Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 08 210/МА2024/00104

 

 

М. гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/03911 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М.

Хариуцагч: Н.Б

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 11 нэр төрлийн тоног төхөөрөмж, олох байсан орлого 85,737,219 төгрөг, зардал 13,321,925 төгрөг тус тус гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: нэр бүхий фитнесийн тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 882,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М. , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.Ы, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Н.Бтой 2015 онд хамтран М нэрээр ажиллаж эхэлсэн боловч 14 хоногийн дараа хөрөнгө, мөнгөний маргааны улмаас хамтран ажиллаагүй. TZWYL2 дугаар гэрээгээр 33 нэр төрлийн тоног төхөөрөмжийн үнэ 118,368 юань буюу тухайн үеийн ханшаар 37,219,434 төгрөг болсон. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 30 хувийн урьдчилгаа 31,060 юань буюу 9,721,780 төгрөг, үлдэх 70 хувь болох 87,308 юань буюу 27,497,654 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус төлсөн.

 

1.2 Миний бие дээрх тоног төхөөрөмжийг худалдан авахдаа 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 15,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ББСБ ХХК-аас 7,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн данснаас 6,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ээжийн Хаан банкны данснаас 10,000,000 төгрөг авч зарцуулсан. Өөрөөр хэлбэл, гэрээний нийт төлбөр 37,219,434 төгрөгөөс миний бие 68.1 хувь буюу 25,525,465 төгрөгийг төлсөн. Үүнээс 10,906,558 төгрөгийн үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмж миний өмчлөлд байна.

 

Иймд гэрээний үнийн дүнгийн 68.1 хувь болох 25,525,465 төгрөгөөс өөрт байгаа 10,906,558 төгрөгийн үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмжийн үнийг хасч, хариуцагчаас түүний эзэмшилд байгаа 30 нэр төрлийн төхөөрөмжөөс 14,618,907 төгрөгийн үнэ бүхий дараах 11 ширхэг фитнесийн тоног төхөөрөмжийг гаргуулна. Үүнд:

1.1.TZ-6001 кодтой, суугаа гуяны төхөөрөмж, 1 ширхэг, үнэ 598 ам. доллар, тухайн үеийн ханшаар 598*6,37*314,95, нийт 1,199,726.44 төгрөг

1.2.TZ-6002 кодтой, суугаа хөл сунгалтын төхөөрөмж, 1 ширхэг, үнэ 598 ам.доллар, тухайн үеийн ханшаар 598*6,37*314,95, нийт 1,199,726.44 төгрөг

1.3.TZ-6013 кодтой, гарын толгойн булчин, 1 ширхэг, үнэ 598 ам.доллар, тухайн үеийн ханшаар 598*6,37*314,95, нийт 1,199,726.44 төгрөг

1.4.TZ-6017 кодтой, суултын төхөөрөмж, 1 ширхэг, үнэ 850 ам.доллар, тухайн үеийн ханшаар 850*6.37*314.95, нийт 1,705,296.78 төгрөг,

1.5.TZ-6026 кодтой, нуруу гэдийлт вандан, 1 ширхэг, үнэ 195 ам.доллар, тухайн үеийн ханшаар 195*6.37*314.95, нийт 391,215.14 төгрөг,

1.6.TZ-6042 кодтой, тэмээ төхөөрөмж 5 үйлдэлт, 1 ширхэг, үнэ 2 100 ам.доллар, тухайн үеийн ханшаар 2100*6.37*314.95, нийт 4,213,086.15 төгрөг

1.7.TZ-6044 кодтой, хэвтээ хөл 2 толгой төхөөрөмж, 1 ширхэг, үнэ 598 ам. доллар, тухайн үеийн ханшаар 598*6.37*314.95, нийт 1,199,726.44 төгрөг

1.8.TZ-6047 кодтой, цээж эрвээхий төхөөрөмж, 1 ширхэг, үнэ 628 ам.доллар, тухайн үеийн ханшаар 628*6.37*314.95, нийт 1,259,913.38 төгрөг

1.9.TZ-6050 кодтой, гарын 3 толгойт булчингийн төхөөрөмж, 1 ширхэг, үнэ 598 доллар, тухайн үеийн ханшаар 598*6,37*314,95, нийт 1,199,726.44 төгрөг

1.10.TZ-6051 кодтой, суултын төхөөрөмж, 1 ширхэг, үнэ 280 ам.доллар, тухайн үеийн ханшаар 280*6.37*314.95, нийт 561,744.82 төгрөг

1.11.TZ-8011 кодтой, гар штанг, 125 кг, үнэ 243.75 ам.доллар, тухайн үеийн ханшаар 243.75*6.37*314.95, нийт 489,018.93 төгрөг.

1.3 Фитнесийн тоног төхөөрөмжийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 94 сарын хугацаанд эзэмшиж, ашигласнаас олсон үр шим болох 85,737,219 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

1.4 БНХАУ-аас Монгол Улсад фитнесийн тоног төхөөрөмжийг авчрахад зарцуулсан гаалийн татвар, тээврийн зардал 5,422,660 төгрөгийн 31,9 хувь болох 1,729,828 төгрөг, хоол буудал, унааны зардал 4,495,944 төгрөгийн 31,9 хувь болох 1,434,206 төгрөг, гэрээнээс гадна худалдан авсан тоног төхөөрөмж, эд материалын үнэ 5,157,890 төгрөг, түрээсийн ажлын байрны барьцааны төлбөр 1,000,000 төгрөг, ажлын байрны түрээс 2,000,000 төгрөг, Транспапитал ББСБ ХХК-аас авсан зээлийн хүү 2,000,000 төгрөг, нийт 13,321,924 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

1.5 БНХАУ-аас Монгол Улсад дээрх фитнессийн тоног төхөөрөмжийг авчрахад нийт 9,918,604 төгрөгийн зардал гарсан. Тээвэр, гааль, тоног төхөөрөмж авчрах зардал 5,422,660 төгрөг, хоол буудал, унааны зардал 4,495,944 төгрөг, Эрээнээс авсан бусад эд зүйлс хяналтын камер, 1ширхэг, 350 юань х 315, нийт 119,700 төгрөг, микрофон, 1 ком, 480 юань х 315, нийт 151,200 төгрөг, диско гэрэл, 1 ком, 450 юань*315, нийт 141,750 төгрөг, трансформатор, 1ширхэг, 150 юань*315, 47,250 төгрөг, нийт 459,900 төгрөг, Монголоос авсан бусад тоног төхөөрөмж, эд зүйлс, гүйлтийн зам, 2ширхэг, нэгж үнэ 1,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг, хөгжим 1 ком 999,990 төгрөг, хаяг /Фитнесс/ 300,000 төгрөг, толины хүрээ 100,000 төгрөг, өдрийн богино лед гэрэл 120,000 төгрөг, лед бөөрөнхий гэрэл 100,000 төгрөг, цагаан хуулга 48,000 төгрөг, супер цоож 30,000 төгрөг, нийт 4,697,990 төгрөг, ажлын байрны барьцаа болон түрээс, хүүгийн төлбөрт, ажлын байрны барьцаа 1,000,000 төгрөг, ажлын байрны түрээс 2,000,000 төгрөг, мөн тэмдэгтийн хураамж 1,380,143 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагаас илүү төлсөн гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие өөрийн фитнес клубт ашиглаж байсан хуучин тоног төхөөрөмжөө шинэчлэх зорилгоор Хаан банкнаас 17,000,000 төгрөгийн, банкнаас 11,250,000 төгрөгийн зээл авсан. 46 ширхэг, нэг төрлийн фитнесийн дасгалын тоног төхөөрөмжийн урьдчилгааны 30 хувь болох 31,060 юанийг бэлнээр өгч, үлдэгдэл 70 хувийг дараа төлөхөөр тохирч миний ажиллуулдаг байсан М-ын нэр дээр гэрээ хийсэн.

2.2 М. той хамтран ажилладаг байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн маргааны улмаас хамтран ажиллах боломжгүй болсон. Би 80,000 юаниар тоног төхөөрөмж худалдан авснаас урьдчилгаа 30 хувь болох 9,721,780 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгөнөөсөө хоол, унаа, замын зардалд зарцуулан. Үлдэх 70 хувь буюу 50,000 юанийг гэрээний дагуу шилжүүлсэн. М. ...Бээжингээс гутал, цүнх авч ирэх шаардлагатай байна, хамт явъя гэж гуйгаад, миний дүү Н.Т орчуулагчаар явсан. М. тоног төхөөрөмжийн үйлдвэр дээр очоод 6,887,062 төгрөгийн TZ-7009 маркын спиннинг дугуй 15 ширхэг, 191,160 төгрөгийн TZ-8004 маркын гантель, туухай 72 кг, бүгд 7,078,222 төгрөгийн төхөөрөмж захиалсан. Мөн иогийн хувцас хэрэглэл нийт 3,757,416 төгрөгийн хувцас эд зүйл, барааг худалдан авч, үлдэгдэл мөнгөндөө гутал, цүнх худалдан авч, Дархан их дэлгүүрт байрлах өөрийн лангуундаа тавьж худалдагчаараа заруулж байсан.

2.3 Би гүйлтийн зам 2 ширхэгийг Улаанбаатар дахь kiber sport shop дэлгүүрээс нэг бүрийг нь 1,600,000 төгрөгөөр, улаан бүрээс 50,000 төгрөгөөр, бүгд 3,250,000 төгрөгөөр худалдаж авсан. М. нь өөрийнхөө шилжүүлсэн болон авч явсан мөнгийг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан эд зүйл худалдан авсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Н.Б нь дараах фитнесийн тоног төхөөрөмжийг Н.Бын өмч мөн гэдгийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Үүнд:

1.TZ-6001 маркийн суугаа гуяны төхөөрөмж, 1 ширхэг, 1,193,757 төгрөг

2.TZ-6002 маркийн чуугаа гуяны сунгалтын төхөөрөмж, 1 ширхэг, 1,193,757 төгрөг

3.TZ-6013 маркийн гарын 2 толгойн булчингийн төхөөрөмж, 1 ширхэг, 1,193,757 төгрөг

4.TZ-6017 маркийн суултын төхөөрөмж, 1 ширхэг, 1,696,812 төгрөг

5.TZ-6023 маркийн цээж шахалтын вандан, 1 ширхэг, 479,100 төгрөг

6.TZ-6042 маркийн тэмээ төхөөрөмж 5 үйлдэлтэй, 1 ширхэг, 4,192,125 төгрөг

7.TZ-6044 маркийн хэвтээ 2 хөлний болон толгойн төхөөрөмж, 1 ширхэг, 1,193,757 төгрөг

8.TZ-6047 маркийн цээжний эрвээхэй төхөөрөмж, 1 ширхэг, 1,253,645 төгрөг

9.TZ-6050 маркийн 3 толгойн гарын булчингийн төхөөрөмж 1 ширхэг, 1,193,757 төгрөг

10.TZ-6063 маркийн дээрээс нуруу татах төхөөрөмж, 1 ширхэг, 994,132 төгрөг

11.TZ-8012 маркийн тэгш rap штанг 20 кг, 25 кг, 30 кг, 35 кг, 40 кг-ийн, 5 ширхэг 583,903 төгрөг

12.TZ-6060 маркийн цээж шахах төхөөрөмж, 1 ширхэг, 994,132 төгрөг

13.100569 маркийн өргөлтийн штангийн диск 2, 5, 10, 15, 20 кг жинтэй 4 иж бүрдэл төхөөрөмж, 1,676,850 төгрөг

14.Гүйлтийн зам, 2 ширхэг, 3,200,000 төгрөг

15.Хөгжим, микрофон, диско гэрэл нь иж бүрдэл, 1,500,000 төгрөг, нийт 22,539,484 төгрөгийн үнэ бүхий фитнесийн дасгалын төхөөрөмж болон зарим эд хөрөнгийг миний өмч болохыг тогтоож өгнө үү.

3.2 Нэхэмжлэгч нь миний өмчлөлийн 4 ширхэг гүйлтийн замын хянах самбар, буйдангын бүрээс, фитнесийн 3 ширхэг тоног төхөөрөмжийн сандлын бүрээсийг хайчаар урж 882,680 төгрөгийн хохирол надад учруулсан. Иймд нэхэмжлэгчээс 882,680 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Буйдангийн бүрээс, гүйлтийн зам муудсан тул буйдангийн хуучин бүрээсийг шинээр сольсон. Гүйлтийн замын товчнууд нь дарагдахаа больсон байсныг би өөрөө замын дэлгэц авч суурилуулсан. Өөрийн шинээр сольж тавьсан зүйлээ буцааж авсан. Хариуцагчийн эд хөрөнгөд хохирол учруулаагүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.5, 108.8-д зааснаар хариуцагч Н.Боос 11 нэр төрлийн /TZ-6001 кодтой суугаа гуяны, TZ-6002 кодтой суугаа хөл сунгалтын, TZ-6013 кодтой гарын толгойн булчин, TZ-6017 кодтой суултын, TZ-6026 кодтой нуруу гэдийлт вандан, TZ-6042 кодтой тэмээ төхөөрөмж 5 үйлдэлт, TZ-6044 кодтой хэвтээ хөл 2 толгой, TZ-6047 кодтой цээж эрвээхий, TZ-6050 кодтой гарын 3 толгойт булчингийн, TZ-6051 кодтой суултын, TZ-8011 кодтой гар штанг/ 14,618,907 төгрөгийн үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмж, зардал 12,862,025 төгрөг, бүгд 27,480,932 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М. д олгож, үлдэх 86,197,119 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 22,539,484 төгрөгийн үнэ бүхий фитнесийн дасгалын төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 882,680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,380,143 төгрөгөөс 295,354 төгрөгийг хариуцагч Н.Боос, илүү төлсөн 653,803 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч М. д олгож, үлдэх 358,449 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 200,417 төгрөгийг хариуцагч Н.Боос гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 К ХХК-ийн үнэлгээгээр 10,580,625 төгрөгийн спинингийн дугуй, 594,000 төгрөгийн гантел, нийт 11,174,625 төгрөгийн тоног төхөөрөмж, 22 нэр төрлийн 2,455,3293 төгрөгийн иогийн хувцас, хэрэглэл буюу нийт 13,629,918 төгрөгийн тоног төхөөрөмж, иогийн хувцас хэрэглэл М. гийн эзэмшилдээ авсан нь нотлогддог. Гэтэл шүүх М. д оногдох хэсгээс 13,629,918 төгрөгийн тоног төхөөрөмжийн үнийг хасах байтал 10,906,558.25 төгрөгийг хассаны улмаас 2,732,359.75 төгрөгийн зөрүү гарч, энэ хэмжээгээр хариуцагчид хохиролтойгоор шийдвэрлэсэн.

6.2 Түүнчлэн шүүх нэхэмжлэгч М. 68,368 юань буюу 68.1 хувийг төлсөн гэж дүгнэхдээ тооцооны алдаа гаргасан. Нэхэмжлэгч М. 68,368 юань төлсөн гэх шүүхийн дүгнэлтийг үндэслэн тооцвол 68,368 юань х 100% /118,368= 57,75% /68,368 юань нь нийт 118,368 юанийн 57,75% болж байна. 68.1%-57,75%=10.35%-ийн зөрүүтэй тооцсон/, 118.368 юань х 314,43= 37,218,450 төгрөг /нийт тоног төхөөрөмжийн үнийг төгрөгөөр тооцсон үнэ/, 37,218.450 төгрөг х 57,75% /100%= 21,493,654.87 төгрөг /нэхэмжлэгчид оногдох тоног төхөөрөмжийн үнэ/, 21,493.654.87 төгрөг - 13,629,918 төгрөг /нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмжийн үнэ/ = 7,906,558.25 төгрөг /хариуцагчаас гаргуулвал зохих тоног төхөөрөмжийн үнийн дүн/, 14,618,907.38 төгрөг /шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргуулахаар заасан дүн / - 7,906,558.25 = 6,712,349.13 төгрөг /хариуцагчаас илүү тооцож гаргуулсан мөнгөн дүн/.

6.3 Шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. М. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ ...2010 оноос Б бид хоёр нэг байранд тус тусдаа өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Танилцсанаас хойш маргалдах хүртэл бидний данс тооцоо тус тусдаа байсан гэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн тайлбартаа ...тоног төхөөрөмж авахаар хөөцөлдөж, намайг хамтран зээлдэгчээр оруулахыг хүсэж байсан боловч би зөвшөөрөөгүй гэсэн нь 2010 оноос бид хамтран амьдарч, хамтран нэг зааланд үйл ажиллагаа явуулахдаа өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан болохоос дундын өмчийн тоног төхөөрөмж авах, санхүүгийн хувьд нэгдэх зэргээр хамтран ажиллаж байгаагүйг өөрөө нотолсон нэхэмжлэгчийн өөрийнх байр суурь.

6.4 Нэхэмжлэгчийн эд мөрийн баримтаар гаргаж өгсөн дэвтрүүдэд М. гийн иог, спинингийн орлого зарлагыг тэмдэглэснээс Н.Бтой хамтран фитнесийн тоног төхөөрөмжийг хамтран ашиглаж, орлого олж байсан тэмдэглэл байдаггүй. И ХХК, М ХХК, Д ХХК-ийн тодорхойлолтуудаар хариуцагч Н.Б 2009 оноос хойш фитнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нь нотлогддог. М. бид хоёр өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, зардал хэмнэхийн тулд нэг зааланд үйл ажиллагаа явуулдаг байсан болохоос хамтын үйл ажиллагаа явуулдаггүй байсан.

6.5 Гэрч Н.Тын 3 удаагийн мэдүүлэг, гэрч Г. ы мэдүүлгүүдээр хариуцагч миний би фитнесийн тоног төхөөрөмж авсан, ...31,000 юань буюу 9,672,000 төгрөгийн урьдчилгааг би өгсөн ...Тухайн үед танилцаад хамт амьдарч байсны хувьд М. газар үзэнгээ өөрийнхөө лангууны барааг авчирах зорилгоор надтай хамт явж бараа авсан гэх тайлбар нотлогдоно. Гэтэл шүүх фитнесийн тоног төхөөрөмж, иог, спинингийн тоног төхөөрөмжийг бүхэлд нь зохигчдын дундын өмч гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

6.6 Шүүх фитнесийн 11 тоног төхөөрөмжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2022/01537 дугаар магадлалд зааснаас өөрөөр шийдвэрлэж, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Учир нь, анхан шатны шүүхийн шийдвэрээр фитнесийн үндсэн 11 тоног төхөөрөмж нэхэмжлэгчид хуваарилагдаж, туслах чанартай тоног төхөөрөмжүүд хариуцагчид үлдэж, хариуцагч цаашид фитнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна.

6.7 Нэхэмжлэгч нь анх 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Н.Бод холбогдуулан фитнесийн тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, 2016 оны 02 сарын 15-ны өдөр Хамтран ажиллаж байсныг тогтоолгох, зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахыг шүүхийн шийдвэрт тусгуулах, тоног төхөөрөмжинд 31,198,463.03 төгрөгийг нэхэмжлэгч санхүүжүүлсэн болохыг тогтоолгох, хамтран ажиллах явцад гарсан зардал 9,552,316.67 /үйл ажиллагааны зардал, замын зардал, гааль тээврийн зардал.Бын авсан мөнгө, ББСБ-д төлсөн зээл/ төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байсан. Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрээр хамтран ажиллаж байсныг тогтоолгох, худалдан авсан тоног төхөөрөмжинд 31,198,463.06 төгрөгийг нэхэмжлэгч санхүүжүүлсэн болохыг тогтоолгож, оруулсан хөрөнгийн хэмжээгээр тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч Н.Боос 23,080,947.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М. д олгож шийдвэрлэсэн.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө нэхэмжлэгч ямар зардал нэхэмжилж байгаагаа хавсралтандаа тодорхой дурдсан. Улмаар уг хэргийг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцаахад нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4719 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь ийнхүү нэхэмжлэлээ татан авснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болсон.

Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа Н.Боос 23,077,127.75 төгрөгийн 25 нэр төрлийн тоног төхөөрөмж эд зүйл гаргуулах тухай гэж тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилж, хамгийн сүүлийн нэхэмжлэлийн шаардлага 33 нэр төрлийн фитнесийн төхөөрөмжийн 68,1%-ийн өмчлөгчөөр тогтоолгох, 11 нэр төрлийн тоног төхөөрөмж гаргуулах, ... гаалын татвар, тээврийн зардал ... 1,729,828.54 төгрөг, хоол буудал унааны зардалд ....1,434,206.13 төгрөг, гэрээнээс гадна хулдалдан авсан тоног төхөөрөмж, эд материалын үнэ 5,157,890 төгрөг, ажлын байрны түрээс 2,000,000 төгрөг, ББСБ-аас авсан зээлийн хүү 2,000,000 төгрөг, нийт 13,321,924.67 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь өмнө нь татаж авсан оруулсан хөрөнгийн хэмжээгээр тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох тухай... хамтран ажиллах явцад гарсан зардал 9,552,316.67 /үйл ажиллагааны зардал, замын зардал, гааль тээврийн зардал Н.Бын авсан мөнгө, ББСБ-д төлсөн зээл/ төгрөгийг гаргуулах гэх нэхэмжлэлийн шаардлагатай агуулгын хувьд адилхан байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан. Гэтэл анхан шатны шүүх 12,862,025 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагад 27,480,932.43 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга:

7.1 Миний бие фитнессийн тоног төхөөрөмжийн үнэ 118,368 юаниас 68,1% буюу 80,568 юанийг, хариуцагч нь 31,9% буюу 37,800 юанийг тус тус төлсөн. Тухайн гэрээ нь 30%-ийн урьдчилгаа өгөн 2 тал гэрээ хийн тоног төхөөрөмжөө бүрэн бүтэн, аюулгүй, хугацаанд нь авахын тулд Макс фитнес компанийн нэр дээр хийсэн ба төлбөрийг М. төлсөн.

7.2 Шүүх нэхэмжлэгчийг 68,1%-ийн төлбөрийг гаргасан гэж тооцоолохдоо нэхэмжлэгчийн гаргасан мөнгөний эх үүсвэрийг нэхэмжлэгч өөрөө нотолсныг баримталсан. Хариуцагч тоног төхөөрөмжийн үнийг 100% өөрөө гаргасан гэж маргадаг боловч тухайн мөнгөнийхөө эх үүсвэрийг нотолж чадаагүйн улмаас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах гомдлын агуулга нь хариуцагч тал нэхэмжлэгчийг 57,75%-ийг гаргасныг хүлээн зөвшөөрсөн мэт агуулгатай байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 31.9%-ийн мөнгөн дүнд таарсан зардлыг нэхэмжилсэн ба үүнийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, 68,1%-ийн тооцооллыг зөв гаргасан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М. нь хариуцагч Н.Бод холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ТZ-WYL2 дугаар гэрээний дагуу худалдан авсан 33 нэр төрлийн фитнесийн тоног төхөөрөмж худалдан авахад нийт төлбөрийн 68.1 хувийг гаргасан үндэслэлээр 68.1 хувьд ногдох 30 нэр төрлийн тоног төхөөрөмжөөс 14,618,907 төгрөгийн үнэ бүхий 11 төхөөрөмжийг гаргуулах, уг 30 нэр төрлийн фитнесийн тоног төхөөрөмжийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 94 сарын хугацаанд хариуцагч эзэмшиж, ашигласнаас олсон үр шим болох 85,737,219 төгрөг, дээрх фитнесийн тоног төхөөрөмжийг авчрахад төлсөн гаалийн татвар, тээврийн зардал 5,422,660 төгрөгийн 31.9 хувь болох 1,729,828 төгрөг, хоол, буудал, унааны зардал 4,495,944 төгрөгийн 31.9 хувь болох 1,434,206 төгрөг, гэрээнээс гадна худалдан авсан тоног төхөөрөмж, эд материалын үнэ 5,157,890 төгрөг, түрээсийн ажлын байрны барьцаа төлбөр 1,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг, ББСБ ХХК-аас авсан зээлийн хүү 2,000,000 төгрөг, нийт 13,321,924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 22,539,484 төгрөгийн нэр төрлийн фитнесийн дасгалын тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 882,680 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн TZ-WYL2 дугаар гэрээний дагуу маргааны зүйл болох фитнесийн 33 нэр төрлийн, 47 ширхэг тоног төхөөрөмжийг бусдаас худалдан, маргааны зүйл болох 11 нэр төрлийн тоног төхөөрөмж хариуцагчийн эзэмшилд байгаа үйл баримтын талаар зохигч маргаагүй.

4. Тухайн тоног төхөөрөмжийг талууд ямар хэмжээгээр эзэмших эрхтэй эсэх, хэн алинаасаа тоног төхөөрөмжийн зарим хэсгийг шаардах эрхтэй эсэх, түүнтэй холбоотой зардлыг хэрхэн хариуцах, ашигласан хугацааны үр шим болон хохирлыг шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.

5.1 Талууд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн TZ-WYL2 дугаар гэрээний дагуу маргааны зүйл болох фитнесийн 33 нэр төрлийн, 47 ширхэг тоног төхөөрөмжийг нийт 118,368 юанаар бусдаас худалдан авсан. /1хх 7-15/

5.2 Дээрх тоног төхөөрөмжийн 11 нэр төрлийн тоног төхөөрөмж нэхэмжлэгчийн, 30 нэр төрлийн тоног төхөөрөмж хариуцагчийн эзэмшилд тус тус байгаа.

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар дээрх тоног төхөөрөмжийг талуудын хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, мөн зүйлд заасан хамтран өмчлөх эд хөрөнгө нь талуудын хооронд хууль болон хэлцлийн үндсэн дээр үүсдэг. Талууд дотно харьцаатай буюу хамтын амьдралтай байсан гэх хугацаанд тухайн тоног төхөөрөмжийг бусдаас худалдан авсан нь хамтран өмчлөх эд хөрөнгө үүссэн гэж үзэх шууд үндэслэл болохгүй.

7. Харин талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа амаар байгуулагдсан гэж үзэхээр байна. Тодруулбал, талууд анхнаасаа фитнесийн үйл ажиллагаа эрхлэх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бусдаас дээрх тоног төхөөрөмжийг худалдан авсан. Өөрөөр хэлбэл, гэрээг амаар байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд талуудын үйлдэл нь хүсэл зоригийн илэрхийлэл байна. Харин гэрээг бичгээр байгуулах тохиолдолд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3 дахь хэсэгт заасан зүйлийг тусгана.

7.1 Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна. Мөн зүйлийн 477.3 дахь хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна.

7.2 Дээрх 33 нэр төрлийн тоног төхөөрөмжийн үнэ нийт 118,368 юанийн 68,368 юанийг нэхэмжлэгч төлсөн, үлдэх 50,000 юанийг хариуцагч төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч хувь хэмжээг тогтоохдоо алдаа гаргасан байна. Тодруулбал, нийт 118,368 юанийн 68,368 юань нь 58 хувь байхад 68.1 хувь гэж, 50,000 юань нь 42 хувь болж байхад 31.9 хувь гэж алдаатай дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, нийт 118,368 юанийн тоног төхөөрөмжийг худалдан авахад нэхэмжлэгч 68,368 юанийг төлснөөр түүний оруулсан хувь хэмжээ нийт тоног төхөөрөмжийн 58 хувь, хариуцагч үлдэх 50,000 юанийг төлснөөр түүний оруулсан хувь хэмжээ 42 хувь тус тус болж байна. Иймд хариуцагчийн ...шүүх хувь хэмжээг буруу тооцсон гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

7.3 Нэхэмжлэгч нь дээрх тоног төхөөрөмжөөс өөрийн оруулсан хувь хэмжээгээр 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нэр зааж шаардсанаар талуудын хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон байна. Өөрөө хэлбэл, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар талууд хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсноор хамтран ажиллах гэрээ дуусгавар болжээ.

8. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна.

8.1 Нэхэмжлэгчийн оруулсан хувь хэмжээ нь 68,368 юань буюу 21,475,613 төгрөг байх бөгөөд үүнээс өөрийнх нь эзэмшилд байгаа тоног төхөөрөмжийг 10,906,558 төгрөгөөр үнэлж, үлдэх 10,569,055 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгч тоног төхөөрөмжийг хариуцагчаас шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн оруулсан хувь хэмжээгээр хамтран ажиллах хэлцлийн үр дүнд бий болсон эд хөрөнгөөс тодорхой хэсгийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд тухайн эд хөрөнгийг нэрлэн заасныг буруутгах боломжгүй. Иймд хариуцагчийн ...шүүх 10,906,558 төгрөгийн ...тооцооны алдаа гаргасан гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Харин тухайн 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг худалдан авсан үнэ 14,618,907 төгрөг болж байх тул зөрүү 4,049,852 /14,618,907-10,569,055/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт нийцнэ.

9. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.4 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ.

9.1 Дээрх 33 нэр төрлийн тоног төхөөрөмжийг худалдан авахтай холбоотой нийт 13,321,924 төгрөгийн зардлыг хариуцагч хариуцах буюу талуудын хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүрэг гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн зардлыг хамтын үйл ажиллагааны явцад бий болсон гэх үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй байхад анхан шатны шүүх хариуцагч баримтаар үгүйсгээгүй үндэслэлээр дээрх шаардлагаас 12,862,025 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлоос 12,862,025 төгрөг гаргуулах хэсгийг эс зөвшөөрсөн агуулга бүхий хэсгийг хангаж, шийдвэрт хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

10. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчаас 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулах хэсгийг хангах талаар дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт үнийг мөн адил гаргуулахаар заасан нь найруулгын хувьд зөрчилтэй болсон байх тул хариуцагчаас 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

11. Нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан орлого 85,737,219 төгрөг болон зардал 459,899 төгрөг гаргуулах хэсэг, мөн сөрөг нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

12. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/03911 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Боос TZ-6001 кодтой суугаа гуяны, TZ-6002 кодтой суугаа хөл сунгалтын, TZ-6013 кодтой гарын толгойн булчин, TZ-6017 кодтой суултын, TZ-6026 кодтой нуруу гэдийлт вандан, TZ-6042 кодтой тэмээ төхөөрөмж 5 үйлдэлт, TZ-6044 кодтой хэвтээ хөл 2 толгой, TZ-6047 кодтой цээж эрвээхий, TZ-6050 кодтой гарын 3 толгойт булчингийн, TZ-6051 кодтой суултын, TZ-8011 кодтой гар штанг, нийт 11 нэр төрлийн фитнесийн тоног төхөөрөмжийг гаргуулан нэхэмжлэгч М. д олгож, нэхэмжлэгч М. гоос 4,049,852 төгрөг гаргуулан хариуцагч Н.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 99,059,144 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,380,143 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, илүү төлсөн 339,724 төгрөгийг улсын орлогоос гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 200,411 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН