Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2024/00018

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргалдаргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 149/ШШ2024/00002 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 43,219,000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 535,000 төгрөг тус тус гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагч ******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч С.Баатар /цахим/ нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. Би *******г өмнө таньдаг байсан болохоор мөнгө зээлээч гэж гуйхаар нь 2015 оны 11 дүгээр сараас мөнгө зээлсэн. Найдвартай өгч авалцаад явсан болохоор 2016 оны 02 дугаар сараас их хэмжээгээр өгч эхэлсэн. Тухайн үед ******* нь төмрийн үйлдвэрт тогооч хийдэг бас хажуугаар нь даргынхаа хүүхдийг харж өндөр цалин авдаг гэж байсан 2016 оны 02 дугаар сарын 20-оос 2017 оны 08 дугаар сарын 10-ыг хүртэл хугацаанд 14 баримтаар 34845000 төгрөг зээлдүүлснээс 6032000 төгрөг төлөгдөж үлдсэн 28813000 төгрөгийг хүү алданги 6180000 төгрөгийн хамт нийт 34993000 төгрөгийг *******гээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү ...

 Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...би түүнд зээлийн гэрээгээр бэлэн ба бэлэн бусаар өгсөн 34845000 төгрөгөөс эргүүлж төлсөн 6032000 төгрөгийг хасаж үлдэгдэл 28813000 төгрөгт хугацаа хэтрүүлсэн алданги 50 хувиар тооцоход 43219000 төгрөг болж байна. Иймд *******гээс 43219000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Миний бие ******* нь нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ******* нь надаас 34845000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарсан байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь би ******* эгчээс урьд нь ганц нэг удаа мөнгө зээлж байсан гэтэл дараа нь ******* эгч өөрөө надтай ирж уулзаад чи төмрийн үйлдвэрт ажилладаг юм чинь ажлынхаа хүмүүст болон хужаа нарт мөнгө хүүтэй зээлээд өгөөч би чамайг гомдоохгүй хувь өгье гэж хэлсэн. Ингээд ******* нь надаар дамжуулан хужаа нарт 20 хувиар монгол хүмүүст 10 хувиар мөнгө зээлдэг байсан ба тэр хүмүүс нь мөнгө зээлээд буцаагаад өгөхөөр ******* эгч баярлалаа гээд надад хувь өгдөг байсан. ******* эгч дээрх хүмүүст мөнгө зээлэхдээ надыг дандаа зээлдэгчээр бичиж өгдөг байсан. Тэгэхээс би ******* эгчээс 34845000 төгрөг зээлээгүй дээрх мөнгийг авсан хүмүүс нь өөрсдөө мэдэж байгаа. Мөнгө зээлдэхдээ ******* эгч хүнд битгий хэлээрэй мөн хамтран амьдарч Машбатад бүр битгий хэлээрэй гэж хэлж захидаг байсан. Дээрх хүмүүст зээлдүүлсэн мөнгөө зармыг аваагүй болохоор надаас мөнгө нэхэж байна. Хүмүүст зээлсэн мөнгө нь ч 34845000 төгрөг болохгүй байхаа ор үндэслэлгүйгээр ингэж гүтгэж ийм их мөнгө нэхэж байгаа нь арай дэндүү байна. Дээрх мөнгийг 2015, 2016 онд зээлүүлж байсан мөнгө бөгөөд тэр зарим хүмүүс нь мөнгийг буцааж өгсөн мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх гэж бодож байна. Гэтэл дээрх их хэмжээний мөнгөө үндэслэлгүйгээр надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна. Надад мөнгө зээлсэн бол ямар баримтыг үндэслэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 149/ШШ2024/00002 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэг, 76.2 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэг, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******гээс зээлийн гэрээний үүрэгт 28278000 төгрөг, 14139000 төгрөгийн алданги нийт 42417000 төгрөгийг, мөн худалдах худалдан авах гэрээний үүрэгт 535000 төгрөг нийт 42952000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449481 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Хуульч, өмгөөлөгч М.Гансүх миний бие хариуцагч *******т эрх зүйн туслалцаа үзүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн ба Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дүгээр сарын 21-ний өдрийн 000002 тоот шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан эрхийнхээ дагуу хариуцагчийн хамтаар доорхи гомдлыг гаргаж байна.

 Нэхэмжлэгч; ******* нь тус шүүхэд *******гээс Зээл, зээлийн хүү, алданги нийт 43.219.000 төгрөг, эд хөрөнгө худалдсаны төлбөрт 535.000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээ болон худалдах, худалдан авахтай холбоотой гэрээг үнэн зөв хуульд нийцсэн байдлаар дүгнэсэн атлаа *******ийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, шаардах эрхээ алдсан гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож буйг эс зөвшөөрч байна.

Учир нь; *******т ******* нь удаа дараа хүсэлт гаргаж 34.310.000 төгрөг зээлж авсан, мөн 535.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг худалдан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон мөнгө шилжүүлсэн баримтууд нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нотлогдсон. Өнөөдрийн байдлаар ******* нь хариуцагч *******гээс үндсэн зээл 27.478.000 төгрөг, эд хөрөнгө худалдсан 535.000 төгрөгөө авч чадалгүй хохирсон байна. Анхан шатны шүүхээс зээл, түүний хүү, алданги, эд хөрөнгө худалдсан төлбөрийг ******* төлөх ёстой гэсэн дүгнэлт нь хуульд нийцсэн, харин нэхэмжпэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

******* хариуцагч *******тэй зээлийн гэрээ байгуулснаас эвлэрүүлэн зуучлал, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ утсаар байнга харилцаатай байдаг байсан. Мөн ******* нь зээлсэн мөнгө удахгүй өгнө, тодорхой хугацаа сунгах талаар удаа дараа амаар *******т хүсэлт тавьдаг байсан бөгөөд үүнийг ******* хүлээн зөвшөөрсөн байдал хавтаст хэрэгт авагдсан *******ийн тайлбар, *******гийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгчийн тавьсан *******тэй холбоотой байсан уу? Тантай хэдэн онд холбогдож байсан талаар асуухад ******* нь 2018, 2019, 2020, 2021 онд холбогдож байсан гэж хариулсан зэргээс үзэхэд ******* нь зээлсэн мөнгөө байнга хариуцагчаас нэхэмжилж байсныг тодорхой харуулж байна.

Мөн ******* нь нэхэмжлэгч *******ээс самар борлуулж байгаад үлдэгдэл зээл төлбөрөө өгнө гэж нэхэмжлэгчид итгэл төрүүлж хугацааг нь удаашруулж байсан, нөгөөтэйгүүр дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал нь нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хугацаа алдсан үйл баримтыг анхан шатны шүүх огт анхаарч үзэхгүйгээр хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд үл нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэх хугацаа дууссан өдрөөс хойш хариуцагчтай байнга утсаар холбогдож, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, хариуцагчийн ажиллаж байсан газар болон ээж, ар гэрийнхэнтэй нь уулзаж байсныг хавтаст хэрэгт авагдсан гэрчүүд нотолдог, үүнийг шүүхийн зүгээс огт анхааралгүйгээр зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй.

Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн захирамжийг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгож хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг анхан шатны шүүхээс хуулийн хүрээнд бий болгосонд нэхэмжлэгчийн зүгээс маш их гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, мөнгөн хөрөнгөөрөө хохирч байгааг анхаарч, үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгч С.Баатар би *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Ц.*******гийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Энэ хэрэг нь өмнө давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг 2 удаа хүчингүй болгож шийдвэрлэгдэж байсан билээ. Ц.******* нь *******т удаа дараа хүсэлт гаргаж мөнгө зээлсэн бус харин ******* нь зээлдүүлэгч олж өгвөл хүү, урамшуулал өгөхөөр амласан тул ******* нь зээлийн харилцаанд татагдан орж, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Энэ талаар хаиуцагч ******* удаа дараа мэдүүлж байгаа төдийгүй, нэхэмжлэгч ******* нь 2022-4-20-ны өдрийн шүүх хуралд өгсөн тайлбартаа хүлээн зөвшөөрч урамшуулал болгон удаа дараа мөнгө өгч байснаа мэдүүлсэн нь 1-р хавтаст хэргийн 88-99-р талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 13 зээлийн гэрээ байх бөгөөд гэрээ тус бүр нь 1-2 сарын хугацаатай байгуулагдсан байх ба цаашид сунгасан талаар талууд тохиролцож гэрээнд тусгаж гарын үсэг зурсан зүйл огт байхгүй байна. Нөгөө талаар эдгээр мөнгийг Ц.******* нь өөрөө зээлж авч хувьдаа ашигладаггүй байсан ба давхар цааш өндөр хүү тооцож зээлдэггүй байсан нь ******* бусад хүмүүстэй зээлийн гэрээ байгуулаагүй.

Энэ талаар нэхэмжлэгч тал нотолсон зүйлгүй, зарим зээл дээр үндсэн зээлдэгчээр зарим зээл дээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан зэрэг нь нэхэмжлэгч *******ээс гарган өгсөн 1-р хавтаст хэргийн 5-19-р талд авагдсан зээлийн гэрээнүүд хариуцагч Ц.*******гээс гарган өгсөн 1-р хавтаст хэргийн 74-83-р талд авагдсан зээлийн гэрээнүүд зэрэг баримтуудаар нотлогддог юм.

Иргэн хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэнэ. Маргаантай нөхцөл байдлыг тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа шаардлагатай хэмжээнд үнэн бодитоор тогтоох хүндрэлтэй байдаг тул хөөн хэлэлцэх хугацааг иргэний эрх зүйд хэрэглэдэг. Энэ нь нөгөө талаас өөрийн эрхийг хамгаалах арга хэмжээг цаг тухайд нь авч байхыг эрх бүхий этгээдэд анхааруулж байгаа ба нөгөө талаас үүрэг гүйцэтгэгчийг нэлээд хугацаа өнгөрсний дараа хуучин өр нэхэгдэхээс хамгаалах агуулгатайгаар хуульчилсан гэж үзэж байна.

Учир нь хэлцэл хийснээс хойш хэдий их хугацаа өнгөрнө төдий чинээ хуучин шаардах эрхийн эсрэг өөрийгөө өмгөөлж хамгаалах боломжгүй болдог байна. Г этэл нэхэмжлэгч ******* хэлцэл хийснээс хойш үндсэндээ 5 жилийн дараа нэхэмжлэл гаргажээ. Яг энэ агуулгаараа мөнгө зээлж авч ашигласан хүмүүс нь Хятад руу нутаг буцсан. Ганц нэг Монгол хүмүүс нь өөр газарт олдохгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс шаардах эрх үүсэхээр зохицуулсан байна. Дээр дурдсан Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зохицуулалтаас үзэхэд хамгийн сүүлд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш тоолж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш буюу 2021 -6-17-ны өдөр эвлэрүүлэн зуучлахад хаягласан өргөдөл байх боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаагүй мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно гаргасан өргөдөл байна. 2-р хавтаст хэргийн 65 дугаар талд авагдсан нэхэмжлэгч талын хүсэлтээр хийгдсэн ажиллагаа болох тодорхойлолт болон гэрчийн мэдүүлгүүд нь шаардах эрх үүссэн болохыг нотолсон баримтууд хэрэгт авагдсан байна.

Гэтэл шаардлага гаргах байсан хугацаа буюу 2017-10-10-ны өдрөөс 2020-10-10-ны өдөр хүртэлх хугацааг авч үзвэл 2017, 2018, 2019 онд Монгол улсад цар тахал болоогүй байсан. 2020 онд цар тахал болсон ч төрийн байгууллага шүүх, цагдаа хэвиийн ажиллаж байсан 13 байгууллагын нэг байсан. Сүүлд хэвийн ажиллах байгууллагууд нэмэгдээд 18 болсон байх. Улсын дээд шүүхийн албан ёсны сайтад тавигдсан судалгаа, статистик мэдээлэл болон Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас гарган өгсөн 2-р хавтаст хэргийн 57, 58-р талд авагдсан баримтаас харвал Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх иргэдээс нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан тохиолдол байхгүй ба 2017 онд 461 иргэний нэхэмжлэл хүлээн авч 421-г шийдвэрлэсэн. 2018 онд 487 иргэний нэхэмжпэл хүлээн авч 357-г шийдвэрлэсэн, 2019 онд 530 иргэний нэхэмжлэл хүлээн авч 427-г шийдвэрлэсэн, 2020 онд 684 иргэний нэхэмжлэл хүлээн авч 572 хэрэг маргаан хянан шийдвэрлэсэн байгаагаас үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргахад цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн гэдэг нь үндэслэлгүй тайлбар юмаа.

Харин ч тухайн үед иргэдээс шүүхэд ердийн журмаар хандахаас гадна цахим хэлбэрээр хандах нэмэлт боломжийг нээж өгсөн байдаг. Цар тахлын үеэр хувийн зарим хэвшлийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд хязгаарласан. Зарим үед өөр аймаг нийслэлийн зорчих хөдөлгөөнийг хааснаас өөр зүйлгүй. Нэхэмжлэгч өөр газрын шүүхэд хандахгүй, хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хандах бөгөөд нэхэмжлэгч хариуцагч 2-уулаа Зүүнхараад оршин суудаг байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэсэн байх ба хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т ямар нэгэн байдлаар хүү төлсөн баталгаа гаргасан буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Хэрэгт тийм баримт авагдаагүй байна. ******* нэг ч удаа төлнө гэж хэлээгүй харин ч 2017 онд зээл авсан хүмүүсээсээ мөнгөө олж аваарай гэж хэлсэн гэдгээ удаа дараа мэдүүлж байгаа. Хариуцагчийг янз бүрийн шалтаг тоочсоор хугацаа хойшлуулсан гэдэг нь үндэслэлгүй. Хариуцагчаас ямар нэгэн шалтаг тоочиж хугацаа хойшлуулсан талаар хэрэгт авагдсан баримт байхгүй. Нэхэмжлэгч үүнийгээ нотлоогүй байна. Хаягтаа байхгүй гэж үзвэл энэ удаагийнх шиг хариуцагчийг эрэн сурвалжлуулаад асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьдаг 2-р хавтаст хэргийн 217-р талд авагдсан давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан асуулт хариулт бол. Хэд хэдэн онд мөнгө нэхэж байсан бэ? хэзээ ярьсан бэ? гэсэн асуултанд тэдэн онд гэж хариулсан гэсэн утгатай болохоос биш амлалт өгсөн гэж хэлсэн зүйлгүй юмаа.

Иргэний хуулийн 82-р зүйлийн 82.4 заасан хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байсан гэдгээ өмнөх хурал дээр нэхэмжлэгч ******* өөрөө мэдүүлсэн байдаг. Хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгааныг нотолсон тийм баримт хэрэгт мөн авагдаагүй байна. Нэхэмжлэгчид ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй гэдгээ 2022-4-20-ны өдрийн шүүх хуралд дээр өөрөө хэлж мэдүүлсэн нь 1-р хавтаст хэргийн 88-99-р талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Эдгээр асуудлууд дээрээ маргаж байгаа бол нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; 38-р зүйлийн 38.1.-т заасан Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байна Энэ үүргээ нэхэмжлэгч тал биелүүлж шаардлагаа нотолж чадаагүй.

Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн буюу нэхэмжлэл гаргахад саад болсон бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх учиртай. Гэтэл тийм бодитоор саад болсон зүйл байхгүй, энэ талаар хэрэгт ямар ч баримт авагдаагүй, хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй, бүрэн боломжтой. Бодитоор саад болсон зүйлгүй байсан төдийгүй тийнхүү нэхэмжлэл гаргахад *******гийн зүгээс мөн саад болсон зүйл байхгүй тийм баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Мөн хариуцагч Ц.******* нэхэмжлэгч *******тэй уулзсан эсвэл утсаар ярьсан нь баримтаар нотлогддоггүй уулзсан нь ******* нэхэмжлэгч *******т ямар нэгэн байдлаар хүү төлсөн баталгаа гаргасан буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш тийм баримт ч хэрэгт авагдаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй хүчингүй болгосон зүйлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн 422 тоот захирамж нь хуулийн үндэслэлгүй. Оролцогчийн эрхийг зөрчиж болон хязгаарласан захирамж тул хариуцагчийн өмгөөлөгч хүсэлт гаргаж тус захирамжийг гаргасан шүүгч Алтанцэцэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124-р зүйлд зааснаар өөрөө хүчингүй болгосныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргаснаар шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн захирамжийг хүчингүй болгосон захирамжийг хэвээр үлдээсэн.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12-р сарын 24-ны өдрийн 00002 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийн үйл баримтыг маш зөв зүйтэй дүгнэсэн гэж би хардаг. Анхан шатны шүүхийн шийдвэр яагаад ингэж гарах болсон талаар нэг зүйлийг хэлье.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ давж заалдах шатны шүүхийн үндэслэх хэсэгтээ бичсэн зүйлийг цаашид анхаараасай гэж хуульчийн зүгээс хэлмээр байна. Энэ хэрэгт би давж заалдах шатны шүүхийн эхний хурлын дараагаас орсон. Хөөн хэлэлцэх хугацааг хэрэгсэхгүй болгож миний үйлчлүүлэгчийн энэ их мөнгөөрөө хохироод, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа асуудлыг 422 дугаартай захирамжтай холбоотой. Хариуцагчийн өмгөөлөгч 2 дахь давж заалдах шатны шүүхээс магадлал буцсанаас хойш нэг л зүйлийг ярьсан. Давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг хүчингүй болго гэж хэлсэн. Ийм учраас та нар хөөн хэлэлцэх хугацаагаар л шийдэх ёстой гэж хэлсэн.

Захирамжийг хүчингүй болохгүй учраас нэхэмжлэлийн шаардлага хөөн хэлэлцэх хугацаагаар хүчингүй болох боломжгүй. Шүүгч тэр агуулгаар нь тавьсан болов уу гэж боддог.

Яагаад та анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацааг сэргээж болохгүй гэж үзээд байна вэ гэдэг дээр С.Баатар юу ч тайлбарлаж чадаагүй. Өмнө нь сэргээгээд хэлэлцэж болдоггүй юм уу гэдэг асуудал тавьж байгаад энэ бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн захирамж зөвхөн тухайн шүүгчид хамааралтай болохоос биш бусад шүүхийн харьяалал буюу хамаарлаас болж хүчингүй болдог зүйл биш гээд хүчингүй болгосон.

Гэтэл дахиад С.Баатар хүсэлт гаргаад 124 дүгээр зүйлээр хүсэлтийг хангачихсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлээр оролцогчдын хүсэлтийг хангасан захирамж гаргасан талаар би гайхаж байна. Яагаад, энэ шүүгч өөрөө эргэлзээтэй нөхцөл байдалд байгаагүй юм байна. Тухайн цаг хугацаанд 422 дугаартай шүүгчийн захирамж гарсан байх үед ******* гэдэг хүн юу гэсэн хүсэлт гаргасан байдаг вэ гэхээр тухайн цаг үед ковидын нөхцөл байдал байсан. Хоёрдугаарт энэ хүн надад итгэл, үнэмшил төрүүлж байсан учраас би тодорхой хэмжээнд энэ хүний араас хөөцөлдөж байсан. Надад үүргийн гүйцэтгэлийг хангахдаа хугацааг нь хойшлуулаад өгөөч гэдэг байдлаар хамаарах асуудал гарч байсан учраас энэ захирамж гарсан юм байна.

Тухайн нөхцөл байдалд 422 дугаартай захирамж нийцсэн байна гэж харсан ч хангаад шийдчихсэн. Дахин гомдол гаргахад энэ хүн юу гэж тайлбарласан бэ гэхээр шүүгч маш тодорхой тайлбарласан. Энэ бол хуульч хүнд ойлгомжтой байдлаар тайлбарласан учраас би дахиж гомдол гаргаагүй. Манай шүүгчийн буруу байж магадгүй. Яагаад гэвэл 422 дугаартай захирамжийг хянахгүй байгаа юм. Энэ хүн буруу гээд биччихье гэхээр С.Баатар, ******* нар нь шүүгч******* Сахилгын хороонд өгчихсөн.

Тэрнээс би юуг олж харсан бэ гэхээр сахилгын хороонд шүүгчийг хэрэг шийдсэнийх нь төлөө өгчихөөд хүчээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг яриад хүчингүй болго гэж дайрсаар байгаад шүүгчээр ийм захирамж гаргачихсан гэж би хардаг. Би энэ дээр хуульчийн хувьд сэтгэл дундуур байдаг. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг бол шүүгч хараат бусаар хэний ч эрхшээлд орохгүйгээр хандах ёстой.

Давж заалдах шатны шүүх эхний удаа буцаахдаа 422 дугаартай захирамжийг гаргахдаа талуудыг оролцуулалгүйгээр, эрхийг хангахгүйгээр захирамж гаргасан байна. Энэ эрхийг хангаад захирамжийг хэвээр үлдээх байсан уу эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлээр гомдол гаргаад 422 дугаартай захирамжийг хянах байсан уу гэдэг миний хуульчийн үзэл бодол байдаг.

422 дугаартай захирамжийг хүчингүй болгож байгаа энэ үйл баримт нь миний мэддэг, уншиж судалсан 20 жилийн хугацаанд явж байгаа захирамжид байхгүй. Хүсэлтийг хангаж байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн тогтоол гарч байгаа. Ийм тогтоол хэзээ ч гарч байгаагүй. Шүүгч өөрөө илтэд үндэслэл муутай захирамж мөн байна гэж дүгнэлт бичээд гаргаж болно. Эсхүл шүүхийн тогтоол гарч болно. Оролцогчийн хүсэлтээр хангадаг тогтоол аргагүй л шүүгчид нөлөөлж байгаад гаргаж байна лээ гэж бодож байгаа. Энийг би тайлбарлаж мэдэхгүй. Энийг шүүгч нар өөрсдөө тайлбарлах байх. Одоо Алтанцэцэг шүүгчийн сахилгын хорооноос гомдлыг нь татаад авчихсан байх. Эд нар өөрсдийн хүслийг биелүүлсэн учраас гэж бодогдож байгаа. Энийг би хөөцөлдөж мэдээгүй. 422 дугаартай захирамж шүүхийн тогтоол дотор 124 дугаар зүйлд зааснаар хянаад өгөөч гэж зөндөө хүсэлт гаргахад бүгдийг нь хангаагүй.

Энэ процессыг давж заалдах шатны шүүх зөв гэж үзэх үү буруу гэж үзэх үү та бүгдийн мэдэх асуудал байх гэж миний зүгээс харж байна. Бидний зүгээс хэд хэдэн онцлох шалтгаан байгаа гэж харж байна. Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ үйл баримтыг шаардах эрхээ алдсан гэдэг байдлаар асуудалд хандсан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, хөөн хэлэлцэх хугацаа сэргээх, хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох гэдэг агуулга байгаа. Жишээ нь ерөнхий агуулгаараа энэ нь 10 жилийн хугацаанд болсон үйл баримт биш. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл, эсхүл хөөн хэлэлцэх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан байсан асуудал дээр бид нар өөрсдөөс шалтгаалах чадах хэмжээний нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Тодорхой гэрчүүдийг асуулгасан. Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хуралдааны нотлох баримт байх ёстой.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.*******нд тодорхой хэмжээнд итгэж байсан. Ковидын цар тахлын үед уулзаж чадахгүй байсан учраас утсаар ярьдаг байсан. Зарим үед гэрт нь очихоор самранд явчихсан байдаг. Самрын мөнгөө өгөөд буцааж төлнө гэж хэлдэг байсан. Энэ нөхцөл байдал байсан учраас хэд хэдэн гэрчүүд болон нөхцөл байдлыг харуулж байгаа юм. Давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн байдлаар дүгнэлт хийж өгнө үү. Миний үйлчлүүлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрхээ сэргээлгэе гэж байгаа юм. Анхан шатны шүүхээс мөнгө авсныг нь тогтоосон. Авсан нь үнэн байна. Шаардах эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна гэсэн ч ******* гэдэг хүн хүү бодохгүй гэхэд 27,000,000 төгрөгийг Ц.******* гэдэг хүнд өгөөд энэ хүн үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд сууж байна. Энийг би хуульд нийцсэн зөв шийдвэр байна гэж харахгүй байна. Тийм учраас хуульд нийцсэн байдлаар нэхэмжлэгчийг эрхийг сэргээх тал дээр давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариу тайлбараа бичгээр өгчихсөн байгаа учир товчхон ярья. М.Гансүх өмгөөлөгч ингэж яриад байна. С.Баатар өмгөөлөгч нэг л зүйлийг байнга ярьдаг гэж хэллээ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг байнга л яриад байсан юм шиг. Давж заалдах шатны шүүхээс ийм дүгнэлт хийсэн байна гэж 1-2 удаа ярьсан. Би хэргийн үйл баримтыг эхнээс бүгдийг нь үзээд дүгнэлтээ хүртэл бичгээр хийгээд хэрэгт хавсаргасан байдаг. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээхдээ 422 гэдэг захирамж нь өөрөө маш ойлгомжгүй гарсан захирамж. Хүсэлт гаргасны дараа 2 хоногийн дотор хариуцагч талд мэдэгдэхгүйгээр захирамжаа гаргачихсан. Бид нар хурал дээр хөөн хэлэлцэх хугацааны талаар маргалдана гэж ороод ирэхэд дахиж сэргээсэн захирамж байгааг хуралд ороод мэдсэн байдаг.

Энэ захирамж яагаад гарсан гэхээр 13-н бие даасан зээлийн гэрээ байгаа. Энэ гэрээний бүх гэрээний хугацааг нь сэргээж байгаа нь ойлгомжгүй. Нэгийг нь сэргээж байгаа нь ч ойлгомжгүй. Дээрээс нь ямар ч баримт байхгүй байж байгаад баримт байгаа мэтээр гаргачихсан. Нэг талын эрхийг хязгаарлаж байгаа захирамж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийг баримтлаад гарчихаар гомдол гаргаж болдоггүй. Ганцхан хуульд заасан боломж нь 124 дүгээр зүйлээр шүүгч өөрөө хүчингүй болгох зохицуулалттай. Энэ дагуу би гомдлоо гаргаад явсан байдаг. Бид нар маш удаан хүлээцтэй харсан.

Нэхэмжлэгч ******* шүүгч******* найз нөхдийн харилцаатай гэдгийг Зүүнхараа даяараа мэднэ. Хичнээн найз нөхдийн харилцаатай байсан ч гэсэн нуруутай шийдчих болов уу гэж маш олон удаа харсан. Сэргээж байгаа 422 дугаартай захирамжаас авхуулаад ямар ч үндэслэлгүйгээр ямар ч баримт байхгүй байхад байгаа мэтээр бичдэг. Үнэхээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гээд сэргээж байгаа юм уу эсхүл түр зогссон гэж сэргээж байна уу, хүндэтгэн үзэх шалтгаанаар сэргээж байгаа нь мэдэгдэхгүй ойлгомжгүй захирамж гаргачихаад тэрийг үндэслэж шийдээд байсан. Аргагүйн эрхэнд хариуцагч Ц.******* өгсөн байдаг. Сахилгын хороонд өгсөн нь үнэн байдаг. Сахилгын хорооны шалгалтаар найз нөхдийн харилцаатай холбоотой, дансаар мөнгө орсон нь тогтоогдсон. Мөн үндэслэлгүйгээр захирамж гаргасан байна гэдгээ хүлээн зөвшөөрч 2 удаа 422 дугаартай захирамжаа хүчингүй болгосон.

М.Гансүх өмгөөлөгч гомдлоо гаргасан. Энэ процессууд мөн хуулийн дагуу явагдсан. Хууль зөрчсөн асуудал байхгүй. Шаардлага гаргах байсан хугацаа нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл авч үзэх юм бол 2017, 2018, 2019 онд Монгол улсад цар тахал болоогүй байсан. 2020 онд цар тахал болсон. Тэр үед хэвийн ажиллаж байсан 13 байгууллагын нэг нь шүүх, цагдаа байсан. Хэвийн ажиллаж байсан.

Хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хандах бөгөөд нэхэмжлэгч хариуцагч хоёулаа Зүүнхараад оршин сууж байгаа ба Мандал сумын харьяалалтай. Хүндэтгэн үзэх шалтгаан байгаа юу гэж анх шүүх хурал дээр асуусан байдаг.. М.Гансүх өмгөөлөгч нэг зүйлийг бодмоор байна. Энэ тэнд очихоороо янз янзын зүйл ярих юм. Хүнийхээ хувьд хуульчийн хувьд ажлаа хийх ёстой. Анхан шатны шүүх хуралдаан дээр давахын шүүгч нар шиг тэнэг юмнууд байдаг байхгүй юу гэдэг. Давж заалдах шатны шүүх дээр ирэхээрээ дахиад өөр зүйл яриад л. Намайг мөн адил элдэв янзаар доромжилж байна. Ийм учраас Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

 2. Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 14 баримтаар 34,845,000 төгрөг зээлдүүлснээс 6,032,000 төгрөг төлөгдөж үлдсэн 28,813,000 төгрөгийг алданги 50 хувиар тооцон нийт 43,219,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба татгалзлын үндэслэлээ ...зээлийн гэрээнд зуучлагчаар оролцсон тул гэрээний үүргийг хариуцахгүй, нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн... гэж тайлбарлажээ.

3. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон гэж дүгнээд нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тус шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

 4. Хэрэгт авагдсан баримтаар:

а. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд тус бүр 1 сарын 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай нийт 14 удаа буюу 34,845,000 төгрөгийн зээл өгсөн, мөн энэ хугацаанд 535,000 төгрөгийн бараа зээлээр олгосон боловч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардсан боловч төлөөгүй... гэж *******д холбогдуулан 2021 оны 06 сарын 17-ны өдөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хүсэлт, 2021 оны 09 сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авсны дараа 2021 оны 12 сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар ирүүлсэн байх ба тайлбартаа ... зээлийн гэрээгээр би мөнгө аваагүй харин бусдад зуучилсан тул хүлээн зөвшөөрөхгүй... гэдэг бол хариуцагчийн өмгөөлөгч ...гэрээний үүрэг шаардах эрхийн хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн... гэжээ.

 Нэхэмжлэгч Ш.Чулуунцэцэг нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 03 сарын 09-ний өдөр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргасан байх хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа ...сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахал гарсны улмаас шаардлага гаргаагүй... гэж тайлбарласныг шүүгчийн 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 422 дугаартай захирамжаар ...нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацааг сэргээх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон... гэж хүсэлтийг хангаж, улмаар хэргийг шүүх хуралдаанаар 2022 оны 04 сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж 167 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн байна.

Тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ ...2022 оны 03 сарын 11-ний өдрийн 422 дугаартай захирамжийг хариуцагчид танилцуулаагүй, захирамжид хариуцагчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан... гэж тайлбарласан ба анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 167 дугаартай шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс ...хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй... гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

 Анхан шатны шүүх 2022 оны 10 сарын 28-ны өдөр хэргийг дахин хэлэлцэж 485 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Чулуунцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ба тус шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд ...хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн талаар магадлалдаа дурьдсан байхад анхан шатны шүүх урьд гаргасан алдаагаа залруулахгүйгээр буюу урьд гаргасан шүүгчийн 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 422 дугаартай Хүсэлт хангах захирамждаа ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, урьд гаргасан алдаагаа залруулаагүй, хариуцагчид шүүх хурлын тов мэдэгдэхгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацаа сэргээсэн захирамжийг хүчингүй болгохдоо давж заалдах шатны шүүх шаардсан гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн... зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 04 сарын 149 дугаартай шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчийг өөрчилсөн байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацааг хуулийн үндэслэлгүй сэргээсэн нь илт үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар шүүгч өөрөө хүчингүй болгох боломжтой гэсэн хүсэлт дахин гаргасныг шүүх хүлээн авч 2023 оны 09 сарын 19-ний өдрийн 1449 дугаартай захирамжаар 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 422 дугаартай Хүсэлт хангах захирамжийг хүчингүй болгожээ. /2-р хх-ийн 108-109/

Дээрхи баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчийн хуульд заасан шаардах эрхийг хугацааг хэтрүүлсэн гэж маргасан бол нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж маргажээ.

 б. Иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах эрх олгогдсон хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэнэ. Иргэний хууль дахь хөөн хэлэлцэх хугацаа нь талуудын гэрээний сахилга батыг бэхжүүлэх, үүргийн гүйцэтгэлд талуудын өөрсдийн хяналтыг сайжруулах ач холбогдолтой.

Хөөн хэлэлцэх хугацааг зөв тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Нийтлэг журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эсвэл зөрчигдснийг эрх бүхий этгээд мэдсэн үеэс эхлэн тоолохоор Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заажээ.

Нэхэмжлэгч Ш.Чулуунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч *******тэй 2016 оны 02 сараас эхлэн зээлийн гэрээ байгуулсан гэж 14 удаа зээлийн гэрээ нэртэй бичгийн баримт ирүүлсэн /1-р хх-ийн 18/ ба тус баримтаар талууд хамгийн сүүлд 2017 оны 08 сард зээлийн гэрээг 02 сарын хугацаагаар буюу гэрээний үүргийг 2017 оны 10 сарын 10-ны өдөр биелүүлэхээр тохиролцсон гэж үзэхээр байна.

Дээрхи баримтаар хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй үүргээ зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл үүрэг биелүүлэх хугацааг хэтрүүлсэн буюу 2017 оны 10 сарын 10-ны өдрөөс нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.

Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүй үеэс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, түүнийг нэхэмжлэгч мэдэж байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан *******, *******, , , нарын ... ******* нь *******гээс мөнгө авах ёстой талаар ярьдаг байсан.. гэсэн мэдүүлгүүдээр нотлогдон гэж үзлээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлцэх хугацаа 3 жил байна... гэж заасан бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч Ш.Чулуунцэцэг нь өөрийн эрх зөрчигдсөн гэдгийг мэдэж байсан боловч хариуцагчид холбогдуулан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, өөрийн эрхийг хамгаалах ямар нэгэн арга хэмжээ тухайлбал шүүхэд хандах, хариуцагчийн хаяг тодорхойгүй бол эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргах зэрэг тодорхой арга хэмжээ авсан эсэх талаар шүүхэд баримт ирүүлээгүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаа 2020 оны 10 сарын 10-ны өдөр дууссан, нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг ...хариуцагч ******* самарт яваад олдохгүй байсан, дэлхий нийтийг хамарсан Ковид өвчинтэй холбоотой хөл хорио тогтоосон... зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн... гэх үндэслэлээр сэргээлгэх тухай хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргажээ.

 Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болохоор заасан. Тус зохицуулалтаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхэд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцдаа сэргээх эсэхийг шийдвэрлэдэг.

Түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаан нь нотлогдсон байх шаардлагатай. Нэхэмжлэгч ******* нь ковид өвчин гарсантай холбоотой хөөн хугацааг хэтрүүлсэн гэдэг боловч тус өвчин гарахаас өмнө түүний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ковид өвчний улмаас бүх нийтээр хөл хорио тогтоосон боловч хуулийн байгууллага тэр дундаа шүүхийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байсан тул нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь талуудын эрх зүйн харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах буюу шүүхээр албадан хангуулах эрхээ алдаж байгаа ойлголт бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн субьектив эрх үгүй болсон агуулга биш болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх нэг үндэслэлээр удаа дараа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэсэн тайлбарын хувьд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулахаар хуульчилсан бөгөөд энэхүү зарчмын хэрэгжүүлэхийн тулд шүүхээс талуудын эрх тэгш байдлыг хангах нь чухал.

Мэтгэлцэх зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгждэг бөгөөд хэргийн зохигч болон оролцогчоос нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой тайлбар хүсэлт гаргах, бусад этгээдээс гарсан хүсэлт тайлбартай танилцах, шүүх хуралдаанд биеэр оролцох, шүүх хуралдааны тов мэдэгдэх, шүүхээс гарч буй эрх зүйн актыг танилцуулах зэрэг бүхий л ажиллагаанд зохигчидтой адил хэмжээнд тэгш хандах ёстой.

Гэтэл анхан шатны шүүх нь дээрхи үүргээ биелүүлээгүй талуудын мэтгэлцэх боломжийг хангаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхээс тухайн зөрчлийг арилгуулах, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж байсан болохыг дурьдах нь зүйтэй.

 5. Хэдийгээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүхийн дүгнэлт нь агуулгын хувьд зөрчилтэй байгааг цаашид анхаарах шаардлагатай болно.

Зохигчид нь хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байгаа тохиолдолд тухайн хугацааны асуудлыг шийдвэрлэсний дараа хэргийн үйл баримт, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлтийг шүүхээс хийнэ.

Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн бол хэргийн үйл баримт болон зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэх. Харин хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээгүй тохиолдолд хэргийн үйл баримт болон зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Гэтэл анхан шатны шүүх нь хэргийн үйл баримт болон зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд дүгнэлт хийсэн нь агуулгын хувьд зөрчилтэй болсон байх ба энэ талаар цаашид анхаарах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 149/ШШ2024/00002 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,385 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН

Bottom of Form