Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 799

 

Транскон ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/00170 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Транскон ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монголын Төмөр зам ТӨХК, Монгол Улсын Хөгжлийн банкинд тус тус  холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 5 156 130 705 төгрөг , алдангид 2 578 065 352 төгрөг нийт 7 734 196 058.91 төгрөгийг Монголын төмөр зам ТӨХК-иас гаргуулах, гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Хөгжлийн банкинд даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Хүдэр-Ян

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Энхтөр, П.Еркебулан

Хариуцагч Монголын Төмөр зам ТӨХК-ийн өмгөөлөгч: Ц.Гүенбат, Л.Банзрагч

Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Чинзориг, Н.Тогтохбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Транскон ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүдэр-Ян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Их хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого баталлагдаж, Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан эхлүүлэхийг Засгийн газарт даалгасан. Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж, эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэх  арга хэмжээг авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан.

Ингээд 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Монголын төмөр зам ТӨХК болон Транскон ХХК-ийн хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулагдаж, бичгийн 2-т “Их хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Монголын төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл зэрэг эрх бүхий байгууллагуудаас холбогдох шийдвэр гарсны дараа Транскон ХХК-тай гэрээ байгуулна” гэж заасан бөгөөд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр талууд 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулсан.

Гэрээгээр манайх Монголын төмөр зам ТӨХК-ийн захиалгаар Даланзадгад - Таван толгой - Цагаан суврага - Сайншанд - Баруун - Урт - Хөөт - Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 км хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр, хөлс 5.156.130.705,49 төгрөгийг захиалагч төлөхөөр тохиролцсон.  Захиалагч компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1/71 тоот албан бичгээр ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноор Зараа зөрлөгийн 1127.7074-р км-ээс 1077.74-р км хүртэл 50 км зайд Ү-308812,01 Х-5313187.04 координаттай эхлэлийн цэгээс Ү-Х-5268253.04 координаттай төгсгөлийн цэгийн хооронд хөрс хуулалтын ажлыг  2011 оны 05 дугаар сарын 03-аас эхлэн 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хийж гүйцэтгэж, тайлангаа холбогдох бичиг баримтуудын хамт захиалагчид хүлээлгэн өгсөн.

Гэрээгээр нийт хөлс 5.156.130.705,94 төгрөг, хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг Хөгжлийн банкнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажпын 7 хоногт төлөхөөр, үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан төлөхөөр тохиролцсон ч захиалагч үүргээ ноцтой зөрчиж, өнөөдрийг хүртэл ажлын хөлс болон алдангийг төлөөгүй. 

 Их хурлаас 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 15 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор шийдвэрт заасан төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгож, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг уг зээлийн санхүүжилтэд хамааруулсан.  Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоолоор “Шинэ төмөр зам төслийг” хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55.000.000 ам.долларын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн. Улмаар Засгийн газар 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 28 дугаар тогтоолоор зохигчдын хоорондын 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан Хөгжлийн банк нь  тогтоол, шийдвэрүүдийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж өдий хүрсэн. Иймд Монголын төмөр зам ТӨХК-иас хөрс хуулалтын ажлын хөлс 5.156 130.705,94 төгрөг, алданги 2.578.065.352,97 төгрөг, нийт 7.734.196.058,91 төгрөгийг гаргуулах, 1/008 дугаартай гэрээний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол улсын Хөгжлийн банк ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Транскон ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк нь гэрээний оролцогч биш ч Засгийн газрын 283 дугаар тогтоолоор хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг ТӨХ-д даалгаж, мөн Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолоор ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах 55.000.000 ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн. Үүгээрээ Хөгжлийн банкны үүргийг тодорхойлсон. Засгийн газрын тогтоолыг Хөгжлийн банк биелүүлэх ёстой. Хэдийгээр нэхэмжлэгч Транскон ХХК ажлыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй ч ажлын бичиг баримт ирүүлснийг Зам тээврийн яаманд хүргүүлж, тус яам баталгаажуулж, Хөгжлийн банкинд санхүүжилт хийх талаар хүсэлт хүргүүлсэн байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.  Захиалагчийн хувьд хугацаа хэтрүүлсэн, үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй. Гэрээгээр ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг Хөгжлийн банкнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө” гэж заасан ба Хөгжлийн банк энэ үүргээ биелүүлээгүй. Иймд манайх алданги төлөх үндэслэлгүй. Хөгжлийн банк санхүүжилтээ хийвэл ажлын хөлс 5 156 130 705,94 төгрөгийг Транскон ХХК-д шилжүүлэхэд бэлэн,  алдангийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Транскон ХХК болон манай хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Энэхүү төслийн санхүүжилттэй холбоотойгоор Транскон ХХК, Монголын төмөр зам ТӨХК-ийн хооронд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ” байгуулжээ. Энэхүү гэрээгээр Транскон ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй тул хамтран хариуцагчаар татах  үндэслэлгүй.

Их хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. “Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоолоор төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 000 000 ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн. Дээрх шийдвэрүүдэд Хөгжлийн банкинд үүрэг болгосон заалтууд байдаггүй. Хөгжлийн банкны үйл ажиллагааг хуулиар зохицуулдаг.  Хөгжлийн банк нь хуульд заасан болзол шалгуур хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай асуудлыг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн МУХБ-ны Зээлийн хороо, ТУЗ-өөс шийдвэрлэдэг. Төрийн байгууллагын аливаа шийдвэрээр санхүүжүүлэх үүргийг МУХБ-д хүлээлгэх боломжгүй. МУХБ, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, Монголын төмөр зам ТӨХК нарын хооронд 55 сая ам.долларын үнийн дүнтэй, З-ТЗ-Б 2013-5 дугаартай “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай” гэрээ 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан. Гэрээний дагуу ашиглагдаагүй санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан. Монголын төмөр зам ТӨХК нь Транскон ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэлийг баталгаажуулсан тухай албан хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалуудыг ирүүлээгүй. Харин Зам, тээврийн яамнаас 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/2111 дугаартай албан бичгээр Транскон ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлж байсан боловч төсөл хэрэгжүүлэгчээс холбогдох тайлан, баримтаа ирүүлээгүй учир зохих журмын дагуу шийдвэрлэх боломжгүй болсон. Ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан тул ажлын гүйцэтгэл баталгаажсан ч уг ажлыг гэрээний хүрээнд тус банкнаас санхүүжүүлэх боломжгүй болсон. Нийт 22.517.000 ам.долларын санхүүжилт олгосноос хариуцаж байсан яам нь татан буугдаж, хариуцаж байсан зарим асуудлыг Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээнд оруулж, олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, талууд тохиролцсон. Өнөөдрийн байдлаар Сангийн яам нь энэхүү эргэн төлөлтийн хуваарийн дагуу санхүүжилтийн хүүгийн төлбөрийг Хөгжлийн банкинд төлж байна. Иймд нэхэмжлэлээс Хөгжлийн банкинд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-иас 7.734.196.058,91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Транскон ХХК-д олгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Монголын төмөр зам ТӨХК болон Транскон ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Хөгжлийн банкинд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38.828.930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-иас 19.414.465 төгрөг, Монгол Улсын Хөгжлийн банкнаас 19.414.465 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Транскон ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэрт тусгасан атлаа төслийг санхүүжүүлэх үүрэгтэй гэж үзсэн нь зөрчилтэй болжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт бичгүүд нь Хөгжлийн банкны үүргийг тодорхойлсон бус эрхийг тогтоосон, зөвшөөрөл олгосон эх сурвалж юм. Нэхэмжлэлд хууль буюу гэрээнд заасан ямар үүрэг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй болох тухай тодорхой дурдаагүй, нэхэмжлэгчийн ямар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хэрхэн хохирол учруулсан нь тодорхойгүй.

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр тогтоол шүүх хуралдаан болохоос 16 хоногийн өмнө гарсан бөгөөд уг тогтоолын 4 дүгээр зүйлд “Энэ тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэсэн байдаг. Уг тогтоолын 1.1-д “Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр, авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон харилцан суутгах замаар эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Хөгжлийн банкны зохистой харьцааны холбогдох шалгуур үзүүлэлтийг сайжруулах”, 2 дугаар зүйлд “Энэ тогтоолын 1.1 дэх дэд заалтад заасан өр, авлагын тооцоонд аудит хийхийг Үндэсний аудитын газарт үүрэг болгосон. Их Хурлын дээрх тогтоолыг үндэслэн УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах тухай Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 219 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр, авлагыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж, дүнг Засгийн газрын санхүүгийн тайланд тусган шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус даалгасан байдаг. Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүдийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн атал анхан шатпы шүүхээс эдгээрийг үнэлж үзээгүй, үндэслэл болгоогүй.  

Шүүх Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийг зөрчин, эх үүсвэрийн хүрэлцээтэй уялдуулан санхүүжилт олгодог гэдгийг тооцож үзэлгүй шийдвэр гаргасан. МУХБ-ны эх үүсвэр нь Засгийн газрын буюу төрийн өмч, эх үүсвэрийн хүрэлцээгүй байгаа өнөөгийн нөхцөлд төслийг санхүүжүүлэх боломжгүй. Эх үүсвэр байсан ч түүний эргэн төлөлт баталгаажсан тохиолдолд МУХБ зээлийг олгодог. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх хууль зүйн болоод санхүүгийн боломжгүй. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлээс Монгол Улсын Хөгжлийн банкинд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Транскон” ХХК нь хариуцагч “Монголын Төмөр зам” ТӨХК-иас ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс, үүргээ биелүүлээгүйгээс тооцсон алдангид нийт 7 734 196 058 төгрөг гаргуулах, холбогдох журмын дагуу гэрээг санхүүжүүлэх арга хэмжээ авахыг “Монгол Улсын Хөгжлийн банк”-д даалгахаар тус тус шаардсаныг  “Монголын Төмөр зам” ТӨХК алданги төлөх үндэслэлгүй, харин үндсэн төлбөрийг санхүүжилтийг шийдвэрлэсэн тохиолдолд шилжүүлэх боломжтой гэж, хариуцагч “Монгол Улсын Хөгжлийн банк” нь гэрээний оролцогч биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж  маргажээ.

 

Транскон ХХК, Монголын төмөр зам ТӨХК-ийн хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаар хөрс хуулалтын гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч Транскон ХХК нь батлагдсан трассын дагуу 50 километр хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр, захиалагч Монголын Төмөр зам ТӨХК нь ажлын хөлсөнд нийт 5 156 130 705.94 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /1-р хх-ийн 26-37/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдал, хэрэгжилтийн талаар зохигчид маргаагүй, харин ажлын хөлс, гэрээний санхүүжилтийг хариуцан төлөх этгээдийн талаар маргаантай байна.

 

Хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК нь нэхэмжлэгчийг ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй гэж маргах боловч нэхэмжлэгч Транскон ХХК-ийн ажлын хөлс болох 5 156 130 705 төгрөгийг шийдвэрлүүлэхээр Монголын төмөр зам ТӨХК-иас холбогдох байгууллагад удаа дараа хандаж, ажлын гүйцэтгэлийн талаарх баримтыг хүргүүлж байсан болон зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэгчийг хөрс хуулалтын ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна. /1-р хх-ийн 39, 148, 149, 2-р хх-ийн 20, 22, 27/ Иймд нэхэмжлэгч компанийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажлыг гүйцэтгэх үүргээ биелүүлсэн, хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч байгууллага Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д заасан доголдолгүй ажлын үр дүн шилжүүлэх үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК нь ажлын хөлс төлөхөөс татгалзах эрхгүй болно.

Талууд гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ 5 156 130 705 төгрөг гэдэгтэй маргаагүй болно. Иймд нэхэмжлэгч Транскон ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсийг хариуцагч Монголын Төмөр зам ТӨХК-иас шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг зөвхөн гэрээний талаас шаардах эрхтэй юм. Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк нь ажил гүйцэтгэгч, захиалагч нарын байгуулсан гэрээний оролцогч тал гэж үзэх баримт хэрэгт байхгүй тул гэрээгээр болон хуулиар хариуцлага хүлээхгүй, энэ хэргийн хариуцагч биш гэсэн уг хариуцагчийн татгалзал үндэслэлтэй болно.

 

Транскон ХХК, Монголын Төмөр зам ТӨХК нар нь гэрээ байгуулахдаа хөндлөнгийн гуравдагч этгээд болох Монгол Улсын Хөгжлийн банкинд гэрээгээр үүрэг хүлээлгэж тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт талуудын зөвшилцлийн, тэгш эрхийн зарчимд нийцээгүй байна.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар үүрэг нь хуулиар, гэрээгээр, хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр зэрэг үндэслэлээр үүсдэг. Нэхэмжлэгч нь хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкинд холбогдуулан гаргаж буй шаардлагынхаа үндэслэлээ Засгийн газраас шийдвэр гаргасан гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д зааснаар хуульд тухайлан заасан тохиолдолд захиргааны шийдвэр гарснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэх болно. 

 

Транскон ХХК, Монголын Төмөр зам ТӨХК нарын хоорондын гэрээний санхүүжилтийг хариуцах үүрэг Монгол Улсын Хөгжлийн банкинд захиргааны шийдвэрээр үүссэн гэж үзэхээр бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн тухайн захиргааны шийдвэр гаргах эрхийг хуулиар олгосон байх ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Хөгжлийн банкинд үүрэг үүсгэсэн захиргааны шийдвэр гаргах талаар хуульд тухайлан заасан байх ёстой юм.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй Шинэ төмөр зам төслийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолын хавсралтад ажлын хөлс 5 156 130 705.94 төгрөгийг санхүүжүүлэхийг Монгол Улсын хөгжлийн банкинд даалгасан хэдий ч уг шийдвэрийг гаргах эрхийг Засгийн газарт хуулиар олгогдсон гэж үзэхээргүй байна. Учир нь энэхүү тогтоолын үндэслэл болгосон Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Засгийн газарт төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах, концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг олгох бүрэн эрхийг олгосон болохоос биш Монгол Улсын Хөгжлийн банкинд санхүүжилт олгох үүргийг даалгах эрх олгогдоогүй. Мөн Засгийн газрын тухай хуульд Хөгжлийн банкинд холбогдуулан иргэний эрх зүйн үүрэг үүсгэх эрхийг олгоогүй байна.

 

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар зээл олгох шийдвэрийг Монгол Улсын Хөгжлийн банкны актив-пассивын болон эрсдлийн удирдлагын нэгжийн дүгнэлтийг үндэслэн зээлийн хороо гаргахаар хуульчилсан.

 

Иймд хуулиар Монгол Улсын Хөгжлийн банк дээрх гэрээний санхүүжилтийг хариуцуулах эрх олгогдоогүй байхад гаргасан Засгийн газрын тогтоолыг үндэслэж иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэлийг тодорхой нэрлэн заасан, илүү өргөжүүлэн хэрэглэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлээс Монгол Улсын Хөгжлийн банкинд холбогдуулан гаргасан гэрээний ажлын хөлсийг санхүүжүүлэх үүрэг хүлээлгэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин ажлын хөлсөө хугацаанд нь төлөөгүйгээс тооцсон алдангийн тухайд 2 578 065 352 төгрөгийг 50 хувиар бууруулж алдангид 1 289 032 676 төгрөг, үндсэн төлбөрт 5 156 130 705.94 төгрөг, нийт 6 445 163 381 төгрөгийг хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-иас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 

Учир нь ажлын хөлс төлөх нь гуравдагч этгээдийн санхүүжилтээс хамаарч болох эрсдлийг  талууд анхнаасаа мэдэж байсан, шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй удаашруулсан зэрэг хэргийн нөхцөл байдлыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан алдангийг бууруулах нөхцөл байдал гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэрийн өмнө “Монгол Улсын” гэх хуульд заагдаагүй тодотгол авч шүүхийн шийдвэрийн хууль зүйн техникийг алдагдуулсан байгааг залруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/00170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8” гэж нэмж, “7 734 196 058.91” гэснийг “6 445 163 381” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 289 032 676 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэлгүй тул Монголын төмөр зам ТӨХК болон Транскон ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ”-ний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Хөгжлийн банкинд даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 3 дах заалтын “хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-иас 19 414 465 төгрөг, Монгол Улсын хөгжлийн банкнаас 19 414 465 төгрөгийг тус тус гаргуулж” гэснийг “хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-иас 32 383 767 төгрөгийг гаргуулж” гэж, 4 дэх заалтын “Монгол Улсын” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монгол Улсын хөгжлийн банкны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 938 603.53 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

                                                                              Ш.ОЮУНХАНД