Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ч. Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Т.Оргил-Очир,

шүүгдэгч Б.Батзолбоогийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан /ҮД:15-87/,   Ш.Мягмарцэрэн / ҮД:04-07/,

шүүгдэгч Чин овогт Алимусу /СHENALIMUSU/, өмгөөлөгч Ц.Гансүх /ҮД:08-38/,

            орчуулагч С.Энхчимэг,

 иргэдийн төлөөлөгч М.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд   нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаарНийслэлийн Прокурорын газраас

 1.Шүүгдэгч : Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 1989 оны 07 дугаар сарын 16-ны өдөр  төрсөн, 27 настай, эрэгтэй,  халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэгч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 28-5-79 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж  байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Намжим овогт Батчулууны Батзолбоо /РД: ЛЙ89071670/.

2.Шүүгдэгч : Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Жирэм аймагт 1975 оны 2 дугаар сарын 20-ны өдөр  төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “ Архорчин найман”  ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 25 дүгээр хороо 103/2-74 тоотод түр оршин суух бүртгэлтэй, Монгол улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чин овогт Алимусу /CHENALIMUSU/  /ПД:G40374340/ нарт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн  268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намжим овогт Батчулууны Батзолбоо, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн  269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чин овогт Алимусу /CHENALIMUSU/ нарт холбогдох 201501000135 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батзолбоо нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415 дугаар зүйлийн 415.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 414.1-т заасан гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан бөгөөд сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд хэрэг бүртгэх ажиллагааг эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэн даруй гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчин иргэн С.Ганцацралаас гаргасан бусдад зодуулж гэмтсэн гэх гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, С.Ганцацрал нь хохирлын талаар маргаантай, хохирогч, сэжигтэн нар харилцан зөвшөөрөөгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар буюу түргэн шуурхай шийдвэрлэж өгөхөөр амлан Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Чин овогт Алимусу /CHENALIMUSU/-г хээл хахууль өгөхийг тулган шаардах буюу хясан боогдуулах замаар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна түүнээс 1.000.000 төгрөгийг хээл хахууль авсан гэмт хэрэгт;

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Чин овогт Алимусу /CHENALIMUSU/ нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдсан “иргэн С.Ганцацралыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх гомдлыг өөрийн ашиг сонирхолын үүднээс түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд уг гомдлыг шалгаж байсан хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзолбоод 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна 1.000.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батзолбоо мэдүүлэхдээ:  2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр намайг гэртээ  байхад ажлаас  утасдаж  гомдол  шалгуулахаар  хуваарилсан байна  материалаа  ав гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр очоод “хүн нь хаана байгаа юм” гэхэд Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын  хяналт шалгалтын дэд хурандаа Цогтсайхан “манай найз байгаа юм гээд батлан даалтад аваад явсан  гэж хэлээд  материал өгсөн. Тухайн үед хохирогч ирсэн байсан бөгөөд “яагаад энэ хүнийг хорихгүй байгаа юм” гэхээр нь “шинжээчийн дүгнэлт гарсаны дараа эрүүгийн хэрэг үүсгэх эсэх асуудал яригдах учраас та явж бай” гэж хэлээд явуулсан.  Маргааш өглөө нь 10 цагт дэд хурандаа Цогтсайхан руу залгаад “нөгөө хүн чинь ирж байна уу” гэж асуухад “би чам руу явуулсан байгаа” гэж хэлсэн. Тэгтэл Алимусу ажил дээр ирсэн байхаар нь тайлбар авахад тухайн хүнийг зодсоноо хүлээн зөвшөөрсөн. Шинжээчийн дүгнэлт гаргахгүй байж байгаад 10 дугаар сарын 01-ний өдөр гомдол мэдээллийн хугацаа сунгаад 10 дугаар сарын 05-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарахаар нь эрүүгийн хэрэг үүсгэж хохирогч Ганцацралыг байцаахад өмнө нь Алимусугаас 500.000 төгрөг дансаар авсан байсан. Тэгээд Ганцацрал “Алимусугаас эмчилгээний зардлаа авчихвал гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн. Алимусу, Ганцацрал бид гурав хохирлын мөнгөний талаар ярилцахад 1.700.000 төгрөг болж байсан. Тэгээд Алимусу хохирогчид 500.000 төгрөг өгнө гээд гарсан бөгөөд шилжүүлсэн байсан. Дараа  нь мөнгө шилжүүлсэн баримтаа авчирч өгсөн. Хохирлын мөнгөнөөс 1.200.000 төгрөг дутуу байсан. Хохирогч Ганцацрал залгаад хохирлын мөнгийн талаар асуудаг байсан. Би өдөр цайндаа орох гэж байхад Алимусу цайны газар араас дагаж орж ирээд мөнгө төгрөгний талаар яриад байхаар нь “өгөх ёстой мөнгөө өг” гэж хэлсэн. Тухайн үед ундааны мөнгө өг гэж хэлээгүй. Маргааш нь Алимусу мөнгөө авчирна гэснээ ирэхгүй болохоор нь залгаад “ажил тарчихлаа маргааш ир” гэж хэлсэн. Тэгээд өглөө нь ажил дээр ирэхэд 14 цагт Цагдаагийн Ерөнхий газар сургалттай гэхээр нь Алимусу руу залгаад 13 цагийн үед ирсэн. Алимусу халамцуу орж ирсэн. Тэгтэл тасгийн дарга, дэд хурандаа Ганбаатар орж ирээд “юун архи үнэртээд байгаа юм, наад хүнээ гарга” гэж хэлсэн. Алимусутай цуг буугаад наанаа сууж бай гэж хэлчихээд тамхи татах гээд гарахад Алимусу араас гарч ирээд “мөнгөө аваад ирсэн, өгчихөөд явмаар байна” гэж хэлэхээр нь хэдэн төгрөг авчирсан юм гэхэд “1.000.000 төгрөг авчирсан” гэхээр нь “200.000 төгрөгийг нь яах юм, өгөхгүй юм уу” гэхэд “надад өөр мөнгө олдохгүй байна” гэж хэлсэн.  Тэгээд би “таны эхнэрийг чинь  гэрчээр байцаах хэрэгтэй байна, хэрэг чинь дуусаагүй байгаа орой ирээрэй” гэж хэлсэн. Алимусу гадаад паспортоо авъя гэхээр нь өгсөн. Алимусуг явснаас хойш 20 минутын дараа Цагдаагийн Ерөнхий газрын Дотоодын  хяналт шалгалт ирсэн. Намайг коридорт хувцасаа өмсөж байхад дэд хурандаа Бат-Эрдэнэ “хэрэг бүртгэгч Батзолбоо мөн үү” гэхээр нь мөн гэхэд өрөөнд ороод ир гээд дотроос нь хаалга түгжээд “шалгаж байгаа бүх материалуудаа гаргаад ир” гэж хэлсэн. Би материалуудаа гаргаж ирэхэд нөгөө хэрэг энэ байна гээд хурандаа Цогтсайханд үзүүлээд “чи хүнээс мөнгө авсан уу” гэж асуухаар нь “хохирлын мөнгө гэж 1.000.000 төгрөг авсан” гэхэд хурандаа Цогтсайхан миний гар утсыг хурааж авсан. Араас нь тусгай субъектынхан ирээд өрөөнд үзлэг хийсэн. Маргааш нь Авлигатай тэмцэх газар шалгагдсан. Цагдаагийн Ерөнхий газрын зөвлөлийн хурлаар хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн талаар яригдаагүй. Албан шалгалтынхаа талаар танилцуулаад санал хураагаад гарсан. Тэгээд дараагийн 3 дахь өдөр нь эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдсан гэв.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Чин овогт Алимусу мэдүүлэхдээ:  Тухайн үед хохирогч Ганцацрал надаас 500.000 төгрөг нэхэхээр нь шилжүүлсэн бөгөөд энэ талаар Батзолбоод хэлсэн. Намайг 1.500.000 төгрөг хохирлын мөнгөнд өгөөрэй гэж хэлж байсан. Батзолбоо надруу залгаад 1.000.000 төгрөг авчирч өг гэж хэлсэн. Би ямар учиртай мөнгө өг гээд байгаа учрыг нь олоогүй болохоор хөрш айлдаа ороод “намайг 1.000.000 төгрөг өг гээд байна, ямар учиртай мөнгө гэдгийг нь ойлгоогүй” гэж хэлэхэд Цогтсайханд ханд гэж хэлсэн. Тэгээд Цогтсайханд “ямар учиртай 1.000.000 төгрөг нэхээд байгааг, хаана хандахаа мэдэхгүй байна” гэж хэлэхэд Цагдаагийн хяналтын хэлтэст хандахад болно, маргааш нь хүрээд ирээрэй гэж хэлсэн. Маргааш нь очиход намайг хүлээн авалтын өрөөнд авч ороод “чи мөнгө авч явж байгаа юм уу мөнгөө гаргаад ир” гэж хэлсэн. Цогтсайхан тухайн мөнгийг гаргаад зургийг нь авсан. Би Бат-Эрдэнэд мэдүүлэг өгөөд цаг гаран болсон. Энэ хооронд Батзолбоо над руу залгаад байсан бөгөөд Цогтсайхан “утсаа чанга дээр нь тавьчих, чи хүнээс мөнгө авах гэж байна гэж хэлээрэй” гэхээр нь хэлсэн. Цогтсайхан “чи очоод мөнгөө өгчихөөд над руу яриарай” гэж  хэлсэн. Тэгээд би Батзолбоод мөнгөө өгчихөөд Цогтсайхан руу утсаар ярьсан. Хурандаа Баатархүү мөрдөнгөөс дуудаж байна гэхээр нь Цогтсайхан руу залгаад “одоо яах гэж байгаа юм бол” гэж асуухад “намайг очоод мэдүүлэг өгөөрэй, гэхдээ намайг мөнгө өг гэсэн гэж  хэлж болохгүй шүү” гэж хэлсэн. Намайг мэдүүлэг өгсний дараа Цогтсайхан залгаад Алтай хотхонд хүрээд ир гэхээр нь очиход “ямар ч нөхцөлд намайг мөнгө өг гэсэн гэж хэлж болохгүй шүү” гээд дахин дахин сануулсан. Ганцацрал надаас хохирлын мөнгө нэхээд байсан. Би тухайн үед ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдэхгүй байсан гэв. 

Мөрдөн байцаалтанд С.Ганцацралын: ... Миний хувьд 2015 оны 9 дүгээр  сарын 29-ний өдөр өөрийн төрсөн дүү Гансолонгын хамтран амьдрагч Чин овогт Алимусутай маргалдаж, тэрээр намайг зодсон учраас тус цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, уг асуудлаа шалгуулахаар гомдол гаргасан юм. Шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэргээ тогтоолгоход шинжээчийн дүгнэлтээр миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан ... Миний хувьд өөрийн гаргасан гомдлоо хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ямар нэгэн хүсэлт бичгээр гаргаагүй. Миний хувьд албан ёсоор гомдол, саналгүй болсон зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-209-р тал /,

Мөрдөн  байцаалтанд гэрч Р.Цогтсайханы : ... Миний хувьд Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Алимусу-г өөрийн авга ах Ганзоригийн найз гэдгээр нь 1 жил орчмын өмнөөс мэддэг болсон юм. 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө 11 цагийн үед ах Ганзориг над руу яриад Алимусу эхнэртээ агсан тавьж, зодоод Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэгдсэн байгаа юм байна. Намайг очихоор надад өгөхгүй байж магадгүй, хамт очоод уулзаад туслаад  өгөөч гэсэн. Ингээд тус Цагдаагийн хэлтэс дээр очоод Одонхүү гэж хэрэг бүртгэгчтэй уулзсан. Түүнд би өөрийн албаны үнэмлэхээ үзүүлээд надад Алимусу-г өгөөд явуулж болох уу, батлан дааж дуудсан цагт нь ирүүлье гэсэн, Одонхүү болно гэхдээ барьцаанд ямар нэгэн юмаа үлдээгээд яв гэхээр нь өөрийн иргэний үнэмлэхээ түүнд өгсөн. Үүнээс хэд хоногийн дараа Алимусу нь миний гар утас руу залгаад надад холбогдуулаад 99.1 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байна, та аргалж тусалж өгөөч гэхээр нь би чамд туслаад байх шаардлагагүй, хохирогчоо гомдолгүй болгочихвол хэрэгсэхгүй болдог хөнгөн хэрэг байна гэж хэлсэн ... Энэ өдрийн маргааш нөгөөдөр нь байх амралтын өдөр Алимусу нь над руу мөн залгаад Батзолбоо гэж байцаагч намайг гадаад харъяатын албанд мэдэгдэж хөөж гаргана, эсвэл шоронд явуулна гээд байна гэж хэлсэн, мөнгийг нь олоод өгмөөр байна, мөнгө бол олдоно нутаг руу явуулчихвал би тэндээ хэцүүднэ гэсэн зүйл ярихаар нь чи мөнгө төгрөг өгч болохгүй, өөрөө хэрэгт орно шүү гэж анхааруулсан. Өдрүүдийг нь би сайн хэлж мэдэхгүй байна. 1-2 хоногийн дараа дахин Алимусу нь дахин яриад “надаас мөнгө нэхсэн, би 500.000 төгрөг олж өгье гэхэд битгий доромжлоод бай, Ганцацралаас дорд үзлээ, 1.500.000 төгрөг олж ир гэж байна, би мөнгө хайя гээд гараад ирлээ, одоо яах вэ” гэхээр нь би түүнд “хохирогчдоо мөнгө төгрөг өгсөн юм уу”  гэхэд уулзаагүй, түүний ахтай нь хамт явж байна, хохирогчдоо 2 удаа 500.000 төгрөг нийт 1 сая төгрөг шилжүүлсэн, ах нь дүүтэйгээ уулзаад гомдолгүй гэсэн бичиг хийлгээд өгье гэсэн, гэтэл байцаагч над руу байнга залгаад яасан бэ мөнгө авч ирж байна уу гээд залгаад байна яах вэ гэхээр нь мөнгөө хайж байна гэж хэлэхгүй юу, би ажил ихтэй байна гээд утсаа тасалсан. Энэ өдрөө би хэлтсийн дарга хурандаа Батсайханд танилцуулсан, тэрээр чи хувийн сонирхолтой юм чинь наад асуудлыг чинь Бат-Эрдэнэ шалгана гэсэн үүрэг өгсөн. Энэ өдрийнхөө орой над руу 21 цагийн үед Алимусу нь над руу дахин яриад мөнгөө бүрдүүлчихлээ, одоо яах вэ гэхээр нь чи маргааш ажил дээр 9 цаг өнгөрөөгөөд хүрээд ир, хамт очъё гэсэн. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай ажил дээр Алимусу бараг 9 цаг гэхэд хүрээд ирсэн, түүнийг Бат-Эрдэнэ дэд хурандаатай уулзуулсан. Бат-Эрдэнэ түүнтэй уулзалтын өрөөнд уулзсан, тайлбар авсан байх. Үүний дараа Бат-Эрдэнэ дэд хурандаа бид 2 Алимусуд мөнгө өгч болохгүй шүү гэж анхааруулж хэлсэн. Алимусу нь тусдаа надад “энэ асуудлыг энд нь зохицуулаад өгөөч, би мөнгөө өгчихье, тэгэхгүй бол намайг бүр занах байх” гэсэн зүйл хэлэхэд нь хэрвээ өгөх дээрээ тулбал надад хэлж мэдэгдээрэй гэж хэлсэн, Бат-Эрдэнэ бид 2 ажилтай байсан учраас хамт явж чадаагүй. Алимусу-г миний хажууд байхад Батзолбоо түүний гар утас руу залгасан, тэрээр яах вэ байцаагч байна гэхээр нь чанга яригч дээр нь тавиад ярь гэсэн, тэгэхэд Батзолбоо нь “яасан бэ, юу болж байнаа  хурдлаач ээ” гэхэд нь Алимусу нь “би яг хүнээс мөнгө авах гээд зогсож байна хөгшөөн” гэхэд нь “за хурдлаарай андаа” гэж хэлээд утсаа тасалсан. Миний хувьд эд нар хувийн харьцаанд ороод бие биенээ хөгшин, андаа гэж байна, хамт хоолонд орсон гээд байсан гэсэн зүйл бодоод өнгөрсөн. Энэ өдрийн 13 цагийн үед Алимусу нь над руу яриад би мөнгөө өгчихлөө, ашгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон гээд гарын үсэг зурууллаа гэж ярьсан. Миний хувьд энэ талаар даргадаа шууд танилцуулсан, “нөгөө аймхай хужаа чинь мөнгөө өгчихсөн байна” гэхэд дарга над руу хэлээд байхад мөнгийг нь өгүүлчихлээ гэж уурласан. Энэ талаар цаашаа дээд шатны дарга нарт танилцуулаад тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийн мөрдөх хэлтсийг явуул гэсэн үүргийг өгсөн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 218-219-р тал/,

Мөрдөн  байцаалтанд гэрч Э.Бат-Эрдэнийн: ... Манай хэлтсийн ахлах байцаагч Цогтсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр надад таньдаг хүнээ Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрүүлжүүлэхээс нь гаргаж авсан юм, тэгсэн шалгаж байгаа байцаагч нь мөнгө нэхээд байна гэж хэлэхээр нь миний хувьд наад асуудал чинь манай шалгах асуудал байна, тэр хүнээ дуудчихаач, асууж тодруулъя гэж хэлсэн. Ингээд Алимусу гэж Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн үед ирсэн, би түүнээс 10 цаг 15 минутанд тайлбар авсан. Намайг тайлбар авах гээд 1 давхарт байрлах уулзалтын өрөө рүү гээ орох гэж явах үед Цогтсайхан өрөөний түлхүүрийг авчихсан Алимусугийн хамт өрөөг онгойлгоод орж байсан. Миний хувьд Алимусугаас болон асуудлын талаар тодруулж асуугаад мөнгө төгрөг өгч болохгүй, хэрвээ бусдад хээл хахууль өгвөл Монгол улсын Эрүүгийн хуулиар  өөрөө бас давхар хариуцлага хүлээдэг талаар хэлж ойлгуулсан. Ингээд түүнийг явуулсан. Үүнээс хойш 13 цагийн үед Цогтсайхан нөгөө Алимусу чинь байцаагчаа утсаар дарамтлаад яриад байхаар нь айсандаа мөнгөө өгчихлөө гэж байна гэж хэлсэн. Энэ талаар хэлтсийн дарга Н.Батсайханд Цогтсайхан илтгэх хуудсаар танилцуулга бичиж танилцуулсан. Үүний дагуу дарга намайг дуудаж хариуцаж шалга гэсэн үүргийг өгсөн. Ингээд Цогтсайхан, Батчулуун бид 3 Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү явсан. ЦЕГ-ын дарга ТСҮГХМХ-ийн мөрдөн байцаагч нараар шалгуул гэсэн үүргийг өгсөн гэхээр нь бид 3 тэднийг иртэл хүлээж байгаад хамт Батзолбоо болон Одонхүү нарын өрөөнд үзлэг хийсэн юм. Мөрдөн байцаагч нар нь нэгжлэг үзлэгийн ажиллагаа явуулсан учраас Цогтсайхан, Батчулуун бид 3-ын тухайд дээрх ажиллагаанд нь оролцоогүй байлцсан байгаа. 2015 оны 10 сарын 12-ны өдрийн ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар Батзолбоо болон Одонхүү нарын үйл ажиллагаанд хийгдсэн албаны шалгалт танилцуулагдаж, өөрсдөөс нь хурлын үеэр зөвлөлийн гишүүд асууж тодруулсан, буруу зүйл хийсэн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, улмаар тэднийг ажлаас нь чөлөөлөх тухай ЦЕГ-ын даргын тушаал гарсан юм ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 221-222-р тал/,

Мөрдөн байцаалтанд гэрч И.Батчулууны : ... 2015 оны 10 дугаар сарын эхээр хэлтсийн дарга дуудаад Бат-Эрдэнэ, Цогтсайхан бид 3-ыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү явцгаа, тэнд хэрэг бүртгэгч нар нь бусдаас хэргийг нь шийдвэрлэж өгнө гээд хээл хахууль авсан мэдээлэл авагдлаа, Мөрдөн байцаах газрын Тусгай субъектийн мөрдөх хэлтсийнхнийг дуудсан байгаа, хамт яв гэсэн үүрэг чиглэлийн дагуу явсан ... Тусгай субъектийнхэн тэр хэрэг бүртгэгч залуугаар мөнгө төгрөгний талаар асуухад эхлээд мөнгө байхгүй гээд байснаа гаргаж өгсөн тухай тусгай субъектийнхэн хэлж байсан ... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 112-113-р тал /,

Чин овогт Алимусу /CHENALIMUSU/-ийн: ... Би монгол хэлээр уншиж, бичиж, ярьж чадна ... Би тус цагдаагийн хэлтэст өөрийн эхнэр Гансолонгын төрсөн эгч Ганцацралыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа бөгөөд уг асуудлыг хэрэг бүртгэгч Батзолбоо шалгасан юм. Уг асуудалтай холбоотойгоор Батзолбоо над руу яриад 2015 оны 10 дугаар  сарын 7-ны өдрийн 10 цагт ирж уулз гэсэн. Үүнээс өмнө намайг ирж уулз гэж удаа дараа дууддаг байсан бөгөөд өөрийн 88018033 дугаарын утсаар залгадаг байсан. Ингээд би түүний хэлснээр 7-ны өдрийн 10 цагт түүнтэй уулзахаар очиход гарч бай гэснээ өөрөө хажуу талынхаа өрөө рүү ороод Одонхүүг дагуулаад араас гараад ирсэн. Ингээд тус цагдаагийн хэлтсийн хажууд байрлах  “Монгол зоог” ресторан руу оръё гээд хамт орсон, орчихоод Батзолбоо нь ундааны мөнгө байгаа биздээ гэхээр нь байгаа гэсэн, тэгээд буланд байрлах ширээнд бид 3 суусан. Батзолбоо нь “халхын шорон хэцүү шүү мэдэж байгаа биз дээ” гэхээр нь “заавал шоронд  явуулах шаардлагатай юм уу, авраач дээ” гэж гуйсан, тэгтэл Батзолбоо “чи тэгвэл хэдэн төгрөг гаргаж чадахын”  гэж асуусан, миний хувьд хохирлын мөнгө нэмж өгөх нь гэж ойлгоод “500.000 төгрөг өгч чадна” гэхэд Батзолбоо битгий доромжлоод байгаарай, Ганцацралаас  доогуур үзээд байна уу гэхээр нь “мөнгө олдохгүй байна” гэхэд “битгий олон юм яриад бай, одоо яваад 1.500.000 төгрөг олоод ир” гэсэн, энэ үед би хохирлын мөнгө яриагүй юм байна гэж ойлгосон.  Одонхүү энэ үед босоод “наад асуудал чинь надад хамаагүй шүү, та 2 хоорондоо тохиролцоод найз болохгүй юу даа” гээд босоод гарах үед нь Батзолбоо “би ч гэсэн явлаа” гээд босоход нь би мөн “мөнгө олж өгч чадахгүй” гэсэн, гэтэл Батзолбоо “олон юм яриад байлгүй одоо гараад 1 сая төгрөг олоод ир, текэн дээр очоод захиалж авсан ундааны мөнгөө төлчихөөд яваарай” гэсэн. 2 лаазтай ундаа, 1 аяга ногоон цай авсан бөгөөд нийт 3500 төгрөг болсон санагдаж байна. Би гараад хэдэн хүнээс мөнгө асууж ярьсан бөгөөд мөнгө олдохгүй байсан. Тэгэхээр нь хөрш Ганзоригтой уулзаад цагдаагаас 1 сая төгрөг нэхээд байна, танд 1 сая төгрөг олдох уу гэж асуусан ахад нь мөнгө алга, чи яасан гэж цагдаад мөнгө өгөх гээд байгаа юм бэ, Цогоо руу ярьж зөвөлгөө ав гэсэн ... Цогтсайхан нь намайг 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эрүүлжүүлэхээс гаргаж батлан дааж авсан юм. Энэ асуудал үүссэнээс хойш би түүн рүү хэд хэдэн удаа ярьж яахав гэж зөвлөгөө авдаг байсан. Цогтсайханд энэ талаар хэлэхэд мөнгө өгч болохгүй шүү, би ажилтай байна, уулзаж байгаад шийдье гэсэн. Ажил дээр маргааш өглөө хүрээд ир гэсэн. Энэ хооронд Батзолбоо нь 5-6 удаа мөнгөө олсон уу, ирж байна уу гэж 13 цагаас хойш 18 цаг хүртэл залгасан. Ингээд мөнгийг нь олж өгөхгүй бол болохгүй юм байна гэж бодоод өөрийн төрсөн дүү Чандмань руу яриад 280.000 төгрөг зээлэхээр болж авсан. Найз Вон То руу ярьж мөнгө асуухад 500.000 төгрөг зээлье гэсэн, үндсэндээ түүнээс нийт 1.400.000 төгрөг зээлж авсан. Ганцацрал руу 2015 оны 10 дугаар  сарын 6-ны өдөр 900.000 төгрөг Вон То-оос зээлснийхээ 500.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Үлдэгдэл 400.000 төгрөгөөс нь 330.000 төгрөг үлдсэн байснаасаа 220.000 төгрөг нэмээд 1 сая төгрөг болгосон. Маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 9 цаг 30 минутын үед ЦЕГ-т очиж Цогтсайхан болоод хамт ажилладаг гээд 1 эрэгтэй хүнтэй хамт 1 давхарт байрлах уулзалтын өрөөнд уулзаад Цогтсайхан надад бид иймэрхүү бохир цагдаа нарыг цэвэрлэж байгаа, нөгөө мөнгөө гаргаад ир гэсэн. Намайг мөнгө гаргахад байсан эрэгтэй мөнгөний дэвсгэртийн зургийг авсан. Ингээд дээшээ өрөө рүү оръе гээд 6 давхарт нь байрлах өрөө рүү нь орсон. Уг эрэгтэй хүн надаас 1 цаг гаруй мэдүүлэг авч тэмдэглэл үйлдсэн. Үүний дараа би олон юм бодоод Цогтсайханыг дуудаад та нар арга хэмжээ авахаар чинь би яах юм бэ, миний хэргийг шалгаж дуусаагүй байна, хэргийг маань өөр байцаагч аваад бүр хүндрүүлбэл яах юм бэ, би хүний нутагт байгаа, энэ хүн чинь намайг яаж ч чадна шүү дээ гэсэн, Цогтсайхан хэсэг дуугүй байснаа дахиад уулзалтын өрөө рүү орж нөгөө эрэгтэйгээ дуудаад хамт орсон. Би гадаа нь байсан. Хэдэн минутын дараа намайг дуудаж оруулаад миний 1 сая төгрөгийг нөгөө эрэгтэй нь буцааж өгсөн. Цогтсайхан нь надад очоод мөнгийг чинь Батзолбоо авах юм бол шууд утсаар яриарай гээд явуулсан. Эхлээд энэ 2 надтай хамт очиж газар дээр нь арга хэмжээ авна гэж байснаа намайг Цогтсайханд учир байдлаа хэлсэн чинь хамт явахаа больсон. Уг газраас гараад Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр 12 цаг 40 минутын үед очиход Батзолбоо өрөөндөө байсан, тэгээд өрөөндөө байрлуулсан буйдан дээр суу гэсэн, надаас нөгөө юмаа авчирсан уу гэж асуусан. Авчирсан гэхэд хавтастай хэргээ гаргаж ирээд хэдэн цаасан дээр гарын үсэг зуруулсан. Юун дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй, Батзолбоо цаасаа эргүүлээд энд зур гээд би заасан газруудад нь гарын үсэг зурсан, мөн үнэн зөв  гэж 2 удаа бичсэн, үгүй гэж 2 удаа бичсэн. Бичүүлж дуусаад 2-лаа хамт гаръя гэсэн, Батзолбоо түрүүлж яваад би хойноос нь дагасан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хаалгаар гараад ертөнцийн зүгээр баруун талаар байшинг бүтэн тойроод зүүн урд буланд очоод Батзолбоо тамхи гаргаж ирж асааснаа нөгөө юмаа өг гэсэн, би 1 сая төгрөгөө өгсөн чинь бүрэн үү гэж асуусан. Би бүрэн гэж хэлсэн. Ганцацрал гомдлоо буцаагаагүй байгаа, хэрэг хаагдаагүй шүү, хэн нэгэн хүнд ярих юм бол жинхэнэ шоронд орно гэдгээ санаарай гэж хэлээд түрүүлээд явсан. Тэгэхээр нь миний паспорт гэхэд намайг дагаад өрөөнд ороод ир гэсэн, өрөөнд нь ороход Батзолбоо миний гадаад паспортыг буцааж өгөөд яв гэсэн. Би гарч ирээд Цогтсайхан руу ярьсан, гэхдээ мөнгө өгсөнөө хэлээгүй хэрэг хаагдаагүй байна шүү, гуйж байна, хэрэг хаагдсаны дараа арга хэмжээ аваарай гэж хэлсэн. Цогтсайхан юм ярилгүй утсаа тасалсан. Тэгээд би шууд гэр лүүгээ явсан, гэртээ байсан чинь  17 цаг 20 минутын үед Баатар гэсэн байх хурандаа цолтой хүн ирж уулз гэсэн ...Батзолбоо надаас 1 сая төгрөг авах үед нь би Ганцацралд дахин мөнгө өгч чадахгүй шүү гэхэд уул нь ядаж 120.000 төгрөг өгчих хэрэгтэй юм байгаа юм даа за за гээд түрүүлээд алхахаар нь би паспортоо хэлсэн ... гэх  мэдүүлэг, /1-р хх-ийн 214-216-р  тал/,

-Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-9-р тал/,

-Баримт бичиг, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд /1-р хх-ийн 42-43-р тал/,

-Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-14-р тал /,

-Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2/3457 дугаартай албан бичиг /3-р хх-ийн 148-р тал/,

-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол, хурааж болон хүлээн авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 200-205-р тал /,

 -Цагдааггийн Ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/94 дугаартай тушаалын хавсралт “Цагдааггийн Ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дүрэм” /3-р хх-ийн 132-138-р тал /,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 139-150-р тал / зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт цугларсан  нотлох  баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлэгээс  дүгнэхэд Б.Батзолбоо нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчийн албан үүргээ гүйцэтгэж  байхдаа  буюу иргэн  С.Ганцацралын   бусдад зодуулсан   гомдлыг  шалгах  явцад  хохирогчийн талаас  хохирлын талаархи  баримт гарган  ирүүлээгүй байхад  хууль зөрчин  1. 000.000 төгрөгийг далд  аргаар  өөрөө авсан,  Ч.Алимусу  нь  өөрийн ашиг  сонирхолын үүднээс   өөрөөр хэлбэл  хууль зөрчсөн  үйлдлийнхээ  төлөө хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх  сонирхолын үүднээс  хээл хахуулийг өгсөн  байна.

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  8 дугаар зүйлийн 8.1… хэрэг бүртгэгч,  мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулахдаа  Үндсэн хууль, энэ хууль  бусад хуулийн заалтыг чанд сахина гэжээ.

 Хэрэг бүртгэгчээр ажиллаж  байсан  Б.Батзолбоо  нь  иргэн  С.Ганцацралын  гомдлыг  шалгахдаа  сэжигтэн, яллагдагч ,  хохирогч нарыг байцуулан  хохирлын  тооцоог баримтыг  үндэслэн эсвэл оролцогч нарын тохиролцсон  тооцоог үндэслэн  сэжигтнээс шаардах эрхтэй  байтал  ямар ч  баримтгүйгээр шаардаж буй  нь хууль бус үйлдэл болно.

            Шүүх хуралдаанд Б.Батзолбоо нь  би Ч.Алимусугаас  хохирогчид  өгөхөөр  хохиролд  тооцож 1.000.000 төгрөгийг авсан  гэх, Ч.Алимусу нь 1.000.000 төгрөгийг  би юунд  авч  байгааг сайн ойлгоогүй гэж мэтгэлзэж байна.

Б.Батзолбоо  нь  Ч.Алимусугаас хохиролд  тооцож мөнгө  авч байгаа  бол  Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн  137,138 дугаар зүйлд заасан журмын  дагуу  авах ёстой байтал  ажлын байрны  гадаа  тоолж үзэхгүйгээр  авч байгаа нь хууль  бус  үйлдэл болно.

Үүнээс  үзэхэд  Б.Батзолбоо нь  албан үүргийн хувьд  хууль тогтоомжид заасан  үндсэн үүргийг  санаатайгаар буюу  зохих ёсоор  гүйцэтгэлгүй  1.000.000 төгрөгийг  авч  хамт ажиллаж байсан    Одонхүүд  заримыг зээлдүүлсэн үйлдэл  нь   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-тзаасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Батзолбоо нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр өөрөө Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Чин овогт Алимусу /CHENALIMUSU/-гээс 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна түүнээс 1.000.000 төгрөгийг хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт  авагдсан  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Батзолбоод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч  Б.Батзолбоо нь  хясан боогдуулах замаар   хээл хахууль авсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар  нотлогдохгүй байх тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар сонсгосон ялыг хөнгөрүүлэн  ял шийтгэлийг оногдуулах  үндэстэй байна.

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Чин овогт Алимусу /CHENALIMUSU/ нь “иргэн С.Ганцацралыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэх гомдлыг өөрийн ашиг сонирхолын үүднээс түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд уг гомдлыг шалгаж байсан хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзолбоод 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн барилгын гадна 1.000.000 төгрөгийг хээл хахуульд өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч  Б.Батзолбоо, Ч.Алимусу нар   урьд нь  ял шийтгэл  хүлээж байгаа  болох нь  тэдгээрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудсаар  тогтоогдож  байна. / 1-р хх-н  74, 185, 2-р хх-н 48-р тал/

           Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  49 дүгээр зүйлийн  49.2-т... гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу  түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн  зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон  бусад хэрэгслийг  эд хөрөнгө хураах ялаас гадуур  заавал  хураана гэж хуульчилсны дагуу  энэ хэрэгт эд мөрийн   баримтаар хураагдан ирсэн 1.000.000 төгрөгийг  улсын  орлого  болгож шийдвэрлэх  нь зүйтэй байна.

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2,  283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Эрүүгийн  Байцаан Шийтгэх хуулийн   246 дугаар зүйлийн 246.2-т  зааснаар  Нийслэлийн Прокурорын газраас  Б.Батзолбоод  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэн  ирүүлснийг   хөнгөрүүлэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар зүйлчилсүгэй.

2.Намжим овогт Батчулууны  Б.Батзолбоог хахууль өгөгчийн ашиг сонирхолын  үүднээс  албан үүргийн хувьд  гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр  урьдчилан  амлахгүйгээр  өөрөө  хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Чин овогт Алимусуг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэхь хэсэгт зааснаар Батчулууны Батзолбоог  тодорхой албан тушаал  эрхлэх эрхийг  1 /нэг/  жилийн хугацаагаар  хасч хөдөлмөрийн хөлсний   доод  хэмжээг  192.000 төгрөгийг х 60  дахин  нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний  буюу   11.520.000 / арван нэгэн сая  таван зуун хорин  мянган /  төгрөгийн торгох  ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дугаар зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Чин овогт Алимусуг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөгийг х 58 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.136.000 / арван нэгэн сая  нэг зуун  гучин  зургаан  мянган/ төгрөгийн  торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар  Батчулууны  Батзолбоо, Чин овогт Алимусу нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар ирсэн 1.000.000 төгрөгийг хурааж, улсын орлого болгосугай.

            7. Б.Батзолбоо,  Ч.Алимусу  нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

            8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, тэдгээрийн  өмгөөлөгчид, хохирогч  нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  Б.Батзолбоо,  Ч.Алимусу  нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч. АЛТАНЦЭЦЭГ

      ШҮҮГЧИД                             С. ӨСӨХБАЯР

                                                                         Д. МӨНХТУЯА