Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 0010

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг

улсын яллагч: Э.Гэрэлмаа

шүүгдэгч нарын   өмгөөлөгч: Д.Батбаяр

шүүгдэгч: О.Улаанхүү, Н.Түвшинжаргал, А.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Гончиг овогт Очирбатын Улаанхүү, Буян-Оргих овогт Нармандахын Түвшинжаргал, Боржигод овогт Алтайн Шинэбаяр нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625014008 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

 

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Гончиг  овогт Очирбатын Улаанхүү, 1971 оны 11 дүгээр сарын 28-ны  өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Эрдэнэт Орчлон ХХК-д инженер ажилтай,  ам бүл 4, эхнэр,  хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Хомеланд хотхоны 103-52  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих тэнсэж нэг жилийн хугацагаар хянан харгалзаж байсан,РД:ФМ71112878,

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Буян-Оргих  овогт  Нармандахын Түвшинжаргал, 1980 оны  5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод   төрсөн, 36 настай, эрэгтэй,  дээд   боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа барилгын туслан гүйцэтгэгч ажил эрхэлдэг,  ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо Тэмүүлэл  хотхоны 104-95 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,ял шийтгэгдэж байгаагүй,РД:ХК80050410,

3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигод  овогт Алтайн Шинэбаяр, 1986 оны  12 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй,  дээд   боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа барилгын туслан гүйцэтгэгч ажил эрхэлдэг, ам бүл 4,эцэг, эх, дүү нарын  хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран-Уулын өврийн 4-2139  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:НО86123079,

 

Холбогдсон хэргийн талаар:

          О.Улаанхүү, Н.Түвшинжаргал, А.Шинэбаяр нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран зочид буудалд үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Ганболдыг зодож бие махбодид нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Улаанхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч  Н.Түвшинжаргал  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч  А.Шинэбаяр  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

         Шүүгдэгч О.Улаанхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ :2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлын газрын Түвшинжаргал, Шинэбаяр, нартай Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Наран буудалд 0.75 граммын архи, хоёр лааз пиво аваад уусан. Би архи ууж байхдаа өөрийнхөө Галакси нөүт 3 маркын гар утсыг цэнэглүүлэх гээд орой 21.00 цагийн орчим өгсөн. Тэгээд өрөөндөө архи ууж байгаад өрөөнөөсөө  гар утсаа авахаар гарсан түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байгаа юм. Би ресепшн дээр очиход өөр эрэгтэй хүн суучихсан байхаар нь гар утсаа авья гэхэд өө энд гар утас алга байна гэсэн тэгэхээр нь би өрөө рүүгээ ороод Шинэбаяр, Түвшинжаргал хоёрт гар утсаа цэнэглүүлэх гээд өгсөн чинь алга байна нөгөө газар чинь өөр хүн сууж байна гэж хэлсэн. Дараа нь маргаан болж байсан. Ер нь би өөр юм санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд цагдаагийн байгууллага дээр эрүүлжүүлэгдэж байсан. Буудалд анх орохдоо 100 грамм архи уусан орсон. Тэнд ороод 0.75 граммын архи хувааж уусан. Би хүн зодсон талаараа ерөөсөө мэдэхгүй байгаа юм гэжээ. /хх-ийн 37/

           Шүүгдэгч Н.Түвшинжаргал  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 20.00 цагийн орчимд би хамт ажилладаг Шинэбаяр, ерөнхий гүйцэтгэгч компанийн инженер Улаанхүү нарын хамт Наран буудалд орсон. Намайг очиход Шинэбаяр, Улаанхүү нар 0.75 граммын архи уугаад сууж байсан. Би архи уугаагүй доороос хоёр пиво авч уугаад сууж байтал Улаанхүү ах гар утсаа авах гээд гарахаар нь араас нь би гарсан. Тэгээд текэн дээр очоод нэг залуу сууж байснаа гар утас чинь байхгүй би яаж мэддэг юм гэсэн. Тэгэхээр нь чи яахаараа мэддэггүй юм гэхэд би та нартай адилхан үйлчлүүлэгч байна гэсэн. Ингээд Улаанхүү ах бид хоёр өрөөндөө эргэж ирсэн. Би өрөөндөө орчихоод 00-ийн өрөө ороод байж байтал хүмүүс шуугилдаад явчихсан. Тэгээд миний нэрээр дуудхаар нь би нойлоос гараад иртэл өрөөний үүдэнд Шинэбаяр уначихсан босож байсан. Текэн дээр зогсож байсан залуу байж байхаар нь би зодсон. Тэгээд бид 3 гурвуулаа нийлээд нөгөө текэн дээр байсан залууг цохиж өшиглөж зодсон. Бид нарыг ресепшн эмэгтэй салгасан ба нөгөө залуу дайраад байхаар нь бид нар зөрүүлээд зодсон. Зодоон дуусаад бид 3 өрөөндөө ороод пиво уугаад сууж байтал цагдаа нар ирээд авч явсан гэжээ. /хх-ийн 42/

           Шүүгдэгч  А.Шинэбаяр  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 19.00 цаг өнгөрч байхад Наран буудалд орсон. Тэнд байж байхад ажлын ах Улаанхүү дуудахаар нь очиход 10 дугаарын өрөө авчихлаа гэсэн. Би доошоо буугаад пиво архи хүнсний зүйлүүдээ аваад байж байтал удалгүй Түвшинжаргал ах ирсэн. Бид нар дэлгүүрээс 0.75 граммын Алифа архи 10 лааз пиво аваад ууж байхад Улаанхүү ах гар утсаа цэнэглүүлэх гээд өгсөн түүнийгээ аваад ирий гээд гарсан. Би түүний араас очиход текэн дээр Улаанхүү ах, Түвшинжаргал ах хоёр нэг залуутай маргалдаад зогсож байсан. Текэн дээр байсан залуугаас утсаа асуухад би та нартай адилхан үйлчлүүлэгч гээд байсан. Тэгээд намайг чи энэ хоёр ахаа аваад өрөөндөө ороо гээд байсан. Тэгэхээр нь би нөгөө хоёрыгоо аваад өрөөндөө байж байхад гаднаас текэн дээр зогсож байсан залуу орж ирээд гар утсыг өгсөн. Гэтэл Улаанхүү ах чи мэдэхгүй гээд байсан яалаа утас аваад ороод ирлээ ш дээ гээд зодоон эхэлсэн. Түвшинжаргал ах бид хоёр эхлээд тэр хоёрыг салгаж байгаад сүүлдээ зодоонд оролцсон. Бид нарыг ресепшн эмэгтэй салгасан. Бид нарыг өрөөндөө байж байтал цагдаа нар ирсэн гэжээ. /хх-ийн 47/

         Хохирогч Б.Ганболд  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би найз охиноо хүлээгээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Наран буудалд 10 дугаар өрөө аваад байж байтал 21.00 цагийн орчимд буудлын ресепшн Батцэцэг гэдэг эмэгтэй чи миний оронд түр зогсож байгаач гэхээр нь би тэгье гээд текни ард ороод зогсож  байхад сүүлд нэрийг нь мэдсэн Улаанхүү гэдэг ах ирээд гар утсаа авья гэхээр нь мэдэхгүй гэсэн чинь та нар хүнийг согтуугаар далимдуулж хүний гар утас авдаг юм уу гэхээр нь би ресепшн нь ороод ирэг тэгэхээр нь асуу гэсэн. Гэтэл цаанаас нь хоёр хүн гарч ирээд мөн л утсаа нэхээд байсан. Би та нар өрөөндөө байж бай би хүнийг нь орж ирэхээр асуугаад өгий гэж хэлсэн. Тэд нар өрөөндөө орцгоосон. Тэгээд Батцэцэгийг ирэхээр нь хүмүүс утас асуугаад байна гэхэд өрөөнөөсөө гаргаж ирээд нөгөө хүмүүст өгөхөөр өрөө рүү нь орсон. Би хамт очоод утсыг нь өгчихөөд эргээд явж байтал араас Түвшинжаргал шууд цохисон. Намайг тонгойход Улаанхүү шилэн хүзүүн дээр дарсан ба Шинэбаяр, Түвшинжаргал хоёр нь нүүр нүдгүй өшиглөсөн. Намайг зодуулж байхад Батцэцэг цагдаа дуудсан байсан. Би тэр 3 залууг танихгүй юм байлаа. Би гомдолтой байна гэжээ. /хх-н 10-12/

          Б.Ганболдын Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдлийн дагуу  2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол гарсан  байна. /хх-н 1-2/

          Б.Ганболд,О.Улаанхүү, А.Шинэбаяр, Н.Түвшинжаргал  нараас асууж авсан тайлбарууд /хх-н 3-6/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-8/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 9/

         Гэрч Д.Батцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Наран буудалд ресепшн буюу зочид буудлын хүлээн авагч ажил хийдэг юм. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гараатай байсан бөгөөд ажиллаж байгаад 21.00 цагийн орчимд хүнсний дэлгүүр орох ажил гараад 10 дугаар өрөөнд ганцаараа байсан нэг залууг чи түр зуур текэн дээр зогсож байгаач би дэлгүүр ороод ирье гэхэд зөвшөөрсөн. Би гараад дэлгүүр орчихоод удаагүй ороод иртэл нөгөө Ганболд гэдэг залуу чи хүмүүсийн гар утсыг цэнэглэж өгч байгаа юм уу нэхээд байна гэсэн. Тэгэхээр нь би 9 дугаар өрөөнд байсан хүмүүсийн цэнэглүүлэх гээд өгсөн утсыг аваад Ганболдын хамт нөгөө хүмүүст өгөхөөр явж байтал өөдөөс нөгөө хүмүүс гараад ирсэн. Тэгээд шууд та нар ингэж хүний гар утас хулгайлдаг юм уу гээд агсам тавьсан. Тэгэхэд Ганболд та нарын утсыг энэ хүн өгөхөөр аваад ирлээ ш дээ гэсэн. Гэтэл нөгөө 3 залуу хэрүүл хийж өдсөөр байгаад Ганболдыг цохиод авсан. Би хэн нь түрүүлж Ганболдыг цохисон талаар мэдээгүй. Тэгж байснаа нөгөөдүүл нийлээд шууд Ганболдыг зодож эхэлсэн. Би салгах гэсэн боловч дийлээгүй. Энэ нь камерийн бичлэгт тодорхой бичигдсэн байна лээ. Тэр 3 залуу Ганболдыг үнэхээр аймаар зодсон гэжээ.  /хх-н 13-14/

          Гэрч С.Цэндзэсэм мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би О.Улаанхүүтэй танилцаж найзалж байгаад 1992 онд албан ёсны гэр бүл болсон. 1992 онд Буян-Өлзий гэдэг охин, 2003 онд Чимгээ гэдэг охинтой болсон. Одоогоор ам бүл 4-үүлээ амьдарч байна. Улаанхүү надтай суухаасаа өмнө цагдаагийн 808 дугаар ангид шөнийн эргүүлээр ажилладаг байж байгаад надтай сууснаас хойш хувиараа ажил эрхэлдэг болсон. 2006 онд Эрдэнэт Орчлон ХХК-д ажилд орсон өнөөдрийг хүртэл уг газраа ажиллаж байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу гэр бүлдээ элдэв янзын ааш зан гаргаад байдаггүй. Архи дарсыг тогтмол уугаад байдаггүй юм. Надад хэргийн талаар ямар нэгэн зүйл хэлээгүй гэжээ.  /хх-н 15/

          Гэрч О.Нармандах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би Түвшинжаргалын ээж нь байгаа юм. Түвшинжаргал багадаа цэцэрлэгээр хүмүүжсэн. Тэгээд Улаанбаатар хотын 17 дугаар сургуульд элсэн ороод 8 дугаар анги төгссөн. Сургууль төгссөнөөсөө хойш барилгын инженерийн курссд суугаад мэргэжил эзэмшээд одоог хүртэл барилгын компанид ажиллаж байна. Түвшинжаргал Лхамсүрэн гэдэг хүүхэнтэй танилцаад амьдарч байтал нөгөө хүүхэн нь өвчний улмаас нас барсан. Одоо нэг хэдэн хүүхэдтэй эмэгтэйтэй сууж байгаа юм шиг байсан. Зан байдлын хувьд дуугүй даруухан элдэв янзын зөрчил гаргаад байдаггүй юм гэжээ. /хх-н 16/

         Гэрч А.Ууганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Манай аавыг Алтай ээжийг Баасанжаргал гэдэг бөгөөд одоо Улаанбаатар хотод оршин сууж байгаа. Бид нар эцэг эхээс 3-уулаа ба хамгийн том нь би доороо Шинэбаяр, Янжинлхам гэдэг хоёр дүүтэй. Шинэбаяр багадаа Өвөрхангай аймгийн Бүрд суманд цэцэрлэгт явж байгаад Төв аймгийн Эрдэнэсант суманд дунд сургуульд элсэн орж суралцаж  байгаад уг сургуулиа төгссөн. Тэгээд Улаанбаатар хотын барилгын инженерийн сургуульд сурч 2008 онд сургуулиа төгссөн. Түүнээс хойш мэргэжлээрээ ажиллаж байгаа юм. Эхнэрийг нь Болорсувд гэдэг юм. Шинэбаярын эхнэр нь саяхан төрсөн юм. Зан байдлын хувьд даруухан ерөнхийдөө бол инженерээр нэлээн хэдэн жил  ажилласан тул харьцааны соёлтой. Архи тамхи хэрэглээд байдаггүй юм гэжээ.  /хх-н 17/

         Гэрч А.Алтангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хороонд Улиастай 116 дуудлагатай машинт эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад орой 22.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Наран зочид буудалд хүмүүс  зодчихлоо гэсэн дуудлага ирсэний дагуу очсон. Намайг очиход зодуулсан гээд нэг залуу байсан ба зодолдоод удаагүй шинжтэй байсан. Зодсон хүмүүс нь хаана байгаа талаар асуухад хажуу талд өрөө авсан 3 залуу байгаа гэсэн. Тэгээд нөгөө хаалгыг нь тогшоод ороход 3 эрэгтэй хүн архи уугаад сууж байсан.Цагдаагийн газар луу явья гэхэд явахгүй утас хулгайлсан хүмүүсээ авч яв гээд эсэргүүцээд байсан. Тэгэхээр нь зодуулсан гэх залууг өргөдлөө өг гэж хэлээд нөгөө 3 залууг эрүүлжүүлсэн. Би тэдгээрийг зодолдсон талаар нь мэдэхгүй намайг очиход зодоон болоод дууссан байсан юм. Тухайн газар нь камертай юм байлаа тэгэхээр бүх зүйл нь камерт бичигдсэн байх гэжээ. /хх-н 18/

          Гэрч Т.Уранчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр найз Ганболдтой уулзах гээд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Наран буудалд цаг товлосон. Ажлаа тараад 22.00 цаг өнгөрч байхад Наран буудалд очиход Ганболд гурван залууд зодуулчихлаа шүд эмтэрсэн гээд нүд хамар нь хавдчихсан байж байсан. Тухайн үед цагдаагийн газраас хүмүүс ирээд нөгөө 3 хүнийг өрөөнөөс нь аваад гарч байсан. Тэр цагдаа нар Ганболдыг араас хүрээд ирээрэй гэхээр нь бид хоёр таксигаар цагдаагийн хэлтэс дээр хүргүүлсэн. Гэтэл цагдаа нар нь өргөдөл өгвөл өг гэхэд Ганболд өргөдлөө бичиж өгсөн юм. Ганболд намайг очиход цохиулчихсан байдалтай аль шүд гэдэг талаар нь санахгүй байна нэг шүд нь хугарчихсан нүдний доод талаараа хөхөрсөн байдалтай байж байсан. Миний сонсоход ресепшн хүүхэн гадагшаа гараад Ганболд текэн дээр байхад нь нөгөө 3 залуу утсаа асуугаад зодоон болсон бололтой юм ярьсан  гэжээ.  /хх-н 19/

          Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 20/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 15384 тоот акт. ДҮГНЭЛТЭД:

1.Б.Ганболдын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 21/

          Оролцогч нарт шинжилгээ хийх тогтоол, шүүх эмнэлэгийн гаргасан дүгнэлтийг танилцуулсан тухай тэмдэглэл/ хх-н 22-25/,

          А.Шинэбаярыг А.Ууганбаяр, Н.Анхмандах нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 26-28/

          О.Улаанхүүг  С.Цэндзэсэм, О.Банди нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 29-31/

         Н.Түвшинжаргалыг  Н.Түвшинтөгс, О.Нармандах  нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 32-34/

О.Улаанхүүг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 35-39/

          Н.Түвшинжаргалыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 40-44/

           А.Шинэбаярыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 45-49/

          О.Улаанхүүгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 63/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 65/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 64/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 66-76/

          А.Шинэбаярын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 52/,оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 51/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 53-62/

          Н.Түвшинжаргалын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 77 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 79/,оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 78/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 80-83/ зэрэг болно.

О.Улаанхүү, Н.Түвшинжаргал, А.Шинэбаяр нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран зочид буудалд иргэн Б.Ганболдыг та нар ингэж хүний гар утас хулгайлдаг юм уу гэж хэлээд зодож бие махбодид нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

Хохирогч Б.Ганболдын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт, 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулан болохыг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт /хх-н 21/

         Хохирогч Б.Ганболдын   мөрдөн байцаалтад  мэдүүлсэн: 21.00 цагийн орчимд буудлын ресепшн Батцэцэг гэдэг эмэгтэй чи миний оронд түр зогсож байгаач гэхээр нь би тэгье гээд текний ард ороод зогсож  байхад сүүлд нэрийг нь мэдсэн Улаанхүү гэдэг ах ирээд гар утсаа авья гэхээр нь мэдэхгүй гэсэн чинь та нар хүнийг согтуугаар далимдуулж хүний гар утас авдаг юм уу гэхээр нь би ресепшн нь ороод ирэг тэгэхээр нь асуу гэсэн. Батцэцэгийг ирэхээр нь хүмүүс утас асуугаад байна гэхэд өрөөнөөсөө гаргаж ирээд нөгөө хүмүүст өгөхөөр өрөө рүү нь орсон. Би хамт очоод утсыг нь өгчихөөд эргээд явж байтал араас Түвшинжаргал шууд цохисон. Намайг тонгойход Улаанхүү шилэн хүзүүн дээр дарсан ба Шинэбаяр, Түвшинжаргал хоёр нь нүүр нүдгүй өшиглөсөн. Намайг зодуулж байхад Батцэцэг цагдаа дуудсан байсан гэсэн мэдүүлэг /хх-н 11/

Гэрч Д.Батцэцэгийн  мөрдөн байцаалтад мэдүүлсэн …нөгөө Ганболд гэдэг залуу чи хүмүүсийн гар утсыг цэнэглэж өгч байгаа юм уу нэхээд байна гэсэн. Тэгэхээр нь би 9 дугаар өрөөнд байсан хүмүүсийн цэнэглүүлэх гээд өгсөн утсыг аваад Ганболдын хамт нөгөө хүмүүст өгөхөөр явж байтал өөдөөс нөгөө хүмүүс гараад ирсэн. Тэгээд шууд та нар ингэж хүний гар утас хулгайлдаг юм уу гээд агсам тавьсан. Тэгэхэд Ганболд та нарын утсыг энэ хүн өгөхөөр аваад ирлээ ш дээ гэсэн. Гэтэл нөгөө 3 залуу хэрүүл хийж өдсөөр байгаад Ганболдыг цохиод авсан. Би хэн нь түрүүлж Ганболдыг цохисон талаар мэдээгүй. Тэгж байснаа нөгөөдүүл нийлээд шууд Ганболдыг зодож эхэлсэн гэсэн мэдүүлэг   /хх-н 13/

Шүүгдэгч нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болно.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         О.Улаанхүү, Н.Түвшинжаргал, А.Шинэбаяр  нар нь гар утсаа цэнэглүүлэх гэж өгсөн ба би түр байж байгаа хүн байна, ресепшнийг ирэхээр асуу  сайн мэдэхгүй байна гэж хэлсэн байхад зориуд  гар утас хулгайлдаг юм уу гэж шалтаглан маргаан үүсгэн улмаар хохирогчийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон, тэдний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна. 

     Иймд  О.Улаанхүү, Н.Түвшинжаргал, А.Шинэбаяр  нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн  хүч хэрэглэн ниймгийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэн догшин авирлаж  үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дах хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

  Шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч нар нь хохирогчид 6.200.000 төгрөгийг харилцан тохиролцож сайн дураар өгсөн хохирогч хүлээн авсан цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 О.Улаанхүү нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй  бол ялгүй болно гэж заасны дагуу О.Улаанхүү нь ялгүй болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1,551.3,55.1.9 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм хорыг сайн дураар арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечдэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД, флаш диск 1 ширхэгийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээхээр шийдвэрлэв

         Шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүйг дурьдав.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гончиг овогт Очирбатын Улаанхүү, Буян-Оргих овогт Нармандахын Түвшинжаргал, Боржигод овогт Алтайн Шинэбаяр нарыг  бусдыг илтэд үл хүндэтгэн  хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг бүлэглэн догшин авирлаж  үйлдсэн гэм буруутай болохыг тус тус  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дах хэсэгт зааснаар О.Улаанхүү, Н.Түвшинжаргал, А.Шинэбаяр нарыг тус бүр 3  жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн  52.5  дах хэсэгт зааснаар О.Улаанхүү, Н.Түвшинжаргал, А.Шинэбаяр  нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД, флаш диск 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

 5.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй О.Улаанхүү, Н.Түвшинжаргал, А.Шинэбаяр нар нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг  тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар Н.Түвшинжаргалд оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг  Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст, О.Улаанхүү, А.Шинэбаяр нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг  Баянзүрх  дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст тус тус даалгасугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Улаанхүү, Н.Түвшинжаргал, А.Шинэбаяр  нарт бусдын батлан даалтад  өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус  авсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                              С.ПҮРЭВСҮРЭН