Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2017/00907

 

Транскон ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан,  Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/00170 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 799 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Транскон ХХК,

Хариуцагч : Монголын Төмөр зам ТӨХК,

Хариуцагч : Хөгжлийн банк ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Монголын төмөр зам ТӨХК-иас нийт 7.734.196.058,49 төгрөг гаргуулах тухай,

Гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Хөгжлийн банкинд даалгах тухай

Зохигчдын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Транскон ХХК-ийн төлөөлөгч Б.Хүдэр-Ян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, Ш.Энхтөр, Монголын Төмөр зам ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, өмгөөлөгч Л.Банзрагч, Ц.Гүенбат,  Хөгжлийн банк ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тогтохбаяр, Б.Чинзориг, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Их хурлын 2010.6.24-ний өдрийн  32-р  тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдаж, Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун Урт-Чойбалсан чиглэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан эхлүүлэхийг Засгийн газарт даалгасан. Засгийн газар 2010.11.03-ны өдөр “Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж, эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэх арга хэмжээг авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан. 2011.4.20-ны өдөр Монголын төмөр зам ТӨХК болон Транскон ХХК-ийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг  байгуулагдаж, Их хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Монголын төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл зэрэг эрх бүхий байгууллагуудаас холбогдох шийдвэр гарсны дараа Транскон ХХК-тай хэлэлцээр хийж, гэрээ  байгуулна гэж заасан. Үүний  дагуу 201.4.25-ны өдөр талууд 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ” байгуулагдсан. 1/008 гэрээгээр  манайх Монголын төмөр зам ТӨХК-ийн захиалгын дагуу  Даланзадгад - Таван толгой - Цагаан суврага - Сайншанд - Баруун - Урт - Хөөт - Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 км хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч ажлын хөлсөнд нийт  5.156.130.705,49 төгрөг төлөхөөр тохиролцсон. Захиалагч компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа 2011.5.03-ны өдөр 1/71 тоот албан бичгээр ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноор Даланзадгад - Таван толгой - Цагаан суврага - Сайншанд - Баруун - Урт - Хөөт - Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын доод бүтэц /далан/ барих ажлыг  зургийн дагуу  Зараа зөрлөгийн 1127.7074-р км-ээс 1077.74-р км хүртэл 50 км зайд Ү-308812,01 Х-5313187.04 координаттай эхлэлийн цэгээс Ү-Х-5268253.04 координаттай төгсгөлийн цэгийн хооронд хөрс хуулалтын ажлыг эхэлсэн. 2011.5.03-с эхлэн 2011.7.18-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хийж гүйцэтгэж, тайлангаа холбогдох бичиг баримтуудын хамт захиалагчид хүлээлгэн өгсөн. Тайлангаа хүргүүлсэн боловч захиалагч нь газар дээр нь очиж ажлын гүйцэтгэлтэй танилцсан боловч ажил хүлээлцэх комиссыг гэрээнд заасны дагуу хамтран байгуулах ажил хүлээлцэх үүргээ биелүүлээгүй. Хөлс хуулалтын ажлын гэрээний 15.1, 16.1, 16.2-т заасныг МТЗ зөрчиж мөнгийг төлөөгүй.  Гэрээгээр нийт хөлс 5.156.130.705,94 төгрөг, хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг Хөгжлийн банкнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт төлөхөөр, үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан төлөхөөр тохиролцсон ч захиалагч үүргээ ноцтой зөрчиж, өнөөдрийг хүртэл ажлын хөлс болон алдангийг төлөөгүй. Их хурлаас 2011.02.10-ны өдрийн 15 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор шийдвэрт заасан төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгож, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг уг зээлийн санхүүжилтэд хамааруулсан. Засгийн газрын 2011.8.31-ний өдрийн 266 дугаар тогтоолоор Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн. Улмаар Засгийн газар 2013.01.26-ны өдөр 28-р тогтоолоор талуудын хоорондын 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан ч  биелүүлэхээс татгалзаж өдий хүрсэн. Иймд Монголын төмөр зам ТӨХК-иас хөрс хуулалтын ажлын хөлс 5.156.130.705,94 төгрөг, алданги 2.578.065.352,97 төгрөг, нийт 7.734.196.058,91 төгрөг гаргуулах, 1/008 дугаартай гэрээний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банк ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Транскон ХХК-тай 2011.4.25-ны өдөр 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч талын ажлыг шалгасан,хүлээн зөвшөөрч авсан тухай мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаар гаргуулан хүлээлгэн өгнө” гэж заасан. Энэ актыг ирүүлсэн тохиолдолд төлбөр төлөх үүрэг хүлэхээр тохиролцсон байдаг. Хөгжлийн банкнаас манайд нэхэмжлэгчид олгох санхүүжилт орж ирээгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. МТЗ ТӨХК нь төсөл хэрэгжүүлэх чадамжгүй болсон. ЗГ-ын 2013.3.27-ны өдрийн 93-р тогтоолоор 2010 оны 283-р тогтоол хүчингүйд тооцсон. Ингэснээр төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл хүчингүй болж эрх зүйн үндэслэлгүй болсон, төсөл өөр этгээдэд шилжсэн. 2012.11.03-ны өдрийн 121-р тогтоолоор уг тусгай зөвшөөрдийг дахин олгосон. Олгосон даруйд нь 2012.11.05-ны өдрийн 1/365 тоот албан бичгээр материалуудыг яаманд хүргүүлсэн. 1/008 дугаартай гэрээ хэрэгжих явцад ЗГ бодлогод өөрчлөлт орсон. Ингэснээр 2 үед шатанд баригдах төмөр замыг цаг хугацааны хувьд зэрэг эхлүүлэх орчин бүрдсэн. 2012 оны 93, 161-р тогтоол гарч ЭРР ХХК нь замын барилгын ажлыг 2012 онд эхлүүлсэн. Гэрээний төлбөрийн нөхцлийн хувьд банкинд удаа хандан асуудлыг шийдвэрлүүлэхийг эрмэлзсэн. Гэвч үр дүнд хүрээгүй 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. Засгийн газрын 283 дугаар тогтоолоор хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг ТӨХ-д даалгаж, мөн Засгийн газрын 2011.8.31-ний  266 дугаар тогтоолоор  ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн Банкны ТУЗ-д зөвшөөрсөн. Захиалагчаас хамааралгүй эрх бүхий байгууллагын шийдвэрээр нөхцөл байдал үүссэн бөгөөд 1/008 дугаартай гэрээний үр дүн ач холбогдолгүй болсон тэдийгүй тоо хэмжээ нь тодорхойгүй ажлын гүйцэтгэлээр төлбөрийг төлөх ойлгомжгүй нөхцөл үүссэн гэжээ.  Манайх алданги төлөх үндэслэлгүй. Хөгжлийн банк санхүүжилтээ хийвэл ажлын хөлс 5.156.130.705,94 төгрөгийг Транскон ХХК-д шилжүүлэхэд бэлэн, алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Хөгжлийн банк шүүхэд гаргасан тайлбартаа: Транскон ХХК болон манай хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Энэхүү төслийн санхүүжилттэй холбоотойгоор Транскон ХХК, Монголын төмөр зам ТӨХК-ийн хооронд 2011.4.25-ны өдөр 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээгээр бид Транскон ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй, хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй. Их хурлын 2011.2.10-ны  15-р тогтоолоор Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай Засгийн газрын 2011.8.31-ний   266-р тогтоолоор төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн.Засгийн газрын 2013.01.26-ны өдрийн 28-р тогтоолд  Хөгжлийн банкинд үүрэг болгосон заалт байдаггүй. Хөгжлийн банкны үйл ажиллагааг хуулиар зохицуулдаг. Хөгжлийн банк нь хуульд заасан болзол шалгуур хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай асуудлыг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн банкны  Зээлийн хороо, ТУЗ-өөс шийдвэрлэдэг. Төрийн байгууллагын аливаа шийдвэрээр санхүүжүүлэх үүргийг Хөгжлийн банкинд  хүлээлгэх боломжгүй. Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, Монголын төмөр зам ТӨХК нарын хооронд 55 сая ам.долларын үнийн дүнтэй, З-ТЗ-Б 2013-5 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ 2013.02.20-ны өдөр байгуулагдсан. Гэрээний дагуу ашиглагдаагүй санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан. Монголын төмөр зам ТӨХК нь Транскон ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэлийг баталгаажуулсан тухай албан хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалуудыг ирүүлээгүй. Харин Зам, тээврийн яамнаас 2012.12.10-ны өдрийн 3/2111-р албан бичгээр Транскон ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэх хүсэлт  ирүүлж байсан ч  төсөл хэрэгжүүлэгчээс холбогдох тайлан, баримтаа ирүүлээгүй учир зохих журмын дагуу шийдвэрлэх боломжгүй болсон. Ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан тул ажлын гүйцэтгэл баталгаажсан ч уг ажлыг гэрээний хүрээнд тус банкнаас санхүүжүүлэх боломжгүй болсон. Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийн санхүүжүүлэх гэрээний дагуу Хөгжлийн банкнаас 55 сая хүртэл  ам.долларыг санхүүжүүлэх боломжтой ч гэрээний хугацаанд шаардлага хангасан болон ажлуудад нийт 22.517.000 ам.долларын санхүүжилт  олгосон.  Хариуцаж  байсан яам нь татан буугдаж, зарим асуудлыг Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээнд оруулж, олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, талууд тохиролцсон. Өнөөдрийн байдлаар Сангийн яам нь энэхүү эргэн төлөлтийн хуваарийн дагуу санхүүжилтийн хүүгийн төлбөрийг Хөгжлийн банкинд төлж байна. Иймд нэхэмжлэлээс Хөгжлийн банкинд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/00170 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Монголын төмөр зам ТӨХК-иас 7.734.196.058,91 төгрөг гаргуулж Транскон ХХК-д олгох, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Монголын төмөр зам ТӨХК болон Транскон ХХК-ийн хооронд байгуулсан 2011.4.25-ны өдрийн 1/008 дугаар “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Хөгжлийн банкинд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38.828.930 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээж, Монголын төмөр зам ТӨХК-иас 19.414.465 төгрөг, Монгол Улсын Хөгжлийн банкнаас 19.414.465 төгрөг тус тус гаргуулж,  Транскон ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.  /хх 2-ын 122-136/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 799 дүгээр магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/00170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8” гэж нэмж, Монголын төмөр зам ТӨХК-иас 7.734.196.058,91 төгрөг гаргуулсныг 6.445.163.381 төгрөг болгон өөрчилж,  нэхэмжлэлээс  1.289.032.676 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтад  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэлгүй тул Монгол Улсын Хөгжлийн банкинд холбогдох нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтын хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-иас 19.414.465 төгрөг, Монгол Улсын хөгжлийн банкнаас 19.414.465 төгрөгийг тус тус гаргуулж гэснийг хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-иас 32.383.767 төгрөгийг гаргуулж гэж, 4 дэх заалтын Монгол Улсын гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөгжлийн банк нь УИХ-иас баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн. "Шинэ төмөр зам төсөл"-ийн бүтээн байгуулалтын ажил нь УИХ-ын баталсан хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрт хамаарах учраас 1/008 дугаартай "Хөрс хуулалтын ажлын гэрээ"-ний ажлыг санхүүжүүлэх үүрэгтэй. Энэ нь хэрэгт авагдсан төрийн эрх барих дээд байгууллагуудын тогтоол, шийдвэр, Хегжлийн банк, Эдийн Засгийн Хөгжлийн яам, Зам, тээврийн яам, Монголын төмөр зам ТӨХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 3-ТЗ-Б 2013-5 тоот "Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай" гэрээ, Хөгжлийн банкны 2012 оны 3/250 тоот албан бичиг зэрэг  баримтуудаар хангалттай нотлогдсон. Хөгжлийн банк нь гэрээний оролцогч тал биш боловч УИХ баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүргийг хуулиар хүлээсэн. Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг тодорхойлохдоо хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, ноцтой зөрчсөн байна.  Давж заалдах шатны шүүх "Хөрс хуулалтын ажлын гэрээ"-ний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банк ХХК-д даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо  хэрэгт авагдсан 2013 оны 3-ТЗ-Б 2013-5 тоот гэрээг анхааран үзээгүй.  Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээг Засгийн газрын 2011 оны 266, 2012 оны 121, 2013 оны 28 дугаартай тогтоолоор батлагдсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын 1,2 үе шатны төмөр замын суурь бүтцийг барих төслийг санхүүжүүлэх, санхүүжилтийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож байгуулсан. 28 тогтоолын 1 дүгээр хавсралтаар Монголын төмөр зам ТӨХК болон Транскон ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 1/008 "Хөрс хуулалтын ажлын гэрээ"-ний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан байсан учраас "Хөрс хуулалтын ажлын гэрээ"-ний санхүүжилт "Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ"-д бүрэн хамаарна. Хөгжлийн банк ажлын гүйцэтгэлийг санхүүжүүлэхээр "Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ"-г байгуулсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8.1.1-д заасан үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.  Давж заалдах шатны шүүх "Хөрс хуулалтын ажлын гэрээ"-ний  санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо  Хөгжлийн   банк   ХХК-д   холбогдуулан   гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй. Хөгжлийн банк Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрт хамаарах төсөлд өөрийн хөрөнгөөр оролцсон үндэсний  35 компаниас 33 компани санхүүжилтээ авсан. Транскон ХХК, Кэй Эйч Эн Ар ХХК санхүүжилтээ аваагүй хохироод байна. Компани болон гадаадын зөвлөх үйлчилгээний 11 компанийн ажлыг холбогдох журмын дагуу санхүүжүүлсэн атлаа Транскон ХХК-ийн өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн "Хөрс хуулалтын ажлын гэрээ"-ний ажлыг санхүүжүүлэх үүргээ биелүүлээгүй. "Хөрс хуулалтын ажлын гэрээ"-ний ажлыг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Транскон ХХК Хөгжлийн банк ХХК-д холбогдуулан хуулиар хүлээсэн санхүүжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх "гэрээний үүргийг зөвхөн гэрээний талаас шаардах эрхтэй", "гэрээ байгуулахдаа хөндлөнгийн гуравдагч этгээдэд үүрэг хүлээлгэж тохиролцсон нь талуудын зөвшилцлийн, тэгш эрхийн зарчимд нийцээгүй байна" гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг буруу тодорхойлсон. Нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь үүрэг гүйцэтгэгч хууль буюу гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагаар зөрчил гаргагч этгээд хүлээсэн үүргээ бодитой, зохих ёсоор гүйцэтгэхийг шаарддаг Иргэний хуулийн 9.4.3-д зааснаар хамгаалагдах учраас анхан шатны шүүх Иргэний хуулийн 9.4.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.  Засгийн газарт Хөгжлийн банкинд санхүүжилт олгох үүргийг даалгах эрх олгогдоогүй" гэсэн нь Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 9.1, 16.1, 16.2, 22.1.5 болон Засгийн газрын тухай хуулийн 7.1-д заасныг зөрчсөн. Үүнээс үзэхэд Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч нь Засгийн газар байх бөгөөд Хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд Хөгжлийн банкны зээлийн бодлого, түүний хэрэгжилттэй холбоотой асуудлаар банк, эрх бүхий бусад байгууллагатай шууд харилцаж, байр сууриа илэрхийлэх бүрэн эрхтэй байхаар заасан тул "Хөрс хуулалтын ажлын гэрээ"-ний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан Засгийн газрын тогтоол, шийдвэрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан хууль ёсны шийдвэр гэж үзэж байна. Засгийн газар "Хөрс хуулалтын ажлын гэрээ"-ний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгаж шийдвэрлэсэн нь Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаархи Засгийн газрын бүрэн эрхэд хамаарна. "Хөрс хуулалтын ажлын гэрээ"-ний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан Засгийн газрын тогтоол хүчинтэй байгаа бөгөөд Засгийн газрын эдгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар зохигчид маргаагүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харъяалалыг ноцтой зөрчиж, Засгийн газрын тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар хууль бус дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Транскон ХХК нь Хөрс хуулалтын ажлын гэрээгээр хүлээсэн 50 км хөрс хуулалтын ажлыг батлагдсан зургийн дагуу гэрээнд заасан хугацаанд, чанарын өндөр түвшинд бүрэн гүйцэтгэж дуусгасан. Энэ тухай захиалагч Монголын төмөр зам ТӨХК-д албан ёсоор мэдэгдэж, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ хүлээлгэж өгсөн. Харин хариуцагч нь Иргэний хуулийн 343.1, 344.1, 351,1.1, "Хөрс хуулалтын ажлын гэрээ" -ний 15,16, 17.3, 17.10-т тус тус заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргийг огт биелүүлээгүйгээс болж ажил гүйцэтгэгч буюу манай компанийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд маш их хохирол учирч, байгууллагын бизнесийн нэр хүнд ихээхэн хэмжээгээр унаад байна. Монголын төмөр зам ТӨХК ажлын гүйцэтгэлийг хүлээн авах, зохих журмын дагуу баталгаажуулах, санхүүжилт шийдвэрлүүлэх зэрэг өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг цаг хугацаанд нь аваагүйн улмаас "Хөрс хуулалтын ажлын гэрээ"-ний санхүүжилт удааширсан болох нь баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232.6, "Хөрс хуулалтын ажлын гэрээ"-ний 22.3-т заасны дагуу хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Монголын төмөр зам ТӨХК бүрэн хүлээн зөвшөөрсөн, алдангийн хэмжээг багасгах тухай нэхэмжлэл, санал хүсэлт, давж заалдах гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаар алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж шийдвэрлэсэнд эргэлзэж байна. Давж заалдах шатны шүүх алдангийн хэмжээг 50 хувиар бууруулахдаа  гэрээний үүргээ зөрчсөн талын гэм буруу ба тухайн зөрчлийн цар хүрээ, ноцтой байдлыг харгалзан тооцож үзээгүй. Хариуцагч ажлын гүйцэтгэлийг хүлээн авах, зохих журмын дагуу баталгаажуулах, санхүүжилт шийдвэрлүүлэх зэрэг өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг цаг хугацаанд нь аваагүй, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзэх ёстой байтал Иргэний хуулийн 232.8 дах хэсэгт заасан "алдангийг бууруулах нөхцөл байдал" гэдгийг "ажлын хөлс төлөх нь гуравдагч этгээдийн санхүүжилтээс хамаарч болох эрсдлийг талууд анхнаасаа мэдэж байсан, шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй удаашруулсан" гэж буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон "ажлын хөлс төлөх нь гуравдагч этгээдийн санхүүжилтээс хамаарч болох эрсдлийг талууд анхнаасаа мэдэж байсан, шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй удаашруулсан" гэсэн нь Иргэний хуулийн 232.8 дах хэсэгт заасан "алдангийг бууруулах нөхцөл байдал" гэдэгт хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль бус гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Монголын Төмөр Зам ТӨХК хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж магадлал гаргасан байна.  Хөгжлийн банкны тухай хуулийн 4.1 дэх хэсэгт "Хөгжлийн банк нь энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна"-гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк нь Монгол Улсын томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой болох нь хуулиас тодорхой харагдана. Энэ зорилгын хүрээнд Шинэ төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор "Транскон" ХХК-ийн ажлын хөлсийг санхүүжүүлэхийг Хөгжлийн банкинд Засгийн газраас үүрэг болгож даалгасан байдаг. Шүүх Засгийн газрын дээрх үйлдлийг үгүйсгэхдээ Засгийн газарт Хөгжлийн банкинд үүрэг болгох эрх олгогдоогүй гэж тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийн биелэлтийг хангах ажлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаар дамжуулан зохион бапгуулна" гэж Засгийн газрын бүрэн эрхийг хуульчилснаас үзэхэд Засгийн газар нь Шинэ төмөр замын төслийн талаар арга хэмжээг авч, шаардлагатай санхүүжилтийг олгохыг Хөгжлийн банкинд даалгах бүрэн эрхтэй болох нь тодорхой харагдаж байна. Иймд Монголын төмөр зам ТӨХК нь иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Хөгжлийн банкинд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул 2017 оны өдрийн 799 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Транскон ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Монголын Төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/-иас 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ” –ийн үүрэг 5.156.130.705,94 төгрөг, алданги 2.578.065.352,49 төгрөг нийт 7.734.196.058 төгрөг гаргуулах, Гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкинд даалгах шаардлага тавьжээ. /хх 1-ийн 1-4, хх 2-ын 96-98/

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж, Монголын төмөр зам ТӨХК /хх 1-ийн 138, 159, 150-151, 164-167, хх 2-ын 70/  болон Хөгжлийн банк /хх 1-ийн 134,160, 140-142/ тайлбараа шүүхэд гаргаж өгсөн байна. 

Анхан шатны шүүх Транскон ХХК-ийн нэхэмжлэлийг бүрэн хангасныг давж заалдах шатны шүүх  өөрчилж, Монголын төмөр зам ТӨХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5.156.130.705,94 төгрөг, алдангид 1.289.032.676 төгрөг нийт 6.445.163.381 төгрөг гаргуулах, нэхэмжлэлээс 1.289.032.676 төгрөгийн шаардлагыг Хөгжлийн банкинд холбогдох нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.  

Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 1. Транскон ХХК нь Монголын Төмөр Зам ТӨХК-иас гэрээний үүрэгт 5.156.130.705,94 төгрөг, алданги 2.578.065.352,49 төгрөг нийт 7.734.196.058 төгрөг гаргуулахыг шаардахдаа  2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай  “Хөрс хуулалтын ажлын гэрээ” –г үндэслэсэн байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд гэрээний дагуу шаардах эрх үүснэ.

 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаар  гэрээ  хүчин төгөлдөр  эсэх талаар дүгнэлт хийхэд уг гэрээний эх хувь хэрэгт авагдсан эсхүл хуулбар нь хэлбэрийн хувьд нотлох баримтын шаардлага хангасан байх учиртай.

Хэрэгт 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний хуулбар нэг хувь авагдсан /хх 1-ийн 26-37/ бөгөөд гэрээний 1.4-д “...энэхүү гэрээ нь гэрээ болон түүний хавсралтуудаас бүрдэнэ. Гэрээ, түүний хавсралтад оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байх бөгөөд гэрээний хамт хүчин төгөлдөр байна...”, 27-д “...гэрээний... хавсралт №1—Техникийн даалгавар, хавсралт №2—Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хавсралт №3—Бичиг баримт хүлээлцсэн акт, хавсралт №4—Төлбөр тооцоо нийлсэн акт...” гэснээс үзвэл гэрээ нь 4 хавсралттай байна.

Транскон ХХК нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр мөнгө шаардаж байгаа тул гэрээний 8.2, 27.1.2-т заасан техникийн даалгаварын дагуу ажлыг гүйцэтгэсэн нь тогтоогдсон байхыг шаардана.

1/008 дугаар гэрээний хуулбар нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ мөн эсэх, уг гэрээнд хавсралт байгаа эсэх нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангасан нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна.  

2. Хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэн үзвэл, гэрээний 9.1-д “...ажил гүйцэтгэгч нь ажлыг талуудын тохирсон хугацаанд гүйцэтгэн хүлээлгэн өгнө...”, 10.7-д “...захиалагч болон ажил гүйцэтгэгч нь ажлын явц, гүйцэтгэл, чанарыг дараах хугацаанд хамтран шалгаж баталгаажуулна...” гэж заасан боловч 1/008 дугаар гэрээнд ажил гүйцэтгэх болон ажлын явц, гүйцэтгэл, чанарыг шалгаж баталгаажуулах “хугацаа”-ны талаар ямар нэг заалт байхгүй байна.  

Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 10.7-р заалтыг хэрхэн тайлбарлах, талууд үүрэг гүйцэтгэх хугацааг тусгайлан тохиролцсон эсэхийг шүүх зохигчдоос тодруулаагүй нь дутагдалтай болжээ.     

Транскон ХХК нь ямар хугацаанд хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн нь 1/008 дугаар гэрээнд тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлд заасан 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 2 сар 15 хоногийг  “гэрээгээр тохирсон хугацаа”  гэж үзсэн үндэслэлээ шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад давж  заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг зөрчжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хэрэгт бүрэн авагдсан эсэх нь тодорхойгүй тохиолдолд талууд гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсхүл зөрчсөн эсэх, шүүх Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр болон магадлалыг хүчингүй болгов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/00170 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 799 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 6.673.313,38 /зургаан сая зургаан зуун далан гурван мянга гурван зуун арван гурав/ төгрөгийг /хх 2-ын 168/ Транскон ХХК-д, хариуцагчаас  2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 32.383.770 /гучин хоёр сая гурван зуун наян гурван мянга долоон зуун дал/ төгрөгийг /хх 2-ын 175/ Монголын Төмөр зам ТӨХК-д тус тус захирамжаар буцааж олгосугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ