Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 110

 

   Б.Мөнхбаярт холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор А.Нямсүрэн,

хохирогч Л.Энхбатын өмгөөлөгч З.Алтангэрэл,

ялтан Б.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баяржаргал,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Буяннэмэх, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Мөнхбаярт холбогдох эрүүгийн 2014250006217 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Батын Мөнхбаяр, 1968 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 36 дугаар байр, 2-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УШ 68112013/,

Б.Мөнхбаяр нь 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд иргэн Л.Энхбатаас уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллана гэж хуурч мэхлэн 23.662.514 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Б.Мөнхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Б.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбаяраас 20.662.514 төгрөг гаргуулж, хохирогч Л.Энхбатад олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг үнэн зөвөөр тогтоож чадаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасан хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй гэж хуульчилсан хуулийн заалтыг шийдвэр гаргахдаа зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг урьд нь 3 шатны шүүхээр шийдвэрлэж байсан. Улсын дээд шүүх хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа “... хохирлын зөрүүг үгүйсгэж, няцаасан үндэслэлээ тодорхой заах, харилцан зөрүүтэй нотлох баримтын талаар дурдах, хуульд нийцүүлэн нотлох баримт бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх, хуулийн дагуу нэхэмжлэл дахин гаргах эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн аль заалтыг үндэслэн шийдвэрлүүлэх талаар анхан шатны шүүх тодорхой заагаагүй учир хэргийг дахин шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасан гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоохыг шаардсан байдаг. Хохирогч Л.Энхбат нь Б.Мөнхбаярт 38.000.000 төгрөг, 83.361.500 төгрөг өгсөн гэж нэхэмжилдэг. Харин прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн 23.662.514 төгрөгийг олон удаагийн шүүхийн хэлэлцүүлэгт ч тогтворгүйгээр мэдүүлдэг. Хавтаст хэрэгт түүнийг нотолсон баримт огт авагдаагүй байдаг. Хэрэгт гэрчээр байцаагдсан Ч.Отгонцэцэг, Ц.Гурвындаваатотгонбаатар, Ц.Алтанзул, Ж.Баттөгс, Б.Энхбаатар, Г.Батболд нар хохирогч Л.Энхбатад мөнгө зээлдүүлсэн талаар мэдүүлсэн байдаг болохоос миний үйлчлүүлэгч Б.Мөнхбаярт тухайн зээлдүүлсэн мөнгөнөөс өгч байсан талаар огт ярьдаггүй, зөвхөн бусдаас авсан мөнгөө бүгдийг нь Б.Мөнхбаярт өгсөн гэж 85.361.800 төгрөг нэхэмжилж байснаа сүүлдээ яллах дүгнэлтэд бичигдсэн мөнгөн дүнг л өгсөн гэж гүтгэх болсон. Анхан шатны шүүх Улсын Дээд Шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 171 тоот тогтоолын “...Шүүх мөрдөн байцаалтаар тогтоогдсон 23.662.514 төгрөгийн их хэмжээний хохирлыг үлэмж буюу 9.638.982 төгрөг болгон багасгаж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө хохирлын зөрүү болох 14.023.532 төгрөгийн хохирлыг үгүйсгэж, няцаасан үндэслэлээ тодорхой зааж чадаагүй, өөрөөр хэлбэл онцгой ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй нотлох баримтын алийг нь ямар үндэслэлээр тогтоолынхоо үндэслэл болгосон талаар дүгнээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ...” гэснийг удирдлага болгон амарчилж, мөрдөн байцаалтын явцад миний үйлчлүүлэгчээс Л.Энхбатад төлсөн 3.000.000 төгрөгийг хасан тооцсоноос өөрөөр Улсын дээд шүүхийн тогтоолын заалтыг хэрэгжүүлэлгүй шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Харин 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын Дээд Шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 288 тоот тогтоолоор хэргийг анхан шатны шүүхэд дахин буцаахдаа өмгөөлөгч Г.Баяржаргал миний гомдлыг хэлэлцээгүй бөгөөд зөвхөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296, 294 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр буцаасан болно. Бусдаас зээлсэн мөнгөний зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, зээлдэгч нартай нүүр тулан уулзаж, тэднээс мөнгө аваагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байтал зөвхөн хохирогч гэх хүний амаар тооцоолол хийж ял халдаах нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Мөн хохирогч Л.Энхбат нь Адъяа гэх ломбардны эгчээс 2.500.000 төгрөг зээлж авсан гэж мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын явцад Адъяагаас мэдүүлэг аваагүй, зөвхөн мөрдөн байцаагч утсаар ярьсан тэмдэглэл /1хх-179/ хэрэгт хийснээс өөр баримт байхгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлж, хохирлын тооцоонд оруулах боломжгүй. Гэрч Х.Дөлгөөн, Л.Энхбатад 5.000.000 төгрөг зээлүүлсэн гэж мэдүүлсэн боловч энэ нь мөн Л.Энхбатаас Б.Мөнхбаярт мөнгө өгсөн нотлох баримт болж чадахгүй байгааг шүүх анхааралдаа авахыг хүсье. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж тодорхой хуульчилсан байхад эсрэгээр нь шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ. Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг тооцож хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгөхийг хүсье ...” гэв.

Хохирогч Л.Энхбатын өмгөөлөгч З.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолж чадахгүй байна гэдэг. Мөнгө зээлсэн гэрч нарыг мөрдөн байцаалтын шатанд асууж мэдүүлгийг нь авсан. Тэгэхээр энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг эх сурвалж болдог. Мөнгө зээлж байгаа хүн дээр Л.Энхбаттай хамт очоод, гарын үсэг зурсан л бол би төлөх ёстой мэтээр яриад байна. Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдад итгэл үнэмшил төрүүлэн мөнгийг нь авсан байдаг. Хэрвээ гарын үсэг зураад зээл авсан бол зээлийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх боломжтой байсан. Ганц удаа 9.600.000 төгрөг гэдгээр нь шийдвэрлэсэн. Улсын Дээд Шүүх үндэслэлээ тодорхой гаргаагүй байна гээд хэргийг буцааж байсан. Шат шатны шүүх хохирлын хэмжээг хавтаст хэргийн хэмжээнд шийдвэрлэсэн. Иймд ялтан Б.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн тогтоолоор 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 171 тоот “мөрдөн байцаалтаар тогтоогдсон 23.662.514 төгрөгийн хохирлыг үлэмж буюу 9.638.982 төгрөг болгон багасгасан нь хууль зүйн үндэслэлгүй. Зөрүү 13.000.000 гаруй төгрөгийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг шийтгэх тогтоолд үндэслэл болгож дурдаагүй байна” гэж үзсэн. Өмгөөлөгч Г.Баяржаргал үүнийг буруу ойлгож тайлбарлаад байгаа ба дурдаад байдаг нотолгооны эх сурвалжаа заагаагүй. Харин энэ хэрэгт хохирогч Л.Энхбат нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаад, хэнд ямар байдлаар яаж хуурч мэхлэн итгэл эвдэж тухайн мөнгийг өгсөн. Тухайн мөнгөний эх сурвалжийг хэнээс ямар байдлаар зээлсэн талаар хангалттай мэдүүлдэг. Хохирогчийн мэдүүлэг үнэн байна уу гээд бүх гэрч нарыг асуухаар мөнгө зээлүүлсэн асуудлаа хэлдэг, ямар хүнтэй ирж авсан, хэнд өгөх гэж байгаа, ямар ажил хийх гэж байгаа талаараа гэрч нарт хэлсэн. Ийм учраас хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй. Өмгөөлөгч 9.638.982 төгрөгийн хохирлыг Л.Энхбатад Б.Мөнхбаяр нь залилан мэхлэх аргаар учруулсан гэдгээ хэлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Ийм хохирол учраагүй гэдгийг Улсын Дээд шүүх дүгнээд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолдоо дурдсан. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагад нийцсэн байна.

Б.Мөнхбаяр нь 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд иргэн Л.Энхбатаас уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллана гэж хуурч мэхлэн 23.662.514 төгрөгийг авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Энхбатын “... Б.Мөнхбаяр нь “Надад таньдаг хятадууд байгаа. Төмрийн лиценз олоод өгөөч, хамтарч ажиллана” гэхээр нь би төмрийн орд ашиглах лиценз олоод линцензийг Б.Мөнхбаярт конандаж өгсөн. Тэгээд Б.Мөнхбаяр хятадуудтай хамтарч ажиллахад хэрэг болоод байна гээд надаас 38.000.000 төгрөг цувуулж авсан. Энэ мөнгийг би Б.Мөнхбаярт 2012 оны 10 дугаар сараас 2014 оны 6 дугаар сар хүртэл цувуулан дансаар болон бэлнээр өгсөн ба дээрх мөнгийг би хүмүүсээс хүүтэй зээлж аваад Б.Мөнхбаярт өгсөн...” /1хх-21-22/,

Гэрч Ч.Отгонцэцэгийн “...2013 оны 1 дүгээр сараас Л.Энхбат руу хүмүүс залгаад зээлсэн мөнгөө өг гээд нэхээд байсан. Тэгэхээр нь би ямар учиртай талаар асуухад Б.Мөнхбаяртай нийлж Хятадуудтай хамтран уурхай ажиллуулах гээд хүмүүсээс мөнгө зээлсэн гэж хэлсэн. Үүнээс хойш Б.Мөнхбаяр манай гэрээр орж гардаг болсон. Л.Энхбат хүмүүсээс мөнгө зээлээд Б.Мөнхбаярт увуулж, цувуулаад өгөөд байдаг байсан юм байна лээ. Яг хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй байна. Хүмүүсээс их хэмжээний мөнгө зээлсэн байсан...” /1хх-33/,

Гэрч Ц.Гурвындаваат-Отгонбаатарын “... Л.Энхбат надад уул уурхайн ажил хөөцөлдөж байгаа гэж хэлсэн. Сүүлд 2.000.000 төгрөг зээлэхдээ Б.Мөнхбаяр гэж хүнтэй хамт ирж авсан. Тэр хүнтэйгээ хамт уул уурхайн ажил хөөцөлдөж байгаа гэж ярьж байсан. Өөр зүйлийг нь мэдэхгүй байна...” /1хх-34/,

Гэрч Ц.Алтанзулын “... Л.Энхбат 2013 оны 7 дугаар сард 1.000.000 төгрөг надаас зээлсэн. Би тухайн мөнгийг бэлнээр өгсөн. Мөнгө авахдаа ганцаараа ирж авсан. Л.Энхбат бид хоёр 1.000.000 төгрөг өгсөн талаараа гараар бичиж тэмдэглэсэн. Л.Энхбат Б.Мөнхбаяртай хамтран уул уурхайн ажил хийнэ гээд мөнгө зээлж авсан...” /1хх-38/,

Гэрч М.Болдын “... Л.Энхбат 2012 оны 12 дугаар сард надаас бэлнээр 4.000.000 төгрөг зээлж авсан. Уул уурхайн чиглэлээр Хятадтай нийлж гэрээ хийж байгаа гэж ярьж байсан. Л.Энхбат надаас мөнгө авдаг өдрөө Б.Мөнхбаяр гэх хүнтэй хамт ирээд надаас авсан мөнгөө шууд Б.Мөнхбаяртаа өгч байсан...” /1хх-39/,

Гэрч Ж.Баттөгсийн “... Л.Энхбат 2013 оны 3 дугаар сарын сүүлээр 1.300.000 төгрөг надаас зээлсэн. Уул уурхайн чиглэлээр нэг хүнтэй хамтран ажил хийх гэж байгаа, мөнгө хэрэгтэй байна гээд надаас зээлж авч байсан юм. Хамтран ажиллах гэж байгаа хүнийг нь би танихгүй. Тэр хүн нь Л.Энхбаттай хамт яваад байдаг байсан ба махлаг биетэй, харааны шил зүүсэн ах байсан. Би Л.Энхбатад мөнгө өгөхдөө бэлнээр өгч байсан. Надаас мөнгө авах үедээ нөгөө хамт ажил хөөцөлдөж байгаа гэх махлан биетэй, нүдний шилтэй ахтай хамт ирч авсан...” /1хх-40/,

Гэрч Б.Энхбаатарын “... 2012 оны 11 дугаар сард билүү 12 дугаар сард Л.Энхбат надаас уул уурхайтай холбоотой ажил хийх гэж байгаа мөнгө зээлээч гэхээр нь би цалингийн зээл аваад 1.500.000 төгрөг өгсөн. Тухайн үед Л.Энхбат дүү Жаргалсайхантайгаа хамт явж байсан. Тэгээд цалингийн зээл авсан гэрээгээ Л.Энхбатад чи өөрөө төлөөрэй гээд өгсөн...” /1хх-140/,

Гэрч Г.Батболдын “... Л.Энхбат 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөг, 2013 оны 5 дугаар сард дахин 1.000.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сард 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг зээлсэн. Уул уурхайн чиглэлээр ажил хийх гэж байгаа гэж хэлж байсан...” /1хх-177/,

Гэрч Х.Дөлгөөний “... 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Л.Энхбат надаас 5.000.000 төгрөг зээлсэн. Дээрх мөнгийг зээлж авахдаа хөдөө нэг хүнтэй ажил хамтран хийх гэж байгаа гэж хэлж авсан. Яг ямар ажил хийнэ гэснийг одоо санахгүй байна. Б.Мөнхбаяр нь бүдүүн нүдний шилтэй ах байсан. Надаас зээлж авсан 5.000.000 төгрөгөөрөө Б.Мөнхбаяр гэж хүнтэй л хамтран ажил хийх гэж авсан юм шиг байна лээ. Би энэ талаар сүүлд Л.Энхбатаас сонссон...” /1хх-179/ зэрэг мэдүүлгүүд болон “Голомт банк”-ны орлогын баримт /1хх-6, 17-18/, Голомт банкин дахь Б.Мөнхбаярын дансны хуулга /1хх-74-77/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан Б.Мөнхбаярт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Чингэлтэй дүүргийн прокуророос Б.Мөнхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, анхан шатны шүүх хохирлын хэмжээг гэмт хэрэг төгссөн үеийн буюу 2014 оны 6 дугаар сард мөрдөгдөж байсан хууль тогтоомжинд заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэн, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн Б.Мөнхбаярт оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдэл, гэм бурууд тохирсон байх ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Харин прокуророос Б.Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцохдоо дээрхи шинжүүдийг орхигдуулан “залилан мэхлэх” гэж ерөнхийлөн дүгнэсэн байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Ялтан Б.Мөнхбаярыг залилан мэхлэх гэмт хэргийн улмаас бусдад 23.662.514 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул ялтны өмгөөлөгч Г.Баяржаргалаас “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг 9.638.982 төгрөгөөр тооцож хэргийг шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Боржигон овогт Батын Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Боржигон овогт Батын Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Б.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлал гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ГАНСҮХ

            ШҮҮГЧИД                                                                   Н.БАТСАЙХАН  

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН