| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 101/2016/05130/И |
| Дугаар | 001/ХТ2017/01002 |
| Огноо | 2017-09-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2017/01002
“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00478 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1034 дүгээр магадлалтай,
“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Ж” ХХК,
Х дах ХХК банкны эрх хүлээн авагчид холбогдох
Гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд 128.455.056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, түүний өмгөөлөгч Д.Гантөмөр нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дашдулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтгэрэл, Г.Мөнх-Од, өмгөөлөгч Д.Гантөмөр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “Ч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “Д” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч Ж ХХК, Ж ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч “Х” ХХК-ийн түүний эрх бүлээн авагчтай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 539/2015БЭХА дугаартай “Д ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээний дагуу уг компанийн нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 8.301.420 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий энгийн хувьцааг төлбөр төлөх хугацаанаас хамааран 3 тэрбум, 3,2 тэрбум төгрөгөөр худалдан авах 2 нөхцөлтэйгөөр худалдан авахаар тохиролцсон. Манай компанийн зүгээс бидний хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн болсон тул гэрээг цуцлах тухай саналыг худалдагчид 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн билээ. Гэтэл худалдагчийн зүгээс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03-01/526 дугаартай мэдэгдлээр худалдан авагч талын санаачлагаар гэрээг цуцлах нөхцөл бүрдээгүй гэж дүгнэн худалдагч талаас гэрээнд зааснаар дэнчинд төлсөн 100.000.000 төгрөгийг өөрт үлдээхээр мөн гэрээний төлбөрт төлсөн 20.000.000 төгрөгийн 20 хувь буюу 4.000.000 төгрөгийг худалдагчид учирсан хохиролд, 35.400.000 төгрөгийг алдангид тус тус тооцсон тухай мэдэгдсэн.Талууд гэрээ цуцалснаас худалдагчид учирсан хохирлын хэмжээг тухайн үед төлөгдсөн төлбөрийн 20 хувиар тооцож хариуцлага хүлээхээр заасан бөгөөд худалдагчийн зүгээс 20.000.000 төгрөгийн 20 хувиар тооцож хохирлоо бүрэн гаргуулсан гэж үзэж байна. Мөн гэрээ цуцлагдсанаар худалдан авагч нь хариуцлага хүлээхгүй болно. Мөн гэрээний 8 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээс хамаарч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан байдаг тул төлбөр төлөгдөөгүй үеийн алдангийг төлөх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд дэнчинд төлсөн 100.000.000 төгрөг, гэрээ цуцалснаас худалдан авагчид учирсан хохирол болох Даатгалын гэрээний үлдэгдэл төлбөр /гэрээний хүчинтэй 96 хоногийг хасаж тооцсон/ 11.309.056 төгрөг, тоног төхөөрөмжийн 1.146.000 төгрөг, гэрээний төлбөрөөс 16.000.000 төгрөг нийт 128.455.056 төгрөгийг Жаст агро” ХХК-иас гаргуулж өгнө үү. Хбанк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг хариуцагчаас чөлөөлж байна гэжээ.
Хариуцагч “Ж” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:тус компани нь “Д” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг ба Х ХХК нь “Ж” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг түүний толгой компани.
“Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х ХХК-ийн 2015 оны 11 сарын 01-ний өдрийн 01/15 дугаартай Хувьцаа худалдах шийдвэрээр “Ж" ХХК-ийн охин компани “Д” ХХК-ийн нийт 8.301.420 ширхэг хувьцааг худалдахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу “Ч” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 539/2015БЭХА дугаартай “Д ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан.Гэрээний дагуу төлөгдсөн 120.000.000 төгрөгөөр “Ж” ХХК-ийн Хин дахь зээлийг 2016 оны 02 сарын 29-ны өдөр төлсөн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөрийг Ж ХХК хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Ч” ХХК болон “Жаст-Arpo” ХХК, Хны эрх хүлээн авагч нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 539/2015БЭХА дугаартай Дорнод Max Маркет ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.Гэрээгээр “Дорнод Max Маркет” ХХК-ийн нэг бүр нь 1.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 8.301.420 ширхэг энгийн хувьцааг 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор багтаан бүрэн төлөх нөхцөлд 3.000.000.000 төгрөг.2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш бүрэн төлөөгүй нөхцөлд 3.200.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон.Хувьцааны төлбөрийг төлөх эцсийн хугацааг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тогтоосон ба гэрээнд төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж болох нөхцлийг заасан. Гэрээнд төлбөрийг хэсэгчлэн төлөх хуваарийг бичгээр тохиролцсон бөгөөд худалдан авагчаас төлбөр төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн учир худалдагчаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 938 дугаартай албан бичиг, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай гэрээний хэрэгжилтийг биелүүлэх тухай албан бичгүүдээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг тус тус хүргүүлж байсан бөгөөд Худалдан авагчаас гэрээний зөрчлийг арилгахгүй байсаар 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр гэрээг цуцлах хүсэлтийг гаргасан. Талууд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дорнод Max Маркет ХХК-ийн үйлдвэр, эд хөрөнгүүдийг худалдан авагчаас худалдагчид буцаан хүлээлгэн өгч энэ тухай акт үйлдсэн бөгөөд тус өдрөөр гэрээ цуцлагдсан.Гэрээний 2.2.1.1-д 100.000.000 төгрөгийг гэрээ байгуулсны нотолгоо, дэнчин болгон төлөхөөр тохиролцож уг зүйл, хэсгийн дотор дэнчинг үүргийн гүйцэтгэлд оруулан тооцохоор бичгээр тохиролцсон. Дэнчин өгөгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах үүргээ зөрчсөн байвал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж үүргийн гүйцэтгэл хангагдаагүйн хариуцлагыг хүлээж дэнчингээ үүрэг гүйцэтгүүлэгчид үлдээх ёстой.Худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 35.400.000 төгрөгийн алданги хуримтлагдсан.35.400.000 төгрөгийн хуримтлагдсан алдангаас дараах үүргийн гүйцэтгэлийг суутган тооцож үлдэх 6.944.589 төгрөгийн алдангийг төлүүлэхээс татгалзаж цаашдын төлбөр тооцоог дуусгавар болгосон. Үүнд: Төлөгдсөн хуваарьт төлбөрийн үлдэгдэл 16.000.000 төгрөг, худалдан авагчийн үйлдвэрийн даатгалын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаах 11.309.056 төгрөгийн үлдэгдэл, хангамжийн материалд зарцуулсан 1.146.355 төгрөг нийт 28.455.411 төгрөг болсон.
Иймд худалдагч талын буруугаас гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00478 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж ХХК-иас 128.455.056 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Ч" ХХК-д олгож, нэхэмжлэгч нь Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг хамтран хариуцагчаас чөлөөлсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ж ХХК-иас 800.300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Ч" ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1034 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 182/ШШ2017/00478 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2” гэснийг “...205 дугаар зүйлийн 205.1, 233 дугаар зүйлийн 233.2” гэж өөрчилж,уг заалтад “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний 11.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Ч" ХХК нь хариуцагч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Ж” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800.300 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, түүний өмгөөлөгч Д.Гантөмөр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00478 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 сарын 28-ны өдрийн 1034 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Шүүхээс талууд “Д ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ”-г цуцалсан талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн хэрнээ гэрээнээс татгалзах тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн. Гэрээг цуцлах хүртэл хугацаанд талуудын нөгөө талын өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлүүд хэвээр үлдэх бөгөөд энэхүү үүргийн гүйцэтгэлийг харилцан буцаах боломжгүй буюу худалдагчаас гэрээний зүйлийн талаар өөр этгээдтэй хэлцэл байгуулах боломжийг хаасан үйл баримтыг эгүүлэн буцаах боломжгүй. Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар зүйл гэрээнээс татгалзах, цуцлахын аль ч үед хэрэглэгдэх боловч 205 дугаар зүйлд гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан тул гэрээг цуцлахад хэрэглэгдэх зохицуулалт биш байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу. Худалдан авагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүнээс гэрээг цуцлах хүртэл хугацаанд хүлээсэн байсан үүргийг шаардах буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний 2.1.1-д заасан бичгээр тохиролцсон алдангаас худалдагчид буцаан олгох 28.455.411 төгрөгийг суутган төлүүлэх үндэслэлтэй байсан.Хэрэгт авагдсан байдлаар гэрээг цуцлах нөхцөлд худалдагчийн гэм буруутай байдал тогтоогддоггүй. Хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан зохицуулалтаас аль тохирох хэсгийг хэрэглэх байсан. Гэрээний 2.2.1.1-д 100.000.000 төгрөгийг гэрээ байгуулсны нотолгоо, дэнчин болгон төлөхөөр тохиролцож уг зүйл, хэсгийн доор дэнчинг үүргийн гүйцэтгэлд оруулан тооцохоор бичгээр тохиролцсон.Үүнийг үндэслэн гэрээний 11.4-д худалдан авагчийн буруугаас гэрээ цуцлагдсан тохиолдолд дэнчинг худалдагчид үлдээхээр тохиролцсон нь хуульд нийцсэн. Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны өмнө нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр 2 удаа тодруулахдаа нийт 128.455.056 төгрөгийн хэдийг “Ж” ХХК-иас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй хэвээр байсан тул “Ж” ХХК-иас урьдын адил нэхэмжлэлийн үнийн дүнг хувь тэнцүүлэн буюу шаардаж буй дүнгийн 50 хувийг нэхэмжилж байна гэж ойлгогдож тус шаардлагад нь хариу тайлбарыг гаргаж байсан.Гэвч нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг хариуцагчаас чөлөөлж нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 128.455.056 төгрөгийг бүхэлд нь “Ж” ХХК-иас нэхэмжилж уг шаардлагын талаар шүүх шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчээс “Ж” ХХК-иас дангаар нь нэхэмжилж байгаа байдал нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байгаа үр дагаврыг үүсгэсэн тул шаардлагын талаар хариуцагч хуульд заасан хугацаанд тайлбараа гаргах, мэтгэлцэх боломжгүй болсон.
Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х банк дах банкны эрх хүлээн авагчид холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч “Жаст-арго” ХХК-д холбогдуулан тус компанитай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний 11.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 128.455.056 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргахдаа “...нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэл хангагдаагүйн хариуцлагыг хүлээж, дэнчинг үүрэг гүйцэтгүүлэгчид үлдээх ёстой” гэсэн тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч нь “Д” ХХК-ийн 8.301.420 ш энгийн хувьцааг худалдан авахаар Ж ХХК-тай харилцан тохиролцож, хувьцаа худалдах- худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээнд зааснаар худалдан авагч нь төлбөрийг 2016 оны 1 дүгээр сарын 31-ний дотор төлбөл 3.000.000.000 төгрөг, мөн өдрөөс хойш төлсөн тохиолдолд 3.200.000.000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.
Талууд хувьцаа худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.
Гэрээний 2.2.1.1-д “гэрээ байгуулсны нотолгоо, дэнчин болгон гэрээний талууд гарын үсэг зурж, тэмдэг дарснаас хойш хуанлийн 2 хоногийн дотор төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Ж ХХК-ийн дансанд 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 100.000.000 төгрөг, мөн гэрээний төлбөрт 2016 оны 12 дугаар сарын 5-нд 20.000.000 төгрөг тус тус төлжээ.
Гэвч “Ч” ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийг 2 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тул Ж ХХК нь гэрээг цуцалсан, эд хөрөнгийг хүлээн авсан нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна /хэргийн 17 дугаар тал/.
Ж ХХК нь Соёмбо даатгал ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр даатгалын гэрээ байгуулж, Д ХХК-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг даатгуулжээ. Худалдах, худалдан авах гэрээний 4.2.10-т зааснаар нэхэмжлэгч нь дээрх гэрээнд заасан даатгалын зүйлийг үргэлжлүүлэн даатгуулж, хураамж төлөх үүрэг хүлээсний дагуу 15.345.002 төгрөг төлсөн, мөн тоног төхөөрөмж, хангамжид 1.146.000 төгрөг тус тус зарцуулсныг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид учирсан хохирлыг төлсөн 20.000.000 төгрөгийн 20 хувиар тооцож, үлдэх 16.000.000 төгрөг, даатгалын хураамжийн төлбөр 11.309.056 төгрөг, тоног төхөөрөмжийн зардал 1.146.000 төгрөг нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Түүнчлэн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 11.4-т “...худалдагчид учирсан хохирлын хэмжээг тухайн үед төлөгдсөн төлбөрийн 20 хувиар тооцож, үлдэгдэл төлбөрийг худалдан авагчид буцаан олгоно” гэж заасан тул хариуцагч дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй болно.
Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэх бөгөөд гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгөхөөр Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 233.2-т заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар талууд гэрээг цуцалсан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь дэнчинг буцаан өгөх үүрэгтэй.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1034 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Г.Мөнх-од, Д.Гантөмөр нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 800.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ