа дараа иргэний эрх зүйн зээлийн харилцаанд орж байсан. Энэхүү харилцаа нь ажил хэргийн хүрээнд тодорхой хэрэгжиж байсан учир энэ утгаар байгуулагдсан гэрээ бүгдийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байсан. Тус гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 169 дүгээр зүйлийн 169.1-т заасан үндэслэлгүй тул *******, ******* нарын *******т холбогдуулан гаргасан *******тай байгуулсан зээлийн гэрээний төлбөр 42,982,500 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны ******* дахь 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасныг баримтлан *******, ******* болон ******* нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,063 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч *******т олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч нар *******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд ******* зээлийн хүүг төлж байгаад зээлээ бүрэн төлж чадалгүй 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан.

Анхан шатны шүүх ...талийгаач *******гийн үйлдэл нь хуульд нийцэхгүй байхад *******, ******* нартай байгуулсан барьцааны гэрээг хуульд нийцсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. Үүнд хариуцагч ******* нь *******, ******* нартай ямар хуулийг зөрчиж хэлцэл хийсэн болохыг нотолгооны хэрэгслээр нотлоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна.

6.2. Анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг талийгаач Ц.Сумъяагийн өмчлөлөөс шилжүүлэн авахдаа хууль зөрчсөн болох нь тогтоогдсон гэж үзсэн. ******* нь *******г нас барснаас хойш нотариатч *******д хүсэлт гаргаж Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.1 дэх хэсэгт заасны дагуу 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдөр *******гийн өвийг нээлгэсэн. Иймд ******* хуульд нийцэхгүй үйлдэл хийгээгүй болох нь нотлогдсон байна.

6.3. Зээлдүүлэгч болон *******тай байгуулсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр тул шүүхээс барьцааны гэрээг хүчингүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхээс *******гийн хууль бус өмчлөлөөс өвлөгдөх хөрөнгөө *******, *******, *******, ******* нар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамааралгүй байна гэжээ. Энэ хэсгийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.4. *******гийн орон сууцанд 2014 оны 01 дүгээр сараас нийт 9 жил гаруй хугацаанд ******* амьдарч байгаа бөгөөд одоо ч энэ байранд амьдарсаар байна. ******* нь *******гийн орон сууц, эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзсанаа нотариатч, хороондоо мэдэгдээгүй бол өвийг хүлээн авснаар хуульчилсан байна. Хариуцагч Ц.Нямхишиг нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт зааснаар уг байрыг эзэмдэж, ашиглаж энэ байрны ашиглалтын зардал болох орон сууцны халаалт, гэрэл цахилгаан, халуун хүйтэн усны зардлыг 9 жилийн турш төлсөн боловч *******гийн байрны өвийг аваагүй, *******гийн байрыг хүлээн авсан гэвэл байрны өвөөс ирэх үүргээс зугтаж, энэ өвийг хүлээн авсан нь баримтаар нотлогдож байгаа тул өвийг авсан нь тодорхой байна.

6.5. Түүнчлэн *******гийн нэг хүний өмчлөлтэй байрыг зээлийн барьцаанд авч, барьцааны зээлийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт нийт 5 удаа барьцаагаа бүртгүүлэн, албан ёсны гэрээг хийсэн. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нар нь *******тай 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр барьцааны гэрээ байгуулахдаа, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ******* өмчлөх эрхгүй болохыг мэдээгүй байсан гэх нөхцөл байдлыг үндэслэн тэдний хооронд хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй ба Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт барьцааны хөрөнгө нь бусдын өмчлөлийн зүйл байж болно гэж заасан боловч хуульд заасан журмын дагуу *******, *******, *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс *******, ******* нарын *******тай байгуулсан зээлийн гэрээний төлбөрт 42,982,500 төгрөгийн үүргийг гаргуулах боломжгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.6. *******, ******* нарын зээлийн барьцаанд байгаа байрыг өв хүлээн авсан *******, *******, *******, ******* нараас үүргийн гүйцэтгэл 42,982,500 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.6 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нэг этгээд *******т холбогдуулан зээлийн барьцаанд тавигдсан үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

6.7. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсвэл буруу гэж эсэргүүцэхээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог. Барьцаанд тавьсан орон сууцаар өөрийн шаардлагыг хангуулах эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд улсын бүртгэлд, өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг л өмчлөгч гэж үзэх бөгөөд уг бүртгэлд бүртгэгдээгүй аливаа бусад этгээдийн талаар мэдэх боломжгүй бөгөөд энэ байдлыг шалгах боломжгүй юм. Эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.

******* нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 264 дүгээр захирамж хүчин төгөлдөр байгаа юм гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр *******, *******, *******, С.Мөнхтуяа нар бүртгэгдсэн бөгөөд эдгээр хүмүүс шүүх хуралдаанд оролцоогүй. Анхан шатны шүүхээс *******, *******, С.Мөнхтуяа нарыг гуравдагч этгээдээр татаж, оршин суугаа хаягийг тодруулах шүүгчийн захирамж гарсан. Тухайн захирамжийг нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар хангуулах шаардлагагүй гэж хүсэлт гаргасныг үндэслэж хариуцагчаар *******ийг тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

7.2. Нэхэмжлэгч нарын хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт заасан үндэслэлийг дурдаж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй, тухайн өвийг ******* өвлөн авч дараа дараагийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийгдсэн гэдэг тайлбарыг гаргаж байна.

Хуульд өв нээгдсэнээс хойш 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгогдохоор заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар 6 сарын дараа ******* гэрчилгээг авсан байдаг. ******* 4 хүүхэдтэй, эхний өвлөгч нар нь түүний эхнэр болон хүүхдүүд байна гэж хуульд тусгагдсан. Энэ нөхцөл байдал хангагдахгүйгээр хууль бус үйлдэл хийгдсэн. Тухайн өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой нэхэмжлэлийг *******, *******, *******, С.Мөнхтуяа нар шүүхэд гаргасан. Шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрээр өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр *******гийн өмчөөр бүртгэсэн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүх болон захиргааны хэргийн анхан шатны шүүх өв залгамжлалтай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.

7.3. Иргэний хуулийн 154 дүгээр зүйл болон 169 дүгээр зүйлийг гомдолдоо тусгасан бөгөөд барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэдэг. Анхан шатны шүүх барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөл нь хуульд заасан журмыг зөрчсөн гэж тайлбарладаг. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцаа нь хүчинтэй байна гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар журам зөрчсөн байдал тогтоогддоггүй, харин хууль зөрчсөн байдал тогтоогдож байгаа учир барьцааны гэрээ нь анх байгуулагдсан үеэс хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан *******гийн зээлийн гэрээний 42,982,500 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Зээлдэгч *******д 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээгээр 10,000,000 төгрөг тус тус зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, ******* хаягт байрлах орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. ******* нас барсан тул барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хариуцагчийн өмчлөлийн орон сууцаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж,

хариуцагч нь татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... *******гийн өвлөгчийн хувиар хариуцагч орон сууцны өмчлөгч болсон, ******* нь бусад өвлөгч нарт мэдэгдэлгүй орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авч, нэхэмжлэгч нарт барьцаалуулж хууль зөрчсөн учир барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус тайлбарласан.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүйгээс хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнээгүй, талуудын маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

3.1. Нэхэмжлэгч *******, ******* нар нь *******тай 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ байгуулж, нийт 25,000,000 төгрөг зээлдүүлсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, ******* хаягт байрлах орон сууцыг барьцаалсан, гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, ******* 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

3.2. Барьцааны зүйл болох орон сууц нь анх иргэн *******гийн өмчлөлд бүртгэлтэй байсан ба ******* 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барснаар эхнэр ******* өвлөн авч, нэг хүний өмчөөр 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

3.3. Хариуцагч нь *******гийн хууль ёсны өвлөгч нар байгааг нэхэмжлэгч тал мэдсээр байж тэдний эзгүйд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх үндэслэлээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан.

а. Хэргийн баримтаас үзвэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/00264 дугаар захирамжаар *******гийн өвлөгч болох нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нарын гаргасан *******д 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч болох нотариатч ******* зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тус захирамжийг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр *******д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, улмаар *******, *******, *******, ******* нарт нотариатчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

Дээрх баримтууд нь өв залгамжлалын журмаар ******* орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд бусад өвлөгчийн эрх зөрчигдсөн болохыг хожим тогтоосон хэдий ч тухайн эрх зөрчигдсөн нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч нар *******тай барьцааны гэрээ байгуулах үедээ мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсныг нотлоогүй байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ гэж заасан.

Барьцаалагч *******, ******* нар нь барьцаалуулагч ******* орон сууцыг барьцаалах эрхгүй болохыг мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул тэднийг шударга эзэмшигч гэж үзнэ.

б. Нөгөө талаар, эд хөрөнгийн барьцаа нь эд хөрөнгийн эрх учир тухайн өвийн маргаантай асуудал хэрхэн шийдвэрлэсэн, өв болох орон сууц хэний өмчлөлд шилжсэн нь нэхэмжлэгч нарын *******тай байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, барьцааны хүчинтэй байдалд нөлөөлөхгүй юм. Энэ талаар нэхэмжлэгч нараас *******, ******* нарт холбогдуулан гаргасан орон сууцны өвлөгчийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05434 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 456 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00621 дугаар тогтоолд тодорхой дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, ******* орон сууцны өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй учир барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.

Нэхэмжлэгч нарын гаргасан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх буруу дүгнэсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэстэй.

4. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй тул барьцаагаар хангуулах үндсэн үүрэг болох *******тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг дүгнэх зайлшгүй шаардлагатай.

4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор *******тай байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн огноотой зээлийн гэрээ, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн огноотой 2010-9-20-ны гэрээн дээр хийсэн нэмэлт гэрээ, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой 2010-9-20-ны зээлийн болон барьцааны гэрээний сунгалт нэмэлт гэрээ, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн огноотой 2010-9-20-ны болон 2011-5-19-ны өдрийн зээлийн, барьцааны гэрээний сунгалт, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн огноотой 2010-9-20-ны зээлийн болон барьцааны гэрээний сунгалт 2011-9-20 өдрийн гэрээний сунгалт, нэмэлт гэрээн дээр хийсэн гэрээний сунгалтын гэрээ нэртэй 5 гэрээг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талуудын хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах журамтай бөгөөд дээр дурдсан гэрээнүүдийг хэргийн бусад нөхцөл байдалтай тал бүрээс нь харьцуулж үзвэл, талуудын хамгийн сүүлд байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээгээр үндсэн болон нэмэлт гэрээг сунгах, зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, зээлийн хүү сарын 3.5 хувь, гэрээний хугацаа 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 13 сар, зээлийн төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.

4.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр олгосон зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 32 сарын хугацааны хүүний үлдэгдэл 5,075,000 төгрөг, мөн 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр олгосон зээл 10,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 29 сарын хугацааны хүүний үлдэгдэл 8,580,000 төгрөг тус тус төлөгдөөгүй гэж тодорхойлсон боловч дээрх гэрээнүүдэд энэ талаар тусгаагүй, хэрэгт зээлийн төлбөр тооцоог нотлох өөр баримт авагдаагүй байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар зээлдэгч *******гийн гүйцэтгэвэл зохих үүргийг зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 2,275,000 төгрөг (5,000,000*3.5%*13 сар), гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч нас барах хүртэл 5 хоногт тооцогдох алданги 181,875 төгрөг (7,275,000*0.5%*5 хоног), нийт 7,456,875 төгрөгөөр тогтоох үндэстэй.

5. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй ба мөн хуулийн 242.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болох *******, *******, *******, ******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч тал хариуцагчаар *******ийг тодорхойлон нэхэмжлэл гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй. Анхан шатны шүүх *******, *******, ******* нар Монгол Улсад амьдардаггүй үйл баримтыг дүгнэж, тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүйг буруутгах үндэслэлгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг 7,456,875 төгрөгийн хэмжээнд хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг зохих хуульд зааснаар хуваарилсан өөрчлөлтийг тус тус анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02822 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, ******* хаягт байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, орон сууцны үнээс 7,456,875 төгрөгийг нэхэмжлэгч *******, ******* нарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс 35,525,625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдуулан гаргасан *******, *******, ******* нарын байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******, ******* нарын төлсөн 443,063 төгрөг, хариуцагч *******ийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 204,460 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА