Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 262

 

                                                            Б.Уд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр магадлалтай Б.У-д холбогдох эрүүгийн 1902000000201 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1964 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, хэрэгт холбогдох үедээ Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан, ял шийтгэлгүй Х овогт Б-ын У.

Б.У нь улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”, 37.1.4-т “гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах”, 37.1.7-д “хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх” гэж заасныг тус тус зөрчиж,

Монгол Улсын Их Хурлын гишүүний албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Б-ийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар өөрийн хамаарал бүхий “Д м” ХХК-д 800,000,000 төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулсан буюу Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудыг зээл олгох журмыг зөрчиж зээл олгоход хатгаж, өөрийн хамаарал бүхий “Д м” ХХК-нд 800,000,000 төгрөгийн зээл авч, зээлийг зориулалтын бусаар зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.У-г улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэж 329 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-г нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.”,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.У-д мэдэгдсүгэй.”,

 “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.У-ийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 72 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /72x15,000=1,080,000/ эдлэх ялаас нь хасаж /40,000,000-1,080,000=38,920,000/, түүний торгох ялын хэмжээг 38,920,000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.      

Хяналтын шатны шүүхэд прокурор П.Ганбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нарын зүгээс гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэсэн магадлалыг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.У-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 40,000 нэгжээр торгох торгуулийн ял болгож өөрчилж шийдвэрлэхдээ Б.У-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон 2001 онд бүдүүн гэдэсний хорт хавдрыг тайрч авах, 2007 онд умайн хорт хавдар авах, 2020 оны 02 дугаар сард төвөнхийн ургацаг буюу мэдрэл дагасан төвөнх дээрх хавдрын хагалгаанд орж эдгээрээс үүдэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчийн хяналтад 14 хоног тутамд үзүүлж, эмчилгээ хийлгэж байгаа хувийн байдлыг харгалзан үзлээ гэж дүгнэлт хийжээ. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон дүгнэлт хийгээгүй гэж үзлээ. Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь зөвхөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бус хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хамаарах, яллагдагч, шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын илрэл юм. Харин шүүгдэгч Б.У нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Улсын Их Хурлын гишүүд Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож их хэмжээний зээл авсан хэргүүдийн шийдвэрлэлтийн үйл явц буюу Улсын Их хурлын гишүүнээр ажиллаж байсан этгээдүүдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрүүдээс хамааралтайгаар зөвхөн шүүхээс оногдуулах ялыг багасгах зорилгоор анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хэлбэрийн төдий хүлээн зөвшөөрч оролцсон бодит нөхцөл байдал тогтоогдож байхад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Түүнчлэн шүүгдэгч Б.У нь Сонгуулийн үр дүнд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Төрийн хууль тогтоох дээд байгууллагад сонгогдон ажиллаж байхдаа Улсын Их Хурлын гишүүнд хуулиар олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө Монгол Улсын нийт иргэдийн эрх ашгийг хамгаалахад бус өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд урвуулан ашигласан, гэмт хэрэг үйлдэгдэн гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Төрийн үйл ажиллагааны зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, хууль тогтоох дээд байгууллагын үнэлэмжийг дотоод болон гадаад улсад сулруулсан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид төрөөс олгосон бага хүүтэй зээл авах боломжийг мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд зээл олгуулах шийдвэрийг бусдад нөлөөлж гаргуулсан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хөнгөлөлттэй зээл авах боломжтой байх тэгш эрхэд давхар халдсан зэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь их байхад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шударга ёсны зарчимд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.У нь өмгөөлөгчийн хамт гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар огт мэдүүлэг өгч байгаагүй, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг гаргаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахаар, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох талаар тус тус хуульчилсан. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт нь харилцан зөрүүтэй буюу шүүгдэгч Б.У-ийн шүүх хуралдаанд оролцохдоо өгсөн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон атлаа, түүний хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг ноцтой зөрчиж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хуульчилсан ба уг хуулийн 1 дэх хэсэгт шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар хуульчлагдаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.У-ийн эрүүл мэндийн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд хамааруулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.У-ийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд нь түүнийг урьд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байсныг нотлохоос биш одоогоор эдгэшгүй маш хүнд өвчтэй гэдгийг нотлохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдал үүсээгүй байна. Мөн шүүгдэгч Б.У-ийн дээрх эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх баримтууд нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хавсаргагдаагүй, шүүх хуралдааны явцад талууд шинжлэн судалж, шүүх шийдвэр гаргахдаа дүгнэлт хийж, үндэслэл болгоогүй байхад давж заалдах шатны шүүх дээрх эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчиж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.13 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 255 дугаар зүйлд Өвчний учир ялаас чөлөөлөх талаар тус тус хуульчилсан.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны А/152, А/366 дугаар тушаалаар батлагдсан “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-д заасан өвчнөөр шүүгдэгч Б.У нь өвчлөөгүй байхад давж заалдах шатны шүүх эрүүл мэндийн байдлыг харгалзан үзлээ гэх агуулгаар буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулагдах харилцааг урьдчилж шийдвэр гаргаж байгаа нь Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр магадлалыг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Би тодорхой хоёр асуудлыг ярина. Нэгдүгээр прокурорын эсэргүүцэл нь хуульд байхгүй үндэслэлээр ялыг хөнгөрүүлсэн гэсэн асуудал яригдаж байгаа. Энэ нь хуульд байхгүй үндэслэл гэж үзэх боломжгүй, өөрөө хэлбэл Эрүүгийн хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хувийн байдал, ял хөнгөрүүлэхтэй холбоотой баримтуудыг гаргаж өгч болно гэсэн заалтын дагуу шүүхэд эмчилгээ хийлгэж байсан, хагалгаанд орж байсан баримтуудыг өгсөн. Прокурорын хэлсэн 10, 20 жилийн өмнө хагалгаанд орсон баримтуудыг үндэслэн ял хөнгөрүүлж байгаа нь үндэслэлгүй гэж ярьж байна. Энэ хүн биеийн байдлын хувьд 5-7 жилийн давтамжтай янз бүрийн хавдрууд үүсч тодорхой хугацаанд хагалгаанд ороод байгаа юм. Хамгийн сүүлд 2020 оны 02 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос улсын Хана гэх эмнэлэгт хагалгаанд орсон баримтуудыг авчирч өгсөн. Яагаад үүнийг мөрдөн байцаалтын шатанд хэрэгт хавсаргуулаагүй вэ гэсэн асуудал яригддаг. Мөрдөн байцаалтын шатанд үүнийг авчирч өгөх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх хувийн байдлыг тодруулах нотлох баримтуудыг гаргаж өгөх боломж бололцоог олгохгүй гэрлийн хурдаар энэ хэргийг шүүх рүү явуулсан байдаг. Гэм буруугаа хүлээгээгүй гэдэг асуудал яригддаг. У бол өөрийн үйлдсэн хэргийн талаар гэм буруугаа хүлээсэн, ямар нөхцөл байдалтай зээл  авсан гэдгээ маш тодорхой мэдүүлдэг. Бид мөрдөн байцаалтанд буцаах талаар хүсэлт яагаад гаргасан бэ гэхээр гэм буруугийн асуудалтай огт холбоогүй бөгөөд гэм буруу болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан уу гэдэг асуудлууд хоёр өөр асуудал, У бол гэм буруугаа хүлээсэн, хохирлыг хэрэг үүсгэхээс өмнө төлж барагдуулсан. Процессын хувьд нэгдүгээрт энэ хэргийг хамгийн гол нотолж мэдүүлдэг хүн болох Б.У-ийн хэргийг тусгаарлаж шалгасан. Б.У-д нь У-тай харилцан эсрэг сонирхолтой яллагдагч байсан. У маш их дарамт, шахалт үзүүлж байж энэ зээлийг авсан нь Б.У-д гэх хүний мэдүүлгээр нотлогдож байна гэж ярьдаг бөгөөд энэ хэрэгт нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Бид 6 сарын хугацаанд 4-5 удаагийн хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд өгч байж нууц ажиллагааны материалтай танилцсан. Гэтэл Б.У-ийн дарамт, шахалт үзүүлж ажлаас чинь халуулна гэж ярьсан мэдүүлэг нь нотлогддоггүй. Тийм учраас бид Т-тэй нүүрэлдүүлж байцаалгах асуудлыг ярьсан боловч мөрдөгч болон прокурор хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хүсэлтүүдийг хангаж шийдвэрлээгүй. Энэ нь ямар учиртай гэхээр бид гэм буруугаа хүлээхгүй байгаа юм биш У-тай харилцан эсрэг сонирхолтой яллагдагч түүний хувийн болон хэргийн нөхцөл байдлыг хүндрүүлэн өгсөн мэдүүлгийн зөрүүг гаргая гэдэг. Б.У-ийн мэдүүлэгт хэлсэн шиг утсаар ярьж дарамталсан асуудал нууц ажиллагааны материалд байдаггүй. Ингээд энэ хэргийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай прокурорын тогтоолоор Б.У-д, Б нарын хэргээс У-ийн хэргийг тусгаарласан байдаг. Хэргийн 5 дахь хавтас, 39 дүгээр хуудсанд энэ тогтоол авагдсан байгаа. Хэргийг тусгаарлана гэдэг бол бүх нотлох баримтуудыг хуулбарлахыг нь хуулбарлаж, эх хувиар нь авч хийхийг нь хийх ёстой. Гэтэл мөрдөн шалгах нууц ажиллагааны баримтыг энэ хэрэгт огт хийгээгүй 6 сарын хугацаанд хэд хэдэн удаагийн хүсэлтээр танилцсан тэмдэглэлийг хэрэгт хийсэн боловч шүүхэд мөрдөн шалгах нууц ажиллагааныхаа материалыг ирүүлээгүй байдаг. Ийм нөхцөл байдлаас болоод У-ийн хувийн болон хэргийн бодит байдлын хувьд тодорхойгүй буруу, зөрүү ойлгогдсон нөхцөл байдлууд байгаа учраас үүнийг бид зөвтгөе, гэм буруугийн талаар маргахгүй гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны явагдах У-ийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тодруулж өгөөч гэсэн хүсэлтүүдийг гаргаж байсан юм. Үүнийг прокурор буруугаар ойлгож мөрдөн байцаалтын шатанд буцаах янз бүрийн хүсэлт гаргаж байгаа нь гэм буруугаа хүлээгээгүй гэдэг ойлголт гарч байна гэсэн асуудал яриад байх шиг байна. Энэ бол өмгөөлөгчийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчигдсөн асуудлыг арилгах ёстой гэдэг байдлаар бид хүсэлт өгч байсан. Ингээд энэ баримтуудыг үндэслээд давж заалдах шатны шүүх ялыг хөнгөрүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэ хэргийг өмнө нь хяналтын шатны шүүх хуралдаанаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцсэн 88 дугаар тогтоолоор ял шийтгэл хөнгөрүүлснийг буруутгаагүй гагцхүү ял шийтгэлийг хөнгөрүүлэхдээ үндэслэл болгосон нотлох баримт эх хувиараа байхгүй байна гэсэн. Тийм ч учраас ял хөнгөрүүлсэн эрүүл мэндийн нөхцөл байдлуудын шаардлага хангасан нотлох баримтуудыг нөхөн хийх боломжийг олгож давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Ингээд давж заалдах болон хяналтын шатны шүүхийн тогтоолын дагуу бид Солонгос, Москва, Франц улсад хагалгаа хийлгэсэн эрүүл мэндийн холбоотой нотлох баримтын шаардлага хангуулсан баримтуудыг гаргаж өгсөн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн 329 дүгээр магадлал гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Тийм учраас магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргаж байна гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.У-ийн 2001 онд буюу 20 жилийн өмнө, 2007 онд буюу 14 жилийн өмнө хагалгаанд орж эмчлүүлсэн гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл ангид заасан сонгох санкцаас торгох ялыг сонгож хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг харгалзан сонгох санкцаас эрүүгийн хариуцлагын төрлийг сонгож хэрэглэх хуулийн шаардлага зөрчиж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн ба прокурорын бичсэн эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн  талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан байна.

Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр тохироог хангахад чухал шаардлагатай билээ.

Аливаа гэмт хэрэг нь нийгэмд аюултай ямар нэгэн гэм хор учруулдаг ба эсхүл тийм гэм хор учрах нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд тэрхүү учирсан болон учруулж болох хохирлын шинж чанар, хэр хэмжээ, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал (нийтлэг эсхүл тусгай шинж бүхий субъект) нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлдог болно.

Эдгээр шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэг, заалтын диспозицэд тухайн гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон тохиолдолд энэ нь гэмт хэргийн нийгмийн аюулын багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлын эерэг эсхүл сөргөөр үнэлэхэд хүргэж, шүүхээс сонгон хэрэглэж буй ялын бодлогод зайлшгүй нөлөөлдөг онцлогтой.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд төрийн албаны, 10 дугаар зүйлд төрийн албан тушаалын ангилал, төрлийг тус тус тодорхойлсон бол мөн хуулийн 11 дүгээр зүйлд сонгууль болон түүний үр дүнгээр томилогддог ямар албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалд хамааруулахыг хуульчлан тогтоожээ.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1, 1.4-т зааснаар Улсын Их Хурлын гишүүн нь улс төрийн албан тушаалтанд хамаарч байх бөгөөд уг албан тушаалтныг Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлийн тайлбараар улс төрд нөлөө бүхий этгээд гэж тодорхойлсон байна.  

Тиймээс Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Б.У нь улс төрд нөлөө бүхий этгээд мөн бөгөөд тэрээр уг албан тушаалын нэр хүнд, нөлөөг ашиглан өөрийн хамаарал бүхий “Д м” ХХК-д Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 800,000,000 төгрөгийн зээлийг хууль бусаар олгуулж, уг мөнгийг зориулалтын бусаар зарцуулан өөртөө давуу байдал бий болгосон үйл баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоон, хэргийн бодит байдлын талаар хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийж, дээрх шинжээр нь түүний гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчилсэн нь зөв болжээ.

Түүнчлэн хоёр шатны шүүх нь Б.У-г албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг шийтгэх тогтоол, магадлалд нэг бүрчлэн, тодорхой тусгасан бөгөөд эдгээр баримтат мэдээлэл нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна.

Харин шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт (хэргийн 7 дугаар хавтас, 162 дахь тал) Улсын Ерөнхий прокурорын газрын тусгай хяналтын хэлтсийн даргын зөвшөөрлөөр явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг дурдсан боловч хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав нь энэхүү нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй гэсэн тайлбар хийсэн бөгөөд уг баримтат мэдээлэл нь хэрэгт хавсаргагдаагүй, хяналтын шатны шүүхэд ирээгүй тул энэ талаар хяналтын шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй юм.

Гэвч хэрэгт цуглуулж бэхжүүлсэн болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд нь Б.У-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц байх тул мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн эсэх нь тодорхой бус энэхүү нөхцөл байдал нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөө үзүүлэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг шүүхээс оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна  мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуульд заасан дээрх үндэслэл, зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох, хорих ялуудаас хорих ялыг сонгон хэрэглэж, 2-оос 8 жил хүртэл хорих ялаас 2 жил 6 сар хорих ялыг шүүгдэгчид оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “онцгой нөхцөл байдал”-д шүүгдэгчийн эрүүл мэндийн асуудал хамаарах хэдий ч давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн гаргаж өгсөн, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй баримтууд түүнийг урьд нь 2001, 2007 онд тус тус мэс ажилбарт орж, эмчлүүлж байсныг тодорхойлсноос бус тэрээр одоогийн байдлаар ял эдлүүлэхэд саад болохуйц хүнд өвчнөөр өвчилсний нотолгоо биш тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.У-г энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН