| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 105/2016/0181/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2017-02-16 |
| Зүйл хэсэг | 192.2., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 113
2017.2.16 №113 МАГАДЛАЛ
М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж,
Б.Бат-Очир нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор У.Дэндэвдорж,
Ялтан М.Жавхлангийн өмгөөлөгч Д.Алтанцэцэг,
Ялтан Б.Баяржаргал /цахимаар/, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
Ялтан Б.Пүрэвдоржийн өмгөөлөгч Р.Оюунбадам,
Ялтан Б.Бат-Очирын өмгөөлөгч Я.Баярсайхан,
Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Жавхлан, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарын хамтран гаргасан, ялтан Б.Пүрэвдоржийн өмгөөлөгч Р.Оюунбадам, ялтан Б.Бат-Очирын өмгөөлөгч Я.Баярсайхан, ялтан Б.Баяржаргал, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт холбогдох эрүүгийн 201601000103 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овогт Мөнхтүвшингийн Жавхлан, 1997 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн харъяа Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн их сургуулийн менежментийн 2 дугаар курст суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 408 дугаар байрны 58 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЗ97091711/,
2. Гөрөөчин овогт Отгонбаатарын Энхтулга, 1993 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улсын багшийн их сургуулийн 4 дүгээр курст суралцдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хорооллын Усны гудамжны 2б байрны 52 тоотод оршин суух,
2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УИ93040514/,
3. Жанцан овогт Батжаргалын Баяржаргал, 1994 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зочид буудлын зохион байгуулагч мэргэжилтэй, “Дипломат” ХХК-ийн “Темпле” баарны менежер ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжны 452 тоотод оршин суух,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ТЕ94081437/,
4. Урианхай овогт Билэгдэмбэрэлийн Пүрэвдорж, 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хорооллын 73 дугаар байрны 604 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УТ95081019/,
5. Дайртан овогт Бат-Эрдэнийн Бат-Очир, 1995 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын Хатанбаатар Магсаржавын гудамжны 21а байрны 49 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 52-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УШ95061976/,
1. М.Жавхлан, О.Энхтулга нар нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Аман хуур” хотхоны орчим Б.Баяржаргалаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан метафетамин агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар худалдан авч 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл биедээ болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 408-58 тоотод хадгалсан,
2. Б.Баяржаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Аман хуур” хотхоны орчим Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан метафетамины агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм “мөс” гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч биедээ хадгалан, улмаар М.Жавхлан, О.Энхтулга нарт 300.000 төгрөгөөр борлуулсан,
2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” болон 2.8 грамм “өвс” гэх бодисыг Б.Пүрэвдоржоос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл биедээ хадгалсан,
3. Б.Пүрэвдорж нь 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” болон 2.8 грамм “өвс” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,
2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, цагаан өнгийн цаасанд ороож тамхины хэлбэрт оруулан 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 73-602 тоотод хадгалсан,
2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.5 см-ын диаметртэй төмөр саванд хийсэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар авч 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,
2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 435.9 грамм “өвс” гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,
4. Б.Бат-Очир нь 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 435.9 грамм “өвс” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж цуглуулан бэлтгэн олж авч 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 52-02 тоотод хадгалсан,
2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,
2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.5 см-ын диаметртэй төмөр саванд хийсэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авч биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас М.Жавхлан, О.Энхтулга нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Б.Баяржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Б.Пүрэвдоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Б.Бат-Очирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Жавхлан, О.Энхтулга, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг, Б.Баяржаргалыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн олж авсан, хадгалсан, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн олж, авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар М.Жавхлан, О.Энхтулга нарыг тус бүр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-очир нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар Б.Баяржаргалыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Баяржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар М.Жавхлан, О.Энхтулга нарыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривлах ялыг ганцаарчлан тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баяржаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М.Жавхлангийн цагдан хоригдсон 79 хоног, О.Энхтулгын цагдан хоригдсон 79 хоног, Б.Пүрэвдоржийн цагдан хоригдсон 91 хоног, Б.Бат-Очирын цагдан хоригдсон 82 хоног, Б.Баяржаргалын цагдан хоригдсон 82 хоногийг тус бүрийн хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б.Баяржаргалаас 300.000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тус тус тоолж, шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Ялтан М.Жавхлан, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...М.Жавхлан нь 19 настай оюутан ба хэрэг үйлдэх болсон гол санаа зорилго нь худалдан авах гэж буй бодисоо ой тогтоолт, оюун ухаан сэргээдэг гэж сонсож байсан тул хаврын шалгалт эхлэхээс өмнө хэрэглээд үзье, үнэн эсэхийг нь мэдье гэсэн гэнэн томоогүй зангаар авсан нь хэргийн хор уршгийг ойлголгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харуулж байна. Энэ нь дээрх авсан гэх бодис нь нөлөөлөхгүй, мэдэгдэхгүй болохоор нь буцаан өгч мөнгөө эргүүлэн авахаар тохирч уулзаж байгаад цагдаад баригдсан нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа. Үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаасаа гэмшин гэм буруугаа ухамсарлан хэргийн талаар мөрдөн байцаалтын туршид тогтвортой, үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хувьд хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөргүй, М.Жавхлан нь хувийн байдлын хувьд урьд нь ямар нэг зөрчил, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, үнэнч шударга, төлөв томоотой, элдэв муу зуршилгүй, олон нийтийн ажилд идэвхитэй сайн оролцдог, хичээл сурлагадаа сайн. Айлын том хүүхэд. Гурван эмэгтэй дүүтэй, тэднийгээ харж, асарч хүмүүжүүлдэг нь хэрэгт авагдсан мэдүүлэг болон бусад нотлох баримаас харагдаж байна. Шүүхээс М.Жавхланд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор харгалзан үзэлгүй, уг зүйл ангид байгаа баривчлах ялын хамгийн дээд хэмжээгээр оногдуулсан нь үндэслэлгүй, ял хүндэдсэн гэж үзэж байна. Иймд М.Жавхлангийн үйлдсэн гэмт хэргийн дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, хууль ёсны энэрэнгүй зарчмыг баримтлан түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялаас хасч өгнө үү…” гэжээ.
Ялтан М.Жавхлангийн өмгөөлөгч Д.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Жавхланд оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байна. М.Жавхлан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хувьд бодит учирсан хохирол байхгүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж баривчлах ялыг багасгаж өгнө үү...” гэв.
Ялтан Б.Пүрэвдоржийн өмгөөлөгч Р.Оюунбадам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. А.Пүрэвдорж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй. Хэргээ үнэн зөвөөр хүлээж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа илэрхийлж, дахин гэмт хэрэг хийхгүй гэдгээ мэдүүлсээр ирсэн. Түүний хувийн байдал, хавтаст хэрэгт авагдсан баримтаар сайн гэдэг нь нотлогдсон байгаа зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжийг анхааран үзэлгүй заавал нийгмээс тусгаарлаж байгаад гомдолтой байна. Иймд А.Пүрэвдоржийн нэг жилийн хорих ялыг тэнсэн, хянан харгалзаж, түүнд нэг удаа итгэл үзүүлнэ үү...” гэв.
Ялтан Б.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бат-Очир нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч шүүхээс оногдуулсан ял шийтгэлд ямар нэгэн гомдол санал байхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа ба ажиллаж, сурч, бүтээх үедээ ял шийтгэл эдэлж байгаадаа харамсан өөрийгөө буруутгаж, өөрийн гэнэн, томоогүй зангаасаа болж мансууруулах бодис гэх уршигт зүйлийг хууль бусаар олж авч, худалдан борлуулах зорилгогүйгээр хадгалсан хэрэгт холбогдсондоо туйлын их харамсаж байна. Б.Бат-Очирын гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй ажиллаж сурч амьдрах чин хүсэлтэй байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэн, харгалзаж өгнө үү…” гэв.
Ялтан Б.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр О.Энхтулга над руу залгаж бид хоёр уулзахаар болоход М.Жавхлан гэх залуутай ирээд жижиг ууттай “мөс” гэх зүйл харуулаад “Хэрэглэж үзсэн үү, энэ арай бага байна, мөнгө байна уу, хамт явж хэрэглье, 300.000 төгрөг олох хэрэгтэй байна.” гэсэн. Би тийм их мөнгө байхгүй гэдгээ хэлээд салцгаасан. 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Б.Пүрэвдорж намайг дуудаж гэрээс гарахад цагдаа нар барьж, 5 хүний нэр хэлж “олж өг” гэсний дунд О.Энхтулгын нэр байсан. Гар утасны жагсаалтаас О.Энхтулгын дугаарыг олж, хэдэн цагийн дараа О.Энхтулга 3 хүний хамт баривчлагдсан. Хэд хоногийг дараа байцаагч дуудан байцаалт авахдаа намайг хаанаас “мөс” авч М.Жавхланд зарсан гэж асуусан. Би гайхаад тийм зүйл байхгүй гэдгээ хэлээд гарч яваад О.Энхтулга, М.Жавхлан нартай тааралдаад юу болоод байгааг асуухад “чи бид хоёрыг барьж өгсөн биз дээ, тэрний чинь хариу шүү, битгий гомдоорой” гээд муудалцаад салсан. Тухайн “мөс” гэх мансууруулах бодис О.Энхтулгын шээсний шинжилгээгээр илэрсэн бөгөөд түүний биед үзлэг хийхэд олдсон. Харин М.Жавхлангийн шинжилгээгээр илрээгүй, мөн түүний биед үзлэг хийхэд “мөс” гэх бодис хураагдаагүй байхад тэд намайг цагдаад барьж өгсөн гэх санаа агуулж үгсэн тохиролцож, хилсээр гүтгэж байгаад гомдолтой байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг дахин шалгуулж өгнө үү...” гэв.
Ялтан Б.Баяржаргалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Баяржаргалыг гэм буруутайд тооцож, 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлуудыг дутуу тогтоосон, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, зарим яллагдагчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад Б.Баяржаргалыг хүнд гэмт хэрэгт, гэм буруутайд тооцох үндэслэл болгож ялласан гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс уг гомдлыг гаргаж байна.
Б.Баяржаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан “борлуулсан” үйлдэл нотлогдоогүй, энэ хэрэгт хамтран оролцогчоор татагдсан М.Жавхлангийн “Б.Баяржаргалаас 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр анх Б.Баяржаргалаас “мөс” гэх бодисыг 300.000 төгрөгөөр худалдан авсан” гэх ямарч нотлох баримтгүй мэдүүлгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Учир нь М.Жавхлангийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад түүний дан ганц зөвхөн ярьж буй зүйлд тулгуурлан Б.Баяржаргалыг яллах гол нотлох баримт болгон авч байгааг хууль зөрчсөн гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Хэрвээ М.Жавхлангийн мэдүүлгийг туйлын үнэн хэмээн бусад шүүгдэгчийн гэм бурууг нотлох гол нотлох баримт гэж үзэж байгаа бол мэдүүлгийг бүхэлд нь туйлын үнэн гэж үзэх ёстой болох бөгөөд ажилгүй, орлогогүй этгээд болох М.Жавхлангийн “Би урьд нь энэ зүйлийг хэрэглэж байгаагүй” гэсэн мэдүүлгээс харахад М.Жавхлан хэн нэгнээс өндөр үнээр уг бодисыг хэрэглэх зорилгоор хууль бусаар олж авах үйлдэл хийх шалтгаант холбоо тогтоогдохгүй буюу түүний мэдүүлгийн үнэн зөв эсэхэд эргэлзээ төрж байгаа болно. Харин М.Жавхлан нь өөрийг нь цагдаад хэлж бариулсан гэх хувийн шалтгаанаар Б.Баяржаргалаас өндөр үнээр “мөс” гэх бодисыг худалдан авсан гэж мэдүүлсэн байх хангалттай нөхцөл байдал харагдаж байгаа бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар “мөс” гэх нэршил бүхий ямарч бодис Б.Баяржаргалаас илрээгүй, бусад нотлох баримтаар ч уг бодис байсан эсэх нь тогтоогдоогүй болон зарсан гэх баримт огт илрээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан сэжигтэн, яллагдагч /шүүгдэгч/-ийн хамгийн гол эрх бол гэм буруугүй болохоо нотлох үүрэг хүлээхгүй буюу хэрэгт өгч буй мэдүүлэг нь заавал үнэн зөв байх, эсвэл бусад нотлох баримтаар нотлогдоогүй бол гэм бурууг хөдөлбөргүй нотлох баримт болгож болгохгүй бөгөөд Б.Баяржаргалыг “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис борлуулсан гэм бурууг нотлох цорын ганц баримтаар М.Жавхлангийн мэдүүлгийг авсан нь шийтгэх тогтоол үндэслэлгүй, хэт яллах талыг барьсан буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319, 321 дүгээр зүйлүүдийг зөрчсөн гэж үзэж гомдолтой байна. Хэрэг гарсан /худалдаж авсан, борлуулсан/ гэх өдөр нь 2016 оны 4 дүгээр сарын 27 гэж тогтоогдсон байтал цагдаад 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр буюу даруй 9 хоногийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд шийтгэх тогтоолд зориуд дурдаж оруулсан мэт Б.Баяржаргал нь О.Энхтулга, М.Жавхлан нарт мансууруулах бодис борлуулсан гэх үйлдлийг О.Энхтулга мэдүүлэгтээ огт дурдахгүй байгаад анхаарал хандуулах ёстой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан “борлуулсан” гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан хэрэгт гэм буруутайд тооцож, зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна…” гэв.
Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан нарт шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүнийг нэг талаас нь харахад хувийн байдал сайн, учирсан хохирол төлбөр байхгүй гэж харагдах боловч нөгөө талаас нь харахад гэмт хэргийн хор уршиг хүнд, сүүлийн үед энэ гэмт хэргийг “цагаан тахал” гэж ярьдаг болсон. Мансууруулах бодистой холбоотой хэрэг Цагдаагийн байгууллагын хяналтаас алдагдаж байна. Ийм хэрэгт холбогдсон хүнд хорих ял оногдуулсан нь нийгэмд чухал сэрэмжлүүлэг болж байгаа учир гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой юм. Ялтан Б.Баяржаргалын хувьд 300.000 төгрөгөөр мансууруулах бодис худалдаж авсан гэх үед маш олон хүн хамт байсан. М.Жавхлан, О.Энхтулга нар гар утас авах гээд мөнгө хадгалж байсан гэж хэлсэн. М.Жавхлан өөрөө 300.000 төгрөгөөр худалдаж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон асуудлын талаар гэрч нар мэдүүлсэн. Иймд Б.Баяржаргал мансууруулах бодисыг бусдад борлуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
М.Жавхлан, О.Энхтулга нар нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Аман хуур” хотхоны орчим Б.Баяржаргалаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан метафетамины агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар худалдан авч 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл биедээ болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хорооллын 408-58 тоотод хадгалсан,
Б.Баяржаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Аман хуур” хотхоны орчим ...метафетамины агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм “мөс” гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч биедээ хадгалан, улмаар М.Жавхлан, О.Энхтулга нарт 300.000 төгрөгөөр борлуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:
Гэрч Т.Эрдэнэбулганы “...Намайг гэрээс дуудаад байхаар нь явах гэж байтал М.Жавхлан “замаараа нэг хүн аваад “Аман хуур” хотхон орох хэрэгтэй байна” гэхээр нь Улаанбаатар их дэлгүүрээс Б.Пүрэвдорж гэх залууг авч машиндаа суулгаад “Аман хуур” хотхонд очсон. Тэнд Б.Пүрэвдорж, М.Жавхлан хоёр машинаас буугаад Баяраа гэх залуутай уулзаж байгаад удалгүй М.Жавхлан суугаад бид нар явцгаасан. Үүнээс хойш би хэд хоног гар утасгүй байсан. Гэтэл 5 дугаар сарын 4-ний өдөр гэрийн утас руу О.Энхтулга, Т.Чулуунбат хоёр залгаад “бичиг баримтаа аваад хүрээд ир, ломбарднаас юмаа авмаар байна” гээд байхаар нь би ээжийн машиныг авч гараад 3, 4 дүгээр хороололд Т.Чулуунбат, О.Энхтулга хоёртой уулзахаар 23.00 цагийн үед гэрээсээ гарсан. Намайг очиход М.Жавхлан ирчихсэн тэр гурав хамт байсан. Тэндээсээ ломбард руу нь явах гэтэл мөнгөө үрээд дутчихлаа, дараа нь авъя гэхээр нь би “хурдан харихгүй бол болохгүй, та нарыг очих газарт чинь буулгаж өгчихөөд явлаа” гэхэд “цирк дээр буулгаад өгчих” гэхээр нь циркийн баруун талд зогстол, О.Энхтулга, М.Жавхлан хоёр “зүүн талд нь байх ахмадын эмийн сангийн үүдэнд очоод зогсчих” гэхээр нь зогсох гэтэл цагдаа нар ирээд биднийг саатуулсан. Тэгтэл О.Энхтулгын гутлын түрүү болон машины голын хайрцагнаас ууттай мансууруулах бодис хураалаа гэж хэлсэн...” /1-хх-81-82, 199-204/,
Гэрч Т.Чулуунбатын “...Т.Эрдэнэбулган, М.Жавхлан, О.Энхтулга бид 4 хамт Т.Эрдэнэбулганы машинтай М.Жавхлангийн цуглуулж байсан мөнгөөр нь гар утас авах гээд явж байтал М.Жавхлан “намайг “Аман хуур” хороололд хүргээд өг, тэнд очих хэрэгтэй байна” гэхээр нь 13 дугаар хорооллын “Аман хуур” хотхоны ойролцоо 01.00 цагийн үед ирэхэд М.Жавхлангийн хуурай ах Баяраа гэх залуу машины цонхоор шагайж хараад бид нартай мэндэлсэн. М.Жавхлан машинаас буугаад 3-4 метрийн зайд Баяраатай уулзаад 5-10 минут болохоор нь “харилаа шүү” гэхэд “за, би хамт явъя, намайг гэрт буулгаад өг” гээд машинд суусан. ...Миний бодлоор энэ өдөр М.Жавхлан ууттай цайвар зүйлийг авсан гэж бодож байна. ...Их дэлгүүрийн ойролцоо явж байтал М.Жавхлан байж байгаарай энд түр зогсчих, нэг хүнтэй яаралтай уулзах хэрэгтэй байна гэхээр нь Их дэлгүүрийн урд талын усан оргилуурын баруун талын Голомт банктай байрны аркны доор зогссон. Тэр үед миний нойр хүрээд унтчихсан байсан, нэг сэрэхэд Их дэлгүүрийн урд талын Айр маркетын ойролцоо замын цагдаа зогсооход би сэрсэн. Машин зогсоход М.Жавхлан сандраад “энийг аваарай” гээд урагшаа О.Энхтулга руу нэг юм дамжуулж байсан. Тэгтэл үл таних 2 хүн бид нарыг машинаас буулгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр авч ирээд саатуулсан. Замын цагдаад шалгуулж байх хооронд М.Жавхлан “үүнийг наанаа нуучих” гээд Т.Эрдэнэбулганд юм өгсөн, юу байсаныг би хараагүй. Дараа нь харахад жижиг ууттай цайвар цагаан, нунтаг зүйл байсан...” /1-хх-87-88/,
Гэрч Э.Анарболдын “10-20 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж яваа дөрвөн залуу хар тамхи, мансууруулах бодис олж аваад, машиндаа хадгалаад хэрэглээд байгаа талаар мэдээлэл авагдсан тул шалгасан. 2016 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Их дэлгүүрийн зүүн урд талын ахмадын эмийн сангийн хажууд 10-20 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаагаар түр саатуулж, зугтаах эрсдэлээс урьдчилан сэргийлж, тэднийг барьж авсан. Уг автомашинд газар дээр нь үзлэг хийх гэсэн боловч зам дээр хөдөлгөөн ихтэй, хүн хөл ихтэй байсан тул машиныг нь авч явж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн байранд ирж үзлэгийг эхэлсэн. Үзлэг хийхэд машины голын хайрцагны ундаа тавьдаг бөөрөнхий хэсэгт жижиг ууттай, цайвар цагаан зүйл, шалавчин дээр хөх өнгийн, хоосон капсул мэт зүйл, 100-тын мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг хураан авсан. О.Энхтулгын биед үзлэг хийхэд баруун хөлний оймсны түрүүнээс ууттай цайвар өнгийн талстлаг зүйл гарч ирсэнийг хураан авч тэмдэглэлд тусгасан. Гэвч тэмдэглэлийг бичихдээ тээврийн хэрэгслээс хураан авсан эд зүйлсийг хүний биед үзлэг хийж хураан авсан зүйлстэй нэг тэмдэглэл болгон бичсэн байна. Тухайн үед жижүүрийн мөрдөн байцаагч дуудлаганд явсан учир миний бие өөрөө хөндлөнгийн гэрч нарыг байлцуулж эд зүйлсийг хураан авсан. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ тэмдэглэлийг хөтлөөгүй. Тухайн үед манай хэлтэст 2 ширхэг тестр байсныг хэрэгт гол ач холбогдолтой байж болзошгүй гэж үзэн Б.Баяржаргал, О.Энхтулга нарын шээсэнд тестэрээ ашигласан юм...” /1-хх-98/,
Гэрч Г.Мягмаргэрэлийн “...2016 оны 8 сарын 17-ны өдөр би найзынхаа зусланд очиж хонох гэж байгаад Б.Пүрэвдоржтой уулзаж нүүрнийхээ саванг авахаар гэрийх нь гадна очсон. Удалгүй Б.Пүрэвдорж гарч ирсэн. Бид 2 дөнгөж уулзах гэж байтал Б.Пүрэвдорж цагдаа нарт баригдсан. Би тухайн үед юу болоод байгааг ч ойлгоогүй хамт цагдаагийн хэлтэс дээр ирээд болж байгаа асуудлыг ойлгосон. Би Б.Пүрэвдоржийг мансууруулах бодис хэрэглэдэг гэж мэдээгүй. …гадуур гарахдаа үргэлж хар үүргэвчээ үүрээд явж байдаг, би ухаж үзээгүй болохоор дотор нь юу байгааг мэддэггүй, гэтэл цагдаа дээр ирээд үзлэг хийхэд дотроос нь мансууруулах бодис гарч ирсэн байна. Тусдаа хонож байхдаа утсаар ярихад л найз ирчихсэн байна, найзтайгаа хамт хоносон гэдэг байсан, одоо бодоход найзууд нь түүнийг ганцаараа амьдардаг болохоор далимдуулж мансууруулах бодисоо хэрэглэх гэж очдог байсан байх…” / 1-р хх-99/,
Гэрч О.Чулуунбатын “...2016 оны 5 дугаар сарын 5-ны өглөө эрүүгийн төлөөлөгч дэслэгч Анарболд таван залууг тээврийн хэрэгслийн хамт хүлээлгэн өгч, өнгөрсөн шөнийн хар тамхитай холбоотой материал шүү гэсэн. Эрүүгийн төлөөлөгч нар биед нь үзлэг хийгээд хурааж авах зүйлээ хураагаад авчихсан гэж хэлсэн. Надад хоёр ширхэг ууттай цагаан өнгийн талстлаг зүйл болон хөх өнгийн капсулыг О.Энхтулга болон түүний сууж явсан машинаас хурааж авсан гээд дөрвөн залуутай хүлээлгэж өгсөн. Харин Б.Баяржаргал гэх залууг бөөрөнхий савтай өвс, цагаан өнгийн асаагуур, ногоон өнгийн савтай нүдний дусаалга, тамхи ороодог цаас, шүүлтүүр зэргийн хамт өгсөн ба гар утсыг нь өөрт нь буцааж өгсөн байсан. Би хүлээж авсан эд зүйлд үзлэг хийгээд шинжээч томилсон. Манай хэлтэст 2 ширхэг тест байсан бөгөөд тухайн үед О.Энхтулга, Б.Баяржаргал нарт нь хэрэглэсэн байгаа. Шинжилгээний дүгнэлтээр хураагдсан эд зүйлсээс мансууруулах төрлийн бодис илэрсэн тул харъяаллын дагуу Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтэс рүү шилжүүлсэн...” /1-хх-102/,
М.Жавхлангийн яллагдагчаар өгсөн: “...Би 2016 оны 4 сарын 27-ны өдөр Т.Эрдэнэбулган, О.Энхтулга, Т.Чулуунбат нарын хамт гадуур явж байтал 22 цагийн үед Б.Баяржаргал над руу залгаад “мөнгө байна уу, надад миний яриад байсан нөгөө юм байна, чи мөнгөтэй бол ирээд авчих, би чамд үзүүлье” гэхээр нь мөнгө байсан болохоор юу ч гэсэн уулзаад үзье гэж бодоод түүнтэй уулзахаар болсон. Тэгтэл Б.Баяржаргал намайг “машинтай явж байвал замаараа Б.Пүрэвдорж гэх залууг аваад ирээч” гэхээр нь Улаанбаатар их дэлгүүрийн урд талаас түүнийг аваад “Аман хуур” хотхон руу явсан. “Аман хуур” хотхонд ирээд Б.Пүрэвдорж бид хоёр машинаас буугаад Б.Баяржаргалд 300.000 төгрөг өгөхөд хоёр жижиг ууттай, цайвар цагаан өнгийн давс шиг зүйл өгсөн. Би гар утас авах гээд хадгалж байсан мөнгөө Б.Баяржаргалд өгсөн. Надад бэлэн 200.000 төгрөг байсан Т.Эрдэнэбулганаас 100.000 төгрөг зээлээд 300.000 төгрөг болгож өгсөн.” /1-хх-191-192/,
О.Энхтулгын яллагдагчаар өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр М.Жавхлан, Т.Эрдэнэбулган, Т.Чулуунбат нарын хамт гадуур явж байгаад 01.00 цагийн үед М.Жавхлан “Аман хуур” хотхон руу очоод, хүнтэй уулзъя гэж хэлсэн. Замаараа Б.Баяржаргалын найз Б.Пүрэвдорж гэх залууг аваад явсан. ...“Аман хуур” хотхонд очиход М.Жавхлан, Б.Пүрэвдорж хоёр Б.Баяржаргалтай уулзахаар буусан. М.Жавхлан буцаж машинд суугаад бид нар гэр гэртээ харьцгаасан...” /1-хх-197-198/,
Б.Баяржаргалын яллагдагчаар өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр О.Энхтулга, М.Жавхлан, Т.Чулуунбат, Т.Эрдэнэбулган, Б.Пүрэвдорж нартай уулзснаа санахгүй байна. Шөнө тэд нартай уулзаад Тээврийн товчооны ойролцоо уулзаад О.Энхтулгатай маргалдаад салсан. Тухайн үед О.Энхтулга, гурван дүү, Б.Пүрэвдорж нарын хамт явж байсан. Бидний дунд өр авлага, өс хонзонгийн асуудал огт байхгүй. хамгийн гол нь намайг утас руу нь ярьж байгаад цагдаад өгснөөс болоод тэгж мэдүүлээд байгаа болов уу гэж бодож байна.” /1-р хх-211/, “...О.Энхтулга, М.Жавхлан нартай 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Амар хуур” хотхоны ойролцоо уулзсан. Б.Пүрэвдоржоос савтай “мөс” авсандаа маш их харамсаж байна.” /шүүх хуралдааны тэмдэглэл/
Б.Пүрэвдоржийн сэжигтнээр өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б.Баяржаргалтай холбогдоход “О.Энхтулга чамайг очиж авна “Аман хуур” хотхонд хүрээд ир” гэхээр нь очсон. Б.Баяржаргал нэг хүнээс “мөс” авсан бололтой О.Энхтулгад “мөс”-өө өгсөн. О.Энхтулга тэр “мөс”-ийг авчихаад “энэ байх ёстой хэмжээнээсээ бага байна” гээд маргалдаад байхаар нь гэр лүүгээ харьсан. Б.Баяржаргал хэнээс “мөс” авсаныг мэдэхгүй байна...” /1-р хх-212-217/ гэх мэдүүлгүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-32/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-36/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-35, 37-42/, хүний шээснээс хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай тэмдэглэл /1-р хх-36/, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /1-р хх-43-44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4097 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-110-112/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4067 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-114/, эд зүйл битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-48-49/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-50-52/ зэрэг нотлох баримтуудаар,
Б.Баяржаргал нь 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” болон 2.8 грамм “өвс” гэх бодисыг Б.Пүрэвдоржоос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл биедээ хадгалсан,
Б.Пүрэвдорж нь 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” болон 2.8 грамм “өвс” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:
Б.Баяржаргалын сэжигтнээр өгсөн: “...Би 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр найз Аюушжавын хамт “Home Plaza”-н хажуу талын байрны гадна очоод Б.Пүрэвдоржтой уулзаж, цаасанд ороосон “каннабис” өвс татаад салахдаа Б.Пүрэвдоржоос жижиг төмөр савтай өвс болон асаагуурт наасан шаварыг авсан. Аюушжав намайг Б.Пүрэвдоржтой уулзаж, өвс татаад, савтай өвс болон шавар авсан гэдгийг мэдээгүй. Б.Пүрэвдоржоос авсан асаагуурт наалттай шавар нь халаасанд байхдаа миний нүдний дусаагуурт наалдсан байна лээ. Маргааш нь буюу 5 дугаар сарын 4-ний өдөр Б.Пүрэвдорж над руу залгаад “хаана байна, өчигдрийн өгсөн юм байгаа биз дээ” гэхээр нь “гэртээ байна” гэсэн. Орой 18.00 цагийн үед “ирчихлээ” гэхээр нь гараад очтол хоёр цагдаа бариад авсан...” /1-хх-205-211/,
Б.Пүрэвдоржийн сэжигтнээр өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Б.Баяржаргал “манай гэрийн ойролцоо байна, гараад ир” гэхээр нь тухайн үед амьдарч байсан “Home plaza” дэлгүүрийн хажууд байх Саруул хотхоны 112 дугаар байрны 15 тоот гэрээсээ гарч түүнтэй хамт цаасанд ороосон “өвс”-ийг татаж хэрэглэсэн...” /1-р хх-214-215/ гэх мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-15-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4068 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хх-108/ зэрэг нотлох баримтуудаар,
Б.Пүрэвдорж нь 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтын 2 дугаарт багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, цагаан өнгийн цаасанд ороож тамхины хэлбэрт оруулан 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 73-602 тоотод хадгалсан,
2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.5 см-ын диаметртэй төмөр саванд хийсэн ...дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар авч 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,
2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ...дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 435.9 грамм “өвс” гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,
Б.Бат-Очир нь 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ...дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 435.9 грамм “өвс” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж цуглуулан бэлтгэн олж авч 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 52-02 тоотод хадгалсан,
2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ...дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,
2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.5 см-ын диаметртэй төмөр саванд хийсэн ...дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авч биедээ хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:
Б.Пүрэвдоржийн сэжигтнээр өгсөн: “...Миний цүнхнээс хураагдсан 435.9 грамм өвсийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б.Бат-Очир манай гэрийн ойролцоо уулзахдаа “үүнийг хадгалж бай, авах болохоороо холбоо бариад авъя” гэж хэлээд өгсөн. Мөн гэрээс хураагдсан тамхины хэлбэрт оруулсан өвсийг 2016 оны 8 сарын 11-ний өдөр Б.Бат-Очироос авсан, жижиг бөөрөнхий савтай шаврыг 8 сарын 15-ны өдөр Б.Бат-Очироос авсан, эдгээрийг хэрэглэхдээ манай гэрээс хураагдсан тугалган цаас болон хуйлсан мөнгөн дэвсгэрт зэргийг ашигласан. Б.Бат-Очир бид хоёр 7 дугаар ангиасаа хойш нэг сургуульд сурч төгссөн, дотно найз нөхдийн харьцаатай. Миний хувьд түүнийг гэмт хэрэгт гүтгэх ямар ч шаардлага байхгүй...” /1-р хх-213-215/,
Б.Бат-Очирын сэжигтнээр өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 15 цагийн орчим 6 дугаар бичил хороололд “Play station” тоглож байгаад тамхи авахаар дэлгүүр явж байтал 9 давхар, цэнхэр өнгийн байрны хойд талд каннабис өвс ургасан байхаар нь навчнуудыг нь зулгааж аваад уутанд хийсэн. Тэр өвсөө гэртээ авч очоод хэрэглэлгүй байж байгаад Б.Пүрэвдоржийн төрсөн өдрийн маргааш нь гэрт нь очиж хамт хэрэглээд үлдсэнийг нь түүнийг хадгалж байгаарай гээд үлдээсэн. Гэхдээ миний баримжаагаар 453.9 грамм бол байгаагүй, үүнээс бага байсан гэж бодож байна. Яагаад гэвэл би 4-5 ширхэг өндөр ургасан байсныг авч түүсэн болохоор тийм их хэмжээтэй болох учиргүй. Түүсэн өвсөө цүнхэндээ хийчихсэн байж байгаад гэртээ авчираад хэсэг хугацаанд мартсан байсан. Ингээд Б.Пүрэвдоржийн төрсөн өдрийн маргааш нь түүнд “өвс байгаа” гэж хэлэхэд “гэрт аваад хүрээд ир” гэхээр нь аваад очсон. Намайг гэрт нь очиход ширээн доор нь өвс гэх мансууруулах бодис, цаастай байсан. Мөн ундааны хуванцар сав байсан бөгөөд дээр нь тугалган цаас тавьж байгаад өвснөөсөө хийгээд татсан. Бид 2 өвсөө татчихаад, явахдаа ууттай өвсөө үлдээгээд явсан...” /1-хх-222/,
Гэрч А.Билэгдэмбэрэлийн “…Би 2015 оны зунаас хүү Б.Пүрэвдоржийгоо ямар нэг зүйл хэрэглэж байна уу гэхээр сэжиг төрж ажиглаж эхэлсэн. Хүү маань тамхи татдаггүй хэрнээ халааснаас нь байнга асаагуур гарч ирдэг болсон, хувцаснаас нь эвгүй үнэр үнэртэж, гэртээ ирэхгүй хэд ч хоногоор хамаагүй алга болдог. Миний ээмэг, бөгжийг барьцаанд тавьж, үгэнд орохоо болиод ирэхээр нь болохоо больж байна даа гэж бодож эхэлсэн. Б.Пүрэвдорж Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 73-602 тоотод ганцаараа амьдарч байгаа. Би 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр түүнтэй уулзахаар гэрт нь очиход хүн амьдардаггүй гэмээр бохир, дотор муухай оргимоор эвгүй үнэртэй болсон байсан. Ерөнхийдөө бүтэхгүй хүүхдүүдтэй найзлаад байна, хааяа нэг тааралдаад харахад биеэр нь шивээс болсон хүүхдүүдтэй хамт явж байдаг болсон...” /1-хх-96-97/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4096 дугаар шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дугуй төмөр хайрцаг доторх ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйл, цагаан өнгийн асаагуурын хажуу хэсэгт нь наалдсан бор хүрэн өнгийн зүйл, “V.RONTO ml” гэсэн бичигтэй ногоон өнгийн хуванцар савны тагны доод талд 2 хэсэг газар наалдсан байсан бор хүрэн өнгийн зүйл зэргийн найрлагад дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” /1-р хх-104-106/ гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7258 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-129-134/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 7421 дүгээр шинжээчийн дүгнэлт /2-р хх-141/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарын гэм буруу, тэдний хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Ялтан Б.Баяржаргал “...үгсэн хилсээр гүтгэж байгаа тул хэрэгт цугларсан нотлох баримтыг дахин шалгаж өгөхийг...”, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “...Б.Баяржаргалын борлуулсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгохыг...” хүссэн давж заалдах гомдол тус тус гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М.Жавхлангийн “...2016 оны 4 сарын 27-ны өдрийн 22 цагийн үед Б.Баяржаргал над руу залгаад “мөнгө байна уу, миний яриад байсан нөгөө юм байна, чи мөнгөтэй бол ирээд авчих, би чамд үзүүлье” гэхээр нь мөнгө байсан болохоор юу ч гэсэн уулзаад үзье гэж бодоод түүнтэй уулзахаар болсон. ...Б.Баяржаргалд 300.000 төгрөг өгөхөд хоёр жижиг ууттай, цайвар цагаан өнгийн давс шиг зүйл өгсөн...”, О.Энхтулгын “...“Аман хуур” хотхонд очиход М.Жавхлан, Б.Пүрэвдорж хоёр Б.Баяржаргалтай уулзахаар буусан...”, Б.Пүрэвдоржийн “...2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б.Баяржаргалтай холбогдоход “О.Энхтулга чамайг очиж авна “Аман хуур” хотхонд хүрээд ир” гэхээр нь очсон. Б.Баяржаргал нэг хүнээс “мөс” авсан бололтой О.Энхтулгад “мөс”-өө өгөхөд авчихаад “байх ёстой хэмжээнээсээ бага байна” гэж маргалдаад байхаар нь гэр лүүгээ харьсан...”, гэрч Т.Чулуунбатын “...М.Жавхлан машинаас буугаад 3-4 метрийн зайд Баяраатай уулзаад 5-10 минут болохоор нь “харилаа шүү” гэхэд “за, би хамт явъя, намайг гэрт буулгаад өг” гээд машинд суусан. ...Миний бодлоор энэ өдөр М.Жавхлан ууттай цайвар зүйлийг авсан гэж бодож байна...” гэх хууль сануулан авсан гэрчийн мэдүүлэг нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүлээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4067 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн О.Энхтулгын шээсэнд метамфетамин /МАМР/, Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Метамфетамин, тетрагидроканнабинол нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” /1-р хх-114/ гэх дүгнэлттэй тохирч байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар Б.Баяржаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...О.Энхтулга, М.Жавхлан нартай 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Аман хуур” хотхоны ойролцоо уулзсан...” гэх мэдүүлгийг давхар нотолж байгаа болно.
Түүнчлэн ялтан Б.Пүрэвдоржийн өмгөөлөгч Р.Оюунбадам, ялтан Б.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баярсайхан нар “...хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн гомдол гаргасан ба шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлэн Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтан нарын хувийн байдалд тохирсон, ял оногдуулах нийтлэг зарчимд нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно” гэх энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх үүрэгтэй заалт биш болохыг дурдах нь зүйтэй.
Мөн ялтан М.Жавхлан, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг нар “...баривчлах ялыг багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.
Учир нь шүүх ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан М.Жавхлангийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрлүүдээс хүнд биш ялыг нь сонгон түүнд 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсныг дахин хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх ялтан нарт ял шийтгэл оногдуулахдаа энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу (хүүхэд, залуучуудад нөлөөлөх хортой үр дагавар) эдийн засгийн хохиролтой байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэднийг гэмт зан үйлээ үргэлжлүүлэхээс татгалзуулан, нийгэмд аюулгүй болгон хүмүүжүүлэх зорилгоор нийгмээс тусгаарлан хуульд заасан хэмжээ хязгаарын дотор тэдэнд хорих, баривчлах ял шийтгэлийг оногдуулжээ.
Иймд ялтан М.Жавхлан, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарын хамтран гаргасан, ялтан Б.Пүрэвдоржийн өмгөөлөгч Р.Оюунбадам, ялтан Б.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баярсайхан, ялтан Б.Баяржаргал, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Жавхлан, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарын хамтран гаргасан, ялтан Б.Пүрэвдоржийн өмгөөлөгч Р.Оюунбадам, ялтан Б.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баярсайхан, ялтан Б.Баяржаргал, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ГАНСҮХ
ШҮҮГЧИД Д.ОЮУНЧУЛУУН
Н.БАТСАЙХАН