Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 253

 

П.Т, Б.А нарт холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч П.Т-н өмгөөлөгч Б.Цолмон, Б.Дима, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 257 дугаар магадлалтай, П.Т, Б.А нарт холбогдох 1806 04483 1409 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Т  болон түүний өмгөөлөгч Б.Дима, Б.Цолмон нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, П.Т,

2. Монгол Улсын иргэн, Б.А

П.Т  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

шүүгдэгч П.Т-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Б.Ганболд, шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.Т гаргасан гомдолдоо “... Пүрэв овогтой Туул надад холбогдох эрүүгийн 1806044831409 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулж эхлэснээсээ авахуулаад прокурорын хяналт, шүүхэд шилжүүлэх, шүүхийн хэлэлцүүлэг явуулах гэх мэт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд заавал тогтоохоор хуульчлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад мөн хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, бодит байдлаар нь нягт нямбай хянан үзэж нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан нотлох баримтын эх сурвалж магадлах аргаар нотлох баримтыг шалган үнэлэх үүргээ биелүүлэхгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 дугаар шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 257 дугаар магадлал үндэслэлгүйгээр гарах гол үндэслэл болсон. Үүнтэй холбоотойгоор нэгдүгээрт, тус хэрэг мөрдөн байцаалтын шатанд миний бие хохирогчид зодуулахдаа өөрийгөө хамгаалахаар мэс барьж авсан байсан ба дахин дайран ирэхэд хохирогчийг шүргэсэн гэж мэдүүлснийг байцаагч няцааж “Хутгалуулсан гэх дуудлага өгсөн. Шүргэсэн гэж юу яриад байгаа юм. Хутгалсан гээ биз дээ. Та хоёроос өөр том хүн байхгүй байсан юм бол чи л хутгалсан” гэх зэргээр дарамтлан “мэдүүлгийг чинь хутгалсан гэж бичнэ, үгүй бол хорино” хэмээн айлгаж, заналхийлж худал мэдүүлэг авсан нь уг хэргийг хүндрүүлэх шалтгаан болгосонд миний бие туйлын гомдолтой байна. Шүүгдэгч надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалт явуулж яллагдагчаар татахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчиж намайг гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоосон байх ба энэ үйлдэл нь мөн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. ... гэрчгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлгээр мөн хуурамч баримтаар хүнд хэрэгт ялласанд гомдолтой байна.

Үүнтэй холбоотойгоор хоёрдугаарт, хохирогч Б.А нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлэх үедээ ГССҮТ-ийн цээжний хөндийн компьютер томографийн их эмч Оюунбаясгалангийн хоёр удаагийн үзлэгээр 2 ширхэг цээжний компьютер томографийн зураг авахуулсан ба 1 ширхэг СД зэрэгт үндэслэн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 6463 тоот гэмтлийн хөнгөн зэрэг гарахад нотлох чухал баримт болох дээрх 3 ширхэг баримт хавтаст хэргээс устан алга болсон төдийгүй хохирогчийн өөрийнх нь 2007-2010 оны хооронд компьютер томографийн их эмчээр ажиллаж байсан “Фрэншип Наран” гэх хувийн эмнэлгийн КТГ-н зураг болон 1 ширхэг СД-г үндэслэн гэмтлийн “хүнд” зэргийг удаа дараа гаргуулсан нь тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Гуравдугаарт, ийм илэрхий нотлох баримт байхад Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Эрдэнэбаяр хохирогчийн гомдлыг шалган үзэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн нотлох баримтуудынх нь хэмжээнд шалган үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасан заалтыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу гомдлыг бодит эсэхийг тогтоох, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасан хэдий ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч болон прокурор нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянан үзсэн гэж үзэхэд үнэхээрийн учир дутагдалтай байсан. Энэ нь нотлох баримтыг шинжлэн судлах үед хангалттай тогтоогдохоор байсан.

Дөрөвдүгээрт, анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдэх субъектив санаа зорилго байсан эсэх, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хуульд нийцсэн үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэгтэй байснаа биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны зарчмыг зөрчиж илт хууль бусаар ял шийтгэл оногдуулахад хүргэсэн. Энэ талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр бүрэлдэхүүн шүүгч нарын зүгээс прокурорт хандан “гэм буруугийн хэлбэрийн талаар хууль зүйн дүгнэлт” өгөхийг шаардсан хэдий ч огт хариулт өгч чадаагүйн дээр санаатай үйлдлийг гэрчлэх гэрчгүй атал хүнд зүйл ангиар ялласан талаар мөн хохирогчийг бага насны хүүхдүүдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх талаар хэлэлцсэн билээ.

Тавдугаарт, Монгол Улсын дээд шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулан гэмтлийн хүнд зэргийг гэрчлэн цээжний хөндийгөөс авсан гэх дээж, сорьж бодитоор байгаа эсэхийг тогтоох, шинжээчдийн бүрэлдэхүүн томилон дахин дүгнэлт гаргуулахаар прокурорт хэргийг шилжүүлсэн ч О.Багшбаяр прокурорын зүгээс дээж, сорьж байгаа эсэхийг шалган тогтоолгүй, томилогдсон шинжээчид хууль бусаар өөрчлөгдөн, солигдсоныг үл тоон хэргийг хүндрүүлэн анхан шатны шүүх рүү шилжүүлсэнд маш их гомдолтой байна.

Миний бие нь тус хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ авахуулан цагдан хоригдсоноос хойш 2 удаа удаан хугацаагаар зүрхний эмчилгээг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн хийлгэж байгаа билээ. Үнэхээрийн үнэнээр надад тулгасан хэргийг миний бие үйлдсэн байсан бол магадгүй Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо гэм буруугаа бүрэн хүлээж, хөнгөн ял оногдуулж өгөхийг гуйн оролцох байсан нь лавтай. ...Хохирогчийн зүгээс ч Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч Д.Энхтунгалагаар дамжуулан “Б.А-н хувьд өөрөө эмч хүн. Туулын гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тиймд хэргийг буцаан дахин шалгуулж өгөхийг хүсч байна” хэмээн мэдүүлсэн ба хэрэг болох үед хажуу хаалганд амьдардаг хохирогчийн төрсөн эцэг Ж.Болд гуай гэмтлийн зэргийн талаар зүсэгдсэн “хөнгөн” гэмтэл байсан, санамсар болгоомжгүйгээр зүссэн шарх байсан хэмээн өөрийн гараар 5 хуудас хүсэлт бичсэн ба СД-нд буулган, уншиж танилцуулсан байдаг билээ. Өөрийн хийсэн хэргийг үгүйсгэх санаа зорилго огт агуулаагүй ба хэргийг бодит үнэнээр шүүлгэн хянуулах цорын ганц зорилготой билээ ...” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.Т-н өмгөөлөгч Б.Цолмон гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... 1. Тухайн гэмт хэрэг нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд энэ хэргийн ялтан, хохирогч Б.А нь тухайн өдрөө шууд ГССҮТ-д хэвтсэн ба 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.А-н авахуулсан цээжний эгц байрлалын рентген зураг, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр цээжний компьютер томографийн 2 ширхэг зураг, 1 СД зэрэг түүний өвчний түүхэнд ач холбогдолтой, туйлын чухал нотлох баримтууд цугларсан байдаг. Гэтэл эдгээр нотлох баримтууд нь хавтаст хэргээс ор сураггүй алга болсон байдаг ба энэ нь яах аргагүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Эдгээр онц чухал ач холбогдол бүхий нотлох баримтууд хавтаст хэргээс алга болсны дараа Б.А-н биед учирсан гэмтлийг тогтоох зорилго бүхий шинжээчийн дүгнэлтүүд нь шууд “хүнд зэргийн гэмтэл” буюу хохирол хэмээн гарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх нотлох баримтууд байсан үед Б.А-н биед учирсан гэмтлийг тогтоох зорилго бүхий шинжээчийн дүгнэлтүүд нь “хөнгөн”, эсвэл “хүндэвтэр” гэх мэтээр гарч байсан билээ. Тиймээс дээрх нотлох баримтуудыг хэн нэгэн этгээд зориуд санаатайгаар хавтаст хэргээс авч, устгасан болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү хууль бус үйлдэл, үйл ажиллагааг цагдаагийн болон бусад эрх бүхий хуулийн байгууллагууд зайлшгүй мөрдөн шалгаж, энэ талаар хуульд заасан бүхий л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудыг явуулах ёстой. Тиймээс эрхэм хүндэт УДШ-ийн шүүгчид та бүхэн анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоол, магадлал зэрэг шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн, дээрх ХХША-ны ноцтой зөрчлийг арилгуулах үүднээс шийтгэх тогтоол, магадлал зэрэг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү.

2. Ялтан, хохирогч Б.А-н биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсныг тухайн эрүүгийн хэрэгт шинжээчээр ажилласан болон Б.А-н эмчлэгч эмч ГССҮТ-ийн Гар сарвууны тасгийн их эмч н.Даваажаргал, тус эмнэлгийн Цээж, хэвлий тасгийн их эмч Х.Батдэлгэрэх, Дүрс оношлогооны эмч Д.Ундармаа, Компьютер томографийн их эмч О.Оюунбаясгалан, их эмч Б.Бямбахүү нар нь өөрсдийн зүгээс цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгүүд болон өөрсдийн гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр маш итгэлтэйгээр нотлодог. Эдгээр олон мэргэжлийн эмч нар нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нь ялтан, хохирогч Б.А нь анх биедээ гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэн ирсэн үеэс эхлэн түүний биед анхны эмчийн үзлэг хийж, өвчний түүх гэсэн чухал бичиг баримтыг нээн хөтөлж, мөн эмнэлгийн нарийн багаж хэрэгслээр Б.А ын цээжний хөндийд нэвтэрсэн шарх үүссэн эсэхийг шалган тогтоосон албан тушаалтнууд билээ. Харамсалтай нь дээрх эмч нарын нэг болох их эмч Х.Батдэлгэрэх нь “цээжний хөндийд нэвтэрсэн шарх байгаагүй, хэрэв нэвтэрсэн шарх байсан бол оношийг заавал бичихээс гадна цээжний хөндийд гуурс тавих ёстой. Б.А-т нэвтэрсэн шарх байгаагүй учраас гуурс тавиагүй” хэмээн үнэн, зөв мэдүүлгийг өгсөн боловч Б.А нь биедээ гэмтэл авснаас хойш бүхэл бүтэн 6 хоногийн дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр биеэс 20 мл шингэн соруулж авсан мэт хуурамч цаасыг өвчний түүхэнд хавсаргаж оруулсан байдаг. Өмгөөлөгч миний хувьд яагаад тухайн цаасыг хуурамч хэмээн үзэж байна гэвэл: Тухайн 20 мл шингэнийг Б.А-н биеэс сорулан авсан гэх боловч уг шингэн нь бас л алга болсон, зөвхөн эмч Х.Батдэлгэрэхийн бичсэн, өвчний түүхэнд нэмж оруулсан ганц ширхэг цаасыг нотлох баримт хэмээн үзээд байгаа юм. Чухамхүү энэхүү ганц ширхэг, үнэн худал нь мэдэгдэхгүй цааснаас болж, энэ хэргийн хувь заяа буруу тийшээ эргэсэн билээ. Өөрөөр хэлбэл, энэ ганц ширхэг цаасыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 800 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1281 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1168 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд гарч, урьд өмнө нь хөнгөн, хүндэвтэр гэмтэл хэмээн оношлогдож байсан дүгнэлтүүдийг хүнд гэмтэл хэмээн тодорхойлж ирсэн юм.

3. Х.Батдэлгэрэх эмчийн зүгээс Б.А-н биеэс 20 мл шингэн авсан гэдгийг дараа, дараагийн эмч нар нь 20 мл цус авсан хэмээн үнэн зөв нөхцөл байдлыг зориуд мушгин гуйвуулж бичээд байгааг нь ялтан хохирогч П.Т-н өмгөөлөгчийн хувьд эрс эсэргүүцэж байгаа юм. Гэтэл дээр хэлсэнчлэн хэрэв их эмч Х.Батдэлгэрэх нь үнэхээр 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б.А-н биеэс 20 мл шингэн авсан юм бол Монгол Улсын холбогдох хууль, эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчдын эмчилгээ үйлчилгээндээ заавал баримтлах ёстой дүрэм, журам, үйлдлийн стандартад заасны дагуу тухайн шингэнийг үнэхээр цус уу, бусад үрэвслийн шингэн эсэхийг тогтоолгохын тулд заавал лабораторийн шинжилгээнд илгээх ёстой байсан. Өмгөөлөгч миний бие нь Стандарт, хэмжил зүйн газраас 2008 онд баталсан, “MNS 4621:2008” гэсэн стандартыг уншиж судалсан бөгөөд уг стандартаар “Эрүүл мэндийн технологи, эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлүүд”-ийг стандартчилсан байна. Энэхүү стандартыг Монгол Улсын эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд эмчилгээ, оношлогооны үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө хэмээн 2008-12-23-ны өдөр баталж, 2009-07-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ. ... Эцэст хэлэхэд энэ эрүүгийн хэргийн ялтан, хохирогч П.Т  нь үнэхээр санаатайгаар өөрийн нөхөр Б.А ын биед гэмтэл учруулав уу, эсвэл санамсар болгоомжгүйгээр гэмтэл учруулав уу гэдгийг эрхэм хүндэт шүүгч та бүхэн тал бүрээс нь нарийн нягт судлан тогтоож өгнө үү. Өмгөөлөгч миний хувьд энэ эрүүгийн хэргийн ялтан, хохирогч П.Т  нь санамсар болгоомжгүйгээр өөрийн нөхөр Б.А ын биед гэмтэл учруулсан гэж үзэж байгаа юм. Учир нь, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр П.Т, Б.А нарын хооронд хэрүүл маргаан болох үед Б.А нь маш хэрцгий догшин авирлаж, өөрийн эхнэр П.Т ыг 4-5 удаа нүүрэнд цохиж, мөн хүчтэй өшиглөж унагах зэрэг үйлдлүүдийг хийсэн байдаг. Энэ нь хохирогч П.Т ын удаа дараагийн мэдүүлгээр бүрэн тогтоогддог ба тэрээр өөрийн нөхрийн гаргаж буй эдгээр харгис үйлдлүүдээс яаж амьд мэнд мултарч гарах вэ хэмээн арга эрэлхийлж, улмаар хутга шүүрэн авсан байдаг. Тухайн үед П.Т  нь Б.А т “чи намайг алах нь байна, над руу битгий ойрт” гэж хэлээд хутгаа өөрийнхөө цээжин тус газар барьсан байх бөгөөд энэ нь түүний өөрийгөө хамгаалах гэсэн, арга ядсан үйлдэл байсан байна. Яг энэ үед Б.А нь баруун гартаа бага хүүгээ тэвэрчихсэн байсан ба өөрөө П.Т ын өмнөөс очиж “чи муу чаддаг юм бол намайг хутгалчих” хэмээн хэлсэн байх ба П.Т нь ямар ч хөдөлгөөн хийлгүйгээр, хутгаа гартаа барьсан чигтээ зогсож байжээ. Гэтэл Б.А нь нэгэнт Туул хутгалж чадахгүйг мэдээд, буцаад эргэж явсан байх ба яг энэ эргэх хөдөлгөөн хийх үедээ Б.А нь өөрийн хөдөлгөөний эрчим, чиглэл зэргийг буруу тооцоолж, П.Т ын зүгээс өөрийн эрүүл мэнд амь насаа хамгаалах зорилгоор барьж байсан хутганд өөрийн цээжний зүүн хэсгээ зүсүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг мөрдөн шалгаж байсан мөрдөгч нар, хэрэгт хяналт тавьсан прокурорууд нь хэргийн дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор мөрдөн шалгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон бөгөөд энэ нь ч шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Зүй нь: хохирогч П.Т ын удаа дараагийн мэдүүлгүүдийг харгалзан үзээд энэ хэргийг мөрдөгч болон прокурор нар нь мөрдөн байцаалтын “туршилт” гэсэн ажиллагааг зайлшгүй хийх ёстой байсан. Энэ тохиолдолд хэргийг хуулийн дагуу, үнэн зөв, шударгаар шалгаж тогтоох, ялтан, хохирогч П.Т ын үйлдсэн хэргийг зөв зүйлчлэх процесс хуулийн дагуу явагдах байсан. Иймд эрхэм хүндэт УДШ-ийн шүүгчид та бүхэн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн шалгуулахаар прокурорын байгууллагад буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.Т ын өмгөөлөгч Б.Дима гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн нөхцөл байдлуудад хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байгаа. Б.А т цээжний хөндийн нэвтэрсэн шарх байгаагүй гэдэг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд бичигдсэн Б.А ын өвчний түүх нээх буюу эмнэлэгт хэвтсэн үеийн онош “цээжний хөндий нэвтэрсэн биш хатгагдсан шарх” гэх, мөн эмнэлгээс гарах үеийн онош буюу Б.А ын эдгэрээд гарах үеийн эмнэлгийн онош, “цээжний хөндий нэвтэрсэн биш хатгагдсан шарх” гэх онош нь хэвтэх үеийн буюу шархны анхны цэгцлэлт хийсэн эмч болох Б.Бямбаахүү, өвчний түүх хөтөлсөн эмчлэгч эмч Д.Даваажаргал, гэрч Батдэлгэрэх нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа. Эдгээр нотлох баримтууд нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6463 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “хүндэвтэр” гэмтэл үүссэн талаарх дүгнэлттэй тохирч байдаг. Шүүхийн зүгээс анхаарч үзэх нягтлах доорх гол асуудлууд байсан.

1. Эмнэлгийн сторид “зүүн плеврт функц хийсэн тухай” гэсэн тэмдэглэлийг нөхөн бичиж хийсэн нэг хуудас өөр өнгийн цаасан дээр бичсэн бичгийг хавчуулсан байгааг, эмч хүн ийм үйлдэл хийж болох уу хэн хэдийд ямар нөхцөл байдал журмын дагуу хийгээд байгаа юм, эмчлэгч эмч нь мэдээгүй байхад ийм ажиллагааг хийж тэрнийгээ сторит хавчуулсан байдгийг,

2. Өвчний түүх дээр “15 см”, “орж” гэсэн үгнүүдийг нөхөн бичсэн байдгийг, яагаад нөхөж бичилт хийв эмнэлгийн дүрэм журамд харшлах үйлдлийг хийсэн байдаг.

3. “Гэмтлийн хөнгөн” зэрэг гэдгийг нотолсон баримтууд хавтаст хэргээс алга болсныг үүнээс үүдэлтэйгээр ГССҮТ-ийн томограф эмч Оюунбаясгаланг гэрчээр асуугаагүй, эдгээрийг шалгуулахыг Туулын зүгээс байнга хэлж хүсэлт гаргаж ирсэн байдаг.

4. Шүүгдэгч П.Т-н би Б.А-г хутгалахыг хүсээгүй намайг 2-3 удаа цохиж унагаасан учраас биеэ хамгаалахаар хутгыг барьж байтал хутгал гэж мөрөөрөө түрэн орж ирж хутганы үзүүрт өртсөн гэж мэдүүлдэг. Үүнтэй холбоотойгоор криминалистикийн шинжилгээг хийлгүүлэх шаардлагатай байсан. Ингэснээр хутга хохирогчийн биед ямар байрлалаас ямар хүчээр орсон гэдгийг тогтооход чухал ач холбогдолтой байсан. Энэ хэргийн хувьд дандаа эмч нар оролцсон нөхцөл байдал байдаг. Б.А  өөрөө эмч хүн. Ийм ч учраас өөрийн ажиллаж байсан эмнэлэгт очиж үзүүлж тэндээс функц хатгалт хийх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргуулж авсан байдаг. Мөн Б.А  нэгэн эмч найзтайгаа “гэмтлийн зэрэг хүндэвтэр гарсан байна, шинжээч эмчтэй уулзанаа” гэх зэргээр мессеж бичиж харьцаж байгаагаас харж болно. Эндээс юу харагдаад байна гэхээр үндэслэлгүй дүгнэлт гаргуулах алхмууд эхэлснийг харж болно.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 29-ний өдрийн 800 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 30-32/, 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 1281 /1хх 202-204/, 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 1861 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 226-228/-үүд нь дээрх нөхөн бичилт хийсэн, хавчуулж хийсэн баримтуудыг үндэслэж хийсэн нь угаасаа эргэлзээтэй байна.

Шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар хууль бусаар авагдсан баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх эрх хэмжээ нь байдаг. Ийм ч учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр гомдол гаргах хуулийн үндэслэл нь бий болж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа шинжээчдийн гаргасан 3 удаагийн “хүнд” зэргийн гэмтлийн дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шинжээчийн 6463 дугаар дүгнэлт, хууль бусаар өвчний түүхэнд хавчуулж хийсэн баримт, мөн өвчний түүхэнд нэмж нөхөн бичилт хийсэн баримт, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлээр баталгаажсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгүүд зэргээр эргэлзээтэй болох нь тогтоогдсон учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болох үндэслэлгүй юм. Хууль бусаар авагдсан эмнэлгийн сторт “зүүн плеврт функц хийсэн тухай” гэсэн тэмдэглэлийг нөхөн бичиж хийсэн нэг хуудас өөр өнгийн цаасан дээр бичсэн бичгийг, өвчний түүх дээр “15 см”, “орж” гэсэн үгнүүдийг нөхөн бичсэн бичгүүдийг үндэслэж гэмтлийн хүнд зэргийн дүгнэлтүүд гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосноо тайлбарлах ёстой. Шүүх хавтаст хэрэгт цугларсан баримтуудад дүгнэлт өгч шийдвэрээ гаргадаг. Гэтэл илт хууль бус эргэлзээтэй баримтуудыг үндэслэж гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг шүүхийнхээ шийдвэрийн үндэслэл болгоод түүнийгээ тайлбарлаж чадаагүй байгаад гомдолтой байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлаж хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг харгалзан үзнэ үү ...” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.А , П.Т  нар нь гэр бүлийн ахуйн хүрээний асуудлаас болж хоорондоо маргасан бөгөөд Б.А ын биед хүнд хохирол, Туулын биед хөнгөн хохирол учирсан үйл баримтууд тогтоогдсон байна. Шүүгдэгч П.Т  болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Б.А-н биед хүнд хохирол учруулаагүй гэж гомдол гаргадаг боловч хэрэгт авагдсан 3 удаагийн шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шинжээч нарын өгсөн мэдүүлгээр хүнд хохирол учирсан нь тогтоогдсон. Энэ талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ. Мөн шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А , П.Т нарт холбогдох хэргийг шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Б.Цолмон, Б.Дима нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг бүрэн хянаж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, тус хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангажээ.

Шүүгдэгч П.Т нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 тоотод өөрийн нөхөр Б.А-тай маргалдан түүнийг зэвсгийн ч Б.А-тай зүйл болох хутгаар цээжний зүүн ар хэсэгт нь хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Анхан шатны шүүхийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон хэм хэмжээнд нийцсэн байх ба энэ хүрээнд шүүгдэгч П.Т-н гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэргийг зүйлчилжээ.

Мөн П.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж ч Б.А, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч П.Т болон түүний өмгөөлөгч Б.Цолмон, Б.Дима нарын гаргасан “...Б.А-д хүнд гэмтэл учруулаагүй ...” гэх агуулга бүхий гомдлуудын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, бодит хохирол учирсан байхыг шаарддаг ба Б.А-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан ба үүнээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 800 дугаартай дүгнэлт, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1281 дугаартай дүгнэлт, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1168 дугаартай дүгнэлтүүдэд “...цээжний хөндийд цусан хураа үүссэн тохиолдолд нэвтэрсэн шарх гэж үзнэ ...” гэсний дагуу П.Т-н үйлдлийн улмаас Б.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалган тодруулжээ.

Харин шүүгдэгч Б.А-н хувьд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 4 тоотод эхнэр П.Т-тай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон хэдий ч Б.А-н уг үйлдлийг П.Т-н өөдөөс өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилготой хийгдсэн аргагүй хамгаалалт гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Учир нь, хавтаст хэрэгт цугларсан баримтаас дүгнэхэд Б.А, П.Т нарын дунд маргаан өрнөж, улмаар П.Т-н хувьд хутга барин Б.А-н эсрэг чиглэсэн идэвхитэй үйлдэл хийж, уг үйлдлийн улмаас үүсэх үр дагаварт зориуд хүсэж хүргэсэн нь Б.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, тэрээр өөрийн болон тухайн үед тэвэрч байсан хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндэд учирч болох аюулт довтолгооны эсрэг хийсэн үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэх ойлголт нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг бөгөөд тухайн аргагүй хамгаалалт хийж буй субъектын санаа сэдэл, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг аливаа хэргийн үйл баримтад нарийвчлан тодорхойлох нь түүнээс үүдэн гарах нийгмийн аюулын шинж ч Б.А-г үгүйсгэж, гэмт хэрэгт тооцох эсэх үр дагавартайг дурдах нь зүйтэй тул аргагүй хамгаалалт гэх ойлголтын хувьд объектив болон субъектив шинжийн зохицол болоод хоорондын уялдаа холбоог анхааран үзэх шаардлагатай юм.

Иймд Б.А-н үйлдлийг аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, үүнтэй холбогдуулан шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулахаар хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 257 дугаар магадлалын Б.А-д ял оногдуулсан бүх заалтыг хүчингүй болгож, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч П.Т болон түүний өмгөөлөгч Б.Цолмон, Б.Дима нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                     Б.ЦОГТ

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН