Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2015/10544/И |
Дугаар | 02591 |
Огноо | 2016-03-30 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 02591
2016 оны 3 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/02591 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, 2-р хэсэг, Тэнгэр рашааны гудамж, 78-4Б тоотод оршин суух, “Билэг насан” ХХК-ний захирал ажилтай, регистр ЧМ72110700, Хатагин овогт Нямжавын Лхамсүрэн,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, 2-р хэсэг, Тэнгэр рашааны гудамж, 78-4Б тоотод оршин суух, “Эх газрын эрдэнэс” ХХК-ний захирал ажилтай, регистр ЧЖ68041170, Шарнууд овогт Дамдингийн Энхжаргал нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, 2-р хэсэг Тэнгэр рашаан гудамж, 78-5Б тоотод оршин суух, регистр ХЕ68091379, Боржигон овогт Чойжилсүрэнгийн Батнасанд холбогдох “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцааг бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 893 200 доллар, 1 429 370 140 төгрөг гаргуулахыг хүссэн, Д.Энхжаргалд холбогдох Эх газрын эрдэнэс ХХК-д 2013 оны 11-р сарын 20-ны өдөр олгосон 552/2013 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүйд тооцуулах, түүнийг хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад эрх эрх нь дуусгавар болсныг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Лхамсүрэн, Д.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Гомбосүрэн, Б.Мянган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, өмгөөлөгч Б.Даваажанцан, гэрч Д.Наранцэцэг, П.Аюур, Д.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Батнасан болон миний нөхөр Д.Энхжаргал нар нь 1990 оноос хойш найз нөхдийн холбоотой бизнесийн хамтрагчид байсан. 2001 оноос Д.Энхжаргалын “ОЭТ” ХХК-ийн нэр дээр Чингэлтэй дүүргийн 1-р хороонд “Финанс” төвийн барилга баригдаж эхэлсэн бөгөөд Д.Энхжаргал санхүүжилт хийж эхэлсэн. 2007 оноос эхлэн барилгын үйл ажиллагаа удааширч эхлэхэд нөхөр Д.Энхжаргал хурдан гүйцэтгэж барилгыг борлуулмаар байгаагаа хэлдэг байсан. Иймд миний бие 2007 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 143 000 ам доллар шилжүүлсэн. Би Батжаргалаас “Эх газрын эрдэнэс” ХХК-ийг 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 100 хувь шилжүүлж авсан, компаний эзэмшилд Хан-Уул дүүргийн 11-р хороонд 4,25 га газартай ба компанийг 750 000 ам.доллараар худалдан авч компанийн болон хувь хүний албан татварын тайланд тусгасан. Ингээд тус газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой байсан. Гэвч Ц.Батнасан нь “Чингэлтэй дүүргийн 1-р хороонд баригдаж байгаа барилгын ажилд хөрөнгө оруулалт хийж дууссаны дараа “Эх газрын эрдэнэс” ХХК-д хөрөнгө оруулалт хийе” гээд “Финанс” центерийн барилгад хөрөнгө орлуулалт хийхийг хүссэн. Ингээд 2007-2010 онд уг барилгат хөрөнгө оруулалт хийж, барилга дуусах дөхөж байхад Батнасан “удахгүй Эх газрын эрдэнэс ХХК-ийн төсөлд ажиллах тул хувьцаагаа шилжүүлээч” гэж санал тавьсан. Ц.Батнасан нь өргөдөл бичиж “Эх газрын эрдэнэс” ХХК-тай хамтран ажиллана гэсний дагуу би 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хувьцааны 50 хувийг бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн. Ингэхдээ би “газар”-аар хөрөнгө оруулалт хийж, Ц.Батнасан өөрийн хөрөнгийг оруулж хамтран ажиллахаар амаар тохиролцсон. 2010 оноос хойш Ц.Батнасан компанийн захирлаар ажилласан боловч өөрийн хөрөнгөө оруулаагүй, асуухаар “өмнөх барилга зарагдахгүй байна, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахгүй байна” гэсээр 2012 он хүрсэн. Ц.Батнасан нь компаний өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байсан тул хувьцаа эзэмшигчдийн хурал хийж Д.Энхжаргалыг гүйцэтгэх захирлаар томилсон. Энэ байдлаас нь харахад Ц.Батнасан нь залилан мэхэлж “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж авсан тул бэлэглэлийн гэрээ, компаний эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Мөн 2007-2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт “ОЭТ” ХХК-ийн нэр дээр баригдаж байсан барилгад хөрөнгө оруулалт гэж 893 200 ам.долларыг шилжүүлсэн тул Ц.Батнасангаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч Д.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Батнасантай би олон жилийн өмнөөс хамтран бизнес эрхэлж нөхөрлөж байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн 1-р хороонд баригдаж байсан одоогийн “Финанс” төвийн барилгыг барьж байхдаа надаас хөрөнгө оруулалт хийх хүсэлт гаргасан. Энэ барилга нь миний эзэмшлийн “ОЭТ” ХХК-ний нэр дээр 2001 оноос эхэлсэн. Барилгын газрыг авах, зураг төсөл, дэд бүтэц, бичиг баримт бүрдүүлэх зардлаас эхлээд барилга угсралтын ажил нь 2004-2010 он хүртэл үргэлжилсэн. Энэ үеэс эхлэн Ц.Батнасанд хөрөнгө оруулалт хийж 621 000 ам.доллар, 77 800 евро өгсөн. Бид 2007 оны 05-р сарын 23-ны өдөр тооцоо нийлж мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл намайг гадаад улсад ажиллаж амьдарч байхад Ц.Батнасан нь надад мэдэгдэлгүйгээр “ОЭТ” ХХК-ний 2006 оны жилийн эцсийн тайлангаар барилгыг 623 000 000 төгрөгийн үнээр “Чимо” ХХК-ний балансад хуурамчаар гарын үсэг зурж шилжүүлж авсан байсан. Энэ нь Чингэлтэй дүүргийн прокурорын 513 тоот тогтоолоор тогтоогдсон. Тухайн үед Д.Наранцэцэгтэй хамтран үйлдсэн. 2009 онд татварын шалгалт ирэхэд би үнэн бодит байдлаар хэлсэн бол Ц.Батнасан хүний эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэх үйлдлээр шалгагдах байсан. Тухайн үед Ц.Батнасан нь миний эд хөрөнгө байсан гэж хэлээд өгөөч гээд байсан учир би татварын албанд тийм мэдүүлэг өгсөн. Ц.Батнасан нь 623 000 000 төгрөгийг өөрийнх мэтээр тайлбарлаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Надад ямар нэгэн хувьцаа болон барилгаас оногдох хэсгийг өгөөгүй тул хөрөнгө оруулсан мөнгөө шаардаж байна. Надаас гарын үсэг зураагүй авсан мөнгө байгаа боловч шаардаагүй. Иймд 621 000 ам.доллар 77 800 евро буюу монгол мөнгөөр нийт 1 429 370 140 төгрөгийг Ц.Батнасангаас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Батнасан нь Д.Энхжаргалтай 1989 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Д.Энхжаргал нь Ц.Батнасагийн туслахаар ажиллаж байгаад 2000 оноос Монгол улсад суурьших болсон. Д.Энхжаргал нь архины бизнест хөрөнгө оруулахыг Ч.Батнасанд санал болгож Өргөө Од ХХК-ний 50 хувийн хувьцааг Батнасан, Трансын консулт ХХК-ийн хувьцааг Энхжаргал эзэмшдэг, Финанс төвийн байрыг “ОЭТ” ХХК, Д.Энхжаргалын архины бизнес ашиггүй болоход Ц.Батнасан түүнийг “Хархираа хөгжил” ХХК руу архины тусгай зөвшөөрөлтэй, объектын хамтаар 2006 онд шилжүүлэх зэргээр бизнест хамтран ажиллаж байсан юм. Тухайн үед Ц.Батнасанд хувийн компани байгаагүй боловч нийслэлээс хувиараа газар авч хөрөнгө оруулалт хайсан. Ингээд хөрөнгө оруулалт олж Нийслэлийн Хангаръд ордны ард “Финанс” центерын барилгыг эхлүүлэх гэсэн боловч өөрийн гэсэн компанигүй байсан учраас Д.Энхжаргалын гүйцэтгэх захирлаар ажилладаг компанийн баланст бүртгүүлж барилгын ажил эхлүүлсэн. 2009 онд Татварын албаны дарга Гансүхэд холбогдсон хэрэгт өгсөн Д.Энхжаргал, Наранцэцэг нарын тайлбараар тодорхой байгаа. Ц.Батнасан нь тухайн компанийн нэр дээр барилгаа барьж байсан. Гэвч ОЭТ ХХК-ийг Увс хүнс ХХК-д зарах болж Д.Энхжаргал нь хөрөнгөө авахыг Ц.Батнасанд хэлсэн, тэгээд барилгаа авсан. Тухайн үед дутуу баригдсан 3 давхар карказыг 630 000 000 төгрөгөөр балансаас балансад шилжүүлж авсан. Нэхэмжлэгч нар хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр Ч.Батнасангийн гарын үсэг биш гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн үед шилжүүлж авсан баланстай холбоотой маргаан үүсээгүй юм. Татварын албанд шалгагдсан асуудал нь архины үйлдвэрийг зарахдаа татвар төлөөгүй гэдэгтэй холбоотой хэрэг шалгагдаж тайлбар хийж байсан. Д.Энхжаргал нь 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр татварын албаны даргад өгсөн тайлбартаа “Ц.Батнасан өөрийн нэр дээр зээл авч манай компанид бүртгүүлэн барилга барьж эхэлсэн, манай компанийн нэр дээр тендерт оролцсон, би 2004 оноос 2007 он хүртэл гадаад улсад амьдарч байсан, компанийн хөрөнгийг Хархираа хөгжил ХХК-д шилжүүлэх болсон тул Ц.Батнасан өөрөө “Чимо” ХХК-ийг байгуулж Сүхбаатар дүүрэгт бүртгүүлж хөрөнгөө авсан байсан” гэсэн тайлбар хийж байсан. Нэхэмжлэлээс харахад Н.Лхамсүрэн нь 2007 оны 09-р сарын 11-ний өдрөөс хойших хугацааны төлбөр, Д.Энхжаргал нь 2007 оны 05-р сараас өмнөх хугацааны төлбөр нэхэмжилжээ. 2007 оноос өмнөх хугацааны төлбөр нэхэмжилж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацааг хуулиар зохицуулсан. Лхамсүрэн нь нэхэмжлэл гаргахдаа оффисын барилгын хөрөнгө оруулалт гэж хийсэн гэдэг боловч гүйлгээний утга дээр өөр байдлаар тайлбар бичсэн. Ч.Батнасан нь Лхамсүрэн, Энхжаргал нарын захиалгаар Хан-Уул дүүргийн Анома 5б байрыг 319 636 772 төгрөгийн төсөвтэй, 2009 онд Ц.Батнасангийн аав Чойжилсүрэнгийн захиалгаар 15 айлын 8 машины гаражтай 790 888 213 төгрөгийн төвөстэйгээр барьж Д.Энхжаргалд хүлээлгэж өгсөн. 6-р бичил хороололд үйлчилгээний төв, гаражийн хамтаар 2008 онд барьж гүйцэтгэсэн. Тус барилгын барихдаа 200 213 613 төгрөгийн төсөв гарсан. Ингээд тус барилгуудыг барих төсвийн үнэ 1 310 738 595 төгрөг болж байгаа юм. Ц.Батнасангаас ч мөн ялгаагүй Д.Энхжаргалд мөнгө шилжүүлсэн юм. Финанс төвийн барилгын ажил нь 2004 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барилгын ажил эхэлж, 2010 онд улсын коммист бүрэн хүлээлгэж өгсөн. Лхамсүрэн, Д.Энхжаргал нараас барилга барихад ямар ч хөрөнгө оруулалт аваагүй зөвхөн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу барилга барьж өгөхөд зарцуулсан хөрөнгө юм. Эх газрын эрдэнэс ХХК-ийн хувьцааг 2010 оны 02 дугаар сард шилжүүлсэн ба Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Хурлын тэмдэглэлд Ц.Батнасан гэдэг хүний оюуны потенциал, боломжийг үндэслэв гэж бичсэн байна. Хавтаст хэрэгт газрыг 750 000 ам.доллараар авсан баримт байхгүй, зөвхөн 2 000 000 төгрөгийн хувьцаатай компани юм. Ц.Батнасан хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн үйл ажиллагаанд оролцож байсан боловч 2012 оны 09 дүгээр сараас үйл ажиллагаанд огт оролцуулаагүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Батнасан нь 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулсан “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч юм. 2010 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Н.Лхамсүрэнтэй байгуулсан “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцаа бэлэглэх, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр 50 хувийн хувьцааг хууль ёсоор шилжүүлэн авч хувьцаа эзэмшигч болсон. Ц.Батнасан 2010 оны 02-р сарын 26-ны өдрөөс 2012 оны 09-р сарын 04-ний өдрийг хүртэл “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Гэвч гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг өгсний дараагаас нэхэмжлэгч нар шүүхэд 4 удаа нэхэмжлэл гаргаж, удаа дараа цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байсан учраас компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон. “Эх газрын эрдэнэс” ХХК нь Хан-Уул дүүрэг, Зайсанд 4,25 га газар эзэмших эрхтэй ба тухайн газарт барилгын ажил эхлүүлсэн байдаг. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Эх газрын эрдэнэс” ХХК-д 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 552/2013 дугаартай барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байна. Үүнийг НЕТГ-аас авсан албан бичгээр мэдсэн, өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч Ц.Батнасангийн зөвшөөрлийг авалгүйгээр барилгын ажил эхлүүлсэн гэдгийг мэдсэн. Д.Энхжаргал нь ямар зорилго, зориулалтаар барилга угсралтын ажил хийж байгаа талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, зөвшөөрөл аваагүй, хувьцаа эзэмшигчдын хурлаар хэлэлцүүлээгүй байдаг. Энэ компани 2 000 000 төгрөгийн дүрмийн сантай, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь Компаний тухай хуулийн 87-р зүйлд заасан их хэмжээний хэлцэл тул хүчингүй болгож өгнө үү. Мөн Д.Энхжаргал нь 2012 онд гүйцэтгэх захирал болсноос хойш хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компаний тухай хуулийн 59-р зүйлд зааснаар зарлан хуралдуулаагүй. Иймд гүйцэтгэх захирал Д.Энхжаргалыг хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүх эрх дуусгавар болж байна. Түүний бусад этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус болж байгаа тул Д.Энхжаргалыг компанийг төлөөлөх эрхгүй этгээд болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Аж ахуйн нэгжийн барилга барих зөвшөөрөл аваагүй гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргаж байна. 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Батнасангийн саналыг авах шаардлага байхгүй. Төрөөс олгож байгаа барилгын зөвшөөрөл авахад 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Батнасангийн зөвшөөрөл авдаггүй юм. Компанийн тухай хуулийн дагуу их хэмжээний хэлцэлд тооцогдохгүй юм. Их хэмжээний хэлцэл гэдэг нь Н.Лхамсүрэн нь Батжаргалаас Эх газрын эрдэнэс ХХК-ийг 750 000 ам.доллараар авсан 2008 оны 01-р сарын 09-ний өдрийн баримт юм. Үүнийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулинд зааснаар мэдүүлсэн байгаа. Ц.Батнасан нь 2008 онд Эх газрын эрдэнэс ХХК-ийг 750 000 ам.доллараар худалдаж авсан гэдгийг мэдэж байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Лхамсүрэн, Д.Энхжаргал нар нь Ч.Батнасанд холбогдох “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцааг бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 893 200 доллар, 1 429 370 140 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл, хариуцагч Ч.Батнасан нь Д.Энхжаргалд холбогдох “Эх газрын эрдэнэс” ХХК-д 2013 оны 11-р сарын 20-ны өдөр олгосон 552/2013 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүйд тооцуулах, түүнийг хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад эрх эрх нь дуусгавар болсныг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх Н.Лхамсүрэн, Д.Энхжаргал нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Н.Лхамсүрэн нь 2010 оны 2-р сарын 1-ний өдөр Ч.Батнасантай “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцаа бэлэглэх, “Компаний эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, тус компаний дүрмийн сангийн 50 хувь буюу 1 000 000 төгрөгийн хөрөнгөө бэлэглэхээр /хх 9-10/ тохирчээ.
“Эх газрын эрдэнэс” ХХК-ний 2010 оны 02-р сарын 01-ний өдрийн хурлаар Ч.Батнасанг компаний гишүүнээр элсүүлж, улмаар компаний дүрмэнд өөрчлөлт оруулж нийт хувьцааны 50 хувийг Н.Лхамсүрэн, 50 хувийг Ч.Батнасан эзэмших, гүйцэтгэх захирлаар Ч.Батнасанг томилсныг улсын бүртгэлд тус тус бүртгэсэн /хх 4, 7-8, 49-75, 101-104/, бүртгэл хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч нь Ч.Батнасан компанид хөрөнгө оруулж хамтран ажиллахаар тохирч хувьцаа шилжүүлэн авсан боловч хөрөнгө оруулаагүй гэж маргаж, дээрх гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.
Компаний тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани, 3.5-д зааснаар ХХК нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компаний дүрмээр хязгаарлагддаг компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэнэ гэж тодорхойлжээ.
Компаний хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа худалдах, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрх нь Компаний тухай хууль болон Иргэний хуульд зааснаар хэлцлийн үндсэн дээр хийгддэг байна.
Энэ утгаараа, “Эх газрын эрдэнэс” ХХК-ний хувьцаа эзэмшигч Н.Лхамсүрэн нь компанийхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх, ашигтай ажиллах, оршин тогтнох хугацааг уртасгах, түүний оюуны потенциалыг ашиглах зорилгоор Ч.Батнасангийн хүсэлтийг хүлээн авч хувьцаагаа шилжүүлсэн, өөрөөр хэлбэл, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн сайн дурын үндсэн дээр хэлцэл хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, хувьцаа бэлэглэж, улмаар компаний эрхээ шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй, Иргэний хуулийн 276-р зүйлд зааснаар гэрээ хийсэн байх тул энэ хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлгүй.
Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хууль зүйн ямар нэг үр дагавар гаргахыг хүсээгүй, хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгосон шинжийг агуулдаг. Талууд дээрх гэрээгээр энэ хүчин төгөлдөр бус хэлцлийг шинжийг агуулсан үйлдэл хийгээгүй, харин хувьцаагаа бэлэглэснээр хувьцаа эзэмшигч болж, компаний үйл ажиллагааг удирдах, эрхлэн явуулах зэрэг бүхий л үр дагаварыг бий болгосон байна.
Нөгөө талаар, талууд Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийн хавхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн бол Н.Лхамсүрэн нь хувьцаагаа Ч.Батнасанд бэлэглэх, компаний эрхээ шилжүүлэх хэлцлийг хэрэгжүүлэхгүй, өөрөөр хэлбэл, дүрмэндээ өөрчлөлт оруулах, хувьцаа эзэмшигч болгох, улсын бүртгэлд бүртгүүлэх үр дагавар гаргахыг зорилго болгохгүй байжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч “Хамтран ажиллахаар тохирсон гэрээ”-г халхавчилсан гэж тайлбарладаг боловч Н.Лхамсүрэн, Ч.Батнасан нар нь хамтран ажиллахаар, өөрөөр хэлбэл, хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллахаар тохирсныг халхавчилж дээрх гэрээг байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Эдгээрээс дүгнэвэл, талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулаагүй, хүчин төгөлдөр хэлцэл хийгджээ. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Н.Лхамсүрэн, Д.Энхжаргал нар нь “ОЭТ” ХХК-ний нэр дээр баригдаж байсан Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр баригдсан “Финанс” төвийн барилгын санхүүжилтэд Ч.Батнасангийн хүсэлтээр санхүүжилт хийсэн боловч биднийг хууран мэхэлж мөнгийг буцааж өгөөгүй талаар маргаж, Н.Лхамсүрэн нь 893 200 доллар буюу 1 816 933 520 төгрөг, Д.Энхжаргал нь 621 00 доллар, 77 800 ёвро буюу 1 429 370 140 төгрөг тус тус гаргуулахаар шаарджээ.
Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “..түүний өгсөн гэх санхүүжилт болон би өөрийн хөрөнгөөр Д.Энхжаргалын орон сууц, үйлчилгээний барилгын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэж байсан, үүнд, Хан-Уул дүүргийн 11-р хороо, “Анома” ХХК-ний хувийн орон сууцны 319 636 772 төгрөгийн төсөвт өртөг бүхий барилга, Баянгол дүүргийн 6-р бичил хороолол, иргэн Д.Энхжаргалын 200 213, 610 төгрөгийн төсөвт өртөг бүхий үйлчилгээний барилга, Баянгол дүүргийн 3-р хороо, “Тахидаг хайрхан” ХХК-ний орон сууц, үйлчилгээний 790 888 213 төгрөгийн өртөг барилгын ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэж /хх 123-189/ маргажээ.
Д.Энхжаргал, Ч.Батнасан нар нь 1999 оноос хамтран бизнес хийж байсан, улмаар Д.Энхжаргал нь “ОЭТ” ХХК, “Тахидаг хайрхан” зэрэг ХХК-ийг, Ч.Батнасан нь “Чимо” ХХК, “БГ” ХХК-ийг /хх 203-209/ үүсгэн байгуулсан, Д.Энхжаргалын үйлчилгээний барилгын өргөтгөл болон “ОЭТ” ХХК-ний нэр дээр баригдсан барилга, “Анома” ХХК-ний газар дээр барьсан амины сууцны барилгын ажлын захиалагч талын гүйцэтгэх ажлуудыг Ч.Батнасан хариуцан ажиллаж байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Н.Лхамсүрэн нь 2007 оны 09-р сарын 14-нөөс 2010 оны 12-р сарын 16-ны хооронд Ч.Батнасанд 893 200 ам.долларыг зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилт /1-р хавтас 34-42, 2-р хавтас 54-60/ хэлбэрээр шилжүүлсэн, Д.Энхжаргал нь 2001 оны 5-р сарын 9-нөөс 2007 оны 5-р сарын 23-ны хооронд 621 000 доллар, 77 800 ёврог оффисийн барилгын санхүүжилт / 2-р хавтас 13/ хэлбэрээр тооцоо хийжээ.
Нэхэмжлэгч нар эдгээр мөнгийг Чингэлтэй дүүргийн 1-р хороо, “Финанс” төвийн барилгын санхүүжилтэд шилжүүлсэн гэх боловч тухайн барилга нь Д.Энхжаргалын эзэмшлийн “ОЭТ” ХХК-ний захиалгаар баригдаж эхэлсэн нь зохигчийн тайлбар, гэрч П.Аюурын “...Финанс төвийн барилга 2004 оны 4-р сараас баригдаж эхэлсэн, санхүүжилтийг Батнасан хийж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Наранцэцэгийн “...би “ОЭТ” ХХК болон “Чимо” ХХК-ны санхүүгийн тайланг хийдэг байсан, ОЭТ ХХК-нийг үүсгэн байгуулагдсанаас хойш 2006 оны жилийн эцсийн тайланг хийсэн, ОЭТ ХХК-ийн балансад Сүхбаатарын талбайн баруун талд дуусаагүй барилга байсан, барилгыг 2006 оны жилийн эцсийн тайлангаар Чимо ХХК-ний балансад 623 сая төгрөгийн өртөгөөр балансаас балансад шилжүүлсэн, Энхжаргал захирлын тушаал, албан бичиг, хурлын протокол зэрэгт би гарын үсэг зурсан, тэр үед Энхжаргал байгаагүй” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ганцэцэгийн “...би Чимо компанид няраваар ажиллаж байсан, 10 давхар барилгыг баригдаж дуусах хүртэл бүтэн ажилласан, Батнасангаас мөнгө авч материалаа авдаг байсан” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэвэл тухайн барилга нь “ОЭТ” ХХК-ний захиалгаар баригдаж байжээ.
Барилгын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.12 дахь хэсэгт зааснаар захиалагч нь барилгын үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан зохицуулж, санхүүжилтийг тогтоосон хугацаанд хийх үүрэгтэй бөгөөд Д.Энхжаргал нь тухайн үед “ОЭТ” ХХК-ний захиалгаар баригдаж байсан барилгын санхүүжилтийг хариуцах үүрэгтэй, энэ үүргээ гүйцэтгэж санхүүжүүлсэн зардлаа Ч.Батнасангаас шаардсан нь үндэслэлгүй.
Нөгөө талаар, тухайн барилгыг 2006 оны жилийн эцсийн тайлан балансаар “ОЭТ” ХХК-ний балансаас “Чимо” ХХК-ний балансад шилжүүлсэн талаар талууд маргаагүй бөгөөд энэ нь компани хооронд үүссэн асуудал байхад Н.Лхамсүрэн, Д.Энхжаргал нар нь Ч.Батнасангаас шаардах эрхгүй гэж дүгнэлээ.
Түүнчлэн хариуцагчийн “..түүний өгсөн гэх санхүүжилт болон би өөрийн хөрөнгөөр Д.Энхжаргалын орон сууц, үйлчилгээний барилгын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэж байсан” гэсэн тайлбар, татгалзлыг нэхэмжлэгч нар няцаагаагүй байна.
Н.Лхамсүрэн, Д.Энхжаргал нарын гомдлоор Ч.Батнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.4, 233-р зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 2015250007225 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Чингэлтэй дүүргийн прокурорын 2015 оны 11-р сарын 05-ны өдрийн 117, 513 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, тогтоол хүчин төгөлдөр байна. Түүнчлэн 2-р хавтаст хэргийн 33-47 дахь хуудсанд авагдсан сэжигтэн, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, гэрчийн мэдүүлгүүд нь тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай баримтууд болно.
Хэргийн 79-119, 227-228 дахь талд авагдсан “Эх газрын эрдэнэс” ХХК-ийг С.Батжаргалаас Н.Лхамсүрэн шилжүүлэн авсан гэрээ, дүрэм, мөнгө хүлээлгэн өгсөн, хамтран ажиллах гэрээний талаар талууд маргаагүй, компаний 2015 оны 3-р улирлын санхүүгийн тайлан /хх 229-232/, 2006 оны 1-р улирлын тайлан /2-р хавтас 186-198/ , Д.Энхжаргалын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх 234-245/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссийн 2009 оны 12-р сарын 28-ны өдрийн 271/2009 тоот акт, 2010 оны 09-р сарын 27-ны өдрийн 223/2010 тоот акт /хх 72-75/, Эх газрын эрдэнэс ХХК-ний Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутагт баригдах орон сууцны “Таун хаус” хотхоны барилгын зураг төсөл /115-163, 165/, иргэн Ш.Амаржаргалын амины орон сууцны талаарх үнэлгээ, түүнтэй холбоотой баримтууд /хх 167-184/ нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбоогүй баримтууд байна.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч Ч.Батнасан нь Д.Энхжаргалд холбогдох “Эх газрын эрдэнэс” ХХК-д 2013 оны 11-р сарын 20-ны өдөр олгосон 552/2013 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүйд тооцуулах, түүнийг хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад эрх эрх нь дуусгавар болсныг тогтоолгохыг компанийг төлөөлөх эрхгүй этгээд болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Ц.Батнасан нь 2010 оны 02-р сарын 01-ний өдөр Н.Лхамсүрэнтэй байгуулсан “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцаа бэлэглэх, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч хувьцаа эзэмшигч болж улсын бүртгэлд бүртгэгдсэн, бүртгэл хүчин төгөлдөр байна.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь “Эх газрын эрдэнэс” ХХК-д Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт амралтын цогцолбор бүхий орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 552/2013 тоот зөвшөөрлийг 2013 оны 11-р сарын 20-ны өдөр олгож, зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2014 оны 12-р сарын 30-ны өдрөөр тогтоосон байх ба зөвшөөрөл олгосон талаар нэхэмжлэгч маргаагүй байна.
Компаний тухай хуулийн 87-р зүйлийн 87.1.1-д хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо холбоотой хэд хэдэн хэлцэл, 87.1.2-т компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш хэмжээний энгийн хувьцаа, энгийн хувьцаа авах эрхийн бичиг буюу энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргах, эсхүл хоорондоо холбоотой хэд хэдэн гаргалтыг их хэмжээний хэлцэл гэж заажээ.
Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь Компаний тухай хуулинд заасан их хэмжээний хэлцэлд тооцогдохгүй бөгөөд харин төрийн эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байна.
Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгоход хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл шаардахгүй болно. Иймд их хэмжээний хэлцлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
“Эх газрын эрдэнэс” ХХК-ний хувь нийлүүлэгчдийн 2012 оны 09-р сарын 03-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Д.Энхжаргалыг тус компаний гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар шийдвэрлэж, Компаний тухай хуулийн 83-р зүйлийн 83.6 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулсан, улмаар аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнд удирдлагын талаарх бүртгэл хийгдсэн /хх 4, 13-18, 105-107/ байна.
Д.Энхжаргал нь гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш компаний дүрмийн 8.7, Компаний тухай хуулийн 59-р зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан “Хувьцаа эзэмшигчдийн хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хуралдуулна” гэснийг зөрчиж гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш хурал хуралдуулаагүй нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.
Д.Энхжаргал нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулаагүй үндэслэлээ “Ч.Батнасан компаний үйл ажиллагаанд оролцдоггүй, өөрөө олддогүй” гэж тайлбарладаг боловч Компаний тухай хуулийн 60-р зүйлд зааснаар шийдвэр гаргаж, энэ хуульд заасан журмаар мэдээллийг хүргүүлж байгаагүй байна.
Иймд Компаний тухай хуулийн 59-р зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар “Эх газрын эрдэнэс” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Энхжаргалын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компаний дүрмээр тогтоосон бүрэн эрх нь дуусгавар болох үндэслэлтэй.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байна. Иймд дутуу төлсөн 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэг, 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Лхамсүрэн, Ч.Батнасан нарын хооронд байгуулагдсан 2010 оны 2-р сарын 1-ний өдрийн “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцаа бэлэглэх, “Компаний эрх шилжүүлэх гэрээ” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Ч.Батнасангаас 893 200 доллар буюу 1 816 933 520 төгрөг гаргуулахыг хүссэн Н.Лхамсүрэн, 621 00 доллар, 77 800 ёвро буюу 1 429 370 140 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Энхжаргал нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Компаний тухай хуулийн 59-р зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар “Эх газрын эрдэнэс” ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Энхжаргалын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компаний дүрмээр тогтоосон бүрэн эрх нь дуусгавар болсныг тогтоож, энэ хуулийн 87-р зүйлийн 87.1.1, 87.1.2 дахь хэсэгт зааснаар “Эх газрын эрдэнэс” ХХК-д Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт амралтын цогцолбор бүхий орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 552/2013 тоот зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүссэн Ч.Батнасангийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Лхамсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 768 835 төгрөг, Д.Энхжаргалаас төлсөн 7 304 800 төгрөг, хариуцагч Ч.Батнасангаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, энэ хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Ч.Батнасангаас 70 200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА