Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 191

 

   Б.Батзолбоо, Чин Алимусу нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Оргил-Очир,

ялтан Б.Батзолбоогийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ш.Мягмарцэрэн,

ялтан Чин Алимусугийн өмгөөлөгч Ц.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Батзолбоогийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, ялтан Чин Алимусугийн өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Батзолбоо, Чин Алимусу нарт холбогдох эрүүгийн 201501000135 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          1. Намжим овогт Батчулууны Батзолбоо, 1989 оны 7дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэгч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 28-5-79 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЛИ 89071670/,

          2. Чин овогт Алимусу, 1975 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Жирэм аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Архорчин найман” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 103/2-74 тоотод түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: G40374340/,

          Б.Батзолбоо нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415 дугаар зүйлийн 415.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 414.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан бөгөөд сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд хэрэг бүртгэх ажиллагааг эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэн даруй гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчин иргэн С.Ганцацралаас гаргасан бусдад зодуулж гэмтсэн гэх гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, С.Ганцацрал нь хохирлын талаар маргаантай, хохирогч, сэжигтэн нар харилцан зөвшөөрөөгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар буюу түргэн шуурхай шийдвэрлэж өгөхөөр амлан Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Чин овогт Алимусуг хээл хахууль өгөхийг тулган шаардах буюу хясан боогдуулах замаар 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна түүнээс 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,

          Чин Алимусу нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өөрийн шалгагдаж буй “иргэн С.Ганцацралыг зодож түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх гомдлыг өөрийн ашиг сонирхлын үүднээс түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд уг гомдлыг шалгаж байсан хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзолбоод 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Б.Батзолбоогийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, Чин Алимусугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас Б.Батзолбоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон зүйлчилж, Б.Батзолбоог хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Чин Алимусуг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар Б.Батзолбоог тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192000 төгрөгийг/ 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.520.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Чин овогт Алимусуг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192000 төгрөгийг/ 58 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.136.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Б.Батзолбоо, Чин Алимусу нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.000.000 төгрөгийг улсын орлого болгож, Б.Батзолбоо, Чин Алимусу нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Б.Батзолбоогийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоол нь шүүгдэгч Б.Батзолбоо, Чин Алимусу нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ганцацрал, Р.Цогтсайхан, Э.Бат-Эрдэнэ, И.Батчулуун нарын мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичиг, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2/3457 дугаартай албан бичиг, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 6-ны А/94 дугаартай тушаалын хавсралт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо гэжээ.

Шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтуудад Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж хийгдэж нотлох чанараа алдсан, шүүгдэгчийг цагаатгах нотлох баримтууд байхад дээрх дүгнэлтийг хийсэн нь хэргийг тал бүрээс нь үнэлж, үнэн бодитойгоор шийдвэрлэх, шийтгэх тогтоол нь “хууль ёсны ба үндэлэлтэй байх” шаардлага хангагдаагүй байна. Тухайлбал:

1. Гэрч Р.Цогтсайхан энэ хэргийн гэрч биш. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд гэрч гэдэг нь тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг хэлнэ гэж тодорхойлсон.

Р.Цогтсайхан нь хахуулийн хэргийг үйлдүүлэхээр өдөөн турхирч, хохирлын мөнгийг хахууль мэтээр харагдуулахаар Чин Алимусуд мөнгө бариулж явуулсан. Гэтэл түүний хуулиар хүлээсэн үүрэг нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрвэл таслан зогсоох явдал юм. Хэрэг бүртгэгч Б.Батзолбоо нь Ч.Алимусугийн өгсөн мөнгийг аваад С.Ганцацралд өгөх хооронд нь Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн ажилтнууд, Мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагчдын хууль бус ажиллагаагаар хураагдсан. Р.Цогтсайхан нь Б.Батзолбоог шалгах ажиллагааг хууль бусаар хийсэн. Түүнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр очиж ажиллах үүрэг өгөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг.

Цагдаагийн байгууллагаас энэхүү хэргийг шалгаж эхлэхдээ Цагдаагийн байгууллагын  тухай хууль, холбогдох хууль журмыг зөрчиж ажил үүргээ гүйцэтгэсэн. Чин Алимусу гэгч Цагдаагийн Ерөнхий газрын ажилтнуудад Б.Батзолбоог хахууль нэхээд байгаа тухай хэлсэн юм бол Цагдаагийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, Цагдаагийн Ерөнхий газрын даргын баталсан ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилт хэсгийн 3 дугаарт зааснаар “Цагдаагийн бие бүрэлдэхүүн гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох замаар хууль тогтоомж зөрчих явдалтай тэмцэх” үүргээ хэрэгжүүлээгүй. “Мөнгийг аваачиж өгөөд мэдэгдээрэй” гэж хэлж явуулангуутаа араас нь очиж хууль бус ажиллагаа явуулсан.

Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1 дэх хэсэгт заасан этгээд албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй гэж заасны дагуу шууд Авлигатай тэмцэх газарт хандах байтал цагдаагийн газар, хэлтсийн ажилчид хууль зөрчиж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан байна. Иймээс Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 230 дугаар тогтоолд “Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газарт ахлах байцаагч, дэд хурандаа Р.Цогтсайхан, Цагдаагийн Ерөнхий  газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Аюулгүй байдал, төрийн нууц, шифр харилцааны хэлтэст аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч ажилтай дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ нар Чин Алимусугаас хэрэг бүртгэгч Б.Батзолбоод 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгөх гэмт хэргийг зориудаар зохион байгуулж, зохиомол гэмт хэрэг болгосон эсэхийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл, уг ажиллагаа хэрхэн өрнөсөн, уг ажиллагаанд хэн, хэн ямар үүрэг оролцоотой оролцсон, ямар ажиллагаа явуулсан, хэний үүрэг даалгавраар хэн, хэрхэн яаж ажилласан Р.Цогтсайхан нь энэ ажиллагаанд хувийн сонирхлоор оролцсон эсэх зэргийг шалгаж тогтоох шаардлагатай байна.” гэж заасан.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дагуу АТГ-ын мөрдөн байцаагч Ж.Мөнхжаргал нь Р.Цогтсайхан, Э.Бат-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцсон тогтоолд “Чин Алимусуг хохирлын мөнгө өгөхөөр бэлтгэж байх үед Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газарт ахлах байцаагчаар ажиллаж байсан Р.Цогтсайхан нь Чин Алимусугаас тайлбар авч, түүний биедээ авч явсан мөнгийг фото зургаар бэхжүүлэн авч идэвхитэй үйл ажиллагаа явуулж, өдөөн түлхэж гэмт хэрэг үйлдсэн” гэж дурдсан боловч Р.Цогтсайхан, Э.Бат-Эрдэнэ нарыг нэг, нэг удаа байцааснаас өөр ажиллагаа хийгээгүй байж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Мөн Р.Цогтсайхан, Э.Бат-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлэг зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг гаргалгүйгээр шийтгэх тогтоолын үндэслэл болгосон.

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт “бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах”, 7.1.5 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ”, 33.1.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох” гэж заасан.

2. Хохирлын мөнгөө зам зуураасаа хураагдсанаас эхлэн хохирогч С.Ганцацрал хохирлын мөнгөө олж авахаар хөөцөлдөж мөнгийг хураасан болон шилжүүлсэн хуулийн байгууллагаар яваад авч чадаагүй, тэд өгөөгүй. Тиймээс Чин Алимусугаас дахин тэр хэмжээний мөнгийг гаргуулан авсан байдаг ба үүнийг үндэслэн АТГ-аас Чин Алимусуд холбогдох “Бусдыг зодож хөнгөн гэмтэл учруулсан” хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн АТГ-аас Б.Батзолбоо нарын хэргийг шалгаж байх зодооны хэргийн хохирогч С.Ганцацрал АТГ, Нийслэлийн Прокурорын газарт “Миний хохиролд авах мөнгийг дундаас нь хурааж авлаа. Би хохирлын мөнгөө авъя” гэж удаа дараа гомдол гаргасан байдаг.

Энэхүү гомдлын дагуу С.Ганцацралд Чин Алимусугаас 1.000.000 төгрөг гаргуулан өгсөн гэдгийг тэр мэдүүлсэн. Гэтэл С.Ганцацралын мэдүүлгийг яллах баримт болгосон нь үндэслэлгүй юм. С.Ганцацралын гомдлоор Чин Алимусугаас хохирлын мөнгө гаргуулан өгч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон нь Чин Алимусугаас хэрэг бүртгэгчид өгсөн мөнгө нь хахууль биш, хохирлын мөнгө өгөх байсан нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.

Мөн С.Ганцацрал мэдүүлэгтээ “...Б.Батзолбоо байцаагчид эмчилгээний зардал буюу надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан үед л би гомдол саналгүй болж болно...” гэж хэлсэн байдаг /1хх-207/. Албан ёсоор гомдол саналгүй болсон зүйл байхгүй гэдэг нь хохирлын мөнгө авна гэдгийг илэрхийлээд байхад шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна. Хохирол төлөх, төлүүлэх талаар хэрэг бүртгэгчийн өрөөнд тохирсон нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх хуульд заасан үндэслэл болж байгаа болно. Харин гомдол саналтай эсэх нь хялбаршуулсан журмаар шийдэхэд хамааралгүй байна.

3. Гэрч Э.Бат-Эрдэнэ, И.Батчулуун нарын мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолгүй хэргийн юуг нотлож байгаа нь тодорхой биш байхад шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна.

4. Чин Алимусугийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанууд дээр мэдүүлсэн удаа дараагийн би хохирлын мөнгө өгсөн гэсэн мэдүүлгийг хэрхэн үнэлж байгаа нь тодорхойгүй орхигдож байна. Харин сүүлчийн мэдүүлгүүдээрээ үгүйсгэсэн анхных нь өгсөн мэдүүлгийг яллах баримт болгон авч үзсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох зарчмыг зөрчжээ.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд хэргийг хангалттай шийдэж нотлосон баримт байхгүй байна.

5. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бусад нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох чанараа алдсан байна.

Б.Батзолбоо нарт холбогдох хэргийг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан 230 дугаар тогтоолд “Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 10 дугаар хуудасны нэгжлэг хийх тогтоол дээр хяналтын прокурор Цэрэндорж гэж бичсэн байх боловч хяналтын прокурор Цэрэндоржийн гарын үсэг зөрүүтэй, /мөн энэ тогтоолын хуулбар хувийг 2 дугаар хавтасны 104 дүгээр хуудаст хийсэн байх ба уг тогтоолын хуулбар дээр гарын үсэг дутуу/, хяналтын прокурорт танилцуулж баталгаажуулаагүй зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийн “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хурааж авах, нэгжлэг  хийх тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, прокуророор батлуулах ба уг ажиллагаа эхлэхийн өмнө холбогдох этгээдэд уншиж сонсгоно”, 133.2 дах хэсэгт “Хойшлуулашгүй тохиолдолд хураан авах, нэгжлэг хийх ажиллагааг шууд эсхүл шөнийн цагаар гүйцэтгэж энэ тухайгаа 24 цагийн дотор прокурорт мэдэгдэнэ” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан байна” гэж заасан юм.

Шүүхийн тогтоолын дагуу мөрдөн байцаалт явуулахад нэгжлэг хийх ажиллагаа хууль бусаар явагдсан, прокурорын зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон атлаа хэн гэдэг албан тушаалтан уг үйлдлийг хийсэн болохыг өнөөдрийг хүртэл шийдээгүй байна.

Мөн шүүхийн дээрх тогтоолд “Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасны дагуу нотлох чадвараа алдсан төдийгүй нотлох баримтад тооцох шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгох боломжгүй болсон” гэдгийг дурдсан байхад мөрдөн байцаалт болон прокурорын шатанд эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хууль зөрчсөн, хуурамч бичиг баримт үйлдсэн баримтуудыг шүүхийн тогтоолын үндэслэл болгосон.

Хууль бус нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

6. Шийтгэх тогтоолд “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр өөрөө хээл хахууль авсан” гэжээ.

- Б.Батзолбоо Чин Алимусугийн ашиг сонирхлын үүднээс ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй. Тогтоолд ямар хууль бус үйлдэл хийсэн талаар дурдаагүй. Хээл хахууль авах гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний гол шинж байхгүй байна.

- Гүйцэтгэх ёстой яг ямар үйлдэл үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй ямар үйлдэл хийсэн гэдгийг тодорхой заалгүй зөвхөн хуулийн агуулгыг  хуулж бичсэн байна.

7. Шийтгэх тогтоолд “Б.Батзолбоо нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу иргэн С.Ганцацралын бусдад зодуулсан гомдлыг шалгах явцад хохирогчийн талаас хохирлын талаарх баримт гарган ирүүлээгүй байхад хууль зөрчин 1.000.000 төгрөгийг далд аргаар өөрөө авсан” “сэжигтэн, яллагдагч, хохирогч нарыг байлцуулан хохирлын тооцоог баримтыг үндэслэн эсхүл оролцогч нарын тохиролцсон тохиролцоог үндэслэн сэжигтнээс шаардах эрхтэй байтал ямар ч баримтгүйгээр шаардаж буй нь хууль бус үйлдэл болно” гэжээ.

- Эрүүгийн 201501000135 тоот хэргийн сэжигтэн Чин Алимусу болон хохирогч С.Ганцацрал нар нь хэрэг бүртгэгчийн өрөөнд уулзахдаа хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгийг өгч, авах хэргийг богино хугацаанд дуусган шийдвэрлэх боломжтой гэдэг дээр тохиролцсон байсан гэдгийг мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлдэг. Хохирлын талаар маргаангүй байсан болохыг илэрхийлдэг. Шийтгэх тогтоолд хохирлын талаар маргаантай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:

- С.Ганцацрал мэдүүлэхдээ “... Б.Батзолбоо байцаагчид бичгээр хүсэлт гаргаж өгсөн зүйл байхгүй. Харин тухайн үед нь Б.Батзолбоо байцаагч нь Чин Алимусу бид хоёрыг өрөөндөө дуудаад Алимусуд хандан цаашид шаардагдах эмчилгээний зардлыг бүрэн гаргаж өгөөрэй гэж хэлээд гаргасан. Харин надад дараа 7 хоногийн 5 дахь өдрөөс өмнө эмчилгээний зардлыг чинь гаргуулж өгье гэж хэлсэн. Би тухайн үед толгойны MRI зураг авахуулах шаардлагатай байсан. Энэ эмчилгээний зардлаа нэхэмжилсэн. Толгой нурууны эмчилгээний зардалд нийлээд 1.000.000 гаруй төгрөг нэхэмжилсэн. Чин Алимусу ч гэсэн энэ зардлыг гаргаж өгөхөө мэдэж байсан буюу бичгээр хялбаршуулсан ажиллагаа хийх хүсэлт гаргаагүй ч хохирогч болон сэжигтэн нар хохирлын мөнгөний талаар тохиролцоонд хүрсэн гэдэг нь хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 207 дугаар хуудсанд авагдсан мэдүүлгээс тодорхой байгаа.

- 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн С.Ганцацралын мэдүүлгээр “... Үүний дараа хэрэг бүртгэгч Б.Батзолбоо надаас хохирогчоор байцаалт авсан бөгөөд байцаалт авах үед гомдол саналгүй болж болно. Одоо бол эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн. Чин Алимусу нь надад 1.000.000 төгрөг өгсөн. Тэрээр миний гар утсыг цагдаа дуудна гэхэд булааж авч эвдэлсэн. Би утсаа 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн гэмтлийн эмнэлэгт толгойдоо болон хөлийн уландаа оёдол тавиулсан, боолт хийж цэвэрлүүлсэн, Хатанбаатар уламжлалт эмнэлэгт 3 хоног өдрийн 45.000 төгрөгөөр хэвтэж эмчлүүлсэн, 10 хоног өдрийн 35.000 төгрөгөөр тооцож бариа хийлгээд дууссан. Толгойдоо цохиулснаас хойш цочролд ороод мартамхай болоод байгаа. Иймээс би зайлшгүй мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулах шаардлагатай байгаа талаар хэрэг бүртгэгч Б.Батзолбоод хэлсэн. Тэрээр уг мөнгийг гаргуулж өгнө гэсэн. Үүнтэй холбоотой эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1хх-209/,

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Чин Алимусу мэдүүлэхдээ “... 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 12 цагийн үед байшингийн урд буланд 1.000.000 төгрөг өгсөн юм. Би 1.000.000 төгрөгийг С.Ганцацралын хохирлын мөнгө гэж бодож өгсөн. Би урьд нь С.Ганцацралд 1.000.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг ямар мөнгө гэдгийг мэдэхгүй байна. Б.Батзолбоо намайг 1.000.000 төгрөг авч ир гэж нэхээд байсан  юм. Би хээл хахууль өгөөгүй, хохирлын мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг,

- 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 152 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл Чин Алимусугийн мэдүүлэг: “Би 1.000.000 төгрөгийг С.Ганцацралын хохирлын мөнгө гэж бодож өгсөн юм. Би урьд нь С.Ганцацралд 1.000.000 төгрөг өгсөн. Би хээл хахууль өгөөгүй, хохирлын мөнгө өгсөн”.,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 230 дугаартай шүүх хуралдаанд Б.Батзолбоо мэдүүлэхдээ: Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарч хохирогчоор С.Ганцацралыг байцаахад өмнө нь Чин Алимусу 500.000 төгрөг шилжүүлсэн гэх баримт авч ирж өгсөн. Энэ талаараа надад хэлээгүй байсан. Мөн С.Ганцацрал нь ар гэрийнхэн гуйгаад байгаа учраас хохирлын мөнгөө аваад хэргийг хэрэгсэхгүй болгох, цагдаа, шүүхээр дахин явж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би С.Ганцацралыг нэхэмжилж байгаа мөнгөний баримтаа авч ирж өг гэхэд мөнгөгүй учраас эмнэлэг мөнгөний баримт гаргаж өгөхгүй байна гээд “Мөнгөн гүүр” эмнэлгийн тооцооны баримтын зургийг аваад ирлээ гээд үзүүлсэн. Энэ нь 1.000.000 гаруй төгрөг, өмнө нь бариа хийлгэсэн 350.000 төгрөгийг найзаасаа зээлсэн өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед Чин Алимусуг өрөөндөө дуудаж оруулж ирээд “хохирлын мөнгөө нэхэмжилж байна, энэ мөнгийг төлж чадах уу” гэхэд, “чадна” гээд С.Ганцацрал гарахдаа тухайн үед нь гарын үсгээ зурна гээд гараад явсан гэх мэдүүлэг.

8. Шийтгэх тогтоолд Б.Батзолбоо нь Чин Алимусугаас хохиролд тооцож мөнгө авч байгаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 137, 138 дугаар зүйлд заасан журмын дагуу авах ёстой байтал ажлын байрны гадаа тоолж үзэхгүйгээр авч байгаа нь хууль бус үйлдэл болно гэжээ.

- Мөнгийг хүлээж авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн нь ажлын хариуцлага алдсан асуудал болохоос гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш болно. Б.Батзолбоо нь тухайн үед сургалттай байсан болохоор сургалтад суух гэж гарч явахдаа хохирлын мөнгийг баримт үйлдэлгүй авч процессын алдаа гаргасан байдаг. Гэрч Л.Ганбаатарын мэдүүлэг: “2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 13 цагаас ЦЕГ-т зохион байгуулагдах хэрэг бүртгэгч нарын сургалт зохион байгуулагдах байсан бөгөөд уг сургалтанд хамруулахаар түүний нэрийг өгсөн байсан” гэх мэдүүлэг /1хх-222/.

Б.Батзолбоо нь уг мөнгийг өрөөндөө орхиод сургалтад суух гээд яараад гарах гэж байхад нь хэргийг анх зохион байгуулсан хүмүүс хувийн журмаар хойноос нь ирж саатуулсан. Б.Батзолбоо нь Чин Алимусугаас авсан мөнгийг хохирогч С.Ганцацралд өгөөгүй байж байгаад Чин Алимусуд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол түүнийг хахууль авсан гэж үзэж болно. Гэтэл ийм дүгнэлт хийх цаг хугацаа болоогүй байсан.

9. Шийтгэх тогтоолд “...Б.Батзолбоо нь албан үүргийн хувьд хууль тогтоомжид заасан үндсэн үүргийг санаатайгаар буюу зохих ёсоор гүйцэтгэлгүй 1.000.000 төгрөгийг авч хамт ажиллаж байсан Одонхүүд заримыг зээлдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэв.

Мөнгө зээлэх үе хэнд ч таардаг. Б.Батзолбоо нь сайхан сэтгэл гаргаж “орой өгөөрэй” гээд л өгсөн. Энэ нь өөрт нь гай болсон.

Гэхдээ энэ нь ажлын журам зөрчсөн буюу ажлын найздаа сэтгэл гаргасан асуудал болохоос авлигын гэмт хэрэг биш юм. Иймд Б.Батзолбоод холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Чин Алимусугийн өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чин Алимусу нь Б.Батзолбоог мөнгө нэхэх үед Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дэд хурандаа Р.Цогтсайханд хандаж, мөнгө нэхэж байгааг нь ойлгохгүй байна. Мөнгө өгч болох уу, үгүй юу гэж урьдчилан хандсан. Үүнээс дүгнэлт хийвэл, үйлдэл хийхээсээ өмнө урьдчилан Цагдаагийн байгууллагад хандсан байна. Энэ нь гэм буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Ингэж урьдчилан ЦЕГ буюу цагдаагийн дээд шатны байгууллагад хандаж мэдүүлснийхээ дараа зохих албан тушаалтны зөвшөөрлийн дагуу Б.Батзолбоод 1.000.000 төгрөг өгсөн. Уг зөвшөөрөл болон урьдчилж мэдүүлсэн тухайгаа бусдад задруулахгүй байх талаар баталгаа гаргасан. Үүнээс дүгнэлт хийвэл, ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын алба хаагчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн мэт нөхцөл байдал бий болсон.

Хохирогч С.Ганцацрал толгой, нурууны эмчилгээний зардалд дахин 1.000.000 төгрөг нэхэмжилсэн нь Б.Батзолбоогийн авсан 1.000.000 төгрөгтэй тохирч байгаа. Энэ нь хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж байж хохирол төлбөр, гомдол саналгүй болсон гэж үзэж хөнгөн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдэнэ. Хэрэв Б.Батзолбоо авсан 1.000.000 төгрөгөө С.Ганцацралд өгөхгүй бол хохирол барагдахгүй, талууд эвлэрэхгүй, хэрэг хэрэгсэхгүй болохгүй. Үүнээс дүгнэлт хийвэл, ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын алба хаагчид Б.Батзолбоог үйлдэл дээр нь барьсан мэт ажиллагаа явуулсан буруу бөгөөд Б.Батзолбоог хохирогч С.Ганцацралд хохирлын мөнгийг өгөх эсэх, өгөлгүйгээр эрүүгийн хэргийг Чин Алимусуд ашигтайгаар шийдвэрлэх эсэхийг ажиглаж байсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг мөн эсэхийг тогтоохын тулд тухайн үйлдлийг төгсгөх ёстой байсан.

Чин Алимусуг эрүүлжүүлэх байрнаас ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дэд хурандаа Р.Цогтсайхан батлан дааж авсан. Үүнээс дүгнэлт хийвэл, Б.Батзолбоогийн хувьд Чин Алимусуг эрүүлжүүлэх байрнаас ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дэд хурандаа Р.Цогтсайхан батлан дааж авсныг мэдэж байсан нь Р.Цогтсайханы ажил үүргийг мэдсээр байж түүний батлан дааж авсан Чин Алимусугаас хээл хахууль нэхсэн байх нь үндэслэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудаас Чин Алимусуг гэм буруутай байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул Чин Алимусуд холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Б.Батзолбоогийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудсанд залруулж болохоор 1 алдаа гарсан байна. Үүнд “... Шүүгдэгч Б.Батзолбоо, Чин Алимусу нар урьд ял шийтгэл хүлээж байгаа болох нь...” гээд урьд ял шийтгүүлж байсан юм шиг бичсэн байна. Уг нь тэдгээрийн ял шалгах хуудас дээр ял шийтгэл эдэлж байгаагүй гэж бичигдсэн байгаа. Үүнийг залруулж өгнө үү. Хоёрдугаарт, өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ц.Гансүх нарын давж заалдах гомдлуудыг бүрэн дэмжиж байгаа. Процессын хувьд хохирол төлбөр болон хохирлын мөнгийг хүлээж авах журмаа баримтлаагүй нь Захиргааны болон албаны зөрчил байх бүрэн үндэстэй байна. Хээл хахуулийн гэмт хэрэг гэдэг нь ямар нэг нотлох баримтаар нотлогдоогүй байхад Б.Батзолбоо, Чин Алимусу нарыг хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдуулан ял шийтгэж байгаа нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Цагдаагийн зөвшөөрлөөр аваачиж өгсөн мөнгө яагаад хахуульд өгсөн мөнгө болчихож байгаа юм бэ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрвээ тэр мөнгийг битгий аваачиж өгөөрэй гэсэн бол Чин Алимусу Батзолбоод өгөхгүй байсан шүү дээ. Цагдаагийн зөвшөөрлөөр аваачиж өгсөн гэдгийг нь мэдсээр байж хээл хахууль өгсөн гэж яллаж байгаа нь эргэлзээ бүхий байдлыг бий болгож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд хохирогч заавал гомдол саналгүй болсон байх шаардлагатай. Тэгэхээр тухайн 1.000.000 төгрөгийг С.Ганцацралд өгөхгүй бол хохирогч нь гомдол саналгүй гэж хэлэхгүй шүү дээ. Магадгүй энэ мөнгөнөөс гадна Б.Батзолбоо дахин мөнгө нэхсэн байсан бол хээл хахууль гэж үзэж болох байх. Гэтэл тийм зүйл алга. Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын ахлах байцаагч, хурандаа Р.Цогтсайхан гэж хүн Чин Алимусуд туслалцаа үзүүлэх гэж байгаа юм бол Б.Батзолбоо дээр дагуулж очоод энэ ямар учиртай 1.000.000 төгрөг юм бэ гэдгийг нь тодруулах боломжтой байсан. Тэгэхээр эдгээр хүмүүсийн үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх юм уу эсхүл субъектив сэдэл санааг тогтоогоогүй учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэхэд хангалттай баримт хавтаст хэрэгт цугларсан гэж үзэж байна ...” гэв.

Прокурор Т.Оргил-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Тухайн хээл хахуульд өгсөн 1.000.000 төгрөгийг хохирлын мөнгө гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байгаа. Хэрвээ хохирлын мөнгө байсан юм бол яагаад албан өрөөнд аваагүй юм бэ, тэмдэглэл яагаад үйлдээгүй авсан юм бэ, түүнчлэн хохирлын мөнгө байсан юм бол яагаад тоолж аваагүй юм бэ гэдэг нөхцөл байдлууд мөрдөн байцаалтаар тогтоогдсон байгаа. Мөн хэрвээ хохирлын мөнгө өгөх гэж байсан юм бол хээл хахууль өгөгч нь яах гэж Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын  хэлтэст мэдэгдсэн юм бэ гэдгийг дурдах нь зүйтэй. Үнэхээр хохирлын мөнгө байсан юм бол хэрэг бүртгэгч нь мөнгө хүлээж аваад тэр даруй М.Одонхүү гэж хүнд тодорхой хувийг зээлсэн үйлдэл байна. Тэгэхээр өмгөөлөгч нарын хээл хахуульд өгсөн мөнгийг хохирлын мөнгө гэж үзэн дүгнэж байгаа нь эдгээр нотлох баримтуудаар няцаагдаж байна. Мөн Р.Цогтсайханыг гэрчээр байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэдэг асуудлыг ярьж байна. Р.Цогтсайханыг гэрчээр асуух үед тэрээр энэ эрүүгийн хэрэгт холбогдолгүй этгээд байсан. Түүнийг гэрчээр байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн өмгөөлөгч нар Э.Бат-Эрдэнэ, Р.Цогтсайхан нарын мэдүүлэг зөрүүтэй байна гэдэг зүйлийг ярьж байна. Үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх ямар ч шаардлагагүй, тухайн хээл хахууль өгөх, авах үйлдлийг нотлож байгаа баримт биш гэж үзэж байна. Үзлэг, нэгжлэг хийх тогтоолыг прокуророор баталгаажуулаагүй гэдэг зүйлийг ярьж байна. Б.Батзолбоод энэ нэгжлэг хийх тогтоол огт хамаагүй. Энэ хэрэгт холбогдолгүй М.Одонхүүгийн албан өрөөнд нэгжлэг хийсэн байгаа. Харин Б.Батзолбоогийн хувьд үзлэг хийх тэмдэглэл үйлдэж, үзлэгийн ажиллагаа хийгдсэн байгаа. Үзлэгийн ажиллагаа хийхэд тодорхой эрх бүхий этгээдээс тогтоол гаргаж, зөвшөөрөл авах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Нэгжлэг хийх тогтоолыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх боломжтой гэж прокурорын зүгээс үзэж байна. Тийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн энэ хэрэгт тухайн хээл хахуульд өгөлцөж авалцсан 1.000.000 төгрөгийг хохирлын мөнгө гэж үзэх баримт мөрдөн байцаалтаар огт тогтоогдоогүй. Тийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт зааснаар ялтан нарын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Зүйлчлэл хөнгөрүүлсэн асуудалд, Б.Батзолбоогийн хувьд хээл хахууль авахаар тулган шаардсан нь тогтоогддог. Гэхдээ эдгээр үйлдлийг хийхдээ Чин Алимусугийн ямар хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, түүнийг ашиглаж авсан бэ гэдэг байдал нь тогтоогдоогүй, эргэлзээ төрсөн учраас анхан шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

                                                  ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагад нийцсэн байна.

          Б.Батзолбоо нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415 дугаар зүйлийн 415.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 414.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан бөгөөд сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд хэрэг бүртгэх ажиллагааг эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэн даруй гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчин иргэн С.Ганцацралаас гаргасан бусдад зодуулж гэмтсэн гэх гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, С.Ганцацрал нь хохирлын талаар маргаантай, хохирогч, сэжигтэн нар харилцан зөвшөөрөөгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар буюу түргэн шуурхай шийдвэрлэж өгөхөөр амлан Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Чин овогт Алимусугаас 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна түүнээс 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,

            Чин Алимусу нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өөрийн шалгагдаж буй “иргэн С.Ганцацралыг зодож түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх хэргийг өөрийн ашиг сонирхлын үүднээс түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд уг гомдлыг шалгаж байсан хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзолбоод 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөнгэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Гэрч Р.Цогтсайханы “... Би Чин Алимусуг өөрийн авга ах Ганзоригийн найз гэдгээр нь 1 жил орчмын өмнөөс мэддэг болсон. 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө 11 цагийн үед ах Ганзориг над руу залгаад “Чин Алимусу эхнэртэй агсам тавьж, зодоод Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэгдсэн байна. Намайг очихоор надад өгөхгүй байж магадгүй, хамт очиж уулзаж туслаач” гэсэн. Ингээд тус цагдаагийн хэлтэс дээр очоод М.Одонхүү гэж хэрэг бүртгэгчтэй уулзсан. Түүнд би өөрийн албаны үнэмлэхээ үзүүлээд “...надад Чин Алимусуг өгөөд явуулж болох уу, батлан дааж дуудсан цагт нь ирүүлье...” гэхэд М.Одонхүү “Болно, гэхдээ барьцаанд нь ямар нэг юмаа үлдээгээд яв” гэхээр нь өөрийн иргэний үнэмлэхээ түүнд өгсөн. Үүнээс хэд хоногийн дараа Чин Алимусу нь миний гар утас руу залгаад надад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байна. Та аргалж тусалж өгөөч” гэхээр нь би чамд туслаад байх шаардлагагүй. Хохирогчоо гомдолгүй болгочихвол хэрэгсэхгүй болдог хөнгөн хэрэг гэж хэлсэн. Энэ өдрийн маргааш, нөгөөдөр нь байх амралтын өдөр Чин Алимусу нь над руу мөн залгаад Б.Батзолбоо гэж байцаагч намайг Гадаадын иргэн харъяатын газарт мэдэгдэж хөөж гаргана, эсвэл шоронд явуулна гээд байна. Мөнгийг нь олж өгмөөр байна, мөнгө бол олдоно, харин нутаг руу буцаачихвал би тэндээ хэцүүдэнэ гэсэн зүйл ярихаар нь чи мөнгө төгрөг өгч болохгүй, өөрөө хэрэгт орно шүү гэж анхааруулсан. Тэгээд 1-2 хоногийн дараа Чин Алимусу дахин яриад “надаас мөнгө нэхсэн, би 500.000 төгрөг олоод өгье гэхэд битгий доромжлоод бай, С.Ганцацралаас дорд үзлээ. 1.500.000 төгрөг олж ир гэж байна, би мөнгө хайя гээд гараад ирлээ. Одоо яах вэ” гэхээр нь би түүнд “хохирогчдоо мөнгө өгсөн юм уу” гэхэд “хохирогчтой уулзаагүй, түүний ахтай хамт явж байна. Хохирогчид 2 удаа 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Ах нь дүүтэйгээ уулзаад гомдолгүй гэсэн бичиг хийлгээд өгье гэсэн гэтэл байцаагч над руу байнга залгаад яасан бэ, мөнгө авчирч байна уу гээд байна яах вэ” гэхээр нь “мөнгөө хайж байна гэж хэлэхгүй юу, би ажил ихтэй байна” гээд утсаа тасалсан. Энэ өдрөө би хэлтсийн дарга хурандаа Батсайханд танилцуулсан. Тэрээр чи хувийн сонирхолтой юм чинь наад асуудлыг чинь Э.Бат-Эрдэнэ шалгана гэсэн үүрэг өгсөн. Энэ өдрийнхөө орой над руу 21 цагийн үед Чин Алимусу нь дахин яриад “...мөнгөө бүрдүүлчихлээ. Одоо яах вэ...” гэхээр нь “...чи маргааш ажил дээр 9 цаг өнгөрөөгөөд хүрээд ир, хамт очъё...” гэсэн. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чин Алимусу 9 цаг гэхэд манай ажил дээр ирсэн. Түүнийг Э.Бат-Эрдэнэ дэд хурандаатай уулзуулсан. Э.Бат-Эрдэнэ түүнтэй уулзалтын өрөөнд уулзсан. Тайлбар авсан байх. Үүний дараа Э.Бат-Эрдэнэ дэд хурандаа бид 2 Чин Алимусуд мөнгө өгч болохгүй шүү гэж анхааруулж хэлсэн. Чин Алимусу нь тусдаа надад "энэ асуудлыг энд нь зохицуулаад өгөөч, би мөнгөө өгчихье, тэгэхгүй бол намайг бүр занах байх" гэсэн зүйл хэлэхэд нь хэрвээ өгөх дээрээ тулбал надад хэлж мэдэгдээрэй гэж хэлсэн. Э.Бат-Эрдэнэ бид 2 ажилтай байсан учраас хамт явж чадаагүй. Чин Алимусуг миний хажууд байхад Б.Батзолбоо түүний гар утас руу залгасан, тэрээр яах вэ байцаагч байна гэхээр нь чанга яригч дээр нь тавиад ярь гэсэн, тэгэхэд Б.Батзолбоо нь "яасан бэ, юу болж байнаа  хурдлаач ээ" гэхэд нь Чин Алимусу нь "би яг хүнээс мөнгө авах гээд зогсож байна хөгшөөн" гэхэд нь "за хурдлаарай, андаа" гэж хэлээд утсаа тасалсан. Миний хувьд эд нар хувийн харьцаанд ороод бие биенээ хөгшин, андаа гэж байна, хамт хоолонд орсон гээд байсан гэсэн зүйл бодоод өнгөрсөн. Энэ өдрийн 13 цагийн үед Чин Алимусу нь над руу яриад би мөнгөө өгчихлөө, ашгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон гээд гарын үсэг зурууллаа гэж ярьсан. Миний хувьд энэ талаар даргадаа шууд танилцуулсан, нөгөө аймхай хужаа чинь мөнгөө өгчихсөн байна" гэхэд дарга над руу хэлээд байхад мөнгийг нь өгүүлчихлээ гэж уурласан. Энэ талаар цаашаа дээд шатны дарга нарт танилцуулаад тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийн мөрдөх хэлтсийг явуул гэсэн үүргийгөгсөн ...” /1хх-218-219/,

Мөрдөн байцаалтанд гэрч Э.Бат-Эрдэнийн: “... Манай хэлтсийн ахлах байцаагч Р.Цогтсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр надад таньдаг хүнээ Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрүүлжүүлэхээс нь гаргаж авсан юм, тэгсэн шалгаж байгаа байцаагч нь мөнгө нэхээд байна гэж хэлэхээр нь миний хувьд наад асуудал чинь манай шалгах асуудал байна, тэр хүнээ дуудчихаач, асууж тодруулъя гэж хэлсэн. Ингээд Чин Алимусу гэж Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн үед ирсэн, би түүнээс 10 цаг 15 минутанд тайлбар авсан. Намайг тайлбар авах гээд 1 давхарт байрлах уулзалтын өрөө рүү орох гэж явах үед Р.Цогтсайхан өрөөний түлхүүрийг авчихсан Чин Алимусугийн хамт өрөөг онгойлгоод орж байсан.Миний хувьд Чин Алимусугаас болон асуудлын талаар тодруулж асуугаад мөнгө төгрөг өгч болохгүй, хэрвээ бусдад хээл хахууль өгвөл Монгол улсын Эрүүгийн хуулиар өөрөө бас давхар хариуцлага хүлээдэг талаар хэлж ойлгуулсан. Ингээд түүнийг явуулсан.Үүнээс хойш 13 цагийн үед Р.Цогтсайхан нөгөө Чин Алимусу чинь байцаагчаа утсаар дарамтлаад яриад байхаар нь айсандаа мөнгөө өгчихлөө гэж байна гэж хэлсэн. Энэ талаар хэлтсийн дарга Н.Батсайханд Р.Цогтсайхан илтгэх хуудсаар танилцуулга бичиж танилцуулсан. Үүний дагуу дарга намайг дуудаж хариуцаж шалга гэсэн үүргийг өгсөн. Ингээд Р.Цогтсайхан, И.Батчулуун бид 3 Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү явсан. ЦЕГ-ын дарга TCYГХМХ-ийн мөрдөн байцаагч нараар шалгуул гэсэн үүргийг өгсөн гэхээр нь бид 3 тэднийг иртэл хүлээж байгаад хамт Б.Батзолбоо болон М.Одонхүү нарын өрөөнд үзлэг хийсэн юм. Мөрдөн байцаагч нар нь нэгжлэг үзлэгийн ажиллагаа явуулсан учраас Р.Цогтсайхан, И.Батчулуун бид 3-ын тухайд дээрх ажиллагаанд нь оролцоогүй байлцсан байгаа. 2015 оны 10 сарын12-ны өдрийн ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар Б.Батзолбоо болон М.Одонхүү нарын үйл ажиллагаанд хийгдсэн албаны шалгалт танилцуулагдаж, өөрсдөөс нь хурлын үеэр зөвлөлийн гишүүд асууж тодруулсан, буруу зүйл хийсэн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, улмаар тэднийг ажлаас нь чөлөөлөх тухай ЦЕГ-ын даргын тушаал гарсан юм ..." /1хх-221-222/,

Мөрдөн байцаалтанд гэрч И.Батчулууны: “...2015 оны 10 дугаар сарын эхээр хэлтсийн дарга дуудаад Э.Бат-Эрдэнэ, Р.Цогтсайхан бид 3-ыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү явцгаа, тэнд хэрэг бүртгэгч нар нь бусдаас хэргийг нь шийдвэрлэж өгнө гээд хээл хахууль авсан мэдээлэл авлаа. Мөрдөн байцаах газрын Тусгай субъектийн мөрдөх хэлтсийнхнийг дуудсан байгаа, хамт яв гэсэн үүрэг чиглэлийн дагуу явсан ... Тусгай субъектийнхэн тэр хэрэг бүртгэгч залуугаар мөнгө төгрөгийн талаар асуухад эхлээд мөнгө байхгүй гээд байснаа гаргаж өгсөн тухай тусгай субъектийнхэн хэлж байсан ...” /3хх-112-113/,

Чин овогт Алимусугийн: “...Би тус цагдаагийн хэлтэст өөрийн эхнэр С.Гансолонгын төрсөн эгч С.Ганцацралыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа бөгөөд уг асуудлыг хэрэг бүртгэгч Б.Батзолбоо шалгасан юм. Уг асуудалтай холбоотойгоор Б.Батзолбоо над руу яриад 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 10 цагт ирж уулз гэсэн. Үүнээс өмнө намайг ирж уулз гэж удаа дараа дууддаг байсан бөгөөд өөрийн 88018033 дугаарын утсаар залгадаг байсан. Ингээд би түүний хэлснээр 7-ны өдрийн 10 цагт түүнтэй уулзахаар очиход гарч бай гэснээ өөрөө хажуу талынхаа өрөө рүү ороод М.Одонхүүг дагуулаад араас гараад ирсэн. Ингээд тус цагдаагийн хэлтсийн хажууд байрлах "Монгол зоог" ресторан руу оръё гээд хамт орсон, орчихоод Б.Батзолбоо нь ундааны мөнгө байгаа биздээ гэхээр нь байгаа гэсэн. Тэгээд буланд байрлах ширээнд бид 3 суусан. Б.Батзолбоо нь "халхын шорон хэцүү шүү мэдэж байгаа биз дээ" гэхээр нь "заавал шоронд явуулах шаардлагатай юм уу, авраач дээ" гэж гуйсан, тэгтэл Б.Батзолбоо "чи тэгвэл хэдэн төгрөг гаргаж чадахын" гэж асуусан, миний хувьд хохирлын мөнгө нэмж өгөх нь гэж ойлгоод "500.000 төгрөг өгч чадна" гэхэд Б.Батзолбоо битгий доромжлоод байгаарай, С.Ганцацралаас доогуур үзээд байна уу гэхээр нь "мөнгө олдохгүй байна" гэхэд "битгий олон юм яриад бай, одоо яваад 1.500.000 төгрөг олоод ир" гэсэн, энэ үед би хохирлын мөнгө яриагүй юм байна гэж ойлгосон. М.Одонхүү энэ үед босоод "наад асуудал чинь надад хамаагүй шүү, та 2 хоорондоо тохиролцоод найз болохгүй юу даа" гээд босоод гарах үед нь Б.Батзолбоо "би ч гэсэн явлаа" гээд босоход нь би мөн "мөнгө олж өгч чадахгүй" гэсэн, гэтэл Б.Батзолбоо "олон юм яриад байлгүй одоо гараад 1.000.000 төгрөг олоод ир, текэн дээр очоод захиалж авсан ундааны мөнгөө төлчихөөд яваарай" гэсэн. 2 лаазтай ундаа, 1 аяга ногоон цай авсан бөгөөд нийт 3500 төгрөг болсон санагдаж байна. Би гараад хэдэн хүнээс мөнгө асууж ярьсан бөгөөд мөнгө олдохгүй байсан. Тэгэхээр нь хөрш Ганзоригтой уулзаад “цагдаагаас 1.000.000 төгрөг нэхээд байна. Танд 1.000.000 төгрөг олдох уу” гэж асуухад “мөнгө алга, чи яасан гэж цагдаад мөнгө өгөх гээд байгаа юм бэ, Цогоо руу ярьж зөвөлгөө ав гэсэн” Р.Цогтсайхан нь намайг 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эрүүлжүүлэхээс гаргаж батлан дааж авсан юм. Энэ асуудал үүссэнээс хойш би түүн рүү хэд хэдэн удаа ярьж зөвлөгөө авсан. Р.Цогтсайханд энэ талаар хэлэхэд мөнгө өгч болохгүй шүү, би ажилтай байна, уулзаж байгаад шийдье гэсэн. Ажил дээр маргааш өглөө хүрээд ир гэсэн.Энэ хооронд Б.Батзолбоо нь 5-6 удаа мөнгөө олсон уу, ирж байна уу гэж 13 цагаас хойш 18 цаг хүртэл залгасан. Ингээд мөнгийг нь олж өгөхгүй бол болохгүй юм байна гэж бодоод өөрийн төрсөн дүү Чандмань руу яриад 280.000 төгрөг зээлэхээр болж авсан. Найз Вон Toгоос 500.000 төгрөг зээлсэн. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 9 цаг 30 минутын үед ЦЕГ-т очиж Р.Цогтсайхан болоод хамт ажилладаг гээд 1 эрэгтэй хүнтэй хамт 1 давхарт байрлах уулзалтын өрөөнд уулзаад Р.Цогтсайхан надад бид иймэрхүү бохир цагдаа нарыг цэвэрлэж байгаа, нөгөө мөнгөө гаргаад ир гэсэн. Намайг мөнгө гаргахад байсан эрэгтэй мөнгөний дэвсгэртийн зургийг авсан. Ингээд дээшээ өрөө рүү оръе гээд 6 давхарт нь байрлах өрөө рүү нь орсон. Уг эрэгтэй хүн надаас 1 цаг гаруй мэдүүлэг авч тэмдэглэл үйлдсэн. Үүний дараа би Р.Цогтсайханыг дуудаад та нар арга хэмжээ авахаар чинь би яах юм бэ, миний хэргийг шалгаж дуусаагүй байна, хэргийг маань өөр байцаагч аваад бүр хүндрүүлбэл яах юм бэ, би хүний нутагт байгаа, энэ хүн чинь намайг яаж ч чадна шүү дээ гэхэд Р.Цогтсайхан хэсэг дуугүй байснаа дахиад уулзалтын өрөө рүү орж нөгөө эрэгтэйгээ дуудаад хамт орсон. Би гадаа нь байсан. Хэдэн минутын дараа намайг дуудаж оруулаад миний 1.000.000 төгрөгийг нөгөө эрэгтэй нь буцааж өгсөн. Р.Цогтсайхан нь надад очоод мөнгийг чинь Б.Батзолбоо авах юм бол шууд утсаар яриарай гээд явуулсан. Эхлээд энэ 2 надтай хамт очиж газар дээр нь арга хэмжээ авна гэж байснаа намайг Р.Цогтсайханд учир байдлаа хэлсэн чинь хамт явахаа больсон. Уг газраас гараад Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр 12 цаг 40 минутын үед очиход Б.Батзолбоо өрөөндөө байсан, тэгээд өрөөндөө байрлуулсан буйдан дээр суу гэсэн, надаас нөгөө юмаа авчирсан уу гэж асуусан. Авчирсан гэхэд хавтастай хэргээ гаргаж ирээд хэдэн цаасан дээр гарын үсэг зуруулсан. Юун дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй. Б.Батзолбоо цаасаа эргүүлээд энд зур гээд би заасан газруудад нь гарын үсэг зурсан, мөн үнэн зөв гэж 2 удаа бичсэн, үгүй гэж 2 удаа бичсэн. Бичүүлж дуусаад 2-лаа хамт гаръя гэсэн. Б.Батзолбоо түрүүлж яваад би хойноос нь дагасан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хаалгаар гараад ертөнцийн зүгээр баруун талаар байшинг бүтэн тойроод зүүн урд буланд очоод Б.Батзолбоо тамхи гаргаж ирж асааснаа нөгөө юмаа өг гэсэн. Би 1.000.000 төгрөгөө өгсөн чинь бүрэн үү гэж асуусан. Би бүрэн гэж хэлсэн. С.Ганцацрал гомдлоо буцаагаагүй байгаа, хэрэг чинь хаагдаагүй шүү, хэн нэгэн хүнд ярих юм бол жинхэнэ шоронд орно гэдгээ санаарай гэж хэлээд түрүүлээд явсан. Тэгэхээр нь миний паспорт гэхэд намайг дагаад өрөөнд ороод ир гэсэн. Өрөөнд нь ороход Б.Батзолбоо миний гадаад паспортыг буцааж өгөөд яв гэсэн. Би гарч ирээд Р.Цогтсайхан руу ярьсан, гэхдээ мөнгө өгснөө хэлээгүй хэрэг хаагдаагүй байна шүү, гуйж байна, хэрэг хаагдсаны дараа арга хэмжээ аваарай гэж хэлсэн. Р.Цогтсайхан юм ярилгүй утсаа тасалсан. Тэгээд би шууд гэр лүүгээ явсан ба гэртээ байж байтал 17 цаг 20 минутын үед Баатар гэсэн байх хурандаа цолтой хүн ирж уулз гэсэн ...Б.Батзолбоо надаас 1.000.000 төгрөг авах үед нь би С.Ганцацралд дахин мөнгө өгч чадахгүй шүү гэхэд уул нь ядаж 120.000 төгрөг өгчих хэрэгтэй юм байгаа юм даа за за гээд түрүүлээд алхахаар нь би паспортоо хэлсэн ...” /1хх-214-216/ гэх мэдүүлгүүд,

Мөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-9/, баримт бичиг, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд /1хх-42-43/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-11-14/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол, хурааж болон хүлээн авсан тэмдэглэлүүд /1хх-200-205/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-139-150/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан Б.Батзолбоо, Чин Алимусу нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүхээстүүндоногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Баянзүрх дүүргийн прокуророос Б.Батзолбоогийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, анхан шатны шүүх ...хээл хахууль өгөгчид тохиолдсон онцын шаардлага, тулгамдсан хэрэгцээ зэргийг ашиглан түүний хүсэлтийг хээл хахууль өгсөн тохиолдолд л бүтээх боломжтой мэтээр ярьж, хясан боогдуулах замаар Чин Алимусугаас мөнгө авсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна... гэсэн үндэслэлээр хөнгөрүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Харин Б.Батзолбоо нь хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр, тулган шаардаж өөрөө хээл хахууль авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Чин Алимусугийн мэдүүлэг тогтвортой биш шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын мөнгө гэж бодож өгсөн, би хээл хахууль өгөөгүй гэж мэдүүлдэг, мөрдөн байцаалтад түүний мэдүүлсэн Б. Батзолбоо нь хээл хахууль авахын тулд "чи тэгвэл хэдэн төгрөг гаргаж чадах вэ",  С.Ганцацралаас доогуур үзээд байна уу”, "битгий олон юм яриад бай, одоо яваад 1.500.000 төгрөг олоод ир" гэж хэлсэн гэх мэдүүлгийг түүнтэй ашиг сонирхол нэгтэй, түүний батлан даагч Р.Цогтсайханы мэдүүлгээр баталж /үнэлж/ Б.Батзолбоог хясан боогдуулах замаар хээл хахууль авсан гэж үзэх нь учир дутагдалтай байна.

 

Түүнчлэн прокурор Т.Оргил-Очир нь тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Б.Батзолбоо нь хээл хахууль авах гэмт хэргийг үйлдэхдээ Чин Алимусугийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, түүнийг ашиглаж, элдэв саад учруулах зэргээр хээл хахууль авсан гэх үйлдэл тогтоогдоогүй, эргэлзээ төрсөн учраас анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй санал нийлж, хүлээн зөвшөөрч байгаа гэсэн дүгнэлт гаргаж байгааг харгалзан үзэх нь зүйтэй гэж  үзэв.

Ялтан Б.Батзолбоогийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, ялтан Чин Алимусугийн өмгөөлөгч Ц.Гансүх нараас “... Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд Б.Батзолбоо нь Чин Алимусугаас хохирлын мөнгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 137, 138, 140 дүгээр зүйлүүдэд заасан журмын дагуу авах ёстой байтал ажлын байрны гадна тоолж үзэлгүйгээр авч байгаа хууль бус үйлдлээс Б.Батзолбоо нь албан үүргийн хувьд хууль тогтоомжид заасан үндсэн үүргийг санаатайгаар буюу зохих ёсоор гүйцэтгэлгүй 1.000.000 төгрөгийг авч хамт ажиллаж байсан М.Одонхүүд заримыг зээлдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан, Чин Алимусугийн Б.Батзолбоод мөнгө өгч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус бүрэн агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Батзолбоогийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, ялтан Чин Алимусугийн өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Батзолбоогийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан, ялтан Чин Алимусугийн өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

          2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ

ШҮҮГЧИД                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                     Д.ОЮУНЧУЛУУН