Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00087

 

Е- С- сургуулийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Е- С- сургуулийн хариуцагч Б- ХХК, Б.Б- нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол болон бусад зардалд нийт 596,937,740 төгрөг гаргуулах тухай үндсэн, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр, нэмэлт ажлын хөлс болон хохиролд нийт 1,457,284,598 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц, А.З, Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: С- сургууль нь Б- ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сургуулийн өргөтгөл, спорт заалны барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулсан. Б- ХХК нь барилгын ажлыг хууль болон барилгын норм ба дүрэм, заавар, стандартын дагуу 216 хоногийн хугацаанд гүйцэтгэж түлхүүр хүлээлгэн өгөх, гүйцэтгэсэн ажилтай холбоотой аливаа зөрчил, ажлын үр дүнгийн доголдлыг арилгах үүрэг, хариуцлагыг хүлээхээр тохиролцсон. Б- ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С- сургуультай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж байгаа тухай албан мэдэгдлийг өгч ажлаа хаяж явахдаа ажлын хөлсийг урьдчилан авсан хэдий ч гэрээгээр хүлээсэн ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй. Өөрөөр хэлбэл, С- сургууль нь Б- ХХК-д ажлын хөлсийг урьдчилан төлсөн боловч хариуцагч нь ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй, хийсэн ажил нь доголдолтой байсан тул өөр компаниар ажлыг гүйцэтгүүлсэн. Мөн барилга угсралтын ажил хугацаандаа ашиглалтад ороогүйгээс спорт заал, автобусны үйлчилгээг бусад этгээдээс авч их хэмжээний хохирол хүлээсэн. Иймд хариуцагч Б- ХХК-аас гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол, мөн илүү төлсөн төлбөр, бусад зардалд нийт 596,937,740 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: доголдлыг арилгахад гарсан зардал 43,184,644 төгрөг, аваарын шат хийж гүйцэтгүүлсэн зардал 46,000,000 төгрөг, спорт заалны түрээс 78,790,000 төгрөг, автобусны түрээс 5,400,000 төгрөг, өргөтгөлийн хаалганы зардал 36,711,520 төгрөг, өргөтгөлийн цонхны төлбөр 16,340,556 төгрөг, дулаан, халаалтын зөрүү төлбөр 27,059,819 төгрөг, фасадны материалын зөрүү 23,083,850 төгрөг, дээврийн ажилд илүү төлсөн 14,207,678 төгрөг, техникийн давхрын ажил 1,401,628 төгрөг, илүү төлсөн арматур төмрийн үнэ 167,225,000 төгрөг, цахилгааны төлбөр 8,800,930 төгрөг, усны төлбөр 3,732,861 төгрөг, хамгаалалтын үйлчилгээний хөлс 12,960,000 төгрөг, ажлын хөлсөнд илүү төлсөн 112,039,253 төгрөг багтаж байгаа гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь С- сургуультай сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулсан. Гэрээгээр барилгын ажлын үнэлгээг 1,560,000 ам.доллар гэж тохирсон. Энэ тооцоонд барилгын материал, ажлын хөлс зэрэг бүх зардал багтсан. Харин гэрээний төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан хийж гүйцэтгэсэн ажлын хөлс зардал болон барилгын материалын зардлаар тохироогүй. Манай компани барилгын ажлыг гүйцэтгэхдээ С- сургуулиас 1,199,000,000 төгрөгийн санхүүжилт авч, барилгын ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн. Барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад нэхэмжлэгч санхүүжилт өгөхгүй ажил зогсоход хүрч байсан учир бараа материал авахын тулд бусдаас зээл авч, эд хөрөнгөө зарж, барилгын ажлыг үргэлжлүүлсэн. С- сургуулиас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр санхүүжилт хүссэн боловч хариу өгөөгүй, санхүүжилт шийдвэрлээгүй, энэ өдрөөс ажил гүйцэтгэх гэрээг зөрчин манай компанид мэдэгдэхгүйгээр өөр барилгын компанийн ажилчдыг оруулан манай ажилчдыг талбайгаас хөөсөн. Тус сургуулийн захирал Д.З- 2013 оны 10 дугаар сарын 24-ний орой утсаар ярьж, гэрээ цуцалсан талаар мэдэгдсэн боловч манайх ажлаа үргэлжлүүлж хийсээр байсан. Нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хар сүлд бамбай ХХК-ийг ажиллуулан манай компанийг барилгын талбайд оруулахгүй, ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болгосон учир энэ өдөр манай компани гэрээ цуцалсан мэдэгдлийг өгч барилгын ажлыг хүлээлгэн өгөх комиссыг байгуулсан. Гэвч С- сургууль барилгын ажлыг хүлээн аваагүй. Захиалагчийн буруутай үйлдлийн улмаас гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн агуулга: С- сургууль нь гэрээгээр тохирсон санхүүжилтийг олгоогүйн улмаас Б- ХХК нь бусдаас зээл авч барилгын ажлыг үргэлжлүүлсэн. Гэвч нэхэмжлэгч нь барилгын талбайд хамгаалалтын алба оруулж манай компанийг нэвтрүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж талууд гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас гэрээ цуцлагдаж, Б- ХХК нь нотариат, өмгөөлөгч, шинжээчийн зардлаар хохирсон. Мөн бусдаас өндөр хүүтэй зээл авч их хэмжээний хохирол хүлээсэн. Иймд ажлын хөлс, нэмэлт ажил, материалын зардал болон хохиролд нийт 1,457,284,598 төгрөгийг С- сургуулиас гаргуулж өгнө үү, холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргасан гэжээ.

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 9-р зүйлд захиалагч нь гүйцэтгэгчээс ирүүлсэн ажлын гүйцэтгэл болон баримтжуулалтыг үндэслэн санхүүжилтийг олгохоор заасан. Гэвч Б- ХХК нь ажлыг гүйцэтгэхээсээ өмнө буюу гүйцэтгээгүй ажлын хөлсийг урьдчилж төлөхийг шаардсан. Захиалагчийн зүгээс ажлын хөлсөнд нийт 1,199,008,574 төгрөгийг төлсөн боловч шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажил дээрх мөнгөн дүнд хүрээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Б- ХХК-аас 596,937,740 төгрөг гаргуулах С- сургуулийн нэхэмжлэл, С- сургуулиас 1,457,284,598 төгрөг гаргуулах Б- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С- сургууль нь хариуцагч Б.Б-т холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 3,300,589 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 814,073 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б- ХХК-аас дутуу төлсөн 6,969,930 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Б- ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг бичгээр өгч, ажлаа орхиж явсан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүхээс гэрээг ердийн журмаар цуцласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчаас 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээ цуцлах тухай албан мэдэгдлээ бичгийн хэлбэрээр ирүүлснийг нэхэмжлэгч тал гардаж авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж, гэрээний харилцаа дуусгавар болсон. Нэгэнт Б- ХХК гэрээгээ үндэслэлгүйгээр цуцалж, ажлаа орхиж явсан тул дутуу гүйцэтгэлтэй барилга болон түүний гадна талбайд ухсан нүхэнд хүн унаж бэртэх, амь насанд эрсдэл учрахаас сэргийлж барилгын талбайд нэхэмжлэгчийн зүгээс харуул ажиллуулсан. Барилгын тухай хуулиар гүйцэтгэгч барилгын талбайн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд Б- ХХК-аас захиалагчтай байгуулсан гэрээгээ үндэслэлгүйгээр цуцалж, ажлаа орхиж явсан тул барилгын захиалагч, өмчлөгч аюулгүй байдлыг хангахаас өөр аргагүйд хүрсэн байдаг. Нэхэмжлэгчээс ганц ч удаа гэрээ цуцлах санаачилга гаргаж байгаагүй, энэ талаар ямар нэгэн мэдэгдэл өгч байгаагүй. Гэтэл шүүх С- сургуулийн зүгээс гэрээ цуцлагдахад хүргэсэн сэдэлт гэж бичсэн нь ойлгомжгүй.

6.а.Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт төсөвт өртөг тодорхой болсон байдаг ба талууд нэхэмжлэгчээс гүйцэтгэгчид төлсөн төлбөрийн хэмжээний талаар маргадаггүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид хийж гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгөөс илүү хэмжээний төлбөрийг төлсөн нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон тул нэхэмжлэгч нь илүү төлсөн төлбөрөө нэхэмжилдэг. Гэтэл шүүх нэхэмжлэгч илүү мөнгө төлсөн бол түүнийгээ 2013 оны 12 сарын 14 болон 29-ний өдөр шаардах ёстой байсан мэтээр дүгнэж байгаа нь ойлгомжгүй. Талууд гэрээг ердийн журмаар цуцалсан гэх дүгнэлтээрээ шүүх нэхэмжлэгчийн илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулахгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шударга бус байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлж, үндэслэлгүй хөрөнгөжихгүй байх ёстой. Гэтэл шүүхийн дээрх дүгнэлтээр Б- ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөсөө илүү төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжиж нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт илүү төлбөр төлөн хохирч, нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч С- сургуулийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Б- ХХК-ийн зүгээс 2013.10.21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ цуцлах мэдэгдэл өгч, Барилгын тухай хууль /2008 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасан Барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах үүргээ зөрчиж, барилгын талбайг орхин явсан байдаг. Захиалагчийн зүгээс сургуулийн өргөтгөлийн барилгын талбайд хүүхэд болон суралцагчид орж бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн аюулгүй байдал болон өргөтгөлийн барилгын чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор нэн даруй Хар сүлд бамбай ХХК-тай харуул хамгаалалтын гэрээг байгуулсан. Хар сүлд бамбай ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ байгуулсан нь Б- ХХК-аас гаргасан гэрээ цуцлах саналыг үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн зүйл огт биш бөгөөд харин Б- ХХК ажил гүйцэтгэх гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, барилгын ажлын талбайг орхин явсан энэ тохиолдолд тухайн өргөтгөлийн барилгын ажлын талбайн харуул хамгаалалтыг хариуцах, мөн барилгын талбай эзэнгүй байсны улмаас бусад этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байх урьдчилан сэргийлэх нөхцөлийг хангах үүргийг захиалагч хэрэгжүүлсэн юм. Нэгэнт Б- ХХК нь өргөтгөл, спорт заалны барилгыг дээрх байдлаар үргэлжлүүлэн барих боломжгүй болсон тул С- сургууль өөрийн суралцагчдын таатай орчин суралцах орчин нөхцөлийг яаралтай хангах зорилгоор тухайн барилгад хяналтыг хэрэгжүүлж байсан Г-н ХХК-тай 2013.11.17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх үйл баримт болон нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй буюу энэхүү үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Хэрэв анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн Б- ХХК-аас ирүүлсэн 2013.10.21-ний өдрийн №13/120 тоот мэдэгдлийг гэрээ цуцлах тухай санал байсан хэмээн дүгнэх тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулилйг хэрэглээгүй.

7.а.Б- ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.1 дэх хэсгийг тус тус зөрчиж ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бөгөөд анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. С- сургууль нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, ажил гүйцэтгэгчээс нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд Б- ХХК-ийн зүгээс 2013.06.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй. Гэтэл Б- ХХК-аас ирүүлсэн гэх мэдэгдэл /2013.10.21, 2013.10.25-ны өдрийн мэдэгдлээс бусад мэдэгдэл/-үүдийг захиалагч С- сургууль нь ажил гүйцэтгэгчээс огт хүлээн авч байгаагүй ба тухайн мэдэгдлүүдэд дурдсан үйл баримтууд нь үндэслэлгүй бөгөөд дээрх мэдэгдлийг анх шүүх дээр харсан болохоо шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан байдаг. Б- ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2013.06.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 9.2.1, 9.2.4, 9.4.1, 9.4.2, 9.4.3-т заасны дагуу төлбөрийн нэхэмжлэхийг Б- ХХК ирүүлэх ёстой атал гэрээнд заасан журмын дагуу нэг ч удаа ирүүлж байгаагүй атлаа шүүхэд дээрх санхүүжилтийн мэдэгдлүүдийг ирүүлсэн нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Нөгөөтээгүүр, Б- ХХК нь 2013.10.21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг өөрийн санаачилгаар, дээр дурдсан үндэслэлгүйгээр шалтгаанаар цуцалсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т заасны дагуу Б- ХХК-д 2013.06.06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрх үүсэхгүй. Тухайлбал, Захиалагч С- сургууль нь 2013.06.07-2013.12.29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,199,007,774 төгрөгийн санхүүжилтийг Б- ХХК-д олгосон атал Б- ХХК нь 2013.06.06-2013.10.21-ний өдрийг хүртэл буюу гэрээгээ цуцалж, барилгын талбайг хаяж явах өдрийг хүртэл нийт 981,834,121 төгрөгийн үнийн дун бүхий ажлыг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Нэгэнт, Б- ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалж, барилгын ажлын талбайг хаяж явсан тул гүйцэтгэсэн ажлын хөлснөөс илүү хөлс авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих хууль зүйн үндэслэл Б- ХХК-д байхгүй юм. Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, мөн хуулийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн за зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан боловч Б- ХХК нь С- сургуулийн өргөтгөлийн барилгыг гүйцэт бариагүй, спорт заалны барилгын ажлыг огт хийгээгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба гэрээгээ хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалсан, өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 112,039,253 төгрөгийн санхүүжилт илүү авсан Б- ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дээр дурдсанчлан анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлд холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, ач холбогдол бүхий үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

8.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр барилга угсралтын гэрээ байгуулж ажлаа хийж байхад С- сургууль гэрээгээ зөрчиж санхүүжилт өгөөгүй, бидний ажлыг булааж өөр компанид өгөх, биднийг ажлын талбайгаас хөөх зэрэг үйлдэл гаргасан. С- сургуулийн захирал болон бусад гэрч нарын өгсөн мэдүүлэг, С- сургуулийн өмгөөлөгч нарын шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог. 1 дүгээр хавтаст хэргийн 238 дугаар талд С- сургуулийн захирал Д.З-гийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өгсөн мэдүүлгээр манай сургуулийн зүгээс гаднаас өөр засварын бригад оруулж ирэхэд Б.Б- гэрээгээ зөрчсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь яаж зөрчсөн бэ гэхэд чи миний мөнгийг өөр хүнд өгч байна гэх маргаан үүсч, маргалдаад зогсож байхад өөр ажилчид авч ирсэн. 4 дүгээр хавтаст хэргийн 135-136 дугаар талд С- сургуулийн захирал Д.З- 2013 оны 10 дугаар сарын 23-нд над руу утсаар ярьсан. Гар утсаар ярьсан бичлэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийсэн. Тухайн үзлэгээр Танай мэдэгдлийг хүлээн авлаа. Манай талаас гэрээ цуцалж байгааг мэдэгдье. Маргаашнаас та нарыг оруулахгүй. Маргаантай асуудал байвал хууль шүүхээр яв гэж хэлсэн. С- сургуулийн зүгээс гэрээг цуцалсан гэдгээ тухайн нотлох баримтаар хүлээн зөвшөөрсөн. С- сургуулийн өмгөөлөгч Д.Э- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд С- сургуулийн захирлын ярьсан яриа бичигдсэн байх тул шинжээч томилох шаардлагагүй. Сиди бичлэгийг хэрэгт нотлох баримтаар авахад татгалзах зүйлгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ нь 4 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар талд авагдсан. Хэрэгт Б- ХХК-ийн албан бичиг нотлох баримтаар авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас Б- ХХК-аас ганцхан 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр л албан бичиг өгсөн. Бусад албан бичгийг аваагүй. Үүнийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн гэж үндэслэлгүй тайлбар гаргасан. 4 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр талд прокурорын тогтоол авагдсан. Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б- ХХК нь гэрээний дагуу барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх замаар захилагч гүйцэтгэгч талын хооронд гэрээний биелэлтийн талаар харилцан гомдлын шаардлага гаргасан байх бөгөөд С- сургуулийн зүгээс барилга угсралтын ажлын санхүүжилтыг Б- ХХК-д тухай бүр бүрэн өгөөгүйгээс барилгын ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн гэж үзэн захиалагч талаас гэрээ цуцалсан талаараа мэдэгдсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Мэндсайхан, Б.Ууганбаяр нараас С- сургуулийн зүгээс гэрээгээ цуцалсан, С- сургууль гэрээний зөрчил үүсгэж байсан гэдгийг нотолсон байдаг. А.З- өмгөөлөгчийн гаргасан гомдлын 1 дэх хэсэгт Б- ХХК нь өргөтгөл, спорт болох суралцагчдын таатай орчинд суралцах орчин нөхцөлийг яаралтай хангах зорилгоор тухайн барилгад хяналтыг хэрэгжүүлж байсан Г-н ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж гомдолд дурдсан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон манайхаас гаргаж өгсөн баримтуудаар 2013 оны 11 дүгээр сарын 17-нд Г-н ХХК-тай гэрээ байгуулаагүй. Гэрээг хуурамч огноотойгоор буюу 2016 оны 08 сард улсын комисст өгөхийн өмнө гэрээ байгуулсан гэдгийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан ба энэ асуудлыг шалгаж Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар С- сургууль болон Г-н ХХК-тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн барилга угсралтын гэрээ хуурамч болох нь үндэслэлтэй байна. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хаасан байдаг. Өөрөөр хэлбэл, прокурорын хариу мэдэгдэх хуудсанд Г-н ХХК С- сургуультай байгуулсан гэрээ хуурамч гэдгийг нотолсон. Хэрэг бүртгэлтийн хэрэг буцаж 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурор хэргийг сэргээсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг шалгагдаж байгаа. Манай Б- ХХК-ийг залилан мэхэлсэн гэх хэрэгт нэгтгэн шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл, эрүүгийн журмаар шалгагдаж байхад анхан шатны шүүх Б- ХХК-ийг ажлаа орхиж явсны дараа Г-н ХХК-тай гэрээ байгуулсан ба үүнийг хүчин төгөлдөр мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Г-н ХХК С- сургууль нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар манай компанийн зүгээс нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн захирамжаар маргаан бүхий иргэний хэргээс болж түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ иргэний хэргийг шийдсэний дараа Г-н ХХК-тай холбоотой гэрээний маргааныг шийднэ гэж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б- ХХК ажлаа хаяж явсан гэж гомдлоо тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд С- сургуулийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

9.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Манай компанийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний заалтуудыг зөрчсөн удаа байхгүй. С- сургуулийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдаж, манай компани барилгын талбайгаас хөөгдөж гарсан байхад анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлыг нотолсон нотлох баримтыг үнэлээгүй буруу дүгнэлт хийсэн. Манай талаас шүүхэд гаргаж өгсөн гуравдагч этгээдүүдтэй байгуулсан зээлийн гэрээ, мөнгө өгсөн, авсан баримт, бусдаас бараа материал худалдаж авсан, бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд нь С- сургуулийн өргөтгөлийн барилгад хэрэглэгдсэн, барилгатай шууд хамаарал бүхий баримтууд болохыг .. нараар нотлуулахын тулд эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй атлаа сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, хууль сануулсан баримтад гарын үсэг зурсан хэргийн бодит нөхцөл байдлыг мэдэж буй гэрч ... нарын мэдүүлгийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. С- сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисст хүлээлгэн өгөхдөө Г-н ХХК-тай хуурамч гэрээ хийсэн байдаг. Үүнийг АТГ-аас томилогдсон шинжээчийн 2021 оны 07-р сарын 19-ний өдрийн 07/020/02 дугаартай дүгнэлтэд дүгнэсэн байдаг бөгөөд энэ гэрээ байгуулагдаагүй.

9.а.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд С- сургуулийн нэхэмжлэлтэй, Б.Б- болон Б- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэгдсэн боловч уг иргэний хэргийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой бөгөөд мөн эрүүгийн журмаар шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг болон 2 хэрэг бүртгэлтийн хэрэг нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой буюу иргэний хэргийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл С- сургуулийн захирал Д.З- нь намайг эрүүгийн хэрэгт гүтгэн, хууль хяналтын байгууллагаар шалгуулж байхад эвлэрч энэ бүх маргаан эцэслэгдэж дуусна гэсэн итгэл үнэмшил байсан юм. Гэтэл энэ итгэл үнэмшлийг С- сургуулийн захирал Д.З- эвдэж, Г-н ХХК, Э- ХХК-тай хуурамч гэрээ, дотор цахилгааны тусгай зөвшөөрөлгүй Монхорус электрик ХХК-тай гэрээ хийж, Барилгын тухай хуулийн 40-р зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн манай компанийн баримт бичиг, эд зүйлийг ашиглаж, Г-н ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгч байсан мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, Б- ХХК ерөнхий гүйцэтгэгч байсан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан юм. Манай компанийн С- сургуультай байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу уг өргөтгөлийн барилгад оруулсан ажлын хөлс, материалын зардал, нэмэлт ажил нийт 1,820,840,171 төгрөг болсон бөгөөд үүнээс С- сургууль 1,199,496,000 төгрөг авч нийт 621,344,171 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэж, эрүүгийн журмаар нэхэмжилж байгаа болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эрүүгийн хэрэг болон хэрэг бүртгэлтийн хэргүүд шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхад анхан шатны шүүх үнэлээгүй.

9.б.Мөн шүүх өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй. Өмгөөлөгч ... нараас татгалзаж, өмгөөлөгч авах эрхээр хангаж өгөх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь МУ-ын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон өмгөөлөгч авах эрхийг эдлүүлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлзх тухай хуульд заасан мэтгэлцэх зарчим алдагдсан.

9.в.Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл, гэрээнээс гадуур нэмэлт ажил 169,719,478 төгрөг ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 836,444,427 төгрөг, нийт 1,457,284,598 төгрөгийг С- сургуулиас гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Б- ХХК нь С- сургуультай 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр С- сургуулийн өргөтгөлийн барилгын барилга угсралтын гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаанд С- сургуулийн зүгээс гэрээгээ зөрчиж санхүүжилт өгөхгүй байх, бидний ажлыг булааж, өөр компанид өгөх, биднийг ажлын талбайгаас хөөх зэрэг үйлдэл гаргаж, гэрээгээ удаа дараалан зөрчиж байсан боловч манай компанийн зүгээс ажлаа хийж байсан. С- сургуулийн хүсэлтээр спорт заал баригдахгүй болсонтой холбогдуулан 3 давхар барилгын төсөв нь 1,802,304,000 төгрөг, гэрээнээс гадуур манай компанийн хийсэн нэмэлт ажил 169,719,478 төгрөг болохыг шинжээч тогтоосон. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

10.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: С- сургуулиас ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан үйл баримтын талаар жагсааж бичиж ярьдаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний маргаан бүхий гэрээнд талууд амаар болон утсаар харилцахыг зохицуулаагүй. Талууд гэрээний асуудлаа бичгээр харилцахаар тодорхой зааж өгсөн. Хэрэгт авагдсан баримтаар С- сургуулиас гэрээгээ цуцалъя гэж бичгээр ирүүлсэн мэдэгдэл байхгүй. Харин эсрэг талаас мэдэгдэл ирсэн. 2-т амаар болон утсаар ярьсан бичлэгийн асуудал яригдсан. Д.Э- өмгөөлөгч болон Д.З- зөвшөөрсөн гэдэг. Тэмдэглэлийг нь бүтэн уншихгүй бол хариуцагч өөртөө хэрэгтэй зүйлээ ярьж байна. Миний дуу мөн байна гэсэн болохоос биш 10 дугаар сарын 24-ний өдөр би ярьчихсан гэдэг асуудал хөндөгдөөгүй гэдгийг харах нь зүйтэй. Гэрээний заалтыг зөрчсөн гэж ярьдаг. Өнөөдрийн байдлаар С- сургууль биш Б- ХХК гэрээгээ зөрчсөн, барилгын ил далд ажлын актаа С- сургуульд гаргаж өгөөгүй. Гэрээ цуцалсан үйл баримтыг дүгнэхдээ анхаарч үзэх нь зүйтэй. Метр квадратыг нь 600,000 ам.доллароор тооцох ёстой байсан. Гэрээ цуцлагдсан учраас хийсэн ажлаа 600,000 ам.доллароор тооцсон шинжээчийн дүгнэлт буруу гарсан гэх зөрүүтэй асуудал ярьж байна. Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа ерөнхий төсвөө тохирсон. 5 давхар барилгыг 1,560,000 ам.доллароор барина гэж тохирсон болохоос биш дундаас нь орхиж явсан 600,000 ам.доллароор тооцохоор тохироогүй. Тэр ч утгаараа Иргэний хуульд заасны дагуу бид тухайн үед нь үзсэн төсөвт өртгийнх нь дагуу үнэлсэн ба 981,000,000 төгрөг гэж гарсан. Хэрвээ түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр ажил гүйцэтгэх гэрээ бүрэн хэрэгжээд 6 сарын хугацаанд ажил дууссан байсан бол 600,000 ам.доллар тооцно гэдэг нь үндэслэлтэй. Харин энэ тохиолдолд шинжээчийн дүгнэлтээр төсөвт өртгөө тооцно. Ингэж тооцож үзэхэд илүү төлбөр төлсөн байгаа учраас Б- ХХК нь хохирсон гэж тайлбарлаж байгаа нь няцаагдаж байгаа. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч С- сургууль нь хариуцагч “Б-” ХХК, Б.Б- нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас учирсан хохирол, доголдлыг арилгахад гарсан зардал /бусад/ болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийт 596,937,740 төгрөг гаргуулах нэхэмжпэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б-ээс татгалзаж, “Б-” ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаа дэмжин оролцсон байна. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр, нэмэлт ажлын хөлс болон гэрээг цуцалсны улмаас учирсан хохиролд нийт 1,457,284,598 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Талууд 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “Б-” ХХК нь С- сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгөх, С- сургууль нь ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, санхүүжилтийг олгохоор харилцан тохиролцсон байна.

Талууд гэрээ цуцлагдсан нөхцөл байдал, үүргийн зөрчилтэй холбогдон учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхийн үндэслэл, мөн хариуцагч “Б-” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, түүний өртөг болон гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар маргасан.

Тодруулбал, гэрээ цуцлагдсан нөхцөл байдлыг нэхэмжлэгч С- сургууль нь “ажлын хөлсөнд 1,199,007,774 төгрөг төлсөн боловч “Б-" ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үндэслэлгүйгээр гэрээ цуцлах мэдэгдэл өгч, ажлыг орхиж явсан" гэж тайлбарласан бол хариуцагч “Б-” ХХК нь “захиалагч удаа дараа санхүүжилтийг хоцроож, ажил зогсоход хүрсэн, мөн захиалагч нь барилгын талбайд өөр компани оруулж ажиллуулснаар, манай компани ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон” гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч “Б-” ХХК нь гэрээ цуцлагдах болсон шалтгааныг захиалагчийн буруутай үйлдэл буюу санхүүжилт олгоогүйтэй холбоотой гэж тайлбарласан. Талуудын байгуулсан гэрээний 9.2.4-т “Тусгай нөхцөлд өөрөөр заагаагүй бол ажлын хөлсийг захиалагчийн зүгээс ажлын гүйцэтгэл болон баримтжуулалтыг баталгаажуулсны үндсэн дээр гүйцэтгэгчээс холбогдох шаардлагыг хангаж, ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч гэрээний хавсралт төлбөрийн хуваарийн дагуу төлнө” гэж заасан байна. Энэ тохиолдолд талууд ажлын гүйцэтгэл болон баримтжуулалтыг харилцан баталгаажуулсан эсэх нөхцөл байдлын талаар дүгнэх шаардлагатай.

4.Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх зохигчийн хүсэлтээр “Б-” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, түүний өртгийг тогтоолгохоор шинжээч томилсон байх бөгөөд шинжээч “Ю би пропертиз” ХХК нь 354,835,752 төгрөгөөр, шинжээч Ү.Банди нь 981,834,121 төгрөгөөр, шинжээч П.Чимэддорж, А.Уранчимэг, А.Энхчимэг нар нь 1,043,526,082 төгрөгөөр тус тус үнэлжээ. /1хх-ийн 148-216, Зхх-17-31, бхх-ийн 15-62-р тал/

4.а.Дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй байхад анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисон нь учир дутагдалтай болсон байна. Тодруулбал, “Ю би пропертиз” ХХК-ийн дүгнэлтэд дээврийн ажлын зардлыг 68,604,466 төгрөг, дотор заслын ажлын зардлыг 119,459,130 төгрөг гэж, шинжээч Ү.Б- дүгнэлтэд дээврийн ажлын зардлыг 43,911,050 төгрөг, дотор заслын ажлын зардлыг 84,123,952 төгрөг, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд дээврийн ажлын зардлыг 61,758,024 төгрөг, дотор заслын ажлын зардлыг 94,835,695 төгрөг тус тус дүгнэсэн байна.

4.б.Иргэний хэрэгшүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт “Шүүх шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэж болно” гэж заасан бөгөөд дээрх хуульд зааснаар дахин шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүг арилгах боломжтой эсэхийг мөн тодруулах шаардлагатай.

5.Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Б- нь өмгөөлөгч ... нараас татгалзаж, өөр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/03391 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,142,639 төгрөг, хариуцагчаас төлсөн 7,444,374 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ